Categories
мэдээ нийгэм

Төсвийн тэнцвэржүүлсэн орлого 459.5 тэрбум төгрөгөөр тасарчээ

Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлд дурьдсанаар нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 2013 оны гүйцэтгэлээр 5.940.1 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөгөөний биелэлт 92.8 хувь буюу 459.5 тэрбум төгрөгөөр тасарсан байна.

 Харин 2013 оны төсвийн орлогын гүйцэтгэлийг 2012 оны мөн үетэй харьцуулахад 1.076.9 тэрбум төгрөгөөр буюу 22.1 хувиар өссөн эерэг үзүүлэлттэй гарсан нь олон жилийн дундаж өсөлттэй ойролцоо байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу тогтворжуулалтын санд өнгөрөгч 2013 онд 46.9 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Татварын орлогын гүйцэтгэл 5,072.8 тэрбум төгрөгт хүрч, 89.3 хувийн биелэлттэй байна.

 Татварын орлого 607.3 тэрбум төгрөгөөр тасарсан нь өнгөрсөн онд нэгдсэн төсвийн орлого тасрахад гол нөлөөг үзүүлсэн байна. Харин татварын бус орлогын гүйцэтгэл 863.9 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөснөөс 146.5 тэрбум төгрөгөөр давж, 120.4 хувийн биелэлттэй гарлаа. Орлогын албан татвар 193.2 тэрбум төгрөг, дотоодын бараа үйлчилгээний татвар 329.7 тэрбум төгрөг, гадаад худалдааны орлого 135.2 тэрбум төгрөгөөр тус тус тасарсан нь нийт татварын орлогын төлөвлөгөөний биелэлтэд нөлөөлсөн байна. Харин хүү торгуулийн орлого 70.6 тэрбум төгрөг, газрын тосны орлого 25.9 тэрбум төгрөг, төсөвт газрын өөрийн орлого 36.3 тэрбум төгрөгөөр тус тус давж биелсэн нь татварын бус орлогын төлөвлөгөө давж биелэхэд гол нөлөөг үзүүлжээ. Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэлийг төсөв тус бүрээр нь авч үзвэл улсын төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 88.0 хувь, орон нутгийн төсвийн орлогын биелэлт 100.6 хувь, хүний хөгжил сангийн орлогын биелэлт 99 хувь, нийгмийн даатгалын сангийн орлогын биелэлт 103.5 хувь байгаа ажээ.

 Дээрх мэдээллийг тайлагнасан Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг Сангийн сайд Ч.Улаан өчигдөр УИХ-ын дарга З.Энхболдод  өргөн барьсан байна.

Categories
мэдээ цаг-үе

“Хүрз шороо даахгүй ганц бие хөгшин хаашаа ч нүүх юм билээ”

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 640 хүүхдийн
багтаамжтай жишиг бага сургууль барихаар төлөвлөжээ. Тус сургуулийг барихаар
төлөвлөсөн газар тав зургаан айл байгаа бөгөөд ихэнх нь газраа чөлөөлж нүүсэн
байна. Харин иргэн Д.Цоодол газраа чөлөөлөхгүй байгаа тул түүнийг зарим хэвлэл
мэдээлэл болон хороо, дүүрэг, Нийслэлийн өмчийн харилцааны газраас буруутгаж
гэмт хэрэгтэн мэт дайрах болж. “Pixar” энимейш­ний бүтээл болох “Up” буюу “Дээшээ”
нэртэй Америкийн хүү­­­хэлдэйн киног бид бишгүй үзсэн. Нас дээр гарсан нэгэн
өвгөний газрыг авахаар хэдэн талаас нь янз бүрээр шахаж дарамталж эцэстээ
тэрээр арга барж байшингаа олон мянган агаарын бөмбөлгөөс уяж агаарт хөөрдөг.
Тэрээр хор­воо ертөнц дээр байж суухын аргагүй болж хүний орчлонгоос шахагдаад
агаарт хөөрөн гарч буй нь энэ. Яг үүнтэй адил үйл явдал манайд үүсээд байна.
Хүүхэлдэйн ки­но­ны өвгөн Чингэлтэйн иргэн Д.Цоодол гуай хоёр яг адил нөхцөлд
орсон санагдлаа. Хэдий олон зуун хүүхдийн эрх ашгийн төлөө сургууль барих гэж
байгаа ч нөгөө талаараа бас л хувь хүний эрх ашиг зөрчигдөж байгаа юм. Ингээд
Д.Цоодол хөгшинтэй уулзахаар Хайлаастын эцсийн буудал хүрлээ.

Буудлаас холгүйхэн замын баруун талд гурав, дөрвөн гудамж яваад
Д.Цоодол гуайнд хүрэв. Гудамжны хэсэг айлууд саяхан нүүсэн бололтой хуучин
буурь байх бөгөөд хогийг нь цэвэрлэжээ. Ганц
эвдэрхий машины сэг л харагдав. Харин хажууханд нь хашаа хороо татсан юм­гүй
хуучны цагаан байшин харагдана.  Хэдэн
залуус шинэ бан­заар хашаа хатгаж байх юм. Хашаа барьж буй талбай нь жижигхэн ч
байшингийн үүд хүртэл нэлэнхүйдээ ногоон сонгино тарьсан нь багсайтал
ургачихаж. Ингээд байшингаас 70 гаруй насны өвгөн нуруугаа үүрсээр гарч ирээд
хэсэг саравчилж харснаа “Хүн ирэхээр л айдаг боллоо. Өчигдөр МҮОНТ-ээс хүмүүс
ирээд ярилцлага аваад байсан. Орой баахан муулсан юм гаргана лээ” гэж бидэнд
хандаж хэлээд “Гэрт ор” гэв. Ингээд түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Танай
энд сургууль барих гээд ганцхан таныг газраа чөлөөлөхгүй байна гэх юм. Яг юу
болоод байгаа юм бэ?

