Categories
мэдээ нийгэм

Хөлбөмбөгийн фанатуудад зориулав

“Бразил 2014” хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Монгол фанатуудад зориулсан бүтээл гарах гэж байгаа тухай мэдээллийг өмнө бид хүргэж байсан билээ. Монголын залуу уран бүтээлчид нэгдэн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зориулсан бүтээл туурвисан нь хоёр хувилбартай аж.

Реппер Данка дуучин П.Баярцэнгэл нарын хамтран дуулснаар “Бүгд нэг хэмнэлээр” эхний хувилбар нь бүтсэн. Харин хоёр дахь хувилбар нь реппер Данка Акабелла, “S4” хамтлагийнхантай хамт дуулснаар “We are one” нэртэйгээр хөл бөмбөгийн фанатуудад хүрч буй.

Тус бүтээлүүдийн видео клипийг “Roll entertainment” студийн уран бүтээлчид хийж гүйцэтгэсэн юм. Ингээд хамтдаа “We are one” бүтээлийг сонихоё.

Categories
мэдээ нийгэм

Н.Энхбаяр Солонгост төрсөн өдрөө тэмдэглэжээ

Монгол Улсын экс ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр зургаадугаар сарын 1-нд төрсөн гэдэг. Тэрбээр энэ удаагийн төрсөн өдрөөрөө БНСУ-ын Сөүл хотод байрлах Монгол таунд очиж, элэг нэгт монгол ахан дүүстэйгээ уулзаж, бяцхан хүүхдүүдэд өөрийн гарын бэлгийг гардуулж Эх үрсийн баярын өдрийг хамтдаа өнгөрүүлжээ.

Энэ үеэр Солонгос Улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол иргэдийн  төлөөлөл тус улсад эмчлүүлж байгаа 2 хүүхдэд зориулж “Хамтын халуун сэтгэл” хандивын үйл ажиллагааг зохион байгуулсан байна. Н.Энхбаярыг хүрэлцэн очиход нь баярын өдөрлөгт цугласан монгол иргэд түүнд төрсөн өдрийн баярын мэнд хүргэж эрүүл энх, сайн сайхныг хүсссэн гэнэ. Мөн биеэ сайн эмчлүүлээд эх орон руугаа хурдан буцаж, Монгол Улсынхаа хөгжлийн төлөө, ирээдүй хойч үеийнхний төлөө их зүйлийг бүтээхийг ерөөжээ.

Энэхүү арга хэмжээнд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, Нарийн бичгийн дарга П.Цогтбаатар, МАХН-ын дэргэдэх Ардчилал, шударга ёс, монголын залуучуудын холбооны тэргүүн  О.Буяннэмэх болон  намын удирдах ажилтнууд оролцсон аж.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт Сингапур хороолол барих талаар санал солилцжээ

“Тохилог, тогтвортой хөгжил бүхий хотууд: бэрхшээл болон шийдлүүд” сэдвийн дор нэгдсэн дэлхийн хотуудын дарга нарын дээд хэмжээний чуулга уулзалт энэ сарын 1-5-ны өдрүүдэд Сингапур улсад зохион байгуулагдаж байна. Энэ чуулга уулзалтад Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа аж.

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан нэгдсэн хуралдааны үеэр “Хотжилтын ирэх 10 жил – Шийдвэрлэх сорилтууд ба боломжууд” сэдвээр илтгэл тавьжээ. Мөн НҮБ-ХАБИТАТ байгууллагын Гүйцэтгэх захирлын орлогч Aisa Kasyira-тай уулзаж “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийг боловсруулахад хамтран ажиллах асуудлаар санал солилцжээ. Харин нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл  Сингапур Улсын парламентийн гишүүн Ма Боу Тан-тай уулзаж, тус улсын орон сууцны бодлого, тогтолцооноос туршлага судалжээ. Бас Улаанбаатарт Сингапур хороолол барих төсөлд хамтран ажиллах асуудлаар санал солилцсон байна.

Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгийн багшийн ялыг тэнсэн болгожээ

Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 190 дүгээр цэцэрлэгийн багш Д.Цэнд-Аюуш бага насны хүүхдүүдийг зоддог нь илэрч, түүнийг ажлаас нь чөлөөлөн, эрүүгийн хэрэг үүсгэн, шалгасан юм. Түүнийг бага насны хүүхдүүдийг байнга зодож тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн хэмээн Дүүргийн хоёрдугаар прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлээд байсан юм. Тэгвэл уг хэргийг дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүх өнөөдөр хянан хэлэлцжээ.

