Categories
мэдээ нийгэм

Бетон зуурмагийн үйлдвэр нээжээ

Хэнтий аймгийн төв Чингэс хотод “Жижиг эрдэнэ” нэртэй бетон зуурмагийн үйлдвэр нээлтээ хийжээ. “Юна”, “Жижиг эрдэнэ”, “Элбэг баян говь” компаниуд хамтран байгуулсан “Жижиг эрдэнэ” компани нь М100-М350 маркийн бетон зуурмаг үйлдвэрлэх юм байна.  Нэг шоо метр зуурмаг 142-182 мянган төгрөгийн үнэтэй байх гэнэ. Тус үйлдвэр хоногт 1200 м3 бетон зуурмаг үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Тус үйлдвэр үүд хаалгаа нааснаар ажилгүй байсан  орон нутгийн 30 гаруй залуусыг ажлын байраар хангажээ.

Тус компаниуд цаашдаа хамтран төмөр бетон хийцийн үйлдвэр байгуулахаас гадна төрөл бүрийн блок үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа аж.

Э.ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм

ХУД-т зуны цэцэрлэг ажиллаж байна

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягийн санаачилгаар өнгөрсөн долоо хоногоос эхлэн тус дүүрэгт зуны цэцэрлэгүүд ажиллаж эхэлжээ. Одоогоор хороо бүрт нэг цэцэрлэг буюу нийт 18 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Хүүхдийн насны ангилал харгалзахгүй, нэг цэцэрлэгт нэг л бүлэг ажиллаж байгаа аж.  Цэцэрлэгүүд наадам  хүртэл ажиллах бөгөөд дараа дараагийн жилүүдэд илүү удаан хугацаатай ажиллуулахаар төлөвлөж байгаа гэнэ.  Гэхдээ зуны цэцэрлэгт өвөл цэцэрлэгт хамрагдаж чадаагүй, аав ээж нь хөгжлийн бэрхшээлтэй, өөрсдөө ярьж, сонсож чадахгүй зорилтот бүлгийн хүүхдүүд хамрагджээ. Одоогийн байдлаар Хан-Уул дүүргийн нийт 3000 гаруй хүүхэд зуны цэцэрлэгт явж байна. Энэхүү ажил нь  дүүргийн иргэдийн сайшаалыг ихээхэн хүлээж байгаа бөгөөд бүх төсвийг ХУД-ийн Засаг дарга гаргаж байгаа аж. Энэ талаар ХУД-ийн Боловсролын хэлтсийн ажилтан Ц.Батбаяр мэдээллээ. 

Э.НОМИН

Categories
гадаад мэдээ

Малайзад хөлөг онгоц осолдож 61 хүн сураггүй байна

Малайзын баруун эрэгт зорчигч тээвэрлэж явсан хөлөг онгоц осолдсон байна. Модон хөлөг онгоцонд 97 хүн сууж явсан бөгөөд ихэнх нь хүүхэд эмэгтэйчүүд байжээ. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар зорчигчдын дийлэнх нь Индонезийн иргэд байсан бөгөөд тэд Индонези руу цагаачлахаар явж байсан гэнэ. Одоогоор 61 хүн сураггүй байгаа бөгөөд бусдыг аварсан аж.

Ю.ДЭЛГЭР

Categories
мэдээ нийгэм

Элсэлтийн ерөнхий шалгалтад хяналт тавин ажиллажээ

Мэргэжлийн хяналтын байцаагчид элсэлтийн ерөнхий шалгалтад хяналт тавин ажиллажээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Боловсролын хяналтын улсын байцаагчид нийслэлийн 6 дүүрэгт ерөнхий шалгалтын монгол хэл, бичгийн хичээлийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавин ажилласан байна.

Шалгалтаар ерөнхий шалгалтын зохион байгуулалтын үйл ажиллагаанд байгаа  хэд хэдэн зөрчлүүдийг  илрүүлжээ. Тухайлбал Энх-Орчлон дээд сургууль дээр шалгалтыг сургалтын зориулалтын бус цайны газрын зааланд авч байсан бол, Политехник коллеж дээр шалгалтын үед хүүхдийн дээрээс салхивч унаж, шил нь хагарч  хүүхдийн гар зүссэн байна.

УБ-Эрдэм дээд сургууль дээр 2 материал дутуу ирсэн, ХААИС дээр шалгалтын материал тогтоол, протокол, лацгүй ирсэн, А вариант хэвлэлийн алдаатай ирсэн, мөн энэ сургууль дээр нэг сурагч ахыгаа өөрийнхөө оронд оруулж байгаад баригдсан зэрэг зөрчлүүд гарсан байна.

Мөн сургууль, эцэг эхийн зүгээс хайхрамжгүй хандаж шалгалт өгөх дээд сургуулийн байрыг сайн хэлж, автобус унааг зааж, өгөөгүйгээс хүүхдүүд төөрч будилах, элсэлтийн ерөнхий шалгалтын материалуудаа дутуу бүрдүүлж ирснээс  шалгалтаасаа хоцрох үзэгдэл их гарсан байна. Ерөнхий шалгалтын монгол хэл, бичгийн хичээлийн шалгалтад нийслэлийн 6 дүүргээс 400 гаруй төгсөгчид шалгалтандаа шалтгаангүйгээр ирээгүй байна.