-Манай газрыг трасст орсон учраас даруй газраа чөлөөлж эндээс
нүү гэсэн шаардлага надад ирсэн. Энэ байна Нийслэлийн өмчийн харилцааны газар
гээд. Тэгэхээр нь би Нийслэлийн өмчийн харилцааны газрын орлогч Батсайхан гэдэг
даргатай очиж уулзлаа. Би ганц бие хүн. Газар чөлөөлж чадахгүй гэдгээ хэлсэн.
Тэгсэн эндхийн айлуудыг миний эсрэг босгосон.

-Яаж?

-Газраа чөлөөлөөд нүүж байгаа айлуудыг цуглуулж миний эсрэг
босгож хөөж туугаад зогсохгүй “Чи бол үхэхээс өөр юмгүй өвгөн байна” гэж дайрч
доромжилсон. Тэр шөнө хоёр согтуу залуу манай хашааны хаалга балбаж “Чамаас
болж бид нар мөнгөө авч чадахгүй байна. Гөлөг минь чи ингэж байхаар зайлаач”
гээд явдаггүй. Нохой боргож байсан тулдаа арай гэрт дайрч орж ирээгүй явсан.
Ингээд л насны эцэст хүний гарт үхэх юм байна гэж бодоод маргааш нь арга
барсандаа зах руу явсан. Зах дээр дорвинк байдаг юм билээ.

-Та
тэгээд буу авсан хэрэг үү?

-Аваагүй. 70 мянган төгрөг гэдэг юм байна. Надад тэр мөнгө нь
хаа байхав. Тэгээд ч сум нь олдоогүй. Одоо бүр арга тасраад хутга бэлдчихээд
хэн намайг хэзээ ирж алах юм бол доо гээд бүлтэлзээд сууж байна. Энэ төр засаг
анх гарахдаа малыг малчинд, газрыг иргэдэд нь, орон сууцыг эзэнд нь өглөө гээд
чухам л биднийг “Америкуудаас ч дутахааргүй эрх чөлөөтэй боллоо. Сайн, муу
амьдрах нь хамаагүй өөрийн өмчиндөө л насаа элээх болно гэж хэлж байсан. Ингээд
зогсохгүй “Сахих тун, Бишрэх тун” гэж ирээд л сүрхий яриад байсан. Гудамжинд
тэвэг өшиглөж байсан ажил, амьдралгүй юмнууд төрд гарчихаад өнөөдөр ингэж ард
түмнээ дарамталж суух гэж. Хаа байна. Нөгөө хувийн өмч, иргэнээ хамгаалдаг төр
засаг. Дээр, дооргүй дарга нар нь хуйвалдаж иргэдийнхээ алга дарам газрыг авах
гэж улайрч байна шүү дээ.

-Танай
эргэн тойрны айлууд бүгд нүүчихсэн үү. Шаардлагыг яг хэзээ тавьсан юм бэ?

-Өнгөрсөн жилийн долдугаар сарын 2-нд надад шаардлага ирсэн.
Ингэхдээ гурав хоногийн дотор шаардлагыг биелүүл гэж заасан байсан. Анх
хорооноос надад энд бага сургууль барих талаар юу ч мэдэгдээгүй. Тэгсэн мөртлөө
таны газар трасст орсон байна гэсэн. Хэрвээ трасст орох байсан юм бол өмнө нь
оршин суугчдад хэл дуулгаж, уулзах ёстой шүү дээ. Би замын цаана сургууль барьж
болохоор хоосон газар байна гэж зөндөө хэлсэн. Заавал энэ хэсгийг иргэдээс
булааж авч байгааг ойлгохгүй байна. Хоёр айлыг газраа чөлөөлбөл дундаас нь
тодорхой хэмжээний хувийг Нийслэлийн өмчийн харилцааны газрынхан авдаг гэх яриа
чих дэлсээд байгаа. Тиймээс би цаана нь ямар нэг хуйвалдаан байгаа гэж хардаж
байгаа.

-Нүүсэн
айлуудад мөнгө төгрөг өгч байгаа юм уу. Таныг газраа чөлөөлбөл мөнгө өгнө гэх
юм уу?

-Надад бол ямар ч мөнгө төгрөг хэлээгүй. Эндээс нүүж газраа
чөлөөл гээд хөөгөөд байгаа. Нүүсэн айлуудын хувьд мөнгө төгрөг авсныг нь
мэдэхгүй. Хоёр согтуу нөхөр манайхаас болж мөнгөө авч чадахгүй байна гэж агсам
тавьсныг бодвол ярьсан хэлсэн юм байгаа юм байлгүй. Батсайхан дарга хүртэл
танаас болж энэ хүмүүс мөнгөө авч чадахгүй байна гэдэг. Тэгэхээр мань мэтэд
мэдэгдэхгүй л байгаа байх гэв.

Тэрээр газраа алдахгүйн тулд хашаа босгож байгаа гэнэ. Эмчилгээ
хийлгэхээр тэтгэврийнхээ мөнгөнөөс цааш хийж байсан хэдэн төгрөгөөрөө хэдэн
ширхэг банз аваад таньдаг хүнээ гуйж хашаагаа бариулж байгаа аж. Бидний хооронд
ийн яриа өрнөх зуур тэрээр хоол хийхээр бэлдэв. Хашаа барьж байгаа гурван хүнд
хоол хийж өгөх гэнэ. Хоол хийнэ гэхээр учиргүй мах гаргаад, ногоо цагаа
арилгаад байсан юм алга. Ширээ, сандал гээд байх ч сүрхий юм байхгүй болохоор
жаахан мах гаргаад шалан дээр тавьсан гурилын модон дээр хэрчээд гоймонтой хоол
хийхээр болов. Гэр оронд нь хүний нүдэнд нэг их тусах юм байсангүй. Банзаар ор
хийсэн бололтой дээр нь гудас хаяжээ. Орны талын хананд залуудаа гэр бүлийнхээ
хүнтэй татуулсан зураг өлгөөстэй харагдав. Орой нийгэмд өрнөж буй үйл явдлын
мэдээллийг сонсдог гэх хуучны хар зурагтаас өөр эд хогшил гээд байхгүй юм.
Хэдий тэтгэврийн мөнгө гээд сардаа 200 мянган төгрөг авдаг ч түлээ түлш, тогны
мөнгөндөө зарцуулаад илүү гардаггүй гэсэн. Тиймээс өөрийнх нь хэлснээр турж
үхэхгүйн тулд “Нарантуул” зах дээр тор, бал, харандаа зарж оройдоо өл залгуулах
мөнгөтэй ирдэг байна. Бөөний төвөөс бидний хэлдгээр шар тор аваад 50 төгрөг нэмж
зараад сайн ажиллавал өдөртөө 5000 төгрөг олно. Тэр мөнгөөрөө тансаглалаа гэхэд
л малын бөөр, зүрх, элэг гээд дотор мах авч жаахан шөлтэй хоол хийж иддэг
гэсэн. Харин тэрээр хашаандаа санаа зовсоор сүүлийн 20-иод хоног зах гарч
чадаагүй байгаа юм билээ.

