Categories
нэг-өгүүлбэрээр

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама өөрийн улсын хөлбөмбөгийн шигшээ багаа “жижигхэн биш, дундуур зэргийн шөрмөслөг баг” хэмээн магтаад хэсгээсээ шалгарсанд нь баяр хүргэв.

Categories
мэдээ нийгэм

Завьт эргүүл ажиллаж эхэллээ

Зуны улирал эхэлж байгаатай холбогдуулан Туул голын ай сав газарт насанд хүрээгүй хүүхдүүд эцэг, эхийн хараа хяналтгүй гол устай газар зугаалах, иргэд усанд унах, осолдох, бэртэж гэмтэх, амь насаа алдах, архи согтууруулах ундаа хэрэглэснээс эд зүйлээ хулгайд алдах, дээрэм булаалтын гэмт хэрэгт өртөх явдал ихэсдэг. 

Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн цагдаагийн газар хамтран Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр дамжин урсаж байгаа Туул голын ай сав газраар ирэх есдүгээр саырн 10-ныг хүртэл завьт эргүүл ажиллуулж эхэлжээ. Туул голын Хар усан тохойгоос Биокомбинатын гүүр хүртэл Завьт эргүүл маршрутын дагуу ажиллаж байгаа юм.

 Түүнчлэн Нийслэлийн Цагдаагийн газрын мэдээлснээр голын ай сав газарт худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэдийн архи согтууруулах ундааны худалдаанд хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгах, хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авах үйл ажиллагааг зохион байгуулах ажээ.

 Мөн голын сав газраас хайрга олборлох, мод бутыг сүйтгэх, ахуйн хэрэгцээнд бэлтгэж ашиглах, голын усанд авто тээврийн хэрэгсэл угаах зэрэг хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох зэрэг хэд хэдэн чиглэлээр ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

“Хамт алхъя”-2014 явган аялал болно

Монголын залуучуудын холбоо “Спирт үү, спорт уу” аяныхаа хүрээнд залуусыг спортод элэгтэй болгох, чөлөөт цагийг нь зөв өнгөрөөх мөн залуучуудаа спортын дор нэгдэхийг уриалж 2012 оноос хойш олон үйл ажиллагаануудыг зохион байгуулж байна.

Өнгөрсөн хугацаанд “Баарлуу биш заалруу”, “И юу О юу”, 2014 оныг “Архитай биш тархитай” уриан дор бүхий л үйл ажиллагаагаа зохион байгуулж байгаа бөгөөд МЗХ-оос гарч байгаа бүх үйл ажиллагаа орон даяар тархан давалгаалж  байгаа юм.

Аймгууд “Спирт үү, спорт уу” аяныхаа нээлтийг хийж өглөө эрт гүйх, явган аялалд явах, олон төрөлт спортын тэмцээнийг сум орон нутагтаа зохион байгуулж байгаа юм.

Тэгвэл энэ удаад Улаанбаатар хот дахь Архангай аймгийн залуучуудын холбоо санаачлан “Хамт алхъя-2014” явган аяллыг зохион байгуулах гэж байна. Аялал Драмын театр- Төрхурахын ам- Богд Хан уулын оргил Цэцээ гүн- төрхурахын ам- Улаанбаатар хот Драмын театр гэсэн маршрутын дагуу болох бөгөөд 6-р сарын 28-ны өглөөний 08:00 цагт эхлэх юм байна.

Олон төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулагдах бөгөөд аялагч бүр өөрийн төрсөн нутгийнхаа талаар бусадтайгаа хуваалцаж нэгэн өдрийг цэвэр агаарт, спортоор хичээллэж өнгөрүүлэхийг урьж байна. 

