Categories
гадаад мэдээ

Баруун Африкт “Эбола” вирусээр 300 гаруй хүн нас баржээ

Олон улсын хүмүүнлэгийн тусламжийн бүлгийн мэдэгдсэнээр, Баруун Африкт “Эбола” вирусын тархалт хяналтаас гарлаа. Энэ өвчнөөр хэдийн 300 гаруй хүн нас баржээ.

Үхэлд хүргэдэг энэ вирусын тархалттай тэмцэхэд бидний хийж чадах бүхэн хязгаартаа тулсан гэж “Хил хязгааргүй эмч нар” ТББ мэдэгдсэн юм.

Энэ өвчин анх өнгөрсөн гуравдугаар сард Гвинейн өмнөд нутагт гарч, тэр цагаас хойш хөрш Сьерра-Леон болон Либерид тархжээ.

ДЭМБ-ын мэдэгдсэнээр, тус гурван улсад энэ өвчний вирусын халдвар авсан, авсан байж магадгүй 600 гаруй тохиолдол бүртгэгдсэн аж. 338 хүн нас баржээ.

“Эбола” вирусын халдвар авсан тохиолдолд эрхтнүүд болон арьснаас цус гоожиж, тамирдуулдаг бөгөөд амь насаа алдах эрсдэл 90 хувьтай байдаг. Одоогоор эмчлэх үр дүнтэй ямар ч арга байхгүй байна.

Categories
мэдээ нийгэм

Наадмаар үйлчлэх Railbus-ийн цагийн хуваарь

Энэ жилийн баяр наадмаас эхлэн анх удаа Railbus буюу төмөр замын автобус Хүй долоо худаг руу тээвэрлэлт хийхээр болсон юм. Төмөр замын автобус нь 7 сарын 10,11,12,13-ны өдрүүдэд Дүнжингарав худалдааны төв, Дунд голын зогсоолоос ”RAILBUS” Хүй 7 худаг руу зорчих бол Давааны өртөөний төмөр замын буудлаас Морь барианы газар хүртэл том оврын 5 автобус  наадамчин олонд “үнэ төлбөргүй” үйлчилнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын  93 жилийн ойн баяр, наадмын үеэр хурдан морь барианы “Хүй долоон худаг”  хүрч үйлчлэх автобусаар зорчих жишиг үнэ

Чиглэлийн нэр

Тээврийн хэрэгслийн төрөл

Зорчих үнэ /төгрөг/

том хүн

хүүхэд

1

Хүй долоон худаг-Офицерүүдийн
ордон

Бага багтаамжийн автобус

1000

300

2

Хүй долоон худаг-7 буудал

Бага багтаамжийн автобус

1000

300

3

Хүй долоон худаг-III, IV хорооллын
эцэс

Бага багтаамжийн автобус

700

300

4

Хүй долоон худаг-5 шар

Бага багтаамжийн автобус

700

300

5

Хүй долоон худаг-Ханын материалын
комбинат

Бага багтаамжийн автобус

700

300

6

Хүй долоон худаг-Төв цэнгэлдэх

Их багтаамжийн автобус

800

300

7

Хүй долоон худаг-Давааны өртөө

Их багтаамжийн автобус

Үнэ төлбөргүй


Categories
мэдээ нийгэм

Айраг буюу гишүүнэ байхад юунаас ч айлтгүй боллоо

Анхаараарай баяртай мэдээ. Анагаах ухааны хамгийн сүүлийн үеийн гайхалтай нээлтийг хүргэж байна. 

Энэ бол Монголын маань хаа сайгүй ургадаг нөгөө айрагтай төстэй амттай гишүүнэ гэдэг ургамал юм. Энэхүү ургамал нь хавдрын эсийн гол амьд байх нөхцөл болсон сахрыг нь идэж устгадаг бөгөөд түүнийг хэрэглээд 4 хоногийн дараа хавдрын эсийн 86%, 6 хоногийн дараа 100% устгадаг нь тогтоогдсон байна. 

Мөн үрэвслийн эсрэг, нянгийн эсрэг гайхалтай нөлөөг үзүүлдэг байна. Кальци, зүрх бөөрийг тэтгэгч кали, К амин дэмээр баялаг бөгөөд ясны бат бэх чанарыг нэмэгдүүлэгч шидтэй учраас манайх шиг газтай ундаа их уудаг хүмүүст тун ч чухал эм болдог ургамал ажээ. 

Мөн ходоодны шарх болон өтгөн хаталтыг эмчилж туулгах нөлөө үзүүлдэг. Харшилд тун сайн эм болдог юм байна. 

Хэрхэн эмчлэх: 

Хэрэв та хавдрын эсрэг хэрэглэх бол 20 минут жигнэх нь хавдрын эсийг устгагч полифенол гэгч бодисын үйлчилгээг хэд дахин ихэсгэдгийг Английн эрдэмтэд тогтоосон байна. 

Харин эмчилгээний хугацаа 7 хоног л байх ёстой гэнэ. Үүнээс хэтэрч болохгүй гэжээ. Аливаа юм тун нь таарвал эм болдогтой адил. 

Гишүүнийг эмчилгээний журмаар хэрэглэдэг дэлхий нийтийн арга нь хагас цайны халбага ишийг 1 аяга усанд хийж 10 минут буцалгаад ууна. Энэ маягаар өдөрт 3 удаа хэрэглэнэ. 7 хоног. 

