Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд хүнсний бүтээгдэхүүний зоорь, агуулах нэмэгдүүлэх хөтөлбөртэй танилцав

Улаанбаатар хот орчимд хүнсний бүтээгдэхүүний төрөлжсөн зоорь, агуулах, худалдааны төв шинээр байгуулахаар 2013 оноос “Хүнсний бүтээгдэхүүний зоорь, агуулах нэмэгдүүлэх” хөтөлбөрийг Засгийн газар Монгол банктай хамтран хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрт 116 аж ахуйн нэгж төслийн санал ирүүлснээс шаардлага хангасан 33 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулжээ. 23 аж ахуйн нэгжид харилцагч банкуудаар дамжуулан 74,9 тэрбум төгрөгийн зээл олгож, зоорийн багтаамжийг 40 мянган тн-оор нэмэгдүүлж, 35 орчим мянган тн-ын механикжсан зоорь ашиглалтад оруулжээ.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг 9 тэрбум төгрөгийн зээл авч, үйл ажиллагаагаа өргөжүүлсэн “Тэнгэр” худалдааны төвтэй танилцлаа.    

Тус төв энэ хөтөлбөрт хамрагдсанаар өдөрт 20-30 тн мах бэлтгэн ангилж савлах хүчин чадалтай махны цех, 10 тн хүнсний ногоо, жимс жимсгэнийг хүлээн авч угааж цэвэрлэн савлах хүнсний ногооны цех, хагас боловсруулсан бүтээгдэхүүн болон нарийн боовны үйлдвэрийн цехтэй болжээ. Мах, махан бүтээгдэхүүн, гурил гурилан бүтээгдэхүүнийг ченжүүдийн дамжлагагүйгээр хэрэглэгчдэд шууд хүргэх боломжтой болсон гэж тус төвийнхөн танилцуулж байлаа.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Улаанбаатар орчимд ганц “Хүчит шонхор” биш дүүрэг бүрт, ялангуяа захын дүүргүүдэд ийм төв байгуулахаар Засгийн газар дэмжин ажиллаж байна. Эрүүл ахуйн шаардлага хангасан, хямд үнэ бүхий бүтээгдэхүүнийг иргэддээ хүргэх нь чухал юм. Энэ хөтөлбөрийн үр дүнд намар хурааж авсан төмс, хүнсний ногооныхоо 80 хувийг зооринд хадгалдаг болохоор зорьж байна” гэж хэллээ.

“Тэнгэр” худалдааны төв шиг зоорь бүхий худалдааны төв ойрын хугацаанд Улаанбаатар орчимд 4-5 байгуулагдана гэж Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан хэлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Иргэд тайван цуглаан хийнэ гэв

“Газар шороогоо хайрлах иргэдийн индэр” холбооноос Газрын тухай хуулийг бүх ард түмнээрээ хэлэлцэхийг хүсч хэвлэлийн хурал хийв. Тэд “Ард түмний өмч болох газар нутаг, байгалийн баялгийг цөөн тооны хүмүүс компаниудад хууль бусаар эзэмшүүлж байгаагаа халхлах зорилгоор Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулга гарсан нь илт байна. Сүүлийн үед яригдаж байгаа нарийн цагирагтай төмөр зам, уул уурхай, цацраг идэвхит бодис зэрэг чухал асуудлыг Газрын тухай хууль цэгцлэх зориулалттай. Мөн Монгол Улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал, ард түмний эрх ашгийг хамгаалах ёстой” хэмээж байв. Ингээд Баянгол дүүргийн 6-р хорооны иргэн Л.Баярсайхан  болон “Газрын хуулийг дэмжихгүй”  иргэдийн хөдөлгөөнийхөн  маргааш 17.00-19.00 цагийн хооронд Чингисийн талбайд тайван цуглаан зохион байгуулах мэдэгдлээ Нийслэлийн засаг даргад өгөв. 

М.Ундрал

Categories
мэдээ улс-төр

Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжсэнгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2014.06.26/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр танилцуулав.

