Categories
арын-нүүр булангууд мэдээ цаг-үе ярилцлага

Д.Бат-Очир: Санхүүгийн салбарын засаглалын онцлогийг түрүүлж мэдрээд хэрэгжүүлсэн нь ХасБанкны давуу тал

Сүүлийн жилүүдэд компанийн сайн засаглал хэмээх Монгол улсын хувьд шинэхэн ойлголтын талаар багагүй ярих болсон. Энэхүү ойлголтыг байгууллагынхаа үнэт зүйл болгоод зогсохгүй бусаддаа үлгэрлэн түгээж яваа ХасБанкны гүйцэтгэх захирал Д.Бат-Очиртой ярилцсанаа хүргэж байна.

 -Юуны өмнө танай хамт олонд баяр хүргэе! Танай банкийг олон улсын байгууллагаас компанийн сайн засаглалтай банкаар шалгаруулсан гэж сонслоо. Яг ямар үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм бол, танай банкнаас нэрээ дэвшүүлсэн үү?

-Баярлалаа. Олон улсын хөрөнгийн зах зээл болон санхүүгийн салбарын чиглэлээр хэвлэмэл сэтгүүл болон цахим хэлбэрээр мэдээлэл гаргадаг Лондонд төвтэй Capital Finance International байгууллагаас сайн засаглалаар ман­лайлж байгаа банкуудыг шалгаруулдаг юм байна.  Шалгаруулалтыг хийхдээ олон улсын нэр хүнд бүхий Дэлхийн худалдааны байгууллага, Дэлхийн банк, Европын холбоо зэрэг байгууллагуудаас санал авч нэр дэвшигчдийг тодруулаад дараа нь тусгайлсан ярилцлага хийх замаар эцсийн шалгаруулалтыг хийдэг юм билээ. 

Монгол улсаас энэхүү шагналд нэр дэвшсэн нь анхны тохиолдол бөгөөд тэр дундаа ХасБанк ази тивийн шилдэг сайн засаглалтай банкаар шалгарсан нь бидний хувьд бахархалтай хэрэг юм.

– Тухайн байгууллагаас танай банктай холбогдсон уу, эсвэл олон улсын байгууллагуудаас нэр дэвшүүлсэн л бол өгдөг шагнал уу?

-Нэр дэвшүүлж байгаа байгууллагууд нь олон улсын нэр хүнд бүхий байгууллагууд байдаг болохоор нэр дэвшүү¬лэхдээ хүртэл өөрс¬дийн¬хөө нэр хүндэд сэв суулгах сонголт хийх магадлал бага байдаг байх. Нэр дэвшигчдээсээ уг байгууллага нь дахиж сонгоод 30 минутын ярилцлагыг банкны Гүйцэтгэх захиралтай хийн, банк¬ны гүйцэтгэх засаглалын чана¬рын талаар мэдээлэл аван дахин хороогоороо оруу¬лаад эцсийн сонголтоо хийдэг гэж ойлгосон. Тэгэхээр нэр дэвшүүл­сэн болгонд өгдөг шагнал биш гэдэг нь харагдаж байгаа байх. 

– Компанийн засаглал гэж үүнийг хэлнэ гэсэн албаны тодорхойлолтоос илүү ХасБанкны хувьд компанийн засаглалыг яаж хардаг нь сонирхол татаж байна?

– Компанийн засаглал бол тухайн орны эдийн засаг ямар төвшинд явж байгааг харуулдаг үзүүлэлтүүдийн нэг л дээ. Хувийн хэвшил дөнгөж бий болж байх үед бид компанийн засаглалын тухай  ямар ч ойлголтгүй байсан. Харин эдийн засаг хөгжих хэрээр энэ ойлголт өргөжиж тэлсэн. Хүссэн хүсээгүй бий болдог зүйл гэж хэлмээр байна. Манай банкны хувьд анхнаасаа, сууриас нь компанийн засаглалын зарчмаар явсан. Анх байгуулагдахдаа суулгасан компанийн сайн засаглалын үр өнөөдөр соёолж, ургаж, цэцэглэж эхэлсэн учраас олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага бидэнд энэ нэр хүндтэй шагналыг хүртээсэн байх. Мөн бичил санхүүгээс бизнесээ эхэлсэн ХасБанкны хувьд олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулахуйц өндөр түвшинд хүрч чадсаны нэг том баталгаа гэж харж байгаа.

Санхүү, бизнесийн үйл ажиллагаа явуулахад зайлшгүй уялдаж ажиллах шаардлагатай бүх талуудын ашиг сонирхолыг жигд тэнцвэртэйгээр хамгаалж чадаж байгаа байгууллага л урт удаан хугацаанд тогтвортой амжилттай ажиллаж чадна гэдэгт бид анхнаасаа итгэн энэ зарчмаар ажиллахыг хичээж ирсэн. Манай банкны хувьд гэхэд л харилцагчид, зээлдүүлэгчид, хувь нийлүүлэгч, ажилчдаас гадна бидний харилцдаг түнш байгууллагууд болон татвар, нийгмийн даатгал, зохицуулах байгууллагууд гээд олон талуудтай холбогдон ажиллах шаардлагатай учир аль нэгнийх нь ашиг сонирхлыг сөргөөр хөндөөд эхлэх л юм бол бизнесийн тогтвортой байдалд муугаар нөлөөлөх эрсдэлтэй. Энэ зарчмыг ялангуяа ХасБанкны үе үеийн хувь нийлүүлэгчид маш сайн ойлгон өөрсдийн эрх ашгаа хэт дээгүүр тавин бусад талуудын эрх ашгийг хөсөрдүүлэхгүй байх тал дээр засаглалын зарчмыг хатуу баримталж ирсний үр дүнд ХасБанк жижиг төслөөс олон зуун мянган харилцагчтай системийн хэмжээний банк болж, өсөн дэвжиж чадсан гэж боддог. Энэ олон ашиг сонирхлыг тогтвортой хангахын тулд Хувь нийлүүлэгчид, ТУЗ, Гүйцэтгэх удирдлагын багийн эрх үүргийг зохистой хуваарилах, мэргэжлийн хараат бус байдлыг нь хангах нь чухал гэдгийг анхнаасаа хүлээн зөвшөөрөн ажиллаж ирсэн нь бидний нэг давуу тал гэж бодож байна. Миний санаж байгаагаар 2001 оноос хойш өдийг хүртэл арваад банк дампуурсан. Гэтэл бид хамгийн жижиг банкаас системийн хэмжээний дөрөв дэх том банк болж чадсан.  Шалтгаан нь маш тодорхой. Олон ашиг сонирхлыг жигд барьсны л хүч. Ингэж чадсан учраас л хувь нийлүүлэгчид хөрөнгөө оруулж, харилцагчид мөнгөө хадгалуулж, зээл авч, ажилчид  тогтвортой ажиллаж байгаа хэрэг.

– Компанийн засаглалаар бусдаас ялгарах давуу тал гэвэл та үүнээс өөр юуг онцлох вэ? 

– Санхүүгийн салбарын засаглалын онцлогийг түрүүлж мэдрээд хэрэгжүүлж чадсан нь бидний бусдаас ялгарах давуу тал байх. Санхүүгийн салбарын засаглал өөрөө их онцлогтой.  ХХК-ийн хувьд дийлэнх хөрөнгө нь эзнээс ордог учраас эзний эрх ашиг тэргүүн ээлжинд тавигдахаас аргагүй байдаг. Харин санхүү¬гийн байгууллагын хувьд  хадгаламж эзэмшигч, гадны зээлдүүлэгчийн мөнгийг эзний хөрөнгөтэй хольж эдийн засагт эргэлтэд оруулдаг. Өөрөөр хэлбэл үйл ажиллагаа явуулах нийт хөрөнгийнхөө 10 хувийг эзнээс, 90 хувийг нь бусдын итгэлийг олж татан төвлөрүүлдэг онцлогтой. Нийт мөнгөний 90 хувийг бүрдүүлж байгаа талын эрх ашгийг хамгаалах тусам банкны бизнес зөв замаар өргөжин тэлдэг. Хамгаалахгүй бол хөгжихгүй, эсвэл дампуурна. Тэр утгаараа манай банкны хувь нийлүүлэгчдийн бодло­го тодорхойлох болон хэрэг­жүүлэх түвшинд оролцох орол¬цоо нь хэт давамгайлсан биш. Одоо ч тийм хэвээрээ. Зарим байгууллагын хувьд зөвхөн өөрийн ашгийг илүүд үзэж ТУЗ болон гүйцэтгэх удирдлагаа хараат болгох хандлагууд анзаарагддаг. Хас¬Банкинд анхнаасаа мэргэж­¬лийн хараат бус байдал нэ¬лээд сайн хөгжсөн. Аль нэг хувь нийлүүлэгч ТУЗ-д  дур­тай үедээ хүн тавиад, дургүй үедээ хөөгөөд гаргадаг болол­цоо байдаггүй. Гүйцэтгэх удирд­лагын хувьд ч ялгаагүй. Ду­рын нэг хувь нийлүүлэгч гүйцэтгэх удирдлагын багт шалт¬гаангүйгээр хүн томилж, сугалж авах боломжгүй. Мэ¬дээж хараат бус гэдэг нь дур зоргоороо аашилна гэсэн үг биш. Ашиг сонирхлыг хэт нэг талд нь гаргахгүй, тогтвортой хөгжлийг хангахын тулд тэргүүн ээлжинд мэргэжлийн ажлаа хий­гээд явна гэсэн л санаа. Товч­хондоо, мэргэжлийн ха¬раат бус байдал манай гол ялгаа.

