Categories
мэдээ нийгэм

Толгой байхад Дамаскаас малгай олдоно

Монголчууд бид эртнээс ийн ярьдаг байлаа. Дэлхийн хамгийн эртний
хотуудын нэг Дамаск хэзээнээс эдийн засаг, худалдааны гол цэг, хүн төрөлхтний хөгжлийн
үзүүлэн болсон газар байсаар ирсэн. Тэр ч утгаараа монголчууд алс холын Дамаскт
хүрч л чадвал тэндээс юу чиг л олдо­но хэмээн ийн хэлэлцдэг бай­жээ. Нөгөө “Бээжин
ява­хад булигаар олдоно” гэдэг шигээ л хэлж байгаа хэрэг шүү дээ. Алеппогийн худалдаачид,
Дамаскийн сайн эрчүүдийн тухай эртний уран зохиолд ч түүх болон үлдсэн байдаг. Бидний
бага залуудаа уншиж ирсэн “Мянга нэгэн шөнийн үлгэр”-т хүртэл худалдаачин эр өөрийнхөө
үнэт эдээ чаддаг юм бол хул­гайл л даа гэж бусдыг шордон Дамаскийн сайн эрчүүдээ
гэж уриалж байгааг дүрсэлсэн байдаг. Үнэндээ ч монголчууд Дамас­кийн малгайны талаар
эртнээс мэдэх улсууд. Сирийн түүхэнд 1240 оноос эхлэн монголчуудын дайралт довтол­гоонд
өртөж эхэлсэн талаар өгүүлсэн байдаг бөгөөд 1260, 1300 онд Алеппо, Дамаск монголчуудын
гарт үнсэн товрог болж байлаа. Бүр нарийвчилбал 1260 оны гуравдугаар сарын 1-нд
Найманы Хитбух ноёны удирдсан монгол цэр­гүү­дэд Дамаск эзлэгдэж тухайн үеийн хаан
Ан Насир Юсуф дутаасан ч Газын зурвас орчимд баригд­сан гэх баримт бий. Гэхдээ монголчууд
түүний амийг хороолгүй, харин хөх тэнгэрийн дор монголчуудыг эзнээ гэж үзвэл хуучин
нутгаа захи­ран суухыг зөвшөөрсөн бай­даг. Ийнхүү нэгэн цагт бид эзэн сууж, очоотохвол
малгай юутай хээтэй нь авч болдгийг өөр хоорондоо хэлэлцэн суу­сан энэ нутагт юу
болоод байна вэ.

