Categories
мэдээ нийгэм

“Саруул зам” багийн ахмад тамирчид тэргүүлжээ

 Монголын ахмадын чөлөөт холбооны нэрэмжит Ахмадын спорт явган аялалын хотын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн Улиастайн голын эх Баянголын аманд өнгөрөгч амралтын өдрүүдэд зохиогдлоо. Хоёр өдөр үргэлжилсэн тус тэмцээнд нийслэлийн есөн дүүргийн 20 багийн 120 ахмад тамирчид өрсөлдөж байгаа бол 40 гаруй ахмад аялагчид хөгжөөн дэмжигчээр оролцсон  байна.

Тэмцээнд оролцогч ахмадууд 25 км явган аялж, спортын долоон төрлөөр уралдаж, МАЧХ-ны шилжин явах цомын төлөө өрсөлдсөн юм.Монголын ахмадын чөлөөт холбооноос Ахмадуудын эрүүл мэндийг дээшлүүлэх идэвхитэй хөдөлгөөн, нийтийн биеийн тамир спортоор бие бялдарыг нь чийрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор энэхүү спорт явган аялалыг зохион байгуулсан аж.

Тэмцээнд оролцогчид нийт 17 баг болон өрсөлдөж, багийн нэгдсэн дүнгээр Нэгдүгээр байрыг “Саруул зам” баг, Хоёрдугаар байрыг “Дайчин” баг, Гуравдугаар байрыг “Тэгш хийморь” баг тус тус эзэллэсэн юм. Тэргүүн байт шалгарсан “Саруул зам” багийнхан Монголын чөлөөт ахмадын холбооны шилжин явах цомын эзэд болсон байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“888 төсөлд шалгарсан дөрвөн тэрбум төгрөгийн төсөл зарна”

Хар зах дээр битүү туурайнаас бусдыг зардаг хэмээн манайхан ярьцгаадаг. Сүүлийн үед бараг л битүү туурай ч зарах нь энүүхэнд болсон цаг. Сүүлийн үед Буянт-Ухаа байрны сугалаанд шалгарсан иргэд сугалааны эрхээ зарж байна гэх мэдээлэл гарч байсан бол Засгийн газраас хэрэгжүүлж буй экспортыг дэмжиж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх 888 төслийг мөн зараад эхэлжээ. Учир нь уг төслийн санхүүжилтыг авах нь ихээхэн асуудалтай байгаа бөгөөд санхүүжилт олгуулахаар шалгарсан төслийн эзэд төслөө зараад эхэлсэн байна. “Засгийн газрын үйлдвэржилтийн зээлийн 888 төсөлд шалгарсан дөрвөн тэрбум төгрөгийн төслийг зарна. Зээлийг зургадугаар сараас эхлээд Хөгжлийн банкаар дамжуулан арилжааны банкаар олгоно. Үнийн дүнд том машин оролцуулж болно” гэсэн зар нэгэн сонины зарын буланд байршжээ. Үүнээс харахад бүх зүйлд ченж бий болсон гэдэг нь илүү баталгаатай болж байна. 

Э.ЭНХ

Categories
мэдээ нийгэм

Оюутнууд энэ сарыг дуустал үнэ төлбөргүй зорчино

Өнөөдрөөс эхлэн оюутнууд нийтийн тээврээр төлбөртэй зорчино гэсэн мэдээлэл гарах болсон. Оюутнуудын нийтийн тээврээр үнэгүй зорчих нөхөн олговор энэ сарын 30 хүртэл олгогдсон байдаг тул оюутнууд энэ өдрийг хүртэл нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих эрхтэй байдаг байна. Энэ нь ИТХ-ын 2010 оны 12 сарын 24-ний тогтоолд тусгагдсан байдаг бөгөөд энэхүү ташаа мэдээлэлтэй холбоотойгоор гарсан санал гомдлоо Нийслэлийн Тээврийн газар 11-326 352 утсаар мэдэгдэх боломжтой аж.