Д.Цоодол гуай энэ 
байшиндаа 30 жилийг үдсэн гэх. Тэрээр гурван ч удаа газраас болж хөөгдөж
байжээ. Д.Цоодол гуай анх Завханаас хотод ирээд Дэнжийн мянгын тэнд зам дагуу
нэг газар буусан аж. Тэгсэн зах руу явах зам тавьж байна гээд хөөсөн байна.
Газраасаа хөөгдөөд яах учраа олохгүй нутаг буцаж Улиастайд бас нэг газар хашаа
байшин ухаантай юм босгож оромж барьтал тэр үед Раднаарагчаа гээд сайд ирээд
цэцэрлэгжүүлнэ гээд дахиад хөөжээ. Одоо хэр нь Улиастайд тэр газарт нэг мод ч
тариагүй, айлууд шаваад буучихсан хэвээрээ байдаг гэж Д.Цоодол гуай ярив. Мөн
Дэнжийн мянгын газар  ч ялгаагүй гуу
дагуулж зам тавиад айлууд буучихсан л байгаа аж. Ингээд хотод энд тэнд хар бор
ажил хийж байгаад энэ газрыг 30 жилийн өмнө 20 мянган төгрөгөөр худалдаж авч
бөөн баяр болж байсан тухайгаа ярингаа тэрээр хоолой нь зангирав. Арай гэж
санаа амарч өөрийн гэсэн газартай болтол түүнийг өнгөрсөн оноос дахиад хөөгөөд
эхэлсэн нь энэ. Түүнээс хэрвээ эндээс нүүхээс аргагүй нөхцөл байдал үүсвэл та
яах вэ гэж асуухад “Одоо бол надад нас ч алга, тэнхэл ч алга. Би бол нүүж
чадахгүй гэдгээ шууд хэлж байна. Хүрз шороо дийлэхгүй, ганц хадаас хадаж
чадахгүй хөгшин хонины насгүй ганц бие өвгөн хаана очиж, хашаа хороо барьж суух
юм бэ. Гэтэл зурагтаар Хотын дарга Э.Бат-Үүл ярьж байна. Газраа чөлөөлөхгүй
байгаа айлуудын тогийг тасална, ажлаас нь хална, хорооны иргэншлээс хасч хотоос
хөөж гаргана гэнэ. Энэ ямар учиртай юм бэ. Өчигдөр хаясан шүлс өнөөдөр хатаж
амжаагүй байхад нийслэлийн дарга ингэж ярьж болох уу. Э.Бат-Үүл гэр хорооллыг
төвийн шугаманд холбож, халуун хүйтэн устай болгоно гэж ярьж байсан нь саяхан.
Монгол хүн байхад Монголын нутаг дэвсгэрээс хөөнө гэдгийг би ойлгохгүй байна.
Залуу насанд нь улс ашиглачихаад хадан гэртээ хэзээ харихаа хүлээж байхад ядаж
амар тайван явуулах хэрэгтэй ш дээ, өндөр настнуудаа. Үндсэн хуулин дахь амар
тайван амьдрах эрх зөрчигдөж байгааг Хүний эрхийн үндэсний комиссын дарга
Бямбасүрэн та анхааралдаа авч ажиллаач ээ гэж хандаж хэлмээр байна” гэв. Тэрээр
залуудаа байгууллагын машинаар хүн зөөдөг байсан аж. Гэр бүлтэй, нэг хүүтэй,
хоёр охинтой гэх боловч хоёр охин нь хамт амьдардаггүй гэсэн. Нэг охин нь
жирэмсэн, нөгөө нь өөртэй нь адил зах дээр аар саар зүйл зарж амьдрал
залгуулдаг бололтой. Харин ганц хүү нь аль эрт өөд болжээ. Одоо түүнд хамаатан
садан гээд байх хэн ч байхгүй. Д.Цоодол гуай “Up” хүүхэлдэйн киноны өв­гөн шиг
бусдад дээрэлхүүлж, ганцаардаж өдөр хоногийг өнгөрөөж байна. Нээрээ л ту­салж
дэмжих хүнгүй, өөрөө хүрз шороо даахгүй энэ настан нүүгээд хаачих ч билээ.
Түүнд өөрийн гэсэн өмчилсөн газартаа л үлдсэн насаа барах цорын ганц мөрөөдөл
бий. Тэгээд ч түүний эхнэр хүүхэдтэйгээ өнгөрүүлсэн аз жаргалтай, сайхан
дурсамж бүхэн энэ л газарт, энэ л байшинд нь өнгөрсөн нь дамжиггүй.

Одоогийн байдлаар Д.Цоодол гуайн баруун талын зургаан айл нүүсэн
гэнэ. Мөн хоёр айл удахгүй нүүхээр бэлтгэж байгаа аж. Уг нь Д.Цоодол гуайн
газар 500 метр квадрат юм байна. Тэрээр гэрээ тойруулаад сургуулиа барьчих
гэсэн хүсэлт тавьсан боловч зөвшөөрөхгүй заавал газраа чөлөөл гэсээр байгаа аж.

Д.ДАВААСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Хохирсон иргэнд уучлал үзүүллээ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан Ажлын хэсэг 2014 оны тавдугаар сарын 26-наас зургаадугаар сарын 4-нийг хүртэлх хугацаанд баруун бүсийн аймгуудад ажиллахдаа иргэдээс хүний эрхийн зөрчилтэй холбоотой гомдлыг хүлээн авч, хууль зүйн зөвлөгөө өгч ажилласан билээ. 

