Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Нидерландыг баг Австралийг хожлоо

Хөл бөмбөгийн ДАШТ-ий В хэсгийн хүрээнд Нидерландын шигшээ баг хоёрдугаар тойргийн тоглолтоо Австралийн шигшээ багтай хийн 3:2 харьцаатай ялалт байгууллаа. Тоглолтын эхнээс Австралийн шигшээ бөмбөг барилт сайн хийж байсан ч тоглолтын эхний гоолыг 20 дахь минутад Нидерландын шигшээ багийн довтлогч Роббен гоол оруулсан.  Энэ гоолоос нэг минутын дараа Австралийн шигшээ багийн хагас хамгаалагч МкГоуэний дамжуулалтыг Тим Кэхил буулгалгүй солгой хөлөөрөө цохин тооны харьцааг 1:1 болгож тэнцүүлсэн юм. Ийнхүү тоглолтын эхний үе Австралийн шигшээ багийн давамгай байдлаар өндөрлөсөн билээ.  Тоглолтын сүүлийн хагаст хийсэн эхний гоол ч Австралийнх байв.  Дараагийн гоолыг Нидерландын багийн  Ван Перси хийсэн юм. Хожлыг гоолыг  сэлгээгээр гарч ирсан Мемфис Депай  тоглолтын 68 дахь минутад 25 орчим метрээс алсын цохилтоор хийсэн билээ. 

Categories
мэдээ нийгэм

Тэргүүн мэргэнийг найман сая төгрөгөөр шагнана

Үндэсний сурын харваачдын төсвөөс олгох бай, шагналын жишиг хэмжээг эрийн гурван
наадмын бөх, уяачдын шагналтай дүйцүүлэн нэмлээ. Үндэсний
сурын харваачдад олгох шагналын хэмжээг үндэсний бөх, хурдан морины бай,
шагналаас илт бага хэмжээгээр тогтоосныг өөрчилж, “Жишиг хэмжээ шинэчлэн
тогтоох тухай” Засгийн газрын 2010 оны 271 дүгээр тогтоолын хавсралтаар
баталсан Үндэсний их баяр наадамд амжилт үзүүлсэн харваачдад төсвөөс олгох бай,
шагналын жишиг хэмжээг нэг дахин, байрны тоог хоёроор нэмэгдүүлж, таван байранд
шагнал олгохоор өөрчлөлт оруулжээ.
Нэгдүгээр  байр найман сая, хоёрдугаар байр зургаан сая, гуравдугаар байр дөрвөн сая,
дөрөвдүгээр байр хоёр сая, тавдугаар байр нэг сая таван зуун мянган төгрөг
болжээ. Харваачдад олгох шагналын хэмжээ өөрчлөгдсөнтэй холбогдуулан 25
сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Ч.Улаанд
зөвшөөрчээ.

 

Categories
мэдээ улс-төр

Чуулганаар өнөөдөр ийм асуудлууд хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцэхээр баталжээ.

09.00 цагаас:

1. Шилэн
дансны тухай
тухай болон холбогдох бусад хуульд өөрчлөлт
оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2014.06.09-ний өдөр
өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:


Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын  газрын
дарга П.ЦАГААН танилцуулна;
– Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын  гишүүн
Ч.ХҮРЭЛБААТАР танилцуулна.

2.  Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний
их баяр наадмын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай,
Дипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн
газар 2014.05.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, төрийн ёслолын журмыг Монгол Улсын
Ерөнхийлөгч батлах тухай, хэлэлцэх эсэх/:


Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
Ч.САЙХАНБИЛЭГ танилцуулна;
– Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их  Хурлын
гишүүн Р.БУРМАА танилцуулна.

3.  Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах
тухай
 хуулийн төсөл
/Засгийн газар 2014.06.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, бондын хүүгийн орлогын
татварыг 10 хувь болгох тухай, хэлэлцэх эсэх/:


Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ч.УЛААН танилцуулна;
– Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.БАЯРЦОГТ
танилцуулна.

4.  Хяналтын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нар 2014.06.10-ны өдөр өргөн
мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:


Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн  Ж.БАТЗАНДАН
танилцуулна;
– Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их  Хурлын
гишүүн М.БАТЧИМЭГ танилцуулна.
 

5. Засгийн
газрын гишүүнийг огцруулах тухай асуудал;

 –
Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн С.БЯМБАЦОГТ танилцуулна;
– Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын  гишүүн
Б.ГАРАМГАЙБААТАР танилцуулна.

6.  Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.05.23-ны өдөр өргөн
мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:


Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын  гишүүн
Ц.НЯМДОРЖ танилцуулна.

7. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2013 оны гүйцэтгэлийн тайлан /нэг
дэх хэлэлцүүлэг/:


Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ч.УЛААН танилцуулна;
– Санхүүгийн тайлангийн талаарх дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор
А.ЗАНГАД танилцуулна.

8.  Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд
/Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол 2011.10.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, гэр
бүлийн асуудал хариуцсан агентлаг бий болгох тухай, хэлэлцэх эсэх/:


Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.ОЮУНХОРОЛ танилцуулна;
– Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал,
дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТСУУРЬ танилцуулна.

9. Чөлөөт бүсийн тухай  /шинэчилсэн найруулга/ болон холбогдох
бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.12-ны өдөр өргөн мэдүүлсэн,
хэлэлцэх эсэх/:

– Хууль санаачлагчийн илтгэлийг
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.БАТБАЯР танилцуулна;
– Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.БАТХҮҮ
танилцуулна.

10.  Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн
Д.Эрдэнэбат 2014.06.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, тамхи татах тусгай цэг байгуулах
тухай, хэлэлцэх эсэх/:

– Хууль санаачлагчийн илтгэлийг
Улсын Их Хурлын гишүүн Д.ЭРДЭНЭБАТ танилцуулна;
– Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал,
дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТСУУРЬ танилцуулна.

Categories
мэдээ нийгэм

Яармагийн гүүрнээс “Вива сити” хүртэлх замыг нөгөөдрөөс хаана

Яармагийн гүүрнээс Нисэх-Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13.7 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийхээр болсон юм. Энэ хүрээнд зургадугаар сарын 21-ний өдрөөс эхлэн Яармагийн гүүрнээс Вива ситигийн зүүн урд тал хүртэлх 600 метр авто замын урд талын урсгалыг нэг сарын турш хаахаар болжээ.  Зам хаалттай үед хойд талын урсгалыг сөрөг хөдөлгөөнтэй болгож, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх юм. Дээрх замыг хааж, далангийн дүүргэлт болон хатуу ухмалын ажил, гадаргуун ус зайлуулах төмөрбетон хоолойн ажил хийх юм байна. 

