Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Герман Португалыг бут ниргэж ,Иран-Нигер тэнцлээ

Энэ бол
сенсааци биш. Яг өнөөдөр байгаа Германы шигшээгийн төвшинг Португалынхтай
харьцуулсан бодит тоо. Германчууд дөрөв битгий хэл түүнээс ч илүү гоол оруулах
байсан, эхний тоглолт учраас зарим төгсгөлийг гүйцэт хийж эхлээгүй байна. Хэд
хоногоос улам чангарна даа. Мюллер энэ ДАШТ-ны анхны хет-трикийг хиилээ. Шөнийн
тоглолтод ДАШТ-ий анхны тэнцээ бүртгэгдэв. Иран, Нигерийн тоглолт шөнө дунд
зохиогдсон,гоол ороогүй тэнцсэн,танихгүй шахуу хоёр баг гээд ч юм уу хамгийн
уйтгартай хөгийн тоглолтыг харууллаа. Ийм тоглолт бага л байгаасай.

Иран – Нигери 0:0

Герман – Португал 4:0

Гоол: 1:0 – 12, торгуулын цохилт. Мюллер, 2:0 – 32
Хуммельс, 3:0 – 45 Мюллер, 4:0 – 78 Мюллер.

Гана – АНУ 1:2

Гоол: 0:1 – 1 Демпси, 1:1 – 82 А. Айю, 1:2 – 86
Брукс.

Categories
мэдээ нийгэм

Шууд нислэгтэй хотуудын хооронд зорчигчийн урсгалыг нэмэгдүүлнэ

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын урилгаар БНХАУ-ын аялал жуулчлалын салбарын төлөөлөгчид Улаанбаатар хотод ирээд байна.

Бээжин, Ухань, Манжуур хотуудын голлох 14 аялал жуулчлалын компанийн төлөөлөгчид оролцох бизнес уулзалт Улаанбаатар хотод 6-р сарын 18-нд болох бөгөөд уулзалтаар манай улсын агаарын тээврийн болон аялал жуулчлалын шилдэг компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна.

“Найрсаг Улаанбаатар” зорилтын хүрээнд нийслэл хот шууд нислэг бүхий хотуудтай аялал жуулчлалын харилцаагаа өргөжүүлж, агаарын тээврийн компаниудтай хамтарсан гадаад сурталчилгааг идэвхтэй явуулах замаар зорчигч урсгалыг нэмэгдүүлэхээр зорьж байгаа юм. Учир нь манай улсад ирсэн жуулчдын 92 хувь нь нийслэл хотоор дайран өнгөрдөг бөгөөд Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын 2013 оны судалгаагаар нийт жуулчдын 53 хувь агаарын тээврийг, 40 хувь нь авто тээврийг ердөө 2 хувь нь төмөр замын тээврийг сонгон үйлчлүүлж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өнөөдөр нэгдсэн чуулганаар ямар асуудлууд хэлэлцэх вэ?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар
өнөөдөр дөрвөн асуудал хэлэлцнэ.   Эхэнд нь аж
ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай
Засгийн газраас өнгөрсөн нэгдүгээр сард өргөн мэдүүлсэн,
татварын 90 хувийг буцаан олгох тухай, анхны хэлэлцүүлэг үргэлжилнэ. Дараагаар нь
 “Монгол
Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай”
УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх юм байна. Мөн Гэр
бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
болон холбогдох бусад хуулийн төсөл болон Галын аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн
найруулгыг хэлэлцнэ.

             
Мөн өнөөдөр 14.00 цагт таван байнгын хороогоор дараахь асуудлуудыг хэлэлцэнэ.

-Эдийн засгийн болон Байгаль орчин,
хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаан 14.00 цагаас “А”
танхимд:

Хэлэлцэх асуудал: 

·        
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулах тухай
 болон холбогдох бусад хуулийн
төслүүд /анхны хэлэлцүүлэг/.

-Эдийн засгийн байнгын хорооны
хуралдаан 14.00 цагаас “А” танхимд үргэлжилнэ:

Хэлэлцэх асуудал: 

·        
Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
хуулийн төслүүд /Засгийн газар 2014.05.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны
хэлэлцүүлэг/;

·        
Чөлөөт бүсийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн
төслүүд /Засгийн газар 2014.06.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

·        
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд
өөрчлөлт оруулах тухай 
хуулийн
төсөл /Засгийн газар 2014.06.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, дуудлага худалдааг
зарлах хугацааг багасгах тухай, хэлэлцэх эсэх/;

·        
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэлийн биелэлт,
Улсын Их Хурлын 2013 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Монголбанкны
Ерөнхийлөгчийн мэдээлэл сонсох;

·        
Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудал.

-Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн
байнгын хорооны хуралдаан “Б” танхимд үргэлжилнэ:

Хэлэлцэх асуудал: 

·        
Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.13-ны өдөр өргөн мэдүүлсэн,
хэлэлцэх эсэх, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/.

-Аюулгүй байдал гадаад бодлогын
байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал: 

·        
“Алтанбулаг”, “Цагааннуур”-ын худалдааны болон “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт
бүсүүдийн өнөөгийн байдал, цаашдын үйл ажиллагааны талаарх мэдээлэл сонсох;

·        
Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.13-ны өдөр өргөн мэдүүлсэн,
хэлэлцэх эсэх, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/.

-Өргөдлийн байнгын хорооны хуралдаан
14.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал: 

·        
Эрүүл мэндийн салбарын асуудлаар ирүүлсэн иргэдийн өргөдөлтэй холбогдуулан
Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсох;

·        
Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.13-ны өдөр өргөн мэдүүлсэн,
хэлэлцэх эсэх, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/.

Categories
мэдээ нийгэм

Туркийн соёлын өдрүүд болно

Монгол Улс Бүгд Найрамдах Турк
Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ онд тохиож байгаа. Ойн
хүрээнд ямар арга хэмжээ зохион байгуулах болсон талаараа өчигдөр Туркийн Элчин
сайдын яамнаас мэдээллээ. Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт
Элчин сайд М.Карагөзийн өгсөн мэдээллээр ойн хүрээнд олон төрлийн соёлын арга хэмжээ
зохион явуулахаар болжээ. Тухайлбал,  энэ
сарын 17-23-нд Туркийн соёлын өдрүүдийг Улаанбаатар хотод хийхээр болсон байна.
Энэ үеэр турк үндэсний хоолыг танилцуулж, 
мөн Английн хатан хааны хувцсыг урладаг Туркийн нэрт загвар зохион бүтээгч
Сэрап Поллардын “Serap Pollard London”  загварын
шоуг зохион байгуулах гэнэ. Мөн Туркийн “Монголчууд” хэмээх нэртэй рок хамтлагийн
тоглолтыг хийхээр төлөвлөжээ.

Л.ГҮНДСАМБУУ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Танк онхолдож, цэргийн албан хаагч нас баржээ

Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн дөрвөн цэрэг хойд солонгосчуудад зодуулж гэмтсэн тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногт нь мандсан. ЗХЖШ-ын дэд дарга “Номин констракшн” компанийн барилгад цэргүүдийг зохих зөвшөөрөлгүйгээр ажиллуулснаас ийм асуудал болсон” гэдгийг хэлсэн. Энэ дуулиан намжаагүй шахам байхад тус ангийн дансанд бүртгэлтэй “Т-72” маркийн танк онхолдож, хүний амь эрсэдсэн гэх мэдээлэл бидэнд ирлээ. Уг явдал Говьсүмбэр аймгийн нутагт болжээ. Албаны эх сурвалжуудын ярьсанаар Баянтал сумын нутагт Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн танк онхолдон, нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат, тус ангийн алба хаагч, ахлагч цолтой Ж нас барж, гурван хүн гэмтсэн байна.

Хэдийгээр өчигдөр ЦЕГ-ын Замын хөдөлгөөний аюулг үй байдлын хэлтсээс зам тээврийн осол, хэргийн талаарх мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн ч энэ тухай дурдаагүй нь хачирхалтай. Бидний авсан мэдээллээр Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн 20 танк ангийн байрлалаас гадуур буюу Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт очиж, сургалт бэлтгэл хийж байжээ. Энэ үеэр танкчин овгор шороон дээгүүр танкаа харайлгахдаа хурд хэтрүүлснээс хөмөрч, дээр нь сууж явсан гурван хүн тал тал тийшээ үсэрснээс хүнд гэмтсэн байна. Жолоо барьж байсан хүн нь газар дээрээ нас барсан гэнэ. ОХУ-тай хамтарсан “Сэлэнгэ- 2014” сургуульд оролцохоор бэлтгэлд гарсан хүмүүс ийнхүү осолд өртжээ. Гэмтсэн гурван хүн нь өдгөө Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. 

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Мухар сүсэг

Урваж ирсэн шар нохойг учиргүй хүндэлж “аав аа, өвөө” гэж авгайлан,
дээдэлдэг айл Улаанбаатарт байна. Үйл явдал хэрхэн эхэлснийг гэрийн эзэд нууж хаалгүй
хуучилна.

