Categories
мэдээ соёл-урлаг

Гэгээн монголд нэгэн өглөө айлсаж байна

Борооны дараах аливаа юмс үзэгдэл улам бүр гэрэлтэж өнгө төгөлдөр харагддаг. Өнөөдөр яг л тийм өдөр юмсанжээ. Бүтэн өдөр шивэрсэн бороо газарт шингэсэн ч нарны бүлээн амьсгалаар уулын сугаас манан болон босно. Ажилдаа яарах зарим нэг нь зам дээр тогтсон борооны усыг туучин одно. Өглөө эрт хотын гудамж сэлүүхэн ажээ. Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн хажууханд ганц нэг хөгшчүүл гадаа нарлан, өчигдөр “агаарын саатал” тэмдэглэсэн зарим нэг нөхдүүд өрвийхөөрөө өрвийж, өнөө бүлцийтэл усан хаван гүйсэн нүдээ жоонийлгон байж нарны өөдөөс аврал эрэх мэт харна. “Сүү аваарай, сүү аваарай” хэмээн орилж байгаа харагддаг настай эгч Монголын оюутны холбооны хойд талд зогсож сүүгээ зардаг газар руугаа яаравчлан алхаж яваа харагдана. Зам хөндлөн гарахаас ихэд болгоомжилсон байртай хоёр гараа дээр дээр савчин явна. Фортуна сайд уурлахаараа хоёр гараа телевизийн өндөр антенн шиг гозолзуулан зөрж өнгөрдөг. Сүү зардаг эгчийг хараад өнөөдөр Эдийн засгийн хөгжлийн сайдаа гэнэт санав шүү. Зогсоолгүй газар аксент маркын машин зогсох ажээ. Шөнөжин таксинд яваад үүрээр л унтсан болов уу гэж дүгнэлт тавив. Хөөрхийг ингээд унтаж байхад өнөө жолооч нарын эрлэгийн элчээр өрсөлдөгчгүй шууд нэрлэгдээд байгаа ачигч машин ирээд тэр чигт ачаад явчих вий гэх харалган бодол төрнө. 

Толгойдоо цагаан алчуурыг нар адил зангидсан ягаан халаадтай бүсгүй хүүхдээ тэвэрч яваатай таарав. Тэр нялх амьтанд “Аав нь унтаж байгаа” гэх мэт зүйлсийг хэлээд үнсэх нь сонсогдов. “Хөөрхийдөө миний муу эрчүүд эхнэрээ хар үүрээр хүүхдээ тэврүүлж гаргачихаад өөрсдөө таг шүү” гэх зэмийн бодол ч төрөх шиг. Гэхдээ тэд чинь ар гэрээ авч явахаар тун чиг завгүй ажилладаг хэмээн зөвтгөсөн ч эсвэл хөлбөмбөг үзсэн юм болов уу гэж бодох шиг явсаар ажилдаа ирлээ. Өглөөний 07 цаг жаахан өнгөрч байсан. Монголд ийм нэгэн гэгээн өглөө айлсан ирсэн бүлгээ. Энэ өдрийн өглөөг угтан яруу найрагч Мөнхөөгийн Билэгсайханы “Гэгээн монгол” шүлгийг хүргэж байна.

Сүрэг цагаан зээр

Шүүдэр гишгэн цахилж

Сүрлэг өндөр яндан дээр

Тэхийн эвэр сэрвийж

Монгол гэрийн гаднаас 

Малын үнэр ханхалж 

Моринд хайртай сайн эр

Уртын дууг аялж 

Үүрийн гэгээтэй уралдан

Өрхний хошуу даялж

Өндөр борхон бүсгүй

Аргал хормойлон галлаж

Өтгөн шаргал цайг

Тооно өргүүлэн сарамч

Өүлэн эжий минь удам 

Тэнгэрт цацал өргөж

Өөдрөг хөдөө нутагт минь

Өглөө болж байгаа нь тэрээ.