Categories
мэдээ улс-төр

Өнөөдөр гурван байнгын хороо хуралдана

УИХ-ын Байнгын хороодын хуралдаан

09:00 цагаас Хууль зүйн байнгын хорооны  хуралдаан “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Галын аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон  холбогдох бусад хуулийн төслүүд

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай /шинэчилсэн найруулга/ болон  холбогдох бусад хуулийн төслүүд

 Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл

Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт

14.00 цагаас Төсвийн байнгын  хорооны хуралдаан  “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

 Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай

14:00 цагаас Өргөдлийн байнгын хорооны  хуралдаан “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8 дахь заалтын хэрэгжилтийн талаар иргэнээс гаргасан өргөдлийг хэлэлцэх;

Гэр олгуулах талаар иргэдээс ирүүлж байгаа өргөдөлтэй холбоотой асуудлыг хэлэлцэх.

Ажлын хэсгүүдийн хуралдаан

09:00-12:00 цагийн хооронд  “Тэтгэврийн тогтолцооны шинэчлэл” сэдэвт  Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хэлэлцүүлэг “Б” танхимд;

10:00 цагаас “Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий  Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан  “Г” танхимд;

10:00 цагаас  Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн  байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд;

10:00 цагаас Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгээс холбогдох албан тушаалтнуудтай ажил хэргийн уулзалт зохион байгуулах Төрийн байгуулалтын байнгын хорооны уулзалт  “В” танхимд;

13:00 цагаас Хотыг дахин хөгжүүлэх тухай, Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Г” танхимд;

14:00 цагаас “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан  334 тоот өрөөнд;

15:00 цагаас Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхийЭдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан  “Г” танхимд.

Categories
мэдээ нийгэм

Дээд шүүхийн хэвлэлийн хурал болно

Өнөөдөр 11.00 цагт Дээд шүүхийн байранд хэвлэлийн хурал болох юм байна. Энэ үеэр Захиргааны шүүхэд ирж буй гомдол саналын талаар мэдээлэл хийх ба хуралд Тэргүүн шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга оролцохоор болжээ. 

Э.ЭНХ

Categories
мэдээ улс-төр

НҮБ дэх далайд гарцгүй орнуудын бүлгийн даргатай уулзлаа

НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн бүлгийн дарга Роберт Сичинга-г хүлээн авч уулзлаа. Ноён Роберт Сичинга нь Бүгд Найрамдах Замби улсын иргэн бөгөөд Худалдаа, аж үйлдвэрийн сайдын албан тушаалтай.

Уулзалтаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг тодорхой түвшинд өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцахын сацуу далайд гарцгүй хөгжиж буй орнуудын өмнө тулгарч буй асуудал, хүндрэл бэрхшээлүүдийг даван туулах нэгдсэн арга замыг тодорхойлох, транзит тээврийг зохистой хөгжүүлэх туршлага солилцох боломжийн талаар санал солилцов.

Замби Улсын Худалдаа, аж үйлдвэрийн сайд Р.Сичинга нь Монгол Улсын Гадаад харилцааны яам болон НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн албанаас хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулж буй “Дэлхийн худалдааны байгууллагын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр: Далайд гарцгүй хөгжиж буй орнуудад үзүүлэх нөлөөлөл” сэдэвт олон улсын хуралд оролцож буй юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Магнаг үсэг мандуулахаас өөр шинэчлэх юм алга уу?

Эртээр заалны овоо томоохон барилдаан дээр аваргыг  хоёрын даваанд аймгийн начин тэрий хадтал нь шидэж орхив. Одоо чинь бөх бүдүүн өвсөнд бус өвс болгонд бүдэрч мэдэхээр болж шүү. Үндэсний бөх сонирхогчийн хүрээнээс аль хэдийнэ хальж улам мэргэжлийн түвшинд хүрч түрүүчээсээ барилдаад сурчихчээ. Бөх байхаар байгалиас заяагдсан бяр чацтан хийгээд ямар ч бөхийн удамгүй ялимгүй нуруулаг залуу хоёр ана мана үзэлцэж цагаан сараар үзүүр түрүү булаацалдаад байгаа нь багш зааж шавь сурсны хэрэг гарч буй нь тэр. Хэн гол чухал юмаа түрүүлээд сурчихаж байна тэр зах зээлийн өрсөлдөөнд өнгөлдгийн наад захын жишээ энэ юм. Миний одоогийн үндсэн ажил бол бөх барилдах гээд том цүнх үүрсэн залуус, охид урдуураа улаан хөлтөн гаргахаа байж тив дэлхийд хүртэл эрэмбээ тогтоогоод буй нь сайхан л байна. Нийгэм, эдийн засгийн бусад салбарууд чухам үүнээс санаа аван тус тусын мэргэжил боловсрол руугаа зөв, хүчтэй довтлох хэрэгцээ мөн ч их байна даа. Гадуур хөгжил хурдсах тусам бидэнд мэдэхгүй, чадахгүй юм дороосоо л ундраад байх. Тэр тоолонд аргаа бараад англи, америк, япон мэргэжилтэн дээр очиж царай алдах юм даа. (Үндэсний бөх хурдны морь мэтхэнээс бусад дээр)