Цаашид Боловсролын үнэлгээний төвөөс шалгалтыг  хүүхдийн эрхийг дээдэлж, сургалтын зориулалтын гэрэлтүүлэг, агааржуулагчтай, эрүүл, аюулгүй байдлыг хангасан байранд зохион байгуулах шаардлагатайг шалгалтын үр дүн харууллаа гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр цөлжилттэй тэмцэх өдөр

Өнөөдөр “Цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөр” тохиож байна. Энэ өдөр дэлхий нийтийн анхаарлыг байгаль орчны эмзэг сэдэв болсон цөлжилт рүү анхааруулж, олон оронд цөлжилтийн эсрэг аян явуулдаг билээ.  Ялангуяа ганд нэрвэгдсэн, цөлжилт идэвхтэй явагдаж буй улс, бүс нутагт Цөлжилтийг устгах НҮБ-ын конвенцийг хэрэгжүүлэн ажилладаг. Өнөөдөр дэлхийн хуурай газрын 40 хувь нь ямар нэгэн байдлаар цөлжилтийн аюулд өртөөд байна. Эдгээр улсын тоонд манайх ч дээгүүр жагсдаг аж. 

Categories
мэдээ нийгэм

266 хүүхдийг 40 сая төгрөгөөр амраана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Эрхийн бичгээр урамшуулах тухай” А/480 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн  болон хүнд нөхцөлд амьдарч буй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг зусланд амруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор нийт 266 хүүхдийг нийслэлийн ногоон бүсийн хүүхдийн зусланд амраах эрхийн бичгээр урамшуулахаар боллоо. Хүүхдүүдийг зусланд амраахад шаардагдах 40.000.000 төгрөгийг Тамгын газрын холбогдох зардлаас гаргахыг Ё.Гэрэлчулуунд үүрэг болголоо. Зусланд амраах хүүхдүүдийн судалгааг гаргаж, зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэст даалгалаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Дорлигжавын Оюунбилэг: “Мөнгөн буйл”-ын Гочоо зааны дүр нь олны сэтгэлд илүү хоногшсон байдаг

Монголын тайз, дэлгэцийн урлагийн нэрт мастер Жанцангийн Дорлигжав агсны охин Оюунбилэгтэй ярилцлаа. Тэрээр нийслэлийн Баянзүрх дүүргийн 122 дугаар цэцэрлэгт багшаар ажилладаг нэгэн юм.  

-Танай аавыг мэдэхгүй хүн ховор. Ялангуяа “Мөнгөн буйл” киноны Гочоо заанаас аваад “Тууврын замд”, “Харуул занги”-ийн гол дүрүүдээр нь мэднэ. “Манай Доолио ч жинхэнэ авьяасын хүүдий байсан даа” гэж хэн хүнгүй дурсдаг? 


-Манай аав чинь мэргэжлийн сургууль соёл дүүргээгүй хүн. Гэвч байгалиасаа заяасан авьяастай нэгэн байжээ. Монголын ард түмэн аавд дэндүү хайртай байсныг миний бие алхам тутамдаа мэдэрдэг. Бид чинь эхээс гурвуулаа. Дээрээ нэг эгч, дороо нэг эрэгтэй дүүтэй, би дундах нь. Аавынхаа амины хайртай охин нь байв. Театрт ч, кино үйлдвэрт ч, хөдөө хээр ч ааваасаа салахгүй, үргэлж зүүгдээстэй явна. Дандаа л алиа хошин зүйл ярьж, олны инээдийг бардаг болоод ч тэр үү, “аав чинь гэртээ ингээд л марзганадаг уу” гэж хүмүүс асууна. Гэртээ онигоо юм уу, ямар нэгэн хошин зүйл яриад, инээд хөөр болох нь ховор. Харин орсон гарсан хүмүүсийг зүгээр өнгөрөөхгүй. Цаашлуулж, наашлуулж, ёжилж, элдэв хоёроор зовооно шүү дээ. Түүнд нь хүмүүс ч дуртайг нь яана. Өтгөн хар хөмсөг, ширүүн дориун харц нь нөлөөлдөгсөн үү, бусдад муухай ааштай хэдэр ёдор санагддаг байж магад. Гэвч уг хүн нь их зөөлөн. Маш уян. Юм л болбол уйлна. Аавынхаа хувь амьдралыг ярихад мэ­дээж олон зүйлийг хэлж болно л доо. Хийсэн үйлдэл, хэлсэн үг бүр нь санаа сэтгэлээс яахин гарах билээ. Манай хүн чинь (аавыгаа хэлж байна) өглөө эртээ босоод угаалгын өрөөнд бараг л “жил” болно доо. Шүдээ угаах гэж их удна. Адуун цагаан шүдтэй гэж манайхан ярьдаг даа, нэг чиг шүд нь өвчлөөгүй өнгөрсөн гээд бодохгүй юу. Өглөө бүр сахлаа авна. Тэгэхдээ ёс юм шиг “Мөнгөн цагаан хөлөг минь дүүлж явнаа хө

Мөнгөн цагаан хөлгөө бариад дуулж явнаа, би…” гэж ёс юм шиг дуулдаг сан. Тэр дуу зурагт, радиогоор явахад аавын минь сахлаа хусаад дуулж зогсоо нь нүднээ үзэгдэж, эрхгүй нулимс мэлмэрдэг юм.     

