Categories
мэдээ нийгэм

Төгсөгчид хэмнэсэн мөнгөөрөө тусламж үзүүлнэ

МУИС-ийн нийт төгсөгчдийн хонхны баярын үйл ажиллагаа өнөөдөр Хавдар судлалын үндэсний төвд болох гэнэ. МУИС-ийн Хууль зүйн сургуулийг “Эрх зүйч”, “Олон улсын эрх зүйч” мэргэжлээр төгсөж байгаа нийт 120 орчим оюутнууд хонхны баярын үйл ажиллагаанд зарцуулагддаг үргүй зардлыг хэмнэн мөнгө хуримтуулж, мөн бусад хуулийн фирмүүдээс дэмжлэг авч тодорхой хэмжээний хөрөнгө цуглуулж чадсаны үр дүнд Хавдар судлалын үндэсний төвийн Туяа эмчилгээний тасагт 9.3 сая төгрөгийн өртөгтэй өвчтөнд яаралтай тусламж үзүүлэхэд хэрэглэгддэг “зүрхний дефибириллятор” төхөөрөмж хандивлах боломжтой болсон байна.

Нээлтийн үеэр “зүрхний дефибириллятор” төхөөрөмжийг гардуулах бөгөөд мөн хүүхдэд зориулсан номын сан байгуулахад зориулж ном хандивлах арга хэмжээ болох аж.

Categories
мэдээ цаг-үе

Шинэ технологи хөлбөмбөгт “хөл тавив”

Энэ удаагийн ДАШТ-д  үзэгч түмний мэлмийд өртөхөөр хоёр шинэ санаачилга нэвтэрсэн. Хэрвээ хаалттай торгуулийн цохилт гүйцэтгэх болбол талбайн шүүгч бөмбөг тогтоох цэг, түүнээс есөн метрийн зайд зогсох хаалт гэсэн хоёр газарт цагаан шингэн цацаж байгаа биз. Уг нь нэг их шинэ санаа биш. Латин Америкийн багууд нутагтаа энэ “Шбос”-ыг хэрэглээд удаж байгаа. Зүгээр л ОУХХ энэ удаагийн ДАШТ-ээс эхлэн сахлын хөөсийг ашиглая гэдгийг зөвшөөрсөн учраас дэлхий нийтээрээ харах боломж гарч байгаа нь энэ. Гол зорилго нь өрсөлдөгч багууд шүүгчийн тогтоосон цэгээс бөмбөг болон хаалтыг хөдөлгөж дүрэм зөрчөөд байдгийг л зогсооход чиглэсэн юм. Харин нөгөө санаачилга нь хөрөнгө мөнгө шаардсан жинхэнэ технологийн шинэч­лэл билээ. Их л удаан эсэргүү­цэж байж энэ удаагийн ДАШТ-д туршиж байгаа шинэ санаа. 

Хаалганы ойролцоо талбайд соронзон орон үүс­гэх утаснууд зүлэгний дор суурилуулж дохио дамжуулах чиптэй бөмбөг зураас давсан то­хиолдолд ерөнхий шүүгчийн бу­гуйд байгаа цагт мэдээ өгнө. Түү­нээс гадна өндөр чадалтай долоон камер компьютерийн дүрслэлээр бөмбөгийн байр­лалыг та бидэнд харуулна. Энэ шинэчлэлийн эхний ачийг өчигдрийн Франц-Гондурас тоглолтын хоёр дахь гоолын үеэр анзаарсан буй заа. Хуучнаараа байсан бол шүүгч анзаарахгүй, хожим нь баахан хэрүүл маргаан болоод л үлдэх байлаа шүү дээ. Ийм шинэчлэл хийвэл хөлбөмбөгчид бичлэг үзнэ гээд тоглоом зогсоогоод удна гэх юм эсэргүүцэгчид яриад маргаад байсан. Огт тийм юм байхгүй, тоглоом явдгаараа яваад л үргэлжлээд л байна лээ. Эртхэн л ийм шинэчлэл хийх хэрэгтэй байж. Тэгсэн бол 2010 онд Лэмпардын цохиж Нойерын хаалганд хийсэн гоол зөвшөөрөгдөж германчууд хожигдох байсан ч юм уу хэн мэдлээ.     

