Categories
мэдээ нийгэм

Хэвлэлийн хурал эхэллээ

 “Гоц авьяастай хүүхдийн сургууль” буюу нийслэлийн 93 дугаар сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Энхтүвшин хүүхдээ өмөөрч сурагчдаа гар хүрсэн талаар олон нийтэд мэдээлэл хүрсэн. Тэрбээр ёс зүйгүй үйлдлээ удаа дараа гаргаж байгаа талаар 93 дугаар сургуулийн багш, ажилчид мэдээлэл хийхээр болсон юм. Тус сургуулийн 30 багш, ажилчин яг одоо “Өдрийн сонин”-ы “Асуух эрхийн танхим”-д мэдээлэл хийж байна. 

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг татварын өршөөлийн тухай хуулийг дэмжихгүй гэв

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ. Харин УИХ дахь МАН-ын бүлэг уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжихгүй байгаа аж. Учир нь татварыг нэг удаа чөлөөлөх асуудалд МАН хатуу байр суурьтай байгаа. Өөрөөр хэлбэл, тэд татвараа үнэнч шударгаар төлж ирсэн иргэд хохирч, нуун дарагдуулж байсан хүмүүс өршөөгдөж байгаа нь шударга бус хэрэг болно гэж үзжээ.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслөөр Татварын нэг удаагийн чөлөөлөлтийн тухай хуулиар гадаадад хөрөнгө орлогоо нуун дарагдуулсан хүмүүст өршөөл үзүүлэхээр болсон гэх. Гэвч үндэслэлгүй хөрөнгөжсөн төрийн эрх мэдэлтнүүдийг дахин шалгахгүй, хэрэг үүсгэхгүй. Энэ талаар олон нийтэд мэдээлсэн иргэнийг таван сая төгрөгөөр, байгууллагыг 50 сая төгрөгөөр торгох гэсэн нь байж болшгүй заалт учраас МАН-ын бүлэг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэлээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Налайхчууд 4.9 сая төгрөгөөр наадам тэмдэглэнэ

Налайх дүүргийн баяр наадмыг ирэх сарын 3-5-ны өдрүүдэд зохион байгуулахаар тус дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар захирамж гаргалаа. Дүүргийн баяр наадмыг тэмдэглэх 4.987.000 төгрөгийн төсвийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг шийдвэрлэжээ. Мөн баяр наадмыг зохион байгуулах үндсэн болон салбар комиссуудын бүрэлдэхүүнийг баталж, дүүргийн Засаг даргын эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Д.Цогоо ахлуулах аж. 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нас барсан хүнийг шүүсэн шүүх ухаангүй, дээр нь хүнлэг биш харагдах юм

Монголын шүүх анх удаа нас барсан хүнийг шүүж, гэм буруутай гэж үзлээ. Монголчууд “Талийгаачийн нэрийг дурсаж ясыг нь өндөлзүүлэхгүй” гэдэг дээ. Тэгтэл Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхийн шүүгч Б.Батболор хуралдааны эхэнд шүүгдэгчдийн биеийн байцаалтыг уншихдаа “Шүүгдэгч Д.Амарсайхан… онд төрсөн. Газрын тосны газрын даргаар ажиллаж байсан. … хаягт эхнэр хоёр хүүхэдтэйгээ амьдардаг” гэж торохгүй уншив. Ядаж “байсан” гэдэг өнгөрсөн цагийн үг хэрэглэсэнгүй. Дараа нь улсын яллагч “Д.Амарсайхан нь Х.Анхбаярын 494 сая төгрөгийн үнэ бүхий орон сууцыг авч онц их хэмжээний хээл хахууль авсан гэм буруутай тул яллаж байна” гээд ялын тогтоол унших юм. Өмгөөлөгчдийн нэг нь арга ядахдаа “Эхлээд талийгаач Д.Амарсайхан агсны хэргийг тусгаарлах юм уу, хэрэгсэхгүй болгоод өгөөч. Дараа нь бусад шүүгдэгчдийн хэргийг хэлэлцье. Нас барсан хүнийг шүүж болдоггүй биз дээ” гэж учирласан ч шүүгчид чихнийхээ хажуугаар өнгөрөөсөн. Хоёр өдрийн турш үргэлжилсэн хуралдаан дээр ерөөсөө л “Д.Амарсайхан авлига авсан буруутай тул…” гэдэг асуудлыг хэлэлцлээ. “Өдрийн сонин” шүүх шударга байснаас ухаалаг байсан нь дээр гээд байгаагийн учир энэ. Өнөөдөр шүүх ийм л ухаангүй байна. Байтлаа талийгаачийн зургийг шүүгдэгчийн ширээн дээр тавьчихаад гэм бурууг нь хэлэлцэх шахав. Байсхийгээд л “Д.Амарсайхан нь…” гээд цоллоод байх ар гэрийнхэнд нь хүнд байгаа нь хуралдааны үеэр ажиглагдсан. Өндөр настай аав нь нулимс дуслуулан сууна билээ. Монголын шүүх ухаалаг байсан бол шүүх хуралдаанаас өмнө Д.Амарсайхан агсанд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох боломж байсан. Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т гэмт хэрэгт холбогдсон этгээд нас барсан бол эрүүгийн хэрэгт байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй гээд тодорхой заачихсан байгаа. Хэрвээ нас барсан хүнийг цагаатгахаар хандсан бол энэ заалт үйлчлэхгүй гээд тодорхой заасан. Ар гэрийнхэн нь талийгаачийг цагаатгах хүсэлт гаргасан бол л хэргийг шүүхээр хэлэлцэх боломж байсан.  Гэтэл ухаалаг биш шүүх нас барсан хүнийг шүүж, талийгаачийн өмнөөс өмгөөлөгч нь ярьж байгааг сонслоо. 