-Уугуул нутаг нь Баян­хонгор байх шүү?

-Тийм ээ, Баянхонгор аймгийн Баянбулаг суманд 1943 оны тавдугаар сарын 15-нд төрсөн байдаг. Ээж маань бас тавдугаар сарын 15-нд төрсөн. Хоёулаа хамт төрсөн өдрөө тэмдэглэнээ, тэр өдөр нь бас Дэлхийн гэр бүлийн баяр тохиодог юм. Манайхан ах дүүсээрээ цуглаж байгаад тэр өдрийг халуун дотноор тэмдэглэнэ. Ингэхэд аав дутуу төрсөн гэдэг. Ердөө нэг килограмм гаруйхан улаан цурав амьтан төрж эхийгээ зовоон, хүмүүст адлагдаж  байснаа хааяахан дурсдаг сан. Багынхаа хөгжилтэй хөөртэй дурсамжаасаа ярих нь яг л кино, жүжиг ярьж байгаа шиг гоё. Гэрт нь ирсэн хүмүүсийг төмөр цагаан орны хөлөөс бүснийх нь үзүүрээр уях, хормойг нь ширмэл ширдэгтэй оёж орхих гээд мөн ч зүггүй байсан юм билээ. Урлагийн хүн болох зам мөр нь цэргийн албанаас нь улбаатай. Улаанхуаранд алба хааж байхдаа цэргүүддээ онигоо ярьдаг, шүлэг уншдаг, бусдыг дуурайж элэглэдэг, бараг л жүжигчилсэн тоглолт үзүүлдэг байж. Цэргээс халагдан сумынхаа улаан буланд ажиллаж байгаад дараа нь аймгийнхаа соёлын төв рүү татагджээ. Тэнд байхдаа Э.Оюун гуай тэргүүтэй аваргуудын нүдэнд өртөж Улсын драмын театрын босгыг алхсан түүхтэй. Аав драмын театрын жүжигчин болсноор манайх хот руу нүүж байгаа юм. Тэр чинь далан таван он. Миний бие хоёр настай байж шүү.

-Кино зурганд болон Драмын театрт хамт очиж байсан дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Аавынхаа тоглосон жүж­гийн нээлт бүрийг ээж бид хэд очиж үздэг байлаа. “Найрын ширээний ууц”-аас аваад гадна дотны олон ч сонгодог жүжгүүд бий. Тэр бүгдэд теат­рын тусгай суудалд эрхэмсэгхэн залраад үздэг байсан минь ямар том хувь заяа вэ. Киноных нь нээлтийг бас очиж үзнээ. Гамингуудад баригдан нэхий дээлээ алдаж өвлийн хүйтэнд нүцгэн үлддэг киноны нэг хэсэг бий. Түүнийг нь үзчихээд “Миний аавын дээлийг өгөөч” гэж танхимаас орилж үзэгчдийг инээлгэж байснаа санадаг юм. Хүүхэд байсан болохоор кинонд нь бүр орчихсон хэрэг л дээ. Мягмарнаран гуай, Жарантав гуай, Нямсүрэн гуай, аав дөрөв Драмын театрт нэг өрөөнд байсан. Уран бүтээлийн нөхдөөс гадна хувь амьдрал дээр амь нэг явсан даа. Энэ хэд дээр “Говийн зэрэглээ”-гийн ангийн байцаагч буюу Цэвээнравдан ах, Цэрэнпагма, Цэрэндарьзав эгч нар нэмэгдэнэ. Гэр бүлээрээ цуглана, баахан л инээдэм, хөөр хөгжөөн болж, үр хүүхдүүд нь тусдаа тоглож, гэргий нар нь хоол унд бэлдээд, аав, Цэвээнравдан ах хоёр гол дүрд нь орчихсон бөөн шуугиан болно. Аз жаргалаар бялхаж, инээд баяслаар цалгилсан он жилүүд байж дээ. Мягмарнаран ах л өдгөө театрынхаа голомтыг сахиад үлдсэн байна.   

-Жүжиг киноныхоо дүрүүдийг хэрхэн бэлддэг байв. Тэр тухайд нь та юу хэлэх вэ?