Categories
мэдээ улс-төр

Наадмаар тав хоног амрахгүй

Улсын их баяр наадмыг гурав биш тав хоног тэмдэглэх өнгөрүүлэх заалтыг Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд тусгах саналыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооныхон дэмжсэнгүй. УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл “Энэ төслийг хойшлуулах нь зүйтэй. Үндэсний баяр наадам дөхөж байгаа энэ үед хэлэлцээд дэмий. Тиймээс хуулийн төслийг ирэх намар хүртэл хойшлуулъя” гэснээр горимын санал хурааж гишүүдийн олонх нь дэмжсэнгүй. Ингэснээр наадмаар тав хоног амардаг байх санаа шийдлээ олсонгүй. 

Categories
мэдээ нийгэм

“Khaan Quest 2014″ хээрийн сургуульд 23 орон оролцоно

“Khaan Quest 2014″ хээрийн сургуулийн хэвлэлийн бага хурал өнөөдөр 11.00 цагт Зэвсэгт хүчний жанжин штабт болох гэж байна. “Khaan Quest-2013” Энхийг дэмжих ажиллагааны олон улсын хамтарсан сургуульд энэ жил урьдчилсан байдлаар 23 улс орны 1100 гаруй цэргийн алба хаагчдаа оролцуулахаа албан ёсоор мэдэгджээ.  Сургуулийг зургадугаар сарын 20-ноос долдугаар сарын 1-ний өдрүүдэд уламжлал ёсоор команд штабын сургууль, салаадын хээрийн сургууль, эмнэлэг хүмүүнлэгийн болон инженерийн хамтарсан ажиллагаа гэсэн дөрвөн үндсэн хэсгээр зохион байгуулахаар төлөвлөж аж. Энэ жилийн хувьд анх удаа БНХАУ-аас хээрийн сургуульд салаа, эмнэлгийн хамтарсан ажиллагаанд эмч нарын бүлэг оролцуулах юм байна. НАТО-гийн гишүүн орон болох Чех Улсаас хээрийн сургуульд салаа, сургагч багш нар оролцуулахаа албан ёсоор мэдэгджээ. 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын хөгжлийн ирээдүй бол Зүүн хойд Ази

Баабар ингэж өгүүлэв

Өмнөд Солонгосын “Economy 21” сэтгүүлд өгсөн ярилцлага.

 

-Өнөөдөр цаг заваа гарган анай сэтгүүлд ярилцлага өгч байгаа танд
талархсанаа илэрхийлье. Эхлээд та манай уншигчдад туслах зорилгоор өөрийгөө танилцуулж
өгнө үү.

-Би зүгээр л ном хэв­лэлийн компани эрхэлдэг хүн л дээ. Хэмжээний хувьд
том биш ч гэсэн жилдээ 100 гаруй төрлийн ном хэв­лээд гаргачихдаг. Манай компани
байгуулагдаад найман жил болж байна. Манайд мэдээллийн хэрэгсэл олон байдагтай адилхан
хэвлэлийн компани ч гэсэн олон бий. Гэхдээ манайх эдэн дундаа брэндийн хувьд томорч
чад­сан. Голчлон Америк, Английн компаниудтай хамтран ажилладаг. Нийгэм, эдийн засаг,
улс төрийн сэдэвтэй болон толь бичиг голдуу гаргаж ирсэн. Монгол-солонгос толь хүртэл
манайх хэвлэж гаргасан.

-Та үүнээс өмнө ямар ажил хийж байсан талаараа товч танилцуулж өгөхгүй
юу.

-Би биохимич мэргэжилтэй хүн. Олон жил эрдэм шинжилгээний ажил хийсэн.
1990-2000 оны хооронд улс төрд оролцсон. Монголын шинээр байгуулагдсан сөрөг намын
дарга байсан, Сангийн сайд, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан. Тэгээд 2000 оноос эхлээд
улс төрөөс бүрмөсөн гарчихсан.

-Таныг Монголын Ардчилсан хувьсгалыг авчирсан хүмүүсийн нэг гэж ойлгож
байгаа. Та Монгол Улсад ардчилал бүрэлдэн тогтсон явцын талаар манай уншигчдад дэлгэрэнгүй
хэлж өгвөл…

Коммунизм өөрөө нурах процесс 1989, 1990-ээд онуудад явагдсан. Манайх
тэр хүрээний л улс байлаа. Азаар Румын зэрэг улсуудад гарч байсан шиг эмгэнэлт явдал
манайд болоогүй. Гэхдээ л бид нар ЗХУ-аас хамаагүй эрт коммунизмаас гарч явсан.
Шилжилтийн эхний үе бидэнд маш хүнд туссан. Хөрөнгө оруулалт, улсын төсвийнхөө
70 хувийг ЗХУ-аас зээлдэг байсан чинь нэг л өдөр энэ бүхэн тасалдаж маш хүнд байдалд
орсон. Шилжилтийн эхний 10 жил бид Япон, Америк мэтийн хандивлагч орнууд болон АХБ,
ОУВС зэрэг олон улсын байгууллагуудын тусламжтайгаар 2000 он хүртэл явж ирсэн. Сүүлийн
үед байгалийн баялгийн хүчээр эдийн засгийн гайхамшигтай өндөр хөгжлийг үзүүлж байна.
Монголын эдийн засаг 1990 оныхтой харьцуулахад 20 дахин, 2000 онтой харьцуулахад
10 дахин өссөн. 90 он гэхэд магадгүй дэлхийн хамгийн ядуу орны хэмжээнд очиж байсан
бол одоо дэлхийн дундаж орны тоонд ороод явж байна. Нийгэм, улс төрийн хувьд бүс
нутагтаа хамгийн ардчилсан орон болсон. Дутагдалтай олон асуудлууд бий, бидэнд.
Ялангуяа авлигын асуудал маш хүнд байгаа. Сүүлийн 2-3 жилд авлигын эсрэг маш том
хөтөлбөр, программ хэрэгжүүлж байгаагийн хүчинд өнгөрсөн жил манайх авлигын индексээрээ
26 байр урагшилсан амжилт үзүүллээ.