Шүүхээс Д.Цэнд-Аюушийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасан “Тарчлаах” гэмт хэргийг үйлдсэн буруутайд тооцож, хоёр жилийн хорих ял оногдуулсан байна. Гэхдээ Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар ялыг нэг жилийн хугацаагаар тэнсэлж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтэст хянан харгалзуулахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

Сайд А.Гансүх НҮБ-ын төлөөлөгчтэй уулзлаа

Зам, тээврийн сайд А.Гансүх  НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын орны асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Г.Ч.Ачариа болон НҮБХХ-ын суурин зохицуулагч Сезин Синаноглу нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр сайд А.Гансүх “Монгол Улс далайд гарцгүй ч гэлээ Засгийн газар, салбарын яам далайн тээвэр, худалдааны ажилд ихээхэн анхаарлаа хандуулж байна. Манай улс Сингапур улсын хөлөг онгоцуудад төрийн далбаагаа түрээслүүлээд 10 жил болж буй.  Манай улс хоёр том хөрштэйгөө транзит тээврийн хэлэлцээр хийснээс хойш 23 жил болсон байна. Энэхүү гэрээгээ шинэчлэх шаардлага тулгараад байна. БНХАУ болон ОХУ-тай далайн тээвэр, транзит тээврийн тал дээр хамтран ажиллах гурван талын гэрээ хэлэлцээрээ амжилттай хийлээ. Энэ бол далайд гарцгүй Монгол Улсын хувьд томоохон амжилт юм. Төмөр зам, дэд бүтэц, бүтээн байгуулалт, транзит тээврийг бид цогцоор нь хөгжүүлэхийг зорьж байна. БНСУ-тай далайн тээврийн компани байгуулах, далайчин бэлтгэх асуудал дээр тохиролцсон. 

 Дахин хэлэхэд, “Далайд гарцгүй орны хувьд эрхзүйн орчноо сайжруулахын тулд НҮБ-аас тусламж дэмжлэг зайлшгүй хэрэгтэй” байгааг дуулгамаар байна.  Далайн тээвэр, худалдааны татвар, хөлөг онгоц түрээслэх зэрэг асуудлыг бид та бүхний дэмжлэг туслалцаатайгаар хэрэгжүүлэх, улам хөгжүүлэх хүсэлтэй байна” гэдгээ хэлсэн юм.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгчид ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.П.Патрушев бараалхав. Бараалхах үеэр хоёр тал хоёр улсын стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангах салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар ярилцаж, олон улсын болон бүс нутгийн зарим асуудлаар санал солилцов.

Энэ онд Халхын голын ялалтын 75 жилийн ой зэрэг хоёр орны харилцааны чухал тэмдэглэлт үйл явдлууд тохионо. Үүнийг хоёр тал хамтран тэмдэглэх талаар уулзалтын үеэр дурдлаа. Мөн саяхан Шанхай хотноо болсон Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын дээд хэмжээний уулзалтад оролцохдоо ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай уулзах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төмөр замын транзит тээврийн асуудлаар Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт уулзалтыг Улаанбаатар хотноо зохион явуулах саналтай байгаа талаар ярилцсаныг мөн тэмдэглэв.

