Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өршөөлийн хуулийг зөв гаргах хэрэгтэй байна

Эдийн засгийн өршөөл буюу Ил тод байдлын тухай хуулийг УИХ гаргах гэж байна. Араас нь залгаад Эрүүгийн өршөөлийн хуулийг батлах шинжтэй. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн санаа нь зөв юм билээ. Төрийн албан хаагчид 2006 оноос хойш энд тэнд нууж хаасан эд хөрөнгө, мөнгө төгрөгөө бүгдийг нь илчилнэ. Мэдээж төрийн өндөр алба хашиж яваа дарга, сайд, УИХ-ын гишүүн бүхэнд энэ хууль хамаарна. Хөрөнгө орлогын мэдүүлэг бөглөдөг болгон хамрагдана. Цалингаасаа гадуур илүү олсон хэдэн төгрөгөөс эхлээд юу байдгаа тоочно. Өнөөдрийг хүртэл хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичиж зүрхлээгүй хав дарсан эд хогшил, гадаад, дотоодын дансанд байгаа мөнгөө ил болгоно гэсэн үг. Бусдын нэр дээр бүртгүүлсэн үл хөдлөх хөрөнгө, эд мөнгө байдаг юм бол нэгийг ч дутаалгүй өөрийнх гэдгээ зарлана. Үүнийгээ санхүү татвар, нийгмийн даатгалын тайланд тусгана.Шинээр хөрөнгө орлогын мэдүүлэг бөглөнө. Гаалийн байгууллагад нөхөн мэдүүлнэ.Улсын бүртгэлийн дансанд шинээр бүртгүүлнэ. Хэрэв хууль батлагдчихвал төрийн албан хаагч, дарга сайд, УИХ-ын гишүүд ирэх сарын 1-нээс арваннэгдүгээр сарын нэгэн хүртэл нуусан хөрөнгөө ил болгох ажилд ханцуй шамлан орох нь ээ. Нуусан хөрөнгөө сайн дураараа, шударгаар ил болгосон төрийн албан хаагчдыг элдэв хариуцлагад татахгүй, албан татвараас нэг удаа чөлөөлнө гэж байгаа.Цаад зорилго нь хэл ам, хууль, шүүхээс айж, татвар гувчуураас зугтаалгаж, гадагш нь гаргасан тэдний хөрөнгө, мөнгийг нааш нь татаж, Монголдоо “мөнгөн бороо” оруулах гэсэн байх. Үүгээрээ хуулийн санаа авууштай.

Гэтэл хүмүүсийн зориг гар­ган ил болгосон мэдээллийг төр засаг архивлаад чанд хадгалах гэнэ. Хичнээн төг­рөг, эд хогшил нуун дараг­дуулж байсныг нь хэнд ч хэ¬лэхгүй. Гэмт хэргийн нотлох баримт болгон элдэв зүйлд ашиглахгүй. Хэн хэн юу нууж байсныг хэвлэл мэдээллийнхэн нийтэлж, нэвтрүүлж, олон нийтэд түгээх нь хориотой гэдэг заалтыг оруулаад ирлээ. Үүнийг зөрчвөл таваас 50 сая төгрөгөөр торгох юм байх. 

Ингээд ирэхээр энэ хууль үлгэр болон хувирч байна.Нуух байсан юм бол хүмүүсийг улалзуулан байж хамаг юмыг нь дэлгүүлэх хэрэг юу байна.Ийм гэнэн тэнэг юм яривал хэн та нарт итгэх юм бэ. Тэр архивыг цагаа тулбал хэн дуртай нь ашиглана. Сонин хэвлэл та нарын үгэнд орно гэж бодож байна уу. Нууц гэж хаана ч байдаггүй юм. Тийм учраас сонин хэвлэл тэр мэдээллүүдийг бичиж л таараа. Олон нийт мэдэх л болно.

Хүний хамаг нууцыг хэлүүлчихээд архивлах гээд байгаа нь ч ямар учиртай юм. Монголчууд цөөхөн. Бараг биенээ танина. Төрийн албан хаагч тоотой. Худалч хүнд өнөөдөр энэ баримтуудыг хүлээн авч, бүртгэсэн төрийн албан хаагчид хоёр жилийн дараа гэхэд гудманд гарна. Хуулиар ямар ч үүрэг хариуцлага хүлээхээргүй болчихсон хүмүүс юу хийж чадахав. “Тэр муу тэгж мөнгөө нуусан байна лээ” гээд ах дүү, амраг садандаа ам алдахад Монгол тэр чигтээ сонсоно.  Тэгэхээр наад заалт чинь Монгол зан заншил, монголчуудын сэтгэлгээнд огт таарахгүй байна. Энэ хууль бүхэлдээ Монголын нөхцөлд тохирохгүй болчихлоо.

