Categories
мэдээ нийгэм

Х.Анхбаяр нарын шүүх хурал хойшиллоо

Өнөө өглөө Цагдан хорих 461 дүгээр ангид эхэлсэн “Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаяр нарын дөрвөн хүний хэргийг шүүх хурал хойшилсон байна. Өмгөөлөгчдийн зүгээс шүүх бүрэлдэхүүнийг солих хүсэлт гаргасан тухай мэдээлсэн. Тэгвэл тэдний хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээж аваагүй байна. Шүүх хурал завсарласны дараа үдээс хойш дахин ороход Х.Анхбаярын өмгөөлөгч өөр шүүх хуралд оролцохоор болжээ. Иймд уг шүүх хурлыг зургадугаар сарын 5-ны өдрийг хүртэл хойшлуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

МХБ-ийн захиралыг Сангийн яам томилно

Төрийн өмчийн удирдлагын хороо өнөөдөр хуралдаад Монголын хөрөнгийн биржийн удирдлагын томилгоор авч хэлэлцсэн байа. МХБ-ийн гүйцэтгэх захиралд долоон хүн нэр дэвшсэн аж. Тэднээс О.Сайнжаргалыг Төрийн өмчийн хороо шалгаруулжээ. Түүнийг МХБ-ийн захирлаар томилох эсэхийг Сангийн яам шийднэ. Учир нь Засгийн газрын 2014 оны тавдугаар сарын 10-ны тогтоолын дагуу Сангийн яам Монголын хөрөнгийн биржийн хувьцаанаас эзэмшихээр болсон юм. Иймд дээрх албан тушаалын томилгооны эрх Сангийн яаманд шилжсэн байна.
О.Сайнжаргал нь “Зэргэд” брокер, дилерийн компанид дилерээр ажиллаж байгаад Австрали улсад бизнесийн удирдлагын мастерийн зэрэг хамгаалжээ. Тэрбээр 2008-2012 оны хугацаанд Төрийн өмчийн хорооны мэргэжилтнээр ажиллаж, Монголын хөрөнгийн биржийн ТУЗ-ийн гишүүнээр сонгогдож байсан нэгэн юм.

Categories
мэдээ нийгэм

“Багийн амжилт-Миний ажлаас” сэдэвт сургалт болно

Нийслэлийн Арчилсан намаас “Өөрчлөлтийг чиглүүлэгч төв”-тэй хамран “Багийн амжилт-Миний ажлаас” сэдэвт сургалт зохион байгуулахаар болжээ. Хөвсгөл аймгийн Арчилсан намынхны хүсэлтийн дагуу энэхүү хурал зургадугаар сарын 4-нд “Blue Sky” цамхагийн гурван давхар “Topaz” хурлын зааланд болно. Сургалтад Хөвсгөл аймгийн 24 сумын намын хорооны дарга, Засаг дарга нар оролцох аж. Тэд бүтэн өдрийн турш үргэлжлэх сургалтын явцад “Би хаана явна вэ. Өөрийгөө таньж бусдыг манлайлах нь”, “Хувийн зохион байгуулалт цагийн менежмент”, “Хамтран ажиллахын утга учир” зэрэг хэд хэдэн сэдвээр номын дуу сонсоно. Мөн сургалтад оролцогчдод Нийслэлийн АН-ын үйл ажиллагааг танилцуулж, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, өнгөрсөн хугацаанд эхлүүлсэн, хийсэн болон цаашид хийх ажлуудын тухай мэдээлэл өгөх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Терроризмтой тэмцэх гүйцэтгэх хорооныхон манай улсад ажиллаж байна

Манай улсад НҮБ-ын терроризмтой тэмцэх гүйцэтгэх хорооны ажлын хэсгийнхэн тавдугаар сарын 26-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна. Айлчлалын гурав дахь өдөр буюу òàâдугаар сарын 28-нд тус ажлын хэсгийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Дэд дарга Д.Наранбаатар тэргүүтэй албаны төлөөлөл хүлээн авч уулзан, байгууллагын зүгээс терроризмоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцуулж, санал солилцлоо.
Энэхүү уулзалтад Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах үндсэн болон тусгай чиг үүрэг бүхий Хууль зүйн яам, Гаалийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Батлан хамгаалах яам, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Гадаад харилцааны яам зэрэг төрийн байгууллагууд оролцов.
Тус ажлын хэсэг нь Монгол Улсын терроризмтой тэмцэх ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй газар дээр нь танилцах, терроризмтой тэмцэх тухай олон улсын нэгдэн орсон гэрээ конвенцийн хэрэгжилттэй танилцаж, шаардлагатай техник хэрэгсэл, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилготой аж.