Энэ үеэр Комисст ирүүлсэн гомдлын дагуу иргэн Б-тэй биечлэн уулзаж, нөхцөл байдлыг тодруулсан юм. Гомдлын дагуу ажиллагаа явуулахад иргэн Б нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэрэгт 3 сар баривчлах ял шийтгүүлж, хууль бус ял шийтгэлийг биечлэн эдэлж дуусгасан боловч шүүх түүнд дахин 3 жил 4 сар 1 хоногийн хорих ял оноосон болох нь тогтоогдсон тул Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан иргэн Б-д уучлал үзүүлэхийг хүссэн билээ. Учир нь тухайн иргэнд холбогдох эрүүгийн хэргийг 3 шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн тул хэн ч хөндлөнгөөс шүүхийн шийдвэрийг өөрчлөх боломжгүй. Иймд уучлал үзүүлэх замаар төрийн алдааг залруулах боломжтойг уг хүсэлтэд дурдсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсгийг тус тус үндэслэн 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр зарлиг болгон ялтан Б-д уучлал үзүүлж, хорих ялаас бүрэн чөлөөлсөн байна.

Иргэн Б нь шүүгчдийн буруутай үйл ажиллагаанаас хууль бусаар ял эдэлсэн тул учирсан хохирол, гэм хороо нэхэмжлэхээр сум дундын шүүхэд хандахад, гомдлыг хүлээн авсан шүүгч давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр болсон байв. Ийнхүү тус эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, биечлэн ял эдэлснээс хойш 1 жил 8 сарын хугацаа өнгөрсөн байхад тус аймгийн давж заалдах шатны шүүх хурал болжээ. Давж заалдах шатны шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 31 дүгээр магадлалд “анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар давж заалдах гомдол гаргах хугацааг сунгаж ирүүлснээр” гэж тусгасан байна. Хэргийн материалаас үзвэл иргэн Б болон түүний өмгөөлөгчийн хүсэлтэд давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээх тухай огт дурдагдаагүй байхад шүүгч ийнхүү давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээснээр хэргийг дахин хянан хэлэлцэх, түүнд дахин ял шийтгэх нөхцлийг бүрдүүлсэн байв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.4, 306.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах хугацааг гомдол гаргах эрх бүхий хүний хүсэлтийг үндэслэн сэргээхээр хуульчилсан байдаг тул уг захирамж нь хууль зүйн үндэслэлгүй байсан юм.

Сум дундын шүүхийн шүүгчийн 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 33 дугаар захирамжаар давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээснээр тус эрүүгийн хэрэг дахин задарч, улмаар 2 жил 8 сарын дараа сум дундын шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолоор иргэн Б 3 жил 4 сар 1 хоногийн хорих ялаар дахин шийтгүүлж, давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хэвээр батлагдсанаар иргэн Б нэг хэрэгт 2 дахь удаагаа ял шийтгүүлжээ. Энэ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 6 дугаар зүйлд “Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тухайн гэмт хэрэгт нь зөвхөн нэг удаа эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн шударга ёсны зарчмыг зөрчсөн болохыг Хүний эрхийн Үндэсний Комиссоос явуулсан ажиллагааны үр дүнд илрүүлсэн юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МАН-ын дуу хоолой “Марзаншарав” агентлагийг татан буулгах талаар хэлэлцсэн бололтой

Саяхан АН, МАН, МАХН-ын гол хүмүүсийн төлөөлөл нууц уулзалт зохион байгуулжээ. Тэд Эдийн засгийн ил тод байдлын тухай буюу “өршөөл”-ийн хууль, Газрын тухай хуулийг хэлэлцэн батлах тухай асуудлаар ярилцаж, тохиролцсон сурагтай. 

Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль батлагдаж араас нь Өршөөлийн хууль гарвал МАН, МАХН-ын маш олон гол нөлөө бүхий хүмүүс өршөөгдөж, суллагдах гэнэ. Улсын өмчийг шамшигдуулсан, улсын их хэмжээний мөнгийг нуусан хэргээр ял эдэлж буй МАН, МАХН-ын гэсэн сэтэртэй олон хүн шоронгоос гарна гэсэн үг. Үүнийг ойлгоогүй МАН-ын жараахайнууд АН-ын оруулж ирсэн дээрх хуулийг сөрж, муулж жиргээд ихээхэн хэцүү байж. Тиймээс л тал талаасаа уулзаж нэг хэсэг нь хуулиа гаргах, нөгөө хэсэг нь хүнээ гаргах тухай ярилцаж, хэлэлцээд эцсийн тохиролцоонд хүрсэн нь энэ гэнэ. 

Уг уулзалт дээр АН-ынхан нөгөө хоёроосоо, тэр дундаа МАН-ынхнаас нэг л зүйлийг хичээнгүйлэн хүсчээ. Тэр нь “Цахим, хэвлэлийн дайралт буюу жиргээчдийнхээ амыг таглаж өгөх” тухай байсан байна. Тэрчлэн “Танай жиргээчид хууль хэлэлцэх, батлахад саад болоод байна. Та нар энэ асуудлыг шийдчихвэл бид хариуг нь барина” гэж гомдоллож учирлахыг хослуулан гуйсан сурагтай. 

Хариуд нь МАН-ыг төлөөлж очсон хүн “Та нар манай жиргээчдээс юунаас нь айгаад байдаг юм бэ. Тэд чинь PC тоглоомонд донтсон хүүхэд шиг 50 хүрэхгүй хүн байгаа. Хоорондоо цэц булаацалдан дэмийрэхээс цаашгүй амьтас байдаг юм. Танай намын гол, гол дарга нар чинь твиттерт байдаг болоод ч тэр үү жиргээчдээс ихэд эмээх юм. Түүнийг нь уншаад суудаг боломжтой хүн хаана байна аа. Яахав та нар айгаад байвал бас хүсч байвал бид жиргээчдийнхээ амыг таглая. Бүр баттай болгохын тулд Цахим ертөнцийн тухай хууль гаргаад бүхнийг зохицуулчихсан ч болно биз дээ. Ер нь асуудлыг баттай шийдэхийн тулд хуулийг нь оруулж ирээд баталчихсан нь дээр байх” гэж ярилцаад бараг тохиролцоонд хүрсэн бололтой. Тэр бүү хэл “Наад хэн чинь шоронгоос үхтэлээ айдаг юм ш дээ” хэмээн зарим твиттерчдийг нэр заан хэлж байсан сураг байна. 