Тэднийг нэг өглөө сэртэл хашаанд нь золбин шар нохой ирсэн байжээ.
Хичнээн хөөж туугаад явсангүй гэнэ. Хааяа нэг хоолны шавхруу мэтийг илүүчилсээр
овоо хэдэн сар болсны хойно гэрийн эзэгтэй гандан эргэж, гороо хийсэн байна. Ингэж
явахдаа сайн танил лам дээрээ очиж “Манай гэрийн хаяанаас золбин шар нохой салахгүй
байна. Ямар учиртайг бурхан тэнгэрээс асууж өгөөч” гэж. Гэтэл мөнөөх лам “Олон жилийн
өмнө бурхны оронд одсон аавын чинь сүнс тэнэж явна. Сайн хооллож, буян бол” гэснээс
хойш тэр шар нохой тэдний шүтээн болон хувирчээ. Арай томчууд нь түүнийг “аав аа”
хэмээн авгайлдаг бол багачууд нь “өвөө” гэж дуудна. Өглөө оройд хоол, цайныхаа дээжийг
барина. Эгээтэй л хоймортоо гаргаж, өвөртөлж унтах нь холгүй.

Шашинд шүтэж бишрэх нь хувь хүний хэрэг ч мухар сүсэг хэрээс хэтэрвэл
эргээд аюултай. Хүмүүсийн сүсэг бишрэлийг далимдуулан итгэхэд ч бэрх номлол, таавар
гаргах нь том нүгэл болох болов уу. Хүн төрөлхтний түүхэнд хэрээс хэтэрсэн мухар
сүсэг нь зөрчил маргаан, уй гашууг л авчирч байсан билээ.

 Л.МӨНХТӨР

Categories
мэдээ улс-төр

Д.Эрдэнэбат: Нийгмийн сэтгэл зүйд зохиомлоор бухимдал үүсгэх нь хариуцлагагүй үйлдэл

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан бүтэн өдрийн турш үргэлжиллээ.  Хуралдааны завсарлагаанаар бүлгийн дарга Д.Эрдэнэбат, дэд дарга С.Одонтуяа болон ЭЗБХ-ны дарга Б.Гарамгайбаатар нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 

Гадаадын иргэнд газар өмчлүүлэхгүй 

АН-ын бүлэг үдээс өмнөх хуралдаанаар УИХ-ын дарга болон Ерөнхий сайдын мэдээлэл, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар судалж, санал болгох үүрэгтэй ажлын хэсэг болон УИХ-ын гишүүн ч Л.Цогийн мэдээлэл, Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийн ахлагч Р.Бурмаагийн мэдээллийг сонссон юм. Эдгээр асуудлын талаар бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. 

Тэрээр Газрын тухай хуулиар буруу, ташаа мэдээлэл твиттер хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж байна. “Өнөөдөр 18 цагаас газрыг гадаадын иргэнд өмчлүүлэхийн эсрэг жагсаал хийнэ” гэсэн мэдээллийг Ё.Отгонбаяр гишүүн твиттер хуудсандаа цацсан байна. Иймд энэ талаар мэдэгдэл хийхэд хүрлээ. Манай Үндсэн хуульд зөвхөн Монгол Улсын иргэн газар өмчлөх эрхтэй гэж заасан. Бид 2002 онд анх удаа Газрын тухай хуультай болсон. Энэ хуулийн 44-р зүйлд гадаадын иргэнд газар ашиглуулах тухай асуудлыг тодорхой зааж өгсөн байдаг. Гурав дахь парламентдаа дамжин хэлэлцэгдэж байгаа Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд уг заалт яг хэвээрээ орж ирсэн. Газрыг дуудлага худалдаагаар борлуулахад анхны үнийг зарласан байна гэсэн ганцхан тодотгол нэмэгдсэн. Үүнийг орон нутгийн Засаг дарга нь шийдвэрлэнэ гэсэн хуучин заалт нь ч хэвээрээ байгаа. Өөр ямар ч өөрчлөлт ороогүй. Нийгмийн сэтгэл зүйд зохиомлоор бухимдал үүсгэн, тэр байтугай Үндсэн хуультай зөрчилдүүлсэн асуудлыг зориудаар тарааж, хурал цуглаан зохион байгуулахыг уриалах нь Үндсэн хуульд харшилсан, хариуцлагагүй үйлдэл гэж үзэж байна. Тиймээс хууль хяналтын байгууллагууд энэ асуудлыг анхааралдаа авах ёстой. Монгол Улс Газрын тухай хуулийг баталж, иргэдээ өмчтэй болгож, газраар дамжуулан иргэдийнхээ зээлжих, эзэмших, ашиглах, өмчлөх эрхийг нь баталгаажуулах ёстой. Иймд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлагатай. Газрын тухай хууль нь бэлчээртэй ямар ч холбоогүй болсон. Бэлчээр бол монголын ард түмний уламжлалт ёс заншил, нүүдэлчин соёлыг хадгалж байгаа гол зүйл. Тиймээс бэлчээрийг хувьчлахгүй хэмээн мэдэгдлээ.

