Categories
мэдээ спорт

Азийн аваргад өрсөлдөх тамирчдын нэрс тодорлоо

Монгол улсад анх удаагаа Азийн залуучуудын чөлөөт бөхийн эрэгтэй ХҮI, эмэгтэй ХI, сонгомол барилдааны ХҮ дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээн зургадугаар сарын 5-8-нд “Буянт Ухаа” спорт цогцолборт явагдана.

Энэхүү тэмцээнд оролцох Монголын баг тамирчдын нэрс тодорчээ.

Эрэгтэй:

50 кг Ц.Мандалсүрэн (Залуучуудын УАШТ-ий алт, хүрэл медальт)

55 кг З.Занабазар (Өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт, өсвөрийн азийн аварга)

60 кг Б.Бат-Эрдэнэ (Залуучуудын УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт)

66 кг Г.Төрболд (Залуучуудын УАШТ-ий алт, хүрэл медальт)

74 кг Э.Мөнх-Эрдэнэ (Залуучуудын УАШТ-ний алт, хүрэл медальт)

84 кг Б.Нямбаяр (Залуучуудын ДАШТ-ий хүрэл, залуучуудын УАШТ-ий хошой алтан медальт)

96 кг Н.Билгүүн (Залуучуудын улсын аварга)

120 кг Э.Мөнхбаатар (Залуучуудын улсын аварга)

Эмэгтэй:

44 кг Л.Баттогтох (Залуучуудын улсын аварга)

48 кг Г.Отгонжаргал (Өсвөрийн ААШТ мөнгөн медальт)

51 кг Б.Мөнхтуяа (Өсвөрийн ААШТ хүрэл медальт)

55 кг А.Батцэцэг (Өсвөрийн ДАШТ мөнгө, залуучуудын ААШТ-ий хүрэл медальт)

59 кг С.Цэрэнчимэд /Залуучуудын дэлхийн аварга, өсвөрийн ДАШТ хүрэл, өсвөрийн ААШТ хүрэл медальт)

63 кг Б.Нямгэрэл (Өсвөрийн ДАШТ-ий хошой хүрэл, Азийн залуучууд болон өсвөрийн АШТ хүрэл медальт)

67 кг О.Оюунгэрэл (Залуучуудын улсын аварга)

72 кг П.Номин-Эрдэнэ (Өсвөрийн ААШТ-ий хүрэл медальт)

Categories
мэдээ нийгэм

ШӨХТГ 13 банкинд шаардлага хүргүүлэв

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр арилжааны 13 банкинд шаардлага хүргүүлж байгаагаа дөнгөж сая мэдэгдлээ. Арилжааны банкууд иргэд, аж ахуйн нэгжид зээл олгохдоо зээлийн шимтгэл,  хураамж болгож олгосон зээлийнхээ 0,5-1 хувийг суутган авч буй нь хууль зөрчсөн үйлдэл учир энэ төрлийн шимтгэл хураамж авахгүй байхыг шаардсан албан бичгийг арилуааны банкны удирдлагуудад  хүргэжээ. Зээл олгосны хураамж,  шимтгэл авч буй энэ үйлдэл нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийг аль алийг нь зөрчиж байгаа хэрэг гэж ШӨХТГ-аас мэдэгдэв.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл сурталчилгаа туслах-ангилал

Түрүүлэх магадлалтай багуудын бүрэлдэхүүн зарлагдав

Аргентиний шигшээ багийн ДАШТ-2014-д оролцох 23
хөлбөмбөгч:

хаалгачид:
Серхио Ромеро («Монако», Монако), Марьяно Андухар («Катани», Итали),
Агустин Орион («Бока Хуниорс»).

хамгаалагчид:
Мартин Демичелис, Пабло Сабалета («Ман Сити», Англи), Эсекиэль Гарай
(«Бенфика», Португал), Федерико Фернандес («Наполи», Итали), Маркос Рохо
(«Спортинг», Португал), Уго Кампаньяро («Интер», Итали), Хосе Басанта
(«Монтеррей»).

Хагас
хамгалагчид:
Хавьер Маскерано («Барселона», Испани), Фернандо
Гаго («Бока Хуниорс»), Лукас Биглий
(«Лацио», Итали), Аугусто Фернандес («Сельта», Испани), Энцо Перес («Бенфика»,
Португал), Рикардо Альварес («Интер», Итали), Макси Родригес («Ньюэллс Олд
Бойз»), Анхель Ди Мария («Реал», Испани).

довтлогчид:
Лионель Месси («Барселона», Испани), Серхио Агуэро («Ман Сити», Англи), Гонсало
Игуаин («Наполи», Итали), Родриго Паласио («Интер», Итали), Эсекиэль Лавесси
(«ПСЖ», Франц).