Гэтэл наад боловсролын тогтолцоогоо солиочээ гэхээр аль ч нам эвсэл ялгаагүй дэмий л үймэлдэж байснаа таг чиг болцгооно. Юм хийж сураагүй, чадахгүй хүмүүс гол ажлаа барьж авахгүй худлаа яриад тойроод бултаад байдаг араншин энэ салбарт бүр бугшчихсан. Манай одоогийн боловсролын тогтолцоо ерөнхийдөө эрдэм мэдлэгт хэрэг болж магадгүй элдэв “багаж хэрэгсэл”-тэй танилцахад чиглэгдсэн. Тэрнийгээ зарим салбар онол гэж өргөмжлөхийг нь яана. Үлгэрлэвээс хөрөө, харуул, хүрз гэж юу болох талаар хамаг цагаа барчихаад  төгсөхийн даваан дээр гэрийн тооно, ханыг иймэрхүү маягаар хийх байх гэж сулхан бувтнаад хоёр яс салцгаадаг. Тухайн цаг үедээ сурагч багш хоёуланд нь иймэрхүү маягийн сургалт амар хялбархан тул хэл ам гардаггүй.

Төр засгаас одоо хуучин монгол бичиг сурах тухай “Маш чухал” арга хэмжээ авах нь. Тэнд гадаад ертөнц газар ухахад эксковатор удаан юм гэж байхад энд бид хүрз жоотуу хэрэглэх тухай хууль санаачлаад уналаа. Юун уйгаржин Монгол. Тэрнээс наана наад Кирил үсэг гэдэг “багаж”-ийг чинь орос тосгоноос өөр газар хэрэглэхээ больчихоод байхад чинь. Аливаа асуудлыг бүхэлд нь тоймлон харж чаддаг сийрэг толгойтнууд хүчин мөхөсдөж, эрдэмтдийн хэт явцуу чармайлт хүрээлэлд боловсролын тогтолцоо хүлүүлчихсэн мэт харагдана. Тэр явцуу өчүүхэн жим дээр нэмээд хувийн эрх ашгийн сонирхол хавчуулаастай гээч.

Энэ бичиг үсэг тайлагдах, аливаа гадаад хэл сурах, компьютер эзэмших, нэр томьёо цээжлэх, түүх гарал үүслээ мэдэж авах нь эрдэм сурахын өмнөх оршил буюу тэр чигийн багаж хэрэгсэл төдий зүйл гэж л ойлгодог ш дээ. Онгоцны нислэг эхлэхийн өмнө үйлчлэгч хүүхэн аюулгүйн баахан заавруудыг  дохио зангаа оролцуулан танилцуулдаг дотоод дүрэмтэй. Тэрнийг нь сонсож тогтоогоод “онгоцоор ниссэн”-д тооцоод буугаад явчихтай адил өөрийгөө, өрөөлийг хуурцгаах юм. Энэ нь “хүнд үзүүлэх юм”, “диплом”, “дүн” гэх өнөөгийн амьдрал, зах зээлийн нийгэмд хэрэггүй үзүүлэлтүүдээр илэрдэг.

 Хөдөлмөрийн багаж зэвсэг эзэмших тал дээр бол Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн гуай нар шиг бичгийн мэргэжилтэн болох гэж байгаа бол уйгар бичиг сурахаар барахав. Аа харин хууль, улс төрийн мэргэжлээр дамжин дарга удирдагчид горилоход тань наад “хуучин монгол”-той, халтар хултар англитай  болсон нь чиний хувийн л асуудал. Ажил олгогч таныг хүлээж аваад аль зэрэг бүтээлч нөхөр вэ гэдгийг тань л сонирхоно. 