-4-5 жилийн өмнө Монгол, Солонгос хоёр улсын хооронд олон талт эдийн
засгийн хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн гэж ойлгож байгаа. Сүүлийн үеийн хоёр улсын
харилцааг та хэрхэн харж байна вэ?

-Би бол төр төлөөлж үг хэлэх эрхтэй хүн биш. Энэ тал дээр өөрийн ажигласан
зүйлийг л хэлье. Хоёр улсын харилцаа зогсонги байдал руу орж эхэлж байх шиг байна.
Ер нь Солонгос, Монгол хоёр улс 1989 онд дипломат харилцаа тогтоосон юм. Коммунист
орнуудаас БНСУ-ыг Польшийн дараа хоёрдугаарт Монгол улс хүлээн зөвшөөрсөн байдаг.
Ингээд эгшин зуур БНСУ манай гадаад худалдааны гурав дахь том хөрш болсон. Энэ нь
хоёр орны Засгийн газар хоорондын харилцаа гэхээсээ хувь хүмүүсийн харилцаан дээр
эрчимтэй өсч ирсэн. Ажиллах хүчин Монголоос ихээр очиж байсан. 30 гаруй мянган хүн
тэнд очиж ажил хийж байлаа. Мөн эсрэгээрээ 1999 оны Азийн хямралын дараа хүнд байдалд
орсон солонгос хүмүүс манайд орж ирж бизнес ихээр хийж эхэлсэн байдаг. Харилцаа
зогсонги байдалд орох гээд байгаагийн нэг хүчин зүйл нь хоёр орны цалингийн зөрүү
нилээд багасч ирж байна. Энэ нь тийшээгээ явах, тэднээс хамааралтай байх асуудал
бага болж ирж байна гэсэн үг. Ерээд оны эхэн үед манайд дундаж цалин 10 доллар байсан.
Тухайн үед шилжилт хийж байсан коммунист орнуудын дундаж цалин ер нь тийм л байсан
даа. Мэдээж одоогийн 10 доллартай харьцуулж болохгүй л дээ. Тэр үеийн мөнгө бол
худалдан авах чадвар өндөр байв. Тухайн үед автобусны үнэ гэхэд л 0.001 цент байлаа.
Тиймээс Солонгост очиж ажил хийгээд валюттай болсон хүмүүс Монголд байшин худалдаж
авч хүрдэг байсан. Одоо бол валют гэдэг утгаараа ойролцоо болоод эхлэхээр ажиллахаар
явах хүмүүс цөөрч байна. Манай барилгын болон гуанз, ресторан, зочид буудал гэсэн
салбаруудад Солонгосын хувийн хөрөнгө оруулалт ихээр орж ирлээ. Өдгөө хоёр орны
хооронд зорчиж буй жуулчдын тоо гэхэд Монголоос жилдээ 40 мянга орчим, Солонгос
талаасаа ч гэсэн 40 орчим мянган хүмүүс зорчиж байна. Кореан Эйрийн хувьд бол хамгийн
ашигтай зам нь Токио, Улаанбаатар хоёр гэсэн. Харамсалтай нь манай МИАТ болон Кореан
Эйр хоёр энэ замаа монополчилчихоод өөр компани оруулдаггүй. Хүн тээвэр ачааллаа
даахгүй байна. Та сая ирэхдээ бас л онгоцоор ирсэн байх. Билет нь асар үнэтэй.

Үйлчилгээний салбарт солонгосчууд их орсон. Улаанбаатарт гэхэд л
150 орчим солонгос хоолны газрууд үйл ажиллагаа явуулж байна. Сүүлийн үед манайхан
ч гэсэн Солонгост хөрөнгө оруулаад эхэлсэн. Манай эрүүл мэндийн салбар социалист
тогтолцоогоороо байгаа, маш их хөрөнгө оруулалт хийгддэг ч гэсэн их хоцрогдсон.
Иймээс өөрсдийн эрүүл мэндийн салбарт итгэхгүй Солонгос руу хөрөнгө оруулалт их
хийж байна. Солонгосын Засгийн газрын зүгээс ч гэсэн эрүүл мэндийн аялал жуулчлалыг
маш ихээр дэмжиж байгаа. Энэ хүрээнд солонгосчууд өөрснөө тооцоо хийж үзэхэд гадаадаас
ирж эмчлүүлж байгаа хүний тоогоор нэгд Хятад, хоёрт Монгол, гуравт ОХУ орсон байна
лээ. Хоёр орны харилцааны хэлбэрт жижиг, дунд түвшний үйлдвэрүүдийн харилцаа сайн
яваад байгаа. Самсунг мэтийн том компаниуд орж ирээгүй, томоохон хөрөнгө оруулалтууд
хийгдээгүй байгаа юм.

-Сүүлийн үед Монгол Улс эдийн засгийн эрчимтэй хөгжлийг үзүүлж байна.
Үүнд ямар хүчин зүйл ингэж нөлөөлөөд байна вэ?

-Гол хүчин зүйл бол уул уурхай л даа. Манай гадагшаа экспортолж байгаа
бүтээгдэхүүний 90 гаруй хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн. Бид хөгжихийн тулд эхний
ээлжинд уул уурхай дээр түшиглэхээс өөр арга байхгүй. Харамсалтай нь улс төр маань
асуудалтай байна. Аль ч нам нь төрийн эрхэнд гарсан популист арга хэмжээг голлодог.
Байгалийн баялгаас орж ирж байгаа асар их мөнгийг шал дэмий зүйлд зарна. Зөвхөн
сүүлийн дөрвөн жилд хүмүүсийг олноор нь тэтгэх замаар дөрвөн тэрбум орчим ам.долларыг
бэлнээр нь тараагаад байна. 2,8 сая хүнд дөрвөн тэрбум ам.доллар бэлнээр нь тараана
гэдэг бол нилээд том солиорол шүү. Манайхаас өөр ийм газар би лав мэдэхгүй. Энэ
нь нийгэмдээ эргээд асар хортой л доо. Ганц жишээ хэлье. Манайд жилдээ дунджаар
12 000 шинэ гэр бүл бүртгүүлдэг. Гэр бүл шинээр бүртгүүлсэн хүмүүсийг мөнгөөр тэтгээд
эхлэнгүүт энэ тоо даруй 45 000 болж өссөн. Залуу хүн гэр бүл батлуулах асуудлаа
нилээд сайтар бодсоны эцэст хийх ёстой байдаг бол мөнгө өгөөд эхлэнгүүт залуусыг
моралийн хувьд баллаж өгч байна л даа.