Гишүүнийг түүхдээ:

Гишүүнийг түүхдээ үндсээр нь суга татах биш хөрснөөс бага зэрэг дээгүүр хайчилж аваад идвэл үр хойчдоо үлдээж чадна. Ирэх жил бас л түүсэн газраасаа идэх боломжтой гэсэн үг юм. 

Одооноос эхлээд 9 сар хүртэл ургасан байдаг тул хаа тааралдсан газар нь түүж идээд, эргэн тойрныхоо хүмүүст өгч байхад туйлын хэрэгтэй ургамал юм байна шүү. 

Навч нь хортой тул зөвхөн улаан өнгөтэй ишийг нь иддэг юм байна. Бидний багадаа ишийг нь сорж иддэг байсан тэр л ургамал юм шүү дээ. Навч нь органик пестицид буюу шавьж устгагч бодис болдог гэнэ.

Categories
гадаад мэдээ

MH370 онгоц жижиг арал дээр газардсан байж магадгүй

239 зорчигчтой Малайзын онгоц ор сураггүй алга болсоноос хойш гурван сарын дараа эрэн сурвалжлах багийнхан ахмад нисэгч, 53 настай Захарие Шахын гэрээс ноцтой баримт олжээ. “The Sunday Times” сонинд мэдээлсэнээр ахмадын гэрээс онгоцны нислэгийн чиглэлийг дүрсэлсэн зураг олдсон байна. Уг зурагт дүрсэлсэнээр онгоц Энэтхэгийн далайн өмнөд хэсгийн орчимд жижиг нислэгийн зурвастай арал дээр газардахаар төлөвлөжээ. Цагдаа нар онгоцыг механик гэмтэл юмуу терроризмын улмаас сүйрсэн гэж таамаглаж байгаа. Гэхдээ онгоц алга болсонд хүний хүчин зүйл нөлөөтэй гэж үзвэл ахмад Захарие Шах гэмт хэрэгтэн болох нь гарцаагүй гэж тус сонинд нийтэлжээ. Дээрх мэдээллийг албан ёсоор батлаагүй ч цагдаа нар бүх боломжтой хувилбарыг тооцож байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм

2016 онд Баянхошуу, Долоон буудал хотын дэд төв болно

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, Нийслэлийн Засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт төвлөрлийг сааруулах, нэг төвт хотоос олон төвт хот болон хөгжүүлэх зорилт тавьсан.  Энэ хүрээнд нийслэл Азийн хөгжлийн банктай хамтран “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих” хөтөлбөрийг боловсруулсан юм.

Энэхүү хөтөлбөр нь эдийн засгийн боломж, орон сууц, хотын дэд бүтцийн үйлчилгээ хангамж бүхий эрүүл аюулгүй тав тухтай амьдрах таатай орчин нөхцлийг бүрдүүлсэн, бие даан хөгжсөн дэд төвийн сүлжээг гэр хороололд бий болгох зорилготой. Есөн жилийн хугацаанд гурван үе шаттай хэрэгжих энэхүү хөтөлбөрийн эхний үе шат нь  Улаанбаатар хотын хотын хойд хэсгийн гэр хорооллын гүнд байрлах Долоон буудал болон Баянхошуу орчмыг  Сэлбэ ба Баянхошуу дэд төв болгон хөгжүүлж эдгээр дэд төвүүдэд 200 мянга орчим хүн оршин суух боломжтой, нийгмийн үйлчилгээ, инженерийн байгууламжийг цогцоор нь шийдэх  хөтөлбөр бөгөөд эхний ээлж 2014-2016 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 

Тус хөтөлбөрийг 2014 оны 5-р сарын 23-ны өдөр Монгол Улсын их хурлаас Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийг соёрхон баталсан бол  Засгийн газрын 2014 оны 6 дугаар сарын 28-ны хуралдаанаар  “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн нэгдүгээр үе шатны төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төслүүдийг зарчмын хувьд зөвшөөрч, зээлийн хэлэлцээрүүдэд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж гарын үсэг  зурах бүрэн эрхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт олголоо.

Энэхүү зээлийн эх үүсвэр нь:

•         Азийн хөгжлийн банкны ердийн эх үүсвэр,

•         Азийн хөгжлийн сангийн хөрөнгө,

•         Буцалтгүй тусламж

•         Европын хөрөнгө оруулалтын банкны хамтарсан санхүүжилтээс бүтэж байна.

Мөн НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 4 дүгээр сарын 26-нд болсон ээлжит хуралдаанаар уг төслийг хэрэгжүүлэх нэгжийг байгуулахаар шийдвэрлэсэн.

Баянхошуу дэд төв нь СХД-ийн 7,8,9,10, 28 дугаар хорооны нийт 162 га талбайг дахин төлөвлөн хөгжүүлж, сургууль, цэцэрлэг, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв,  худалдаа үйлчилгээний цогцолбор, соёлын төв зэргийг  цогцоор нь барихаас гадна, автозам, явган зам, тохижилт, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийг барихаар тусгасан байна.  Харин Сэлбэ дэд төв нь Чингэлтэй дүүргийн 14,18 Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны 156 га талбайг дахин төлөвлөж, хотын дэд төв болгон хөгжүүлнэ.