Социализмын үед өөрий­гөө шударгаар илчилсэн хүн юутай ч зүйрлэмгүй гавьяа байгуулдаг гэх ухуулан сэнх¬рүүлсэн уриа лоозон хүч­тэй байсан юм гэдэг. Коммунист дэглэмийн орнууд ард түмнийхээ тархийг энэ мэтээр угааж, өөрсдөөр нь хамаг булхай луйврыг нь хэлүүлдэг туршлага маягийн зүйл дэлгэрсэн юм билээ. Гэвч энэ нь хүн төрөлхтний түүхэнд аймшигтай түүх дурсамж үлдээснээс өөр сайн зүйл авчраагүй. Ийм гашуун түүх дэлхийгээр дүүрэн байна.

Сүүлээс нь дурдъя.Хятадын удирдагч Мао Зедун соёлын хувьсгалын үеэр  “Цэцэг бүхэн дэлгэрдэг, шувуу бүхэн жиргэдэг” гэсэн уриа гаргасан юм гэнэ лээ.Энэ нь юу гэсэн утгатай үг гэхээр  хүн болгон өөрөө дутагдлаа хүлээнэ. Буруугаа шударгаар илчилж, цэвэр коммунист болно гэдэг санаа. Үүнд үнэмшсэн олон мянган хятад иргэн өөрсийнхөө алдаа дутагдал бүхнийг  илчилсэн. Дараа нь цөллөгт явдаг эсвэл буудуулж үхдэг л хувь тавилантай учирсан гэлцдэг.

И.В.Сталины дэглэмийн үед ч өөрийгөө илчлэх асуудал Оросын ард түмэнд их байсан гэх. Харамсалтай нь тэр бүгдийн төгсгөл болгон үхэлтэй холбогдож байжээ. Манайд ч сэхээтний төөрөгдлийн үе байсан. Коммунизмын он жилүүдэд өөрийн шүүмжлэлийг өрнүүлэх нь тусгай ажил байсан тухай өдгөө түүх болгон ярьдаг.Амьдарч байгаа нийгэм, дарга нарын уриа лоозон, илтгэлд нийцэхгүй бодол санаа тээж, үг үйлдэл хийсэн  гэж бодвол өөрийгөө шүүмжилдэг. Үнэнээ илчилснийхээ хариуд шийтгэл амсдаг. Энэ мэтээр өөрийгөө илчилсэн төгсгөл болгон гунигтай. Нэг бол цөлөгддөг эсвэл шорон гянданд хоригддог, залхаан цээрлүүлдэг дурсамж олон ажээ.

Тэгвэл өнөөдөр яригдаж байгаа Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль үүнтэй адил болох нь шиг байна. Өөрөөр нь бүгдийг хэлүүлчихээд өршөөнө, дараа нь бүх нууцыг нь архивлаж хадгална. Нэг л сэжигтэй  байгаа биз. Ард түмнээ өөрийгөө илчлэх зам руу урхидах кампанит ажил болчих вий. Бараг өөрөөсөө ч нуусан үнэнээ өчсөний  дараа яах юм бол гэдгээс болгоомжлох хэрэгтэй. 

Манай “Өдрийн сонин” цагаан захтнуудыг шоронд хийх тоолонд ихэд харамсан бичдэг.  Яагаад гэвэл Монгол Улс  сэхээтэн цөөнтэй. Дэлхийн хэм­жээний боловсролтой мэргэжилтнийг бэлтгэх өртөг манайд маш их. Тиймээс арайхийн бэлтгэсэн цагаан захтнуудаа шоронд хийх нь Монголын эмгэнэл гэж үздэг юм. Энэ санаагаар сэхээтэн, цагаан захтнуудаа хамгаалах зорилгоор Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг баталж байвал болж байна.Тийм бол энэ хууль гарах ч хэрэгтэй.  Гэхдээ дэмжмээргүй зүйл  нь өөрийгөө илчлэх тухай заалт байна. Сөрөг хүчин үүнийг эсэргүүцэх ёстой.Хууль хэрэгжвэл хэнд илүү халгаатай вэ гэдгийг тэд юу юунаас илүү мэдэж байгаа. Монголын түүхэнд аль нам нь төрийн жолоог арай олон жил атгасан бэ гээд харвал Ардын нам л байна. Тэр өнцгөөс нь үзвэл нуусан хаасан зүйл ихтэй нь тэдний намд олон байж магадгүй нь.

