Categories
мэдээ улс-төр

Д.Эрдэнэбат: Би хууль дээрэмдэгч биш

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Уг хуулийн төслийг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат энэ сарын 13-нд өргөн мэдүүлсэн юм. Хууль санаачлагч төслийнхөө талаар танилцуулсны дараа гишүүд асуулт тавьж, хариулт авав. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Ордон дотор тамхи татдаг хэдхэн эрэгтэй гишүүний эрх ашгийг бодож тамхины цэг байгуулах төсвийг батлах уу” гэж асуулаа. Түүний асуултад УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Хуульд оруулж ирэх гээд байгаа нэмэлт, өөрчлөлт нь хэн нэг тамхи татдаг хүний эрх ашгийг хамгаалах тухай асуудал биш хууль өөрөө дархлаагүй болох гээд байгаа тул уг хуулийг хамгаалахад чиглэгдэж байгаа юм. Хуулийн цоорхойгоор зөрчилдөөд байгаа олон асуудал байна, тэдгээрийг шийдэх хэрэгтэй гэсэн санаа” гэв. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Миний санаачилсан хуулийг унагачихаад тамхины цэг байгуулах гэсэн хууль оруулж  ирлээ. АН-ын бүлгийн дарга хууль дээрэмдэгч болоод байна уу” гэхэд Д.Эрдэнэбат “Би хууль дээрэмдэгч биш. Таныг дэмжиж гарын үсэг зурж байсан. Таны өргөн барьсан хуулийн төсөл нэгэнт унасан тул би УИХ-ын хуралдаан дээр хуулийг дахин өргөн барина гэдгээ хэлж байсан. Тамхины цэг байгуулах гэдэг дээр нь” гэж хариулав.

Categories
мэдээ нийгэм

Орон сууц захиалагчдын хохирогчид нэгдэнэ

-Барилгын компаниудад залилуулсан иргэд холбоонд нэгдэнэ-


Барилгын компаниудын барьж, ашиглалтад оруулж буй орон сууцны чанар болоод м/кв-ын зөрүүтэй холбоотой гомдол тасрахаа больсон. Энэ асуудлаар өнөөдөр барилгын компаниудаас болж хохирсон иргэдийн төлөөлөл “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийсэн юм.

Барилгын компаниуд иргэдэд худалдаж буй орон сууцныхаа м/кв-аас дутааж, худалдаж байгаа талаарх гомдлыг иргэд өнгөрсөн жилээс  хойш их гаргах болсон юм.   Тиймээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар 2013 оны арванхоёрдугаар сараас хойш 50 орчим барилгын компанид хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар 560 гаруй иргэний орон сууцны м/кв-аас 4-20 метр талбайг дутаасан буюу гурав орчим тэрбум төгрөгийн хохирол учруулсаныг тогтоож, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хариуцлага тооцохоор торгууль ногдуулж буй. Мөн үүн дээр барилгын чанарын асуудал нэмэгдэх юм.

Тэгвэл энэ бүх хугацаанд барилгын компаниудын чанаргүй барилга, иргэдийг м/кв-ын зөрүүгээр мэхэлдэг байдалтай тэмцэхээр холбоо байгуулах тухай өнөөдрийн хурлаар онцоллоо.  Орон сууц захиалагчдын хохирогчдын холбоонд одоогоор дээрх байдлаар хохирсон 11 иргэн нэгдэхээ илэрхийлээд байгаа талаар тус холбоог үүсгэн байгуулагч Ч.Пүрэвзана хэлсэн юм.

