Categories
мэдээ нийгэм

Монголын сонгуулийн байгууллагын туршлагыг олон улсын хурлын үеэр тусгайлан танилцуулна

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн газрын захирал, Элчин сайд ноён Янез Ленарчич Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэнтэй  өнөөдөр уулзлаа. Тэрбээр “Монгол Улсын сонгуулийн туршлагыг олон улсад ихэд сонирхох боллоо. Танай байгууллага Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны  байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн газрын ажиглагчдын багаас “Эерэг” үнэлгээ авсан нь энэхүү олон улсын анхаарлыг зүй ёсоор татаж байна.Тиймээс энэ оны 10 дугаар сард болох “Шударга ёсыг сонгуульд хэвшүүлэх нь” сэдэвт Азийн орнуудын өргөн төлөөлөл бүхий хуралд Монголын сонгуулийн байгууллагыг урьж тайлан илтгэлээ тусгайлан тавих хүсэлтийг тавьж байна” гэлээ.

Тэрээр цааш нь  хэлэхдээ, Монгол Улсад төдийгүй бүс нутгийн хэмжээнд үлгэр жишээ болохуйц сонгууль зохион байгуулсанд сэтгэл хангалуун байна. Монгол Улс тус байгууллагын гишүүнээр элсээд төдийлөн удаагүй  хэдий ч  ажиглалтын нарийн шалгуурыг “эерэг” үнэлгээтэй давсан нь их том амжилт юм. Үүний хамт Монголын сонгуулийн байгууллага үүргээ сайн биелүүлснийг тэмдэглэмээр байна.

Өөр нэг тэмдэглүүштэй зүйл бол  сонгуульдаа шинэ техник, технологи хэрэгжүүлэхдээ,  хот  төв суурин газарт төдийгүй сонгуулийн хэсэг бүрт нэгбүрчлэн автомат систем хэрэглэсэн  нь манай багийн сайшаал, бишрэлийг яах аргагүй хүлээсэн байна Бидний хамтын ажиллагаа хоёр талдаа чухал байсныг  дурдахын сацуу одоо хамгийн гол нь санал зөвлөмжийг хэрэгжүүлэх явдал юм гэдгийг ноён Элчин сайд цохон хэллээ.

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн хариу хэлсэн. үгэндээ, монголын сонгуулийн байгуууллагын ажлыг өндөр үнэлсэн явдалд талархаж байгаагаа илэрхийлээд сонгуулийг улам боловсронгуй болгох талаарх саналаа Улсын Их Хурлын ажлын хэсэгт хүргүүлээд байна. Үүнд танай байгууулагын санал зөвлөмж тус болсон гэв. 

Мөн цаашид хамтран ажиллахдаа сургалт судалгаанд илүү түлхүү анхаарах саналыг Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн  дэвшүүллээ. Энэ нь байнгын  тогтмол шинжтэй байх нь чухал  байгаа бөгөөд зөвхөн өөрийн сонгуулийн байгууллагын ажилтнуудыг сургахаас гадна бусад орны сонгуулийн арга туршлагаас судлах, сурах явдалд  ач холбогдол өгч байна гэлээ.

Уулзалтын төгсгөлд тэрээр, Азийн орнуудын хуралд оролцож илтгэл тавих санал хүсэлтийг  нь таалан хүлээж авч буйгаа мэдэгдлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Батбаяр сайдыг огцруулахгүй гэв

Эдийн засгийн байнгын хороо үдээс хойш хуралдаж, дөнгөж сая өндөрлөлөө. Тус байнгын хороогоор таван асуудал хэлэлцсэн юм. Эдгээрээс олны анхаарал татаад байсан нэг асуудал нь Эдийн засгийн сайд Н.Батбаярыг огцруулах эсэх тухай байв. Хэлэлцүүлгийн шатанд байнгын хорооны гишүүдээс асуулт асууж, үг хэлэх хүн байсангүй. Ингээд “Эдийн сайд Н.Батбаярыг огцруулах нь зүйтэй” гэсэн томьёоллоор санал хураалт явууллаа. Санал хураалтад 14 гишүүн оролцсоноос 13 нь Н.Батбаяр сайдыг огцруулахгүй байх нь зүйтэй гэлээ. Харин МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт ганцаараа огцруулах ёстой гэсэн санал өглөө. Ямартай ч уг асуудлыг УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо. 