Засгийн газрын хуралдаанаар эхний ээлжийн 104,5 сая доллартай тэнцэх санхүүгийн эх үүсвэрийг авах эрхийг шийдвэрлэж өгснөөр энэ жилийн 7-р сараас эхлэн бүтээн байгуулалтын ажил эхэлж 2016 онд Улаанбаатар хот 2 дэд төвтэй болно гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Сургууль, цэцэрлэг амарснаас хойш хүүхдүүд түлэгдэж, гэмтэх нь ихэсчээ


Түлэнхийн төв сүүлийн үед ачаалалтай ажиллаж байгаа аж. Бага насны хүүхдүүд халуун цай, гал зуух, цахилгаан тогоо, ус буцалгагчтай халуун ус зэрэгт  түлэгдэн, хүнд гэмтэл авах,  улмаар хөгж­лийн бэрхшээлтэй болж, амь насаа алдах эрсдэл их гарч байгаа аж. Ялангуяа сургууль, цэцэрлэгийн амралт эхэлснээс хойш  бага насны хүүхдүүд Тү­лэн­хийн төвд ихээр хандах болж. Энэ талаар сурвалжлахаар “Мөнгөн гүүр” эмнэлэгт очсон юм. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн төв “Мөнгөн гүүр” эмнэлэгт түрээсээр байрлаж байгаа билээ. Бид­нийг очихтой зэрэгцээд үүдний хүлээн авахад бага насны хоёр ч хүүхэд халуун усанд түлэгдэн ирж эмчилгээ хийлгэж байлаа. Арьс нь улайж хууларсан хүүхдүүд өвдөлтөндөө чанга хашгирч орилолдож байв. Хүлээн авахын эмч завгүй байсан учраас хүүх­дийн тасаг руу орлоо. Энд нийтдээ 80 ортой. Гэхдээ өчигдрийн байдаар 92 хүн хэвтэн эмчлүүлж байлаа. Харин хүүхдийн тасагт  0-5 насны 58 хүүхэд хэвтэж байв. Өөрөөр хэлбэл, түлэгдэлтэй хүмүүсийн 70 хувь нь бага насны хүүхдүүд байсан юм. Энэ үеэр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн түлэнхийн нөхөн сэргээх тасгийн эрхлэгч Э.Галбадрахтай ярилцлаа. 

-Сургууль, цэцэрлэгийн амралт эхэлснээс хойш түлэгдсэн хүүхдүүд маш ихээр ирж байгаа .гэсэн үү. Хүүхдүүд ямар шалтгаан, тохиолдлоор түлэгдэж байна вэ?

-Ер нь түлэгдэлт  жилээс жилд нэмэгдэж байна. Тэр дундаа 0-5 насны хүүхдийн түлэгдэлт маш их байдаг. 2012 онд 0-5 насны 455 хүүхэд түлэгдэн эмчлүүлж байсан бол 2013 онд 591 хүүхэд түлэгдсэн байна. Энэ тоо бол манай эмнэлэгт ирж хэвтэж эмчлүүлсэн хүүхдийн тоо юм. Хэвтээгүй амбулаториор үзүүлээд явсан хүүхдүүд цаана нь маш олон байгаа. Сургууль, цэцэрлэгийн амралт эхлэнгүүт түлэгдсэн хүүхдүүдийн тоо ихэсдэг нь үнэн. Тавдугаар сар гараад бага насны хүүхдүүд ихээр ирлээ. Гол шалтгаан нь гэр орондоо буюу ахуйн хүрээнд халуун хоол, цай, буцалсан усанд  түлэгдэж байна. Тэр дундаа гэр хорооллын хүүхдүүд их түлэгддэг. Гэр хорооллын иргэд халуун тогоотой хоол цайгаа  гал дээрээс гаргаад газар тавьж уудалдаг юм байна. Энэ үед бага насны хүүхэд халуун хоол, цайтай тогоонд унадаг. Ингэж түлэгдсэн хүүхэд их олон. Дараагийн тохиолдол нь ус буцалгагч, халуун цай, идэж байгаа хоолоо хүүхдийн гар хүрэх газар тавьдаг. Хүүхэд тэрийг нь ширээн дээрээс татаж асгаснаас түлэгдэж байна. Энэ бол урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой зүйл. Халуун тогоо хэрэглэхээ боль гэж байгаа юм биш. Хүүхэд орчихгүй өндөрлөг газар тавих хэрэгтэй. Таван настай хүүхэд халуун хүйтнийг мэддэг болсон байдаг. Тиймээс хүүхэддээ байнга энэ халуун, хүйтэн гэж анхааруулж байхыг зөвлөмөөр байна.  

-Түлэгдсэн хүүхдүүд шархаа даахгүй нас барах тохиолдол их байдаг гэсэн. Танай эмнэлгийн эмчилгээ үйлчилгээ хүртээмжтэй, чанартай байж чанаж байна уу? 