Германы
шигшээ багийн ДАШТ-2014-д оролцох 23 хөлбөмбөгч:

хаалгачид:
Мануэль Нойер («Байер.Мюн»),
Роман Вайденфеллер («Борусси» Д), Рон-Роберт Цилер («Ганновер»).

хамгаалагчид:
Джером Боатенг («Байер.Мюн»),
Эрик Дурм («Борусси» Д), Кевин Гросскройц («Борусси»Д ), Бенедикт Хеведес
(«Шальке»), Матс Хуммельс («Борусси» Д), Филипп Лам («Байер.Мюн»), Пер Мертесакер («Арсенал»).

Хагас хамгаалагчид:
Юлиан Дракслер («Шальке»), Марио Гетце («Байер.Мюн»), Сами Хедира («Реал»), Тони Кроос («Байер.Мюн»), Томас Мюллер («Байер.Мюн»), Месут Озил («Арсенал»), Марко
Ройс («Борусси» Д), Бастиан Швайнштайгер («Байер.Мюн»), Кристоф Крамер («Борусси» М), Маттиас Гинтер
(«Фрайбург»).

довтлогчид:
Лукас Подольски («Арсенал»), Мирослав Клозе («Лацио»), Андре Шюррле («Челси»).

Д.БАТ

Categories
мэдээ нийгэм

Хан-Уул дүүрэгт сургууль цэцэрлэг барих газруудыг чөлөөлнө

Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу  нэг сургууль, гурван цэцэрлэгийн газрын зориулалт, байршил, хэмжээг тогтоож,  Нийслэлийн Боловсролын газарт газар эзэмших эрх олголоо. Дараах газруудыг таван жилийн хугацаатай эзэмшүүлнэ.

 1. Нийслэлийн Боловсролын газарт Сургуулийн барилгын зориулалтаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Ар Ий Си” ХХК-ийн эдэлбэр газрын зүүн хойд талд байршуулан 0.637 га

  2. Нийслэлийн Боловсролын газарт Цэцэрлэгийн барилгын зориулалтаар Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны Буянт Ухаа хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу “Монзун лунхай” ХХК-ийн эдэлбэр газрын зүүн хойд талд байршуулан 0.87 га

 3. Нийслэлийн Боловсролын газарт Цэцэрлэгийн барилгын зориулалтаар Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны Буянт Ухаа хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу “Монзун лунхай” ХХК-ийн эдэлбэр газрын баруун урд талд байршуулан 0.5 га

 4. Нийслэлийн Боловсролын газарт Цэцэрлэгийн барилгын зориулалтаар Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны Буянт Ухаа хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу “Цац үйлс” ХХК-ийн эдэлбэр газрын урд талд байршуулан 0.35 га

Дээрх барилга байгууламжийн төлөвлөлтийн шийдлийг хянан батлах, кадастрын бүртгэлд бүртгэх, барилга угсралтын ажилд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Өмчийн харилцааны газар, Хөрөнгө оруулалтын газарт даалгасан байна.

Categories
мэдээ нийгэм

Усан үзэмний ундаа гэж андуураад гидрийн шингэн ууж хорджээ

Сүүлийн үед бага насны­хан элдэв төрлийн хорт бо­дис ууж хордон сэхээнд
орж байгаа талаар өмнөх дугаарт мэдээлсэн. Өчигдөр ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс засал,
Дотрын тасгуудаар орж тэнд эмчлүүлж байгаа зарим хүүхдүүдтэй уулзсан юм. Хүүхдүүд
ээжийнхээ жи­рэмснээс хамгаалах эмийг уугаад хордох тохиолдол их гар­даг юм байна.
Мөн парацетамол, аспирин, дарал­тын эмнүүдэд ихэвчлэн хорд­дог гэнэ. Түүнчлэн хулгана,
ялааны хор, будаг шингэлэгч, шампунь, гэрийнхнийхээ уудаг эм тан, машины тосол,
бензин, уксус залгилснаас эмнэлэгт хүргэгдэн ирэх нь элбэг аж.

14 настай Э гэх хүү машины гидрийн шингэн ууж хордоод тус төвд ухаангүй
иржээ.

Түүнтэй ярилцлаа. Хоо­лой нь нэлээд сөөчихсөн, ядруу царайтай байлаа.

 -Чухам
юу болсон бэ?

-Манайх Сансарт байдаг юм. Аавын машинд ундааны саванд улаан өнгөтэй
зүйл байхаар нь ундаа юм байх гэж бодоод нэг том балгачихсан. “Гоё” ундааны усан
үзэмний ундааны саванд машинд хэрэглэдэг шингэн хийчихсэн байсныг мэдээгүй. Яг гүзээлзгэнэтэй
ундаа шиг өнгөтэй байсан.