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүн төрөлхтөн хөлбөмбөг үзэж сэтгэлийн цэнгэл эдэлж байна

Би хөлбөмбөг мэдэхгүй л дээ. Улаан фанат нь ч биш. Гэхдээ сүүлийн өдрүүдийн дэлхийн гол сенсаци яах аргагүй хөлбөмбөг л байна. Хүн төрөлхтөн тэр аяараа энэ спортоор амьсгалж, сэтгэлийн цэнгэл эдлэн баясч байна. Сүлд дуу нь хаа сайгүй эгшиглэж, хөлбөмбөг шимтэн үзэгчид цэнхэр гариг дээр нэгэн ижил догдолж байна.  Хөлбөмбөгийн хорхойтнууд битгий хэл энэ спортын үүх түүхийг мэдэхгүй, нэг тоглолт бүтэн үздэггүй мань мэтийн зүрх огшин хөөрцөглөж байх юм. Тэгэхээр  хөлбөмбөг  яалт ч үгүй хүн төрөлхтөнд бурхнаас өгсөн бэлгүүдийн нэг мөн ажээ.  

Хөлбөмбөгийн ДАШТ манай  гариг дээр дөрвөн жилд нэг удаа зохиогддог том наадам. Хамгийн анхны тэмцээн 1930 онд Уругвайд болж, талбайн эзэн аваргалж байсныг надаар хэлүүлэлтгүй хэн бүхэн мэднэ. Энэ үеэс хойш хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн Латин Аме­рик, Европын орнуудад дөрөв, дөрвөн жилээр ээлжлэн болдог уламжлал нэгэнт тогтчихсон юм гэнэ лээ. Гэхдээ энэ буухиа 1994 онд тасарч, тэр жил АНУ-д зохиогдсоныг мэддэг хүмүүс нь ярьдаг. Италийн дараа Латин Америкт ирнэ хэмээн найдаж байсан тэдний таамгийг ийн эвджээ.  Дараа нь Франц, тэгээд Солонгос, Герман гэсэн дарааллаар тив болгонд зохиосон нь дэлхий глобалчлагдсантай холбоотой өөрчлөлт байсан гэдэг.  Тэгэхээр хөлбөмбөгийн наадам Латин Америкийн оронд болсон хамгийн сүүлийн тохиолдол нь 1986 оны Мексикийн ДАШТ.  Яагаад үүнийг онцлов гэхээр өнөө жилийн тэмцээн Бразилд болж байгаа учраас. Төөрсөөр төрөлдөө гэдэг шиг хөлбөмбөгийн ДАШТ тив дэлхийг тойрсоор 28 жилийн дараа  ийнхүү Өмнөд  Америкийн оронд буцаж  ирснийг спорт сонирхогчид онцолж байгаа юм.

Өнөө жил Бразилд болж байгаа ДАШТ бол 20 дахь удаагийнх.  Энд нийт 32 баг  оролцох эрхээ авчихаад тоглож байна. Энэ эрхийг өгөх үйл ажиллагаа  манайхаар бол УИХ-ын 76-г сонгохтой адил гэж байгаа. Олон улсын хөлбөмбөгийн холбоо улс орнуудыг ДАШТ-д тэгш хамруулах үүднээс тив болгонд квот олгодог.  Энэ нь “Энх тайван, дайнгүй дэлхий бий болгоно” гэдэг уриатай нь ч холбоотой биз. Ямар ч байсан Ази тивээс төдөн баг,  Африк тивээс төд гэх мэтээр хуваана. Хар ухаанаар бол Сонгинохайрхан дүүрэг хүн ам ихтэй учраас дөрвөн мандат олгоно гэдэг шиг шалгууртай.  Тухайлбал, хүчтэй лидер баг ихтэй Европ тивд ахиу, хөлбөмбөгөөр гавихгүй Ази, Африк тивд арай цөөн мандат өгөх жишгээр явдаг гэнэ.  Мэдээж эдгээр мандатын төлөө багууд өрсөлдөж, аль нь дэлхийн аваргын тэмцээнд орохоо шийддэг байж таараа.  Ийм шалгуур, шалгаруулалтын дагуу өнөө жил Азиас  Япон, Солонгос, Иран улсын шигшээ баг  ДАШТ-д оролцож байна.  