Үдийн нарны сүүдэр

Хөлөн тушаа нуугдаж 

Өртөө газрын юмс зэрэглээнд бүжиглэж

Малын хишигтэй хүүхэд

Хонио усанд оруулж

Манай танайхан бүгдээрээ

Борцтой цай аягалж

Гэр дүүрэн буурлууд

Тамхи нэрэн хуучилж

Гэргий хүүхдийн хооронд

Цаггүй ажил хөвөрч

Нар унасан газраас

Ногооны үнэр ханхалж

Нанчид нэрсэн айлаас 

Охийн үнэр сэнгэнэж

Зулзаган жаахан богширго

Нисэн бууж жиргээд л

Зунтай жилийн өдрүүд тиймэрхүү л байдагсаан

Өдөржин бэлчсэн мал

Задгай газар хотолж

Үдшийн буурал гэгээ

Толгод дамнан хүүшилж

Өнөө болсон явдлыг 

Ам дамжин хуучилж

Үүр шөнийн болзоог

Залуухан хосууд товлож

Цүү хаях наадамд

Үеийнхэн голцуу цугларч

Цуутын цагаагч гүүг

Өвөө багачуулд ярьж

Сарны гэрэлтэй салхийг

Зэлний үхэр хивж

Саалийн хувинтай сүүнд

Түүхий цөцгий хөвж

Орон монгол хөдөөд минь 

Орой болж байгаа нь тэрээ.

Мичид долоон бурхан

Тооно нарлах цагаар

Мэндийн гурвалжин өрх

Дөрвөлжин болох шөнөөр

Амрагийн болзоотой бүсгүй

Сэрүүхэн байх тохироонд

Армаг хүлгийн хазаар

Айлын шон дээр шаргив аа

Үзэхээс ихийг үзсэн

Өндөр настай эжий

Үүр тэмдэгрэх үеэр

Өрхөө даллаж явахдаа

Хүлэг нь эзгүй шон дээрх

Нойтон хомоолын үзчихээд

Хүргэнтэй болох нь ээ манайх гэж

Хүүхэн насаа дурсав аа

Азын тэнгэртэй гэгээн монголд минь 

Айл нэмэх гэж байгаа нь тэр ээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ дахь “Монос” фракцын ганц гишүүн Л.Эрдэнэчимэгийг дийлэх хүн алга

УИХ-ын зургаа дахь удаагийн сонгуулийн дүнгээр төрийн түшилцэх болсон азтай гишүүд бий. Тэдний нэг нь Ардчилсан намаас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшин ялалт байгуулсан “Монос” фракцын цорын ганц гишүүн Л.Эрдэнэчимэг билээ. Түүний хувьд Монголын ард түмэнд “Бенз”-ийн ид шидийг мэдэрсэнээ цахим ертөнцөөр гайхуулж, Тамхины хяналтын тухай хуулийг батлуулаад авсан. Мөн Хүүхэд харах үйлчилгээний загвар төвийг барин хувиасаа зардлыг нь хариуцан ажлуулж байгаа. Харамсалтай нь Хүүхэд харах үйлчилгээний хуулиа Засгийн газар өргөн барих хэрэгтэй гээд эргүүлэн татсан. Одоо архитай тэмцэнэ гэдгээ мэдэгдээд байгаа тэрбээр сүүлийн үед бүлгийн даргатайгаа түнжин муутай байна. Бүлгийнх нь дарга Д.Эрдэнэбат Тамхины хяналтын тухай өөрчлөлт оруулж тамхи татах цэгийг бий болгоно гэсэн ч “Монос” фракцын ганц дайчин тас эсэргүүцэн байнгын хорооны хурал дээр унагасан. Д.Эрдэнэбат дарга “Хөөе Энх-Амгалаан тамхины цэг байгуулахыг дэмжин гараа өргөхгүй юм уу” гэх мэтээр тамхичин гишүүддээ хандсан өнөө хэд нь чихгүй толгой царайлан унагасан. 