Монгол Улсад бэлэн бус төлбөр тооцоог хөгжүүлэх, одоогийн дэд бүтцийг өргөтгөн бодит цагийн горимд мөнгөн урсгалыг хянах замаар мөнгөний бодлогын хэрэгжилт, хяналтыг сайжруулах зорилго бүхий “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийн зээлийн хэлэлцээрийн төслийг 2013 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Засгийн газрын хуралдаан, 7 дугаар сарын 3-ны өдрийн УИХ-ын холбогдох Байнгын хороодоор хэлэлцэн дэмжээд Монгол Улсын Ерөнхий сайдын 113 дугаар захирамжаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг олгосон аж.

Үүний дагуу Эдийн засгийн хөгжлийн сайдын 2013 оны 54 дүгээр тушаалаар Азийн хөгжлийн банктай зээлийн хэлэлцээ хийх ажлын хэсгийг байгуулж, 2013 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр зээлийн хэлэлцээг хийжээ.

Хэлэлцээний дүнд Азийн хөгжлийн банкаас хийгдэх санхүүжилт болох 20 сая ам.долларын хөрөнгийг Азийн хөгжлийн банкны энгийн эх үүсвэрийн сангаас санхүүжүүлэх ба Лондонгийн банк хоорондын захын зээлжих хүүд суурилсан хувьсах хүүтэй, нийт 20 жилийн хугацаанд буцаан төлөх, үүнээс эхний 5 жилд үндсэн өрийн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэйгөөр, төслийг 2014 оны 6 дугаар сараас 2017 оны 6 дугаар сар хүртэл нийт 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр Азийн хөгжлийн банктай тохирсон байна.

“Төлбөрийн системийн шинэчлэл” төслийг хэрэгжүүлснээр соронзон тууз, IC чип, зайнаас уншигдах RF технологийг 1 картанд нэгтгэсэн хосолмол картыг нэвтрүүлэх юм байна. Хосолмол картыг нийтийн тээврийн системд хэрэглэснээр зорчигч нь бэлэн мөнгөтэй харьцах шаардлагагүй болж, автобус, такси бүрт байрлуулсан хосолмол картыг хүлээн авах хэрэгсэл нь үйлчилгээний хураамжийг хэрэглэгчийн данснаас шууд суутгах зарчмаар нэгдсэн системд холбогдож тооцоог хийх аж.

Түүнчлэн банкуудын мобайл банкны үйлчилгээ рүү хандах нэгдсэн цонхтой болгож, тэдгээрийн хооронд гүйлгээ хийх боломжоор хангах юм байна. Мобайл банкны хэрэглэгч нь дансны дугаар болон утасны дугаар үл ялгаварлан өөрийн гүйлгээ хийх бөгөөд бусад бэлэн бус төлбөрийн хэрэгслийн үйлчилгээг өөрийн гар утас ашиглан авах боломжтой болох ажээ.

Тус төсөл хэрэгжсэнээр бэлэн мөнгөний хэрэглээ багасч, бэлэн бус төлбөрийн шинэ хэрэгслүүдийг хөгжүүлж, одоогийн ашиглаж буй төлбөрийн систем улам боловсронгуй, найдвартай болж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн түвшинд хүрэх боломж бүрдэнэ хэмээн танилцуулгад дурджээ.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дээрх төслийг батлах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Харин чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг дэмжсэнгүй хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Д. Алтанхуяг гавьяат дэлхийн шилдгүүдтэй хамт ирж тоглоно

ДБЭТ-т “Мodern of Night” нэртэй модерн бүжгийн тоглолт ирэх сарын 4-нд болох гэж байна.   Энэ тоглолтыг “Монголын балетын хөгжил сан” нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр ‘’Найрсаг Улаанбаатар-375’’ аяны хүрээнд  зохион байгуулж байгаа билээ.  Оюун санаа, сэтгэхүйн ертөнцөө үйл хөдлөлөөр илэрхийлдэг балетын урлагийн энэхүү тоглолтод дэлхийд алдартай “Бостон” балетын гоцлоочид уригдан ирж байгаагаас гадна МУГЖ Д.Алтанхуяг оролцоно. Английн “Рояал”, ОХУ-ын “Большой”, Италийн “Ла Скала” зэрэг дэлхийн сор театруудын тайзнаа уригддаг сонгодог урлагийн тоглолтыг ийнхүү Монголчууд эх орондоо үзэх боломжтой болж байна. 