Categories
мэдээ улс-төр

Төсвийн гүйцэтгэлийг дэд хороонд хүргүүлнэ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хороо өнөөдөр үдээс өмнө хуралдаж, Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай УИХ-ын  тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд Монгол Улсын Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яам, Цөмийн энергийн газар, Тагнуулын Ерөнхий газрын төлөөлөл бүхий ажлын хэсгийнхэнд хандаж, дээрх байгууллагууд гадаад томилолтын зардлаа хэтрүүлсэн эсэх, гадаад улсад хийх айлчлалыг хэрхэн төлөвлөлдөг, төсвөөс санхүүждэг байгууллага хэд байдаг, гадаад томилолтын зардлаа хэтрүүлсэнд ямар дүгнэлт хийж байгаа, гадаадад байгаа монгол иргэдэд туслах сангийн төсвийн зарцуулалтын талаар аудитын дүгнэлт гардаг эсэх зэргийг тодруулж асуув.

 Гадаад харилцааны яамнаас бусад байгууллагууд гадаад томилолтын зардлаа хэтрүүлэгүй, харин ч зарим нь хэмнэлттэй байгаа тухай ажлын хэсгийнхэн танилцууллаа. Гадаад харилцааны яам төсвөө хэтрүүлсэн нь гадаад валютын ханшийн зөрүүтэй холбоотой хэмээн хариулlлаа.

 Тус Байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар саналаа илэрхийлэхдээ, Засгийн газар гадаад томилолтын төсвийн зарцуулалтад анхаарах ёстой. Энэ хүрээнд Гадаад харилцааны яамны үүрэг, хариуцлагыг сайжруулах, гадаад томилолтын төсвийн хэтрүүлэлтдээ томоохон дүгнэлт хийх ёстойг онцлон тэмдэглэхийн сацуу олон нийтэд зөв ойлголт өгөхөд анхаарах талаар ярив.

 Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн талаарх санал дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр боллоо.

Categories
мэдээ нийгэм

Галдан Бошгот хааны 370 жилийн ойгоор баруун бүсийн даншиг болно

Галдан Бошгот хааны 370 жилийн ойд зориулан “Галдан Бошгот хаан” дуулалт жүжгийг Ховд аймгийн Хөгжимт драмын театрын тайзнаа шавь сургалтын дор тавих гэж байна.

“Галдан Бошгот хаан” дуулалт жүжгийн зохиолыг МЗЭ-ийн шагналт Н.Сүхдорж бичиж, хөгжмийн зохиолчоор Төрийн соёрхолт Б.Мөнхболд, ерөнхий найруулагчаар Ардын жүжигчин Б.Мөнхдорж, ерөнхий зураачаар МУСТА Ц.Энхтуяа, бүжиг дэглээчээр МУГЖ А.Даваахүү, удирдаачаар СТА Д.Түвшинсайхан нар ажиллаж байгаа юм.

Дуулалт жүжгийн дууг МУГЖ С.Жавхлан дуулж, клипийг “Hero” энтертайнмент бүтээж байгаа юм.  

Өөрөөр хэлбэл, энэ дуулалт жүжгийг мэргэжлийн чадварлаг уран бүтээлчдийн зөвлөх багаас бүрдсэн шавь сургалтын дор орон нутгийн театрын уран бүтээлчдийн ур чадварыг өсөн нэмэгдүүлэх, шинээр авьяастныг төрүүлэх, удирдлагын менежментийн шинэчлэлт хийхээр төлөвлөжээ.

Үүний зэрэгцээ Монгол түмнийхээ эв нэгдэл, тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч, Зүүн гарын эзэнт гүрний хаан Галдан Бошготын үйл хэргийг үнэн мөнөөр нь таниулах, түүний алдар гавьяаг мөнхлөхөөр энэхүү бүтээлийг тавихаар болжээ.

Галдан Бошгот хааны 370 жилийн ойгоор зөвхөн дуулалт жүжиг тавихаас бус баруун бүсийн даншиг наадмыг хийх юм.

Мөн олон улсын хөөмийн гуравдугаар их наадам, “Галдан судлал” эрдэм шинжилгээний олон улсын бага хурал, Өв соёлын наадам гэхчилэн арга хэмжээнүүдийг зохион байгуулах юм. 