Categories
мэдээ улс-төр

Н.Батбаяр сайдыг огцруулах санал өргөн барилаа

МАН-ын дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах саналыг УИХ-ын даргад өргөн барилаа. Тус бүлгээс Н.Батбаяр сайдыг Засгийн газрын тухай хуулиар хүлээсэн “хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, бүртгэл, зээл, тусламжийн нэгдсэн бодлогын төлөвлөлт, боловсруулалт, удирдлага, зохицуулалт”-ын үүргээ өнгөрсөн хугацаанд хангалттай биелүүлж чадсангүй гэж үзжээ. Тэд “Засгийн газар 2013 онд улсын нэгдсэн төсвийн 6.177 их наяд төгрөгөөс гадна “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”, “Чингис бонд”, Хөгжлийн банкны санхүүжилтэд 13 их наяд гаруй төгрөг зарцуулсан.
Зарцуулсан мөнгө, авсан өр зээлийнхээ хэмжээгээр улсын эдийн засаг өөдлөн сэргэж, ард түмний амьдрал дэвжин дээшлэх ёстой байтал харин ч эсрэгээрээ уруудан доошилж байна. Эдийн засгийн алдаатай бодлогын уршгаар үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн ханш 30 гаруй хувиар суларч, түүхэнд байгаагүй дээд хэмжээнд хүрэв. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 30-70 хувь өсч, үнэ дээшээ болж, амьдрал доошоо боллоо. Банкны системийн чанаргүй зээлийн хэмжээ 612 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оныхоос 2.4 дахин өссөн” гэв.
МАН-ын бүлгийн гишүүд Засгийн газрын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг дараах үндэслэлээр огцруулах санал гаргажээ.
•    Засгийн газрын гадаад өр сүүлийн хоёр жилийн хугацаанд огцом нэмэгдэж, төсвийн зээлийн үйлчилгээний зардал 3-4 дахин өссөн. Засгийн газар өмнөх 22 жилд бий болсон нийт өр зээлээс 800 сая ам.доллараар илүү буюу гурван тэрбум ам.долларын өр үүсгэж ирээдүй хойч үеэ өрийн дарамтад орууллаа.  Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ гэсэн амлалтаа Эдийн засгийн хөгжлийн сайд биелүүлж чадсангүй. УИХ-аас хэчнээн сайхан хууль, эрх зүйн орчныг бий болгож өгсөн ч түүнийг ажил хэрэг болгох чадвар салбар хариуцсан сайдад алга байна.
•    Төсвийн тухай хуульд заасан “Засгийн газар улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг дөрвөн жилд нэг удаа баталж, жил бүр тодотгоно” гэсэн заалтыг биелүүлээгүйн улмаас Монгол Улс өнөөг хүртэл хөрөнгө оруулалтын нэгдсэн төлөвлөлт, хөтөлбөргүй, хөрөнгө оруулалт зүг чиггүй хийгдэж байна.
•    Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу “Чингис” бондын санхүүжилтийн нэг ам.долларыг гурван ам.доллар болгож, эдийн засгийн үр ашиг бүхий төсөлд зарцуулах арга хэмжээг авч хэрэгжүүлсэнгүй. Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл энэ заалтыг биелүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцохыг зөвлөсөн нь Засгийн газрын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах хангалттай үндэслэл болно.
•    Улс орны ирээдүйн хувь заяагаар дэнчин тавьж авсан “Чингис”,  “Самурай бонд”-ын хөрөнгийг төсвийн бүрэлдэхүүн хэсэгт тусгахгүй дур мэдэн зарцуулж хууль зөрчсөн.
•    Ерөнхий сайд Н.Алтанхуяг 10 хоногийн хугацаатай хариуцлага тооцох шаардлагад хариу өгөлгүй эдийн засгийн хямралын буруутнуудынхаа үйл ажиллагааг ил далдаар дэмжиж, улс орноо улам туйлдууллаа. Тиймээс МАН-ын бүлэг эдийн засгийг хямралд хүргэсэн албан тушаалтнуудын нэгийг нэр зааж огцруулахаар УИХ-д хандах нь зүйтэй гэж үзлээ.