Categories
мэдээ спорт

“Спирт үү, спорт уу” аяны нээлт болно

Монголын Залуучуудын Холбоо 2014 оныг залуусаа “Нэгдье” уриан дор бүхий л үйл ажиллагаагаа зохион байгуулж байгаа бөгөөд 2012 оноос эхлэн “Спирт үү, Спорт уу” аяны давалгааг орон даяар эхлүүлсэн. Тэгвэл энэ оны нээлтээ энэ амралтын өдөр буюу 6-р сарын 7-ны өдөр 9:00 цагт Чингисийн талбайд хийх гэж байна. Спирт үү, спорт уу аян энэ жил “Архитай биш тархитай” уриатайгаар үргэлжилж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд залуучуудыг спортод элэгтэй болох эерэг сурталчилгааг түгээж, “И биш О”, “Баарлуу биш заалруу”, “Спортлог залуус”, “Шинэ үе спортыг сонгож байна” гэх мэт уриалгуудыг гаргаж давалгаалуулсан. Спирт үү, спорт уу аяны нээлт нийслэлийн автомашингүй өдөр болж байгаа бөгөөд энэ өдөр бүх нийтийг биеийн тамираар хичээллэх өдрийг бий болгох, нийслэл хотоо дэлхий нийтэд сурталчлах зорилгоор “Улаанбаатар марафон” болохоос гадна МЗХ-ны дэргэдэх залуу дугуйчин клуб 500 дугуйчны парад зохион байгуулах юм. Энэ өдрийн үйл ажилллагаанд 25-30 мянган иргэдийг хамруулах бөгөөд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн болоод төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, Монгол Улсад суугаа элчин сайдын яам, олон улсын марафон гүйлтийн нэртэй тамирчид, нийслэлийн иргэд хамрагдах ажээ. 

Categories
мэдээ нийгэм

Хэргийн 61.1 хувийг иргэдийн талд шийджээ

Шүүхийн Ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүхтэй хамтарч, Монгол Улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 10 жилийн ойд зориулсан хэвлэлийн бага хурал өнөөдөр зохион байгууллаа.Хуралд Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь “Захиргааны хэргийн шүүхийн чиг үүрэг, 10 жилд шийдвэрлэсэн хэрэг, маргааны төрөл, төлөвшлийн талаар”, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан “Захиргааны хэргийн дагнасан шүүхийн ач холбогдол, шүүхийн шинэчлэл дэх үр нөлөө”, Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Батсүрэн “Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын үйл ажиллагаа, шийдвэрлэсэн хэрэг, маргааны тоо, төрөл” сэдвүүдээр тус тус мэдээлэл хийсэн юм.

Монгол Улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх үүсэн байгуулагдаад 10 жилийн түүхийг элээжээ. Эрүү, Иргэний хэргийн шүүхтэй харьцуулахад харьцангуй “залуу” мэт сонсогдох тус шүүхийн эрэлт хэрэгцээ  өнөөгийн нийгэмд улам бүр өсч байна. Энгийнээр тайлбарлавал Захиргааны хэргийн шүүх нь төрийн байгууллага, эрх бүхий албан тушаалтны зүгээс иргэний эрхийг зөрчвөл тэрхүү эрхийг хамгаалах,сэргээн тогтоох үндсэн чиг үүрэгтэй. Энэ нь захиргаа гэдгийг дарга, эрх мэдэлтэн гэж ойлгодог иргэдийн ухамсарт шүүх нь зөрчигдсөн эрхийг нь хамгаалагч болон ажилладагаараа өдрөөс өдөрт үйлчлүүлэгчдийн хүрээгээ тэлж байна. Монгол Улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсан түүхээс сөхвөл УИХ 2002 оны 12 дугаар сарын 26-нд “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай”, “Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай” хуулиудыг баталж, тэдгээрийг 2004 оны 6 дугаар сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөхөөр тогтсон байдаг. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2004 оны 6 дугаар сарын 4-ний 96 тоот зарлигаар Нийслэлийн Захиргааны  шүүхийн 5, мөн өдрийн 98 тоот зарлигаар 21 аймгийн Захиргааны хэргийн шүүхэд 47, нийт 52 шүүгчийг томилсноор Монгол Улсад Захиргааны хэргийн шүүх албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм. Харин 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр батлагдсан Шүүхийн тухай хуульд заасны дагуу Захиргааны хэргийн анхан шатны бие даасан 20 шүүх шинээр байгуулагдаж, анхан шатны 93, давж заалдах шатны 13 шүүгч нийт 95 шүүгч ажиллахаар болж байна. Мөн хяналтын шатны буюу Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд 8 шүүгч ажиллаж байна. Өнгөрсөн арван жилийн хугацаанд Захиргааны хэргийн гурван шатны шүүх  нийт 19683 хэрэг хүлээн авчээ. Эдгээрээс анхан шатны шүүх 7441, давж заалдах шатны шүүх 3519, хяналтын шатны шүүх 1807, нийт  12767 хэргийг  шүүх хуралдаанаар тус тус хянан шийдвэрлэсэн байна.Сүүлийн 10 жилд захиргааны хэргийн анхан шатны шүүхүүд нийт 7441 хэрэг шийдвэрлэсний 61.1 хувь буюу 4546 хэргийг  нэхэмжлэгчийн буюу иргэний талд шийдвэрлэсэн байна. Түүнчлэн давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн 57.3, хяналтын шатны шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн  55.7 хувьд иргэн, хуулийн этгээдийн нэхэмжлэлийг хангажээ. Энэ хэмжээгээр Захиргааны хэргийн шүүх төрийн албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн иргэдийн эрх ашгийг нөхөн сэргээжээ.Захиргааны хэргийн анхан шатны шүүхүүд 2004-2013 онд шүүх хуралдаанаар нийт 7441 хэрэг хянан шийдвэрлэснээс нийслэлийн захиргааны хэргийн шүүх 3744 хэрэг, орон нутгийн захиргааны шүүх 3697 хэрэг хянан шийдвэрлэжээ. Энэ нь захиргааны шүүхийн хянан шийдвэрлэсэн бүх хэргийн 50.1 гаруй хувь нь нийслэлд байрлах захиргааны шүүхэд ногдож буйг харуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Залуу дугуйчид асрамжийн газрын бяцхан дүү нараа баярлуулна