-Халуун ус, тогоотой хоол цайнд унах тохиолдол их бөгөөд ингэж унасан хүүхдийн биеийн хэсэг маш том талбайд түлэгддэг. Хүүхэд 25 хувиас дээш түлэгдэлтэй байвал нас барах эрсдэлд ордог. Гэтэл өнөөдөр 25 битгий хэл 70-80 хувийн түлэгдэлтэй хүүхдүүд ирж байна. Тэгэхээр бусад өвчнийг бодвол нас баралт маш ихтэй гэдэг нь үнэн. Эдгэрлээ гэхэд  бие махбодоос гадна сэтгэлийн маш том сорвитой үлддэг. Түлэгдсэн хүүхэд бусдаас нуугдах, ичих, сорвио нууж, нийгмээс өөрийгөө тусгаарладаг. Дээр нь хөгжлийн бэрхшээлтэй болно. Манай эмнэлгийг та бүхэн харж байна. Өөрийн гэсэн барилга байхгүй. “Мөнгөн гүүр” эмнэлгийн байрыг түрээслэн байрладаг. Хүний нөөц, эм тариа, багаж тоног төхөөрөмжийн хангалтаас  эхлээд олон зүйл шаардлагатай байна.  Эмчилгээ үйлчилгээ шаардлагатай хэмжээнд бүрэн хийгдэж чадахгүй байна. Эмч нар маань улаан гараараа ажиллаж байна. Бас түлэгдэлтийг эмчлэхэд маш их эм тариа хэрэглэдэг. Энэ хирээр түлэгдсэн хүүхдийн ар гэрт санхүүгийн асуудал тулгардаг. 

-Түлэгдсэн хүнд анхан шатны тусламж хэрхэн үзүүлэх вэ. Эцэг, эхчүүд эмчид хандахгүй өөрс­дөө янз бүрийн арга хэмжээ авдаг. Энэ талаар зөвлөгөө өгөхгүй юү?

-Хамгийн чухал зүйл бол энэ. Манай иргэд түлэгдсэн хүмүүст анхан шатны тусламж үзүүлэхдээ дандаа буруу үзүүлдэг. Уламжлалт арга юм уу, эсвэл ам дамжсан яриагаар гар дор байгаа материалаа ашиглаад арга хэмжээ авдаг. Хүний цус, нохойны цус, барааны саван, элсэн чихэр, хорын цаас, хар лак, гутлын тос зэрэг ийм зүйлүүдийг түлэгдсэн хүнд түрхдэг. Энэ нь тэр хүнд ямар ч тус болохгүй, харин ч хор болдог. Өвчний явцад шууд сөргөөр нөлөөлнө. Тиймээс анхны тусламж үзүүлэхдээ юуны өмнө түлэгдсэн халуун зүйлийг холдуулна. Түлэгдсэн хэсэг хувцастай бол яаралтай тайлна. Халуун зүйл хувцсанд шингэсэн учраас улам цааш нь түлээд байдаг. Хамгийн энгийн арга бол урсгал усаар хөргөх ёстой. Дээд тал нь 20 минут хөргөнө. Урсгал усны хэм нь тасалгааны температур байна. Гэтэл иргэд  хэтэрхий хүйтэн ус, мөсөөр хөргөх, эсвэл ваннанд ус хийж хүүхдээ удаан хугацаагаар суулгачихдаг. Үүнээс болоод хүүхдүүд ханиад хүрэх хатгаа авах зэргээр түлэгдэлтэн дээрээ давхар хүндрэл бий болдог. Тэгэхээр, урсгал ус буюу түлэгдсэн биеийн хэсэг дээр ус гоожуулна гэсэн үг.  Ингэж 5-15 минут хөргөөд дараа нь мэргэжлийн эмчид заавал хандаарай.  Эмчид хандахгүй хугацаа алдсанаас хүндрээд эмчилгээ хийсэн ч үр дүнд хүрэхгүй байх тохиолдол зөндөө байна. Жижигхэн түлэгдэлт маш их өвдөлт өгдөг. Түлэгдэлтийн хамгийн анхны шок нь өвдөлт юм. Анхан шатны тусламж үзүүлсэн бол өвдөлт намдаах эм тариаг хүүхэд, том хүний тунгаар нь тааруулж  хийх шаардлагатай.  Тэгэхгүй бол хотын нэг захаас эмнэлэг рүү явдаг. Энэ хугацаанд хүүхэд өвдөлтөөсөө болж шоконд ордог. 103-ын эмч нар хүртэл хүнээ авчрахдаа ямар ч өвчин намдаах эм тариа хийгээгүй авчрах тохиолдол гардаг. Үүнийг маш сайн анхаарах хэрэгтэй.  

-Түлэнхийн төвд тоног төхөөрөмж, эм тарианы хангамж дутагдалтай байдаг гэсэн. Ямар тоног төхөөрөмж, эм тариа нэн шаардлагатай байна вэ?

-Энэ талаар ярихад маш олон юм тоочих шаардлагатай болно. Солонгосын “Самсунг” групп,  Монголын “Эрүүл үрс, гэрэлт ирээдүй” төрийн бус байгууллага манай Түлэнхийн тасагтай хамтраад нэг төсөл хэрэгжүүлж байгаа юм. “Samsung” компаниас 100 мянган ам.долларын хөрөнгө гаргаж, үүний 80 мянган ам,доллараар тоног төхөөрөмж, үлдсэнээр нь эмч нарт сургалт явуулах төсөл хэрэгжээд эхэллээ. Сэхээн амьдруулах тасагт хэвтэж байгаа хүүхдүүдэд тоног төхөөрөмж амин чу­хал шаардлагатай байна. 24 цаг тасралтгүй эм тариа хийдэг аппарат байх ёстой. Тэр аппарат нь хүрэлцээгүй байдаг. Дээр нь хүчилтөрөгчийн  аппарат байх ёстой. Түлэгдсэн хүүхэд хүчилтөрөгчийн дутагдалд маш амархан ордог. Үүнийг нь нөхөх аппарат байхгүй байна. Цаашлаад эм тариа гээд олон зүйл дутагдалтай байна. Түлэгдсэн хүмүүсийн амь нас аврагдлаа гэхэд хагалгаа хийх болдог. Хагалгааны тоног төхөөрөмж бараг байхгүй гэхэд болно. Эмч нар өөрсдөө монголчлоод  хийдэг дээ. Наад зах нь унтуулгын аппарат байх ёстой. Түрээсийн байранд байгаа учраас тоног төхөөрөмж авлаа ч суурилуулах боломжгүй. Тиймээс энэ төслийн хүрээнд зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжийг авах болов уу. Эм тарианы хувьд ойр зуурын эм тариа хэрэглэж байна. Гэтэл түлэгдсэн хүмүүст судсаар хийх маш их тэжээл, уургийн бэлдмэл шаардлагатай байдаг ч төсөв мөнгөндөө хязгаарлагдаад хангалттай ирж чаддаггүй. 