Сири бол хэзээний баян тансаг, эд баялгаар  умбаж ирсэн тэр имижээ алдалгүй өнөөг хүрсэн Арабын
орон. Газрын тос, байгалийн хийн нөөцөөрөө дэлхийд дээгүүрт орно. Тэд тусгаар тогтносон
жараад оноос хойш нам гүмхэн, ажин түжин байж хаана баялаг байна тийш шунан ордог
дэлхийн том гүрнүүдийн ашиг сонирхлоос үлдэж хоцрохыг хичээж ирсэн юм. Гэвч Арабын
хувьсгал хэмээх том давалгаа өрнөж, тэд хүссэн хүсээгүй түүнд татагдан орсон билээ.
Түүхэндээ үе, үеийн байлдан эзлэгчдийн шүлсийг гоожуулж сонирхлыг татаж энэ хэрээрээ
зовлон амсч байсан сиричүүдэд шинэ нөхцөл байдал тулгарсан. Ингэснээр эрдэмтдийн
тог­тоос­ноор хүн төрөлхтний суурин иргэншлийн хамгийн эртний төв гэгдэх Сирид амьд­рал
тэс өөр болж эхлэв. Иракчууд нэгэн үе баастай бурхан мэт шүтдэг байсан Саддам Хусейнээ
газар дор ортол муучлах болсон. Сүүлдээ түүнийг америкчууд нохой шиг дүүжлэхэд иракчууд
болох ёстой зүйл болж байгаа мэт хүлээн авав. Дараа нь ливичүүд өөрсдөө М.Каддафигаа
хонгилоос чирч гаргаж ирээд л нүдээд алчихсан. Нэг талаас тэд дарангуйлагчид байсан
байж болох ч энэ орны иргэд өлсч үзээгүй, гэр бүл боллоо гэж, үр хүүхэдтэй болсон
гэж улсаасаа тэтгэмж авахыг л мэддэг хүмүүс байлаа. Дэлхийн зарим орны иргэдийнхээр
бол тэд диваажинд амьдарч байв. Арван таван толгойтой атгаал­жин мангасуудаа дарж
аваад сайхан амьдрах байсан бол жаргахаар л боллоо, арабууд. Гэвч тийм биш ажээ.
Одоо хаана нутагт нэгтнээ хөнөөж байна, хаана үхэл хагацал болж байна, хаана хүн
ёсны амьдрал алдагдаж байна. Арабын л орнуудад. Ардчилсан хувьсгал гэж дөгөөж байсан
ч эргээд амар амгалан тогтохгүй ингэж удаан хямарвал ямар юмных нь ардчилал, хүний
эрх, эрх чөлөө байхав дээ гэж бодохоор. Ирак, Египет, Ливи, Тунис гээд ар араасаа
хувьсгал гарч байсан өдрүүдэд одоо Сири гэсэн хүлээлт их байлаа. Гэвч Сирийн Башар
Асад гэж өнөөг хүртэл сууриа тавьж өгдөггүй нэг хүн оршин тогтносоор байна. Башар
Асад бол башир ч хүн юм бас баатарлаг ч нэгэн юм. Сири бол асар их баялаг гэхээсээ
гадна газарзүйн хамгийн тохиромжтой хэсэгт байдаг учраас гадныхны шуналыг үргэлж
хөдөлгөж байдаг зовлонтой гэмээр газар. Газарзүйн байрлал нь зовлон дагуулдаг Афганистан,
Украины жишээг бид харж л байна. Өрнөдийнхөн Оросыг бүслэх бодлогыг байнга явуул­даг.
Тэр ч утгаараа Сири өрнөдийнхөнд ч, оросуу­дад ч чухал бүс нутаг. Хэрэв барууныхан
Сирийг нөлөөндөө авчих юм бол Орост асуудал үүснэ. Харин оросууд Сирийг дэмжиж,
түншээ алдахгүй байхаа мэднэ. Түүнээс гадна Сирийг мэдэлдээ авчихвал Ойрхи Дорнодыг
бүхэлдээ хянах боломжтой гэдгийг аль аль нь хамгаас сайн мэдэж байгаа. Гадны хүчин,
тэдний эрх ашгийг хангаж байвал тухайн орны иргэдийн амьдрал, амь насны баталгаа
хэнд ч падгүй ажээ. Харин үүнийгээ хүмүүсийн сайн сайхны төлөө хийж байгаа мэтээр
сурталчлахад л хангалттай. Хоёр өөр ертөнцийг холбодог газарзүйн байрлалынхаа төлөө
сиричүүд үргэлж золиос болж ирсэн гэвэл хэн ч үгүйсгэхгүй билээ. Үнэндээ өнгөрсөн
он жилүүдэд Башар Асад гол асуудал байсан гэвэл үгүй. Үүнийг ч хүмүүс мэддэг болжээ.
Асуудал нь Сирийн байршил, баялаг юм.

Сирийн газрын тосны нөөцийг тогтоох судалгааны ажил 1980-аад оны
дунд хавьд эхлэхэд АНУ голлон тусалж байлаа. Тухайн үедээ дэлхийн 70 жилийн хэрэглээг
хангах газрын тос байгаа гэсэн тооцоо гарч байсан гэдэг. Ерээд оны дунд үед Сири
АНУ-аас гадна Европын орнуудад газрын тосоо нийлүүлдэг байлаа. Харин одоо хориг
тавьчихсан. ОХУ энэ бүг­дийг үл хамааран Сирийн экспортыг дэмжиж байгаа нь газрын
тос хэрэгцээтэйдээ бус Сирийг алдахгүй байхад л гол учир нь байгаа юм. Ер нь сүүлийн
жилүүдэд Их хорь болон дэлхийд нөлөөтэй гэгдэх бүхий л орны төрийн тэргүүнүүд Сирийн
асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Тэд бүр хуваагдаж ирээд энэ талаар маргалддаг
байлаа. Гэхдээ тэд үнэхээр Сирийн ард түмний төлөө санаа зовниж байна гэж үү. Үнэндээ
аль нэг улс гүрэн, тэдний үндэстний төлөө тэр орны л хүмүүс өөрс­дөө сэтгэлээ чилээхээс
гадныхан зүтгэнэ гэж хэзээ ч байхгүй. Сирийн иргэний дайн эхэлснээс хойш 106 мянга
орчим хүн амь насаа алдсан гэсэн тооцоо байдаг. Сөрөг хүчнийхний мэдээлснээр энэ
үзүүлэлт 110 000-162 400 гэгдэж буй. Үүнээс 12 мянга орчим хүүхэд амь насаа алдсан
үүнээс багагүй тооны эмэгтэйчүүд хорвоог орхисон гэсэн судалгаа ч бий.