Өмчлөх, эзэмших, ашиглах, түрээслэх эрх гэдэг бол дөрвөн өөр ухагдахуун. Эдгээрийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Үндсэн хуулиа зөрчөөд, монгол нутгаа зарчихъя гэсэн сонирхолтой нэг ч хүн байхгүй гэдэгт би итгэж байна. Ард түмэнд газрыг нь өмчлүүлнэ гэж олон жил худал яриад, улс төрөөс болоод төр зоригтой алхам хийж чадахгүй байсан. Бид энэ асуудлыг шийдэх үүрэгтэй. Гэхдээ зөв шийднэ. Сүүлийн үед эх оронч дүр эсгээд популист маягаар улс төр хийдэг байдал түгээмэл болж байна. Газрын тухай хуулиас гадна Ашигт малтмалын тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Өрийн тухай хууль, Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль гээд бүгдийг нь жадлан эсэргүүцэж, Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг хойш нь татах санаархал зохион байгуулалттайгаар өрнөж байгаа нь яавч сайн зүйл биш. Монголд гялтайх зүйлгүй болсон мэтээр ухуулан сурталчилж,  Монгол Улсыг хамгийн муухайгаар харагдуулах үйлдлийг хөхиүлэн дэмжиж байгаа нь хамгийн буруу улс төр юм. Монгол Улсад гялтайж байгаа, хөгжиж байгаа зүйл олон байна. Эдийн засгийн хүндрэлээс шалтгаалан тулгамдаж байгаа асуудал ч олон бий. Иймд эдийн загсийн цоо шинэ эрх зүйн орчныг бий болгохын тулд хаа хаанаа хамтарч ажиллах нь чухал байна гэдгийг бүлгийн дарга нэмж хэлсэн юм.

Өргөтгөлөөр эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй

Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Ерөнхий сайдын мэдээлэл байлаа. Эдийн засгийг идэвхжүүлэх энэ хугацаанд Засгийн газраас өргөн барих ёстой хуулиудаа бүгдийг өргөн мэдүүлээд байгаа. Наадам хүртэл маш их ачаалалтай дөрвөн долоо хоног хүлээж байна. Арваад хуулийн төслийг наадмаас өмнө хэлэлцэж, батлах ёстой. Шаардлагатай гэж үзвэл чуулганы хугацааг сунгаж өгөөч гэсэн хүсэлтийг АН-ын бүлгээс УИХ-ын даргад тавьсан. Үүнээс өөр арга зам байхгүй гэдгийг АН-ын бүлгийн дарга мэдэгдлээ. Тэрээр цааш нь хэлэхдээ “Өнөөдөр Ерөнхий сайд “ТЭЦ-3” дээрх өргөтгөлийг хүлээж авах нээлтийн ажиллагаанд оролцож байгаа. Бид цахилгаан станц барина гэж нэлээд олон жил ярьсан. Үнийн зөрүүгээс болоод энэ асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй ч гэсэн “ТЭЦ-3” болон “ТЭЦ-4”-ийн өргөтгөлийг барьснаараа монголын эрчим хүчний чадлыг 173 мвт-аар, хамгийн хямд өртгөөр нэмэгдүүлж байгаа. Урьд нь бид их өндөр өртөгтэй ажил хийдэг байсан. Жишээлбэл, 2012 онд 50 мвт-ын хүчин чадалтай Салхитын цахилгаан станцыг 120 сая ам.доларын өртгөөр байгуулсан. Гэтэл өнөөдөр “ТЭЦ-3”-ын өргөтгөлийг 35 сая ам.доллараар хийж байна. Тэгэхээр цаашид өргөтгөл хийх маягаар эрчим хүчний асуудлыг шийдвэрлээд явах нь зүйтэй гэдгийг Ерөнхий сайдад зөвлөсөн. Цаашид эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг нэмэгдүүлэхийн тулд ямар эх үүсвэрийг сонгох вэ гэдгийг бодолцох ёстой гэлээ. 