-Тэгээд
яасан?

-Уухад гашуун байгаагүй. Нялуун, тос амтагдсан. Удалгүй дотор муухайраад
бөөлжүүлэх гээд огиулаад бөөн юм болсон. 2-3 литр ус уугаад бөөлжсөн. Бөөлжүүлж
байгаад ухаан балартсан. Тэгээд эмнэлэгт ирсэн.

-Одоо
биеийн байдал ямар байна?

-Ер нь гайгүй болсон.

-Гэрийнхэн
чинь тухайн үед ямар яаралтай тусламж үзүүлсэн бэ?

-Ус уулгасан. Миний ам цангаж байсан болохоор ма­шинд ундаа харагдахаар
нь шууд зал­гичихсан. Хүүхдүүдэд хэлэ­хэд элдэв янзын юм уухдаа эхлээд тагийг нь
аваад үнэртэж үзэж байгаарай гэж захья. Эмч нар надад “Үүнээс хойш тааралдсан болгоноо
битгий балгаж байгаарай. Үнэртэж үзэж бай” гэж захисан гэв.

Мөн 14 настай Т гэх хүү эмийн хордлогод орж тус төвийн сэхээн амьдруулах
тасагт иржээ.

Тэрээр ийн ярьж байна.

-Хаанаас
эм олж уусан юм бэ?

-Гэрийнхнийхээ уудаг байсан эмнээс уучихсан.

-Танай
гэрийнхний хэнийх нь уудаг байсан эм юм бэ?

-Өвөөгийн эмнээс уусан.

-Яагаад?

-Толгой өвдөөд байхаар нь нэг эм уучихсан чинь манар­чихсан байна
лээ. Өөрийн эрхгүй унтаад байсан.

-Өвөө
чинь ямар эм уудаг юм бэ?

-Өвөө маань осолд орс­ноосоо хойш олон төрлийн эм уудаг болсон. Толгой,
мэдрэлийн эм уудаг байсан юм билээ. Би яг ямар эм хэдийг ууснаа мэдээгүй. (Эмч нар
Т-гийн гэрт циннаризин, аспирин 100 гэх эмүүд байсныг хэллээ. сурв)

-Сэхээнд
хэд хоносон бэ?

-Нэг хоног ухаангүй байсан гэж ярилаа.

Т-г эмч нар циннаризин, аспирин 100-г нэлээд их хэм­жээгээр уусан
байх магад­лалтай хэмээн тодорхойлж байгаа юм байна. Хүү эмнэлэгт ирэхдээ унтамхайрсан,
хэл нь ээдэрсэн, гуйвж дайвсан шинжтэй байсан гэнэ.

10-15 насныхан ямар нэгэн зүйлд хордвол тэр дороо хариу үйлдэл үзүүлдэг
нь аврагдах магадлалыг нэмэгдүүлдэг бол 1-6 настай хүүхдүүд хордвол шууд бөөрний
дутагдалд орох аюултай байдаг юм байна.

Уксусыг монголчууд баяр ёслолын үеэр салат хийхдээ ихээр ашигладаг.
Гэтэл энэ бодисыг дэлхийн ихэнх орнуудад хүнсэнд хэ­рэг­лэхийг хорьчихсон бай­даг
аж. ЭХЭМҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд уксусны хэ­рэглээг хязгаарлаж, худал­дааны байгууллагууд
гаднаас оруулж ирэхгүй байхыг хүсч, хэрвээ уксусыг гэрийн нөхцөлд хадгалахаар бол
хүүхдийн гар хүрэхээргүй газарт байлгаж байхыг хүслээ.

Тус төвийн Сэхээн амьд­руулах, эрчимт эмчилгээний тасагт уксус балгасан
11 настай О гэх охин иржээ. Охин өчигдөр сэхээний тасгаас Ерөнхий мэс заслын тасаг
шилжээд байлаа.

Охины ээжтэй цөөн хором ярилцсан юм.

 -Танайх
хаана байдаг вэ?

-Сүхбаатар дүүрэгт гэр хороололд амьдардаг.

-Охин
тань яагаад уксус уучихав?

-Охин маань бие муутай, жаахан саажилттай юм л даа. Би охиноо орхиод
дэлгүүр орж, мод авчихаад ирэхийн хооронд ийм юм болчихсон.

-Уксусаа
хаана тавь­чихсан байсан юм бэ?

-Уксусаа анх задлахдаа буруу онгойлгочихсон юм. Тэгээд гялгар уутаар
амыг боочихсон байсан. Цагаан сараар л салат хийгээд үлдсэн уксус л даа.