Алдаж байж л ойлгодог хойно доо, бид. Сонгуулийн үеэр улс төрийн намуудаас
мөнгө төгрөг амлахыг нь хуулиар хориглож өгсөн байгаа. Нэг жишээ нэмээд хэлэхэд,
2008 оны сонгуулиар нэг нам нь хүн болгонд мянган доллар, нөгөө нам нь бүр 1
500 доллар амласан. Аль нэг нам нь ялаагүй учраас энэ хоёр хамтарсан Засгийн газар
байгуулсан. Энэ Засгийн газар нь Монгол Улсын иргэн бүрт 2 500 долларын өртэй болчихож
байгаа юм. Азаар тэр үед нүүрсний үнэ гэнэт 10 дахин өсч энэ үеийг давж гарсан.
2010 онд хийгдсэн хүн ам, орон сууцны тооллогоор 200 мянган хүн ажил хийх хүсэлгүй
гэж гарсан. Төр нь бэлэн мөнгө өгөөд байхаар ажил хийх хүсэлгүй хүн олон байх нь
ойлгомжтой. Энэ одоо сайн зүйл үү, муу зүйл үү? Манай улсад 200 орчим мянган малчин
байдаг. Эдгээр хүмүүс манай бүх малыг хариулдаг. Улсаас малчдад мөнгө өгөөд эхлэхэд
дээрх малчид малаа зарахаа больчихсон. Малаа зарахаа больчихоор Улаанбаатарын иргэд
үнэтэй мах иддэг болсон. Дээр нь малын тоо толгой бараг л 50 саяд хүрлээ. Энэ нь
манай бэлчээрийн даацыг хэтрүүлчихэж байгаа юм. Экологи талаасаа ч хортой нөлөө
үзүүлээд эхэлчихэж байна. Бэлчээрийн даацаа тооцоод үзэхээр манайх 15 сая малын
илүүдэлтэй болчихсон байгаа юм.

-Монгол Улсын Засгийн газраас урт хугацааны туршид Дорнод Монголд хөдөө
аж ахуйг хөгжүүлэх төслийн талаар ярьж ирсэн. Дорнод Монголд хөдөө аж ахуйг хөгжүүлэх
төсөл гэж юу вэ? Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Монгол, Солонгос хоёр улсад ямар
ач холбогдолтой вэ?

-Манай улс газар тариаланг хөгжүүлж болохуйц асар өргөн уудам нутагтай.
Гэтэл бидэнд газар тариаланг хөгжүүлэх уламжлал байхгүй. Тэр эзгүй газрыг гадаад
болон дотоодын байгууллагуудтай хамтарч хөгжүүлэх янз бүрийн төсөл яригддаг. Монголын
Дорнодын тал цацраг идэвхит радиацийн хэмжээгээр маш өндөр. Тиймээс энэ газарт хүнсний
бүтээгдэхүүн ихээр үйлдвэрлэх бололцоо нь цаанаасаа хязгаарлагдмал. Сонирхуулахад
радиаци хэмжсэн судалгааг харж байхад Монголын хамгийн өндөр радиацтай газар Чингис
хааны төрсөн нутаг байдаг. Манай бусад газар тариалангийн бүсүүд ч гэсэн хөгжөөгүй
л байгаа. Сэлэнгэ, Хөвсгөл нуур орчмын бүс нутаг гээд л. Бололцоо хэдий их боловч
бид өөрсдийн хүчээр энийг хөгжүүлэх чадамж нь хэцүү л дээ. Улаан буудайгаар өөрсдийгөө
бүрэн хангадаг болж байгаа ч гэсэн хүнсний ногоог бол тарьж сураагүй, гаднаас их
авч байна. Сүүлийн үед рапсийг ихээр тариалж, экспортод гаргаж байна. Монгол хүн,
газар тариалан гэдэг хоёр зүйл чинь дэндүү хол юм л даа. Хойд Солонгосын иргэдийг
авчраад ажиллуулж үзэж байсан. Тэд бүх зүйлийг гараараа хийдэг нь их зовлонтой харагдсан.
Нэгж талбайн ургац маш сайн ч хөдөлмөрийн бүтээмж талаасаа ярилтгүй юм билээ. Өмнөд
Солонгосын иргэд нийслэлийн ойролцоо хэд хэдэн газарт ногоо тарьдаг гэсэн. Миний
сонссоноор тэд үр дүнтэй ажилладаг гэсэн. ХАА, газар тариаланг хөгжүүлье гэвэл Солонгосын
хойгоос хэд дахин илүү талбай ч манайд бий.

-Хөдөө аж ахуй, газар тариалан хөгжүүлэх асуудлаар маш сайн ойлголт
авлаа. Энэ бүс нутгийн дэд бүтцийн асуудал ямархуу байдаг вэ?

-1980-аад оноос эхлэн яригдсан Түмэн голын төсөл гэж бий. Энэ төслийн
хүрээнд хятадууд зүүн хойд бүстээ дэд бүтцийг хөгжүүлжээ. Далай руу гарах дэд бүтцээ
маш сайн бэлтгэгдчихсэн байгаа. Тэгэхээр манай асуудал нь юу вэ гэхээр хил дээр
тулаад ирчихсэн байгаа Хятадын дэд бүтэцтэй холбогдох явдал. Гол саад нь Солонгосын
хойгийн асуудал байна. Хятадууд Монгол болон Хойд Солонгосын хилд тултал дэд бүтцээ
барьчихсан. Энэ асуудал улс төрийн шалтгаанаар Хойд Солонгос руу нэвтэрч чадахгүй
байна. Энэ нь шийдэгдчих юм бол ашигтай дэд бүтцийн холбоо бий болно гэж харж байгаа.
Өмнөд Солонгосын хувьд Сибирийн төмөр замыг маш их сонирхож байгаа. Гэвч 38-р өргөргөөр
хаагдчихсан байгаа учраас эх газар гэж хэлэхэд хэцүү юм, арал гэмээр юм даа. Өмнөд
Солонгос өнөөдөр ОХУ-ын шахалтын тусламжаар Хойд Солонгосоор дайруулан дэд бүтцээр
холбох ажлыг амжилттай урагшлуулж байгаа гэж ойлгож байна.