Үндсэн хуультай холбоотой судалгааны талаар Л.Цог гишүүний мэдээлллийг АН-ын бүлэг сонссон. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн урьдчилсан дүгнэлтийг зүйтэй гэж үзэж байгаагаа бүлгийн дарга илэрхийлэв. Тиймээс бүлэг дээрээ ажлын хэсэг зохион байгуулахаар болсон юм.

Сонгуулийн хуулийг парламент дотроо ярилцах цаг болсон

Бүлгийн хурлаар хэлэцсэн дараагийн асуудал Сонгуулийн тухай хууль. Энэ  хууль дээр ажлын хэсэг жил гаруй хугацаанд ажилахдаа улс төрийн бүх намууд, ТББ-ууд, судлагааны байгууллагуудын саналыг авсан байна. Одоо парламент дотроо энэ хуулийг ярилцах цаг болсон гэж үзэж байна. АН-ын бүлгийн хувьд парламент дахь намуудынхаа зөвшилцлийг хэрхэн хийх вэ, юуг нь дэмжих вэ гэдгийг анхаарч, болж өгвөл өмнөх амжилтаасаа ухрахгүй байх шаардлагыг тавьж байгаа. Мөн олон сонгуулийг нэг мөр хамтад нь хийж байя гэсэн байр суурьтай байгаа. Сонгуулийг хамгийн бага зардлаар зохион байгуулж, хамгийн нээлттэй байдлаар зөв тоолдог болоосой гэж хүсч байна. Тиймээс бусад намуудтай зөвшилцөх ажлын хэсэг байгуулсан. Өнөөдрөөс эхлээд анхныхаа уулзалтуудыг хийгээд явна. АН-ын хувьд урьд нь олсон ололтуудаасаа ухрахгүй байх тал дээр бусад намуудтай зөвшилцөнө. Тухайлбал: 2012 оны сонгууль 28:48 гэсэн хувилбараар явагдсан. Үүнийг ахиулаад 50:50 харьцаатай болгох саналтай байна. “Шударга-Ёс “эвсэл бидэнтэй санал нэгдэж байгаа. Харин МАН-ын бүлэг жижигчилсэн буюу можаритори сиситемээр явъя гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргаад байгаа. Гэхдээ бид хоорондоо ярилцаж байгаад алтан дунджийг олох байх гэж найдаж байна гэж Д.Эрдэнэбат дарга мэдээллээ.  

Д.Гарамгайбаатар: Газрын биржийн журмыг боловсруулж, ажиллуулна

Бүлгийн дарга мэдээлэл хийсний дараа Газрын тухай хуулийн Ажлын хэсгийн ахлагч Б.Гарамгайбаатар гишүүн уг хуулийн төслийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр: 

