Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Оюунлаг монгол эмэгтэй дэлхийн тавцанд гарч ирлээ

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд  С.Оюуныг НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн Ерөнхийлөгчөөр сонголоо. С.Оюун  НҮБ-ын хүндэт индрээс хэлэхдээ “Ойрын хоёр жил бол тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлт болон  байгаль орчны тулгамдсан бусад олон асуудлаар ахиц дэвшил гаргахад чухал үе  байх болно. Ус, бусад ашигт малтмалын эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа боловч эх дэлхий маань цорын ганц учир Байгаль орчны Ассамблейн  үйл ажиллагааг үр дүнтэй, эрч хүчтэй удирдан явуулахад    хүч чармайлтаа дайчилж ажиллах болно” гэж мэдэгдэв. С.Оюуныг, Монголыг маань дэлхий үнэлж байна. 

С.Оюунд  улстөрчийн замыг хувь заяа нь ногдуулж орхисон.  Ардчиллын алтан хараацай С.Зориг ахыгаа залгамжилж,  1998 онд УИХ-ын гишүүн болсон тэрбээр төрийн түшээгийн үүргээ нэр төртэй биелүүлж, хат суусан улс төрч болжээ. Улстөрчдийг залгамжлан эхнэр нь, хүү нь УИХ-д сонгогдож л байсан. С.Оюун харин өөрийн гэсэн байр суурьтай, том улстөрч болж, ард түмний дэмжлэгийг алдаагүй өнөөг хүрч ирэв.  Цус, нулимсан дунд төрийн түшээ болсон энэ эмэгтэй сүүн замтай эх хүн. Гурван хүүхдийн ээж С.Оюун Монголын Дауны холбооны тэргүүн. Хүмүүнлэгийн салбарт хийсэн ажил, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдийн төлөөх зүтгэлийг нь ч дурдахгүй өнгөрч боломгүй.    

Дэлхийн түвшинд гарч ирсэн  монгол эмэгтэй хэмээн өмнө нь бид С.Удвал ахайтнаар бахархдаг байлаа. Төр, нийгмийн гарамгай зүтгэлтэн, төрийн соёрхолт зохиолч эмэгтэй Сономын Удвал  хатагтай Ази, Африкийн зохиолчдын байгууллагыг байгуулах цагаас нь идэвхтэй хамтран зүтгэж, тус байгууллагын уран зохиолын “Лотос” (лянхуа) сэтгүүлийн зөвлөлийн гишүүнээр олон жил ажиллаж байсан билээ.  С.Удвал Монголын Эмэгтэйчүүдийн байгууллага, Зохиолчдын хороог удирдаж, арван  удаа АИХ-ын депутатаар сонгогдсон түүхтэй. Харин  өдгөө С.Оюуны нэр энэхүү гайхамшигт эмэгтэйгээс илүү өндөрт мандаж, домогт монгол эмэгтэйн түүхийг нэмэв. С.Оюун  Чехословак улсын Карлын Их сургуулийг  геохимич мэргэжлээр  төгссөн.  Англи улсын Кембрижийн Их сургуулийн аспирантурыг төгссөн геологийн ухааны доктор хүн.  1998 оноос хойш УИХ-ын гишүүнээр сонгогдсон энэ эмэгтэй сайдын албыг хоёр дахь удаагаа хашиж буй. Орос,  англи,  чех хэлтэй.  Түүний өвөө нь  шар Дамдинсүрэн хэмээн алдаршсан монголч эрдэмтэн Андрей Дмитриевич Симуков билээ. Хамгийн ихээр монголжсон монголч эрдэмтэн гэж түүнийг хэлдэг юм билээ.  Ийм нэгэн эмэгтэй дэлхийд алдартай байгууллагыг тэргүүлэх болов. Санжаасүрэнгийн Оюун танаар монголчууд бахархаж байна.

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ нийгэм

БНТУ-ын Үндэсний Их Хурлын даргад зориулан бэсрэг наадам хийлээ

УИХ-ын дарга З.Энхболд болон албаны бусад төлөөлөгчид “Хөшөө цайдам” музейг үзэж сонирхож буй нь

УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн А.Бакей, Н.Батцэрэг нар “Хөшөө цайдам” музейд

Монгол
Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын урилгаар зургадугаар сарын
23-26-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд
Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга ноён Жемил Чичек, Монгол
Улсын Их Хурлын дарга З.Энхболд нар гэргийн хамт өчигдөр /2014.06.25/
Монгол Улсын эртний нийслэл Хархорум хотод зочлон “Эрдэнэ зуу” хийд,
“Хар хорум” музейд зочилсны зэрэгцээ Архангай аймгийн Хашаат сумын нутаг
дэвсгэрт байрлах “Хөшөө цайдам музей”-г үзэж сонирхлоо. “Хөшөө цайдам”
музейг Монгол Улсыг Засгийн газрын 2010 оны 32 дугаар тоот тогтоолоор
Монгол Улсын нутаг дэвсгэр дээр оршиж байсан Түрэгийн хаант улсын түүх,
соёлтой холбогдол бүхий хосгүй үнэт эд өлгийн зүйл, олдворыг хадгалж
хамгаалах, судлах, сурталчлах үүрэг бүхий “Хөшөө Цайдам” музей
байгуулагдсан байна.