Categories
гадаад мэдээ

Хатан хааны гэр бүл 35 сая фунт стерлинг хэрэглэжээ

Өнгөрсөн оны байдлаар Их Британи  хатан хааны гэр бүл болон тэдний хамаатнуудад улсаас 35.7 сая фунт стерлинг буюу 60.9 сая ам.доллар зарцуулсан байна. Букингемийн ордноос гаргасан тайланд ийнхүү дурджээ. Их Британийн хатан хаан болон тэдний гэр бүлийн зарлагыг тус улсын төсвөөс гаргадаг билээ. 2013 оны зарлагыг өмнөх оныхтой харьцуулахад 1.9сая фунт стерлингээр нэмэгдсэн байна. Өнгөрсөн оны зардлын дийлэнх хэсэг нь хатан хааны ордоны засварт зориулагдсан юм байна.

Ю.ДЭЛГЭР 

Categories
мэдээ улс-төр

Дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Харилцаа, холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг өнөөдрийн /2014.06.26/ чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төсөлд хэрэглэгч үүрэн утасны оператор компаниа сольсон ч дугаараасолихгүйгээр үргэлжлүүлэн ашиглах харилцааг зохицуулахаар тусгажээ.

1990-ээд оны дунд үеэс дугаартайгаа шилжих үйлчилгээг дэлхийн улс орнууд үүрэн болон суурин холбооны зах зээлд нэвтрүүлэн хэрэглэж эхэлсэн бөгөөд 2013 оны байдлаар 78 улс тус үйлчилгээг нэвтрүүлээд байгаа хэмээн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг хуулийн төслийг танилцуулах үеэр хэлсэн.

Энэхүү үйлчилгээг нэвтрүүлэх зорилго нь хэрэглэгчдэд дугаараа хадгалан үйлчилгээ эрхлэгчийг сонгох боломжийг бүрдүүлэх, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн өрсөлдөөнийг зөв хэлбэрээр нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм байна.

Тухайлбал, үүрэн холбооны оператор компаниуд нь хэрэглэгчээ дугаараар нь барьж тогтоох, дугаарын үнэ цэнийг хий хөөрөгдөх, үнэ тарифын хямдралаар өрсөлдөх бус үйлчилгээний чанар, сүлжээний хамрах хүрээ,түүний найдвартай байдал, контентийн тоо, төрлийг нэмэгдүүлэх, хэрэглэгчийн хүсэл, таашаалд нийцсэн үйлчилгээг үзүүлэх, шинээр гарч ирж буй техник технологийн дэвшлийг цаг алдалгүй нэвтрүүлэх замаар шударга, үр ашигтай өрсөлдөх нөхцөл бүрддэг аж.

Олон улсад дугаартайгаа шилжих үйлчилгээг нийт хэрэглэгчдийн 5 хувиас дээш хэсэг нь хэрэглэсэн тохиолдолд үр ашигтай гэж үздэг бол Монгол Улсад дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх хэрэгцээ шаардлагыг тодорхойлох зорилгоор түүврийн аргаар хэрэглэгчдээс санал асуулга авч, судалгаа хийж үзэхэд нийт хэрэглэгчдийн 33.5 хувь, түүний дотроос давамгайлагч операторын хэрэглэгчдийн 44 хувь дугаартайгаа шилжих үйлчилгээг ашиглан оператороо солих шийдвэр гаргахад одоогоор бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Эдийн засгийн байнгын хороо энэ төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, саналаа хэллээ. Хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх санал хураалтыг үдээс хойшхи хуралдаанаар явуулахаар болон үдээс өмнөх хуралдаан завсарлалаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Жүжигчин Ц.Баясгалан Засгийн газрын тогтоолоор 65 сая төгрөгөөр шагнуулах болзол хангажээ