-Монгол Улс зах зээлийн эдийн засгийн системд шилжсэнээс хойш маш их
өөрчлөлтүүд бий болсон. Улам илүү хөгжилтэй орон болохын тулд Монгол Улс ямар асуудал
дээр анхаарлаа хандуулах шаардлагатай гэж үздэг вэ та?

-Бидэнд тулгамдчихаад байгаа хамгийн гол асуудал маань Боловсрол, Эрүүл
мэндийн тогтолцоогоо өөрчлөх явдал. Хуучин коммунист тогтолцооноосоо салаагүй. Манай
хуулинд эрүүл мэнд, боловсролын салбар нь төр засгаасаа хамааралтай, төр даана гээд
хуульчлагдчихсан байдаг. Боловсрол, эрүүл мэндийг ашгийн бизнес байхыг хуулиар хориглодог.
Уг нь эрүүл мэнд гэдэг чинь өөрөө асар том бизнес байх­гүй юу. Гэвч энэ бизнесийг
нь жишээ нь солонгосууд хийчихдэг. Солонгосын Ко­реа их сургуулийн дэргэдэх эмнэлгийн
дарга надад ярихдаа зөвхөн тэдний эмнэлэгт Монголоос сардаа 250 мянган долларын
эм­чилгээний зардал орж ирдэг гэж байсан.

Манайд Солонгосын соёлын асар том нөлөө бий. Солонгос хүүхнүүд яаж
хувцаслаж байна, яг тэрийг нь дуурайдаг болсон, манайхан.

Солонгосын соёлын нө­лөөгөөр гоо сайхны хагалгааг маш ихээр хийлгэдэг
боллоо. Энэ төрлийн мэс засал бол хаана ч бүртгэгддэггүй болохоор хэдий хэмжээний
мөнгө урсаж байгааг хэлэх боломжгүй. Төр маань ч энийг бизнес гэж үздэггүй болохоор
хөгжихгүй байна. Улс ба нийгэм хөгжинө гэдэг чинь хүмүүс нь эрүүл энх, урт насалдаг,
өндөр боловсролтой иргэд байж баялгийг бүтээнэ шүү дээ.

Би хөгжлийг тэр талаас нь ойлгодог. Хөгжлийн энэ эх үүсвэрийг буруу
ойлгоод буяны ажил болгочихоор чинь хэцүү л дээ. Өнөөдөр монгол хүний дундаж наслалт
70 хүрчихсэн байна. Энэ нь урьд өмнө байгаагүй өндөр амжилт. 10 мянган хүнд ноогдох
оюутны тоогоороо дэлхийд 1-р байранд ороод л явж байна. 2-рт АНУ орж байгаа. Гэхдээ
улсаас бүгдийг нь даадаг энэ тогтолцоо нь маш чанаргүй. Монгол Улсын зах зээл дээр
3500 хуульч хэрэгтэй байтал одоо хуулиар сурч байгаа оюутны тоо 35 мянга гараад
явж байна. Ийм буруу систем чинь хөгжлөө хойш нь татаад байна. Энүүхэндээ хэлэхэд
бид социалист эдийн засгийн тогтолцооноос салж чадахгүй байна. Халамжилдаг эдийн
засгийн хэлбэрээс татгалзаж чадахгүй байна. Одоо манайд бүртгэгдсэн ажилгүй хүний
тоо 50 мянга хүрэхгүй байгаа атал хөдөлмөрийн зах зээл дээр 150000 ажлын байр эзнээ
хүлээгээд байж байна.

Манайд барилга барих хугацаа богинохон л доо. Зөвхөн энэ хооронд гэхэд
БНХАУ-аас 30 мянга орчим ажилчид орж ирж барилга дээр ажилладаг. Ийм ажил дээр Хойд
Солонгосоос 2000 орчим хүн орж ирж ажиллаж байгаа. Уг нь манай хоёр улсын хооронд
байгуулсан гэрээгээр Хойд Солонгосоос 5000 ажилчин авах ёстой ч тэндээс ирж байгаа
нь хятад ажилчидтай өрсөлдөж чадахгүй гологдож байгаа тал ажиглагдаж байна. Тиймээс
Хойд Солонгосоос орж ирж байгаа ажилчдыг тодорхой хугацаанд дадлагажуулаад ажил
дээр гаргавал илүү үр дүнтэй байх болов уу гэсэн бодол байдаг. Манай улс хоёр жилийн
өмнө гадагшаагаа тусалдаг КОИКА маягийн төсөл хэрэгжүүлж
эхэлсэн. Эхний ээлжинд Хойд Со­лон­­­гос, Киргиз, Мьянмар гэ­­сэн орнуудад хоёр
сая ам.долларын тусламж үзүүлсэн. Тэр хүрээндээ өн­­гөрсөн онд БНАСАУ-д 2000
тонн улаан буудай хүргүүлсэн. Буудай тараах ажиллагааг тэнд байгаа НҮБ-ын байгууллагуудтай
хамтарч хэрэгжүүлсэн.

-Монгол Улс эрдэс баялгаараа дэлхийд баян орнуудын нэгд тооцогдож байгаа.
Энэ салбар дахь засгийн бодлого ямар байдаг вэ?