-Жүжиг, киноны зохиол гэж албан газрын жилийн тайлан шиг нэвсийсэн зузаан материал бариад ороод ирнэ. Тэрхүү зохиолоос өөрийнхөө дүрийн үгийг цээжлэх нь мэдээж. Гэвч бусад шиг “мах”-аа идээд, улайран ноцолдоод, өдөр шөнөгүй уншаад өөрийгөө зовоогоод байхгүй. Бараг л өнөө зузаан цаасаа дэлгэж харсан болов уу гэж бодохоор. Харин тайзан дээр гараад ирэхээр хүн хүнээс илүү. Дүрдээ орж, дүрээ гаргаж, үзэгчдэд хүргэж буй байдал нь цаанаа л өөр. Заяагдмал авьяастай гэдэг нь л тэр байх. “Мөнгөн буйл” киноны Гочоо зааны дүр олны сэтгэлд илүүтэй хоногшсон байдаг. Ялангуяа 

“Азын тэнгэр байвал 

Ааваас бусдыг авна даа Гочоо минь дээ хө…” гэж жолоогоо мушгиад дуулаад явж буй дүр зураг, сумын наадамд очих гэж гурван дугуйтынх нь дугуй хагарч хөглөж байгаа хэсэг гээд “Мөнгөн буйл”-ын Гочоогийн дүр аавыг минь  олны хайртай жүжигчин болоход ихээхэн нөлөөлсөн болов уу. Хүмүүс Гочоогийн дүрийг нь онцлох гээд байдаг. Уг киноны зураг авалтад аав маш удаан явж билээ. Тэр хугацаанд нь бараг л бэтгэртлээ санасан юм даг. Харин “Тууврын замд” киноны зураг авалтад ээж бид хамт явсан. Архангайн Тамирын голын хөндийд зургийг нь авсан. Тайхар чулуу, Тамирын голын хөвөө сэтгэлд дотно байдаг маань тийм учиртай. “Тууврын замд” кинонд хүүхэн оролддог нэг хэсэг гардаг даа. Тэр зургийг авахад киноны хамт олон ээжийг дагуулаад “Нөхрийгөө хэрхэн яаж хүүхэн эргүүлж байгааг өөрийн биеэр хар” гэж үзүүлж байсан. Мөн “Ингэх гээд байсан юм” киноны зурганд Батсүмбэрийн тийшээ хамт явж байлаа. Яагаав, аав жолооч болдоггүй юу. Өнөө шалдан гурав чинь машиныг нь унаад зугтахад дугуй нь салаад давхичихдаг даа. Тэгэхэд аав “Миний машин, миний машин” гээд гүйдэг. Анхны тоглосон кино нь “Тэнгэрийн муухай арилдаг” байх шүү. Наяад оны эхээс ерээд оны эх хүртэлх арваад жилийн хугацаа бол аавын минь Монголын кино урлагт жинхэнэ мандаж байсан оргил үе нь байжээ.     

Наадам дөхөхөөр бас л бодогдоно. Бөх, моринд жигтэйхэн дуртай. Бөхийг бол гэртээ үзнэ. Харин морийг Яармагийн дэнж, Буянт-Ухаад очиж, ёстой л нөгөө тоосон дунд нь орж үздэг байлаа. Ерэн нэгэн онд байх аа,  Сүрэнхорын хээр азарга төрийн наадамд хол тасархай түрүүлж ирэхэд аав уйлаад. Наадамчдаас санаа зовж байгаа ч юм алга. Хүмүүс аавыг таниад бүрхчихсэн, аав дунд нь уйлаад байдаг. Маарын хээр, өөр ямар ямар ч билээ дээ, морьдыг айраг түрүү хүртэхэд аав уйлдаг сан. Тоглолтоор хөдөө гадаа явахдаа сумын наадам, багийн баяртай таардаг юм билээ. Уралдсан морьдыг нь харан баахан усан нүдэлж, унаач хүүхдүүдэд нь халаасан дахь мөнгөө бүгдийг нь тараагаад өгчихдөгийг найзууд нь хэлдэг байв. 

учлаарай, Дорлигжав гуайг их л залуухнаараа бурхан болсон гэдэг?

-Тавин гурван насандаа л өнгөрсөн. Уран бүтээлчийн ид жагсаж явах нас биз дээ. Аавтайгаа үргэлж хамт байх юм боддог байжээ. Гэнэт яваад өгөхөд нь хорвоо дэлхий хоосорчихсон юм шиг санагдаад хэцүү байсан. Багаас халуун өврөөс нь салдаггүй, хүзүүг нь тас тэврээд унтдаг байсан аавыгаа шөнө бүр зүүдэлдэг байлаа. Гэнэтийн цочролд орсон нь тэр л дээ. Ээждээ энэ тухай хэлэхээр ерөөсөө тоодоггүй байв. Эгч, дүү хоёр зүүдэллээ, саналаа гэж ярихгүй. Би гэдэг хүн л хэдэн сараар зүүдэлдэг юм. Тэгтэл нэг өглөө ээж “Бусад нь зүгээр л байна ш дээ. Чи яагаад зүүдлээд байгаа юм. Чи аавыгаа бодоод, шаналаад байгаа байхгүй юу. Бодохгүй бай л даа. Эгч, дүү хоёр чинь бодохгүй байж болоод л байна” гэж намайг загнадаг юм. Тэр үед би ээждээ маш их гомдож байсан. Ээждээ тэгж их гомдсон хэрнээ “Нээрээ л би аавыгаа арай дэндүү их бодоод, санаад, шаналаад, цөхрөөд байгаа юм байна” гэдгээ ухаарсан. Дараа нь эргээд бодоход ээжийн зөв байсан. Намайг ухааруулах гэж, амьдралын үнэнийг зориг гарган хэлжээ. Үхсэний араас үхдэггүй хорвоо гэдгийг ээж минь, үр наддаа ойлгуулсан хэрэг. 