Гэртээ ороод ирсэн чинь охин маань уйлчихсан суусан. Гэрээс уксус
үнэртээд. Ер нь хамгийн аюултай юм чинь уксус юм байна шүү. Эцэг эхчүүддээ хэлэхэд
уксусыг хүүхдээсээ аль болох хол байлгаж, болдог бол огт хэрэглэхгүй байвал зүгээр
юм.

-Охины
тань бие хэр байна вэ?

-Дунд зэрэг. Хоолой нь түлэгдчихсэн. Сэхээнээс сая л гарлаа. Юу ч
идэж чадах­гүй, залгихгүй байгаа. Эм тариагаар л гол зогоож байна. Манайх хоёр хүүхэдтэй.
Энэ охин маань отгон нь.

-Танайх
уксусыг байнга хүнсэндээ хэрэглэдэг үү?

-Манайх ерөөсөө уксус хэрэглэж байгаагүй юм. Энэ жилийн цагаан сараар
л салат хийх гээд авчихсан нь ийм юм болчихлоо. Харамсаад ч барахгүй байна. Ер нь
хүүхдүүдийнхээ гар хүрэх газарт элдэв янзын бодис тавьж болохгүй юм байна шүү гэдгийг
яс махандаа тултал мэдэрч байна. Иймээс эцэг эхчүүддээ хандаж хэлэхэд уксус мэтийн
хортой бодисоос аль болох татгалзахыг хүсч байна гэсэн юм.

Дотрын тасгийн эмч нар “Элдэв янзын хортой бодисыг ундааны саванд
хийж зардаг нь хамгийн буруу зүйл. Хүүхдүүд ам нь цангавал шууд л задлаад уучихдаг.
Юунаас ч сэжиглэхгүй. Аав, ээжийгээ хэзээ ч ундааны саванд хор хийнэ гэж бодохгүй
шүү дээ. Мөн уксусыг аль болох хэрэг­лэхгүй байхыг сануулъя” хэ­мээн сэрэмжлүүлж
байлаа.

Хүүхдүүд гүн хордсон то­хиолдолд бөөрний дутагдалд ордог. Өмнө нь
ийм тохиолдол гар­вал өөр эмнэлэг дээр очиж бөөрний диализийн аппаратанд яаралтай
оруулж амь насыг нь авардаг байж. Харин тус эмнэлэг өнгөрсөн жил диализийн гурван
аппа­раттай болсноор олон хүүх­дийн амь насыг аварсан бай­на. Энэ талаар тус төвийн
Эмнэлгийн тусламжийн чана­рын менежер, тэргүүлэх зэргийн эмч, клиникийн про­фессор
Б.Надмид “Манай төв өнгөрсөн оны эхээр гемо­диализийн цэг салбартай болсноосоо хойш
өөр эмнэл­гээс тусламж гуйхааргүй бол­сон. Их сайхан эмчилгээний хэсэгтэй болсон
болохоор олон хүүхдийн эрүүл мэндийг хамгаалж, хүүхдүүдийн амь насыг авраад байна.
Жишээ дурдахад, хөдөө орон нутгаас автомашины тосол уусан хүүхэд сэхээнд ирсэн юм.
Тэр хүүхэд бөөрний цочмог дутагдалд орж бие нь хүнд байсан. Ингээд уг аппаратаар
эмчлүүлснээр бие нь сайжирсан” гэж ярьж байлаа. Тэрээр Улаан­баа­тар хот хүүхдэд
ээлгүй байдаг талаар сэтгэл зов­нин ярьж байлаа. Утаа, тоос шорооноос эхлүүлээд
харшлын асуудал хүүхдийн эрүүл мэндийг муутгаж байгаа гэлээ. Б.Надмид профессор
“Зун болохоор хүүхдүүд Сэлбэ, Туул гол дээр очиж сэлдэг. Гэтэл элс, хайрганы компаниудын
ухаад орхисон том нүх, цүнхээл рүү хүүхдүүд хөл алдаж осолддог. Мөн бохирдолтой
уснаас болж элдэв халдварт өвчин авдаг. Чихнээс нь хулхи гардаг хүүхдүүд голд сэлж,
чих рүү нь бохир ус орсноос үрэвсдэг. Энэ мэт зовлон хүүхдүүдэд их тохиолдоно. Тийм
болохоор эцэг, эхчүүд асран хамгаалагч нь хүүхдэдээ байнга анхаарал хандуулж байхыг
сануулъя” гэлээ.