Categories
мэдээ нийгэм

Бүх л үеийн тооны олимпиадад оролцогчид сайн жаалууд

Тавдугаар сарын 3,4-нд Улаанбаатар хотноо ЕБС-ийн математикийн УАШТ болж өнгөрсөн юм. Нийт 36 багц медаль дээр хот хөдөөнөөс шалгарсан 400 гаран тоондоо сайн багш, сурагчид өрсөлдлөө. Багийн дүнгээр Улаанбаатар хот түрүүлсэн байна. Хөдөөнөөс ирсэн аймгуудаас нэг багш, хоёр хүүхэд медаль авсан, мөн тэмцээнд оролцогчдын арав орчим хувь нь эмэгтэйчүүд охид байсан зэргийг сонин болгож ярьсан нь өөрөө сонин байлаа. Тэгэхнээ охид онц сурдаг, даалгавраа ягштал хийдэг, бас ухаантай. Гэвч  шинжлэх ухаануудын хаан хэмээх математик дээр дэггүй банди нарын анзаанд сэтгэлгээгээрээ дөхөж очсон удаа тун ховор аж. Тоо бодоход бяр чадал дутлаа, жендерээр ялгаварлалаа гэлтэй нь биш. Эмэгтэйчүүдийн хувьд энэ тал дээр жаахан шарааны юм болдог тал бий. Хүний эрх, эмэгтэйчүүдийг угаасаа дорд үзсээр ирсэн Хятад зэрэг оронд тоо физикийн уралдааныг эрэгтэй эмэгтэй гэж хоёр ангилж өгдөг гэсэн шүү.
-Хүүхдийн дунд явагддаг урлаг, спорт ямарваа тэмцээн уралдаан дээр хөдөө орон нутгаас ирэгсэд хотынхноос ер дутахгүй голдуу илүүрхэж чаддаг атлаа аанай л “мать” гэхээр нурмайгаад явчихдаг бичигдээгүй уламжлал байна аа. Оюун ухааны “Манзушир” бурхныг өвөртөө залсан Богд ууланд нь учир байдаггүй л юм бол  бодлогын хариуг олоход хот хөдөөгийн газарзүйн байршил энд хамаагүй л баймаар.  50 жил тоогоор уралдахад бараг бүгдэд нь Улаанбаатар баг түрүүлсэн юм гэхчив. Монголын математикийн олимпиад \ММО\ гэж явагддаг болоод өнөө жил хагас зуун жилтэйгээ золгож байгаа юм байна. Энэ хугацаанд одоогийн эрхэм гишүүн Р.Гончигдорж зэрэг цөөн хэдэн хүүхэд л хөдөөнөөс  орж ирж амжилт үзүүлсэн сонин статистик гардаг.
Энэ сарын эхээр болоод өнгөрсөн ММО-д хамгийн гэгдэх амжилтуудыг үзүүлсэн гурван багштай уулзаж жаал жуул ярилцсанаа толилуулж байна. ММО-д хамгийн олон түрүүлж \Тав түрүүлсэн\ бөхөөр бол дархан аварга болоод байгаа Б.Баяржаргал энэ удаа медальгүй хоцорсон ч нэг бодлогын хариуг гайхалтай уран аргаар бодож олсон нь сонирхогчдынхоо дотоод ертөнцөд дуулиантай явдал болжээ. Үзэгч сонирхогч байдаггүй энэ уралдааны  “уран гоё”-оос нь хэвлэл дээр учир начрыг нь олж нийтлэх байтугай шивэх шрифт фонт ч маний компьютерт алга. Б.Ганбилэг багшийн хувьд хоёр өдөр өрсөлддөг тэмцээний нормт зургаан бодлогоос хамгийн олныг буюу 3,5 бодлогыг зөв бодож нийт багш сурагчдын дундаа аваргуудын аваргаар шалгарч, зохион байгуулагчид, тэмцээнийг  ивээн тэтгэгч нарын зүгээс “СЕЙКО” цаг, ухаалаг гар утас, сая төгрөгийн бай гээд хөөрхөн шагналын хур буулгаад авсан гэнэ шүү. Ганбилэг бас Баяржаргалын амжилтыг  энэ жил гүйцэж ирснээр адилхан ММО-ийн таван түрүүтэй болж, энэ  хоёр багш  Монгол тооны зүлэг цагаан, дөрвөлжин шугамтай  дэвжээний зүүн барууныг  магнайлах эрэмбэтэй болжээ. Цаана нь улсад дөрөв түрүүлсэн хоёр багш байгаа гэсэн.