Энэ бүгдээс харж дүгнэхэд МАН-ын гол сурталчид болох “Марзаншарав” агентлагийн дуу хоолой нэлээд сааралтаж магадгүй нь бололтой.

Л.МӨНХТӨР   

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Фанатуудын “галзуу” үдэш

Паркийн дэргэдэх “Хүрхрээ” асар. Зургадугаар сарын 17-нд шөнийн 00 цагаас  Герман, Португалийн тоглолт эхэлсэн юм. Герман 4:0-ээр хожлоо. Манай сурвалжлагч Ц.Мягмарсүрэнгийн гэрэл зургийн сурвалжлагаас хөл бөмбөгийн фанатуудын  үдшийг тольдоно уу. 

 

Categories
мэдээ нийгэм

Орон сууцны мкв-н үнэ 2-3 зуун мянган төгрөгөөр буурчээ

Тайлбар:
Орон сууцны үнийн хэлбэлзлийг хоёр ба зургаадугаар сарын үзүүлэлтээр харьцуулан
харууллаа.

Өнгөрөгч
оноос идэвхтэй өсчбайсан орон сууцны үнэ сүүлийн хоёр сар дараалан буурсан
үзүүлэлт гарчээ. Барилгын салбарын судалгааны байгууллагуудын гаргасан
үнэлгээгээр гуравдугаар сард хамгийн өндөр буюу дундажаар 2.5 саяд хүрээд
байсан нэг метр квадрат орон сууцны үнэ зургаадугаар сарын байдлаар 2.2сая болж
буурсан байна. Иргэдийн ихээр сонирхдог байршил буюу Сүхбаатар, Хан-Уул
дүүргүүдэд орон сууцны нэг метр квадратын үнэ гуравдугаар сард дунджаар 2.2 сая
байсан бол энэ сард 2 сая болтол буурчээ. Мөн Сонгино Хайрхан дүүрэгт байрлах
орон сууцнууд дунджаар 1.8 байсан ба одоо 1.6 сая болтлоо буурчээ.

Байршлаасаа
шалтгаалж орон сууцны үнэ харилцан адилгүй байгаа хэдий ч бүх дүүргүүдэд
буурсан үзүүлэлт ажиглагдаж байна.

-ЦААШИД
ОРОН СУУЦНЫ ҮНЭ 2-3 ДАХИН БУУРНА ГЭВ-

Мөн
оронсууцны үнэ цаашид энэ мэтээр буурч тогтворжижодоогийн байгаа үнээс даруй
хоёроос гурав дахин буурах таамаг байна. Учир нь “100 мянган айлын орон сууц”
хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн, мөн барилгын компаниуд тэнгэрт хадсан, худлаа үнийг
зохион ард олныг мэхэлж байсантай холбон тайлбарлаж байна.

Эх сурвалж www.medee.mn

Д.СУГАРМАА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Газрын тосны үйлдвэр байгуулах шийдвэрээсээ Засгийн газар ухарч байна

“Дархан газрын тос боловсруулах үйлдвэр” компанийн захирал, академич
Т.Намжимтай ярилцлаа.

 

-Н.Алтанхуяг,
Ш.Абэ хоёрын гарын үсэгтэй баримт бичигт Дарханд газрын тос боловсруулах үйлдвэр  барих төсөлд хамтарна гэсэн утгатай өгүүлбэр дурайж
байгаа. Гэтэл манай засаг газрын тосны үйлдвэр барина гэсэн санаанаасаа буцлаа гэсэн
яриа сонсогдох юм. Энэ үнэн үү?

-Энэ төслийн хэрэгжилтийн хувьд дотоодод саармагжих нөхцөл байдал
үүсээд байгааг үгүйсгэхгүй.  Гэхдээ засаг
ч биш л дээ. ҮАБЗ-өөс зөвлөмж гарсан байна лээ.

-ҮАБЗ-өөс
ямар зөвлөмж гаргасан юм бол?

-“Газрын тос боловсруулах үйлдвэрийг дотоодын тосыг ашиглах аргаар
бодож байгуулах хэрэгтэй” гэсэн  ганцхан заалттай
зөвлөмж байна лээ. Дарханы үйлдвэрийн хувьд 
дотоодын олборлосон тосны хэмжээ хүрэлцээтэй болж, зам тээврийн нөхцөл нь
бүрдвэл мэдээж  дотоодын тосоо боловсруулж
таарна. Дотоодын тосны нийт нөөцийн 90 хувь нь Тамсагт бий. Олборлолтыг нь Хятадын
компани хийж байгаа. 24-25 хувь нь Монголд бүтээгдэхүүн хуваах гэрээгээр ногдож
үлдсэнийг нь  Хятадын компани авч байна. Түүхий
тосыг хаанаас ч авсан дэлхийн зах зээлийн үнэ үйлчлэх учраас эндээсээ худалдаж авахад
асуудалгүй. Ганцхан зам тээврийн нөхцөл гэсэн том асуудал бий.

-Зөвлөмж
бол шийдвэр биш. Засагт өөрт нь сонирхол байхгүй юм биш үү?

-Засгийн газрын хувьд  газрын
тосны үйлдвэр байгуулах ийм том төсөлд сонирхолгүй байж болмооргүй л дээ.

-Гэхдээ
л шийдвэрийг Засгийн газар гаргана?

-Засаг үйлдвэр байгуулна гэсэн шийдвэрээ гаргачихсан байгаа шүү дээ.