Д.САРУУЛ

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ нийгэм

9 айлд 268 сая төгрөгийн нөхөн олговор олгохоор боллоо

Баянхошууны замын зурваст орсон 9 айлд 268 сая төгрөгийн нөхөн олговор олгохоор боллоо.

Хувьсгалчдын гудамж буюу Зурагтын шинэ эцсээс Баянхошууны тойруугийн
уулзвар хүртэлх 4,6 км авто  замыг өргөтгөн шинэчлэх ажил 5 сард
эхэлсэн. Зам барилгын ажлын гүйцэтгэгчээр “Экспресс зам” ХХК шалгарч
ирэх аравдугаар сарын 30-нд хүлээлгэн өгөх гэрээтэй ажиллаж байна. Тус
замыг өргөтгөхтэй холбогдуулан замын зурваст орсон 9 иргэний эзэмшил
газар дээр байгаа үл хөдлөх хөрөнгийг нөхөн олговортойгоор чөлөөлөхөөр
Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа. Энэхүү нөхөн олговорт  нийт
хоёр зуун жаран найман сая долоон зуун дөчин зургаан мянга есөн зуун
далан нэг төгрөгийн нөхөх олговрыг олгох юм байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  
 

ХУВЬСГАЛЧДЫН ГУДАМЖНЫ” ЗУРАГТЫН ШИНЭ ЭЦСЭЭС БАЯНХОШУУНЫ УУЛЗВАР
ХҮРТЭЛХ 4.6 КМ АВТО ЗАМЫН ЗУРВАС ГАЗАРТ ОРСОН СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН
8,9,11,28 ДУГААР ХОРООНЫ ИРГЭДИЙН ЭД ХӨРӨНГИЙН НӨХӨХ ОЛГОВРЫН ТӨСӨВ


Categories
мэдээ нийгэм

Наадмын комисс хуралдана

Үндэсний их баяр наадам болоход сар гаруйн хугацаа үлдэж байна. Монгол түмний хүсэн хүлээдэг баяр наадмыг зохион байгуулах хорооныхон тус тусын хүлээсэн үүрэгт ажлаа хэдийнэ эхлүүлжээ. Салбар хороод тус бүр үүрэгт ажлаа өнөөдөр тайлагнаж, наадам хүртэл хийх ажлаа төлөвлөнө. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороог Шадар сайд Д.Тэрбишдагва даргалдаг учир наадмын комиссын хуралдаан Шадар сайдын ажлын өрөөнд болох ажээ.

Categories
мэдээ нийгэм

А.Галтбаярт хариуцлага тооцох ёстой гэв

МУИС-ийн захирал А.Галтбаярт хариуцлага тооцох хүсэлтийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Боловсрол соёл шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт хүргүүлэв. Учир нь А.Галтбаяр захирал өнгөрсөн 2013 онд сургууль хооронд шилжсэн 166 оюутнаас 236 сая төгрөг, 2014 онд 75 оюутнаас 111 сая төгрөг,  нийт 347 сая төгрөг хууль бусаар авсан болохыг тогтоожээ. Тиймээс сургууль хооронд шилжилт хийсэн оюутнуудаас мөнгө авсан хууль бус үйлдэлд нь хариуцлага тооцох ёстой гэж ШӨХТГ-аас мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

Бөхчүүд барилдав уу, зодолдов уу?

Өнгөрсөн амралтын өдрөөр Аварга цолны хүндэтгэлийн барилдаан болж Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат С.Мөнхбат аварга түрүүлж, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Ц.Содномдорж харцага үзүүрлэсэн билээ. Энэхүү барилдаанд бөх сонирхогчдыг гонсойлгосон хэд хэдэн жудаггүй барилдаан болсон нь бөхөө дээдлэгч монгол түмний зэвүүцлийг хүргэх боллоо. Учир нь дөрвийн даваанд Увс аймгийн харьяат харцага А.Бямбажав Завхан аймгийн харьяат начин Л.Нямсүрэн хоёр барилдахдаа нэг нь тахимаа өгөхгүй уурлаж нөгөөгийнхөө толгой руу ундааны сав шидэв. 