Бүлгийнхээ даргын саналыг дэмжихээр гар өргөх гэж байсан Д.Ганбат гишүүний гарыг Л.Эрдэнэчимэг гишүүн тас зуурчихаад гарыг нь өргүүлээгүй. Энэ мэтчилэн “Монос”-ын ганц аргадах нэгнийг нь аргадан, хүчлэх нэгнийг нь хүчилсээр өөрийн санаснаа биелүүлж явна. Өдгөө УИХ-д тамхи татдаг 30 гаруй эрэгтэй гишүүд байдаг аж. Тэд бүгд Л.Эрдэнэчимэг гишүүний үгнээс гарахгүй байгаа нь харагддаг. Харин эмэгтэй гишүүд бол угаасаа “Монос” фракцад орчихсон тул УИХ дахь албан бус Эмэгтэй гишүүдийн бүлгийнхээ даргын өөдөөс ганц үг ганхийлгэхгүй. С.Баярцогт гишүүн аргаа барахдаа “Эрдэнэчимэг гишүүнээ нийгмийн сайн сайхныг эмэгтэй гишүүд бүрдүүлэх гэж байна хэмээн ярьдгаа болио. Бүгд Монголынхоо төлөө яваа. Битгий хувийн тоглолтуудаа хийгээд бай” гэхэд өнөөх нь ширэв татаж байгаа харагдсан. Энэ мэтчилэн бүхий л зүйл дээр өөрийн санаснаа биелүүлж яваа “Монос” фракцын ганц эмэгтэй гишүүн “даам” гарч өөрийн хүслийг биелүүлсээр явна.

Э.ЭНХ

Categories
мэдээ нийгэм

Хог тээвэрлэлт сайжирна

Сүхбаатар дүүргээс 2014 оны тавдугаар сард 15, 17, 18 дугаар хорооны иргэдтэй уулзалт зохион байгуулж хог тээврийн хуваарийг хэлэлцүүлж батлуулсан билээ.

Иргэдээр хэлэлцүүлж баталсан хог тээврийн хуваарийг хэвлүүлж айл өрхөд тараахад бэлэн болсон бөгөөд хуваарийг 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөнө.

Хог тээврийн хуваарийг гаргаж, дагаж мөрдснөөр иргэд хог хаягдлаа тогтсон өдөрт ачуулж хэвших, ил задгай хууль бус хог хаягдал багасах, хороо, иргэд, хог тээвэрлэгч байгуулагын уялдаа холбоо сайжирч иргэдийн эрүүл цэвэр орчин амьдрах нөхцөл бүрдэх юм.

Хог тээврийн хуваарь мөрдөн ажиллах тал дээр дүүргийн Дэд бүтэц, тохижилтын хэлтэс, Хороодын Засаг даргын ажлын алба, төрийн бус байгууллагууд хяналт тавьж ажиллахаар боллоо.

Categories
мэдээ спорт

Япон, Грек гоолгүй тэнцлээ

ДАШТ-ий С хэсэгт өрсөлдөж буй Япон, Грекийн шигшээ багуудын тоглолт 0:0-ийн харьцаа “хуурай” тэнцлээ. Ингэснээр хоёр баг нэг, нэг оноотойгоор С хэсгийн сүүлийн байранд бичигдлээ. Хоёр багийн тоглолтын 38 дахь минутад Грекийн шигшээ багийн хагас Констатинос Кацуранос хоёр дахь шар хуудасны алдаа гаргаснаар талбайг чөлөөлснөөс өөр сонин гойд зүйл болсонгүй. Хүний илүүтэй болсон Япончууд хоёрдугаар хагаст бөмбөгийг илүүтэй эзэмшиж, гоол оруулахыг хичээсэн боловч Грекийн хүчирхэг хамгаалалтыг давсангүй. Энэ тоглолтод Япон 24 удаа Грекийн хаалга руу цохисон ч гоол оруулж чадсангүй.

Одоогийн байдлаар ДАШТ-ий хамгийн сул хэсэг болох С хэсгийг зургаан оноотой Колумбын шигшээ тэргүүлж, гурван онооны Кот Д’Ивори хоёрдугаар байрт бичигдэж байна. Харин Япон, Грек нэг оноотойгоор сүүлийн байранд бичигдэж байна. Хэсгийн сүүлийн тоглолтод Японы шигшээ Колумбтай,  Грекийн шигшээ Кот д’Иворитой тоглох хуваарьтай.

Грекийн шигшээ Японтой 0:0-ийн харьцаатай тэнцсэнээр ДАШТ-ий түүхэндээ анх удаа хаалгандаа гоол алдаагүй тоглолт хийлээ. Мөн Грекчүүд ДАШТ-ий сүүлийн найман тоглолтоос хоёр дахь удаагаа эсрэг багаасаа оноо салгалаа. Тэд 2010 онд Нигерийн шигшээг 2:1-ийн харьцаатай хожиж,  ДАШТ-ийхээ анхны бүтэн гурван оноог авсан түүхтэй.