Э.ЭНХ

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийг 500 сая төгрөгийн үнэ бүхий цэцгэн мандлаар гоёно

Нийслэл хотын ногоон байгууламжийн арчлалт хамгаалалтын ажлын хүрээнд нийт 5.8 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Нийслэлийн төвийн зургаан дүүргийг хамарсан нийтийн эзэмшлийн гудамж талбайн ногоон байгууламжийн арчилгаа, нөхөн сэргээлт, хамгаалалтын ажил нь жилийн дөрвөн улиралд явагддагаараа онцлогтой.

Тухайлбал ногоон байгууламжийн нэгдсэн тооллого, цэнэг усалгаа, мод хэлбэржүүлэлт, хортон шавьжнаас урьдчилан сэргийлэх шохойдолт зэрэг ажлуудыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын ногоон байгууламжийн цэцэрлэгч, инженерүүдээс бүрдсэн 168 хүн агротехнологийн дагуу графикт хугацаанд нь гүйцэтгэсэн. Дөрөвдүгээр сараас мод суулгах ажил эхэлсэн бөгөөд Нийслэл хотод анх удаа 400 мянга гаруй  мод, бут сөөг тарьсан юм. Үүнээс гадна ногоон байгууламжийн арчлалтын хамгийн чухал хэсэг нь байнгын усалгаа байдаг аж. Иймд 24 цагийн турш хоёр ээлжээр тусгай зориулалтын 12 машинаар өдөр бүр усалгааны ажил гүйцэтгэж байгаа гэнэ. 

Мөн өнгөрсөн жил нийслэлчүүдийн сэтгэлд ихээхэн нийцсэн нэг наст цэцэг суулгах ажил Энхтайваны өргөн чөлөө, Ард Аюушийн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Нийслэл хүрээ өргөн чөлөө зэрэг гол гудамжуудад хийгдэж байна. Мөн 22-н товчоо, Долоон буудал, Үйлдвэрчний эвлэлийн гудамж зэрэг захын гудамжуудад суулгах гэнэ. Энэ жил цэцэгжүүлэлтэд нийт 500 сая төгрөг зарцуулж байгаа бөгөөд эх орны хөрсөнд үрслүүлж, ургуулсан нэг наст цэцэг суулгах ажээ.

Categories
мэдээ нийгэм

Хятад мотоцикль 112 хүний амийг авч оджээ

Сүүлийн үед Хятад улсаас оруулж ирж байгаа мотоцикль чанарын шаардлага хангахгүй байна, хүмүүс осолдож амиа алдаж буй талаар мэдээлэл их цацагдах болсон. Үүнтэй холбогдуулан  МХЕГ  Зам тээврийн яам, Замын цагдаагийн газар, Гаалийн ерөнхий газар зэрэг байгууллагуудтай хамтран импортоор оруулж ирж байгаа мотоцикль болон иргэдийн гомдол  энэ төрлийн тээврийн хэрэгслийн дугаар олголт, ашиглалтын талаар судалгаа хийжээ. 

Замын цагдаагийн газраас ирүүлсэн мэдээллээр 2013 онд улсын хэмжээнд мотоцикльтой холбоотой осол, зөрчил 330 удаа гарсан байна. Эдгээр осол нь бүгд Хятад улсад үйлдвэрлэсэн мотоцикль ашигласнаас үүдэлтэй гэнэ. Үүний улмаас нийтдээ 112 хүн амиа алдаж, 191 хүн бэртэж, эд хөрөнгөөрөө хохирчээ. Ослын шалтгааныг тодруулахад дийлэнх нь ашиглалтын нөхцөлд тохироогүй  уул хадтай, бартаа ихтэй газар, хурд тааруулж яваагүйгээс үүдэлтэй байсан аж. Мотоциклийн обуд хугарч, цуурах, тасарсны улмаас онхолдсон 170 осол гарсан нь нийт ослын 51.5 хувийг эзэлжээ. Мөн осолдсон хүмүүсийн дийлэнх нь ослоос хамгаалах хувцас хэрэгсэл өмсөөгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн, 72 хувь нь мотоциклио улсын бүртгэлд бүртгүүлээгүй байжээ. Манай улс өнгөрсөн онд 17 орноос 36.9 мянган мотоцикль импортолжээ. Энэ онд гэхэд 6.1 мянган мотоцикль оруулж ирнээс 97 хувь нь хятадынх гэнэ. 