Categories
мэдээ нийгэм

Цахилгаангүй айлуудад нарны зайн үүсгүүртэй гэрэл тараалаа

БНСУ-ын парламентийн гишүүн Чой Юль, Кан Ги Жун, Пак Ван Жоо, Шин Сун Вум, И Ван Шин тэргүүтэй төлөөлөгчид, Байгаль хамгаалах сангийн удирдлага, “Лотте” их дэлгүүрийн Монгол дахь салбарын захирлуудын хамт Сонгинохайрхан  дүүрэгт айлчиллаа. Тэд энэ үеэр дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатартай уулзаж цаашдын харилцан ашигтай хамтын ажиллагаагаа хаашаа чиглүүлэх хийгээд аль аль салбарт хамтран ажиллах боломжтой талаараа ярилцлаа. Мөн дүүргийн тог цахилгаангүй нийт 617 айл өрхөд нарны зайн үүсгүүртэй гэрэл түгээлээ. 

Өнгөрсөн жил тус дүүрэгт БНСУ-ын “Жи Си Эс” төрийн бус байгууллагаас “Хүжийн гал” нэртэй төсөл хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд дээрх нарны зайн үүсгүүртэй гэрлийг амьжиргааны түвшин доогуур, гэрэл цахилгаанд холбогдоогүй, сургуулийн насны олон хүүхэдтэй айл өрхүүдэд тарааж эхэлсэн юм. 

Сонирхуулахад, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар “Жи Си Эс” төрийн бус байгууллагын Монгол дахь салбарын зөвлөхөөр энэ оны гуравдугаар сараас ажиллаж байгаа юм. 

Categories
мэдээ спорт

Ази тивийн хөнгөн атлетикийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн болно

Төв аймгийн Зуунмод хотноо 06 сарын 28-нд Ази тивийн хөнгөн атлетикийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн  зохиогдоно.

Үүнтэй холбогдуулан Монголын хөнгөн атлетикийн холбооны удирдах зөвлөлийн гишүүд улсаа төлөөлөн  тэмцээнд оролцох тамирчдын бэлтгэл ажилтай танилцаад амжилт хүсэхийн ялдамд  хувцас хэрэглэл гардуулж өглөө. Ази тивийн  аварга шалгаруулах уралдаанд Улаанбаатар, Төв аймаг, Говь-Алтай, Дундговь, Дорноговь, Хөвсгөл, Увс, Өмнөговь, Хэнтий аймгийн 23 тамирчин оролцохоос гадна Хонконг, Малайз, Макоа  улсын 100 гаруй тамирчин өрсөлдөх  аж.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдав

УИХ дахь МАН-ын бүлэг яг одоо Төрийн ордны “Б” танхимд ээлжит бусаар хуралдаж байна. Ээлжит бус хуралдаан зарласан нь УИХ-ын хаврын чуулганыг ирэх долоо хоногт завсарлуулах болсонтой холбоотой бололтой.

Тус бүлгийн хувьд эдийн засаг хүндхэн байгаа үед УИХ яаран амрахаар ажлаа хойш тавьж болохгүй, шаардлагатай хуулийн төслүүдийг батлах ёстой. Нөгөө талдаа УИХ дахь МАН-ын бүлгээс Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэ асуудлыг УИХ мөн шийдвэрлэх ёстой гэхчлэн үзэж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Автобусанд дайруулж амиа алджээ

“Мэргэжилтний 20”, Улаанбаатар их дэлгүүрийн өмнөх автобусны буудлын ойролцоо М:13 – Шархад – III, IV хороолол чиглэлийн автобусанд 25 орчим насны эмэгтэй дайруулж газар дээрээ нас барсан осол гарлаа. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр жолооч нь зүүрмэглэсэн байж болзошгүй гэнэ. Ослын шалтгааныг тогтоохоор хуулийн байгууллагынхан ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

Наадмаар тав хоног амрахыг дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлд тусгаснаар Үндэсний их баяр наадмаар тав хоног буюу долдугаар сарын 11-15-нийг хүртэл бүх нийтээр амрахаар тусгаад байгаа юм. Хуулийн төслийг хэлэлцэх үед асуулт асуух гишүүн байсангүй, харин УИХ-ын гишүүн Н.Батцэрэг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргасныг гишүүд дэмжиж, төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж батлуулахаар боллоо.