Барилдааны үеэр А.Бямбажав харцагыг барьцаа тавих үед нь начин Л.Нямсүрэн ухасхийн хөлөөрөө ганц дэгээдээд унагаачихсан. Харин А.Бямбажав харцага барилдаан зогсоод барьц тавиулах үед гэнэдүүлчихлээ гэж ихэд уурлан тахимаа өгөлгүй явчихав. Уг нь бол барилдааныг зогсоож барьц тавиулсан юмгүй, барилдаан үргэлжилж байх үед өрнөсөн хэрэг. Ингээд яах аргагүй даваа Л.Нямсүрэнгийнх болж туг тойрч дэвэх гэтэл тахимаа өгөлгүй уурлаад явсан харцага А.Бямбажав бухимдлаа барьж чадсангүй бололтой начны толгой руу ундааны сав шидэн цохиж харагдав. Бөхийн өргөөнд монгол бөхчүүдийнхээ уран сайхан барилдааныг үзэх гэж цугласан түмэн олон ихэд дургүйцэж шуугиж гарсан. Уг нь харцага А.Бямбажав барилдааны үеэр анхаарал болгоомжгүйгээсээ болж гэнэдсэн нь өөрийнх нь буруу гэж бөх сонирхогчид ярьж байв. 

Энэ шуугиан дарагдаагүй байтал зургаагийн даваанд Увс аймгийн харьяат начин С.Батсуурь Архангай аймгийн харьяат начин Р.Пүрэвдагватай барилдаж бараг л зэрэг газар уначихав. Энэ үеэр TV9 телевизийн бөх тайлбарлагч Ц.Батнасан зурагтаар тайлбарлах үедээ “Хэн нь давсныг удаашруулсан бичлэгээс харах болно” гэсэн. Зурагтаар харахад удаашруулсан бичлэгээр С.Батсуурь начны тохой түрүүлээд газар хүрч байгаа нь хэнд ч тодорхой харагдсан. Гэвч хөлийн цэцүүд зөвлөлдөөд  давааг С.Батсуурь начинд өгчихөв. Р.Пүрэвдагва начин А.Бямбажав харцага шиг бухимдсангүй харин ч тахимаа өгөөд цааш чимээгүй яваад өгсөн. Хэрвээ Бөхийн өргөөнд Төв цэнгэлдэхэд байдаг шиг сүүлийн үеийн том дэлгэц байсан бол тэр дор нь удаашруулаад хэн нь давсныг харчих л байсан болов уу. 

Ингээд нэг юм үзүүр, түрүүний бөх барилдаж барилдаан дуусах нь гэтэл С.Мөнхбат аварга харцага Ц.Содномдоржийг давахдаа нүүрийг гараараа нидэрч  орхив. Ц.Содномдорж энэ үйлдэлд хариу өгсөнгүй. Бөх сонирхогчдын ярьж буйгаар бол аваргын сануулга ч гэх. Ц.Содномдоржийн хувьд сар шинийн барилдаанаар гарьд Гончигдамбын гарыг хөшиж барилдах эрхээ дөрвөн сар хасуулчихад тухайн өдөр эрхийг нь сэргээж барилдсан нь энэ.

Д.СҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сумын цагдаа нар иргэдээ зодож, шонгийн модонд нүцгэнээр нь гавлан тамлажээ

Увс аймгийн Цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч н.Банзрагч
цагдаа нартайгаа нийлж аав шигээ настай хүнийг зодож, хаврын жихүүн шөнө шонгийн
модонд нүцгэнээр нь гавлах зэргээр тамлажээ. Мөн хөгшнийг өмөөрсөн залуугийн хавиргыг
хугалж, шонгийн модонд гавлаж найман цагийн турш нүцгэн байлгажээ. Болсон явдлын
талаар хохирогчийн дүү Ю.Баттогтохтой ярилцлаа.

 -Та
тэр өдөр юу болсныг яриач?

-Хохирогч Н.Чираабал миний авга ах. 1957 онд төрсөн, 57 настай хөгшин
бий. Увс аймгийн Тэс сумын V багт долоон хүүхэдтэйгээ амьдардаг, малчин хүн. Тавдугаар
сарын 23-нд бага хүүхдийнх нь хонхны баяр болсон юм билээ. Хүүхдийнхээ хонхны баярт
очих, нүүх машин олох ажилтайгаар сумын төвд очсон гэсэн. Ажлаа амжуулчихаад дүүгийнхээсээ
хүүхдээ аваад мотоцикль дээрээ сууж байтал хоёр цагдаа ирж уулзаад “Та каск өмсөөгүй
байна. Мотоциклийг чинь журамлана” гээд түлхүүрийг нь булаагаад авчихаж. 

Ах маань
ч нүүж суух их ажилтайгаа учирлаад, гуйгаад байж байтал Цагдаагийн тасгийн дарга
Банзрагч ирээд үгийн зөрүүгүй мотоциклиос нь татаад унагачихсан байгаа юм. Тэр үед
ахын маань дээлний энгэр урагдаж, амнаас нь цус гарсан юм билээ. Монгол хүн дээлийг
нь урчихаар бухимддаг биз дээ. Тэгээд л “Ийм дарга гэж юу байх вэ” гээд цустай шүлсээ
газарт хаясан юм билээ. Гэтэл Банзрагч “Над руу нулимлаа” гээд цагдаагийнхаа тасагт
аваачиж дээл, гутлыг нь тайлуулж, бичиг баримт, түрийвчийг нь хурааж авсан гэсэн.