Сирийн сөрөг хүчин өрнө­дийнхний тус дэмийг багагүй хүртлээ. Энд
ч дайн, тэнд аллага. Байдал эвгүйтэж эхэлс­нийг бусад орны жишээ­нээс харсан Башар
Асад Оро­соос зэвсэг базаасан нь Сирийн сөрөг хүчнийг бусад орны сөрөг хүчнүүд шиг
азтай байлгаж чадсангүй. Одоо тэд ч цуцаж, бас ард түмэн дотоодын зөрчил сайн зүйл
авчрахгүйг ухаарах бол­жээ. Энэ сарын 3-ны өдөр бол­сон Ерөнхийлөгчийн сон­гуу­лиар
Башар Асад ялалт бай­гуулсан. Хэдийгээр санал хураалтад хангалттай сонгогчид оролцоогүй
гэсэн шүүмжлэл байгаа ч нийт оролц­сон хүмүүсийн 88.7 хувь нь өнөөх Асаддаа итгэл
үзүүлсэн байгаа юм. Олон жилийн сонгуулийн түүхэнд өөр намын нэр дэвшигч өрсөлдөж
байгаагүй энэ сонгуульд анх удаа нэр дэвшсэн нөгөө хоёр нэр дэвшигч нь 3.2, 4.3
хувийн санал авчээ. Босогчид голдуу байх хотууд, бүс нутагт санал хураалтыг явуулаагүй
гэсэн шүүмжлэл байгаа ч олон улсын ажиглагчид тус сонгуулийг шударга, чөлөөт сонгууль
болсон гэж дүгнэсэн байна. Сиричүүдийн сонголт сөрөг хүчин байсангүй. Сирийн сөрөг
хүчин бол терро­ристууд гэдгийг хэн ч мэднэ. Тэр ч үүднээсээ тэдэнд итгэл үзүүлбэл
олон улсын тавцанд нэр хүндээ алдах аюултай гэдгийг иргэд ойлгосон байж болно. Бас
башир ч гэсэн Башар нь тэднээс дээр гэж тэд сонголтоо хийжээ. Сири бол эртний төрт
ёсны уламжлалтай ард түмэн. Тийм ч болохоор хоёр жил гаруйн турш өрнөж буй гадна
дотны мөргөлдөөн тэднийг асуудлаа өөрөөр харахад хүргэжээ. Тэдэн дээр хоёр жилийн
турш явуулаад бараа­гүй аргыг Украинд хэрэг­жүүлэхэд юу болов. Украин гэдэг улс
үндсэндээ байхгүй болчихлоо. Харин сиричүүд зүтгэсээр байгаад нэг талдаа гарч өнөөх
Башар Асадаа сонгож байна. Тэр дахиад долоон жил төрийн тэргүүний албыг хашна. Тэгэхээр
сиричүүдийн сонголт бол муу ч гэсэн урцандаа, муухай ч гэсэн Башартайгаа үлдэх явдал
болжээ. Үнэндээ дэлхий дээрх хамгийн олон дүрвэгчтэй улс Сири болсон. Бараг манай
улсын хүн ам тэр чигээрээ буюу 2.5 сая хүн нь хөрш зэргэлдээ улс руугаа дүрвээд
байна. Гэхдээ суурин иргэншлийн дэлхийн түүх болсон энэ улсад сайн сайхан өдрүүд
дахиад ирэх биз ээ.

Хэчнээн өлсч, хэчнээн хэцүү байж болох ч гадны хатгаасаар хоорондоо
эв эвд­рэл­цэж болохгүй шүү гэд­гийг эрт холын түнш Дамаск нутгийнхан маань бидэнд
сануулаад байх шиг. Гаднаас хөдөлгөх хар гар дандаа байж байдаг. Зөвхөн өөрсдөө
л эвтэй бол тэр гар ямар ч хүч­гүй гэдгийг бид санах ёстой юм.