Хэт их хүн амтай улс орнуудын боловсролын бодлого, тогтолцоо жирийн иргэдийн хувьд биднээс илүү хатуу харгис юм билээ. Тэрбум, зуу хол гарсан сая ард түмэнтэй Хятад, Япон нь ил зарладаггүй болохоос яалаа гэж бүх хүнээ “ухаантай туулай” болгохыг чухалчлах вэ дээ. Цөмөөрөө суралц, үндэснийхээ бичиг үсгийг бүү март гээд ханз үсгээр нүдэж өгнө. Бусад академик боловсролыг тоглоом хэлбэрээр заана. Ингэлээ гээд ард түмэнд  хэл ам хийх шалтаг олдохгүй. Боловсролын эхний гараан дээр олонх нь ном эрдэм сурах ч там юм байна гээд залхаж ажлын мал болох зам нь шуудардаг. Харин шигшигдэж гарч ирэгсэд болон дээдсийнхний хүүхдийн сурдаг сургууль ном бол тусдаа. Жижиг орны  ерөнхий бодлого бол хүн бүрээ байг гэхэд сэхээтэн бүр нь мэргэжлээ нэн оюунлагаар эзэмшсэн  хэрэгцээ л тэр санаа зовоод байгаа үндэсний аюулгүй байдал гэгчийг нь хангах байх. Эрүүл мэндийн салбарт гэхэд л хэдхэн  дотрын эмч, нэг бариач байхад л хаваасаг гэж болдоггүй. 

 Чаддаг юмаараа бусдыг боож чангалаад байхаар юутайсан билээ бид чинь. Өвөр монгол малчнаас өөр бид өөрсдөө ч хэрэглэхээ болиод удаж байгаа уйгар бичиг нь Японд эрэл сурал болоод байгаа газрын ховор элемент гэдэг ашигт малтмал шиг үнэт зүйлсэн бол өөр хэрэг. Эрх чөлөөт ардчилсан нийгэмд өсч торниж байгаа одоогийн залуусыг ажиглаад л байхад өвөө эмээ дээрээ хөдөө гарч малчин болох, жижиг орны иргэн нь байх ёстой л амьдын там бололтой дэгээ. Монголоор ярина, дээл өмсөнө, одоо бас монголоор бичих юм гэнэ. Золигнуудаас ингэж хэлээд овоо гайгүй хэсэг нь өнөөдөр сум аймгаасаа маргааш эх орноосоо цуваад гараад явчих гээд байна.

Юм сурчихсан байхад илүүдэхгүй гэдэг их л завтай хүний номлол байх. Дотоод гадаад зах зээлд дорвитой өрсөлдөж чадахуйц мэдлэг мэргэжил цаг алдалгүй эзэмших гээд яарч байхад хажуугаар нь арай л хуучин нийгэм шиг үзэл суртлын хичээлээр бөмбөгдөх нь холгүй байх юм. Ялангуяа бичиг үсэг түүн дотор худам монгол бичгээр алдаагүй зөв бичихийн тулд багагүй цаг зав гаргах шаардлагатай. Энд аягүй бол жирийн ард түмний хүүхдийг эрдэм номоор зориуд залхаах гэсэн хорон санаа ч явж байхыг үгүйсгэхгүй.  “Уул” гэхийн төлөө “Эгүл” гэж бичээд “Агула” гэж унших ч одоо дүүрч. Ихэнх үгнүүдийг оньсого таах маягаар тайлдаг нь ядаргаатай. Дээрх үгийг л гэхэд мань шиг мэдрэл нь “агуул, хадгал, эгүүл буцаа” аль нь юм бол гээд бодоод суучих нь. Дүрмэн бус домгон тайлбар зонхилсон мөн ч адармаатай эрдэм дээ. “Эртний Чингэсийн монголчууд болбоос энэ үгийг ийн хэлдэг байсан амой…” Энийг сураад Монгол Улсад хэрэгтэй л юм байж. Тэгвэл хувь хүний амьдралд шинэ, хуучин, латин матин баахан бичиг үсэг тархи руугаа чихэх нь яг ямар ашигтай юм.