Африкаас Алжир, Гана, Камерун, Кот д’Ивуар, Нигери зэрэг орны баг тоглож байна. Умард Америкаас АНУ, Гондурас, Коста-Рика, Мексикийн багууд өрсөлдөж байгаа. Өмнөд Америкаас Аргентин, Бразил, Колумб, Уругвай, Чили, Эквадор улсууд оролцож байна. Харин Европ тивээс Англи, Бельги, Босни-Херцеговин, Герман, Грек, Испани, Итали, Нидерланд, Орос, Португал, Франц, Хорват, Швейцарийн баг оролцож байгаа юм.

Англиас гаралтай хөл­бөмбөгийн спорт өдгөө хүн төрөлхтний шүтээн болчихлоо.  Яа­гаад гэдэг нь их энгийн. Хөлбөмбөгийг хоёулаа,  хориулаа ч тоглож болно. Сагсан бөмбөг шиг тусгай эд хэрэглэл шаардахгүй, өмсч яваа цамцаа бөөрөнхийлөөд ч болов тоглож болно. Өрсөлдөөнтэй, хор шар малтсан спорт. Хүний хорхойг татдаг хөлбөмбөгийн нууц нь энд оршдог биз ээ. 

Латин Америкийн орнууд хөлбөмбөгийг бурхан лугаа шүтдэг. Дөрөвхөн сая хүнтэй уругвайчууд гэхэд л хөлбөмбөгөөр дэлхийд хоёр удаа аваргалчихсан байна.  Бразилчуудыг хар.  Ард иргэд нь хөлбөмбөгийн төлөө амиа өгөхөөс ч буцахгүй. Тэр жил нутагтаа болсон дэлхийн аваргын тэмцээнд Бразилийн шигшээ баг Уругвайд дэлхийн аваргаа алдахад 300 гаруй хүн амиа хорлосон гэдэг мэдээ түүхэнд үлджээ.  Сая гэхэд хөлбөмбөгийн ДАШТ-ийг эсэргүүцэж бразилчууд жагсч цуглалаа л гэсэн. Хамгийн анхны тоглолт болох Бразил-Хорватын “тулаан” эхлэхэд жагсч явсан хүмүүс бүгд гартаа барьсан чулуу, буу шийдмээ хаяад цэнгэлдэх хүрээлэн рүү гүйцгээсэн гэнэ лээ. Зурагтаар харах нь гэр рүүгээ яарч, гудманд нэг ч хүн үлдээгүй дуулдсан.  Тэмцээн болж буй  Бразилийн 12 хотын гудамжинд  тоглолт эхэлсэн оргил үед үзэгдэх хүнгүй эл хуль байгаа сонсогдсон.  “Халтар царайт” киног манайхан яаж үздэг байлаа яг түүн шиг үйл явдал болж байгаа юм билээ. Энэ үзэгдэл зөвхөн Бразилд бус дэлхийн өнцөг булан бүрт давтагдаж байх шиг байна. 

Хаа сайгүй хүн бүрийн амнаас хөлбөмбөг гэдэг үг унаж байна. Өнгөрсөнд үлдсэн домогт тоглолтуудын тухай яриа, өнөө жил аль баг түрүүлэх талаар таамаглалууд хөвөрсөөр. Ер нь бол түүхэндээ дэлхийн аварга гэдэг эрхэм цолыг наймхан улсын шигшээ баг хүртсэн байдаг юм билээ. Бразил тав, Герман гурав, Итали дөрөв, Уругвай хоёр, Аргентин хоёр, Англи, Франц, Испани улс тус тус нэг удаа дэлхийд аваргалж байжээ.  Өнөө жил энэ аваргуудын дунд гол өрсөлдөөн болно хэмээн хөлбөмбөгийн хор­хойтнууд таамаглаж байна. Энэ хүрээнд мэргэжилтнүүд бооцоогоо тавин харж суу­на. Хөлбөмбөгийн спорт хүн төрөлхтний сэтгэлийг догд­луулж, баясгах үүрэгтэйгээс гадна бизнес болон хөгжсөн нь эндээс харагдаж байна. 