Э.Эрдэнэ

Categories
мэдээ нийгэм

Зам засварын ажил ногоон байгууламжийг сүйтгэж байгааг шүүмжлэв

Жил бүр зам засварын ажлаас болж ногоон байгууламж устдаг. Энэ жил тарьсан мод, цэцэгс, бут дараа жил замын ажил эхлэнгүүт сүйтдэг.   Байгаль орчин ногоон хөгжлийн яамны дэд сайд Б.Тулгын өгсөн мэдээллээр Улаанбаатар хотыг төлөвлөхдөө эхлээд бүх дэд бүтцээ шийдчихээд ногоон байгууламжаа хийх хэрэгтэй гэв. Өнөө жилийн хийсэн ажлаа дараа жил нь шинэчилж, засч сэлбэж байгаа гээд устгаж дэмий хөрөнгө мөнгө зарж байгааг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамныхан шүүмжилж байна. Тэд “Хуучин баримталж явсан зарчмаа өөрчлөөд хот барих гэж байгаа бол анхнаас нь төлөвлөе. Монгол Улсын хүн амыг гурван саяар бус 10 сая байхаар тооцож дэд бүтцээ одооноос төлөвлөж байх ёстой. Ингэснээр 2030-2080 он гэхэд Монгол Улс нэгэнт барьсан барилгаа нурааж барьдаг биш, анхнаас нь ногоонбайгууламж  байгуулахад төвөг болохгүйгээр дэд бүтцээ шийдэх нь чухал юм” гэлээ.

Л.Гүндсамбуу

Categories
мэдээ нийгэм

Берлин хот “Монголоор амьсгалж” наадав

Монгол Улс, ХБНГУ дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд 2014 оны өнгөрсөн ням гарагт Берлин хотын “Хоппегартен” морин тойруулгын цэнгэлдэхэд Монгол Улсын нэрэмжит морин уралдааны өдөрлөг болжээ. Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд, Монголын морин спортын холбооны Ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ тус арга хэмжээг албан ёсоор нээсэн байна. Тэрээр нээлтийн үгэндээ Монгол Улс, ХБНГУ хоорондын иж бүрэн түншлэлийн харилцаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, монголчуудын түүх, соёл, ахуй амьдралд морины онцгой байр суурийг дурдаж, уралдаанд оролцож буй морьдын хурд, уяа сойлго нь сайхан байх, ирсэн үзэгчдэд сайхан наадахыг хүсэн ерөөжээ.

Тус арга хэмжээнд Гадаад харилцааны сайд Л.Болд, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Германы Бундестагийн гишүүд, Холбооны Ерөнхийлөгчийн Тамгын газар, Холбооны Канцлерын ХЭГ, Холбооны Гадаад хэргийн яам, болон бусад яамдын төлөөлөл, Дойчэ Баан, Дойче Банк, Луфтханза зэрэг хоёр орны төр, засаг, хувийн хэвшлийн өндөр түвшний төлөөлөгчид хүрэлцэн ирж өргөнөөр оролцлоо.

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор морин уралдааны ёслолын хүлээн авалтыг нээж, хоёр улс дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд хийж буй ажлуудыг дурдаж, монгол-германы харилцааг цаашид хөгжүүлэх боломжийн талаар санал бодлоо хуваалцсан байна.

Берлин хотын зүүн урд байрлах “Хоппегартен” морин тойруулгын цэнгэлдэхийн ногоон талбайд хүрэлцэн ирсэн 10.000 гаруй үзэгчдийн дунд ХБНГУ-д болон Европын бусад улс орнуудад оршин сууж байгаа Монгол Улсын иргэд монгол үндэсний дээл хувцастайгаа морилон ирж, наадмын уур амьсгалд гэр бүл анд нөхөдтэйгээ хамтдаа өнгөрөөв. Тэдгээр үндэсний урлагийн уран бүтээл, уран зургийн үзэсгэлэнгээ гаргаж, үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, хоол хүнсний өргөн худалдаа явуулж, эх орныхоо үндэсний уламжлал, урлаг соёл, зан заншил, хөгжил дэвшлээс таниулан сурталчиллаа.