Харин Б.Ганбат гээд ноднин Их сургуулийн онолын математикийг дүүргэсэн хүү сая хүрэл дээр бууж хамгийн залуугаараа медальд хүрсэн багш номинацид багтажээ. Одооны их дээд сургуульд элсэн орж буй хүүхдүүд дөрвөн жилийн дараа бараг бүгдээрээ яаж ийгээд дипломоо өвөртөлдөг бол МУИС-ийн “Онолын мать” тийм биш гэсэн. Ганбаттай хамт элсэн орсон тавин хэдэн хүүхдээс хичээлээ дийлэхгүй хасагдсаар арав хүрэхгүй нь төгссөн нь энэ ангийн хувьд гайхаад байх юм биш аж. Дашрамд дурдахад эдгээр гурван багш нэг дор буюу математикийн гүнзийрүүлсэн сургалттай хувийн хэвшлийн “Олонлог” сургуульд ажилладаг юм байна. Эдний сургууль сая нийтдээ долоон медаль авснаа “тааруухан” оролцлоо гэж дүгнэцгээж байна лээ.
-Яахав албан бус дүнгээр бол нэгдүгээр сургуулийн дараа хоёрт “Олонлог”, гуравт “Орчлон” орлоо гэсэн үг л дээ. Бид чинь зарим жилд таван алт авч байсан ч удаа бий. Харин хойтон жил ММО “Олонлог” сургууль дээр зохиогдох “олимпийн эрх” авчихлаа.
-Тооны дэлхийн аварга гэгдэх Олон улсын математикийн олимпиад Өмнөд Африкт сар гаруйн дараа зохиогдох агаад түүнд явах Монголын “Баг тамирчид”-ыг манай дээр бэлдэж байгаа. Багийн ерөнхий дасгалжуулагчаар нь “Олонлог”-ийн үүсгэн байгуулагч Б.Баясгалан багш шалгарсан.  
-Энэ жил “Сант” сургууль их сайн оролцож хүүхдүүд нь медальд хүрсэн. 11-р сургуулийн хувьд дандаа гоц авьяастнуудыг өөртөө сонгон шалгаруулж элсүүлдэг гэхэд тийм санасанд хүртэл “давхисан”-гүй.
-“Олонлог” руу давж орох босго нь хүүхдүүдийн хувьд тоонд бусдаас гарамгай байх албагүй. Харин багш нарын хувьд өөр. Бид тоо бодох есөн шинж нь бүрдсэн хүүхдийг хурдан морины уяач шиг хайж явдаггүй. Манай шилдгүүд манай л унаган “адуунууд” гэдгээрээ бахархдаг.
-Олимпиадын олон алдартантай гэгдвэл Монголын топ сургууль болчихож байгаа нь тэр. Тийм мундаг сургууль руу эцэг эхчүүд, хүүхдээ чирэн зорих нь тодорхой. Энэ бол зах зээлийн зарчим. Зарим өрсөлдөгч маань манайхыг доош нь хийж өөрсдийгөө сайн гэгдүүлэхийн тулд янз бүрийн арга сүвэгчилж байгаа харагддаг. Их олон сургууль дээр хэвшил болсон шударга бусаар алдаршдаг арга бий. Хэдхэн сайн хүүхдийг тусгайлан бэлдэж тэмцээнд оруулдаг ба бусад түмний хүүхдийг гаргуунд нь хаядаг явдал юм. Энийг нь хүүхэд гэртээ хариад ховлочихож магадгүй гээд муучуудад бага даалгавар өгөх, онц дүнг үл хайрлах зэрэг тохирсон авлигатай. Хүүхдэд хичээл заахаас өөр ажил хийхгүй гээд зорилгоо болгосон, үүгээрээ дагнаж ажиллагсдын хувьд иймэрхүү явуургүй барилыг сонгодоггүй юм. Бид хэл амнаас айгаад бусармаг юм эхнээсээ хийлгүй өдий хүрсэн ба харин ч хичээлдээ хоцрогдсон хүүхэдтэй тулж ажиллах гэдэг үнэн залхам ажилд хамаг цагаа бардаг.
-Сургалтын программ, удирдлага маш зөв эрүүл тогтолцоотой, хүчирхэг хамт олон бүрдүүлснээр ахар хугацаанд “Олонлог школ” бий болгож чадлаа. Уралдаанд манай багш сурагчид байнга азтай хоншоортой оролцдог. Хамгийн том тэмцээн болох ММО-д л зориулж сар орчим хугацаагаар тусгайлан бэлддэг. Өөр төрлийн хичээлийг хоёрт тавих, төгсөх жилд нь зөвхөн конкурст бэлдэх зэрэг ажиллагаанууд манайд байдаггүй.
-Манай нэг ахмад багш “Лүн” тавина гэж хөгжөөдөг юм. “Лүн, Бан” гэж лам нарын сургалтын арга хэлбэр юм уу даа. Багш шохойгоо бариад  самбар халтардуулах бол одоо чинь ихээхэн хоцрогдсон арга л даа. Энэ аргаар “лүн” тавихаар л хүүхэд илүү сайн сураад байх юм. Интернэт дэх олон хувилбарын  цахим сургалтуудаас сонголт хийн хот хөдөө хаана ч багшгүйгээр амжилт олж болдог. Тийм үр дүнгүүд ч бишгүй. Гэхдээ л багш шавь хоёр нүүр тулан хичээллэх нь  гар ажиллагаа ихтэй, олон хүүхдэд тэр болгон хүртэж амжихааргүй цаг их ордог ярвигтай болохоор ийм сэтгэл гаргадаг сургууль, багш өнөө цагт тун ховордсон.