Сүүлийн үед Газрын тухай хуулиар улс төр явагдаж байна. Намууд өөрсдийн байр сууринаас улс төр хийхийг хориглохгүй. Гэхдээ үнэн бодит мэдээллийг ард иргэдэд өгөхгүй байгаа нь харамсал төрүүлж байна гэдгийг онцоллоо. Ажлын хэсгийн ахлагч цааш нь хэлэхдээ “Миний хувьд, Газрын тухай хуулийн ажлын хэсгийг ахлаад жил гаруй болж байна. Улс төрийн нилээд олон асуудал дагуулсан том хууль учир олон талаас нь нухацтай хэлэлцэж байна. Монгол Улсын Засгийн газраас Газрын тухай багц хуулийн төслийг 2013 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн.  2013 оны гуравдугаар  сарын 10-ны өдөр яам, тамгын газрын холбогдох албан тушаалтан, МУИС, ХААИС-ын багш, эрдэмтэн, судлаачид, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл оролцуулсан өргөн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ хэлэлцүүлгээр оролцогсод өөрсдийн санал, сэтгэгдлээ өгсөн. Мөн оныхоо дөрөвдугаар сард  уг хуулийн нэр томъёогоор хэлэлцүүлэг хийсэн. Энэ хэлэлцүүлэгт  багш, оюутан, эрдэмтдээс гадна газрын тухай холбогдох хууль хяналт, өмгөөлөл, шүүхийн байгууллагаас төлөөлөл оролцсон. Олон улсад газартай холбоотой асуудлаар ямар нэр томъёо хэрэглэдэг талаар санал бодлоо солилцсон юм. Мөн газартай холбоотой шүүх, өмгөөлөл маргааны талаар ярилцсан. Нэлээд ач холбогдолтой хэлэлцүүлэг болсон. Мөн хөдөө аж ахуйн газрын эрхзүйн зохицуулалт хэлэлцүүлгийг энэ оны дөрөвдүгээр сарын 17-нд  явуулсан. Үүнд ҮАБЗ, Үндэсний шинэтгэлийн хороо, УУЯ, ҮХААЯ, Газрын харилцаа, геодези, зурагзүйн газар, АМГ, шүүх, МУИС зэрэг байгууллагуудаас холбогдох албан тушаалтан, мэргэжилтнүүд оролцож, санал бодлоо солилцсон. Үүний дараагаар бид эрчимжсэн мал аж ахуйн асуудлаар хэлэлцүүлэг хийсэн. Үүгээр эрчимжсэн мал аж ахуй, тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, нийслэлийн Хан-Уул, Налайх, Сонгинохайрхан дүүрэг, Булган, Сэлэнгэ, Төв аймаг зэрэг аймгуудаас малчид, тариаланчдын төлөөллийг авчирч, санал солилцлоо. Дараагаар нь бид тавдугаар сарын 13-нд АНУ-ын Газар ашиглалт, хамгаалалт, түүнд тавих хяналт, эрх зүйн орчныг ямар байгааг туршлага судлалж ярилцсан. Энэ хэлэлцүүлэгт төрийн байгууллага, яам тамгын газар, энэ чиглэлээр судалгаа явуулдаг мэргэжилтнүүд оролцсон. Газрын багц хуулийн төсөлд хэлэлцүүлэг явуулсны дараа иргэдээс захидал, өргөдөл, цахим хаягаар 194 санал ирүүлсэн. Эдгээр саналуудыг бид багцлан, томъёолол бэлтгээд ажлын хэсэг өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Энэ чиглэлээр хэвлэл мэдээллийн сэтгүүлчид надаас ярилцлага өгөхийг хүсдэг. Гэвч байнгын хороогоор орж хэлэлцүүлээгүй байгаа асуудалд өөрийн байр сууринаас хандаж хэлэх нь зохимжгүй гэж үзсэн. Байнгын хорооны хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулсны дараагаар хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээлэл өгөх боломж бүрдэх байх гэсэн зарчмыг барьж ажилласан. Хамгийн гол нь өнөөдрийг хүртэлх хугацаанд улс төр хийх гэсэн хүчнүүд өөрсдийн зүгээс ард иргэдийн санаа бодлыг үймүүлсэн янз бүрийн мэдээлэл өгсөн. Өнөөдрийг хүртэл бид хүлээцтэй хандсан. Цаашдаа хариуг нь дор бүр нь өгч байхаар боллоо. 

УИХ-ын БОХХААБХ-оос байгуулагдсан ажлын хэсэгт бүх намуудын төлөөлөл байгаа. Ажлын хэсэг 19 гишүүний бүрэлдэхүүнтэй. Харамсалтай нь энэ бүх төлөөлөл ач холбогдол бүхий хуулийн төсөл дээр чин сэтгэлээсээ ажиллаж чадаагүй. Тийм учраас байнгын хороод дахин хуралдаж бүрэлдэхүүний тоог цөөлсөн. Өнөөдрийг хүртэл УИХ дахь МАН-ын бүлгийн шийдвэр нэгдсэн байдлаар гараагүй. Гишүүдийнх нь дунд үзэл бодлын зөрүү байгаа учраас нэгдсэн байр суурьт хүрч чадахгүй байна гэсэн. Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл дээр МАН-ын бүлэг хэд хэдэн асуудал дээр нэгдсэн байр суурьт хүрч чадахгүй байгаагаа албан ёсоор хэлсэн. Бие даагч нараас С.Ганбаатар гишүүн энэ хуулийн төсөлтэй холбогдуулан эрдэмтэд, холбогдох байгууллагуудын төлөөлөлтэй уулзуулсан. С.Ганбаатар гишүүний саналыг бид хүлээж аваад, тэдэнтэй ярилцсан. Энэ хуулийн төсөлд хүнд хандсан чиглэсэн ямар нэг асуудал байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Харамсалтай нь бие даагчид, МАН-ын бүлгийн гишүүд хувь улстөрчийн зүгээс ард олонд таалагдахын тулд уг хуулийн төслийг мушгин гуйвуулсаар байна.  