Зургаан насны морь уралдсан наадамд 1000 метрийн гол уралдаанд Л.Ж. Ройтерскигийн уясан, Шведийн Вант Улсын иргэн Омар Зававийн халзан хээр “Алкохуац” морь түрүүлж наадамчин олныг баясгасан байна. Түүнчлэн монгол жокей Г.Баярсайхан удаа дарааллан айрагдаж хүрэлцэн ирсэн монголчуудаа баярлуулжээ.

 Өдөрлөгийн үеэр монголын язгуур урлагийн “Домог” хамтлаг цуврал тоглолт хийж хүрэлцэн ирсэн үзэгчдийг цэнгээсэн бөгөөд өдөрлөгт “Berlin TV”, “Bloomberg TV Mongolia”, “Rennbahn TV” телевиз болон бусад хэвлэл мэдээллийн төлөөлөгчид хүрэлцэн ирж арга хэмжээг сурвалжлав.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсээс гурван сая хүртэлх төгрөгийн бараа татвал татвар төлөхгүй

Сэлэнгийн “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн хилийн худалдааг ирэх Даваа гаригаас буюу энэ сарын 24-нөөс нээж, байнгын ажиллагаатай болгох гэж байгаа. Үүний эхлэл болгож “Алтанбулаг экспо” үзэсгэлэн яармагийг болно.

Хойд хөршийн зах зээлд шууд холбогдох энэхүү чөлөөт бүсийг эрчимжүүлэх бэлтгэл ажлуудыг хийж буй бөгөөд чөлөөт бүсийн худалдаанд эхний ээлжинд барилгын материал, авто сэлбэгийн худалдааг чухалчилж байна. “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсэд Барилгын болон авто сэлбэгийн худалдааны төв нээхээр болжээ. Хилийн худалдааг бүрэн утгаар нь дэмжихийн тулд шаардлагатай зай талбайг бодолцон үзэж, худалдаа явуулах аж ахуйн нэгжүүдэд газар олгохоор болсон талаар тус чөлөөт бүсийн захирагч Ч.Чимэдсүрэн хэлэв. Энэ хүрээнд эхний ээлжинд хоёр худалдааны төвд нийт 60 аж ахуйн нэгжид тус бүр 200 ам.метр хүртэлх газар олгох ажээ. Тиймээс худалдааны чөлөөт бүсэд барилгын материал, авто сэлбэгийн худалдаа явуулах аж ахуйн нэгжүүд зохих шаардлагыг биелүүлэн, бичиг баримтыг бүрдүүлэн “Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанд хандах хэрэгтэй ажээ. Ингэж газраа авсан аж ахуйн нэгж тухайн газартаа барилга барих, худалдаа, үйлчилгээ явуулах эрх нь нээлттэй юм байна.

Барилгын материалын, авто сэлбэгийн худалдааг ийнхүү дэмжих болсон нь худалдааны бараа эргэлтийг сайжруулахаас гадна орон сууц, авто машины үнийг бууруулах, цаашдаа тогтвортой байлгахад нөлөөлөх аж. 

Худалдааны чөлөөт бүсийг эрчимжүүлж, бизнес эрхлэгчдийг даллахын тулд татварын таатай орчинг чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаныхан амлаад байгаа юм. Энд худалдаа, наймаа явуулах аж ахуйн нэгжийн төлөх гаалийн, НӨАТ, импортын татварыг чөлөөлөх ажээ. “Алтанбулаг” худалдааны  чөлөөт бүсийн Барилгын худалдааны төвөөс гурван сая төгрөг хүртэлх барааг ямар ч татваргүй авч гарах эрхтэй. 