Шүүх ийм ухаангүй, дээр нь хүнлэг биш харагдах юм. Д.Амарсайхан агсанд холбогдох хавтаст хэрэгт түүнийг яллагдагчаар татсан тогтоол алга. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар сэжигтнийг яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдсэний дараа шүүхэд шилжүүлдэг. Шүүх гэм бурууг хэлэлцдэг. Гэтэл сэжигтнийг шүүхэд шилжүүлснээ улсын яллагч нь “Техникийн алдаа. Д.Амарсайханыг яллагдагчаар байцаасан” гэв. Талийгаач өндийгөөд “Тийм ээ, намайг яллагдагчаар байцаасан нь үнэн” гэхгүй нь харамсалтай хэрэг. 

Монголын шүүх ухаалаг байсан бол хүн бүр шударга шүүхийн өмнө тэгш эрхтэй байх Үндсэн хуулийн зүйл заалтыг мөрдөх байлаа. Д.Амарсайхан агсныг шоронд хорих, батлан даалтад гаргахгүй байх шийдвэрийг Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүх гаргасан. Үр дүнд нь тэрээр шоронд амиа алдсан. Гэтэл яг тэр шүүх хэргийг нь хэлэлцэж ашиг сонирхлын зөрчилтэйгээ харууллаа. “Хэрвээ Д.Амарсайхан агсан гэм буруугүй нь тогтоогдвол, түүнийг шоронд хорих шийдвэр гаргасан шүүгчид буруудна. Улмаар эрүүгийн хариуцлага ч хүлээж мэднэ. Тиймээс өөрсдөө хариуцлага хүлээхгүйн тулд Д.Амарсайхан агсныг гэм буруутайд тооцож, ял оноох нь. Шүүхийн ерөнхий зөвлөл, хүний эрхийн төлөөх байгууллагууд үүнд анхаараач” гэж “Өдрийн сонин” бичиж байсан. Ийм ашиг сонирхлын зөрчил байхад шударга шүүх ярихын ч хэрэггүй. Яг энэ ёсоор ашиг сонирхлын зөрчилтэй Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүх Д.Амарсайхан агсан, Х.Анхбаяр, Н.Отгонболд, Ц.Чандмань нарыг шүүсэн. Өмгөөлөгчид нь ч хуралдааны турш  “Та нарыг шударга шүүнэ гэдэгт эргэлзэж байна” гэж тоть шиг давтсан. Ашиг сонирхлын зөрчилтэй шүүх Д.Амарсайхан агсныг орон сууц хээл хахуульд авсан гэж шийдвэрлэсэн ч нас барсан тул хэргийг нь хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргалаа. Харин Х.Анхбаярыг түүнд авлига өгсөн гэж гурван жил хорих ял оноолоо. Харин авлигын гэх байрны эзэн Ц.Чандмань, тэдний дунд зуучилсан гэх Н.Отгонболд нарын хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тэгсэн атлаа Ц.Чандманийн нэр дээр байдаг, түүний өмч болох орон сууцыг улсын өмч болгох шийдвэр гаргалаа. Гэм буруугүй нь тогтоогдсон хүний өмчийг хурааж авах шийдвэр гаргасан нь хачирхалтай. Ц.Чандманийг буруугүй гэж үзэж байгаа нь түүний нэр дээр байдаг орон сууц авлигынх биш, харин өөрийнх нь өмч мөн гэдэгтэй агаар нэг. Жил шахам шалгагдаад гэм буруугүй гэдгээ шүүхээр тогтоолгосон Ц.Чандмань одоо 494 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөө хаанаас олж авах вэ. Үнэхээр түүний өмч болох орон сууц авлигынх юм бол авсан, өгсөн, зуучилсан бүгд шийтгэл хүлээх хуультай. Гэтэл нэг талыг гэм буруугүйд тооцож байгаа нь ерөөсөө л авлигын хэрэг биш гэдгийг илтгэж байгааг хуульчид ярьж байна. Ёстой л “Ичсэн хүн хүн ална” гэдэг шиг, ашиг сонирхлын зөрчилтэй шүүгчид уснаас хуурай гарахын тулд өөр нэг хүнд ял тулгаж, амьдралаар нь тоглоод байх шиг. 