Эдгээр 11 иргэний хувьд янз бүрийн байдлаар хохирч үлдсэн гэх бөгөөд нарийн шалгаж үзэхэд иргэдэд гэрээнд зааснаас дутуу м/кв-тай байр зарсан,  ашиглалтад өгөөд удаагүй байр нь хана, таазнаасаа цууралт өгсөн зэрэг зөрчил илэрч, иргэдийг хохироосоор байгаа ажээ. Тиймээс урьд нь хохирсон иргэд ганцаараа хохирлоо барагдуулахаар хөөцөлдөж, үр дүнд хүрдэггүй байсныг өөрчлөх хэрэгтэй болсныг хурлаар онцолж, хохирогчдыг нэгтгэн хамтдаа тэмцэхээр болсон байна. Одоогоор уг холбоог байгуулах эрх зүйн баримт бичгийг бүрдүүлэн холбогдох шатны байгууллагуудад хандсан бөгөөд барилгын компаниудад залилуулсан иргэдийг холбоондоо элсэхийг уриалж буй. Холбоог байгуулж, хүмүүсийг эгнээндээ нэгтгэсний дараа чухам аль компани хэдий хэмжээгээр хэдэн иргэнийг хохироосныг нарийн тогтоож, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон тухайн барилгын компанид мэдэгдэх юм байна. Хэрвээ энэ нь үр дүнд хүрэхгүй бол цаашлаад хууль, хяналтын байгууллагуудад хандаж, шаардлагатай бол жагсаал хийнэ  гэдгээ өнөөдрийн хурлаар мэдэгдлээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Сүхбаатар дүүргийн иргэд авьяасаа сорилоо

 

Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулсан “Бид Сүхбаатарчууд” иргэдийн урлагийн наадам Хүүхдийн урлан бүтээх төвд боллоо. Уг урлагийн наадамд Сүхбаатар дүүргийн 20 хорооны 18-аас дээш насны  78 иргэн оролцсон юм. Тэд язгуур урлаг, хөгжим, зохиолын болон орчин үеийн дуу, бүжиг гэсэн дөрвөн төрлөөр авьяас чадвараа сорилоо. Дүүргийн иргэдийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор уг уралдааныг зохион байгуулжээ. 

М.УНДРАЛ

Categories
гадаад мэдээ

Хятадад зэвсгийн агуулах дэлбэрчээ

БНХАУ-ын Хунань мужийн  Хэньян хотын зэвсгийн агуулахад дэлбэрэлт болсны улмаас 17 хүн амь үрэгдсэн байна. Хятадын зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар зэвсэг хурааж байхад дэлбэрэлт болжээ. Агуулах тэр чигээрээ галд автсан бөгөөд нас барагсад бүгд цэргийн албан хаагчид гэнэ. Аз болоход жирийн иргэд үүнд өртөөгүй хэмээн Хятадын эх сурвалжууд мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

Азийн шинжлэх ухааны паркуудын холбооны удирдлагуудын уулзалт-2014 болно

Азийн шинжлэх ухааны паркуудын холбооны удирдлагын уулзалт энэ сарын  19-нөөс 21 хүртэл Мэдээллийн технологийн үндэсний паркт болох гэнэ. МТҮП  2012 онд Азийн шинжлэх ухааны паркуудын холбооны гишүүн байгууллага болжээ. МТҮП нь  холбооны бусад гишүүн байгууллагуудтай харилцан туршлага солилцох, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, Азийн шилдэг паркуудын  хөгжлийн загварыг нэвтрүүлэх,  ОУ-ын арга хэмжээнд оролцох боломж нээгдэнэ хэмээн тус паркийнхан найдаж байна.  Тус холбоо нь  жил бүр гишүүн байгууллагын удирдлагуудын уулзалтыг зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд энэ жилийн удирдлагуудын уулзалт анх удаа Улаанбаатарт зохион байгуулагдах гэж байна.   Уулзалтанд  Япон, Солонгос, Турк, Вьетнам зэрэг орнуудын 30 гаруй төлөөлөгч, Монголоос 10 гаруй аж ахуйн нэгж, компанийн удирдлага, төрийн болон төрийн бус байгууллага, их дээд сургуулиас 30 гаруй төлөөлөгч оролцох бөгөөд нийт 80 орчим төлөөлөгч хамрагдана.  Тус уулзалтанд нийт 5 илтгэл тавигдаж хэлэлцүүлэгдэх бөгөөд БНСУ, Тайвань, Япон зэрэг орнууд өөрсдийн паркын шилдэг туршлагын талаар тус бүр нэг илтгэл, Монгол талаас хоёр илтгэл тавигдана.  Арга хэмжээ удирдлагуудын болон бизнесийн уулзалт гэсэн хоёр хэсэгт хуваагдах аж.   Удирдлагуудын уулзалтаар: “Шинжлэх ухааны паркуудын шилдэг туршлага” сэдвийн дор илтгэл хэлэлцүүлэг явагдана. Уулзалтаар хамтрагч байгууллагын хамтын ажиллагааг бататган бэхжүүлж, АСПА-ийн гишүүн байгууллагуудтай хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар харилцан зөвшилцөх төдийгүй Монгол улсад шинжлэх ухааны парк байгуулахад тулгарч буй бэрхшээл,  хэрхэн шийдвэрлэх  тал дээр зөвлөгөө өгч, туршлага солилцох юм.