Categories
мэдээ улс-төр

Өнөөдөр УИХ-аар хэлэлцэх асуудлууд


09.00 цагаас:

1. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2013 оны гүйцэтгэлийн тайлан /нэг дэх хэлэлцүүлэг/:

– Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ч.УЛААН танилцуулна; 

– Санхүүгийн тайлангийн талаарх дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий  аудитор А.ЗАНГАД танилцуулна.

2. Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол 2011.10.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, гэр бүлийн асуудал хариуцсан агентлаг бий болгох тухай, хэлэлцэх эсэх/:

– Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн  Д.ОЮУНХОРОЛ танилцуулна;

– Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТСУУРЬ танилцуулна.

3.  Чөлөөт бүсийн тухай  /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/: 

– Хууль санаачлагчийн илтгэлийг Эдийн засгийн хөгжлийн сайд  Н.БАТБАЯР танилцуулна;

– Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын  гишүүн Г.БАТХҮҮ танилцуулна.

4.  Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат 2014.06.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, тамхи татах тусгай цэг байгуулах тухай, хэлэлцэх эсэх/: 

– Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.ЭРДЭНЭБАТ танилцуулна;

– Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТСУУРЬ танилцуулна.

14.00 цагаас:

Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл:  “ЭЗЭН-100” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар

Categories
мэдээ улс-төр

МХЕГ-ын дарга Д.Батмөнх жинхлэн томилогдлоо

Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн А.Бакей нарын санаачлан өргөн барьсан Хяналтын тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжсэн.

Уг хуулийн төслийг санаачилсан гишүүд “Мэргэжлийн хяналтын ерөнхий газар ухаалаг төрөөс ухарсан нүсэр бүтэц, орон тоотой” хэмээн шүүмжилсэн. Тиймдээ ч тус байгууллагын бүтцийг нь унагаж хяналтын үүргийг Засгийн газрын яамд болон төрийн захиргааны байгууллагуудад тарааж өгөх тухай ярьсан.

Зарим гишүүдийн нүсэр бүтэцтэй хэмээн тодотгосон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргыг өчигдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг томилжээ. Уг томилгооны захирамжид “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг үндэслэн Д.Батмөнхийг Засгийн газрын тохируулагч агентлаг-Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар томилсугай” хэмээжээ.

Д.Батмөнхийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар томилох шийдвэр өнгөрсөн нэгдүгээр сард гарсан ч түүнийг тойрсон хэл ам тасраагүй байсан юм. Ийнхүү Ерөнхий сайд захирамж гарган түүнийг жинхлэн томилж байгаа ажээ.

Categories
мэдээ спорт

МоАХ хөлбөмбөгийн тэмцээн зохион байгуулна

Багахангай дүүргийн МоАХ-ны салбар зөвлөлөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хөлбөмбөгийн нээлттэй тэмцээн энэ сарын 21-нд болох аж. Иргэдийн чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх, МоАХ-ны үйл ажиллагааг сурталчилах зорилготой тус нээлттэй тэмцээнд Багахангай дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага, нийслэлийн есөн дүүргийн МоАХ-ны салбар зөвлөлөөс баг бүрдүүлж оролцох юм байна. Нэг баг нь 20-иос дээш насны 13 хүний бүрэлдэхүүнтэй байх аж. Хөлбөмбөг сонирхогч иргэдийн дунд зохион байгуулж буй энэ тэмцээнд лигт тоглодог болон хөлбөмбөгийн спортын зэрэг цолтой тамирчдыг оролцуулахгүй гэдгийг зохион байгуулагчид анхаарууллаа. Эхний дөрвөн байр эзэлсэн багийг цом, алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнах юм байна.

Энэ жилийн хөлбөмбөгийн нээлттэй тэмцээнийг Монгол Улсад ардчилсан хувьсгал үүсч, хөгжсөний 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буйгаараа онцлог аж. Түүнчлэн энэ өдөр Багахангай дүүргийн МоАХ-ны салбар зөвлөлийн шинэ байрны нээлтийн ёслолын арга хэмжээ болох юм байна.