– Тэгэхээр ТУЗ, гүйцэтгэх удирдлагын баг хувь нийлүүлэгчдээс үл хамаарч чухал томоохон шийдвэрүүдийг гаргаад явах боломжтой гэсэн үг үү?

– Хувь нийлүүлэгчдээс үл хамаарах гэдэг утгаараа биш харин тус тусдаа үүрэх ёстой хариуцлага, энэхүү хариуцлагаа хэрэгжүүлэх эрхийн хүрээнд үл хамааран хараат бусаар шийдвэрээ гарган хэрэгжүүлэх боломжтой гэж ойлгох нь илүү зөв байх. Банкны салбарт нэг  гашуун туршлага байдаг. Нэг бол зээл хэт төвлөрч олгогдсон, эсвэл холбоотой компаниуддаа зээл өгсөн жишээ олон бий. Дэд бүтэцдээ хангалттай хөрөнгө оруулалт хийдэггүй нь ч сөргөөр нөлөөлдөг.  Банкны гол үүргүүдийн нэг бол эдийн засагт иргэд байгууллагуудын төлбөр тооцоог найдвартай шуурхай хийх явдал байдаг.Үүний тулд мэдээллийн технологийн дэд бүтэц нь сайн байх шаардлагатай. Ийм юманд мөнгө зарахаас хойшоо суувал  төлбөр тооцооны тогтолцооны аюулгүй байдал алдагдаж, харилцагчдад эрсдэл учирна. Жишээ нь үүнд шаардлагатай хөрөнгө оруулалтыг гүйцэтгэх удирдлага, ТУЗ хоёр шийдэх үүрэгтэй, хувь нийлүүлэгчид оролцох эрхгүй байдаг.

– Capital Finance International-ийн сайн засаглалтай компанид тавьдаг нэг шалгуур нь гүйцэтгэх удирдлагын хараат бус байдал гэж онцолсон байсан. ХасБанкны хувьд энэ шалгуурыг хангаж чадсан гэдэг ойлголтыг таны ярианаас авлаа. Хараат бус ТУЗ, хараат бус гүйцэтгэх удирдлагатай байх зайлшгүй шалтгаан гэвэл та юуг онцлох вэ?

– Нийгэм, эдийн засаг, бизнес хөгжөөд ирэхэд зайлшгүй тавигдах шаардлага, нөхцөл л дөө. Бизнес эрийн цээнд хүрч байгаа эсэхийг хэмждэг нэг гол үзүүлэлт гэж хэлж болно. Монголд хувийн сектор хөгжиж байх эхэн үед нэг, хоёр хүний, гэр бүлийн бизнес гэж байсан бол өнөөдөр өчнөөн оролцогчтой, олон ашиг сонирхлыг нэг уулзвар дээр нэгтгэсэн том бизнес хөгжих нь гарцаагүй болж байна. Ийм нөхцөлд хэн гүйцэтгэх удирдлагыг хийх вэ гэдэг бол анхаарал татахаар том асуулт. Маш өндөр мэргэжилтэй, тавьж байгаа шаардлагын босгыг давсан мэргэжлийн баг хэрэгтэй гэсэн үг.  банк анхнаасаа зөв хүмүүсийг удирдлагынхаа багт тавьж, зөв хүмүүсээр удирдуулж ирсэн. Энэ зарчим өнөөдөр ч өөрчлөгдөөгүй. Харин ч илүү олон чиглэлээр бэлтгэгдсэн банк, санхүүгийн мэргэжилтнүүд удирдлагын багт ажиллаж байна. Дараагийн удирдагч хэн байх вэ гэдэг залгамж халааны асуудал ТУЗ-ийн анхаарлын төвд байсаар ирсэн. ТУЗ нь удирдлагын багтаа “та нар энэ зорилгыг ийм эрх мэдэлтэйгээр хэрэгжүүлж энд хүргэнэ шүү” гэж чиглүүлээд тодорхой эрх өгсөний дараа өдөр тутмын үйл ажиллагаанд нь оролцдоггүй. Мэргэжлийн баг ч тэр чиг замаар  нь ажиллаж,  хийснээ үнэлүүлж чаддаг. Бид ийм зарчмаар ажилладаг. Дахин хэлэхэд хараат бус ТУЗ болон гүйцэтгэх удирдлага олон оролцогчтой том бизнес хөгжиж байгаа өнөө үед зайлшгүй хэрэгтэй бүтэц. 

– Засаглалын нэг хэлбэр бол яах аргагүй нийгмийн хариуцлага. Манай компаниуд нийгмийн хариуцлагыг хүүхдийн баяраар хүүхдэд бэлэг тараах төдийгөөр ойлгоод байх шиг санагддаг. ХасБанкны хувьд нийгмийн хариуцлага гэж юу вэ?

– Мэдээж бид  бүх хүнийг мөнгө хөрөнгө, элдэв зүйлээр тэтгэж чадахгүй. Сэтгэлгээнд нь өөрчлөлт хийх замаар нөлөөлөхийг л нийгмийн хариуцлага гэж ойлгодог. Нийгмийн хариуцлагатай байх тусмаа банкны бизнес цэцэглэнэ. Учир нь бид нийгмийн бүх давхаргын хүмүүст үйлчилгээ үзүүлдэг. Тэдэнд хүлээн зөвшөөрөгдөж байж л итгэлийг нь олж авна шүү дээ. Олж байгаа ашгийг хувь нийлүүлэгч аваад байх биш тэр ашгаасаа нийгмийн сайн сайхны төлөө хуваалцах нь нэг талаасаа бидний үүрэг. Бид энэ нийгэмдээ үйлчилгээ үзүүлээд ашигтай ажиллаж байгаа бол эргээд нийгмийн сайн сайханд боломжоороо хувь нэмрээ оруулах учиртай. Ийм зорилгоор төрийн бус байгууллагуудыг, нийгэмд  хэрэгтэй ажлуудыг тасралтгүй дэмжиж ирсэн. Амьдралын боломж тааруу ч авъяастай хүүхдүүдийг дэмждэг “Хөгж¬лийн алтан сан” төрийн бус байгууллага бий. Аймаг бүрт “Хас төгөл” гээд цэцэрлэг байгуулсан. Одоо ч үргэлжилж байгаа ажил. Багийн спортыг дэмжих зорилготой заалны хөлбөмбөгийн “Дуулиан-2020” тэмцээнийг анхлан санаа­чилж, жил бүр нэлээд идэвхтэй спонсорлодог. Хөл бөмбөг, сагсан бөмбөг, хоккейн спортын “Хасын хүлгүүд” багийг дэмждэг, хүүхэд залууст нийгмийн болон санхүүгийн боловсрол олгох Афлатон хөтөлбөр гээд олон ажлуудыг дурьдаж болно. 

– Эдийн засаг хэцүүхэн байгаа энэ үед эрсдлээс хамгаалсан бодлого нэгдүгээрт тавигдаж таарна. Нөгөө талаараа компанийн сайн засаглалын нэг гол шалгуур үзүүлэлт гэж бодож байна?