Одоогоор “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүс 500 га орчим газрыг хамарч байгаа бөгөөд хэтдээ бүсийн орчмоор тойрч 15-20 мянган хүн амьдрах суурьшлын бүс байгуулахыг албаныхан онцолж байна. Энэ хүрээнд “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсээс Сүхбаатар өртөө хүртэл 25 км төмөр замын бүтээн байгуулалт, дулааны цахилгаан станц, орон сууц, зочид буудлын цогцолбор, боловсруулах үйлдвэр барихаас гадна том агуулахын худалдаа эрхлэх асуудал яригдаж эхэлжээ. 

Categories
мэдээ улс-төр

НҮБ-ын хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцов

Боливийн
Санта Круз хотноо энэ сарын 14-15 ны өдрүүдэд НҮБ-ын Хөгжиж буй
орнуудын 77-гийн бүлэг байгуулагдсаны түүхэн 50 жилийн ойд зориулсан
дээд хэмжээний уулзалт болж Гадаад харицааны дэд сайд Дамбын Ганхуяг
тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

Эдийн
засгийн хамтын сонирхлоо харилцан дэмжиж, НҮБ-ын системийн хүрээнд болж
байгаа олон улсын эдийн засгийн гол асуудлаарх хэлэлцүүлэгт нэгдмэл байр
сууринаас хандан, Өмнөд-Өмнөдийн хөгжлийн хамтын ажиллагааг дэмжих
зорилго бүхий 77 хөгжиж буй орон 1964 онд Женев хотноо хамтарсан
тунхаглалд гарын үсэг зурж 77 -ийн бүлэг (G77) -ийг байгуулсан. НҮБ-ын
133 гишүүн орнуудыг нэгтгэсэн эл бүлэг нь НҮБ дахь хамгийн том бүлэг
бөгөөд энэ жил бүлгийг Боливи Улс даргалж байна.

“Сайн
сайхан амьдралын төлөөх дэлхий ертөнцийн шинэ жаяг” сэдвийн дор болж
буй эл дээд хэмжээний уулзалтад 20-иад орны төр засгийн тэргүүн, НҮБ-ын
Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, НҮБ-ын Ерөнхий Ассемблайн дарга
Жон Аш зэрэг өндөр түвшний төлөөлөгчид оролцсон бөгөөд Ерөнхий нарийн
бичгийн дарга Бан Ги Мүн Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг
түргэтгэх, 2015 оноос хойших хөгжлийн зорилтыг тодорхойлох, дэлхийн уур
амьсгалын өөрчлөлтийн шинэ гэрээг байгуулах зэрэг асуудлуудад гол
анхаарлаа хандуулахыг уриалав.

Уулзалтын
бүгд хуралдаанд Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг Монгол Улсын
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн илгээлтийг уншиж танилцуулав. Гадаад
харилцааны дэд сайд Д.Ганхуяг Чилийн Гадаад хэргийн дэд сайд Эдгардо
Риверос болон Төрийн сайд, гадаад харилцаа хариуцсан ерөнхий нарийн
бичгийн дарга Альваре Эхральде, Аргентины Гадаад харилцааны нарийн
бичгийн дарга Эдуардо Зуайн, Перу болон Тайландын төлөөлөгчдийн тэргүүн
нартай уулзаж, хоёр талын харилцаа хамтын ажиллагааны талаар санал
солилцов. Мөн манай төлөөлөгчид Найроби дахь НҮБ-ын Байгаль орчны
ассамблейн Ази, Номхон далайн бүсийн орнуудын төлөөлөгч нартай уулзав.

Дээд
хэмжээний уулзалтаас 232 заалт бүхий тунхаглалыг гаргасан бөгөөд
ядуурлыг бууруулах, хүнсний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт,
хөгжлийн санхүүжилт зэрэг өргөн хүрээтэй асуудлуудыг багтаасан байна.
Тунхаглалд цөлжилт, далайд гарцгүй орнуудын тусгай хэрэгцээний талаарх
манай саналууд тусгагдажээ.

Ерөнхийлөгчийн илгээлт

Categories
мэдээ улс-төр

УИХ дахь Монгол-Германы бүлгийн гишүүд ХБНГУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Германы бүлгийн дарга Р.Бурмаа болон Монгол-Германы бүлгийн гишүүд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Баден-Вюртеммберг мужийн Ерөнхий сайдын орлогч Нийлс Шмид тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр / 2014.06.17 / Төрийн ордонд хүлээн авч уулзав.

 Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Германы бүлгийн дарга Р.Бурмаа, Германы аж үйлдвэр хөгжсөн мужийн төлөөлөгчдийг Монгол Улсад айлчилж буйд баяртай байгаагаа илэрхийлээд, хоёр орны хууль тогтоох байгууллагууд сайн харилцаа, хамтын ажиллагаатай явж ирсний зэрэгцээ Монгол Улсын Их Хурал Бундестагаас үлгэр жишээ авч “Өргөдлийн байнгын хороо”-г шинээр байгуулсныг онцлон тэмдэглэв. Мөн хоёр орны улс төрийн харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Германы аж үйлдвэр хөгжсөн муж улстай тодорхой салбаруудад харилцаа, хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэх сонирхолтой байгаагаа дуулгав. Түүнчлэн Монгол Улсад мэргэжлийн ажиллах хүчин шаардлагатай байгаа бөгөөд автомашин, төмөрлөг, машин техник, үйлдвэрлэлээр Германдаа төдийгүй Европд тэргүүлдэг мужтай техник мэргэжлийн сургалт явуулах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. 

 Ноён Нийлс Шмид, Байнгын хорооны даргыг цаг зав гарган, өргөн бүрэлдэхүүнтэй хүлээн авч уулзаж байгаад талархаж буйгаа илэрхийлээд, Ландтагийн “Өргөдлийн байнгын хороо”-ны даргаар шинээр сонгогдсон гишүүдийг ажиллуулдаг уламжлалтайг танилцуулсан юм. Баден-Вюртеммберг мужийн Ландтагын “Өргөдлийн байнгын хороо” бусад байнгын хороодоос хамгийн том байнгын хороонд тооцогддог ажээ. Мөн тэрээр Монгол, Германы эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцох зорилготой ирсэн тухайгаа дуулгаж, Монгол Улсаас Герман Улсад мэргэжилтэн бэлтгэх, Герман Улсаас Монгол Улсад сургагч багш илгээн ажиллуулахад бэлэн байгаа хэлсэн юм.

 Тэд уулзалтын төгсгөлд Сонгуулийн хуулийн талаар харилцан санал солилцсон. Энэхүү уулзалтад Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог, Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү, Су.Батболд, Д.Лүндээжанцан, З.Баянсэлэнгэ, Ё.Отгонбаяр, Ж.Батзандан нар байлцав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийтийн тээврийн автобусууд орлогын төлөө явах шаардлагагүй болно

Улаанбаатарчуудын уур уцаарыг ихээр бардаг зүйл бол замын бөглөө нийтийн тээвэр хоёр. Уг нь нийтийн тээврийнхэнд тусгай зам гаргаж өгсөн ч тээврийн хэрэгслүүд урдуур нь дайрч, замын бөглөө үүсгэдэг. Үүнээс болж хотоор нэг сүлжилдэн явж байгаа автобус дүүрэн хүн ажил төрлөө алдаж, алтан цагаа үрж байна. Иймд орлогын хойноос, цагт туугдсан автобусны жолооч нар замын чөлөөгөөр галзуу юм шиг давхиж осол аваар гаргах нь олонтаа. Нийслэлийн иргэн бидний амьдрах орчин, амьд явах баталгаа болсон нийтийн тээврийг хотын удирдлагууд бодлогоор түвэггүйхэн шийдчих боломжтой гэсэн. Гадны улсуудын жишгээс харахад манайх шиг ийм нийтийн тээвэртэй газар хаа ч байхгүй. 

Өнгөрсөн жил Нийслэлийн хөрөнгөнөөс 25 тэрбум төгрөг төсөвлөж, нийтийн тээвэрт парк шинэчлэл хийхээр болсон. Гэтэл энэ мөнгө өнөөдрийг болтол дансандаа хадгалагдсаар л байна. Ам.долларын ханш өдрөөс өдөрт өссөөр байх энэ мөнгө улам үнэ цэнэгүй болж байгааг хотын удирдлагууд ухамсарлаж байгаа болов уу. Цаад санаа нь ердөө парк шинэчлэл нэрээр хэн нэгний шахааны бизнесийг дэмжих гэж цаг хугацаа алдаж буй нь хэнд ч ойлгомжтой. 