-Танай эмнэлэгт одоо эмчилгээ хийлгэж байгаа нэг хүүхдийг эцэг, эх нь ламын үгэнд орж, халуун усаар түлсэн гэж дууллаа. Энэ үнэн юм уу? 

-Лам, бөө хүмүүсийн хэлснээр эцэг, эхчүүд хүүхдээ халуун усаар угааж түлэх хэрэг нэг биш удаа гарч байгаа. Ийм байдлаар болох болохгүй хүний үгэнд орж, хүүхдээ насан туршид нь битгий хохироогоорой гэж хэлэх байна даа.     

Х.ЦЭНД-АЮУШ

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлчидтэй уулзана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр 11.00 цагаас УИХ-ын гишүүд, сэтгүүлчидтэй  “Ухаалаг төрийн хүрээнд боловсруулж буй зарим хуулийн төслийн танилцуулга” сэдвээр ярилцах гэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч энэ удаа Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай, Нийтийн сонсголын тухай,  Захиргааны ерөнхий хууль, Шилэн дансны тухай хуулийн төслүүдээр ярилцах юм.

Categories
мэдээ спорт

Өсвөрийн сагсчид АНУ-г зорилоо

АНУ-д болж буй “Континентал кап-2014” олон улсын фестивальд дэлхийн 20 гаруй орны хүүхдүүд бэйсбол, сагсан бөмбөг, хөлбөмбөг гэсэн спортын гурван төрлөөр долоо хоног  өрсөлдөх аж. Уг тэмцээн маргааш эхлэх бөгөөд манай улсаас сагсан бөмбөгийн төрөлд  өсвөрийн шилдэг  60 сагсан бөмбөгчид АНУ-ыг зорьжээ.

Categories
мэдээ цаг-үе

Bank of China Монголд яаж ажиллахаа танилцуулав

Улаанбаатарын эдийн засагчдын клубийнхэн энэ сарын уулзалтандаа “Bank of China”-гийн төлөөлөгчийн газрын дарга Дай Син жунийг урьжээ. Клубийн гишүүд уламж­лал ёсоороо үдийн хоол зооглонгоо Хятадын эдийн засгийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв, Хятадын банк Монголд орж ирэх нь ямар ашигтай талаар санаа бодлоо хуваалцлаа. Уулзалтаас Дай Син жуний илтгэл анхаарал татаж байв. Хятадын том банк Монголд салбараа нээх мэдээлэл цацагдаад багагүй хугацаа өнгөрсөн ч  тус банкны зүгээс өчигдрийг хүртэл байр сууриа илэрхийлээгүй байсан юм.  Дэлхийн аварга банкуудын нэг салбараа нээх хүсэлтээ Монголбанкинд тавьчихаж. Гэхдээ эцсийн шийдвэр гараагүй байгаа аж. Төв банк хуулийнхаа дагуу хянаж, нягталсны дараа шийдээ гаргах бололтой.  

Дотоодын банкуудтай өрсөлдөхгүй 

Ноён Дай Син жуний яриа Bank of China Монголд сал­бараа нээвэл яаж ажил­лах вэ гэсэн сэдэв дор өрнө­сөн. Бизнесийн төс­лийн сан­хүүжилт, дэд бүтэц, барилга, уул уурхай, амьжиргаа дээш­лүүлэх гээд бүх л салбарт хамтран ажиллах боломжтой гэж тэрээр ярианыхаа эхэнд онцолж байлаа. Засгийн газрын томоохон төслүүдийг санхүүжүүлэхэд бэлэн гэнэ. Жижиг дунд бизнесийн сан­хүүжилт дээр туршлагатай ч энэ зах зээл дээр дотоодын арилжааны банкуудтай өрсөл­дөхгүй гэсэн бодлого барих аж. Хадгаламж  дээр ч дотоодын банкуудтай өрсөл­дөхгүй юм байна. Дай Син жунь “Монголын эдийн засаг бол их хэмжээний мөнгө оруулж үр ашиг хүртэхээр том зах зээл биш. Жижигхэн эдийн засагтай. 2012 онд анх удаа 10 тэрбум ам.доллар хүрсэн эдийн засаг. Гадны том банк орж ирээд ашигтай ажиллах зах зээл биш. Төгрөгийн ханш нь гэхэд богино хугацаанд их хэмжээгээр унасан, инфляци өсөлттэй гээд сөрөг үзүүлэлт ихтэй зах зээлд салбараа нээх эрсдэлтэй. Бидэнд ажиллах тодорхой хэмжээний орчин бий учраас ийм шийдвэр гарга­сан. Манай банкны хувьд дотоодын арилжааны банкуудтай өрсөлдөхгүй, харин ч хамтран ажиллана. Хөгжихөд нь тусална.  Засгийн га­зар, Төв банк хяналт та­вих бүрэн боломжтой. Хуу­лийн хүрээнд хяналтаа тавиад эрсдэлтэй гэж үзвэл зөвшөөрлийг хурааж авах эрх нь Засгийн газар, Төв банкинд бий. Банкны хувьд компаниудтай зээлийн ха­рил­цаа л тогтоодог. Зээл авсан компанийнхаа менеж­мэнт, удирдлагын асуудалд оролцохгүй. Барьцаа хөрөн­гө­ний хувьд тухайн улсын хуулиар зохицуулагддаг” гэж ярив