-Ээждээ тэгж загнуулсны дараа зүүдлэх нь багассан уу?

-Ээжид тэгж загнуулаад, гомдсондоо асгартлаа уйлсны дараа зүүдлэх минь багасаад, амьдралын гашуун үнэнийг ойлгож, түүнтэй эвлэрч эхэлж байгаа юм. Ээж тэр үгийг надад ямар их зориг тэвчээр гаргаж хэлсэн бол. Аавыг өнгөрөх үед би нялх хүүхэдтэй байсныг ч хэлэх үү, ихэд турж эцэж, сэтгэл санааны гүн цочролд орсон байснаа хожим ухаарсан даа. Сүүлийн үед аавынхаа тухай бусадтай ингэж ярьж, сэтгэлээ онгойлгон уйлаагүй юм байна шүү. Миний дүү уучлаарай.(тэрээр ийн хэлээд хэсэг хугацаанд уйллаа) Он жил өнгөрөх бүрийд аавыгаа гайхамшигт авьяастай нэгэн байсныг улам бүр мэдрэх юм. Манай найзууд “Чи аавынхаа тоглосон киног үзээд уйлдаг уу” гэж асуудаг. Би уйлдаггүй. Харин ч бахарх­даг. Миний хүүхдүүд, миний дүүгийн хүүхдүүд өвөөгөө огт хараагүй хэрнээ киноноос хараад өвөөгөөрөө бахархдаг. “Мөнгөн буйл”, “Тууврын замд”, “Харуул занги” гараагүй наадам, цагаан сар гэж байхгүй. Тэр бүгдэд аавтайгаа хамт байгаа мэт сайхан бодол төрдөг. Цагаан сарын шинийн нэгэнд ээждээ золгоод, ах дүүсээрээ цуглачихсан жаргалтай гэгч байхад, аав минь цэнхэр дэлгэцээр Гочоо зааныхаа дүрээр бидэнтэйгээ уулзаж хамт байдаг даа. Ийм л сайхан хувь заяа бидэнд тохиосон. Аавыг минь хүмүүс гавьяат авах байсан гэдэг. Гэвч гавьяаттай гавьяатгүй болдог л байхгүй юу. Цэвээнравдан ах, Арслан буюу Доржсамбуу гуай бүгд л гавьяатгүй өнгөрсөн ч ард түмэн тэднийг дэндүү хайрладаг даа.   

-Танайхны хүүхдүүдээс өвөөгийнхөө авьяасыг өвлөсөн хүүхэд бий юу?

-Миний хүү Булган Санкт-Петербургийн урлагийн сур­гуулийг өнөө жил төгсөнө. Энэ сарын сүүлээр хонхны баяр нь болно. Бид гэр бүлээрээ явахаар зэхэж байна. Булган гэж төрсөн уулынхаа нэрээр аав минь миний хүүг нэрлэсэн. Яагаад ч юм Булганд илүү хайртай байж билээ. Хүү маань багаасаа Монголын хүүхдийн ордны дугуйланд явсан. Багадаа Жигжидийн Биндэр гуайн нэгэн кинонд тоглож байлаа. Өвөөгөө өнгөрөхөд дөрвөн настай байсан. Булганыгаа өөрийнх нь мэргэжлийг өвлөөд Санкт-Петербургийн их сургууль төгсч байгааг харсан бол гэж бодохоор сэтгэл хөндүүрлээд байдаг.    

Ярилцсан Н.ГАНТУЛГА 

Categories
мэдээ цаг-үе

Таван толгойн нүүрсний экспорт сэргэж эхэлжээ

-“Эрдэнэс Таван толгой” урд хөрш рүү хоногт 300-400 машин нүүрс тээвэрлэж байна-

Сүүлийн үед эрс унасан нүүрсний борлуулалт өнгөр­сөн сараас илт сэргэчихэж. “Эрдэнэс таван толгой”-н Баруун Цанхиас  гэхэд л тавдугаар сард 576 мянган тонн нүүрс урд хөрш рүү  тээвэр­лэжээ. Өнгөрсөн жилийн нэгдүгээр улиралд эдний компани ердөө 100 мянган тонн нүүрс борлуулж байсан бол он гараад эхний гурван сард нэг сая тонн нүүрс экспортолсон байна. 