Ийм учраас тал талаасаа зөвшилцөж  хуулиа оновчтой гаргах хэрэгтэй. Энэ хууль “Ийм олигархиуд Монголыг цөлмөж байж” хэмээн зарлах гэхээсээ илүү монгол үндэстэн хоорондын итгэлцэл, халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх ёстой. Амьдралд нийцэхгүй байгаа өөрийгөө илчлэх  тухай заалтын  оронд 2014.07.01-нээс өмнө олж авсан өмч, хөрөнгөө ил болго. Тэр болгоныг шалгахгүй гэдэг заалт оруулчихад л болно. Энэ нь хамаагүй шударга бөгөөд элдэв яриа хөөрөөгүйгээр  асуудлыг яг шийднэ. 

Үүнийг одоогийн УИХ хийх хэрэгтэй. Тэгвэл дан ганц АН гэхгүйгээр хоёр намын болоод хамгийн гол нь энэ парламентын нэр хүнд өснө. Өнөөдөр Эрүүгийн өршөөлийн хуулиас илүү Эдийн засгийн өршөөлийн хууль асар олон хүнд эергээр тусна. Хэдэн арваараа шоронд ачигдаж, эрүүдэн шүүгдэж байгаа цагаан захтнуудаа хамгаална.Тэдний потенциалыг эх орондоо хэрэгтэй үйлс бүтээхэд ашиглаж, хүчийг нь дайчлах боломж олдоно. Ер нь ирээдүйд  АТГ-ыг ажилгүй болгох зорилгоор энэ хуулийг баталмаар байна. Монголчууд нэгийгээ уучилж чаддаг, уужуу тайван ард түмэн гэдгээ дэлхий нийтэд үлгэрлэн харуулах сайхан боломж бидэнд олдлоо. Энэ завшааныг алдалгүй ашиглах хэрэгтэй.  Тийм ч дэмий хоосон популистууд  УИХ-д суудаггүй гэдгийг ард түмэндээ батлан харуулах цаг ирээд байна. Тиймээс Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийг хоосон улстөржилгүй, дороо суурьтай, дотроо бодолтой, олон талаас нь харж байж зөв л гаргах хэрэгтэй юм.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатарт 20 хэм дулаан

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зарим газраар, төв болон зүүн зүгийн нутгийн ихэнх, говийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 градус, Их нууруудын хотгор болон говийн нутгийн өмнөд хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. 19-21 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 11 градус дулаан, харьцангуй чийг 86 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Categories
мэдээ улс-төр

“Евросатори 2014” олон улсын батлан хамгаалахын аж үйлдвэрийн үзэсгэлэнд оролцов

Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотноо 2014 оны энэ сарын 12-17-нд айлчилж, “Евросатори 2014” олон улсын батлан хамгаалахын аж үйлдвэрийн үзэсгэлэнд оролцов.

Айлчлах хугацаандаа Дэд сайд А.Баттөр БНФУ-ын БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Кадер Арифтай хоёр талын уулзалт хийж, хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны хэрэгжилт, хэтийн төлөвийн талаар ярилцаж, уулзалтын төгсгөлд батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай хоёр талын техникийн тохиролцоонд гарын үсэг зурав. Тус тохиролцоо нь Монгол Улс, БНФУ-ын хоорондын батлан хамгаалах салбар дахь харилцаа, хамтын ажиллагааны анхны баримт бичиг болов.

Түүнчлэн дэд сайд А.Баттөр БНФУ-ын БХЯ-ны ЗЕГ-ын Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга генерал С.Рэбтай уулзаж хоёр талын батлан хамгаалах салбарын харилцааны талаар санал солилцов.  Мөн тэрээр Ази Номхон далайн бүс нутгийн орнуудыг хариуцсан газрын дэд дарга адмирал П.Осёр, Японы Батлан хамгаалахын дэд сайд Рёто Такета нартай тус тус уулзав. 