-Одоо чинь сурагчдын дунд бүх л төрлийн аварга шалга­руулах уралдан явагддаг болсон. Энэ нь чухал биш гэхийн ч арга байхгүй. Тэр болгоны тоогоор хүүхдэд дараагийн сургуульд элсэхэд  нь ч юм уу хөнгөлөлт дэмжлэг үзүүлээд байвал бүр утгаа алдах юм билээ.
-Харин математикийн хичээл хамгийн хэцүү нь байсан гэдгийг бүх хүн мэддэг нь тун сайн явдал юм. Тэгэхлээр энэ төрлийн хичээлээр сургууль сум, аймаг  дүүргээсээ шалгараад улсад оролцсон намтар бүхий сурагчын хувийн хэрэг хожим баргийн дипломоос илүү үнэ цэнэд хүрдэг. ММО”-дод шалгарч оролцсон байх нь хамгийн чухал гэдэг. Хойшид ч тийм л байна. Овоо гайгүй толгой л олимпиадын шигшээд шалгаран очдог нь тодорхой ба хожим тоогоороо дагнаагүй ч бусад ямар ч салбарт магнайлах эрч хүчийг математикаас олж авдаг.
-Гадаад дотоодын нэр хүндтэй сургуулиуд тооны олимпиадад оролцогсдыг өөр төрлийн аваргуудаас илүүд үзэн сугалж авах олон талын ашиг сонирхол бий. Ямартай ч тухайн хүүхэд ид шидтэй хувилгаан л биш бол оюун ухаанаа дайчлахын тулд багагүй хөдөлмөрлөсний цор ганц нотолгоо нь энэ юм.
-Математикийн гүнз­гий­рүүлсэн сургалттай сургуульд суралцагсад олон жилийн дараа эх орныхоо нөлөө бүхий хүмүүс болж таарна. Тэр үед мөн л муухан ах дүүгээс илүү “олонлог”-ийг өнөөдөр хоорондоо эв найзтай явсны үр дүнд үүсгэж таараа. Нэр алдар бүхий том сургуулиуд зөвхөн гүнзгийрүүлсэн сургалт руу анхаарахын хажуугаар хүмүүжилд нь бас санаа тавьдаг юм.
-Бүх л ажил төрөл тоо тооцоогүйгээр ахицтай явж өгдөггүй. Урлаг спорт дээр ч математик зүй тогтол нь зөв эсэх талаар хэлэх юм дороосоо л гараад ирнэ. Зориудын шаардлагатай л биш бол урлагийг спортын эрх ашигт тохируулах албагүй бол математик талаас нь зайлшгүй харгалзах шалтгаан үргэлж гараад байдаг тул эрт үеэс хүн төрөлхтөн энэ шинжлэх ухаанд хүүхдийг багаас сургасаар иржээ. Дунд зэргийн тоочид өөрийн үндсэн мэргэжил дээрээ математик ярьж илүүрхдэг ба дээд тоочид дээрээ очоод эдийн засаг хуулиараа гэх мэт мэргэжлээ тоонд орчуулан гайшруулж хоёр талд оноо авдаг тал бий. Цэвэр онолын математик нь болохоор нийт хүмүүст өнөөдөр л лав ямар ч хүртээлгүй мөртлөө маш хүнд хэцүү бодлогууд л юм. Хэн дуртай нь очоод бодчихож чадахгүй, хэзээ ч  юунд ч хэрэг болохгүй, хууль теоромд үл захирагдах, тасраад түрүүлээд явчихсан алгебрь, тэгшитгэлүүд нь агаар ус мэт хэрэгцээ болсон тооны ухааны дээд тархи хавьцаа заавал байрлаж байх ёстой юм байлгүй дээ.
-Манай монголчууд хаа очиж тоондоо дажгүй үндэстэн. Оюун ухааны өндөр чадамжтай хүүхдүүдийг жил болгон “үйлдвэрлэж” байгаа нь тамирчин төрүүлснээс илүү ашигтай биш үү? Ач холбогдлын хувьд ашигт малтмал, уурхайгаас дутахгүй баялаг эх орондоо бэлдээд өгчихөж байгаа хэрэг юм. Олон сайн багштай болж дундаасаа цөөн ч хамаагүй сайн шавь боловсруулахыг чухалчилбал мөн ч хэрэгтэй санж. Тэдний аль нэг нь Монголд шинжлэх ухаан зонхилсон өчүүхэн компани байгуулахад л цөөхүүлээ бид тэр дороо л хөгжингүй үсрэнгүй орон болон үр шимийг нь хүртэнэ шүү дээ.