Э.ЭНЭРЭЛ

Categories
гадаад мэдээ

Дэлхийн хамгийн өндөр байшинг Хятадад барина

Их Британийн архитекторчид дэлхийн хамгийн өндөр хос өндөр байшинг барих төслийг удахгүй хэрэгжүүлж эхлэх гэнэ. “Phoenix Tower“ нэртэй хоёр байшинг Хятадын Ухань хотод барихаар төлөвлөжээ. “Chetwood Architects” нэртэй төслийг Их Британи болон Хятад архитекторчид хамтран ажиллаж байгаа. Эрэгтэй, эмэгтэй хүнийг бэлэгдсэн хоёр байшиннарны зай болон салхны сэнсний тусламжтайгаар цахилгаанаа хангах гэнэ. Эрэгтэйг бэлгэдсэн байшинд  арилжааны төв, эмэгтэй бэлгэдсэн байшинд нь соёлын арга хэмжээг зохион байгуулж байхаар төлөвлөжээ. Нэг километртэй тэнцэхүйц өндөр байшин нь дэлхийн хамгийн өндөр байшин болно.

Ю.Дэлгэр

Categories
мэдээ нийгэм

Дугаараа солихгүйгээр оператор компаниа сольж болно гэв

 Харилцаа холбооны зохицуулах хорооноос Монгол Улсад “Дугаартайгаа шилжих үйлчилгээ” (Number Portability)-г нэвтрүүлэх боломжийн талаар суурь судалгаа хийж дүгнэлт, санал боловсруулан ажиллажээ. Дугаартайгаа шилжих үйлчилгээ гэдэг нь хэрэглэгч үйлчилгээ авч байгаа оператор компаниа өөрчлөх тохиолдолд одоогийн ашиглаж буй дугаараа солихгүйгээр үргэлжлүүлэн ашиглах боломжийг олгодог үйлчилгээ юм байна. Өөрөөр хэлбэл хэрэглэгч нэг оператор компанийн бүртгэлээс гарч өөр оператор компанийг сонгон шинээр хэрэглэгч болох үедээ шилжин очиж буй үйлчилгээ эрхлэгчээс дугаар авалгүйгээр одоо ашиглаж буй хуучин дугаараа шилжүүлэн хэрэглэх боломжтой болох ажээ.Энэхүү боломжийг бий болгохын тулд Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан байна. Энэ асуудлыг УИХ-ын байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ. 

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн Солонгос үндэстний форум Монголд болно

“Кориа
Глобал” сангаас МУИС-ийн дугуй зааланд “Дэлхийн Солонгос үндэстний 15 дугаар
форум- 2014 Улаанбаатар” энэ сарын 23, 24-нд зохион явуулахаар төлөвлөжээ. Уг
форумыг анх 2000 онд Нью-Иорк хотноо зохион байгуулж  байж. Үүнээс
хойш дэлхийн нөлөө бүхий хотуудад жил бүр уламжлал болон хийж иржээ. Харин энэ
удаа Улаанбаатарыг сонгосон аж.  

Categories
мэдээ нийгэм

Хүй долоон худагт замын газар шорооны ажил өрнөж байна

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг баталсан.

Хүй долоон худгийн наадмын үйлчилгээний төвүүдийг холбосон тусгай зориулалтын 2.7 км авто зам барих, 1.5 га талбайд 500 автомашины зогсоол барих, үйлчилгээний төвүүдийг холбосон 3 м өргөнтэй 800 у/м явган хүний цементбетон зам барих, давааны өртөө, рейлбусын буудлын зогсоолоос зорчигчид тээвэрлэх 2 км хайрган түр зам барих ажлуудыг хийж гүйцэтгэн, 7 дугаар сарын 05-нд хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Одоогоор замын газар шорооны ажил явагдаж байна.

Categories
мэдээ улс-төр

Байнгын хорооноос “хөлсний алуурчид”-ын талаарх мэдээллийг шалгуулна

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо зарим нэг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарсан Монгол Улсад хөлсний алуурчид бий болсон, хууль тогтоох байгууллага шан харамж, хөлс авч хууль гаргадаг болсон, энэ нь Улсын Их Хурал дотор байдаг гэх ноцтой мэдээллийг анхааралдаа авч Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газар, Тагнуулын Ерөнхий газарт шалгуулахаар ханджээ. 