“Bank of China”-гийн салбарт 40 гаруй хүн ажиллана гэв

Хятадын банк орж ирснээр үндэсний аюулгүй байдалд эрсдэлтэй гэсэн байр суурь­тай хүн цөөнгүй бий. Тэрээр энэ болгоомжлолд “Гадаадын банк орж ирээд үндэсний аюулгүй байдалд нь нөлөөлсөн жишээ аль ч улсад байдаггүй. Харин ч гадаадын банк орж ирээд олон улсын санхүүгийн төв болсон жишээ Хонконг, Сингапураас эхлээд бай­на. Иргэдийнх нь амьдралд сайнаар нөлөөлдөг. Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэх сайн тал бас бий. Том банк салбараа нээ­вэл гадаадын хөрөнгө оруулагчдад эерэг дохио болно. Гадаад валютын нөөц ихсэхэд ч нөлөөлнө. Дахиад хэлэхэд манай банк дотоодын арилжааны банкуудтай өрсөл­дөхгүй. Өрсөлдөх боломж нь ч хязгаарлагдмал байна.  Дотоодод арав гаруй банк 1500 салбар, арав гаруй мянган ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Манай банкны хувьд Улаанбаатарт нэг салбар ажиллуулна. 40 гаруй хүн л ажиллана. 56 сая ам.долларын капитал бүртгүүлэхээр Монгол банкинд саналаа өгсөн. 460 сая ам.долларын зээл олгох боломжтой. Гэтэл дотоодын арилжааны банкууд 2013 оны байдлаар гэхэд зургаан тэрбум ам.доллар зээлсэн гэх статистик гарсан байна лээ. Тэгэхээр Bank of China-гийн салбар жижиг, дунд хэмжээний банктай л ойролцоо хэмжээний үйлчилгээ үзүүлнэ гээд ойлгочихож болно” гэсэн тайлбар өглөө. 

Хятадын бэлэн мөнгөний үйлчилгээний төв нээж магадгүй нь

Bank of China Монголд салбараа нээхийн өөр нэг давуу талыг ноён Дай Син жунь  “Юаньтай холбоотой гүйлгээн дээр эрсдэл буурч, зардал багасна. Хятадын хувьд Монголын хамгийн том бизнесийн түнш. Тэр утгаа­­раа ач холбогдол нь өндөр” хэмээн онцлов. Bank of China Хятадын бэлэн мөн­гөний үйлчилгээний төвийг Монголд нээх зорилготой байгаа аж. Шилжүүлгийн зардал нь багасвал дотоодын банкуудад ч эерэг нөлөөтэй гэнэ. Дай Син жунь  яриагаа “Туушин” компани Монголоос анх удаа манай банктай гэрээ байгуулсан. Үр дүн нь ирэх саруудад тодорхой харагдана. Олон банк энэ хамтын ажил­ла­гаанд оролцох байх. Бид өөрсдийгөө Монголын нэг хэсэг гэж харж байна. Монголын эдийн засгийн хөгж­лийн ирээдүйн талаар өөдрөг төсөөлөлтэй байгаа. Улс орны эдийн засагт хувь нэмрээ оруулах зорилгоор хамтран ажиллана гэсэн хүсэл бидэнд бий” гэсэн үгээр өндөрлөлөө. 