-Танай
суманд мотоцикль унасан хүн бүр каск зүүдэг үү?

-Каск зүү гэж шаардсан цагдаагийн алба хаагчийг буруутгах аргагүй.
Гэхдээ хүн хэлээрээ ойлголцдог шүү дээ. Хөгшин хүнд “Ийм учиртай байдаг юм. Дараа
ингэв ээ” гээд торгодог ухаан дутсанд харамсч байна. Ах охиныхоо хонхны баярт орохдоо
бүрх малгай өмсчихсөн болохоор каск зүүгээгүй юм биллээ.

-Ахыг
чинь цагдаагийн тасаг руу авч явахад танайхнаас хүн дагаж яваагүй юм уу?

-Дүү Буянтогтох нь“Та нар хөгшин хүнийг явуулчих л даа” гэхэд нь
хамт аваад явсан гэсэн. Цагдаагийн тасагт очоод ахыг минь хувцсаа тайлсны дараа
Банзрагч хошууч Билгээ, Хүрлээ гэдэг хоёр цагдаатайгаа нийлээд зодож эхэлсэн байгаа
юм. Гурван хүн ахыг зодож байхад хэсгийн төлөөлөгч Балжинням, дүү Буянтогтох хоёр
харж байсан гэсэн.

-Тэд
цагдаа нарыг хориглоогүй гэж үү?

-Хэсгийн төлөөлөгч Балжинням харж байсан ч даргыгаа хориглоогүй.
Гурван хүн зэрэг зэрэг өшиглөөд байхаар ах маань газар унасан юм билээ. Тэр үед
гутлынх нь ул л харагдаж байсан гэсэн. Толгой, түрүүгүй өшиглөсөн болохоор нүүр
нь шалбарч, хамар чихнээс нь цус гарч хүн харахын аргагүй болсон юм билээ. Өвдөхдөө
хоёр гараараа толгойгоо хамгаалахад Банзрагч “Яасан их хамгаалдаг юм бэ” гээд цамцыг
нь сөхөж байгаад цахилгаан бороохойгоор элэг, бөөр рүү нь цохиулсан байна. Цахилгаан
бороохойгоор цохиулахаар өөрийн мэдэлгүй атиралдаж, гараараа хэвлийгээ хамгаалахад
нь толгой руу нь дэвсээд байсан гэсэн.

-Хэр
удаан зодож, тамласан хэрэг вэ?

-20-иод минут зодсон гэсэн. Сүүлдээ ухаан нь балартаад эхлэхээр Буянтогтох
“Та нар болиоч. Хүнийг ингэж яргалж болдог юм уу” гээд хориглоход ахыг маань зодохоо
болиод гудамжинд гаргаж утасны модонд гавласан байна.

-Дүүг
нь бас зодсон уу?

-Ахыг гадаа гавлаж ор­хисноос хойш хэсэг хугацааны дараа Буянтогтохыг
гаргаж ирээд зэргэлдээх утасны модонд гавласан гэсэн. Тэр үед Буянтогтохын нүүр,
нүд нь цусанд будагдаад нэлдээ хавдар болсон байсан гэсэн.

-Цагдаагийн
тасаг нь сумынхаа төвд үү. Хэдэн цагийн орчимд вэ?

-Өдөр 13.30 цагт анх ахыг саатуулсан байсан. Утасны модонд 17.30
цагт гавласан. Цагдаагийн тасаг сумын төвд шүү дээ. Тэр өдөр нэлээд хүйтэн байсан.
Сумын төвд олны нүдэн дээр нүүр нүд нь цус болсон нүцгэн хүмүүсийг гавласныг тамлал
гэнэ биз дээ.

-Ойр
хавьд нь яваа хүмүүс туслаагүй юм болов уу?

-Ах маань сумын залуу Ч явж байгааг хараад дуудаж, утсаараа яриулахыг
гуйсан юм билээ. Тэр залуу утсаа чихэнд нь барьж өгөөд над руу яриулсан. Бас нэг
гараараа дүүгийнх нь гутлыг өмсгөж өгсөн байна лээ. Гэтэл Банзрагч, Хүрлээ хоёр
гарч ирээд “Миний мэдлийн газар дээр байгаа, миний барьж ирсэн хүнийг утсаар яриулах
эрх чамд байхгүй” гээд утсыг нь булааж аваад гав зүүгээд тасаг руугаа орсон гэсэн.