УИХ-ын дарга З.Энхболд  “Хөшөө цайдам” музейн дурсгалын дэвтэрт сэтгэгдлээ үлдээв

Архангай
аймгийн нутаг дэвсгэрт байрлах “Хөшөө цайдам” музейг үзэж сонирхсоны
дараа УИХ-ын дарга З.Энхболд болон БНТУ-ын Үндэсний Их Хурлын дарга ноён
Жемил Чичек нар Архангай аймгийн хашаат сумын нутаг дэвсгэрт болсон
бэсрэг наадмыг үзэж сонирхлоо.

Архангай
аймгийн Хашаат суманд болсон бэсрэг наадмыг Бүгд Найрамдах Турк Улсын
Үндэсний Их Хурлын дарга Жемил Чичект зориулан зохион байгууллаа

Энэхүү арга
хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны
дарга, УИХ дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга А.Бакей, Улсын
Их Хурлын гишүүн, УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс “ бүлгийн дарга
Н.Батцэрэг, Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Улсын Их Хурлын даргын
ахлах зөвлөх С.Ламбаа, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн
бичгийн дарга Б.Болдбаатар болон албаны бусад хүмүүс дагалдан явлаа.
Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга ноён Жемил Чичек
тэргүүтэй төлөөлөгчдийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал өнөөдөр
өндөрлөж байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Цэнгэлдэхийн сандлыг шинэчилж байна

Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлыг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 2.450.000.000.0 төгрөгөөр санхүүжүүлэн хийж байгаа билээ.

Энэ жилийн наадмаар төв цэнгэлдэх хүрээлэнд 13600 ширхэг шинэ сандлыг суурилуулах болсон. Уг сандлуудыг худалдан авахад нийт 200 сая төгрөг төсөвлөсөн ба цэнгэлдэх хүрээлэнгийн зориулалтын түшлэгтэй сандлыг байрлуулж байна.

Шинэ сандлуудыг байрлууснаар нийтдээ 15 орчим үзэгч төв цэнгэлдэхэд наадам үзэх боломжтой болох юм.

Categories
мэдээ нийгэм

Д.СОСОРБАРАМ: Наадмын нээлтийн үйл ажиллагааг “Босоо заяатай Монгол” агуулгаар найруулна

Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслолын үйл ажиллагаа, Төрийн хүндэтгэлийн концерт Ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, Монгол Улсын гавъяат жүжигчин Догмидын Сосорбарам ажиллаж байна. Энэ жилийн наадмын урлагийн тоглолт хэрхэн болох талаар Ерөнхий найруулагч Д.Сосорбарам тодруулга өглөө.

-Энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааны урлагийн тоглолт ямар онцлогтой болох вэ?

-Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслолын үйл ажиллагаа, Соёлын төв өргөөнд болох Төрийн хүндэтгэлийн тоглолтын бэлтгэл ажил ид үргэлжилж байна. Өнгөрсөн жилийн баяр наадмын тоглолтыг найруулан, зохион байгуулсан баг энэ жил ч ажиллаж байгаа. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн нээлт, хаалтын ажиллагаанд 5000 орчим уран бүтээлч оролцох бол Соёлын төв өргөөнд болох Төрийн хүндэтгэлийн концертод 1000 гаруй уран бүтээлч оролцох юм. Манай багийн бүрэлдэхүүнд бүжиг дэглээч Д.Баярбаатар, Д.Энхгэрэл, н.Ариунболд зэрэг монголын үндэсний урлагийн шилдгүүд багтсан байгаа. Энэ жилийн наадмын урлагийн тоглолтыг бүхэлд нь “Босоо заяатай Монгол” агуулгаар найруулна. Нүүдэлчин ард түмний түүх, философи, гайхамшгийг бид харуулах болно. Жишээ нь 21 эмэгтэй уртын дуучин, 21 эрэгтэй хөөмийч, 33 бий биелээч өмнө нь тавигдаж байгаа шинэ цоморлиг үзүүлбэр үзүүлнэ. Үндэсний бахархал, үлгэр дууриалыг харуулах 60 хүний бүрэлдэхүүнтэй үлээвэр хөгжмийн баг тоглоно гээд олон онцлог, шинэлэг үзүүлбэрийг бид бэлтгэж байна. Мөн энэ удаад шинэ залуу уран бүтээлчдийг дэмжиж, залуу хөгжмийн зохиолчдын уран бүтээлийг дэлхийн сонгодог бүтээлүүдтэй хамт эгшиглүүлнэ.