Төв Азийн газар нутаг дээр анх Ү зуунд Түрэгүүд финик бичиг дэлгэрүүлж түүнээс согд, согдоос уйгаржин бичгийг ХIII зуунд монголчууд хэрэглэсэн түүхтэй. Хожим Хубилай хаан Пагва ламаар дөрвөлжин үсэг зохиож уйгарыг голох эхлэл тавигдсан. Дундад зуунд Цоож Од-Сэр нэлээд шинэчилсэн бол Заяа Бандид Намхайжамц бүр сольж тод бичиг гээчийг дэлгэрүүлээд хамгийн сүүлд Занабазар соёмбо үсэг зохиосон боловч ярианы хэлтэйгээ авцалдаж өгөөгүй. Ингэж ихэс дээдэсүүд өөр хоорондоо тусдаа хэл зохиогоод эгэл олонд уйгаржинг үлдээсээр ирсэн ухаантай юм аа даа. Их нарийн яривал Уйгаржин нь Монголын төрийн албан ёсны бичгээр 1911-1940 он хүртэл л байсан юм бишүү? Эсвэл бүр 1921-1931 оны хооронд ч юм уу. Богдын түвд, Бодоо Данзантны латин үсгийг яахав. Бусад цаг үед Хубилайн Пагва дөрвөлжингөөр хэдэн ч жил юм,манжаар 300 жил, Занабазарын соёмбоор гэхчилэн уйгаржинтай байсан хугацаа танагдаад байгаа юм. Ардын намын журамт цэргийн “Магнаг үсэг” гэж бас юу байна.    

1930-аад онд Зөвлөлт засаг бүрэлдэн тогтоход 200 орчим үндэстэн ястанг дундаа нэг бичигтэй болгох хэрэгцээ оросуудад гарч иржээ. Тэр нь латин үсэг байсан боловч сурц маш удаан байлаа. Манайх ч бас дуурайсан байдаг. Энэ үед орныхоо бус хүний тоогоор эртний Грекээс гаралтай ах дүү Кирил ламтны зохиосон бичгийг илүү уншаад байхаар нь Зөвлөлтүүд кирилд шилжжээ. Угсаа нэгтэй зүүн Европын славууд болох Орос, Болгар, сербичүүд кирилтэй байсан нь ч нөлөөлсөн биз. Дэлхийд тогтсон хоёр лагерь системийн өрсөлдөөн бас бус шалтгаанаар төд удалгүй латин бичигтнүүд кирилийг гүйцэн ирж бүр даваад явчихсан юм билээ. Манай хувьд орос ах нараа дагаад 1945 онд кирил үсгийг албан ёсоор зарласан. Өмнө нь 1941 онд Ц.Дамдинсүрэнгээр дүрэм зохиолгосон. Цэдэнбал түүний сургагч Приходов, Сидоров нар “ь,ъ” тэмдгийг яагаад хасч байгаа юм гэж загнасаар байгаад буцааж оруулан харин дээр нь “ө,ү” үсгийг нэмэхийг нь зөвшөөрснөөр 35 үсэгтэй монгол хувилбар бий болжээ. Ингээд 1950 он гэхэд 60 хувь, 1956 оноос 90 хувь нь бичиг үсэгтэн болцгоож соёлжсон юм. Өнөөдөр кирил үсгийг Орос, Монгол, Болгар гурав л хэрэглэж байх шив дээ. Хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан стан орнуудаас Беларусс, Украйн, Казах за дээр нь  Оросын бүрэлдэхүүнд явдаг Чукча, Тува, Халимаг, Саха зэргийг хамж нэмсээр 30-аад үндэстний тоо гаргаж, кирилийг дэлхийн дөрвөн том бичигний нэг гэж сурталчилдаг. 

Манай хувьд одоо хоёр хөршийнхөө аль ч бичгийг дагалгүй өөрийнхөө уугуул үсгээ сэргээх эсвэл дэлхийтэй хөл нийлүүлэхийн тулд латин руу орвол ч орчихоор ханхалзсан эрх чөлөө ч байна л даа. Энэ нь тэгээд цагаа тулахаар манай уугуул бичиг мөн л байдаг байгаа даа. Хятадын Шинжаан-Уйгарын өөртөө засах орон гээд айхтар хэл амтай хэрүүл тэмцэлтэй хөрш бий. 