Categories
мэдээ улс-төр

Б.Гарамгайбаатар гишүүнийг “буудна” хэмээн заналхийлжээ

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарыг Газрын тухай хуультай холбоотойгоор нэр хүндэд нь халдаж, дарамтлах болсон байна. Тэрбээр энэ өчигдөр мэдээлэл хийсэн юм. Тодруулбал, Б.Гарамгайбаатар гишүүн лхагва гаригт Засгийн газрын “11 11” төвд ажиллаж, Газрын тухай хуулийн талаар иргэдэд тайлбар өгсөн юм. Тэр үеэр  Газрын тухай хуультай холбоотой асуудал ярьж, үл мэдэгдэх утаснаас түүн рүү янз бүрээр дайрч давшилжээ.  Энэ талаар “Амь насанд  чинь халдана, 2008 оны долдугаар сарын 1 шиг үйл явдал зохион байгуулна гэсэн утгатай мессеж байнга явуулж байна. Энэ мессеж явуулж байгаа хүмүүсийг турхирч байгаа хүмүүс бий. Тиймээс энэ асуудлыг цагдаагийн байгууллагаар шийдвэрлүүлэх хүсэлтээ өгөхөөр болсон” гэдгээ мэдэгдэв. Түүний хэлснээр Газрын тухай хууль ярьж эхэлснээс хойш УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарын гар утас руу 966614.. дугаараас “Буудна шүү, 2008 оны  долдугаар сарын 1-ний үйл явдлыг зохион байгуулна” гэсэн мессеж удаа дараа ирж байгаа гэнэ. 

Тэгвэл өчигдөр орой УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцанг чуулганы танхимаас гарч ирээд алхаж явтал гар утсанд нь нэгэн мессэж ирэв. Тэрбээр гар утас руугаа сүрхий харснаа “Газар шороог минь тайван байлга. Тэгэхгүй бол… Энэ яасан өвчтэй хог вэ. Газрын тухай хуулийг эсэргүүцэж байгаа юм байх даа” гэсээр явж одсон юм. Энэ мэтчилэн УИХ-ын бүхий л гишүүдэд ийм утга бүхий мессэжүүд ирсээр байна. 

Э.ЭНХ

Categories
мэдээ улс-төр

Шилэн данс, Нийтээр тэмдэглэх баярын тухай болон Хяналтын хуулийг хэлэлцэхээр болов

Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шилэн дансны тухай болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг  хэлэлцэхийг УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар дэмжлээ. Энэхүү хуулийн төслийн зорилго нь төсвийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах. Байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд цаг тухайд нь олон нийтийн хяналт тавихтай холбоотой ил тод, нээлттэй, шуурхай мэдээлэх замаар харилцааг зохицуулсан байна.

Өмнө нэг удаа буцсан энэхүү хуулийн төслийн нэрийг өөрчлөх саналыг гишүүд  гаргаж байсан юм. Мөн төсвийн зарцуулалттай холбоотой мэдээллийг  цаасаар нийтэд мэдээлэх заалт байсныг үрэлгэн байна, их хөрөнгө мөнгө зарцуулна гэж  шүүмжилсэн. Иймд хуулийн төсөлд эдгээр байдлыг харгалзан үзэж мэдээллийг албан байгууллагууд цахим хуудсандаа байршуулах, вэб хаяггүй бол байгууллагынхаа үүдэнд самбар байршуулж олон нийтэд мэдээлэх  үүрэг хүлээхээр болов. Дараагаар нь Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээр УИХ-ын нэгдсэн хуралдаан үргэлжлэв. Уг хуультай хамтатган Үндэсний их баяр наадмын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Дипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд орж ирж байгаа юм. Төрийн ёслолын журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батлах тухай эдгээр хуулийн төслийг Засгийн газраас өнгөрсөн тавдугаар сард өргөн мэдүүлсэн. Дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэхийг гишүүдийн олонхи дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Үдээс өмнөх чуулганаар хэлэлцсэн бас нэг асуудал нь  Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай байв.  Бондын хүүгийн орлогын татварыг 10 хувь болгох тухай энэхүү хуулийн төслийг гишүүдийн олонхи нь хэлэлцэхийг дэмжсэн юм. 

Мөн өдөр Хяналтын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг шийдлээ.