Categories
мэдээ соёл-урлаг

Хийлч О.Байгаль, Төгөлдөр хуурч Б.Оюу нарын хоёр дах тоглолт болно

Хийлч О.Байгаль, Төгөлдөр хуурч Б.Оюу нар энэ сарын 28-нд хамтарсан тоглолтоо хийхээр болжээ. Тэд хамтарсан тоглолтынхоо талаар өчигдөр хэвлэлийн  хурал хийж, мэдээлэл өглөө. Монголын шинэ залуу хөгжимчид маань 2013 онд дэлхийн шилдэг хөгжмийн зохиолчдын бүтээлээс сорчлон “The Best of classics” хамтарсан тоглолтоо Улаанбаатар хот болон Хонконгд тоглож байсан. Харин энэ удаа тэд хоёр дахь тоглолтоо “Glorious Mongolia” нэртэйгээр толилуулахаар болжээ.  Энэ жил дан Монголын шилдэг хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг хүргэж байгаагаараа онцлог аж. Тодруулал, Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж, Б.Шарав, З.Хангал, Э.Чойдог, Ж.Чулуун, Н.Жанцанноров нарын бүтээлүүдээс тоглох гэнэ. Мөн уг тоглолтонд гэрэл зурагчин Г.Ган-Өлзийн Молнголын 21 аймгаар тойрон аялсан “Хөх тэнгэрийн орноор” аяллын шилдэг бүтээлүүдийг 3D проектор ашиглан хөгжимтэй хослуулж хүргэхээс гадна,  УДБЭТ-ын “Memory Pop Orchestra” хамтлаг, МУГЖ Ө.Уянга тэргүүтэй хамтлаг дуучид хүрэлцэн ирэх аж. Тоглолт “Mongolian stars melchers” компанийн байранд болох бөгөөд тасалбарын үнэ нь 88 мянга төгрөг. Үүнд үдшийн зоог, дарс, тоглолтын дараах “After party” зэрэг багтжээ. 

Э. АНУЖИН

Categories
мэдээ эдийн-засаг

“Монгол дахь хөрөнгө оруулалтын орчин” дугуй ширээний уулзалт болов

Монгол Улсын уул уурхай, хөдөө аж ахуй, ноос ноолуур, мах, сүү, барилгын материалын үйлдвэрлэл зэрэг төр, хувийн хэвшлийн хийж хэрэгжүүлэх гэж буй төсөл, Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалтын орчны талаарх бодлогыг салбар бүрээр танилцуулж, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчид холбоо харилцаа тогтоож, хамтран ажиллах боломж олгох зорилгоор 2014 оны 6 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Монголын эдийн засгийн форум-2014 олон улсын бизнес эрхлэгчдийн чуулга уулзалт зохион байгуулагдаж байгаа юм.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа ЭСЯ тус улсын худалдааны танхим болон Чех-Монголын Худалдааны Танхимтай хамтран “Монгол Улс дахь хөрөнгө оруулалтын орчин” дугуй ширээний уулзалт, семинарыг Прага хотноо 6 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулав. 

Уг арга хэмжээ нь хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны талаар Чехийн бизнесийн хүрээнийхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зорилготой байсан юм.

Дугуй ширээний уулзалтыг Монголын талаас Элчин сайд Д.Зүмбэрэллхам, Чехийн талаас БНЧУ-ын худалдааны танхимын дэд ерөнхийлөгч Ё.Цийлек болон Чех-Монголын Худалдааны Танхимын дэд ерөнхийлөгч Д.Жаргалсайхан нар нээж үг хэлсэн бөгөөд Монгол Улсын ЭСЯ-ны худалдаа, эдийн засгийн асуудал эрхэлсэн ажилтан Д.Өнөбилэгт Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын орчин болон хуулийн зохицуулалтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг Чехийн бизнес эрхлэгчдэд өгч, Монгол Улсын Хөрөнгө оруулалтын газрын тухай танилцуулга хийв.

Түүнчлэн дугуй ширээний уулзалтын хүрээнд БНЧУ-ын Үйлдвэр Худалдааны яамны газрын зөвлөх Я.Дудак Чех-Монголын худалдаа, эдийн засгийн өнөөгийн төлөв байдалын талаар мэдээлэл хийсэн бөгөөд Монгол Улсад амжилттай үйл ажиллагаа эрхэлж буй Чехийн “Агробохемиа” ХК, “Геотест” ХК болон “Агромонт” ХХК-нийн төлөөлөл хэрэгжүүлж буй төсөл, хамтын ажиллагааныхаа талаар тус тус илтгэл, мэдээлэл хийж санал солилцлоо.