Гэтэл саяхан нээлтээ хийсэн Эко нэртэй автобусыг нэг ширхэгийг нь 260 сая төгрөгөөр худалдан авч нийтийн тээврийнхэнд парк шинэчлэлт хийхээр болжээ. Хятадаас сэлбэг оруулж ирээд Монголдоо угсарчихаад үндэсний үйлдвэрлэл хэмээн цамнаад байгаа энэ бизнесийг нийтийн тээвэрчид дэмжихгүй байгаагаа илэрхийлэв. Учир нь ямар ч баталгаагүй унаагаар тэд хүн тээвэрлэхээс татгалзжээ. Ямар нэгэн осол аваар гарвал үйлдвэрлэгч биш тээвэрлэгчид буруудна гээд яг үнэндээ дотоодынхоо “Эко” автобусыг дэмжихгүй байна. Асар хямдхан өртгөөр бүтсэн энэ автобусыг төрд 260 сая төгрөгөөр шахах нь хэн нэгний мөнгө угаалт бололтой. Үүний тулд “Автобус-1”, “Автобус-3”, “Цахилгаан тээвэр” гэсэн төрийн гурван компанийг нэгтгэхээр болжээ. Засгийн газрын тогтоолоор эдгээр компаниудыг хувьчлах шийдвэр хэдэн жилийн өмнө гарсан. Гэтэл уг шийдвэр хүчингүй болоогүй байхад хүчээр төрийн өмчит тээврийн компаниудыг нэгтгэх гэж байгаагийн цаана асар их мөнгөний сонирхол нуугдаж буй юм.

Нийтийн тээвэрт манай төрийн бодлого үгүйлэгдэж байгааг тээвэрчид санаа нэгтэйгээр дуугардаг. Иймд хотоос эхний ээлжинд атобусуудыг ухаалаг болгох юм байна. GPS төхөөрөмж суулгаж, нэгдсэн нэг серьверээс удирдан хянах нь ээ. Тодруулбал, энэ төхөөрөмж нь хаана ямар автобус явж байгааг удирдлагын төвд шууд харуулна. Улмаар аль чиглэлд автобус хүлээгдэж буй нь алган дээр байгаа мэт хардагдана. Удирдлагын төвөөс тухай автобусны жолооч нартай холбогдож, заавар чиглэл өгнө. Нөгөөтэйгүүр тэдний үйлчилгээг GPS төхөөрөмж бүрэн илтгэх болохоор энэ үзүүлэлт цалинг нь “бодно” гэсэн үг. Жолооч хүн авах гэж орлогод шахагдахгүй, харин цагийн хуваарийн дагуу үйлчилгээ үзүүлсэнийхээ төлөө хөдөлмөрөө үнэлүүлнэ. Автобусууд одоогийнх шиг бие биетэйгээ уралдах шаардлагагүй болно. Зөвхөн цагийн хуваарийн дагуу ажлын биелэлт нь гараад ирэх юм байна. Нийтийн тээврийг GPS төхөөрөмжтэй болгох уг ажил тун удахгүй хэрэгжих бололтой. Энэ долоо хоногт тендер нь зарлагдана гэсэн.

Хэрэв нийтийн тээвэр ухаалаг, дотор нь зорчиход тав тухтай, тохилог, соёлтой үйлчилгээтэй, хурдан шуурхай болчихвол бид бүгд зорчино. Машинтайгаа хотын бөглөөнд түүртэж, хамаг цагаа барж байхаар нийтийн тээврээр үйлүүлэхийг илүүд үзнэ. Гэтэл өнөөдөр манай автобусууд үнэндээ ийм шаардлага хангаж чадахгүй байна. Үүний тулд нийслэлийн удирдлагууд нийгмийн захиалга үйлчилгээ болсон нийтийн тээврийнхээ бодлогод анхаарч, шат дараатай арга хэмжээ аваасай. Ингэж чадвал их хотын иргэн бидэнд л хэрэгтэй. Энэ бол хүнээ боддог төрийн нэн түрүүнд хийх ёстой ажил юм аа. Улаанбаатарчууд бид үүнийг л хүсч байна. 

М.МӨНХ