Bank of China юанийг дэлхийн хэмжээнд чөлөөтэй хөрвөдөг валют болгоно 

Улаанбаатарын эдийн засагчдын клубийн ээлжит уулзалтын гол зочин нь доктор Жон Гун. Бээжингийн Бизнес, эдийн засгийн их сургуулийн Эдийн засгийн тэнхимийн профессор, Америкт доктор хамгаалсан энэ эрхэм Хятадын эдийн засгийн өнгөрсөн, одоо, ирээдүйн талаар олон жил судалсан гэнэ. “Глобал таймс”, “Чайна дейли” зэрэг мэргэжлийн хэвлэлүүдэд энэ чиглэлээр нийтлэл бичдэг аж. Тэрээр “Богино хугацаанд эрчтэй цойлж  чадсан Хятадын эдийн засгийн хөгжлийн жорыг та бүхэнтэй хуваалцъя” гэсэн үгээр яриагаа эхэлсэн юм. Түүнийхээр Хятад хурдтай хөгжиж чадсан нь чөлөөт худалдаа, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг тууштай дэмжсэнтэй хол­боо­той гэнэ. Ноён Жон Гун “Америк, Европын холбоо­ноос Хятадад зах зээлийн эдийн засагтай гэсэн статус өгөөгүй нь улстөрийн шалтгаантай. Түүнээс биш Хятад улс жинхэнэ чөлөөт зах зээлийн зарчмаар явж байгаа. Америкт чөлөөт зах зээлийн зургаан шалгуур гэж байдаг. Хятадын зах зээл тэр бүх шалгуурыг хангасан. Жишээ нь Хятадын валют чөлөөтэй хөрвөдөг болсон. Австрали, Шинэ Зеланд зэрэг хэд хэдэн улстай юаниар наймаа хийдэг. Bank of China-гийн хувьд юанийг дэлхийн хэмжээнд чөлөөтэй хөрвөдөг валют болгох зорилго тавьсан. Чөлөөт зах зээлийн дараагийн нэг  гол шалгуур нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах чадвар. Гадаадын том хөрөнгө оруулалтууд сүүлийн 20 жилд Хятадын зах зээлд тогтвортой орж ирж байна” хэмээн ярилаа. 

Хятадын зах зээлд төрийн өмчийн компаниуд олноороо үйл ажиллагаа явуулдгийг зарим эдийн засагч шүүмжил­дэг. Энэ талаар доктор Жон Гун “Дэлхий дээр түгээмэл биш практик л даа. Гэхдээ Европ, Америкт ийм компаниуд үйл ажиллагаа явуулдаг. Хятадын эдийн засаг Зөвлөлтийн үеийн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг биш. Жинхэнэ чөлөөт зах зээлийн зарчмаараа явж байгаа. Миний амьдрах дуртай Шанхай, Бээжин гэхэд л олон улсын зах зээлийн төв болж байна. Худалдаа бол Хятадын хөгжлийн мотор. ДНБ-ий 30 хувийг экспорт эзэлдэг статистик бий. Экспорт давамгайлсан эдийн засаг сайн, муу хоёр талтай. Гэхдээ маргах аргагүй хүчтэй нөлөөлөл. Самсунг, LG, Хонда, Тоёота Хятадад салбартай. Тэнд Iphone-ийн үйлдвэрлэл явагдаж байна. Үндэстэн дамнасан компаниуд их байна гэдэг Хятадын зах зээл дээр үнэ цэнэ бий болсон гэсэн үг. Дэлхийн үйлдвэрлэлийн төв Хятадад төвлөрч байна. Iphone-оос гэхэд Америк руу 300 ам.доллар гарч, Хятадад 10 ам.доллар л үлддэг. Тэглээ гээд Хятадын Засгийн газар Apple-ийг хөөж гаргахгүй. Үлдэж байгаа мөнгө нь бага ч туршлага нь үлдэнэ гэдэг том өгөөж. Өнөөдөр хятадууд өөрсдөө ухаалаг утас үйлд­вэрлэж байгаа. Дэлхийн хэм­жээнд өрсөлдөхгүй ч Apple-ийг оруулж ирээгүй бол ийм үр дүнд хүрэхгүй байсан. Дэлхийн машин үйлдвэрлэгч бүх том үйлдвэр Хятадад салбартай. Үүнийг дагаад тэнд машин үйлдвэрлэл хөгжсөн. Хятадад үйлдвэрлэсэн машиныг дэлхийн улс орнууд хэрэглэж эхэлж байна. Хятадын экспортын 60 хувийг үндэстэн дамнасан компаниудын бүтээгдэхүүн эзэлдэг.  Хамгийн их хөрөнгө оруулалт татаж, хамгийн их худалдаа хийсэн нь л Хятадын хөгжлийн үндэс. Үндсийг нь хайвал ердөө л гадаадын шууд хөрөнгө оруулалт” гэсэн тайлбар хийлээ. 

Тэрээр ярианыхаа төгс­гөлд “Эдийн засгийн өсөлт улстөрчдийн бодол саналаар шийдэгддэг асуудал биш. Хувийн хэвшлийн эрх ашигт нийцсэн бодлого барих учир­тай. Хөрөнгө оруулагчдад тогтвортой  эрх зүйн орчноос гадна мөнгө нь аюулгүй байх орчин чухал. Татварын таатай орчин чухал. Энэ талуудыг анхаарчихвал Монголын эдийн засагт тасралтгүй өсөх боломж бүрэн бий. Жишээ нь Монголд Орос, Хятад гэдэг хоёр том хөрш байна. Казахстан Монгол шиг далайд гарцгүй. Гэхдээ Орос Хятадын алинтай нь ч эдийн засгийн харилцаагаа эрчимжүүлэхийг хичээж байгаа. Дэлхийг эзэл­сэн эцэг өвгийн түүх шигээ Монголд үйлдвэрлэсэн бараа дэлхийд гарах цаг ойрхон гэдэгт итгэж байна. Хятад Монголын харилцаа улам хөгжинө гэж найдаж байна” хэмээн онцолсон юм. 