Шүүхийн шинэчлэл яриад олон жил боллоо. Гэвч шинэтгэл хийгдэж байгаа нь мэдэгдэхгүй байна. Энэ талаар өнгөрсөн пүрэв гаригийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд Ч.Хүрэлбаатар гишүүн “Эрх зүйн шинэчлэл хийнэ л гээд байдаг. Гэм буруутай нь тогтоогдоогүй хүн шоронд үхэж байна. Үхсэн хүнийг шүүж байна. Энэ чинь тэгээд шинэчлэл юм уу. 1937 онд хүн хэлмэгдүүлээд буудаж алдчихаад ял өгч байсан тохиолдол олон байдаг юм гэнэ лээ. Тэр жишиг рүү орж байгаа юм уу” гэж хэлсэн. Түүний хэлсэн үгийг үнэн гэдгийг олон хүн хэлж байна. 

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Categories
мэдээ улс-төр

Н.Батбаяр сайдыг АГТ-т өгсөн гэв

 “Их Монгол нэгдэл” ТББ-аас дөнгөж сая хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Тэд Н.Батбаяр сайдыг АТГ-т өгсөн тухайгаа мэдээлсэн юм. Хэвлэлийн хурал зарлагсдын өгсөн мэдээллээр бол Замын-Үүдийн хилийн боомт чиглэлд 26 тэрбумаар зам бариулахаар судлуулсан ажлын төсөвт өртгийг 33 тэрбум болгон зардал нэмүүлсэн нь хууль бус хэмээсэн юм. 

Мэдээллийн үнэн худал нь тодорхойгүй ч ямартаа ч Н.Батбаяр сайдыг АТГ-т шалгуулахаар өгсөн бололтой.

Categories
мэдээ нийгэм

“Олимп” цогцолборын шавыг тавьжээ

Хэнтий аймгийн Чингэс хотод “Олимп” цогцолборын шавыг тавьжээ. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр баригдах “Олимп” цогцолборт хөл бөмбөг, хоккей, гар болон сагсан бөмбөгийн талбайнуудыг дэлхийн стандартын дагуу иж бүрнээр барьж байгуулах аж. Цогцолборын зураг төслийг “Тоонто гранд” ХХК хийсэн бол гүйцэтгэгчээр “Тулга констракшн” шалгаран ажлаа эхлүүлсэн аж.

Б.УРАНЧИМЭГ

Categories
гадаад мэдээ

Ховор маркийг 9.5 сая ам.доллараар худалджээ

Нью-Йорк хотноо болсон дуудлага худалдаагаар маш ховор маркийг 9.5 сая ам.доллараар худалдсан байна. 1856 онд хэвлэсэн марк нь ердөө ганцхан хувь байдаг аж. Түүнийг Их Британийн колони байсан Гайана улсад хэвлэсэн бөгөөд цагтаа ердөө нэг центийн үнэтэй байсан гэнэ. Их Британийн хатан хааны гэр бүл маркны цуглуулагатай. Харин Нью-Йоркын дуудлага худалдаагаар зарагдсан энэ марк нь хатан хааны маркийн цуглуулагад ч байдаггүй аж. 

Categories
мэдээ улс-төр

Г.Буяндорж нарт холбогдох хэрэг шүүхэд шилжлээ

1999 оноос эхлэн Г.Буяндоржид залилуулчихлаа, дээрэмдүүлчихлээ гэсэн мэдээлэл тасрахгүй явсаар өнөөдрийг хүрэв. “Олон хавар нэгэндээ” гэгчээр Г.Буяндорж бусдыг залилан онц их хэмжээний хохирол учруулсан, хуурамч бичиг баримт  бүрдүүлсэн, бусдыг онц ноцтой хэрэгт гүтгэсэн гэх зүйл ангиудаар ял төлөвлөөд байгаа аж. Тэрээр урьд нь бусдыг залилан онц хэмжээний хохирол учруулсан, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, авлига өгсөн  гэх мэт хэргүүдээр шүүхэд дууддагдсан ч “Өршөөлийн хууль”-д хамрагдаж байжээ.