-Н.Алтанхуяг
сайдыг “Нефтийн үйлдвэр барих төслийг хувийн хэвшлийн шугамаар хэрэгжүүлнэ биз дээ.
Дарханы үйлдвэр барих асуудал юу болж байгааг мэдэхгүй” гэж ярихыг телевизээр сонссон.
ҮАБЗ-ийн зөвлөмж, Дарханы үйлдвэрийг төрийн эзэмшилтэй барина гэсэн тохироог бодохоор
засагт өөрт нь учир бий гэсэн хар төрөөд байна л даа?

-Шууд тэгж хэлэх нь ч юу юм. Н.Алтанхуяг сайдыг телевизээр тэгж хэлэхийг
би ч гэсэн сонссон. Аймгуудын теле хурал дээр Дарханы Засаг дарга “Дарханд байгуулах
төсөл юу болж байгаа бол” гэж асуусан юм. 
Төр хувь эзэмшихгүй гэвэл асуудалгүй. Хувийн хэвшил хэрэгжүүлээд явах бололцоотой.
Энэ төсөл анхнаасаа ийм зарчмаар явж байсан. Өмнөх Засгийн газрын үед төрийн оролцоог
40 хувь болгуулсан. Харин өнөөгийн Засгийн газар батлан даалт гаргана гээд төрийн
эзэмшлийг 51хувь болгосон юм. 

-Дарханд
газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах талаар өмнө нь гарсан шийдвэрүүдээр ярилцлагаа
үргэлжлүүлье.  Засгийн газраас ямар ямар шийдвэр
гарлаа?

-Таны ярианыхаа эхэнд онцолсон баримт бичиг байна. Ноднин есдүгээр
сард Ерөнхий сайдыг Японд айлчлахад Н.Алтанхуяг, Ш.Абэ нар Стратегийн түншлэлийн
дунд хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурсан юм. Энэ хөтөлбөрт “Хоёр орны Засгийн
газар Японы олон улсын хамтын ажиллагааны банк болон хувийн хэвшлийн хамтарсан зээлийн
хөрөнгөөр Монголын Дарханы газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахад үргэлжлүүлэн
хамтарч ажиллана” гэсэн заалт бий. Дараахан нь Ерөнхийлөгч Нью-Иоркоос Токиогоор
дайрч ирэхдээ Ш.Абэ Ерөнхий сайдын өргөөнд 
зочилсон юм. Ш.Абэ анх удаа гадаадын төрийн тэргүүнийг өргөөндөө хүлээж авсан
нь тэр. Тухайн үед Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч “Манай хоёр орны Ерөнхий сайд нарын гарын
үсэг зурж байгуулсан стратегийн түншлэлийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх
талаар эрчтэй хамтран ажиллая” гэж мэдэгдэж байсан. Шинэчлэлийн  Засгийн газар өнгөрсөн онд энэ төслийг хэрэгжүүлэх
талаар хэд хэдэн тогтоол гаргасан. 2013 оны нэгдүгээр сарын 22-нд есдүгээр тогтоол
гэж баталсан юм. Үйлдвэр барьж байгуулах үндсэн үүргийг УУЯ, ЭЗХЯ-нд, Японы олон
улсын хамтын ажиллагааны банктай зээлийн хэлэлцээр хийх үүргийг ЭЗХЯ-нд, зээлийн
баталгаа гаргах арга хэлбэрийг судалж, танилцуулах үүргийг Сангийн яаманд өгсөн
юм. Түүхий тосоор хангах үүрэг нь  Уул уурхайн
яаманд оногдсон. Үйлдвэрийн  хувьд ТЭЗҮ, зураг
төсөл нь бэлэн болчихсон. Манайд зээл олгох Японы олон улсын хамтын ажиллагааны
банк  гэрээний төслөө өгсөн байгаа. ЭЗХЯ гэрээ
байгуулахад болж байна гэсэн хариу өгсөн. Ажил энэ мэтээр эрчтэй өрнөж байсан.

-Япон
Улстай засгийн түвшинд ярилцсан зүйлээсээ ийм амархан буцаж болдог юм байх даа?

-Хамтын түншлэлийн ийм том хөтөлбөр байгуулчихаад ухарвал олон улсын
ёс жудаг талаасаа мэдээж эвгүй. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар нь хэдхэн сарын өмнө
хэлсэн үгнээсээ буцвал таатай харагдахгүй л дээ. Гадаад яаманд урьд жилүүдэд ажиллаж
байсан улс ч гайхаж байна лээ. Япон Улс өнгөрсөн хориод жилд манай улсад хоёр тэрбум
илүү ам.долларын буцалтгүй тусламж болон Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээл олгосон.
Сүүлийн хориод жил олон улсын санхүүгийн байгууллагаас олгосон зээл тусламжийн хэмжээтэй
харьцуулахад Японых дангаараа хамаагүй давж байгаа. Хоёр Ерөнхий сайдын гарын үсэг
зурж баталгаажуулсан хөтөлбөрт хоёр тоймтой юм орсны нэг нь Дарханы үйлдвэр. Нөгөөх
нь Хөшигтийн хөндийн онгоцны буудал. Метро ч яригдаж байгаа. Жишээ нь Япон л биднийг
метротой болгож чадна. 

-Дарханы
шатахууны үйлдвэрийн төслийн явц ямархуу байгаа вэ?

-Тоёо инженеринг корпораци Техникийн зураг төсөл боловсруулах ажлыг
өнгөрсөн  гуравдугаар сард  дуусгасан. Одоо бариулах компанийг нь сонгох асуудал
яригдаж байна.  “Тоёо инженеринг” компани
ТЭЗҮ, зураг төслийг нь  боловсруулсан ч яг
барихыг нь өөр компани хийх төлөвтэй болоод байгаа.  “Марубени” корпораци энэ сарын сүүлээр үйлдвэр
барих компанийнхантайгаа ирэх байх.

-ТЭЗҮ-д
Японы талаас багагүй мөнгө зарцуулсан байх аа?