– Банк хүмүүсийн олон жилийн хөдөлмөрийн үр ши¬мийг хадгалж эдийн засагт зуучилдаг байгууллага учраас зээлийн үйл ажиллагааг аль болох болгоомжтой явуулах үүрэгтэй л дээ. Тийм учраас төвөгтэй барьцаа шаарддаг. Хүнд өгсөн 100 төгрөгийн 90 төгрөг нь хүний, 10 төгрөг нь эзний мөнгө байдаг учраас тэр. Их л өөриймсөг хандахгүй бол хүний итгэлийг алдана. Зээлдэгчийн эрх ашгийг хадгаламж эзэмшигчийн эрх ашигтай жингийн туухай дээр тавихад хүссэн хүсээгүй хадгаламж эзэмшигчийн эрх ашиг дийлэхээс аргагүй. Энэхүү зарчмыг мөрдлөг болгон ажиллаж ирснээрээ манай банкны зээлийн багцын чанар банкны салбартаа харьцангуй сайн байсаар ирсэн. Системийн банк учраас  орон даяар үйл ажиллагаагаа явуулдаг харилцагчид манайхаас зээл авдаг. Эдийн засаг хумигдахаар тэр хүмүүсийн мөнгөн урсгал хумигдаж, төлөвлөж байсан зээл төлөх чадвар нь багасдаг тал бий. Бидний хувьд ч тэр байдлыг нь ойлгож, зээлийн эргэн төлөгдөх нөхцөлийг нь өөрчлөх ажлуудыг зохистой түвшинд хийдэг. Гэхдээ анхнаасаа ирээдүйн эдийн засгийн таамагт үндэслэж зээлийн үйл ажиллагаагаа болгоомжтой явуулдаг тул ийм бэрхшээл гарсан ч гэсэн ноцтой хохирол учруулах хэмжээнд хүрдэггүй. Уул уурхайн салбарт гэхэд манай зээлийн төвлөрөл маш бага. Цөөн хэдэн том зээлдэгчид олгосон зээлийн төвлөрөл бас бага хэмжээтэй. Зээлийн үйл ажиллагаа ихэвчлэн жижиг дунд руу чиглэсэн. Эрсдлийн удирдлага хариуцсан нэгжүүд, түүн дотроо зээлийн эрсдэл хариуцсан тусгай нэгж үйл ажиллагаа явуулдаг. Зээлийн шийдвэр гаргалтанд дөрвөн нүдний зарчим үйлчилдэг буюу аль нэг хүн дангаараа давамгайлж шийдвэр гаргадаггүй гэсэн үг. 

-Компанийн засаглалаа сайжруулахын тулд цаашид юу хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Гүйцэтгэх удирдлагын түв­шинд эрх мэдлийг төрөл­жүүлж тусгаарлах ажлууд хийж байна. Өмнө нь гүйцэтгэх захирал бүх шийдвэрийг гаргадаг байсан бол одоо гүй­цэтгэх захирлын дор хариуцсан захирлууд гэж ажиллана.  Өөрөөр хэлбэл гүйцэтгэх захи¬рал эрх мэдлээ хувааж өгөөд, хариуцсан захирлуудаа илүү зорилго, чиглэл өгөх, гүй­цэтгэлийг нь хянах замаар удир¬дан, тэдэнд тухайн чиглэ¬лээрээ илүү мэргэ¬шин үйл ажиллагаагаа өргө¬жүүлэх болом­жийг олгоно гэсэн үг.  Гүйцэтгэх захирал хэт олон шийдвэрт оролцохоо бо¬лин бизнесийнхээ хөгжлийн явц, чиглэлд тавих хяналт, ойрын болон хэтийн зорилтоо илүү оновчтой тодорхойлоход голлон анхаарах боломжтой болно.

– Ярилцсанд баярлалаа. Танд болон танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе!

– Баярлалаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Паркинсоны ба ер нь хуулийн тухай

Тэмүүжинг сайд болсноос хойш манай хууль зүйн салбар  сэрүүн дотортой орчин байхаа болилоо. “Ногоон
малгайт” гэдэг муу нэрээ хусаж, цагдаа нар энгийн нарны малгай өмсчихлөөр нүдэнд
дулаахан харагдаж байна  шүү. Үүгээр хэрэг
төвөг тарьдаггүй хүмүүс үзэгдэн,  өрнөж буй
хуулийн шинэчлэлийг сонир­хох боллоо. Залуу насны харгайгаар  танхайрч хальтрагсад, угийн балмад хоёрт тохирсон
шийтгэл оноо­дог болсноор хожмын зам мөр өш хонзонгоор үргэлжлэх нь татрах өнгөндөө
оров. Энэ мэтчилэн өөрчлөх маш чухал заалтууд зөндөө бий.

Мөн түүнээс гадна уг  хаалт­тай
ертөнцийг нээгээд орхи­тол  дотроос нь цулайтлаа
баяж­сан цагдаагийн хурандаа, шоронд хийдэг “борхиор”, авлигачин шүүхийн авгай нар
гээд эрүүгийнхээсээ илүү гарахааргүй есөн шидийн өт хорхой дүнгэнэлдэн гарч ирж
үнэр танар нь найгаа алдав. Хүмүүс  хамар
амаа таглан бушуухан буцаагаад тагла, яршиг зүгээр, Тэмүүжинг ч болиулъя хэмээн
хэсэг шуугив. Архаг хулгайчаас “Ингээд шургаад үз” гэсэн зөвлөгөө авсан мэт.

Дотоод яам дотоод явдлаа адилхан монголчуудаасаа чадлынхаа хэрээр
нуудаг байсан даа. Бидний нүдэн дээр тэдний хонь ямаа, орд харш ил харагдах нь ямар
хэцүү байдаг бол. Өмнөх  “До, НАХ”-ын үеэс
энэ том шинжлэх ухааныг битүүмжлэн үл ойлгогдом орооцолдсон үг хэллэг, бичлэгтэй
болгон, албатуудаа харь гаригийн мэт гаж сэтгэхүй, хөрзгөр дүрэнд хэвлэсээр ирсэн.
Ингээд зогсохгүй олон ний­тэд үсчин, цахилгаанчин, дугуй нөхдөг газартай адил байнгын
хэрэгцээтэй бүхэл бүтэн үйлчилгээний салбарыг аваачаад  хүнд суртлын үүр уурхай болгож орхижээ. Одоо шинэ
ба хуучин хуулиудаас өөртөө хамаатай хэсгийг цаг заван­даа дахиж эргэж хармаар л
бай­гаа юм. Хэрэв шударга нийгэм цогцлоож байгаа бол хуулийг иргэдээ өмөөрч засаглалыг
нүд үзүүрлэсэн чиг хандлагатайгаар засварласан байх ёстой. Тэгж үү, үгүй юу. Цаашилбал
байгаль нийгмийг өөрийнхөө эрхшээлд ягштал оруулдаг сонирхолтой зүй тогтлууд байдаг
нь эдэнд ч бараг хамаагүй асуудал байх. Мөн л ялгаагүй зөрчишгүй хууль дүрэм, ёс
суртахуунтай. Байгаль ч яахав өөрийн гэсэн билэг танхай хуультай. Харин хүний нийгмийн
амьдралд айхаа байг гэхэд анхаарч явбал аминд өлзийтэй элд­вийн цондон ямар их таарал­дана
вэ. Тэрний нэг болох энэхүү “Паркинсоны” гэгч зүй тогтолууд Тэмүүжин, Нямдорж хоё­рын
хэрүүлийн хажуугаар барьцалдан “Намайг ч бас сонс. Намайг дагаад цэнгэ цэнгэ…”
гээд байх юм.

Хууль  зүйн  ертөнц талаа­саа нэн саяханд тооцогдох ХХ зууны
дунд үед Английн Н.Паркинсон гуай төрийн ба хувийн байгууллага, иргэдэд байнга тохиолддог
хуульд тусгагдаагүй хүнд суртал бас бус зөрчлүүд дээр тогтож ажилласан байна. Энэ
хүний тухай товч танилцуулахад Кембрижид сурч түүхч болсон. Арав гаран жил Британийн
усан цэрэг явж  хоёрдугаар дайн дуусгаад хошууч
болоод халагдсан  дайчин эр.  Дараа нь Ливерпуль,Харвард, Иллинойс,Калифорни,
Синга­пурийн их сургуулиуд гээд дандаа ланжгар газруудаар удирдахуйн  ухааны багш хийжээ. Улс төрийн өндөр алба хаших
боломжуудаас сайн дураараа татгалзан оронд нь дуулиан тарьсан олон нийтлэл бичсэн
юм.