Монголчуудын оюунлагаар амьдрах чадамж  харанхуйгийн жишээнд байнга ордог байсан хэдэн бөхийнхөө хэмжээнд ч хүрэхээ байчихлаа. Сумын бөх улсын хэмжээнд ноцолдож, жудоч охин дэлхийн шилдгүүдийг төвөггүй дийлдэг болтлоо  зорьсон эрдмээ сурч, сурснаа хэрэгжүүлж байна. Гэтэл манай улстөрчид, эрдэмтэд “Магнаг үсэгтэй тугийг магнай дээрээ мандуулах”-аар  РR-даж хийх ажлаа олж ядна. Боловсролын салбарт энэнээс өөр шинэчилчихмээр юм алга уу?

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Ухаалаг ба тэнэг

Ухаалаг гэж ямар хүнийг хэлдэг юм бол. Сүүлийн үед гарч байгаа ном зохиолоос харвал товчхондоо Ж.Самбуу гуай шиг хүнийг хэлэх юм шиг байна. Олон таван үггүй, шулуун шударга, ноён нуруутай, дотроо бодолтой, дороо суурьтай. Улааныг дагаж улцганахгүй, шарыг дагаж шарвалзахгүй тийм л хүнийг ухаантай гэх болов уу гэж бодогдоно. 

Гэхдээ манай төрийн яам тамгын газрын залуучууд бие биеэ ухаантай ба тэнэг  гэдэг хоёр ангилалд хуваачихсан тухай хөгжилтэй яриа сонслоо. Тэдний үнэлэмжээр тэгвэл ухаантай хүн гэж хэн бэ. Даргынхаа цүнхийг барьж гүйдэг, элдэв арга заль, маапааныг мэдрээд тендер зохицуулалтад орчихдог,  хов жив базаж, худал үнэн аргаар ажлаа хийдүүлдэг, хор найруулж суудаг амбицтай, хөдөлгөөнтэй нөхдүүдийг ухаантай хэмээн ангилдаг. 

Харин юм болгон дээр шударга царайлж, бүгдийг үнэнчээр хийх гэж хичээдэг, аливаа арга заль маапаан дээр ямар ч найраагүй, ажлаа тасалдаггүй, цагаа барьдаг, улаан хэнхэг нөхдүүдийг тэнэгүүд хэмээн нэрлэдэг гэнэ. Тэгэхээр  орчин цагт ухаантай ба тэнэг хоёрын үнэлэмж ийм л болсон бололтой. 

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатарт 16 хэм дулаан

Ихэнх нутгаар үүлэрхэг. Говийн ихэнх нутаг, төвийн нутгийн өмнөд хэсэг, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 11-16 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр 26-31 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 15-17 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 15 градус дулаан, харьцангуй чийг 50 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Categories
мэдээ нийгэм

Таргалалтаас сэргийлэх хүнс


Сэтгэл санаагаа тайван байлгаж, хүнсэндээ тараг, бүйлсний үр хэрэглэх нь таргалалтаас сэргийлэхэд тустай болохыг Нидерланд, Испанийн эрдэмтдийн судалгааны дүн харуулжээ. Тухайлбал, Балканы хойгийн өдөрт хоёр удаа тараг уудаг хүмүүс таргалалтад өртөх эрсдэл бага байдаг аж. Зарим тураах бэлдмэл нь элсэн чихрийн агууламж өндөр байдаг учир харин ч биеийн жинг улам нэмдэг байна. Түүний оронд хүнсний ногоо, Оливын тос, тараг зэргийг хүнсэндээ түлхүү хэрэглэх нь биеийн жингээ барихад өндөр ач холбогдолтой байдаг болохыг эрдэмтэд тогтоожээ. Мөн өдөрт идэх чихэр жигнэмгийн оронд 43 гр бүйлсний үр идэх нь мөн таргалалтаас сэргийлэх үр дүнтэй арга аж. Өнөөдөр дэлхийн хоёр тэрбум 100 сая хүн тарган буюу илүүдэл жилтэй амьдарч байна гэж АНУ-ын Вашингтоны их сургуулийн эрүүл мэндийн судалгааны төв мэдээллээ.