Өмчлөх гэдэг асуудлыг Монгол Улсын Үндсэн  хууль, Иргэний хуульд тодорхой заасан байдаг. Өргөн баригдсан хууль холбогдох хуулиудыг огт зөрчөөгүй. Монгол Улсын иргэн 0,07-05 га газрыг  үнэ төлбөргүйгээр нэг удаа өмчлөх эрхтэй. Үүнийг Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хуульд тодорхой заасан. Үүнээс өөр ямар нэг өмчлөлийн асуудал Газрын тухай хуулинд тусгагдаагүй байгаа. УИХ-ын ажлын хэсгийн эцсийн хувилбараар “Газар бол төрийн өмч. Монгол Улсын төрийн төсөвт байгууллага л эзэмшиж болно. Гэхдээ үйл ажиллагаа явагдах тодорхой чиглэл хугацаагаар гэрээ байгуулна.”  гэж хуулийн төсөлд тусгасан. Өөр эзэмших тухай заалт байхгүй. Ашиглах гэдэг дээр Монгол Улсын иргэн, Монгол Улсын хуулийн этгээд ашиглаж болно. Гэхдээ “Тодорхой үйл ажиллагаа явуулах зураг төсөлтэй  гэрээг аймаг, нийслэлийн Засаг дарга хийж, ашиглана” гэсэн заалт байгаа. Гэрээн дээр нөхцөл, шаардлагууд тодорхой тусгагдана. Мөн “Монгол Улсын иргэн газрыг оршин суух зориулалтаар ашиглаж болно” гэсэн заалт байгаа. Үүний сум, дүүргийн Засаг дарга нар шийдвэрлэнэ.  Гадаадын иргэн, харьяалалгүй хүмүүс Монгол Улсад оршин суух зорилгоор мөн ашиглаж болно.  “Гадаадын хуулийн этгээд тодорхой үйл ажиллагаа явуулах эрхтэйгээр мөн ашиглаж болно” гэсэн заалт байгаа. Тухайн ашиглах газар дээр зураг төсөл нь байх юм.  Гадаадын хөрөнгө оруулалтай аж ахуйн нэгж мөн газар ашиглаж болно. Гэрээнд заагдсан зориулалтаар л ашиглана. Өмчлөх, эзэмших эрх байхгүй. Тодорхой хугацаатай. Газрын биржээр дамжуулж ашиглах юм. 

Газрын бирж өнөөдрийг хүртэл ажиллаагүй. Өмнөх хууль дээр Газрын биржийн талаар тодорхой заалт байсан. Гэхдээ хэрхэн ажиллах журам нь батлагдаагүй байсан. Одоо бид журам боловсруулж, Газрын биржийг ажиллагаанд оруулна. Газрын тухай хуулиар бүгдийг зохицуулна. Гадаадын иргэн, аж ахуйн нэгжид газрыг өмчлүүлэх тухай асуудал огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье” гэлээ.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад дараахь хариултыг өглөө. 

-Улсын баялагтай холбоотой хуулийн төслүүдийг баяр наадам дөхөж буй, хөл бөмбөгийн ДАШТ болж байгаа энэ үед давхцуулан шууруулах гэж байна гэсэн хардлага байна. Ер нь стратегийн орд гэж байхаа больж байгаа юм уу? 

Д.Эрдэнэбат: Үндсэн хуульд “Газар бол ард түмний өмч” гээд заачихсан. Гэхдээ уул уурхайн баялгийг ямар хэлбэрээр ашиглавал ард түмэнд илүү үр өгөөжтэй байх вэ гэдэг дээр гишүүдийн дунд хоёр янзын санал байна. Нэг хэсэг нь стратегийн орд газар байх ёстой, тодорхой хувийг төр эзэмших ёстой гэдэг. Нөгөө хэсэг нь уул уурхайг илүү үр ашигтай ашиглая гэвэл төрийг оролцуулахгүй байя. Төр оролцохоороо хамаг юм нь шахааны байдлаар явагдаж, улс төржсөөр ард түмэн  баялгаасаа хүртэж чадахгүй байна гэдэг. Ямар нэг баяр наадам, хөл бөмбөгийг далимдуулаад, ардуур нь хулгайч нар асуудлыг шийдэх гээд байгаа юм шиг ойлголтыг олон нийтэд түгээж, ийм гэнэн улс төр хийж болохгүй шүү дээ. 