Түүний бичсэн нийтлэлүүд нийт­дээ жар орчим боть болон хэв­лэгд­сэн
гэхээр Ленинээс дутахааргүй нөхөр болоод байгаа юм. Дэлхийд хамгийн алдаршсан нь
“Паркинсоны хуулиуд”-ыг гэдэг. Тэрээр олон жилийн турш тэвчээртэй цуглуулсан шинжилгээ
судал­гаагаа нэр алдар бүхий эрдэмтэдтэй хамтарч математик загварчлалд оруул­сан
нь эдүгээ “Паркинсон судлал” гэсэн шинэ чиглэл хөгжих суурийг тавьжээ.

Ингээд “Паркинсоны хуу­лиуд”-аас гуравхан хундагыг  татчих уу? Ер нь хууль зүгийн юм гэхээр огт наргиангүй
байх ёстой ч биш аж.

 

ИХ МӨНГӨ БУЮУ СОНИРХЛЫН УНАЛТ

…За одоо цөмийн реак­торийн төслийг хэлэлцэцгээе. Дэлгэрэнгүй мэдээллийг
бичгээр өмнө нь тараасан байгаа. Бодвол эрхэм ноёд сайтар тунгаагаа биз ээ. Юутай
ч Сангийн эрхлэгч профессор Мак Фишн сайшаасан шүү. Нийт­дээ 10 сая доллар …Гишүү­дээс
лавлах зүйл байвал дуртайяа хариулахад бэлэн байна.

Ноён Исааксон:-Төсөл хэрэг­жүүлэгчдэд ихээхэн найд­лага тавьж буйгаа
юуны өмнө илэрхийлье…Гэхдээ профессор Левигийн зөвлө­гөөг даган Давид, Голиаф
нарыг гүйцэтгэгчээр сонгосон бол хамаагүй дээр байсийм…

Хурал даргалагч: -Ажлын төлөө таны санаа зовж байгааг ойлгож байна
аа. Бид бүр эрт гэрээ байгуулаад  чамгүй их
мөнгө зарцуулаад байгаа юм л даа. Одоо дахиад санал унавал дахиад л мөнгө урсана
гэсэн үг…(Энэ үед бусад гишүүд амандаа бувтнан тол­гой дохицгоож байв)

-Исааксон миний үгийг протоколд тэмдэглэхийг шаардаж байна.

-Тэгэлгүй яахав. Харин одоо ноён Брикворф ямар бодолтой байгааг сонсъё.

Энд байгаа Брикворф, Исааксон хоёроос бусад нь цөмийн реактор гэж
юуг хэлээд байгааг ч мэдэхгүй нөхдүүд аж. Брикворфийн хувьд яривал их л юм байх
санж. Даанч түүний хэлснийг хэн ч сонсохгүйгээс 
гадна ойлгохгүй. Уг нь бол ганц өрөөг тохижуулахын тулд бүхэл байшин нурааж
тэрэндээ 10 саяыг ичих ч үгүй цохих гэж байгааг хэлмээр л…

-Надад хэлэх үг алга аа.

Хурал даргалагч:

-Гишүү­дээс өөр хэлэх хүн байна уу? Байхгүй бол батлах уу. За баярлалаа.
Одоо 11 дүгээр зүйлийг хэлэлцэх ажилдаа орцгооё.

Ажилчдын унадаг дугуйнд зориулсан зориулсан саравч барих төсөлд
2350 доллар төсөвлөчихөж. Энэ тухай тараа­сан материалыг хоёр минутад багтааж уншаад  шийдчихэж болохоор байсан. Гэвч цөмийн реактор
дээр үг хэлж чадаагүйдээ санаа зовж, хурал өндөрлөхөөс өмнө өөрийгөө бага сага ч
атугаа харуулах хэрэгтэйгээ мэдэрч байв.

Унадаг дугуйны саравч гэхээр ямархуу юм  байхыг муухан төсөөлөөд байнаа. Одоо л маргаан
эхлэх нь. Энэ талаар 45 минут мэтгэлцсээр 300 доллар хэмнэн 2000-д багтаан барихаар
тохиролцож гишүүд сая нэг юм санаа амарч суудалдаа тухлав. Ёох ёх.

Хурал даргалагч: Эрхэм  гишүүдээ
12 дугаар зүйлд анхаарлаа хандуулна уу. Хуримт­лалын фондын хурал­дааны зардал.
Сар бүр 4.75 доллар.

-Ямар зардлын тухай яриад байгаа юм бэ?

-Кофены тухай юм л даа.

-Сар бүр ийм зардал гар­гана гэдэг чинь одоо жилдээ 57 доллар болно
гэж ойлгох нь зөв үү?

-Яаг зөв байна.

-Ойлгомжтой байна. Гэх­дээ үүнийг зөвшөөрч болно гэж үү.Тэр фонд
чинь тэгээд хичнээн жил хураагддаг юм бэ?… Маргаан цааш улам ширүүсэв. Кофе  гэж юу, хаа­н­аас худалдаж авах, ер нь худалдаж
авах нь зөв эсэх дээр  дурын дурак ярьж чаддаг
юм байна. Цаг гаран үзэж тараад мэдээлэл хангалттай бус байна  гэж үзээд санал унаж дараагийн хурал хүртэл хойшлогдохоор
болов. Уг асуудал дээр хаширууд гэнэ алдаж бүгд ам амандаа хашгиралдан босч ирцгээжээ.
Мөн цэцэрхэх юмаа олов оо. Английн парламент дээр болсон уг адал явдал хожим дэлхийгээр
нэг амны зугаа болон онигоонд орчих юм гэж яаж санахав.

Хэрэв үүнээс бага 20, бүр 10$-ын түвшний асуудал гарч ирсэн бол хэлэлцэх
хуга­цаа пропоцианалиар өсөх байсан эсэхэд ноён Пар­кинсон нар жуумалзан  судалгаандаа тооцож загвар гаргажээ. Энд тодорхой
бол­сон юм нь гэвэл явж явж арван саяыг шийдэх асуудал арав хүрэхгүй 4.75 долларын
хэрүүлээс ч амархан байсан. Хууль тогтоогчид Паркинсоны хуу­лийг л ягштал баримталсан
боло­хоос татвар төлөгчдийн үлэмж их хуримтлалыг эрүүл саруул зохицуулах чадамжгүйг
олж харав. Ард түмнийг төлөөлж шийдвэр гаргагчдын цагийн гарзад тооцох мулгуу тохиолдлуудыг
цуглуулаад үр дүн гаргахад хэрэггүй ч юм биш. Юутай ч хүний л оролцоотой үйлдлээс
хойш хүн төрөлхтөнд хамаатай нь эргэлзээгүй хэмээн бах­тайяа тавалсан байдаг. Манай
парламент дээр эмэг­тэй гишүүд тамхидалтыг зохи­цуулах хуулиа хэрхэн баталж байсан
нь энийг уншихаар санагдлаа байна. Нийтлэлийн төгс­гөлийн үгийг одоо санасан дээ­рээ
хэлэхэд жинхэнэ хууль мөн бол түр зуурын арга хэмжээ биш дараагийн үеүдэд ч хуучирдаггүй
мөнх эд ажээ. Паркинсоны жишээнүүд гэхэд л саяхан ийм явдал хаа боллоо гэж эндүүрмээр
ойрхон. 

 

ИНЖЕЛИТИТ ГЭХ БАЙГУУЛЛАГЫН САА ӨВЧИН

Төр, бизнесийн олон бай­гуул­лага дээр босс нь сөхөртлөө ажиллаж
байхад дараагийн шатныхан нь хов ярьцгааж тэрний доод тушаалтнууд дүрсгүйтэж тог­лон
өдрийг өнгөрөөдөг нийтлэг дүр бий. Энд бидний мэдэхгүй бас юу гээч өөр хэмжээс бүхий
хууль үйлчлээд унав. Байгуул­лага “Инжелитит” гэдэг өвчин тусчээ. Оношлох амархан
эмчилэхэд хэцүү дээ.

Мэргэжлийн боловч чад­вар­гүй нөхрийг тэр жил ажилд авснаас хойш
хамаг муу  юм эхэлж орон гэр бузартжээ.Ер
нь ямар нэгэн төрөлхийн гоц авьяасгүй нөхрийг өөрийгөө томд тооцогсодтой цуг удаан
байлгаж болдоггүй. Аяндаа л цаанаасаа атаа жөтөө нь хөдлөөд нөгөөдүүлээ  ёстой алж өгдөг. Аливаа муухай ааш зангууд үйлдлээсээ
хамаарч салангид илэрдэг ба тэр нь бусдад төдийлөн нөлөөгүй, тэгээд ч хүн бүр л
их бага хэмжээгээр аашилж л байдаг даа. Атаархагч өөрөө хичээвэл бусдаас дутахааргүй
хөөрхөн хоолойтой бол хамт олныг гойд бусниулахгүй болоод л байдаг. Харин атаархуу
чадваргүй хоёр нэгэн биед давхацчихлаар инжелитэнс гэгч шинэ бодис үүсч аюул тарьдаг
гэнэ.