-Үндэсний их баяр наадмын урлагийн тоглолт, Соёлын төв өргөөнд болох Төрийн хүндэтгэлийн концертод хэдэн төгрөг зарцуулж байгаа вэ?

-Энэ жил хаа хаанаа төсөв хүндрэлтэй, эдийн засгийн хямралтай байгаа тул бидэнд хангалттай төсөв шийдэж өгөөгүй. Баяр наадмын нээлт, хаалтын ажиллагаа, Төрийн хүндэтгэлийн тоглолт гээд 3 үйл ажиллагаанд 300 сая төгрөг төсөвлөсөн. Төв цэнгэлдэхийн тоглолтод 250 сая, Соёлын төв өргөөний концертод 50 сая төгрөг зарцуулахаар тооцоо гаргасан. Үндсэндээ 6000 гаруй уран бүтээлчдэд төсөвлөсөн хөрөнгийг хүргэхээр ажиллаж байна. Энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ажиллагаа өвөрмөц, онцлогтой, сайхан болно гэдгийг амлаж чадах байна.

Categories
мэдээ нийгэм

Дунд голын доод гүүрийн хөдөлгөөнийг нээлээ

Гурвалжингийн гүүрнээс ТЭЦ-3 явах чиглэлд байршилтай Дунд голын доод гүүрийн засварын ажил 80 хувьд хүрч хөдөлгөөнийг нээсэн. 1975 онд анх баригдсан энэ гүүрийн баруун талд 2013 онд шинэ гүүр барьж байнгын ашиглалтад хүлээлгэж өгсөн юм. Хуучин гүүрийг засварлаж 7 сарын 10-нд бүрэн хүлээлгэж өгөх гэрээтэй “ЗМЗ” ХХК ажиллаж байна. Гүүрийн тулах хэсгүүдийг өргөж засах, диафрагмм шинээр нэмж хийх, завсарын бетон, тэгшилгээний бетон, компенсатор, явган хүний зам, дугуй цохигч, гүүрийн хайс, хучилт зэрэг ажлуудыг хийлээ. 

Categories
мэдээ нийгэм

Хотын соёлд иргэдийг уриална

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Азийн сан, “Эх орон” телевиз хамтран  хотын соёлд иргэдийг уриалах, сэтгэхүйг өөрчлөх зорилгоор “Цэвэр хот” төсөл хэрэгжүүлэхээр боллоо. Энэ төслийн хүрээнд хотын гудамж талбай, зам дагуу “Муу зуршлыг маргааш биш өнөөдөр хязгаарлахад амархан”, “Та шүлсээ битгий хая, таны хүүхэд тоглоно”, “Үүнийг цэвэрлэхэд амархан…, сэтгэхүйг нь л өөрчилмөөр гэсэн сануулга бүхий самбарууд байрлуулах гэж байна. Эдгээр самбарууд нь машины цонхоор тамхины ишээ шидэж, гудамжинд шүлсээ хаядаг хүмүүст нэгийг сануулж байгаа юм. Он гарсаар Азийн сангаас “Та хүүхдийнхээ төлөө хог хаяхгүй байж чадна”, “Эрүүл орчинд амьдрах иргэн танаас шалтгаална” гэсэн сануулга бүхий зурган самбарууд төв зам дагуу байрлуулсан нь үр дүнд хүрсэн юм. Тиймээс цаашид “Цэвэр хот надаас”, “Цэвэрхэн хотын ухаалаг залуус”,”Ажлыг минь хүндэлсэнд баярлалаа” зэрэг хүүхэд, залуус, шар хантаазтанууд иргэдийг хотын соёлд уриалан дуудсан зурагт самбарууд байрлуулна.  Дэлхийн бусад хотуудад ч энэхүү зурган самбарыг иргэдийнхээ сэтгэхүйг өөрчлөхөд чиглүүлэн хэрэглэсээр ирсэн юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр эдгээр газруудад цахилгааны хязгаарлалт хийнэ

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-иас хэрэглэгчдийн
цахилгааныг хэсэгчлэн хязгаарлаж байгаа. Өнөөдөр доорх нэр дурдсан газруудад  цахилгааны түр
хязгаарлалт хийх юм байна.