Хоёр ч удаа “Өршөөлийн хуульд хамрагдаж, хэрэг нь хэрэгсэхгүй болж байсан Г.Буяндоржийн холбогдох хэрэгт Д.Батжаргал, Хурцаа, Ч.Ууганбаяр, Г.Дамдиндорж, С.Баттулга зэрэг хүмүүс холбогдон яллагдагчаар татагдсан байна. Бусдад учруулсан хохирлын хэмжээ нь хэдэн тэрбумаар яригдаж байгаа аж. Эрүүгийн хуулийн 248.4-т зааснаар түүнд ял төлөвлөсөн бөгөөд арав хүртэл жилийн хорих ял оноох магадлалтай юм байна.

Categories
мэдээ улс-төр

Газрын тосны хуулийг эсэргүүцэж байгаа гэв

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун өнөөдөр Газрын тосны тухай хуулийн талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр Газрын тосны хуулийн төслийн ажлын хэсгийг  нэг жилийн хугацаанд ахлан ажиллаж, УИХ-аар батлуулах мөчид гишүүдийн олонхийн дэмжлэг авч чадаагүй. Гэтэл Засгийн газраас Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дахин өргөн барьсан. Шинээр өргөн барьсан хуулийн төслийг өчигдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн билээ.

Шинээр өргөн барьсан хуулийн төсөл нь Монгол Улсад ашиггүй, өмнөх хуулинд байсан чухал заалтуудыг авч хаясан хэмээн шүүмжилллээ. Тухайлбал, унасан хуулийн төсөлд  Монгол Улсын эзэмших хувь нь 50 хүртэл хув болох, төлбөрийг зөвхөн Монгол Улсын банкаар дамжуулах зэрэг олон чухал заалтуудыг оруулж ирсэн байсан ч шинэ хуулинд тусгаагүй байна. УИХ-ын чуулганы хуралдааны үеэр гишүүд газрын тосны төлбөрийг Монгол Улсын банкаар дамжуулах нь зүйтэй гэж байсан боловч эсэргээрээ орж ирсэн байна гэлээ.

Мөн тэрээр “Газрын тос олборлодог дэлхийн бусад орнуудын тухайн улсын эзэмших хувь нь 70 хувь хүртэл байдаг. Гэтэл манай улсад 24-хөн хувь байгаа нь харамсалтай. Түүгээр зогсохгүй газар нутаг, тэр том тал нутгийг сүйтгэснийхээ төлөө 24 хувийн ашгийг Монгол Улсад өгдөг. Бид энэ байдлыг өөрчлөе гэж байсан ч шинэ хуулиар ийм зүйл орж ирээгүй байна. Шинэ хуульд газрын тосны ашгийн хувь  хэмжээг тухайн Засгийн газар нь тогтооно гэсэн байна. Уг нь тодоохой хувь хэмжээ заах ёстой байсан. Энэ мэт олон эсэргүүцэж шалтгаан шинэ хуулинд байна” гэсэн юм.

Categories
мэдээ улс-төр

Төрийн өмчийг хувьчлах төслийг өргөн барив

УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр /2014.06.18/ Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Төрийн өмчийг 2014-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл өргөн барилаа.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дэх хэсэгт зааснаар Улсын Их Хурал бүрэн эрхийн дагуу төрийн өмчийг хувьчлах үндсэн чиглэл, хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалтыг батлах бөгөөд нийт 22 төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийг хувьчлах, өөрчлөн байгуулахаар Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тусгажээ.

Төрийн өмчит хуулийн этгээдүүдийн хувьчлалыг “төрийн эзэмшлийн хувийг бүрэн хувьчлах”, “төрийн эзэмшлийн хувийг бууруулах” гэсэн хоёр ангилалд хуваасан бөгөөд хувьчлалыг хийхдээ зах зээлийн тааламжит нөхцөл бий болсон, хөрөнгийн зах зээл дээр хүлээн авах чадамж бүрдсэн, хувьчлалын бэлтгэл ажил бүрэн хийгдэж дууссан үед гүйцэтгэхээр тогтоолын төслийг боловсруулсан тухайгаа Монгол Улсын Ерөнхий сайд танилцуулав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.