 Муу үйл хийх угаасаа амархан
агаад жаахан увайгүй бай­хад л болоо. Энийг олоод мэдчихсэн  Инжелэнттэй этгээд хажуудахаа элдвээр матаж, удирдлагын
итгэлийг хүлээн төв аппарат руу  дэвшсэнээр
хагарлын үрийг тарьжээ. Тийм хүмүүст дээрээсээ тоологдох чухал хэргэм зэрэгний аз
яагаад таараад байдаг нь судлууштай. Энэ хооронд аль шударга сайн гэгдэх боловсон
хүчнүүд ганц нэгээрээ цувран алга болсоор л, босс огт хар аваагүй анзаараа ч үгүй.
Харин нөгөө этгээд энгийн царайлж хамт олонтойгоо гольф ярин, чанга чанга хөхрөн,
заримдаа бичиг баримтаа мартана. Тэгээд нэг сайхан нартай өдөр том албанд очлоо
л бол хамаг багаа хуу татан хаяж шулмын дүрд хувилан бусдыг хүүхэлдэй болгон тоглож
эхлэнэ дээ. Байгууллагын бүтцийг оюунлаг талаас нь дөрвөн зэрэглэлд хуваадаг бол
төв аппаратаас бусдыг нь манай хампаан нэг нэг шатаар буу­руулж амьтан болгож орхив.
Түрүүчээсээ  даргадаа таалагдах гэж зориуд
тэнэгийн дүр эсгэж ивээлд нь багтжээ.  Байгууллага
ийм болчихоод байгаад л байна.  Ажилчид Топранк
даргын мэдлийн цай­ны газрыг магтаад л бидэн­дээ болж л байна ш дээ. Яахав жаахан
заваан л байх юм. Сүүлдээ хүмүүс гэрээсээ идэх юмаа авчран цайны газрынхаа ширээн
дээр овоолон хээ шаагүй амьдралд дасацгаана. Конторын үүдэнд дөрвөн жилийн өмнө
хадсан зарлал солигдоогүй хэвээрээ, крантнаас ус гоожоод тогтохоо байсан, ноён Брауны
хаалган дээр Смит гэсэн нэр хадаастай, Смитийнх дээр Робинсон гээд эв хавгүй биччихсэн.
Түүнийг солих санаа хэнд ч төрөхгүй. Хагарсан цонхоо картоноор таглажээ. Цахилгаан
шат эвдрээд удаж байна. Доод подвалийг ашиглалгүй хаячих­сан түүнээс зэрлэг муур
чар­лал­дах нь зэвүүн.

Төв аппаратад тушаал дэвшсэн дэд захирал ноён Топранк удирдлагын
түвшинг өвчлүүлэн мунхаг ой санамжиндаа тохирсон өчүүхэн зорилго тавьдаг бол­сон
тул хурган дарга нар бүгд биелэлтээ давуулан сэт­гэл хангалуун явах бол­лоо.”Манай
дарга тулаад нөхөрлөвөл гайгүй хүн шүү” гэцгээнэ. Хараа нь больж байгаа Топранкад
тааруулж буудлагын байг алд дэлэмээр тэлж томруулж өгөв. Бүгдээрээ л мэргэн цэцэн
болцгоож яг “арав”-т оносноо харилцан магтацгаана.

Яаж ч өөрсдийгөө хуурсан байгууллага цаагуураа биш болоод байгаад
үе үе цухалдан  шалгалт шүүлэг хүртэл авч
үзэв. ДДТ гэдэг ялааны хор цацсан. Хэсэг намжаад л бахь байдгаараа. Янз бүрийн л
эм тарилга гадуур дуулддаг.  Тэр бүр нь компанийг
аварч байсан тохиолдол тун цөөн. Накиформ Сак, Катлер Валпоул нар өвчилсөн хэсгийг
мэс засал хийн авч хаясан нь хамгийн шалгарсан арга байлаа.

Нэгэнт дампуурах шин­жин­дээ орчихсон компани удирдлагын хяналтнаас
бүрэн гарч үйлчлэгч манаач нь хүртэл муугийн халдвар авчихсан тул цөмийг нь үлдээлгүй
сольж цоо шинээр эхлэхээс өөр аргагүй болжээ. 
Эдийн засгийн хэллэгээр темп хожих гэгч арга хэмжээ аван хуучин нэрийг ашиглах,
зарим ажилчнаа авах гээд ч хэрэггүй. Хуу­чин байгууллагынхаа боловсон хүчнүүдэд
гайгүй тодорхойлолт бичиж өгөөд өрсөлдөгч байгууллага руу­гаа явуулаад эд хогшлоо
бөөгнүүлэн шатаа. Байшин үнс нурам болсны дараа л өвчний нян дарагдлаа гэж амсхийж
болно.

 Манайдаа танил болсон гадаад,
дотоодын тоотой хэдэн группуудээр орж гарч явахад  кадруудаа зүгээр шахуу байхад нь байсгээд л “цус
сэлбэж” халж сольж байгаа харагддаг. Ийм л учиртай юм байна л даа. Ялангуяа хамгийн
илүүтэй долигоногчид эхний сэлгээгээр чөр­хөө эвхүүлэх зуураа “Мон­голын (юу) зүтгэсэн
хүндээ хатуу  гэж үнэн юм даа” гэхийг сонсоод
өрөвдөж явлаа. Яаж ч сайдаж муудахад аливаа юманд “Арай ч тэгтлээ юу юм бэ” гэсэн
хэмжээс зааг байдаг гэсэн шүү. Энэ нөхөр цаад хамтрагчдаасаа энийг хүртэл надад
нуулгүй хэлдэг яасан эвгүй гар вэ. Хэрэв дараагийн ээлжинд намайг бас ийн мурьж
таарна гээд”Топранк”-аасаа үтэр салчихдаг аж.

Паркинсон сартваахи захихдаа “Хэт найдвартай хүний эрэлд хатаж өөрөө
тулж ажиллахаас халширч буйг тань чадваргүй атаачид анаад сууж байдаг юм. Тэд гарын
чинь үзүүрээр гүйх дашрамдаа байр сууриа авч хадгалахын эрхэнд  өөртэйгөө таарсан юмнуудыг өөд татсаар байгаад
хамаг соруудыг чинь хөөгөөд явуулчихдаг. Энэ тохиолдолд ямар ч хүчирхэг байгууллага
эгшин зуур эргэлт буцалтгүй сүйрдэг” гэжээ. Бодлогоор л мандуулж өгөхгүй бол бор
зүрхээрээ гавихгүй дуучид манайд юусан билээ гээд санахад илүүдэхгүй л юм.

 

ТЭТГЭВРИЙН НАС

Тэтгэвэрт гарах насыг 55-75-ын хооронд янз бүр тогтоосон байна. Хүний
цог хийморь энэ хооронд буурдаг ч гэлээ яг 55-уу, эсвэл 57-тойгоосоо юу гэдгийг
хаа ч судалж барьсан юм байхгүй. Ерөнхий хандлагын хувьд бол голдуу л насыг наашлуулсаар
ирсэн уламжлалтай. Энд тэтгэвэрт гарах гэж байгаа нь биш харин түүний ажлыг горилогчид
л тэтгэврийн нас хэд байвал зохимжтой талаар илүүтэй санаа тавьдаг нь сонирхолтой.
Яахав хөөрхий компанийн ноён нуруу болсон эсвэл болсон ч юм шиг имижтэй  буурлуудыг 
хэн орлож чадах тухай үгүй ядаж цуу явж л байдаг. Гэтэл өвгөн дал гарчихаад
сэмбэлзэж байхад бэлдэж байсан  “бодлого”-ын
хүн маань аль хэдийнэ тавь гараад жар руу шааригдаж явбал яана вэ. Компанид удахгүй
хоёулаа хэрэггүй болох нь. Сая сургууль төгссөн нялзрайд хамаг ажлаа  даатгаж орхивол аж ахуйг  шулуухан тараана гэсэн үг.