 Яг өнөөдөр Бразилийн ДАШТ эхлээд хэдхэн хонож байна. Өнгөрсөн ням гаригийг эс тооцвол тэмцээн эхэлснээс хойших бүх өдрийн тоглолт сенсациар дүүрэн, шуугиулж байна. Тэмцээний эхний өдөр талбайн эзэн Бразил, Хорваттай тоглож гурав нэгээр хожлоо. Дараагийн өдөр нь мөнхийн өрсөлдөгчид болох Испани Голландын шигшээ багуудын хооронд санаанд оромгүй тоглолт болсон тухай шаагиж байна. Өмнө нь энэ хоёр олон удаа таарч байсан. Тэр болгонд дэлхийн аварга испаничууд голландчуудыг хөлбөмбөгийнхний яриагаар “зоддог” байж.  Хамгийн сүүлд 2010 оны дэлхийн аваргад энэ хоёр халз тулж, 1:0 гэсэн харьцаагаар Испанийн шигшээ баг хожиж байжээ. Энэ удаад ч ийм байдлаар Испанийн хожлоор тоглолт өндөрлөнө хэмээн ихэнх хүн бооцоо тавьсан байна. Гэтэл испаничууд Голландын шигшээ багт 5:1 харьцаагаар хожигджээ. Сүүлийн тав, зургаан жил хөлбөмбөгт шинэ моод дэлгэрүүлж, дийлдэхээ байчихаад, Фифагийн рейтингээрээ нэгд бичигдээд байсан испаничуудын хувьд гутамшигтай тоглолт болсныг бооцоогоо алдсан хорхойтнууд халаглан ярьж байна. Испанийн шигшээ багийн фанатуудын гашуун нулимс хатаж амжаагүй байтал маргааш нь дэлхийн хошой аварга уругвайчууд бөхөөр бол сумаасаа ч гарч үзээгүй Коста Рикагийн багт “3:1”-ээр хожигдсон байна. Ийм л санаанд оромгүй тоглолтууд эхнээсээ гарч байгаа учраас энэ удаагийн дэлхийн аваргад аль ч баг түрүүлж магадгүй болчихоод байгаа талаар мэргэжилтнүүд ам уралдан ярих юм.  

Гэхдээ бразилчуудыг нутгийнхаа талбай дээр илүүрхэж, зургаа дахь удаагаа аваргална гэдэгт итгэж байгаа хөлбөмбөг сонирхогч олон бий. Өнгөрсөн түүхээс нь харвал  Латин Америкт болсон наадамд нутгийнх нь баг түрүүлдэг бичигдээгүй хууль тогтчихсон юм байна. Яагаад гэвэл латин америкчууд цөс ихтэй, манайхнаар бол нутгархаг үзэл давамгайлсан ард түмэн. Тиймээс тэднийг аль ч орны хөгжөөн дэм­жигчидтэй харьцууламгүй. Тэгээд ч 12 дахь тоглогч хэ­­мээн нэрлэгдтэлээ чу­халд тооцогддог хөгжөөн дэмжигчдийн уухай хөл­бөмбөгт яахын аргагүй жинтэй байр суурь эзэлдэг.  Тэр утгаараа өнөө жилийн хөлбөмбөгийн дэлхийн аваргаар Бразилийн шигшээ баг шалгарна гэдэг таамаглал хүчтэй байна. 