Чехийн 15 гаруй пүүс, компанийн 30 гаруй бизнесийн төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцсон өргөн хүрээтэй арга хэмжээ боллоо.

Categories
мэдээ нийгэм

Улаан цутгаланд хамгаалалтын бүс татжээ

“Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг бэхжүүлэх нь” төслөөс Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд байрлах Улаан цутгалангийн хүрхрээний эргэн тойроны дөрвөн км газарт хамгаалалтын бүс тогтоожээ. Хамгаалалтын бүсийн санхүүжилтийг Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргаж, ажлыг нутгийн иргэд болон Орхоны Хөндийн Байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргаа, Бат-Өлзий сумын Засаг даргын Тамгын газар, Ойн анги хамтран гүйцэтгэжээ. Ингэснээр  хүрхрээний аман дээр байрладаг байсан аялал жуулчлалын баазууд, эко-гэрүүд уг хамгаалалтын бүсээс гадагш нүүх болсон байна. Аялал жуулчлалаас байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор хийж байгаа ажил аж.

Categories
мэдээ нийгэм

Наадмын хуушуур зарах зөвшөөрлийг ирэх долоо хоногоос олгоно

Наадмын талбай, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна жижиглэн худалдаа эрхлэх ажлыг сүүлийн жилүүдэд зохион нийслэлийн Захирагчийн албанаас нэгдсэн зохион байгуулалттай хийдэг болсон. Энэ жил тус газруудад худалдаа үйлчилгээ эрхэлж, хуушуур ундаа зарах иргэдийн зөвшөөрлийг ирэх долдугаар сарын 01-05-ний өдрүүдэд харъяа дүүргийн Үйлдвэр үйлчилгээний газраас олгохоор болжээ. Нийслэлийн захирагчийн ажлын албанаас энэ жилийн хувьд 900 зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэсэн байна.  Үүний 70 хувь нь хуушуурын зөвшөөрөл байх аж. Зөвшөөрлийн үнийн хувьд Хүй долоон худагт худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг 15 мянган төгрөгөөр, Төв цэнгэлдэх хүрээлэнд бол 20 мянган төгрөгөөр олгоно. 

Э.НОМИН

Categories
мэдээ улс-төр

Иргэн А.Гантамир Д.Хурцыг эсэргүүцэж Үндсэн хуулийн цэцэд хандлаа

Эрх зүйч мэргэжилтэй иргэн А. Гантамир “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох тухай” тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн хэмээн үзэж Үндсэн хуулийн цэцэд ханджээ. Тэрээр Д. Хурцыг АТГ-ын дэд даргын албан тушаалд тавигдах шаардлагад туссан эрх зүйн мэргэжилтэй гэх шалгуурыг давахгүй гэж үзсэн байна. “Монгол Улсын дээд боловсролын тухай хуулинд Дээд боловсрол эзэмшүүлэх дипломын сургалт 90 багц цагаас доошгүй байх, өмнөх түвшиний сургалтын багц цагийг оролцуулан  бакалаврын сургалт 120-оос доошгүй багц байна гэж заасан аж. УИХ Б. Хурцын  эрх зүйч мэргэжлийг эзэмшсэн гэдгийг 1999-2000 онд ОХУ-ын Аюулгүй байдлын академид суралцаж төгссөнөөр үнэлсэн нь буруу гэнэ. Эрх зүйч мэргэжлийг 10 сарын хугацаатай курсээр эзэмших боломжгүй хэмээн иргэн А.Гантамир үзэж байгаа юм байна. Авлига, албан тушаалын хэргээр шалгагдаж байсан, ТЕГ-т ажиллаж байхдаа үйлдсэн гэмт хэрэг нь 2006 оны Өршөөлийн хуульд хамрагдан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн гэх мэт тайлбарыг  иргэн А.Гантамир Үндсэн хуулийн цэцэд өгөөд байгаа аж. 

М.УНДРАЛ

Categories
мэдээ улс-төр

Монгол Улс НҮБ-ын байгууллагыг даргалахаар сонгогдлоо

НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн даргын сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун чуулганы төлөөлөгчдийн олонхийн дэмжлэгээр Ассамблейн даргаар сонгогдлоо.

НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн анхдугаар чуулган өнөөдөр буюу зургадугаар сарын 23-ны өдөр Кени Улсын Найроби хотноо эхэлсэн юм. Ассамблейн чуулганд дэлхийн 170 гаруй орны төлөөлөгч оролцож байна.

НҮБ-ын бүтцийн томоохон байгууллагыг Монгол Улс анх удаа ийнхүү даргалахаар болж буй нь олон улсын тавцан, тэр дундаа НҮБ-д манай нэр хүнд, байр суурь өндөр байгааг илэрхийлж байна. Уг сонгуульд Монгол Улс нэр дэвшин өрсөлдөх, санал, дэмжлэг авах ажлыг Гадаад харилцааны яам болон түүний удирдлага, дипломат ажилтнууд өндөр төвшинд амжилттай зохион байгуулсанд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун талархаж байгаагаа уламжилсан байна.

Энэ дашрамд дурдахад, Монгол Улс НҮБ-ын хоёр том сонгуульд өрсөлдөхөөр бэлтгэж байгаа юм. Тодруулбал, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд 2015 онд, Аюулгүй байдлын зөвлөлд 2022 онд сонгогдохоор ажиллаж буй. НҮБ-ын гишүүн 193 оронтой бүгдтэй нь дипломат харилцаа тогтоох зорилго тавин ажиллаж байгаа нь тэдгээр орнуудын санал, дэмжлэгийг хүлээх, байр сууриа нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм байна.

Categories
мэдээ спорт

Ус суваг ашиглалтын товчооны баг хөлбөмбөгийн тэмцээнд аваргалав

Багахангай дүүргийн МоАХ-ны салбар зөвлөлөөс хөлбөмбөг сонирхогч иргэдийн дунд жил бүр нээлттэй тэмцээн зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн нээлттэй тэмцээн өнгөрсөн бямба гарагт тус дүүрэгт боллоо. 

Иргэдийн чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх, МоАХ-ны үйл ажиллагааг олон нийтэд сурталчилан таниулах зорилготой энэ нээлттэй тэмцээнд Багахангай дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага, МоАХ, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн МоАХ-ны салбар зөвлөлөөс бүрдүүлсэн долоон баг оролцсон юм. 

Багууд хоёр хэсэгт хуваагдан тоглож, хагас шигшээд МоАХ, Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Эрчим хүч, Ус суваг ашиглалтын товчооны баг шалгарав. Шигшээ тоглолт Ус суваг ашиглалтын товчоо, Эрчим хүчний багийн хооронд өрнөж, 2:0 оноогоор Ус суваг ашиглалтын товчооныхон хожсоноор үүрд хадгалах “Алтан дагина” цом, алтан медаль, 400 мянган төгрөгийн эзэн боллоо. Эрчим хүчний баг мөнгөн медаль, 300 мянган төгрөгөөр шагнуулсан юм. Харин МоАХ, Онцгой байдлын хэлтсийн баг хүрэл медалийн төлөө өрсөлдөж, 0:1 оноогоор Онцгой байдлын хэлтсийнхэн хожив. Онцгой байдлын хэлтсийн багийн н.Бат-Эрдэнэ тоглолтын явцад дөрвөн гоол уруулснаар шилдэг тоглогчоор тодорсон бол шилдэг хаалгачаар Ус суваг ашиглалтын багийн тамирчин Ш.Балдорж шалгарсан юм. 

Хөлбөмбөгийн нээлттэй тэмцээний талаар Багахангай дүүргийн МоАХ-ны салбар зөвлөлийн дарга П.Нүрзэд “Жил ирэх тусам хөлбөмбөгийн нээлттэй тэмцээнд оролцогч багийн тоо нэмэгдэж, тэр хэрээр тоглолтууд өрсөлдөөнтэй болж байна. Нээлттэй тэмцээн гэдэг утгаараа зөвхөн дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагаас бүрдүүлсэн багууд биш хотын төвийн дүүргүүдээс багууд ирж оролцлоо. Цаашид тэмцээний хүрээг улам тэлэх зорилготой болно. Энэ жилийн нээлттэй тэмцээнээ “Байгаль дэлхийгээ хайрлая” уриан дор Монгол Улсад ардчилсан хөдөлгөөн үүсч хөгжсөний 25 жилийн ойд зориулан зохион байгуулснаараа онцлог байлаа” хэмээн ярив.