Хууль тогтоомжоор эрх олгосны дагуу төрийн байгууллага, албан тушаалтнаас иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тавьж байгаа бүх төрлийн хяналтыг нэг стандартад оруулах, мэргэжлийн хяналтыг үр дүнтэй болгох, эрсдэлд суурилсан хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор хуулийн төслийг шинээр боловсруулсан байна. Уг хуулиар иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих эрх зүйн үндсийг тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэх нийтлэх зарчим, үндэслэл, шалгалт хийх журам, шалгуулагч этгээдийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулжээ. Ингээд Хяналтын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы үдээс хойшхи хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр болов.

Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг хойшлуулав

Пүрэв гаригийн үдээс хойших чуулганы хуралдаан хяналтын тухай хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулснаар эхэллээ. Ийн УИХ-ын гишүүдийн дийлэнх олонхи нь уг хуулийн төслийг хэлэлцэх шаардлагатай гэж үзэв.

Үүний дараа Засгийн газрын гишүүнийг огцруулах тогтоолын төсөл буюу Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт хариуцлага тооцох тухай асуудлыг хэлэлцэх товтой байв. Гэвч байнгын хороогоор энэ долоо хоногт асуудлыг хэлэлцсэн учраас ирэх долоо хоногт хэлэлцсэн ч болохгүй гэх зүйлгүй гэж үзээд асуудлыг хойшлуулсан. Гэнэт ийм шийдвэр гарсантай холбогдуулан АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат санал хэлж “Н.Батбаяр сайдтай холбоотой асуудлыг хэлэлцэхгүй юм бол энэ өдөр хэлэлцэх бусад асуудлаар завсарлага авъя” хэмээсэн. Тэгэхэд бүлгийн гишүүд нь түүний саналыг дэмжээгүй тул хуралдаан хэвийн үргэлжилж Д.Эрдэнэбат дарга танхимыг орхив.

Үргэлжлүүлэн  Газрын тосны тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийлээ. Газрын тосны тухай хуулийн ажлын хэсгийн ахлагч Ц.Нямдорж танилцуулгыг хийснээр байнгын хороон дээр гарсан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулав. Нийт 30 гаруй зүйл заалт дээр байнгын хорооны гишүүд санал гаргасныг гишүүд хэлэлцэн шийдвэрлэлээ. Гишүүдийн хэлэлцсэнээс товч дурдвал уг хуулиар эрлийн гэрээ, хайгуул ашиглалтын гэрээ гэж тусдаа хийгдэх юм байна. Эрэл гэдэг нь газрын хөрсөнд өрөм зоолгүйгээр долгион болон хиймэл дагуулаар хийсэн судалгааг хэлэх бөгөөд Д.Лүндээжанцан гишүүн “Зөвшөөрөл өгөөд л үйл ажиллагааг нь явуулж болохгүй юу” гэдэг саналыг дэвшүүлж байлаа. Харин Хайгуул, ашиглалтын гэрээ нь хайгуул хийж байгаад орд илэрвэл шууд ашиглана гэсэн агуулга аж. Тэрчлэн газрын гадарга дээр хийгээд гүнд байгаа бүх газрын тос нь төрийн өмч байх агаад ашиглалтын шатанд хэн нь хэдэн хувь эзэмших вэ гэдгийг зохицуулах юм байна. Гадны компаниуд үйл ажиллагаа явуулж байх агаад бүтээгдэхүүн хуваах гэрээгээр ашиг шимээ ангилах гэнэ. 

Улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээний газарт ч газрын тосны эрэл хийж болох бөгөөд тухайн бүсэд орд илэрвэл Засгийн газар, УИХ дээр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ гэсэн заалт оржээ. Энэ үед УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Бүтээгдэхүүн хуваах гэрээ гэгчээр, бусад хууль тогтоомжуудаар далимдуулан олигархи компаниуд хөлждөг тогтолцоо бий шүү” гээд “Петровис” компанийн нэрийг дурдсан нь олон гишүүний ундууцлыг төрүүлсэн. УИХ-ын гишүүн Д.Ганбат, Л.Энх-Амгалан тэргүүтэй гишүүд “Чи хэн болчихоод ингэж Монголын хэдэн компанийг ад үзэж байдаг юм. Чи хэн юм” гэж ирээд шуугихад О.Баасанхүү гишүүн асуултынхаа хариуг ч сонсолгүй хуралдааныг орхин одсон. Ийм өнгө аястайгаар газрын тосны тухай хуулийг хэлэлцэж “Тээвэрлэлтийн асуудлыг яагаад ярихгүй байна. Хувингаар зөөх юм уу” хэмээн шүүмжилсээр хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ. 