-Манай улсын газар нутгийн дөнгөж 20 орчим хувьд  нь л геологийн хайгуул хийгдсэн. Одоо нээгдчихээд
байгаа баялгийн үнийн дүн нэг их наяд орчим доллар гэгдэж байгаа нь БНСУ-ын ДНБ-ээс
их хэмжээ. Гэхдээ манайх далайгаас алслагдсан гэдэг утгаараа Австрали, Канад зэрэг
орнуудтай харьцуулахад үр дүнтэй ашиглах боломжгүй. Бидний давуу тал юу вэ гэхээр
Хятадын зах зээл л байна. Тухайлбал биднээс холгүй Бугат гэж хот байна. Энэ нь дэлхийн
хамгийн том төмөрлөг боловсруулах төв юм. Ийшээгээ бид коксжсон нүүрс болон төмрийн
хүдэр гаргахад далайгаар зөөсөнтэй ижил нөхцөлийг олгоно. Энэ их баялгийг ашиглахад
хэд хэдэн саад байна. Энэ зах зээл дээр бид гурав дахь орны хөрөнгө оруулалтыг сонирхдог.
Жишээ нь манай нэг том зэсийн орд дээр Англи-Австралийн Рио Тинто гэдэг компани
орж ирээд ажиллаж байна. Манай хувьд ОХУ, БНХАУ гэсэн хоёр улсын хооронд сүүлийн
хэдэн зуун жилийн турш оршиж ирсэн ба манайх руу гуравдагч орны хөрөнгө оруулалт
орж ирэхийг геополитикийн хувьд хоёр хөрш төдийлөн таалахгүй байна л даа.

-Монгол, Солонгос хоёр орны харилцаанд санаа зовж явдаг хүний хувьд
БНСУ нь хоёр улсын харилцааг улам илүү хөгжүүлэхийн тулд юун дээр анхаарлаа хандуулах
хэрэгтэй гэж боддог вэ?

-Энэ хөгжлийн асуудал чинь өөрийнхөө жам ёсоор явж л байвал болох зүйл
л дээ. Би юу гэж хэлэхээ сайн мэдэхгүй юм. Жишээ нь Солонгосын эсрэг тодорхой хийрхэл
манайд дэгдээд байгаа юм. Энэ нь хууль тогтоох болон Засгийн газрын хэмжээний хувь
хүн дээр халдчихсан зүйл ч бий. Үнэнийг хэлэхэд манайд далд бизнес, хууль бус зугаа
цэнгэлийн бизнесийг үнэ­хээр солонгосууд барь­чихсан байдаг. Мэдээж энэ нь БНСУ-ын
Засгийн газраас зохион байгуулж, дэмжиж байгаа ажил биш хэдий ч нийгэмд сөрөг үзэгдэл
бо­лон харагддаг. Иймэрхүү асуудлуудыг гаргахгүй байх тал дээр хоёр талаасаа хууль
хяналтын байгууллагууд хамт­ран ажиллах шаардлага байдаг байх гэж бодож байна.

Солонгосын соёл манайд бүх талаараа маш сайн дэлгэрч байна. Гэхдээ
энэ нь зарим сэхээтний зүгээс “соёлын түрэмгийлэл” гэсэн нэр аваад байна. Манай
телевизүүдээр солонгос сериалууд олноор гардаг. Солонгос кино гардаггүй өдөр гэж
байхгүй. Нийгмийн тодорхой бүлэг сэхээтэн л “соёлын дайрлага” гээд байгаа болохоос
биш массаараа дургүйцээд байгаа зүйл огт байхгүй. Ихэнх хүмүүс үзээд байна шүү дээ.
Гэхдээ энэ мэт соёлын салбарт хамтын ажиллагаа их чухал байна. “Соёлын түрэмгийлэл”
гэж хэлэгдээд байгаа зүйлийн хэлбэрийг хамтын ажиллагааны хэлбэрт оруулж өгөх нь
чухал байх. Хүмүүс хоорондоо найз нөхөр байхын тулд хамгийн чухал нь биендээ итгэх
итгэлцэл юм. Соёлын энэхүү том нөлөөг үзүүлж байгаа явц маань дан нэг талаасаа урсах
биш, харилцан урсгалтай бол сайн. Муу ч байсан гэсэн манай нэг хоёр киног Солонгост
гаргаж үзүүлдэг ч юм уу, ер нь зарим зүйлийг заавал арилжааны утгаар биш хандах
ч байдаг юм уу, эсвэл хамтарсан уран бүтээл хийдэг ч юм уу, иймэрхүү байдлаар ажиллах
юм бол нийгэмд илүү эерэг сэтгэгдэл төрүүлэх байх гэж бодож байна. Соёлын бүтээгдэхүүнүүдийг
бартерийн журмаар хийвэл хамаагүй илүү үр дүнд хүргэх болов уу гэж харж байна. Солонгосын
одууд Монголд ирээд тоглолт хийгээд л яваад байна. Манайхаас бас ганц нэг хүн уриад
тоглолт хийлгэчихвэл бас л нэг хамтын ажиллагаа болох байх даа.

-Та БНСУ болон БНАСАУ-тай хоёулантай нь сайн харилцаатай байдаг хүний
нэг. Монгол Улс, БНСУ болон БНАСАУ-ууд хамтраад ямар ажил хийх боломжтой вэ?  

-Бидэнд газар нутаг болоод байгалийн баялгийн асар их давуу тал байна.
Дутуу тал нь ажиллах хүчний асуудал юм. БНСУ-ын тухайд өндөр технологитой. Үүн дээр
тулгуурлаад хамтран ажиллах боломж байна. Монгол Улсын тухайд БНАСАУ-аас сонирхох
зүйл юу ч байхгүй. Солонгосын хойг гэдэг бол хүйтэн дайн үргэлжилж байгаа дэлхийн
хамгийн аюултай бүс нутаг. Цэрэг зэвсгийн хамгийн их хүч овоорсон бүс. Гэтэл Монгол
улс өөрийнхөө ирээдүйг Зүүн Хойд Ази руу хардаг. Эдийн засгийн ирээдүйн интеграцид
орно гэсэн бодолтой байдаг. Ийм учраас энэ бүс нутагт болж буй нийгэм, эдийн засгийн
элдэв үйл ажиллагаанд идэвхтэй орж байх ёстой гэж үздэг. Тэр үндсэн дээр бид нар
БНАСАУ руу ханддаг болохоос биш бусад талаараа Монголд өнөөдөртөө эдийн засгийн
ямар ч ашиг байхгүй. Миний үеийнхэн БНАСАУ-ын иргэдтэй илүү төстэй нийгэмд амьдарч
байсан болохоор Хойд Солонгос иргэдтэй харьцангуй сайн ойлголцдог юм. Олон удаагийн
ажиглалтаас үзэхэд БНАСАУ-ын иргэд бидний зүгээс харахад ойлгомжтой мөртлөө та нарын
зүгээс бол ойлгомжгүй байдаг юм шиг санагддаг. Өмнөдийнхөнтэй ярьж байхад Хойд Солонгос
хүмүүсийн талаарх ойлголт нь их муу юм билээ. Хойд Солонгосын дэглэм нуран уналаа
ч гэсэн энэ нь БНСУ-ын хувьд 60-70 жилийн зовлон болно.