Ажлын эгзэгтэй хэсгийг хэн гуайгаас өөр төгс хийчих хүн байхгүй.
Харин хэн гуай насандаа суухгүй удах тусам хожим хэнээр үргэлжлүүлэх нь улам бүрхэг
болсоор л. Байгууллагын удирдлага сэтгэлийн хөөрөлдөө автан залуусыг зоригтой дэвшүүлэх
эсвэл хэт хаширлаад “үнэр” ортол нь нэг суудалд хадах аль аль нь уршиг тарьдаг.
Паркинсоны хуулинд хэмжээ тоо томьёотойгоо бичээстэй байгаа “ажил алба өгсөх шат”-аар
бодлогын хун тайжийг анги үсэргэлгүй, улираалгүй зугуухан явуулах ёстой. Орчин цагийн
Хятадын төрийн бодлого ийм зарчим барьснаараа коммунист нийгмийг хүртэл амжилтанд
хүргэсэн гол нууц нь энэ юм. Хүнд тушаал дэвших, ажил хариуцах, шийдвэр гаргах,
амжилтанд хүрэх, туршлага суух, хүндэтгэл хүлээх, ухааны оргилд хүрдэг нас цаг үеүд
эрэмбэ дэс дараатай ирдэг. Энэ расписанаар “Хүн”-ээ явуулж байтал замд нь “Өвгөн”
өтөлдөг ч үгүй, паакталдаг ч үгүй  шавар хаачихлаа.
Одоо цагт бол бүр залуу авгай аваад үсээ будчихсан цохиж явна гээч. Шийдвэр гаргах
насан дээрээ ирсэн мэргэжилтэн маань “дарга болох”-ыг  хүлээсээр байгаад гүйцэтгэх ажилдаа түүртэн шилжилтийн
насны охин шиг ааштай болчихов. Юм хийхээ байж хамаг цагаа харандаа үзүүрлэхэд зарцуулж
ч байх шиг, хажуудах пацаануудад наад поорчик хаа  одоо нээ гэхчилэн даргадаа гаргасан уураа энд
гаргана. Ингээд дамжих ёстой ажил амьдралын шат нь сэтгэлээр унах, атаархах, сайн
дураараа ажлаа хаях, хэнд ч тоогдохоо байх нас болон өөрчлөгддөг. (Энд архинд орох,
одон тэмдэг зүүх бол үүнтэй огт хамаагүй асуудал)  Тэгэхлээр компани нь эзэн  өөрийгөө ч бодсон, хамт олноо ч бодсон гэмгүй
яваа хөөрхий настанг бушуухан золигт гаргаж нүгэл хийх л болох нь. Харин яажшуухан
цэвэр аргаар ах хүүгээс салах арга бол бий бий.

…Даргаа сая зөвлөл хурал­даад таныг энэ сард Хельсинкид бага хуралд,
дараа нь Оттавад форумд, тэгээд Манилад бас нэг арга хэмжээнд оролцуулахаар боллоо.

Дарга дотроо “Байгуул­лагын нэр хүнд аргагүй л миний нэр хүнд дээр
тогтдог болж дээ. Өөр хэн явах юм” гэж онгироод нисч гарна даа. Цагийн зөрөө, элдэв
маягт бөглөх, бараг дэлхийг бүтэн тойрох онгоцны тамын нислэг, буунгуутаа хүлээн
авалт, хэрэг­тэй хэрэггүй хурал цуг­лаанаар хижээл эрийг сар орчим бөмбөгдчихлөөр
яаж бие нь дийлэхэв. Ирэнгүүтээ л мань эр “За даа ах нь ч барахаа  бай­жээ” гээд өргөдлөө өөрөө бичээд унана. Харин
ингэж байгаад нэгэн чулуу шиг биетэй хөгшний доозыг хэтрүүлээд чад болгочихсон тохиолдол
гарсан гэсэн шүү. Сураг сонсоход гадаадад хүлээн авалтын дараа нарийн бичгээрээ
түшүүлчихсэн яваа дуулдсан. Тэгээд ирээд удаагүй. Амьдралаа гэж.  Ахмад үеэ бид иймэрхүү маягаар тэтгэвэрт нь гаргачихдаг
л юм байна. Харин бидний ээлж ирэхэд хойч үе маань өөрсдийн бэлдсэн бэлгийг барих
байх даа.

(Б.Баясгалангийн эрхлэн гаргадаг математикийн “Олонлог” сэтгүүлд
“Паркинсон” бүрэн эхээрээ бий)

 2014-06 14. Хөх хот.

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа цаг-үе

Коста-Рикагийн шигшээ баг шалгарч, англичууд мултрав

ДАШТ эхлэхийн өмнө Д хэсгийг “Үхлийн хэсэг” хэмээн нэрлээд байсан. Үнэхээр л “Үхлийн хэсэг” байсан юм. Энэ хэсгээс Итали, Англи, Уругвай гэсэн гурван галзуу багийн аль азтай хоёр нь дараачийн шатанд шалгарах бол хэмээн мэддэг мэддэггүй хүмүүс өөр хоорондоо мөн ч удаан саналаа шидэлсэн дээ. Гэтэл өнөөдөр энэ гурвын зөвхөн нэг нь л цаашид шалгарах боломжтой, Английн шигшээ баг бол бүр гэртээ харих хэмжээндээ тулчихаад байна. Буруутан нь мэдээж хэний ч тооцоонд байгаагүй Коста-Рикагийн шигшээ баг билээ. Гэтэл угтаа бол Төв Америкийн энэ баг тийм ч амархан зодуулаад байхааргүй шөрмөслөг баг юм шүү дээ. Тэд ОУХХ-ын рейтингээр эхний дөчид тогтмол багтдаг. 1990, 2002, 2006, 2014 онуудад ДАШТ-д оролцсон хашир туршлагатай баг юм. 1990 онд анх удаа ДАШТ-д оролцохдоо 1/8 шигшээ шалгарч байсан, 2002 оны Азид зохиогдсон ДАШТ-д оноо тэнцэж, зөвхөн бөмбөгний зөрүүгээр Туркт ялагдаж байсан бөгөөд улмаар Туркийн энэ шигшээ баг тэр тэмцээндээ хүрэл медаль зүүж байсныг хүмүүс санаж буй биз ээ. Энэ жил Коста-Рикагийн шигшээ баг азтай, одтой гойд сайн байгаагийн нууц нь юу вэ. Уг багийг анхнаасаа л лидерийн хэмжээнд өрсөлдөгч нар нь авч үзээгүй. Тийм учраас тэд чадалтай чанга багийн эсрэг яаж тоглох вэ гэдгээ зөв боловсруулж чадсан. Багийн ахлах дасгалжуулач Хорхе Луис Пинто анхнаасаа л багийнхныгаа хатуу гараар барьж байсны нэг жишээ гэхэд хэсгээсээ шалгарах хүртэл бэлгийн ажил хийхийг хориглоно гэдэг тушаал байлаа. Зарим хуучинсаг дасгалжуулагч нар сексийн үеэр эрэгтэй хүний цусан дахь тестостерон багасдаг, ядардаг гэж үздэг учраас бэлгийн ажлыг аль болох хориглохыг хичээдэг. Ер нь энэ дасгалжуулагч санаанд оромгүй үйлдлүүдээрээ олныг үе, үе гайхшруулдаг. Жишээлбэл тэмцээн эхлэхийн өмнө эсвэл тэмцээн дууссаны дараа багийнхаа хэрхэн тоглосон тактикийг олон нийтийн хэвлэл мэдээллээр дэлгэрэнгүй тайлбарлаж ярих дуртай нэгэн гэсэн. Коста-Рика улсын хөлбөмбөгийн шигшээ багийн ялалтын нэг үндэс нь мэдээж энэ багийн хаалгач Кейлор Навас билээ. Испанийн даруухан баг болох “Левантед” алба хашдаг тэрбээр өнгөрөгч улиралд 80.1 хувьтай буюу 160 удаа хаалгаа хамгаалсан гэх тоон үзүүлэлттэй тоглосон юм билээ. Энэ нь Испанийн Ла-Лигийн хаалгачдын дунд хамгийн өндөр үзүүлэлт бөлгөө.     