Энэхүү ноцтой гэмт хэрэг болох хөлсний аллага, хэн нэгний захиалгаар, хөлсөөр хууль гаргадаг, хөлсний алуурчны үйл ажиллагаа эрхэлдэг этгээд байгаа бол түүнийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцож олон нийтэд мэдээлэх нь зүйтэй гэж Байнгын хорооныхон үзжээ. 

Categories
мэдээ улс-төр

Шилэн дансны тухай хуулийн төслийг хэлэлцэх болов

УИХ  Шилэн дансны тухай  хуулийн төслийг  хэлэлцэхээр болов.

Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар нар танилцуулав.

Төсвийн ил тод байдал, иргэдийн оролцоог хангах асуудлаар сүүлийн жилүүдэд Улсын Их Хурал, Засгийн газраас Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Төсвийн тухай хууль болон Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журмыг батлан хэрэгжүүлсэн боловч төсвийн талаарх иргэд, олон нийтийн ойлголт, мэдээлэл сул, төсвийн үйл ажиллагаан дахь олон нийтийн хяналт хангалтгүй байна. Энэхүү хуулийн төслөөр төсвийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах зорилгоор төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод, нээлттэй, ойлгомжтой байх шилэн дансны тогтолцоог бүрдүүлж мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод, иргэдэд ойлгомжтой, шуурхай мэдээлэх замаар байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд цаг тухайд нь олон нийтийн хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулсан байна.

 Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд “Энэ хуулийн төсөл өмнө нь нэг удаа буцсан. Ингэхдээ гол нь хуулийн агуулга бус нэр томьёог өөрчлөх саналыг гишүүдийн зүгээс гаргаж байсан. Уран гоё нэр томьёо өгснөөр сайн байдаг бол сайн л байна. Иймд хуулийн төслийн нэрийг өөрчлөх асуудалд цаашид анхаарал хандуулах уу” гэж асуув. Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл, энэ хууль гарснаараа төсөвт бүх байгууллагууд хамрагдах ёстой. Ингэснээр цахим хуудсанд өөрийнхөө төсвийн зарцуулалт, дансны гүйлгээг ил тодоор харуулж байх хэрэгтэй болж байна. Манай орны хувьд бүх сум интернэтэд хамрагдаж чадсан уу. Хэрвээ хамрагдсан бол хичнээн нь интернэтэд холбогдож цахим хуудсаа нээх боломжтой вэ. Хуулийг хэдийнээс эхэлж хэрэгжүүлнэ гэж тооцож байна. Цаашид хуулийн хэрэгжилт нэг мөр байж чадах уу гэдгийг тодруулсан юм.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан эдгээрт хариулахдаа “Хууль буцсан нь дан ганц хуулийн төслийн нэр томьёотой холбоотой байгаагүй. Шилэн данс гэсэн нэрэнд ямар нэг гоёчилсон зүйл байхгүй. “Ил данс”, “Тунгалаг данс”, “Ил тод данс” гээд нэрний талаар олон саналууд гарч байсан. Шилэн данс гэдэг нь оноосон нэр бус “тунгалаг” гэсэн үгтэй дүйсэн үг. Хамгийн гол нь нэр гэхээсээ илүүтэй агуулга чухал.

Өмнөх чуулганы нэгдсэн хуралдаанд хөндөгдсөн асуудлын нэг нь мэдээллийг  цаасаар нийтэд мэдээлэх заалт байсныг үрэлгэн байна, их хөрөнгө мөнгө зарцуулна гэж шүүмжилсэн. Иймд хуулийн төсөлд эдгээр байдлыг харгалзан үзэж мэдээллийг цахим хуудастай газар цахим хуудсандаа байршуулах, цахим хуудасгүй бол байгууллагынхаа үүдэнд самбар байршуулж олон нийтэд мэдээлэх үүрэг хүлээж байгаа. Энэ хууль батлагдсанаар цахим хуудаснаас үл хамаараад хэрэгжих боломжтой гэсэн тайлбарыг өглөө.

Хуулийн төсөлтэй холбогдуулан төслийг дэмжиж буйгаа илэрхийлэн Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар, Д.Хүрэлбаатар, Ж.Батзандан нар үг хэлсэн. Харин хуулийн төслийг дэмжихгүй гэсэн байр сууринаас үг хэлэх гишүүд байсангүй. Ингэснээр Байнгын хорооны саналаар хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналаар санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон 61 гишүүний 55 нь буюу 90,2 хувийн саналаар дэмжсэн тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.  