Илтгэлүүдийн дараа уул­залтад оролцсон эдийн засагчид доктор Жон Гунаас сонирхсон асуултдаа хариу авцгаалаа. “Нүүрс цаашдаа хэр үнэтэй эд байх вэ” гэсэн асуултад Жон Гун “Өмнөх шигээ эрс өсөхгүй ч одоо байгаа нэг тонн нь 600 юань гэсэн үнэлгээ хэсэгтээ үргэлжлэх байх. Тэгэхээр бодит байдалд тохирсон шийдэл олох хэрэгтэй” гэж хариулна лээ. Хятадын эдийн засаг арван хувийн өсөлттэйгөөр удаан явахгүй, ирэх жилүүдэд 7, 8 хувь дээр тогтворжино, алсдаа хөгжингүй орнууд шиг гурав, дөрвөн хувь руу орох гэнэ. Жон Гуны хариултаас “Хэсэг хугацааны дараа Хятадын зах зээл дээр зэсийн эрэлт хэрэгцээ багасна” гэсэн үг содон сонсогдсон. Урд хөрш цэвэр эрчим хүчний бодлого бариад эхэлчихсэн  учраас  нүүрсний зах зээл ирэх арваад жилд л идэвхтэй байх бололтой.  

“Ирэх 20-50 жилд Хятадын зах зээлд тулгарах сорилт бэрхшээл гэвэл юуг онцлох вэ” гэсэн асуултад “Аж үйлдвэрийн салбарт нь төрийн зохицуулалт их байна. Өрсөлдөөнтэй болгох нь зөв. Өрсөлдөөн нэмэгдэж байж л эдийн засаг өрсөлдөх чадвартай болно. Гэхдээ яваандаа эдийн засаг нь илүү өрсөлдөөнтэй, нээлттэй болох байх. Энэ тал дээр Австралийн жишгийг дагавал зүгээр” гэж хариуллаа. 

Ц.БААСАНСҮРЭН 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НҮБ-ын байгаль орчны Ассамблейн анхны чуулган өндөрлөлөө

НҮБ-ын Байгаль орчныг хамгаалах хөтөлбөр буюу   UNEP (United Nation Environment Programm) нь Кенийн нийслэл Найроби хотод төвтэй. UNEP-ийн хамгийн гол зорилго нь байгаль орчныг хамгаалж, сэргээх үйл ажиллагаа явуулдаг. Харин UNEP-ийн удирдлага нь UNEA буюу НҮБ-ын Байгаль орчны Ассамблей юм. Тус ассамблейн анхны ерөнхийлөгчөөр Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун сонгогдсон тухай бид мэдээлж байсан билээ. НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн анхны чуулган Кенийн нийслэл Найроби хотноо дөрвөн хоног хуралдаж уржигдар өндөрлөсөн юм. Өнгөрсөн мягмар гаригт эхэлсэн чуулганыг нээж С.Оюун үг хэлжээ. Энэ чуулганд Бүгд найрамдах Кени улсын Ерөнхийлөгч У.Кенятта, Монакогийн хунтайж Альберт II, НҮБ-ын БОХ-ийн  гүйцэтгэх захирал Аким Штайнер, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дарга Ж.Аш, НҮБ-ын Найроби дэх төвийн ерөнхий захирал Сал-Уөк Зевде, дэлхийн улс орнуудын төр засгийн тэргүүнүүд, ТББ  гээд нэлээд өндөр хэмжээний төлөөлөгчид оролцсон байна. Энэ нь НҮБ-ын Байгаль орчны ассамблей дэлхийд чухал үүрэгтэй  гэдгийн нэгэн илэрхийлэл юм.

Тус олон улсын байгуул­лагын Байгаль орчныг хамгаалах хөтөлбөр (UNEP)  1972 онд анх байгуулсан бөгөөд нэлээд өргөн хүрээг хамарсан төслүүдийг хэрэгжүүлсээр ирсэн.Өнгөрсөн оны гуравдугаар сард Ерөнхий Ассамблейн чуулган дээр дэргэдээ Байгаль орчны ассамблейг (UNEA)  байгуулах шийдвэр гаргасан. Энэ нь НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр буюу UNEP-ийг удирдах байгууллага  бөгөөд бодлогыг тодорхойлоод зогсохгүй стратегийн гол шийдвэрүүдийг гаргах үүрэгтэй. Зүйрлэж хэлбэл байгаль орчныг хамгаалах асуудлыг хариуцсан дэлхийн яам гэсэн үг юм. Тус ассамблей үйл ажиллагааг нь зохицуулдаг төвтэй. Тус төв нь 10 гишүүнтэй бөгөөд Найроби хотноо хоёр жилд нэг удаа хуралдаж чухал асуудлуудыг хэлэлцэх гэнэ. Өөрөөр хэлбэл манай Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун мөн дээр дурдсан тэргүүлэгч 10 гишүүдийг ч даргалах юм. НҮБ-ын Байгаль орчны Ассамблей шаардлагатай гэж үзвэл Ерөнхий ассамблейд тогтоолын төслийг шууд оруулан хэлэлцүүлэх эрхтэй.

Найроби хотноо болсон НҮБ-ын Байгаль орчны Ассамблей нь өнөө үед дэлхий нийтийн анхаарлыг татсан асуудалд олон нийтийн анхаарлыг дахин хандууллаа. Анхныхаа чуулганаар тогтвортой хөгжлийг хангах зорилго сэдвээр хийсэн юм. Хамгийн гол нь байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааг шинжлэх ухаан, улс төртэй уялдуулж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-аас гадна сонирхогчдыг татан оролцуулах явдал юм. 

Ийнхүү тус Ассамблей өдгөө бөгөөд ирээдүйд байгаль дэлхий, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдэхэд монгол хүн чухал үүрэг гүйцэтгэх юм.