Хуралдааны төгсгөлд Засгийн газраас НӨАТ-ын болон Аж ахуйн орлогын албан татварын тухай хуулийг татан авч байгааг танилцуулав.

М.ЦЭЦЭГ

Л.МӨНХ

Categories
мэдээ улс-төр

О.Баасанхүү Ж.Батзанданг байнгын хорооны даргад нэр дэвшүүлснээр хуралдаан хойшлов

Пүрэв гаригийн УИХ-ын нэгдсэн чуулган завсарласны дараа Хуульзүйн байнгын хороо 18:30 цагт хуралдав. Уг хуралдаанаар тус байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж Засгийн газрын гишүүн ҮХАА-н сайд болсон тул дараагийн байнгын хорооны даргыг томилох тухай байсан юм. Өчигдөр 17 цаг өнгөрсний дараа сайд Ш.Түвдэндорж Их хурлын даргад байнгын хорооны даргын албанаас чөлөөлж өгөх хүсэлтээ өгчээ. Тиймээс ийнхүү байнгын хороо хуралдахаар болсон тухай Ш.Түвдэндорж тайлбар хийв. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Хууль зүйн байнгын хорооны даргад манай бүлэг Д.Ганбат гишүүнийг нэр дэвшүүлж байна” хэмээн мэдэгдэж түүний намтрыг танилцууллаа. Түүний дараа УИХ-ын гишүүн О.Баасанхүү горимын саналтай буйгаа хэлж “Хууль зүйн байнгын хорооны даргын суудал АН-ынх. Тэдний бүлэг Д.Ганбат гишүүнийг нэр дэвшүүлэхээр ярилцсан байна. Миний хувьд хуульч гишүүн гэдэг утгаар нь Ж.Батзандангийн нэрийг дэвшүүлж байгааг хэлэлцэж өгнө үү” гэв. Бүлгийн дарга  Д.Эрдэнэбат “Ардчилсан намын бүлэг хуралдаад Д.Ганбат гишүүнийг байнгын хорооны даргад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн. Манай намын өөр гишүүнийг байнгын хорооны даргад нэр дэвшүүлбэл завсарлага авна. Бүлгээрээ дахин хэлэлцэх ёстой. Тэгэхгүй бол хэн нэгнийг нь дэмжсэн болж АН-ыг дотор нь хагалах болчих гээд байна” гэдэг байр суурийг илэрхийлэв. Харин О.Баасанхүү гишүүн “Би АН-ыг хагалах гээгүй. Ж.Батзанданг байнгын хорооны даргад нэр дэвшихийг хориглож болохгүй” гэсэн юм. Д.Эрдэнэбат дарга “Манай намын хоёр гишүүн давхар нэр дэвшиж байгааг заавал бүлэг дээр ярих ёстой. Ж.Батзандан гишүүний байр суурийг сонсъё” гэв. Ж.Батзандан гишүүн “Байнгын хорооны даргын асуудал яригдаж байгаа энэ үед АН хуульч гишүүдээ аль алийг нь ялгахгүй байгаа гэдэгт найдаж байна. Би Ардчилсан намын бүлгийн даргад бүлгийн гишүүдийн аль нэгийг нь ялгаварлахгүйгээр нэр дэвшүүл гэсэн хүсэлт тавьсан. Харамсалтай нь манай намын бүлгийн дарга ганцхан хүний нэр дэвшүүлээд байгаа. Үүнд эргэлзэж байна. О.Баасанхүү гишүүн үүнийг ойлгож байнгын хорооны даргын асуудал шударгаар явах ёстой гээд миний нэрийг дэвшүүлэх санал гаргасан. Би өрсөлдөхөд бэлэн байгаа. Ялсан ч ялагдсан ч надад харамсах зүйл байхгүй” гэлээ. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Манай намын хоёр гишүүн бүлгийн даргад нэр дэвшиж байгаа тул ярилцах шаардлагатай. Завсарлага авъя” гэснээр Хуульзүйн байнгын хорооны хуралдаан өндөрлөсөн юм. 

Э.БОЛД