Categories
мэдээ нийгэм

Эдийн засгийн хөгжлийн сайдыг АТГ-т өгчээ

“Их монгол нэгдэл” ТББ-аас Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг төсвийн мөнгөнөөс 20 орчим тэрбум төгрөг завшсан байж болзошгүй гэж сэжиглэн АТГ-т шалгуулах хүсэлт гаргасан байна. Тус байгууллага Н.Батбаяр сайдыг шалгуулах өргөдлөө өнөөдөр  Авилгатай тэмцэх газар  өгч байгаа аж. Замын-Үүдийн хилийн боомт чиглэлд 20 тэрбум төгрөгөөр зам бариулахаар судлуулсан ажлын төсөвт өртгийг 33 тэрбум болгон зардал нэмүүлсэн нь хууль бус гэж тэд үзжээ. Солонготын даваа, Халзан бүргэдэйн чиглэлийн 40 хувь нь  хийгдчихсэн байсан 100 км замыг 37.2 тэрбум төгрөгөөр гүйцээж дуусгах ёстой байжээ. Сайд  үлдсэн 60 хувийн ажлыг гүйцэтгэх компанитай хамтран зардлыг  46 тэрбум төгрөг болгож өсгөсөн гэж тус байгууллагынхан үзэж байгаа аж. Тус замыг шинээр баригдах зам гэдгээр Засгийн газрын хуралд оруулж батлуулсан гэнэ. 

Categories
мэдээ улс-төр

Наадмаар тав хоног амрах найдвар байна

УИХ-ын чуулганы үдээс өмнөх  хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай  асуудлыг хэлэлцлээ. Өмнө нь Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар  Засгийн газраас санал болгосон наадмаар тав хоног амрах саналын төсөл дэмжигдээгүй. Наадмын дараа энэ асуудлыг шийдэх нь зүйтэй гэж үзсэн юм.  Гэсэн ч наадмаар тав хонг амрахыг хүсч байгаа хүмүүс сэтгэлээр унах хэрэггүй.

 УИХ-ын нэгдсэн чуулганаар  Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дэмжээгүй саналыг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураагаад, хуралдаанд оролцсон 64 гишүүнээс 45 нь буюу 70,3 хувийн саналаар дэмжих нь зүйтэй гэж үзсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлсэн юм. 

Categories
мэдээ нийгэм

Зөвшөөрөл, лицензийг шуурхай олгодог болно

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт зөвшөөрөл, лицензийн тоог эрс цөөлж, зөвшөөрөл, лиценз авдаг олон шат дамжлагыг энгийн хэлбэрт оруулах, бизнест ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилтыг тусгасан.

Уг зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн өнөөгийн эрх зүйн орчин, тусгай зөвшөөрөл олгож буй эрх бүхий байгууллагууын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, шаардлагагүй зөвшөөрлүүдийг хүчингүй болгох өргөн далайцтай хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын байгуулсан Ажлын хэсгийн түвшинд зохион байгуулж, Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төслүүдийг шинээр боловсруулжээ.

Тус хуулиар үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд хохирол учруулж болзошгүй, орчиндоо аюултай аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, хязгаарлагдмал нөөц бүхий нийтийн өмч, эрхийг эзэмших ашиглахад зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, цуцлах, зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотой нийтлэг харилцааг энэ хуулиар зохицуулах юм байна.

 Зөвшөөрлийг хянах, олгох үйл ажиллагааны арга, дэглэмийг тогтоох зорилгоор “онцгой”, “тусгай”, “энгийн” гэсэн гурван бүлэгт ангилахаар тусгасан байна. Мөн зөвшөөрөл олгох үйл ажиллагааны нийтлэг журмыг нарийвчлан тодорхойлжээ. Тухайлбал, онцгой зөвшөөрлийг 30, тусгай зөвшөөрлийг 14, энгийн зөвшөөрлийг долоо хоногийн дотор шууд олгохоор тусгасан байна.

 Энэ асуудлыг өчигдөр холбогдох байнгын хороогоор хэлэлцэн дэмжиж хэлэлцүүлгийн талаарх санал дүгнэлтээ дараагийн шатны байгууллагад хүргүүлэхээр болжээ.