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуу дугуйчин клуб болон Түгээлэн ундрага ТББ хамтран хоёр дахь жилдээ асрамжийн газарт байрлах бяцхан дүү нараа баярлуулах гэж байна. Нийслэлээс 30 км зайд Хандгайтад байрлах хүүхдийн асрамжийн газарт дугуйгаагаар очих бөгөөд хүүхдүүдэд гарын бэлэг өгч, дугуй унуулж нэг өдрийг цэвэр агаарт тоглож наадаж хамтдаа өнгөрүүлэх юм.  Дээрх арга хэмжээ ням гаригт болох бөгөөд сонирхсон бүх л хүмүүс нэгдэж болох гэнэ. МЗХ-ны дэргэдэх Залуу дугуйчин клубын үйл ажиллагаа идэвхжиж, хүрээгээ улам тэлж, залуучууд ч нэгдэж спиртыг биш спортыг сонгож байгаа бөгөөд удахгүй Залуу дугуйчин клубын гишүүн Ч.Мөнгөндалай дөрвөн сарын турш Монгол орны баруун хязгаарын 5500 км замыг туулах аялалдаа гарах гэж байгаа юм. Залуу дугуйчин клуб долоо хоног бүрийн амралтын өдрөөр унадаг дугуйтай аялал зохион байгуулдаг бөгөөд аялал бүр өөр өөрийн онцлогтой, байгаль экологид ээлтэй, Туул гол орчмын хогийг цэвэрлэх сонирхол нэгтэй олон залуучуудтай танилцах, цэвэр агаарт нэгэн өдрийг зугаатай өнгөрүүлэх гэхчилэн сонирхолтой аяллуудыг зуны турш зохион байгуулдаг юм байна.   

Залуу дугуйчин клубд элсэх, нэгдэхийг хүсвэл доорх линкээр орж болох аж.  https://www.facebook.com/groups/mgl.biker/ 

Categories
мэдээ нийгэм

Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж анх удаа гадаадад ажиллах хүч зуучиллаа

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Холбооны Төв Бирж Чэжү дахь Монгол морин цирк болох “Шонхор” циркийн захиалгаар циркэд ажиллах жүжигчдийг ажил хайгч залуучуудаас сонгон шалгаруулж зуучиллаа. Уг сонгон шалгаруулалтанд тэнцсэн таван залуу сар орчим хугацаанд бэлтгэл хийж өнөөдөр “Шонхор цирк”-ийн удирдлагуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. Азийн аялал жуулчлалын гол бүсүүдийн нэг Солонгосын Чэжү арал жуулчдын анхаарлыг татдаг бөгөөд Монголын морин циркчид энд ажиллаж эх орныхоо нэрийг өндөрт өргөж явж байгаа юм. Өнөөдөр явж байгаа залуу циркчид хоёр жилийн хугацаанд Чежүд сурч боловсрох, ажиллах, мэдлэг ур чадвараа дээшлүүлэх юм байна.