Биднийг “Эрдэнэс таван толгой” дээр очиход баруун Цанхийн орд дээр олборлолт ид явагдаж байлаа. Өмнө нь очиход эл хуль байсан уурхайд аварга машин техник бужигнаж эхэлжээ.  Нүүрс ачсан машинууд тасралтгүй цувцгаана.  “Эрдэнэс таван толгой” компанийн ордоос өдөрт 300-400 машин тээ­вэр­лэлт хийж байгаа аж. “Баруун Цанхи дээр тээвэрлэлтийн машин дахиад ч хэрэгтэй байна” гэж уурхайн захирал Н.Ням­гэрэл ярилаа. Уул уур­­хайн салбарт 15 жил ажил­ласан ашиглалтын инженер энэ залуу өмнө нь уран, нүүрс, алтны ордуу­дад ажиллаж байж. Австралид мастер хам­гаалаад иржээ. Энэ жилээс уурхайн захирлаар ажиллаж эхэлжээ. 

“Эрдэнэс Таван толгой”-д тээвэрлэлтийн найман ком­пани ажилладаг юм бай­на. “Монголын үндэсний олборлогч”, “Хишиг арвин”, “Мера” компаниудын хамтар­сан “Монгол уурхайчин” нэгд­лийн олборлолт явуулж буй баруун Цанхиас 100 тонноос дээш даацтай машинд нүүрс ачиж байгаа гэнэ. Харин Зүүн Цанхиас буюу “Чалко”-гийн өрөнд өгдөг нүүрсийг 70 тоннын даацтай машинууд тээвэрлэдэг аж. Зүүн Цан­хийн нүүрсийг “Энержи ре­сурс”-ийн барьсан засмал замаар тээвэрлэдэг юм. Замын даа­цаас шалтгаалж ийм хязгаар тавьжээ. Одоогоор “Энержи ресурс”, жижиг Таван толгойн борлуулалт сайнгүй хэвээр учраас замын ачаалал бага байгаа аж. 

Н.Нямгэрэлийн хэлснээр баруун Цанхи дээр олбор­лолтыг нэмэгдүүлэхэд ямар ч асуудал байхгүй гэнэ.  Зүүн Цанхийн хувьд техникийн бэлэн байдал муу гэсэн шалтгаанаар асуудал гарч байгаа гэсэн тайлбар хэлэв. Олборлолт эрчимтэй явагдаж байгаа нь Баруун Цанхи юм байна. Олборлолтын зардал 25-30 ам.доллар орчимд хэлбэлзэж байгаа аж.  

Одоогоор “Эрдэнэс Таван толгой”-н  агуулахад 2.5 сая тонн нүүрс хадгалагдаж байгаа гэж уурхайн захирал онцлов.  Гаргахад бэлэн нөөц нь 1.5 сая тоннд хүрчээ. Он гарсаар олборлосон хоёр сая гаруй тонн нүүрснийхээ талыг нь борлуулсан гэсэн мэдээг бидэнд дуулгасан юм. 

Оны эцэс гэхэд 10-11 сая тонн нүүрс зарна гэсэн тооцоо гарчээ. Энэ оны төсөвт 30 гаруй сая тонн нүүрс зарж мөнгө олно гээд тусгачихсан гээд бодохоор эдний компани Монголын компаниудын экс­порт­­лох учиртай нүүрсний гуравны нэгийг нь л лав зарчих болол­той.

Шинэ мэдээ дуулгахад “Эрдэнэс Таван толгой” энэ долоо хоногт “Шинхуа”-д нүүрсээ зарж эхлэхээр болж. Ерөнхий сайдын урд хөршид хийсэн айлчлалын үеэр “Эрдэнэс Таван толгой”, “Энержи ресурс”, “Тавантолгой” компаниуд  хорин  жилийн хугацаанд нэг тэрбум хүртэлх тонн нүүрсийг “Шинхуа энержи” компанид нийлүүлэхээр тохиролцсон юм. Энэ тохиролцооны эхлэл болгож “Эрдэнэс-Тавантолгой”  “Шинхуа”-д энэ сард  450 мянган тонн нүүрс нийлүүлэхээр болсон билээ. Нэг тонн нүүрсийг “Цагаан хад”-ны нөхцөлөөр буюу 48.5 ам.доллараар нийлүүлэхээр тохиролцжээ. Тус компани одоогийн байдлаар  нэг тонн нүүрсийг уурхайн амны нөхцөлөөр 35 ам.доллар,  Цагаан хадны  нөхцөлөөр 48.5 доллар, Ганц модны нөхцөлөөр 57 ам.доллараар нүүрсээ худалдаж байгаа аж. “Шинхуа”-д тавдугаар сард нийлүүлэх нүүрсний  нийт төлбөр нь  21.8 сая доллар болж байгаа гэнэ. Энэ төлбөрийн 17.4 сая ам.доллар нь “Эрдэнэс Таван толгой”-н дансанд оржээ. Тус компанийнхан энэ наймааг “Шинхуа”-тай хийх худалдааны зөвхөн эхлэл нь хэмээн ярьж байв. Нүүрсний үнэ хэлбэлзэлтэй байгаа учраас цаашдаа сар бүр тохироод явахаар ярьжээ. 

“Эрдэнэс Таван толгой” он гарсаар “Шинхуа”-тай нийлээд урд хөршийн найман компанитай нийтдээ 4.25 сая тонн нүүрс нийлүүлэхээр тохиролцжээ. Нэг тонныг нь хамгийн багаар буюу 35 ам.доллараар зарна гэж бодоход ойрын үед 150-160 сая ам.долларын борлуулалтын орлого олох боломжтой гэсэн тооцоог компанийнхан гаргажээ. 