С.Одонтуяа: Стратегийн оруудын талаар нэмэлт мэдээлэл өгье. Төрөөс эрдэс баялгийн талаар баримтлах бодлогод 2007 оны 27-р тогтоолд заасан стратегийн ордуудыг цэгцлэх тухай тусгасан байгаа. Зарим ордыг энэ жагсаалтаас хасъя, зайлшгүй үлдэх ёстой ордууд дээр төр хяналтаа зөв тавьж, үр ашгийг нь нэмэгдүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллая гэсэн заалт орсон. Манай улсын эдийн засаг томоохон ордуудаас шууд хамааралтай байдаг. Тийм учраас Засгийн газраас эдгээр ордын асуудлыг оруулж ирж байгаа юм. Оруулж ирсний дараа төрийн өмчийн оролцоо хэдэн хувь байх вэ гэдгийг УИХ өөрөө шийдэх ёстой. Бодлогын баримт бичгийг хэлэлцэх үед санал өгч байсан эрдэмтэн, судлаачид, ААН-үүдийн 90 гаруй хувь нь стратегийн ордыг болих хэрэгтэй, энэ бол эдийн засгийн үр ашиггүй хувилбар гэдгийг хэлж байсан. Төрийн өмч нэрээр хэдхэн хүн завшдаг, авилгын уурхай болдог асуудлыг эцэслэе гэсэн зарчмыг баримталж байгаа юм. 

Categories
мэдээ нийгэм

Өгөөмөр” зах хууль бус журам хэрэгжүүлж эхэлжээ

Өгөөмөр” техникийн захын захиргаа өнгөрсөн лхагва гаригт  түрээслэгчдээсээ болон үйлчлүүлж буй иргэдээс хоёр цагаас илүү автомашинаа байрлуулсан тохиолдолд цаг тутмын 4000 төгрөг авч байх журам гаргажээ. Ингэснээр түрээслэгчид өдөртөө 30000-40000 мянган төгрөг төлөх эрсдэлтэй болж байгаа аж. Учир нь түрээслэгчид өдөрт дор хаяж 8-10 цаг машинаа байрлуулдаг. Тэгэхээр цаг тутмын 4000 мянган төгрөг төлөх нь сард түрээсийн 135 мянган төгрөгөөсөө гадна зөвхөн машины түрээс гэж сард 900 мянган төгрөг төлөх болоод байгаа юм. Уг журмыг Өгөөмөр захын захиргааныхан “Иргэдийн эрх ашгийг бодож ийм шийдвэр гаргасан”гэж тайлбарлаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, түрээслэгчид машинаа байрлуулахаар үйлчлүүлж буй иргэд машинаа тавих зогсоол олдоггүй. Тиймээс түрээслэгчдээс өндөр татвар авснаар түрээслэгчид машинаа “Өгөөмөр” захад байрлуулахаа больж, үйлчлүүлэгчид машинаа тавьж үйлчлүүлэх боломжтой болно гэх тайлбарыг өгч байгаа юм. 

У.Ууганцэцэг

Categories
мэдээ нийгэм

Тусгай замын автобус 2016 оноос иргэдэд үйлчлэх нь

Нийслэлийн ЗДТГ, Азийн хөгжлийн банктай  хамтарч 10 жилийн хугацаатай “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийг  гурван үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Хоёр  тал хамтран “Гэр хорооллыг  хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”, “Нийслэлийн тээврийг хөгжүүлэх тусгай замын автобус буюу BRT” зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр 2016 оноос Улаанбаатар хотод тусгай замын автобус иргэдэд үйлчилж эхлэх юм. Тусгай замын автобус гэдэг нь хурдан, найдвартай, багтаамж ихтэй, нийтийн тээврийн тогтолцоо юм. Өөрөөр хэлбэл газар дээрхи метро гэж ойлгож болох нь. 

У.Ууганцэцэг

Categories
мэдээ нийгэм

Хөдөө орон нутгийн замд болгоомжтой явахыг анхааруулж байна

Зуны улирал эхэлж, хөдөө гадаа явах хүмүүсийн тоо эрс өссөний зэрэгцээ, ослын хэмжээ ч ихэсчээ. Өнгөрсөн 12-ны өдөр л гэхэд Төв аймгийн Баян сумаас урагш 20 км-ийн зайд амины “Хонда Фит” маркийн автомашин “Ниссан Вингроуд” маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас есөн хүн нас барж, таван хүн гэмтсэн ноцтой зам тээврийн осол гарчээ. Хэргийг Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах хэлтэс шалгаж байгаа аж. Хохирогсдын найм нь газар дээрээ нас барснаас тав нь том хүн, гурав нь хүүхэд байжээ. Орон нутгийн замд амралт зугаалга, алба, амины ажлаар явахдаа тээвэрлэлтийн хэмжээг хэтрүүлэхгүй байх, хэт ядарсан үедээ жолоо барихгүй, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, хамгаалах бүсээ зүүж, тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг ханган аюул эрсдлээс болгоомжлон хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн газар, ЦЕГ-аас анхаарууллаа. 

Э.Номин