Ж.ГАНГАА

Categories
мэдээ нийгэм

Астана-Улаанбаатарын чиглэлд шууд нислэг үйлдэнэ

Астана-Улаанбаатар, Астана-Баян-Өлгий чиглэлд шууд нислэг хийхээр  Казахстаны агаарын тээврийнхэн манай салбарын яам, агентлагуудтай яриа хэлэлцээ хийж эхэлжээ. Тус улсын агаарын тээврийн “Эйр Астана” болон “Бек Эéр” компанийн нисэх онгоц ýíý çóíààñ Монгол руу шууд нислэг үйлдэх төлөвлөгөөтэй байгаа аж. “Эйр Астана” компанийн онгоц Астанагаас Улаанбаатар чиглэлд  нислэг үйлдэх бол “Бек Эйр” компани Астана-Баян-Өлгийн чиглэлд энэ зунаас нислэг хийхээр төлөвлөж, бэлтгэл ажлаа хангаж байгаа гэнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Батбаяр сайдын ярилцлагыг зөвхөн “Өдрийн сонин”-оос уншаарай


Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяртай манай сэтгүүлч Я.Мөнгөнцэцэг ярилцлаа. Тэр болгон хэвлэлд ярилцлага өгөөд байдгүй эрхэм сайд зөвхөн “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа улс орны эдийн засаг хийгээд цаг үеийн асуудлуудад хариулт өглөө. Онцолбол, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хойд хөршид хийсэн албан ёсны айлчлал, Оюу толгой, валютын ханш, үйлдвэржилтийг дэмжих “888” төсөл, Чингэс бонд өргөн гээд хүрээг хамарсан Н.Батбаяр сайдын ярилцлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас дэлгэрүүлэн унших боломжтой.
Мөн МАН-ын бүлгээс түүнийг огцруулах санал гаргаад байгаа. Энэ тухай манай сэтгүүлчийн асуултад эрхэм сайд хэрхэн хариулсаныг маргаашийн дугаараас тольдоорой. 