Н.Нямгэрэл “Нэг үеэ бодвол борлуулалт илт сэргэсэн учраас цаашдаа үйл ажиллагаагаа эрчимжүүлээд явах боломжтой болж байна” хэмээн ярив.

Баруун Цанхи дээр олборлолт явуулж байгаа үндэсний олборлогчид цалин цуух, төлбөр мөнгөө аваагүй гэсэн шалтгаанаар өнгөрсөн дөрөвдүгээр сард ажил хаясан ч одоо байдал хэвийн болсон гэнэ. Компанийн зүгээс төлбөрийнх нь ихэнхийг барагдуулж тохироо хийжээ.   

Таван толгойд олборлолт явуулдаг “Энержи ресурс”, “Эрдэнэс Таван толгой”, “Таван толгой” компаниуд “Шинхуа”-тай хамтарч хил хооронд төмөр зам барихаар тохирсон. Одоогоор 51 хувийг нь манай гурван компани, 49 хувийг нь “Шинхуа” эзэмших “Гашуунсухайтын төмөр зам” хамтарсан компани байгуулаад буй. Төмөр замын зураг төслийн ажил хийгдэж байгаа аж. Энэ сардаа багтаагаад бүтээн байгуулалтын ажлыг нь  эхэлчих байх гэсэн тайлбарыг “Эрдэнэс Таван толгой”-нхон өгч байв. Бүтээн байгуулалт нь эхэлчихвэл хагас жилийн дотор хил дамнасан 18 км төмөр зам баригдах нь. Төмөр зам ашиглалтад орсноор жилд 20 сая тонн нүүрс тээвэрлэх боломж нээгдэх юм. Ачааны машинаар хил дамнуулан тээвэрлэлт хийхэд 8-9 ам.долларын өртөг гардаг бол төмөр зам барьсны дараа тээвэрлэлтийн зардал 5-6 ам.доллараар буух боломжтой гэсэн тооцоо гарчээ. 

“Эрдэнэс таван толгой” нүүрсээ “Энержи ресурс”-ийн баяжуулах үйлдвэрт угааж илүү үнэ хүргэн зарна гэж төлөвлөөд ажиллаж байгаа. Одоогоор эцсийн шийдвэр гараагүй гэнэ. Хоёр талаас ижил хэмжээний нүүрс нийлүүлж хамтарч угаагаад Хятадын зах зээл дээр хамтран зарах гэрээний төсөл ТУЗ-ийнх нь түвшинд яригдаж эхэлжээ. Тус компани Японы “Нагата инженеринг” компанитай хамтран элс ашиглан хуурай аргаар нүүрс баяжуулах технологийг туршиж үзэхэд амжилттай болсон талаар салбарын яам нь мэдээлж байсан. Туршилтыг үргэлжлүүлэн хийж байгаа аж. Үйлдвэрээ барьтал “Энержи ресурс” компанийн баяжуулах үйлдвэрийг хамтран ашиглахаар төлөвлөөд байгаа гэнэ. 

Таван толгойн хоёр Цанхи ирэх аравдугаар сард нийлчих юм билээ. Зүүн Цанхи 80 метр,  Баруун Цанхи 50 метр гүнтэй байгаа юм байна. Хуулиараа ашигт малтмалыг бүрэн ашиглах үүрэгтэй учраас Таван толгойн орд дээр ажиллаж байгаа компаниудын эзэмшиж буй хэсэг энэ маягаар хоорондоо нийлэх бололтой. 

Зүүн Цанхиас нүүрс авдаг “Чалко”-гийн борлуулалт хүндэрч нүүрс авахаа хязгаарласан янзтай байгаа учраас манай улс өрөө бүрэн дарж дуусаагүй байна. Гэхдээ “Чалко”-гийн зүгээс Зүүн Цанхийн нүүрсийг өөр компаниудад борлуулж өрөө дарах боломж олгожээ. Өмнө нь ийм боломж олгодоггүй байж. Борлуулалт илт сэргэсэн учраас хоёр Цанхиасаа зэрэг олборлож өрөө дарж, ашиг олох боломжтой гэж тус компанийнхан ярьж байв. Уг нь “Чалко” компанитай хийсэн гэрээний дагуу бол “Ганц мод”-ны нөхцөлөөр Зүүн Цанхиас нүүрс нийлүүлэх үүргийг манай улс хүлээгээд байгаа юм. Одоо бол уурхайн амны, Ганц модны, Цагаан хадны гээд гурван нөхцөлийн алинаар нь ч нүүрсээ зарах боломж нээгджээ. “Эрдэнэс Таван толгой”-д  Өмнөговь аймгаас 120 гаруй, Цогтцэций сумаас жар гаруй хүн ажилладаг гэсэн статистикийг тус компанийн Захиргаа, хүний нөөцийн газрын дарга С.Ганболд хэлж байлаа. 