Та Солонгосын Засгийн газар болон Солонгос хүмүүст хандаад хэлэх
үг байна уу?

-Бидэнтэй хамгийн ойр хөршүүд гэх юм бол Солонгос л байна л даа. Учир
нь юу вэ гэхээр хил залгаа оршин байгаа хөршүүдэд мөнхийн асуудал оршин байдаг.
Гэхдээ бид нар танилцаад 20 жил л болж байна. Бие биесээ ойлгох цаг хэрэгтэй байна.
Манайд гурав дахь дэлгэрсэн гадаад хэл солонгос хэл болчихсон байна. Англи хэл,
орос хэл хоёрын дараа орж байна. Тун удахгүй орос хэлийг гүйцээд хоёр дахь гадаад
хэл болж ч магадгүй. Учир нь залуучууд орос хэл сурахаасаа илүүтэйгээр бусад хэлийг
сонгож байна. Иймээс биесээ зөв ойлголцохын тулд зөв мэдээлэл солилцож байх хэрэгтэй.
Миний ажиг­ласнаар хувь хүний нийтлэг араншингаараа манай хоёр орны ард иргэд их
төстэй л дээ. Архи уух нь, архи уучихаад зодолдох нь, хулхидах, хууран мэхлэх нь
хүртэл төстэй. Япон, хятад хүмүүс ингэдэггүй шүү дээ. Энүүгээрээ бие биенээ хулхидаад
бай гэж хэлж байгаа юм биш шүү.

Яагаад өнөөдөр монгол хүмүүс солонгос хүмүүстэй илүү олноор гэр бүл
болоод байгаа юм бэ? Япон, хятад иргэдтэй гэр бүл болох тохиолдол бараг л байхгүй
дээ. Цаад зан ааш нь төстэй болоод л ингэдэг байх. Одоогийн байдлаар 3000 орчим
монгол-солонгос гэр бүл байдаг гэсэн тооцоо байдаг юм билээ. Энэ бас нэг учиртай
л байх гэж бодож байна. Сүүлийн 20 жилд манай улс, Япон улс хоёрын хоорондын харилцаа
маш сайн хөгжиж ирсэн. Гэхдээ манай хоёр орны иргэд хоорондын дотно харилцаа ийм
биш. Солонгосын нэг парламентын гишүүн надад хэлэхдээ “Солонгосын парламентын тэр
олон гишүүдийн 80 хувь нь хувийн болоод албан ажлаар Монголд ирж үзсэн байдаг юм
билээ”. Энэ бас л их сонин тоо. Монголын гишүүд дунд Солонгосыг үзээгүй, тэр дундаа
гурваас доош удаа Солонгос явж үзээгүй хүн байхгүй. Нүүдэлчдийн гол онцлог бол аялж
явах сонирхол ихтэй байдаг. Манайх 2,8 сая хүн амтайгаас жилдээ 1,5 сая хүн хилээр
орж гарч байдаг гэсэн тоо бий. Бүгдээрээ л гадагшаагаа явж байдаг хүмүүс. 90-ээд
оны үед байдал ч их хэцүү байлаа. Тухайн үед гадагшаагаа гарсан хүмүүс тэндээ их
ч үлддэг байлаа. Одоо бол тэд эргэж ирж байна. Харлахаа ч больж байна. Та манайд
ирээд ажиглаа л байлгүй, нүүдэлчид гэдэг бол байгаагийнхаа хэрээр зарлагаддаг хүмүүс
шүү дээ. Ямар үнэтэй машин унацгааж байна? Тиймээс Монголын жуулчид гэдэг бол асар
их мөнгө үрдэг хүмүүс байдаг. Би өнгөрсөн жил 14 орноор явсан байна билээ. Энд тэнд
явж байхад гадаадууд “Та монгол уу, казахстан уу?” гэж асуух юм. Дэлхийн хаана ч
очсон монгол, казахстан хоёр бол маш баян жуулчин гэдэг ойлголт хэдийнэ бий болчихсон
байна.  

2014-03-01

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Төр гэдэг хэдэн улстөрчийг хэлдэггүй

Манай төр болохгүй байна, энэ муусайн улстөрчид  дэндүү  байна  гээд л амтай болгон шүүмжлэх юм. Шүүмжилж болно. Шүүмжилмээр зүйл ч байна.  Гэлээ гээд арван хэдтэй жаахан хүүхэд хүртэл  ирээдүйн тухай гэгээн мөрөөдөлд умбахын оронд улс төр ярьж шүүмжлэх юм. За тэр ч яахав. Нөгөө хэдэн улстөрчид нь ч болдоггүй л байх. Гэхдээ Монголын төр гэдэг чинь энэ хэдэн улстөрч гэж шууд ойлгож боломгүй.  Хэдэн улстөрчдийн болохгүй бүтэхгүйг ярих гээд  Монголын төрийг нураачих юм шиг аашилцгаах  аж. Улстөрчид  үүрд монгол төрд ажиллахгүй.  Хэдэн жил болоод  хэн нэгэнд ээлжээ өгөх нь тодорхой.  Тэд бол  төрд ажиллаж байгаа хүмүүс. Харин Монголын төрд хэн ч ажиллаж байлаа,   хэн ч явлаа гэсэн байдгаараа л байх ёстой. Ахмад хүмүүс “Төрийн минь сүлд өршөө, төр минь төвшин, түмэн олон амгалан байг” гэж хэлдэг болохоос улстөрчид минь мөнх байг гэдэггүй. Дэлхийн олон оронд төр лүүгээ дайрч төрийн эргэлт хийсэн улс орнууд мөхөж байгааг бид өдөр бүр л сонсдог. Угтаа бол болохгүй  нөхдийг сонгохгүй байх эрх нь бидэнд бий.  Тэднийг сонгуулиар сольчихно.  Харин улсаараа тоглож, төрөөрөө наадаж болдоггүйг төр нь хямарч, улс нь сүйдэж байгаа улс орнууд бэлхэнээ  харуулж байгаа.