-ТЭЗҮ-ийг Японы олон улсын хамтын ажиллагааны банкны зардлаар Японы
мэргэжлийн корпорациар хийлгэсэн. Сая ам.долларын буцалтгүй зардлаар хийсэн юм.
Учир нь Японы Засгийн газрын банк өөрсдийнхөө боловсруулсан ТЭЗҮ-ийг санхүүжүүлдэг
юм. Экспортын харьцангуй урт хугацаатай хямд хүүтэй зээл олгож дэмждэг.

-Ордтой
нь ойролцоо шатахууны үйлдвэр барина гэж ярьж байна. Дорнод, Чойр гэсэн хувилбар
байх шиг. Ингэхэд ордын хажууд газрын тос боловсруулах үйлдвэр барих нь эдийн засаг
талаасаа хэр ашигтай вэ?

-Газрын тос боловсруулах үйлдвэрийг хэрэглээний гол бүсэд нь байгуулдаг.
Олборлож байгаа газрынх нь дэргэд байгуулсан жишиг дэлхийн хаана ч байхгүй. Манай
улсын шатахууны нийт хэрэглээний 90 хувь нь төвийн бүсэд байдаг. Баруун, зүүн бүсэд
тав, таван хувь нь ногдож байгаа. Бидний ярьж байгаа боловсруулах үйлдвэрээс зургаа,
долоон төрлийн бүтээгдэхүүн гарна. Хэдэн төрлийн бензин, дизель, онгоцны түлш гээд
бүтээгдэхүүн  бүрийг тусад нь тээвэрлэх учиртай.
Харин түүхий тос бол өөр. Тамсагаас вагонд ачаад үйлдвэрт хүргэчихнэ. Тээвэрлэлтийн
зардал талыг нь харвал газрын тосны үйлдвэр хэрэглээндээ ойр байсан нь илүү дээр.
Мөн боловсруулах үйлдвэрийг  дэд бүтцийн нөхцөл
бүрдсэн газар байгуулах ёстой. Тээвэрлэх төмөр замаас гадна асар их цахилгаан, усны
хэрэглээ шаардана. Дарханд барих хоёр сая тонн түүхий тос боловсруулах үйлдвэрт
45 МВт-ын цахилгаан хэрэгтэй. Ийм хэмжээний цахилгааны хэрэгцээг хангах боломжтой
газар бол Дархан. Дорнод, Чойрт тийм хүчин чадал байхгүй.  Энэ үйлдвэр хоногт 6800 тонн ус хэрэглэнэ. Энэ
хэмжээний усаар хангах усны байгууламжтай газар Дарханаас өөр байхгүй. Усны нөөцийн
хувьд Дархан усныхаа бүх байгууламжийг  ЖАЙКА-гийн
шугамаар шинэчилсэн. Дархан ус суваг хоногт 70 мянган тонн ус нийлүүлэх хүчин чадалтай.
Дархан хотын одоогийн хэрэглээ нь 12 мянга гаруй тонн. Үйлдвэр ашиглалтад ороход
6000 гаруй тонн болно. Цаана нь тавиад мянган тоннын хүчин чадал үлдэж байгаа.

-Манай
газрын тосны одоогийн нөөц Дарханы үйлдвэрийн хэчнээн жилийн хэрэглээг хангах бол?

-Дорнодын хэмжээнд олборлох нийт нөөцийн хэмжээ 40 гаруй сая тонн.
Жилд хоёр сая тонныг боловсруулна гэхээр 
хориод жилийн нөөц гэсэн үг.

-Оросын
талаас  түүхий тосоо нийлүүлэхээ больчих вий
гэсэн болгоомжлол  ҮАБЗ-д байсан юм болов
уу?

-Дотоодын нефтийн хэмжээ бага, үйлдвэр ашиглалтад орох хугацаанд
төмөр зам тавигдаж амжихгүй бол Эрхүүгийн нефтийн үйлдвэрээс  түүхий тос авах тохироог 2010 онд хийсэн. Эрхүүгийн
нефтийн компани,  “Монгол секью” компани,
“Марубени” корпорацийн төлөөлөл гэрээ байгуулсан юм. “Марубени” корпораци урьд нь
Эрхүүгийн нефтийн компанитай  нефть, газын
салбарт хамтран ажиллах харилцан тохиролцооны меморандум байгуулсан байсан. Эрхүүгийн
нефтийн компани энэ хүрээндээ Японд болоод Зүүн хойд Азийн орнуудад түүхий тос болон
газын конденсац экспортлоход хамтрах тохироо хийсэн юм билээ. Бидний байгуулсан
гэрээ үйлдвэр ашиглалтад орж түүхий тос импортлох хүртэл хүчинтэй. Ийм тусгай заалт
оруулсан юм. Үүнийгээ баталгаажуулах үүднээс УУЯ, Дархан газрын тос боловсруулах
үйлдвэр компани, Японы Марубени корпорациуд 
үндсэн гэрээ гэж байгуулсан. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр
байгуулсан энэ гэрээнд Эрхүүгийн нефтийн компаниас Дарханы үйлдвэрт түүхий тос нийлүүлэх
гэрээ  байгуулахад Марубени оролцоно, Оросын
талаас түүхий тос нийлүүлэхэд хүндрэлтэй нөхцөл үүсвэл “Марубени” ОХУ-аас Японд
импортолж авах түүхий тосноосоо Дарханы газрын тосны үйлдвэрт нийлүүлнэ гэсэн заалт
багтсан.

-Эрхүүгийн
нефтийн компани Японд түүхий тос нийлүүлж байгаа юу?

-Нефть, газын ордтой энэ компани Японд алс Дорнодын хоолойгоор түүхий
тос нийлүүлж байгаа. Өнгөрсөн онд гэхэд гурван сая тонн түүхий тос нийлүүлсэн. Түүхий
тосны хоолой явсаар Япон тэнгисийн эрэгт хүрч байгаа. Япон улс тэр хоолойгоор  40 сая тонн түүхий тос авч байна. Хэрвээ Оросын
талаас манайд нийлүүлэх боломжгүй гэвэл “Марубени” Япон руу  импортолж байгаа тосноос нь Дарханы үйлдвэрт нийлүүлэх
үүрэг хүлээж байгаа юм. Үндсэн гэрээнд УУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, Марубени
корпорацийн нефтийн импортын асуудал хариуцсан газрын дарга бид гурав гарын үсэг
зурсан. Ердөө хэдхэн сарын өмнө байгуулсан гэрээ. Дахин хэлэхэд бидний үндсэн зорилго
бол мэдээж дотоодоосоо түүхий тос авах.