Дашрамд дурдахад Таван толгойн  ордоос хэдхэн километрийн зайд байрлах Өмнөговийн Цогтцэций сумынхны нэг өрхийн доод талын орлого гэхэд л 500-700 мянган төгрөг байдаг гэнэ. Дээшлээд гурван сая хүртэл орлоготой өрхүүд ч олон бий гэсэн. Гудамж талбайгаар нь хөлхөлдөх машины ихэнх нь жип, “Бродвэй”, “Модерн номадс” зэрэг том сүлжээнүүдийн салбар аль хэдийн нээгдсэн, дэлгүүр, бар, ресторан нэлээд хэд, төвд байрлах хоосон хашаа нэг өрөө байрны ханшаар үнэлэгдсэн гэж ирээд яривал уул уурхай дагасан Цогтцэцийгийн бусад сумаас ялгарах онцлог их. “Энержи ресурс”-ын ажилчдын хотхон гэхэд хажууханд нь нээгдсэн “Орчлон” сургууль, цэцэрлэг, үйлчилгээ энэ тэртэйгээ  нийлээд бараг хороолол болчихож. Цогтцэций муухан аймгийн төвөөс том сум болжээ. Сумын урагшаа коксын үйлдвэр байдаг юм билээ. Нүүрсний зах зээл оргил үедээ байх цагт компаниуд тэр үйлдвэрт нүүрсээ аваачаад коксжуулж дажгүй үнээр зарчихдаг байж. Харин одоо бол үйлдвэрийн ажил зогсчээ. Удахгүй бүтээн байгуулалтын ажил нь эхлэх төмөр замын бетон дэрний үйлдвэр байгуулагдаж байгаа гэж нутгийн иргэд олзуурхан ярьж байсан. Сонирхуулж хэлэхэд Цогтцэцийд  шилжин ирж буй хүмүүсийн тоо жил ирэх бүр нэмэгдэж байгаа гэж Засаг дарга нь онцолсон. Сумын иргэд жилд 17-18 хувиар өсч байгаа гэнэ. 

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ улс-төр

Ардчилсан хувьсгалын анхдагчдыг орон сууцтай болгох хуулийн төсөл санаачилжээ

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Х.Баттулга, Р.Бурмаа, Д.Ганбат, М.Зоригт нар Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт манлайлан оролцсон анхны зүтгэлтнүүдийн нийгмийн хамгааллыг дээшлүүлэх талаар хуулийн төсөл санаачилжээ. Хуулийн төсөлд Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдэд орон сууц олгох, эсвэл түүнтэй адилтгах хэмжээний мөнгөн тэтгэмжийг нэг удаа олгох талаар тусгасан байна. Орон сууц болон тэтгэмжийн хэмжээ, олгох журмыг баталж, 2015 онд багтаан зохион байгуулахаар оруулжээ. Уг хуулийн төсөлдөө санал авахаар өнөөдөр Засгийн газарт хүргүүлээд байгаа аж. 

Үндэсний эрх чөлөөний болон ардын хувьсгал, 1939, 1945 оны Халх голын байлдаан, чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдыг алдаршуулах, мөнгөн тэтгэмж, материаллаг урамшуулал олгох бодлогыг Монгол Улсын төр баримтлаж хэрэгжүүлсээр ирсэн. Тиймээс хуулийн төсөл санаачлагчид түүхэн уламжлал, дэлхийн бусад орны жишгийг харгалзан үзэж Ардчилсан хувьсгалд манлайлан оролцсон хүмүүсийн халамж, хамгааллыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзжээ. Анхдагчдын дийлэнх нь өдгөө амьжиргааны дундаж түвшнээс доогуур, нэн ядуу амьдралтай төдийгүй хөдөлмөр эрхлэх чадвар нь хязгаарлагдмал, 50-иас дээш насныхан голдуу байдаг аж. Өнөөгийн эрх зүйт ардчилсан, иргэний нийгмийн үндэс суурийг тавилцсан Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдийг алдаршуулах, төрөөс нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлэн, орон сууц болон түүнтэй адилтгах хэмжээний мөнгөн тэтгэмж олгох шаардлага зайлшгүй байгаа тул энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулжээ. 

Categories
мэдээ спорт

Месси гар барихаас татгалзсан хүүтэйгээ уулзжээ

Дэлхийн аваргын хэсгийн эхний тоглолтод Аргентин-Боснигийн баг талбайд гарахын өмнө Лионель Месси өөр рүү нь гараа сунгасан бяцхан хүүг анзааралгүй өнгөрсөн нь интернэт орчинд ихээхэн бухимдал, цухал төрүүлсэн юм. “Бяцхан хүүтэй гар барьчихад юу нь уначих гээд байдаг байна аа”, “Ямар их зантай юм бэ” гэх мэтээр Мессиг мөн ч их баалсан. Месси үүний хариуд “Би тэр хүүг хараагүй юм чинь яаж гар барих юм бэ” гэж хариулсан ч тусыг эс олсон байна.

Месси сүүлдээ хүүг олж очин, гар барьж, хамтдаа зургаа авахуулснаар олон хүний уур бухимдлыг намжаалаа.