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Цэрэндоржийн Баясгалан Косово улсад болсон моно жүжгийн “МонАкт-2014” фестивальд Монгол Улсаа төлөөлөн оролцсон юм. Түүний хувьд уг фестивальд “Би Эдит Пиаф байна” моно драмын жүжгээрээ амжилттай оролцож, “Шилдэг уран бүтээл-Гран при” шагналын эзэн болж, Монголын драмын урлагийг гадаад ертөнцөд тунхагласан анхны монгол жүжигчин болсон билээ. ЮНЕСКО-гоос зохион байгуулдаг тус фестивальд Герман, Польш, Орос, Монгол, Украйн, Македон, Косово, Монтенегро, Румын, Словак зэрэг дэлхийн 13 улсын 70 гаруй уран бүтээлчид өөрсдийн моно жүжгээр оролцсон аж. УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалан Францын алдарт дуучин Эдит Пиафын амьдрал уран бүтээлийг моно жүжгээрээ тайзнаа харуулахдаа түүний долоон дууг франц хэл дээр дуулжээ. Тус моно жүжгийг Украины зохиолч Нина Мазурын зохиолыг Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар найруулж ерөнхий зураачаар СТА Н.Батбилэг ажилласан юм.  

Олон улсын өндөр зэрэглэлийн тэмцээн, уралдаанаас гранпри болон шагналт байр эзэлсэн тамирчид, уран бүтээлчдэд Монгол Улсын Засгийн газраас шагнал урамшил олгодог тусгай тогтоол амьдрал дээр хэрэгжиж эхэлснийг зуны олимпийн наадам болон ДАШТ-д өндөр амжилт гаргасан тамирчдын урамшуулал тодорхой харуулдаг. Тэгвэл жүжигчин Ц.Баясгалангийн оролцож гранприг нь авчирсан фестиваль Засгийн газрын тогтоолд ЮНЕСКО-гоос зохион байгуулсан олон улсын фестиваль гэдгээрээ яг үг, үсэгчлэн таарч байгаа юм. Энэ тогтоолоор тэргүүн байр буюу гранпри хүртсэн уран бүтээлч 65 сая төгрөгийн эзэн болох юм байна. Монгол Улсын жүжигчдээс анх удаа эл нэр хүндтэй шагналыг эх орондоо авчирсан тул Соёл, спорт, аялал жуулчлалын яам болон Улсын драмын эрдмийн театрынхан жүжигчин Ц.Баясгаланд Засгийн газрын тогтоолын дагуу 65 сая төгрөгөөр урамшуулахыг дэмжээд байгаа аж. Олимп, ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль авчирсан тамирчинд Ерөнхийлөгчийн зарлигаар гавьяат болон төрийн дээд шагналыг шууд гардуулдаг уламжлалын дагуу бодсон ч жүжигчин Ц.Баясгалан Монгол Улсын гавьяат жүжигчин гэсэн эрхэм алдрын эзэн мөдхөн болно гэж түүний шүтэн бишрэгчид, мэргэжил нэгтнүүд найдлага тавьж байгаа юм байна. ЮНЕСКО-гоос зохион байгуулсан Косовогийн моно драмын “Моно АКТ” фестивалийг зохион байгуулах хорооны дарга Ментор Зимбарежаас Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд Ц.Баясгалангийн гранпри авсан амжилтыг баталгаажуулсан гарын үсэгтэй албан бичгийг саяхан ирүүлсэн байна.

Categories
нэг-өгүүлбэрээр

ДАШТ-ий түүхэн дэх 50 дахь хет-трикийг хийсэн Швейцарын хөлбөмбөгч Шакири, Швейцарь-Гондурас багуудын тоглолтын шилдэг нь боллоо.

Categories
нэг-өгүүлбэрээр

“Барселон” баг “хаздаг” Суаресыг 87.5 сая еврогоор “Ливерпүүл”-ээс худалдан авахаар хөөцөлдөж байна гэсэн мэдээг зарим нэг мэдээлэлийн хэрэгслэлээр өнөөдөр цацлаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Х.Баттулгад боломж байсныг сануулав

 Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүн Х.Баттулгыг хүлээн авч уулзлаа. Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд түүнд “Женко”-д үглэж дуулах юм бишгүй байсан бололтой. Сэтгүүлчдийн нүдэн дээр төрийн тэргүүн Х.Баттулгыг буруушаахын зэрэгцээ “100 чухал сэдэв” нэвтрүүлгийг өөрийнхөөрөө залруулахыг хичээсэн байж магадгүй. Юутай ч Х.Баттулга Ерөнхийлөгчийн үгийг чимээгүй сонсч, суусаар үлдлээ. Тэр сэтгүүлчдийг өрөөнөөс гартал Ерөнхийлөгчийн үгийг хүлээж авч байгаа эсвэл эсэргүүцсэн  ямар нэг  үйл хөдлөл хийсэнгүй.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “100 чухал сэдэв” нэвтрүүлгийг олон хүн үзлээ. Гурван янзаар хүлээж авах шиг боллоо. Хөгшчүүд, ахмадууд бухимдаж, залуус шууд хүлээн авч байна. Учрыг нь мэдэхгүй зарим хүн яаж хүлээн авсныг бол мэдэхгүй нь. Уг нь үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнол гэх сэдвүүдээр улс төр хийж болдоггүй. Ингээд нэг хэсэг нь захиалгат нэвтрүүлэг хийж, нөгөө тал нь өөрсдийгөө өмөөрч, хариу нэвтрүүлэг хийгээд байх хэрэг үү. Иргэд талцаад зодолдоод эхэлбэл хэн салгах юм, УИХ-ын гишүүд очиж салгах уу…

…Улс төрд сайн соёл төлөвшиж байсныг өөрөө эвдэж байна. Захиалгат нэвтрүүлэг бүхэн үнэн байдаггүйг бид мэднэ. Үзэл бодол нь төлөвшөөгүй хүүхэд залуус үзэж харж байгааг ойлгох хэрэгтэй. Телевизийн дэлгэц, айлын хойморт “цус шинжлээд” сууж болохгүй. Зарим нь бодож болох юм, ганц нэвтрүүлэг хийгээ л биз гэж. Гэвч ийм биш юм. Үр дүн нь эерэг биш юм…” гэв.

Ерөнхийлөгч “Төмөр замын бодлогын хувьд Монгол Улс бодлоготой. Энэ асуудлыг өөрөө салбарыг нь хариуцаж байсан сайдын хувьд мэдэж байх ёстой. Өөрт чинь бүх боломж байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Хэдэн газрын зураг үзүүлж, эвлүүлэг хийгээд асуудал шийдэхгүй. Бид зөвхөн урд хөрш рүү ачаагаа зөөх гээд байгаа юм биш. Гурав дахь хөрш рүү дамжуулан гаргах бодлого ч бий. Ямар улс руу гаргаж байгаа тэр улсынхаа царигийг тавина гэсэн… Монгол Улс бол ОХУ, БНХАУ-ын дунд байрладаг. Хөдөлшгүй үнэн бол хөрш гэдэг. Аль аль талын ашиг сонирхлыг харилцан хүндэтгээд, дээд хэмжээнээс эхлээд бүхий л түвшинд харилцаагаа үргэлжлүүлж байна. Гадаад бодлогын хувьд Монгол Улс нэгдмэл бодлоготой байх ёстой” гэлээ. Тэрбээр мөн Х.Баттулгын хэрэгжүүлж байгаа том бодлогыг нь дэмжинэ. “Түмэн хишигтэн”, “Майдар” гээд сайхан ажлыг нь дэмжиж ч байгаа” гэдгээ ч хэлэхээ мартсангүй.

Мөн уулзалтыг дамжуулж буй хэвлэлийнхэнд хандан “Олон нийтэд юм үзүүлнэ гэдэг хариуцлага. Тэр янз бүрийн нэвтрүүлэг хийгээд байгаа хүмүүс нэр алдраа бичих хэрэгтэй. Үнэхээр эх орончид л юм бол хэн юу хийж, хэн зохиолыг нь бичсэн гэдгээ мэдэгдэх хэрэгтэй” гэсэн юм. Тэрбээр энэ бүхнээ хэлчихээд “За би ийм л юм хэлэх гэсэн юм. Та бүхэнд баярлалаа” гэснээр сэтгүүлчид өрөөнөөс гарах хэрэгтэй болов. Х.Баттулга гишүүн харин суусаар үлдлээ.