 Баянзүрх
дүүрэг

10.30-17.30 цагт: 12-р хороо Дэлхийн зөн, Амгалан цогцолбор, Жанжин клуб, Лайф
трейдинг ХХК, Анурагранд ББН, Жанжины буйр ХХК, Жанжины 10-30, Сармис Х-ны
1-4-р гудамж, тэр орчмын хэрэглэгчид;

Сүхбаатар дүүрэг
10.00-18.00 цагт: 1-р хороо Шунхлай, Мика, Монгм, Жуулчин, Батс, Рео, MMMD,
Чабо, AST, Шүрэн, Цагаан бар, Монголиан пропертис, Перфект, ISB, Континентал,
Өгөөж чихэр боов ХХК-иуд, Скай плаза, Мобиком, Эдэлвайс ЗБ, Нар урт, Хасвуу,
Эпос зан туул Бообш ХХК-иуд, Яаралтай тусламжийн төв 103, Эрүүл мэнд хөгжлийн
төв, тэр орчмын хэрэглэгчид;

Чингэлтэй дүүрэг
10.30-17.30 цагт: 18-р хороо Зүрх-Уул, Сурагчийн 42-49-р гудамж;

Хан-Уул
10.00-16.00 цагт: Сонсголон бармат ХХК-ийн карьер, Цэргийн анги, Блок, Хайрганы
үйлдвэрүүд орчмын хэрэглэгчид
11.00-17.30 цагт: Баялаг бийд инвест, Орд талст, Төв магис ХХК-иуд орчимд
/хэрэглэгч тус бүр 2 цаг/;

Сонгинохайрхан дүүрэг
09.00-17.00 цагт: 21-р хороо Төмөр зам, Ферм, Ар гүнт, Нарийн, Партизаны
хэрэглэгчид
10.00-18.00 цагт: 9, 10, 19, 23, 25-р хороо Хайрханы 2-6, Одонтын 1, 6-13, 19,
Зүүнсалааны 12, 13, 16-24, 27, 28, Малчины 4, 5, 8, 9, Тоосгоны 70-75, Хангайн
14-27, 47, 79-80, Чулуутын 4-9, Хангайн 35-39-р гудамж;

Горхи-Тэрэлжийн БЦГ
10.00-17.00 цагт: ШУТИС-ийн полигон, Өгөөмөрийн зуслан;

Төв аймаг
10.00-13.00 цагт: Зуунмод сумын Нацагдорж багийн байр, гэр хорооллын 1-9 гудамж
14.00-18.00 цагт: Зуунмод сумын Голын худаг, Уурын зуух, 19-22-р байр, Дэнжийн
4, 5, Энгэрийн 1-3-р гудамж.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч 11:00 цагт Х.Баттулгатай уулзана

Ерөнхийлөгч   УИХ-ын гишүүн Х.Баттулгатай өнөөдөр уулзахаар дуудсан байна.   Энэхүү уулзалт өнөөдөр 11.00 цагт болох гэнэ. Тэдний дунд сүүлийн үед телевизийн хэд хэдэн сувгаар төлбөртэй  цацагдсан “Зуун чухал сэдэв” нэвтрүүлгийн талаар яриа өрнөнө гэсэн олны таамаг байна. 

Categories
мэдээ нийгэм

Орон гэргүй иргэдийг бүртгэж эхэллээ

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн 487 тоот захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байгаа гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг бүртгэлжүүлэх, нийгмийн халамж болон сэтгэл засал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж эхэлжээ. Мөн тэдгээр иргэдэд мэргэжлийн чиг баримжаа олгож, ажлын байранд зуучлах зэргээр олон ажил явуулж байгаа юм байна. 

Сүхбаатар дүүргийн  Засаг даргын Тамгын газар, Халамжийн хэлтэс, Цагдаагийн хэлтэс хамтран одоогоор 92 орон гэргүй иргэдийг хурууны хээгээр нь бүртгэлжүүлжээ.  Энэ үеэр Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжил хариуцсан орлогч Л.Нармандах тэнэмэл иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонссон байна.  Уг ажил тав хоног үргэлжлэх бөгөөд Амьдрах ухаан сургалт үйлдвэрлэлийн тусгай төвд бүртгэлгүй орон гэргүй тэнэмэл амьдралтай иргэдийг мэдээллийн сангийн бүртгэлд бүрэн хамруулан нэгдсэн бааз дээр дүнгээ нэгтгэх аж.

Categories
мэдээ нийгэм

Энхтайвны гүүрийг өнөө шөнө хаана

Нийслэлийн авто замын газраас энэ зун хоёр газарт гүүрэн гарц
барьж буй. Үүний нэг нь Хан-Уул дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт буюу  Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд, 120 мянгатын
автобусны буудал дээрх гүүрэн гарц юм.  Гүүрийг
барих ажлын хүрээнд  өнөөдөр шөнө 00-06 цаг
хүртэл, маргааш мөн 00-06 цаг хүртэл хоёр шөнө Энхтайвны гүүрээс урагш замын хөдөлгөөнийг
түр хаахаар болжээ. Зам хааснаар гүүрэн гарцын дам нуруун дээр лист төмөр байрлуулж,
гагнуурын ажил хийх юм.