Ямар ч байсан хүн төрөлхтний спортын том наадмын нэг хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнийг Монголд ETV телевиз шууд дамжуулж байна.   Хөлбөмбөг сонирхдог, сонирхдоггүй хэн ч бай  шөнө нойроо хугаслан  шимтэн үзэж  сууна. Учир нь харин бусад телевизүүд шөнө гарч байгаа тоглолтуудыг  хуулж өдрийн цагаар үзүүлдэг тодорхой цагтай болмоор байна. Шөнө нойроо дийлдэггүй эсвэл завгүй явдаг хүмүүст үүн шиг хэрэгтэй зүйл хаа байхав. Хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн манайхаар зуны дэлгэр цагт таарлаа. Хүн малын зоо тэнийсэн энэ үед хөлбөмбөгөө үзэж баяр баясгалантай байх шиг сайхан зүйл үгүй. Бид дотооддоо ч хөлбөмбөг лугаа хөгжөөнтэй арга хэмжээг зохион байгуулж байх хэрэгтэй. Энэ утгаараа баяр наадмыг тав хоног хийх санаа зөв юм. Үргэлжийн болохгүй, бүтэхгүй, хар бараан зүйл ярьж байснаас жилдээ ганц удаа сэтгэлийн цэнгэлийг хангалттай эдэлж байя. Энэ тэмцээн хүн бүрт баяр хөөр авч ирдэг болохоор тэр. Бөмбөрцөг дэлхийн хүн ард дөрвөн жилд нэг удаа хөлбөмбөгөөр амьсгалж, баяр баясгалангаар бялхдагтай л адил юм.  

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарын гудамжны 3D зураг

Дүрслэх урлагийн сургуулийн багш оюутнууд хотын зарим гудамж, олон нийтийн гудамж талбайд 3D зураг зуржээ. Гэнэт алхаж байхад тань яг өмнө чинь газар доошоо цөмөрч, ус урсан хүрхрээтэн байвал битгий гайхаарай. 

Categories
мэдээ нийгэм

Хоёр жилийн өмнө сураггүй болсон хүний цогцсыг олжээ

Дорнод аймгийн Баяндун сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг алтны уурхайн нүхэн дотроос хоёр жилийн өмнө сураггүй алга болсон О гэгчийн цогцос олджээ. Тухайн үед найзуудтайгаа явж байгаад алга болсон түүнийг гэр бүлийнхэн нь эрж хайн зөн билигчдийг ч урьж залж байсан удаатай. Хэргийн газар дээр шинжээчид, холбогдох хүмүүс ажиллаж, иргэн О мөн болохыг тогтоосон байна. 

Categories
мэдээ нийгэм

Хэрлэн голд хүүхэд энджээ

Сүүлийн үед бороо хур ихтэй байгаатай холбоотойгоор Хэрлэн голын түвшин эрс нэмэгдэж үерийн байдалтай байгаа. Өнгөрөгч амралтын өдүүдэд голд тоглож байсан 5-р ангийн хоёр хүүхэд осолдож нэг нь амь насаа алдсан байна. Хүүхдүүдийг осолдох үед голын эрэг орчмоор байсан залуус тусалж нэгийнх нь амийг аварч чадсан аж.

Томоохон гол, нуурууд хөл ихтэй байгаа тул нийт ард иргэдэд голын эргээс хүүхэд багачуудыг хол байлгахыг сэрэмжлүүлж байна. 

Categories
мэдээ улс-төр

Хууль зүйн байнгын хорооны даргаар Д.Ганбат гишүүнийг томилох эсэхийг хэлэлцэнэ

Өнөөдөр нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо,  Төсвийн байнгын хороо болон Хууль зүйн байнгын хорооны хуралдаан товлогджээ.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл”,  Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат 2014.06.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, тамхи татах тусгай цэг байгуулах тухай, хэлэлцэх эсэх/; Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд хуралдаж төрийн ёслолын журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батлах тухай агуулга бүхий Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт /2013 оны байдлаар/; Хяналтын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ

Тэгвэл Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл, Шилэн дансны тухай, мэдүүлсэн, бондын хүүгийн орлогын татварыг 10 хувь болгох тухай агуулга бүхий Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийднэ.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан Байнгын хорооны шинэ даргаа сонгохоос эхлэх бөгөөд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцэх юм байна. Байнгын хорооны даргад АН-ын бүлэг Д.ганбат гишүүнийг нэр дэвшүүлээд байгаа билээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хоносон хоолыг халаагаад идчихдэг

Хоносон хоолыг халаагаад идчихдэг бол хоносон сонинг шатаагаад түлэхээс өөр далд оруулах арга байхгүй.  “Өдрийн сонин” бол урсаж буй мэдээллийн агуу том мөрөн юм. Энэ сонины хувьд зог тусан авах эзнээ хүлээхийн завдалгүй дараагийнхдаа шахагдчихдаг.