Д.БАТ-ЭРДЭНЭ

           

Categories
гадаад мэдээ

А.Шварценеггерийг Орост суух Элчин сайдаар томилохыг санал болгов

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины ихэд хүндэлж явдаг хүмүүсийн нэг нь Калифорни мужийн амбан захирагч асан, Холливудын нэр жүжигчин А.Шварценеггер гэнэ. Оросын төрийн тэргүүн дэлхийн нэртэй жүжигчидтэй уулзаж ярилцах дуртайгаас гадна спортоор идэвхтэй хичээллэдэг. Тиймээс АНУ-д олон жил ажиллаж амьдарч байгаа  ЗХУ-ын төрийн тэргүүн агсан Н.Хрущевын ач охин Нина Хрущева АНУ-аас ОХУ-д суух Элчин сайдаар А.Шварценеггерийг томилохыг санал болгов. Энэ нь хоёр улсын харилцаанд ч нааштайгаар нөлөөлөх гэнэ. В.Путин, А.Шварценеггер хоёр хоёулаа германаар ярьдаг тул хэл амаа амархан ололцох аж. 

Ю.Дэлгэр

Categories
мэдээ нийгэм

Үргүйдэлтэй тэмцэх хэлэлцүүлэг боллоо

Үргүйдэлтэй хэрхэн тэмцэх талаар төрийн болоод хувийн хэвшлийн эмнэлэгийн эмч, удирдлагууд болоод мэргэжилтнүүд оролцсон хэлэлцүүлэг ЭМЯ-нд боллоо. 

Энэхүү хэлэлцүүлэгийг ЭМ-сайд санаачилжээ. Хэлэлцүүлгийг нээж сайд Н.Удвал хэлэхдээ “Үр шилжүүлэн суулгах, эмчлүүлэхээр гадны улсыг зорьж буй иргэдийн тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байна. Эх орондоо хангалттай сайн эмчилж чадахгүйгээс иргэд гадны улс уруу явж өндөр өртгөөр эмчлүүлж байна. Гэтэл жирийн иргэд энэ чиглэлийн өвчнөө эмчлүүлэх, үр шилжүүлэн суулгуулах гэхээр өндөр төлбөрөөс болоод тэр бүр эмчлүүлж чадахгүй байна. Манай улсад өнөөдөр үр шилжүүлэн суулгах, эмчилгээ, оношилгоог хийдэг хувийн хэвшлийн “Баянгол”, “Анухай” гэсэн хоёр эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг ч үр шилжүүлэн суулгах шаардлагатай байгаа хүмүүсийн зөвхөн 20 хувийг л эмчилдэг байна. Үлдсэн 80 хувь нь БНСУ, Тайланд улсад голчлон явж эмчлүүлдэг байна. Иймд энэ чиглэлийн эмнэлэгийн тусламж, үйлчилгээний хүртээмжтэй бус байдлыг арилгах, гадагшаа явж эмчлүүлдэг өвчний тэргүүн эгнээнд байгаа үргүйдлийг эх орондоо бүрэн эмчлүүлэх боломжийг нээхийн чухал байна” хэмээн онцоллоо. Хэлэлцүүлэгт оролцогчид үргүйдлийн талаарх илтгэл танилцуулж, тулгамдсан асуудал болон цаашид хэрхэн ажиллах талаараа ярилцлаа. Өнөөдрийг хүртэл энэ чиглэлийн өвчний эмчилгээ, сувилгааны нэгдсэн тоо баримт байхгүй, гадаадад эмчлүүлсэн иргэдийн эргэх холбоо дутмаг, хууль эрхзүйн асуудал ч түүхий байгааг тэд хэлж байлаа. Энэхүү хэлэлцүүлгээс зөвлөмж гарган, түүнийг хэрхэн хэрэгжүүлэх тухай бодлогын түвшинд хэлэлцүүлэх боллоо. Үр шилжүүлэн суулгахтай холбоотой эмчилгээ, үйлчилгээний тодорхой хувийг улсын төсвөөс гаргах, эрүүл мэндийн даатгалд хамруулах, эм, багаж , тоног төхөөрөмжийг НӨАТ-ийн татвараас чөлөөлөх зэргийг шийдвэрлэх замаар дэмжлэг үзүүлж болох талаар ч ярилцлаа. Түүнчлэн сүүлийн жилүүдэд иргэдийн дунд бэлгийн замаар дамжих өвчний тархалт их байгаа нь үргүйдэлд хүргэх гол хүчин зүйл болж байгаа тул энэ өвчний тархалтыг бууруулах нь ач холбогдолтой болохыг хэлэлцүүлэгт оролцогчид тэмдэглэв.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр цахилгаан эрчим хүчээр түр тасалж, засвар хийх газрууд

Удаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компаниас өнөөдөр цахилгаан таслах  хуваарь гаргажээ.

Баянзүрх дүүрэг

10.00-18.00 цагт: 14-р хороо Бэрэн констракшн энд автомэшн ХХК, Амелагийн найзууд цэцэрлэг-3, X press хэвлэлийн үйлдвэр, Идэр ДС, Макс импекс, Кэй энд Ти констракшн, Монхан трейд, Баян хайрхан трейд, Ёл хангай, Гурван болд, Дээж бүрд ХХК, Цагаан хуаран дэвшил ЦТП, 14-р хороолол Намяанжүгийн 31, 41, 31А, 31Б-р байрууд, Консулын 18, 19, 20-р гудамж, тэр орчимд

10.30-17.30 цагт: 10-р хороо Цагдаагийн хангалтын тасаг, Гео мандал, Гурван зураа ХХК, Хангамжийн 4-р хэсэг, Улиастайн 3-р хэсэг;

Сүхбаатар дүүрэг

10.30-17.30 цагт: 18-р хороо Дамбадаржаа, Бэлхийн 12-29-р гудамж;

Баянгол дүүрэг

10.00-18.00 цагт: 3,4, 9, 10-11, 20, 22, 23-р хороо Зүүннарангийн 18, Горькийн 18, 22, 23, 20, 31-р гудамж, Солонго импекс ХХК, Од, Шунхлай группууд, Монгол экспресс, Хилти болон эдгээр хороонд байрлах ойр орчмын хэрэглэгчид;

Хан-Уул дүүрэг

10.00-16.00 цагт: Сонсголон бармат ХХК-ийн карьер, Цэргийн анги, Блок, Хайрганы үйлдвэрүүд орчмын хэрэглэгчид

10.30-17.00 цагт: 1, 11-р хороо Төв цэнгэлдэх хүрээлэн, Олимпийн хороо, Хөл бөмбөгийн холбооны барилга, Элит-3 бичил хотхон, Рапид харш Т-1, 2, 8, 9, Т-5а, б, 6а, б 7-р байрууд, Оддын хотхон, Ганди 25 Модерн таун орчимд;

Сонгинохайрхан дүүрэг

09.00-17.00 цагт: 22-р хороо МҮОНРТ-ийн ажилчидын орон сууц, тахилтын гудамж, 384-р гарам, Баруунтуруун, УБ Буян ХХК, Эмээлт орчмын хэрэглэгчид. БГД. Монголиадевелопмент ресорсес, Дашваанжил, МТ ойл, Шунхлай, Магнай трейд, Ойн бирж, 20-р хороо орчмын хэрэглэгчид орчмын хэрэглэгчид. 21-р хороо Рашаант, Партизан, Тахир соёот, Төмөр зам, 52-ын даваа, Хайртхаан чиглэлийн бүх хэрэглэгчид

10.00-18.00 цагт: 20, 22, 24-р хороо Цэргийн ангиуд, аммиак зоорь, Зээл, Хилчин, Үйлдвэрлэлийн гудамж тэр орчмын хэрэглэгчид;

Налайх дүүрэг

10.00-17.00 цагт: Нарлаг, Наадам хороолол;

Төв аймаг

10.00-18.00 цагт: Зуунмод сумын 5-р уурын зуух, Могол ноос ХХК, 40, 41-р байр, Хөдөлмөрийн хэлтэс, тэр орчмын хэрэглэгчид.

Categories
мэдээ улс-төр

“Бизнесийн дээд хэмжээний уулзалт”-д хөрөнгө оруулалтын 18 төсөл танилцуулжээ

“Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног” ажлын хүрээнд Ерөнхий сайдын дэргэд байгуулагдсан эдийн засгийн зөвлөлөөс мэдээлэл хийлээ.  ЭЗЭН-100 хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан “Бизнесийн дээд хэмжээний уулзалт”-ыг Монгол Улсыг гадаадад сурталчлах, хөрөнгө оруулалт татахад чухал нөлөө үзүүлсэн арга хэмжээ боллоо гэж эдийн засгийн зөвлөлийнхөн дүгнэж байна. “Бизнесийн дээд хэмжээний уулзалт”-ын гол зорилго нь монголын компаниуд бизнесийнхээ боломжуудыг хөрөнгө оруулагчдад танилцуулах явдал байлаа. Монголын компаниуд хөрөнгө оруулалтын бэлэн болсон 18 төсөл танилцуулж, дээд хэмжээний чуулга уулзалт тавьсан зорилгоо биелүүлсэн гэж  Эдийн засгийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Бямбасайхан хэллээ. Энэ 18 төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ нь 15 орчим тэрбум доллар болж байгаа юм.