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Хон Мён Бо: Оросууд ядарна гэдгийг тооцоолсон

“Н”
хэсгийн хоёр дахь тоглолтод  Өмнөд
Солонгосын баг оросуудтай тэнцсний дараа тус багийн ахлах дасгалжуулагч Хон Мён
Бо “юуны өмнө багийнхаа гишүүдэд баяр хүргэе. Тэд тоглолтын өмнө хэлж тохирсон
үүрэг, тактикаа ягштал биелүүллээ. Оросын төвийн хамгаалагчид хөгшин учраас
хоёрдугаар үе гэхэд ядарна. Тийм учраас эхний үед тэднийг аль болхоор их
хөдөлгөх хэрэгтэй гэсэн үүрэг даалгавартай байсан. Тэднийг цуцсан үед нь Ли Күн
Хог талбайд гаргасан.Тэр ч ажлаа сайн хийж гоол орууллаа” хэмээн хэвлэлийн
хурал дээр хэлэв.

Categories
гадаад мэдээ

Хятад Их Британитай 24 тэрбум ам.долларын гэрээ үзэглэв

Хятадын Ерөнхий сайд Ли Кэцян гурван өдрийн албан ёсны айлчлалаар Их Британид ирээд буй юм. Ли Кэцяний Лондон дахь айлчлалын үеэр Хятад, Их Британийн эрчим хүч, санхүүгийн салбарынхан нийт 24 тэрбум ам.долларын гэрээ байгуулсан байна. Үүнд: Их Британийн газрын тосны “British Petroleum” компани Хятадын газрын тосны улсын компани (CNOOC)-нд 2019 оноос 20 жилийн хугацаатай шахсан байгалийн хий нийлүүлэх 20 орчим тэрбум ам.долларын гэрээ үзэглэжээ. Түүнчлэн эрчим хүч, нефть  химийн “Shell” групп (CNOOC) компанитай стратегийн харилцаа холбоогоо хүчирхэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан байна. Мөн Лондонгийн хөрөнгийн бирж Хятадын хоёр том банктай юанийн оффшор худалдааг дэмжих гэрээ байгуулжээ. Их Британи нь Европын холбоон дахь Хятадын гурав дахь том худалдааны хамтрагч бөгөөд хоёр орны худалдааны эргэлт өнгөрсөн онд 70 тэрбум ам.долларт хүрсэн аж.

Хятадын Ерөнхий сайд айлчлалынхаа үеэр Их Британийн Засгийн газрын тэргүүн Дэвид Камеронтой хоёр орны дипломат, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхээр хэлэлцэж, Хятад улсын талаарх буруу ойлголт, болгоомжлолыг залруулахыг зорьж буй юм.

Categories
мэдээ улс-төр

Тамхи татах тусгай цэг байгуулахыг дэмжсэнгүй

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн ч гишүүдийн олонхи дэмжээгүй тул хуулийн төсөл уналаа. Гэхдээ уг хуулийн төслийг буцаах эсэхийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байж эцсийн шийдвэр гарна.

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат санаачилсан юм. Хуулийн төсөлд тамхи татах тусгай цэг байгуулахаар зааж өгсөн. Учир нь өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар тамхи татах тусгай цэг байгуулахыг хуулиар зохицуулж өгөөгүй. Үүнээс болж олон сөрөг үр дагавар бий болж буй тул олон улсад мөрдөгддөг жишгийн дагуу тамхи татах цэг байгуулахыг хуулийн хүрээнд зохицуулалттай болгож өгөх нь зөв хэмээн үзсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Зөвшөөрлийн тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд олонхийн саналаар “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Ингэснээр хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.