Сонины улирлын захиалгаас хоцорч хаширсан хүн үгээ хэлж байна билээ. Өглөө болгон эрт босч хэвлэлийн мухлаган дээрээс өрсөж “Өдрийн сонин”-г авахгүй бол 10 цаг жаахан өнгөрлөө бол хаанаас ч олдохгүй зарагдаад дуусчихсан. Бусад сонин сэтгүүлүүд бол өөрийгөө рекламдсан шигээ үдэш болтол бүр маргааш нь ч байж л…

Хэдхэн жилийн өмнө хэв­лэл борлуулагчдын цөөнгүй нь айхтар улс төржсөн наймаачид байж билээ. Энэ муу “ӨС” нам засгийг минь шүүмжилж, энхрий хайрт Энхбаяр даргыг минь хүртэл элдвээр бичдэг болохоор нь зарахаас ч дургүй хүрдэг гэж үү. Хожим сонсохнээ өөр зорилготой тусгай даалгавартай хүмүүс ажилладаг байсан юм шиг байна лээ.

Одоо тийм юм байхгүй ч аанай ховор зэвэр байдгийн шалтгаан нь манай мэргэжил нэгтнүүд маань ( PM, сайт, сонин, бүр телевизийнхэн) эртээ нисч ирээд бидний хөлөө цуцтал явж тархиа гашилтал боловсруулсан бүтээлээр хооллон өдөржин жиргэж гарна даа. Буян болог зайлуул. Бид нэг удаа амрахад зурагт унтарч байсан тал бий шүү. Тэгэхлээр сониноо шуудангаар захиалчихсан нь аль алиндаа амар байдаг юм шүү хө.

Ж.ГАНГАА

Categories
мэдээ спорт

О.Гүндэгмаа Дэлхийн цомоос дахин мөнгөн медаль хүртжээ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа Словений Марибор хотод болж буй буудлагын дэлхийн цомын тэмцээний эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны дасгалд Германы мэргэн буудагчтай аваргын төлөө өрсөлдөж, түүнээс хоёр онооны дутуу амжилтаар Дэлхийн цомын мөнгөн медаль хүртсэн байна.

Уг дасгалд 69 буудагч буудсанаас МУГТ О.Гүндэгмаа 584 оноогоор гуравдугаар байраар шигшээд 21 оноотой шалгарч Германы буудагч Моника Карсчтай халз буудаж 7:5 оноогоор дэд байр эзэлсэн бол хүрэл медалийг Болгарын Антонета Бонева хүртжээ. Энэ ангилалд өрсөлдсөн Монгол Улсын гавьяат тамирчин, Германы иргэн Д. Мөнхбаяр 579 оноогоор 14 дүгээр байрт шалгарсан байна.

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Улаан чөтгөрүүд хожлоо

Бельгийн шигшээ баг Алжирын багтай тоглолт хийлээ. Уг тоглолтын 2-р үед орж ирсэн М.Феллаини болон Д.Мертенс нар гоол оруулснаар Бельгийн баг өрсөлдөгчөө 2:1-ийн харьцаатай буулган авчээ. Тодруулбал, тоглолтын 24 дэх минутад Алжирын баг нэг гоол хийж тоглолтыг тэргүүлж эхэлсэн. Харин тоглолтын 69 дэх минутад Юнайтедын М.Феллаини сэлгээгээр гарч ирээд ердөө тавхан минут болсныхоо дараа тооны харьцааг тэнцүүлсэн байна. Үүнээс яг 10 минутын дараа тоглогч Дриес Мертенс тооны харьцааг 2:1 болгосон нь тоглолтыг шийдвэрлэх цохилт байжээ.