-Тэр
хүнийг бас зодсон хэрэг үү?

-Хэсэг хугацааны дараа Ч гарч ирээд гавлуулсан хоёр хүн дээр очилгүй
яваад өгсөн гэсэн. Гэтэл цагдаа араас нь очиж түүнийг барьж ирээд тасагтаа оруулсан.
Тэнд хэсэг байлгаж байгаад дотуур өмднөөс өөр хувцасгүй гаргаж ирээд мөн л шонгийн
модонд гавласан гэсэн. Тэр залуугийн нүд, нүүр нь хавдаад цус болчихсон байсныг
бодоход бас зодсон бололтой. Хүнд туслах гэж яваад цагдаад зодуулсан хэрэг.

-Танай
ахыг дүүтэй нь гадаа байлгаад л байсан уу?

-Ч-г гавлачихаад нөгөө хоёрыг нь тасагтаа оруулсан байна лээ. Ах
“Та нар золбин нохой устгаж байгаа юм шиг хүнийг хоёр, гурваар нь ингэж зодож, гудамжинд
гавлаж болдог юм уу” гэхэд “Та нарыг зодсоныг гэрчлэх хүн байхгүй. Энд гурван цагдаа
зодсон бол Улаангом (Увс аймгийн төв) орохоор чинь 100 цагдаа зодно. Заргалдах газар
байвал яваад заргалд. Заргалдаад ч юм олж долоохгүй. Үүнийг би баавартай хэлж байна”
гэх мэтээр доромжилж, дарамталсан байна лээ.

-Тэр
хоёрыг хэр удаан хорьсон юм бэ?

-Ахыг маань шалан дээр хэвтүүлж хонуулсан. Дүү нь гуйгаад гэртээ
харьж хоноод маргааш өглөө нь 8.00 цагт ирсэн гэсэн.

-Өнөөх
гадаа гавлуулсан Ч юу болсон бэ?

-Шөнийн 1.30 цагт тэр залууг оруулж ирээд орны толгойтой гавлаж хонуулсан.
Тэр шөнө цагдаа нарт зодуулсан хоёр хүн өвчиндөө шаналаад цурам хийлгүй хоносон
байна лээ.

-Маргааш
нь сулласан уу?

-Ахад туслах гээд тамлуулсан залуу “Бид хоёрыг явуулчих. Өвчин ихдээд
байна. Эмчид үзүүлмээр байна” гэхэд Банзрагч “Цагдаагийн даргад хэлсэн. Та нарыг
хамт авч явна” гээд явуулахгүй байсан гэсэн. Аймгийн төвд очиж эмнэлэгт үзүүлэх
гэтэл бичиг баримтыг нь өгөхгүй болохоор “Гомдолгүй” гэсэн бичиг хийж өгсөн байна.
Өөрсдөө ийм бичиг хийж өг гэж шаардсан байна лээ. Шаардсан бичгийг нь хийж өгсөн
ч бичиг баримтыг нь өгөлгүй аймаг руу явуулсан.

-Цагдаа
нарт зодуулснаас болж ямар гэмтэл авсан байна вэ?

-Тавдугаар сарын 27, 28-нд аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар үзүүлэхэд
зүүн чихний хэнгэрэг хагарсан, хамрын яс цөмөрсөн, нүүр толгойн хэсэгт шалбарсан
гэсэн магадлагаа хийж өгсөн. Одоо ч бие нь тааруу байна. Чихнийхээ хэнгэргийг нөхүүлсэн
ч нүднээс нь нулимс гараад тогтохгүй юм.

-Ахад
чинь тусалсан залуугийн бие гайгүй юу?

-Нүцгэн найман цаг гадаа байсан болохоор хатгаа авсан. Бас гурван
хавирга нь хугарсан байна лээ.

-Банзрагч
хошууч танай суманд олон жил ажилласан уу. Тийм айхавтар авиртай хүн үү?

-Өнгөрсөн аравдугаар сард томилогдож ирсэн юм билээ. Өмнөговь сумын
хүн гэсэн байх аа. Манай сумынхны яриагаар их айхавтар ширүүн хүн гэсэн. Загас усандаа
жаргалтай гэдэг шиг төрсөн нутагтаа хүн амар амгалан амьдардаг биз дээ. Гэтэл иргэнийхээ
амгалан тайван байдлыг хангах үүрэгтэй төрийн цагдаад зодуулж, доромжлуулж байна.

-Та
бүхэн хуулийн байгууллагад хандсан уу?

-Цагдаа нарыг шалгадаг байгууллагыг татан буулгачихсан гэж байна.
Тиймээс аймгийн прокурорт гомдол гаргасан.

Ц.ӨРНӨХ