Эрчим хүчний салбар эдийн засгийн өсөлтийнхөө түрүүнд явж байх ёстой. Энэ салбарт ойрын үед том өөрчлөлтүүд гарч, хоёр том мега төсөл хэрэгжиж эхэлж байна. Гуравдугаар цахилгаан станц 50 Мвт-аар хүчин чадлаа өргөтгөж, тавдугаар цахилгаан станцын төслийн концесийн гэрээнд талууд гарын үсэг зурсан бол Таван толгойн 450 Мвт-ын цахилгаан станцын яриа хэлцэл удахгүй эхэлнэ гэж Эдийн засгийн зөвлөлийн нарийн бичгийн дарга  хэллээ  гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

БНТУ-ын Үндэсний Их Хурлын дарга Жемил Чичек тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга ноён Жемил Чичек, түүний гэргий Гүлтен Чичек болон албаны бусад төлөөлөгчид өчигдөр Монгол Улсад хүрэлцэн ирлээ. Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга ноён Жемил Чичек тэргүүтэй төлөөлөгчдийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардахад Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Туркийн бүлгийн дарга А.Бакей, Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Батхишиг, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон албаны бусад хүмүүс угтан авлаа. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Жемил Чичек нар хэлэлцээ хийж, Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурал хоорондын хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурна. Мөн ноён Жемил Чичек Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзана.

Түүнчлэн Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн санхүүжилтээр Улсын Их Хуралд хэрэгжсэн “Цахим номын сан” болон “Хэвлэх цехийн тоног төхөөрөмжийн шинэчлэл” төслийн нээлтийн ажиллагаанд оролцохын зэрэгцээ Өвөрхангай аймгийн Хархорин суманд зочилж “Эрдэнэ зуу”, Орхоны хөндий дэх Түрэгийн үеийн хөшөө цайдам музей, бэсрэг наадам үзэж сонирхох юм.

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд 2014 оны 6 дугаар сарын 24-ний 09.30 цагт хүндэт зочныг Эзэн Чингис хааны талбайд угтах юм.

Categories
мэдээ нийгэм

Долоон буудал, Баянхошууг хотын дэд төв болгон хөгжүүлнэ

УИХ-аас баталсан Улаанбаатар хотыг
2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд хотыг 8 дэд төвтэй байхаар
тусгасан юм. Энэхүү ажлын эхлэл нь Улаанбаатар хотын хотын хойд хэсгийн
гэр хороололд байрлах Долоон буудал болон Баянхошуу орчмыг Сэлбэ ба
Баянхошууны  200 мянга орчим оршин суугчтай дэд төв болгон
хөгжүүлэхээр Азийн хөгжлийн банктай хамтран  хөтөлбөр хэрэгжүүлэх болжээ. Эхний ээлжинд Баянхошуу, Сэлбэ дэд төвийг байгуулах
хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төслийг Азийн хөгжлийн банкны 1.5 сая
ам.долларын санхүүжилтээр бэлэн болгосон.   Азийн хөгжлийн банктай
хамтран хэрэгжүүлэх энэхүү төсөлд 320 сая долларын зээлийг хөнгөлттэй нөхцөлөөр
авч байгаа бөгөөд 60 сая долларыг Европын хөрөнгө оруулалтын банкнаас авахаар
тохиролцсон байна. Энэхүү зээл нь жилийн 2 хувийн хүүтэй, эхний таван жилд
хүүгийн болон зээлийн төлбөрөөс чөлөөлөхөөр хэлэлцээ хийжээ.



Баянхошуу дэд төв
д багтах СХД-ийн 7,8,9,10, 28 дугаар хорооны нийт 162 га талбайг
дахин төлөвлөн хөгжүүлж, сургууль, цэцэрлэг, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн
төв,  худалдаа үйлчилгээний цогцолбор, соёлын төв зэргийг  цогцоор нь
барихаас гадна, автозам, явган зам, тохижилт, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийг
барихаар тусгасан байна.  
Түүнчлэн Сэлбэ дэд
төв
д багтах  Чингэлтэй дүүргийн 14,18 Сүхбаатар дүүргийн 14
дүгээр хорооны 156 га талбайг дахин төлөвлө
нө.

Энэхүү томоохон бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор нийслэлийн Засаг
дарга өнгөрсөн долоо хоногт Баянхошуу, Долоон буудлын иргэдтэй уулзан, төслийн
явцын талаар мэдээлэл өглөө.
Уулзалтын эхэнд хотын дарга Э.Бат-Үүл энэ том бүтээн байгуулалт шийдвэрлэх
шатандаа эргэлт буцалтгүй орсон тухай иргэдэд дуулгасан юм. Тодруулбал, УИХ-аар
энэхүү төслийн зээлийн санхүүжилтийн гэрээг баталсан бөгөөд Засгийн газрын
хуралдаанаар эхний ээлжийн 104 сая доллартай тэнцэх санхүүгийн эх үүсвэрийг
авах эрхийг шийдвэрлэж өгвөл энэ жилийн 7 сараас дэд төвийн  ажлууд
эрчимжиж эхэлнэ гэдгийг Хотын дарга онцолсон.
 
Баянхошуу, Долоон буудлыг хотын дэд төв болгон хөгжүүлснээр 400 мянган иргэн
инженерийн болон нийгмийн дэд бүтцээр хангагдсан, эрүүл аюулгүй орчинд амьдрах
боломжтой болно гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

Наадмаар худалдаа үйлчилгээний 900 цэг иргэдэд үйлчилнэ

Наадмын үеэр аж ахуйн нэгж, иргэд  900 цэгт худалдаа, үйлчилгээ эрхэлнэ. Үүнээс Төв цэнгэлдэх хүрээлэнд -600, Хүй долоон худагт 300 цэг байх бөгөөд 70 орчим хувь  нь хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх цэг байх юм. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас  худалдаа үйлдвэрлэл эрхлэгчдэд дараах шаардлагыг тавьж байгаа аж.  Худалдаа үйлчилгээ эрхлэгч нь тухайн харьяалах дүүргээсээ үйл ажиллагаа эрхлэх дугаар авч, зөвшөөрөгдсөн цэгт үйл ажиллагаа явуулна. Худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллага, иргэд нь эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдсан байна. Худалдаалах болон хоол үйлдвэрлэлд хэрэглэх хүнсний бүтээгдэхүүн нь чанар аюулгүй байдлын шаардлага хангасан тухай дүгнэлттэй, хадгалалтын хугацаа дуусаагүй , хаяг шошгын стандартын шаардлага хангасан байна. Мөн хүнсний бүтээгдэхүүнийг горимын дагуу зөв хадгалах, худалдаалах нөхцлийг бүрдүүлэх хөргөх  төхөөрөмж болон шаардлагатай бусад тоног төхөөрөмж, нэг удаагийн сав хэрэглэл, цаасан уут, торыг  хүрэлцэхүйц хэмжээтэй нөөцөлсөн байна. Хоолны үйлчилгээ явуулах цэгт гар ариутгах санитол, нойтон болон амны салфеткийг хүрэлцэхүйц хэмжээгээр байлгана. Тухайн аж ахуйн нэгж нь орчныхоо цэвэрлэгээг бүрэн хариуцах ба асрын гадна талд хогийн сав заавал байршуулсан байна. Албан ёсны зөвшөөрөлгүй, гар дээрээс ил задгай худалдаа эрхлэх, согтууруулах ундаа, майонез, өндөг, крем, чанамал хиам буюу түүнийг оролцуулсан түргэн муудах бүтээгдэхүүнийг худалдаалах, халаасан хоолоор үйлчлэх, нөөшилсөн бүтээгдэхүүнийг задалж худалдах,удсан хоолыг дахин боловсруулж хэрэглэх, шорлог хуушуур зэрэг халуун боловсруулалт хийх бүтээгдэхүүнийг заагдсан байрлалаас өөр газарт зарах, дүүргийн зөвшөөрөл олгосон цэгээс бусад байршилд айрагны гэр болон сүүдрэвч байрлуулах, ил задгай хог хаях, хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх худалдаа, үйлчилгээ эрхлэхийг хориглоно гэв.