Categories
мэдээ нийгэм

Хүчтэй шороон шуурга болно

Ус цаг уурын хүрээлэнгээс ойрын өдүүдэд хүчтэй шороон шуургатай байхыг анхаарууллаа. Маргааш нөгөөдөр болон зургадугаар сарын 1-нд ихэнхи нутгаар салхи 18-20 м/с, зарим үед 24 м/с хүрч ширүүснэ.
Иймээс ард иргэд, албан байгууллагуудыг гэр орон, барилга байгууламж, хашаа хорооны даруулга, бэхэлгээг сайтар хангах, засч сэлбэхийг анхаарууллаа. Барилгын өргөгч автомашин, цахилгаан дамжуулах агаарын шугам, шон, цамхаг, уурын зуухны яндан, зар сурталчилгааны самбар зэргээс холуур явахыг сануулж байна.  
Мөн хүүхдийн баярын өдөр хүчтэй салхи шуургатай байх тул бага насны хүүхдэд тавих хараа, хяналтыг эцэг эх, асран хамгаалагчид сайн зохион байгуулахыг зөвлөлөө.

Categories
мэдээ эдийн-засаг

Бичил бизнесийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх нийслэлийн хөтөлбөрийг баталлаа

НИТХ-ын ээлжит 17 дугаар хуралдаан өнөөдөр болж хуралдаанаар иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх зорилгоор боловсруулсан бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах хөтөлбөрийг хэлэлцлээ.  
 Нийслэл анх удаа “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлэг зохион байгуулж 2014 оныхоо төсвийг болосвруулахдаа нийслэлийн 152 хорооны 318 мянган өрхөөс санал авахад иргэдийн дийлэнх нь бичил бизнес хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Тиймээс иргэдийн саналыг үндэслэн уг хөтөлбөрийг санхүүжүүлэхэд нийслэлийн 2014 оны төсөвт 15,2 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна. Харин энэхүү санхүүжилтийг хэрхэн хуваарилах, ямар зарчмаар явагдах талаар зохицуулалт хийсэн нэгдсэн хөтөлбөрийг боловсруулжээ. Хөтөлбөрийг боловсруулахдаа иргэдийн бичил зээлд хамрагдах шаардлагатай эсэхийг тодруулсан судалгааг өргөн хүрээнд явуулсан аж.  Судалгаанд хамрагдсан өрхийн 87 хувь нь бичил зээлд хамрагдах сонирхолтойгоо илэрхийлжээ.  Хөтөлбөрт нийслэлийн 152 хороонд дунджаар 100 сая төгрөг, цаашлаад хэрэгцээнээсээ хамаарч 200-300 сая төгрөгөөр төсөл хэрэгжүүлэхээр тусгасан байна.
Энэ зээлийг олгохдоо иргэдэд зээлийн нөхцөлийг аль болох хялбарчилж, хүү бага, барьцаа хөрөнгө шаардахгүйгээр олгох юм байна.
Бичил бизнесийн зээл нь ашгийн бус учраас хүүгийн орлого нь зөвхөн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны зардалд зарцуулагдана гэдгийг хөтөлбөрийг боловсруулсан ажлын хэсгээс хэлж байлаа. Зөвхөн зээл олгоод зогсохгүй  бүтээгдэхүүнээ худалдах, борлуулах үйл ажиллагааг энэхүү хөтөлбөрөөр давхар зохицуулахаар тусгасан байна..    
НИТХ-ын ээлжит хуралдаанаар энэхүү асуудлыг хэлэлцэн нийслэлийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх зорилгоор Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах хөтөлбөрийг баталлаа. Мөн бичил бизнесийг дэмжих сан байгуулж журмыг баталлаа. Ингэснээр олон төрлийн шат дамжлагагүйгээр зорилтот бүлгийн иргэдэд бичил бизнесийн төсөл хэрэгжүүлэх боломж олгож байгаа юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.