Д.МӨНГӨНДАЛАЙ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Далайд гарцгүй ч далай аваргатай улс байлаа гэж” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ны пүрэв гаригийн дугаарын тойм уншигчдын гарт хүрлээ. “Өдрийн сонин” энэ дугаартаа МУИС-ын 69 дэхь төгсөлтөөс хийсэн сурвалжлагыг нийтэллээ. Тус сургуулийн энэ удаагийн төгсөгчид нэгэн шинэлэг бас авууштай санал санаачлагыг ажил хэрэг болгожээ. Тэд хэт үрэлгэн хэмээн шүүмжлүүлэх болсон төгсөлтийн баярынхаа цайллагын мөнгөнөөс зүрхний дефибирилляторын аппарат авч Хавдар судлалын үндэсний төвд бэлэглэж байгаа аж. Энэ тухай болон МУИС-ын 69 дэх төгсөлтийн эргэн тойронд ямар арга хэмжээнүүд өрнөснийг энэ нийтлэлээс сонирхоорой. Тэрчлэн дугаарын эхний нүүрээс уншигчдад хүрч байгаа бас нэгэн нийтлэл нь удахгүй болох Улсын баяр наадмын уур амьсгалыг шингээжээ. “Өдрийн сонин” жил бүрийн наадмын өнгө, бөхийн хүчийг урьдчилан дүгнэж уншигч олонтойгоо хэлэлцдэг уламжлалаа давтаж байна. Сэтгүүлч Н.Гантулга энэ жил хэний хүү хүчтэй байхыг тоймлон хүргэснийг унших боломжтой.

Тэрчлэн сонины нэрт нийтлэлч  Б.Цэнддоо “Далайд гарцгүй ч далай аваргатай улс байлаа гэж” гарчигтай нийтлэлээ уншигч олноо толилуулж байна. Олон жилийн турш улс төрийн элдэв акц үйлдлүүдийг ёгтолж уншигч олныхоо элгийг эмнэж яваа тэрээр энэ удаа “Далайд гарцтай орнуудын холбоо(ДГОХ)-ноос манай гадаад яаманд эсэргүүцлийн ноот ирүүлж “далайд гарцгүй хэвтэж “Далай” гэсэн нэр хэрэглэн, бидний хэрэгт өнгөлзөхөө болихыг хатуу сануулъя” гэснээс хамаг хэрэг үүдэж. 

Парламентын шийдвэрийн дагуу Иргэний бүртгэлийнхэн ч  шуурхай ажиллаж  иргэн “Далайхүү”-гийн нэрээс Монголд байхгүй их усны нэрийг хассанаар уг ажил цааш өрнөж. Иргэн гомдол гарган шүүхэдсэн  боловч 

-Чиний нэрээс “Далай”-г нь хасаад “хүү”-г нь үлдээсэн нь багадаа  юу? Олон таван юм ярьдаг ийм чалчигнасан этгээдэд “хүү” гэдэг тодотгол ч зохихгүй байна. Иймд нэрийг нь “охин” болго гэсэн шийд гаргасан гэх.  Өглөө Далайхүү нэртэй гэрээсээ гарсан хархүү оройдоо “оргүйд орвол охинтой”  төдий амьтан харьсан түүх энэ болой” хэмээсэн нь саяхан далай аварга цолыг хассан хуулийг үнэхээр сайн ёгтолж буйн илрэл бизээ. 

Харин улс төрийн үйл явдлуудыг шингээдэг буланд УИХ-ын гишүүн А.Бакейгийн ярилцлага хийгээд өчигдөр хуралдсан байнгын хороодын хуралдаан УИХ-д намуудын нууц уулзалтаар юу хэлэлцсэнийг унших боломжтой юм. Тэгвэл гадаад мэдээ мэдээллийн нүүрт НҮБ-ын даргад эмэгтэй хүнийг нэр дэвшүүлэх болсон тухай, Клинтоныхон татвараас зайлсхийсэн нь үнэн эсэх тухай гээд олон мэдээ мэдээллийг уншх боломж байна.

Categories
гадаад мэдээ

Хятадын тэрбумтан Америкийн 1000 гуйлгачинг хооллоно

Хятадын тэрбумтан Чэнь Гуанбяо Нью-Йорк хотын төв паркт зургадугаар сарын 25-нд болох цайллагадаа тус улсын 1000  гуйлгачинг урьсан талаар “SCMP” өчигдөр мэдээлжээ. Эх орондоо буяны үйлсээрээ алдартай тэрээр энэхүү үйлдлээрээ Хятадын баячуудын талаарх америкчуудын үзлийг өөрчилж, энэ далимаараа мөн эх орон нэгтнүүддээ өглөгийн үлгэр жишээг харуулахаар зорьсон гэнэ.  Америкийн томоохон хэвлэлүүд Чэнь Гуанбяогийн урилгын талаар янз бүрээр бичиж байна. Баян эр хоолонд уригдсан хүмүүсийг зөвхөн үнэгүй дайлаад зогсохгүй, хүн бүрт бэлэг болгон 300 ам.доллар өгөх гэнэ. Харин дайллагад оролцогсод түүнтэй хамт “We Are The World” дууг хамт дуулах ёстой аж. Тэрбумтан эр уг арга хэмжээнд нэг сая ам.доллар зарцуулах гэнэ. Одоогийн байдлаар урилгыг хүлээн авснаа 250 хүн мэдэгджээ.  

Хуучин байшинг буулгах бизнесээр мэргэшсэн Чэнь Гуанбяо буяны үйлсэд идэвхтэй оролцдог нэгэн. Тэрээр Сычуань мужид хүчтэй  газар хөдлөх үед аврагчдад зориулан тоног төхөөрөмжүүдийг үнэгүй тарааж байсан. Мөн гамшигт нэрвэгдсэн бүсэд очин байшингийн нуранги дороос 13 хүнийг аврах ажиллагаанд биечлэн оролцож байжээ.  Харин АНУ-д түүнийг хамгийн нэр хүндтэй сонинуудын нэг болох “The NewYork Times” худалдан авах санал тавин дуулиан тарьж байснаар нь мэдэх аж. Тэрээр өдгөө ч уг саналаасаа буцаагүй байгаа бөгөөд тус сонины хэд хэдэн албыг худалдаж авахад бэлэн байгаа гэнэ.

Д.ЦЭРЭНДОЛГОР