Төсөлд зөвшөөрлийг Онцгой зөвшөөрөл, Тусгай зөвшөөрөл, Энгийн зөвшөөрөл хэмээн гурав ангилсан байна. Онцгой зөвшөөрлийг 30 хоногт багтаан, Тусгай зөвшөөрлийг 14 хоногт багтаан, Энгийн зөвшөөрлийг долоо хоногт багтаан олгохоор зааж өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Сурагчдаа зодож, ажилчдаа хална гэж сүрдүүлдэг захирлын тухай баримтыг дэлгэлээ

“Өдрийн сонин”-ны Асуух эрхийн танхимд дөнгөж сая “Гоц авъяастай хүүхдийн” буюу 93 дугаар дунд сургуулийн 30 гаруй багш, ажилчид хэвлэлийн бага хурал хийлгэв. Тус сургуулийн багш ажилчдын мэдээлж буйгаар 2013 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр Т.Энхтүвшинг захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ. Томилгоог Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо хийсэн бөгөөд томилогдсон өдрөөсөө хойш Т.Энхтүвшин захирал зан харилцааны доголдлуудыг удаа дараа гаргах болсон гэнэ.

Тухайлбал, тус сургуулийн үйлдвэрчний хорооны гишүүн С.Алтанчулуун ийн өгүүллээ. Тэрээр “Т.Энхтүвшин багш захирлын сонгон шалгаруулалтад ороогүй, хууль, журмын наад захын шаардлага хангахгүй хүн. Гэнэт л дүүргийн Засаг даргын томилгоогоор үүрэг гүйцэтгэгчээр хүрээд ирсэн. Захирал болсноосоо хойш сургууль дотор цайны газар, спорт заал түрээслүүлэн ашиг хонжоо хайх болсон. Тэрчлэн сурагчдын хандивын мөнгийг өөрийн мэдлийн болгодог. Одоогийн байдлаар 20 гаруй сая төгрөгийг өөрийн болгосон. Энэ алдааг нь хэлэхээр багш ажилчдаа хална гэж сүрдүүлж, дарамталдаг болсон. Одоогийн байдлаар хоёр багшийг албан ёсоор, найман багшийг аман байдлаар халчихаад байна. Халагдсан хоёр багш маань шүүхээр заргалдаад захирлын буруу болсон. Тэгээд эргээд сургуульдаа иртэл саяхан дахиад л халчихлаа. Харин өөрөө дур мэдэн ямар ч шалгуургүйгээр гурван хүнийг шинээр ажилд аваад байгаа” хэмээн өгүүлсэн юм.   

 Харин тус сургуулийн Хөдөлмөрийн багш П.Хувьзаяа “Манай захирлын үүргийг гүйцэтгэгч Т.Энхтүвшин өөрийн хүүгээ өмөөрч гуравдугаар ангийн хоёр ч сурагчийг алгадаж, зодсон байна. Бичлэг нь сургуулийн хяналтын камерт үлдсэнийг бид баримт болгож аваад байгаа. Тиймээс бид ёс зүйн талаас нь Нийслэлийн болровсролын газар, Боловсрол, шинжлэх ухааны яам, Э.Бат-Үүл даргад хүртэл бичиг явуулаад  жил гаруйн хугацаанд ямар ч хариу ирсэнгүй” хэмээн мэдээллээ.

Тухайн багш нар хэвлэлийнхэнд хандах болсон нь ганцхан зорилготой гэнэ. Тэр нь нийт багш ажилчдаа ойлгодог, хувийн харилцааны соёлтой, хэн нэгнийг ялгаварлан гадуурхдаггүй байх аж. “Ийм хэм хэмжээний шалгуураар захирлын сонгон шалгаруулалтыг дахин явуулж өгөөч ээ” хэмээн хүсч байлаа. 

Багш П.Хувьзаяа

Багш С.Алтанчулуун