-Эрхүүгийн
компаниас нефть авах, Дорнодоос төмөр замаар нефть тээвэрлэх хоёрын зардлын зөрүүг
сонирхмоор байна?

-Эрхүүгийн нефтийн компаниас нүүрс авбал Наушкаар тооцоо хийгдэнэ.
Наушкаас Дархан хүрэхэд 121 км. Нэг тонн түүхий тосны зардал гурван ам.доллар байх
юм. Дорнодоос төмөр замаар түүхий тос татахад 30 орчим ам.долларын зардал гарна.

-Үйлдвэр
ашиглалтад орвол дотоодын зах зээлийн хичнээн хувийг хангах бол?

-Ойрын ирээдүйн хэрэглээг 100 хувь хангана.Өнөөдөр монголчууд жилдээ
сая 200 мянган тонн бензин, дизелийн түлш хэрэглэж байна. Дарханы  үйлдвэр сая 600 мянган тонн бензин дизелийн түлш
үйлдвэрлэнэ.  Нисэх онгоцны түлш, мазотын
хэрэглээг мөн бүрэн хангана. Хамгийн олзуурхмаар нь евро-5-аас дээш үзүүлэлтийн
шатахуун үйлдвэрлэнэ. Японы стандарт нь тийм л дээ. Дизелийн түлш,  95, 98 үйлдвэрлэнэ.  Хойд хөршөөс 
авч байгаа дизель түлш хүхрийн агуулга, хар тугалга ихтэй. Энэ үйлдвэрээс
гарах түлш хар тугалганы агуулгагүй байна. Хүхэргүйгжүүлэх байгууламжтай байх юм.
Үйлдвэрт байх 16 техникийн байгууламжийн нэг нь л дээ. Ес нь Японы патенттай тоног
төхөөрөмж, долоо нь Францын “Аксенс” компанийн патенттай. “Аксенс”-ийн дэд ерөнхийлөгчтэй  лицензийн нууцлалын гэрээ байгуулсан байгаа. Европын
орнууд Оросоос авсан дизелийн түлшээ дахин боловсруулж хэрэглээнд гаргадаг. Манайд
ажиллаж байгаа гадаадын уул уурхайн том компаниуд “машин техник стандартын бус шатахуунаас
болж эвдрээд байна, стандартын түлшээр хангаач” гэсэн шаардлага тавьдаг нь ийм учиртай.

 Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Арилжааны банкууд ТҮЦ машины лавлагааг хүлээн зөвшөөрөхгүй байна

 “Төрийн үйлчилгээний машин” буюу ТҮЦ машинаар дамжуулан иргэдэд олгож байгаа лавлагаа, тодорхойлолтыг арилжааны Хаан, Худалдаа хөгжил зэрэг банкууд хүчин төгөлдөр бус гэж үзсэн талаар иргэд 11-11 мэдээлийн төвд гомдол гаргажээ. Улсын бүртгэлийн ерөнхий газраас арилжааны банкуудад хандаж ийм лавлагаагаар чирэгдэлгүй үйлчлэх хүсэлт тавьсан ч асуудал шийдэгдээгүй аж. ЗГХЭГ-аас Монгол банкинд ТҮЦ машинаас гаргаж буй лавлагаа, тодорхойлолтоор үйлчилгээ үзүүлэхийг арилжааны банкуудад мэдэгдэж холбогдох ажлыг хамтран зохион байгуулж, хэрэгжүүлэхийг даалгасан ч өнөөдрийг хүртэл дээрх банкууд иргэдэд үйлчилгээ үзүүлэхгүй байгаа гэнэ. 

ТҮЦ машинаар дамжуулан олгож байгаа лавлагаа нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12, 16 дугаар зүйл, Засгийн газрын 2010 оны 37 дугаар тогтоолыг тус тус үндэслэн улсын бүртгэлийн нэгдсэн сангаас гарч байгаа өндөр технологийн дэвшил, нууцлал бүхий үнэт цаасаар хэвлэгддэг байна. 

Categories
гадаад мэдээ

Казахстанд 21 цагаас хойш архи худалдахыг хориглов

Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев Архи, согтууруулах ундааг зохицуулах хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд гарын үсэг зуржээ. Энэ хуулийн дагуу одоо Казахстан улсын нутаг дэвсгэрт 21.00 цагаас 12.00 цагийн хооронд архи, согтууруулах ундаа худалдаалахыг хатуу хоригложээ. Хууль гаргах болсон шалтгаан нь эдийн засгийн эрх ашиг, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах гэнэ. Автомашины зогсоол, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, спортын талбай, цэнгэлдэх хүрээлэнд архи худалдаалахыг хуулиар хоригложээ. Өмнөх хуулийн хориг нь 23.00 цагаас 8.00 цагийн хооронд үйлчилдэг байжээ.  

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Испанийн шигшээ баг ДАШТ-д үргэлжлүүлж тоглох боломжгүй боллоо

ДАШТ-ий  В хэсгийн хоёрдугаар тойргийн хүрээнд цомыг хамгаалагч Испанийн шигшээ баг Чилийн шигшээ багтай  тоглож 2:0 харьцаатай ялагдал хүлээлээ. Ингэснээр Испанийн шигшээ баг ДАШТ-ийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болж, хэсгээсээ шалгарч чадсангүй. Испанийн шигшээгийн хувьд багийн гол найруулагчийн нэг Шави Эрнандезийг сэлгээнд суулгаж довтлогоог дэмжих зорилготой Педрог баруун жигүүрт гаргажээ.  Мөн төвийн хамгаалалтанд өмнөх тоглолтонд муу тоглолт үзүүлсэн Херард Пикегийн оронд Баерны Хави Мартинез гараанд гарсан байна. Бусад байрлалуудад яг өмнөх тоглолтонд тоглосон хэлбэрээрээ тогложээ.