Categories
мэдээ нийгэм

Тасганы овооноос МҮОНТВ рүү өгсдөг уулзварт явган зорчигчийн замыг гүйцээн тавих үүрэг өглөө

Хувьсгалчдын
гудамж буюу Тасганы овооны уулзвараас, МҮОНТВ хүртлэх 2,52 км  замыг 2007 онд өргөтгөн шинэчилж нийт 14 метр
өргөнтэй, 4 урсгалтай болгосон байна. 
Замын ажлын гүйцэтгэгчээр “ Мон Агаар” ХХК шалгарч 2007 оны 12 сард
ашиглалтад өгчээ.  Энэхүү зам нь
гэрэлтүүлэг, 2 талаараа 2,25 см өргөнтэй явган зорчигчийн замтай байхаар
төлөвлөгдсөн боловч газар чөлөөлөлтийн ажлыг бүрэн хийж чадаагүйгээс зарим
хэсэгт явган зорчигчийн замыг дутуу орхин Улсын комисст хүлээлгэн өгсөн байна.

Энэ хэсгийн
замын зурваст нийтдээ 67 айлын хашаа, үл хөдлөх хөрөнгө байснаас 50 гаруйг нь
чөлөөлжээ.

Замын баруун
хэсэгт 8 айл газраа чөлөөлөөгөөгүйгээс 
явган зорчигчийн зам хийгээгүй бол, замын зүүн хэсгээр 4-5 айл газраа
чөлөөлөөгүйгээс явган хүний замыг гүйцээлгүй ашиглалтад өгчээ. Одоогоор тухайн
хэсгээр зорчиж байгаа иргэд автозамаар явж байгаа нь замын хөдөлгөөний осол
гэмтэлд өртөх эрсдэлтэй байгааг Замын цагдаагийн газраас сануулсаар байгаа юм.

Тиймээс
“Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх ажлыг
зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэг”-ээс тухайн хэсэгт
долоо хоногийн хугацаанд явган хүний зам тавихыг холбогдох албаныханд үүрэг
болголоо. Нийслэлийн Өмчийн харилцааны газраас эдгээр айлуудын хашааг 2 метр
татуулж, “Мон-Агаар” компани нэмэлт хөрөнгө авахгүйгээр явган зорчигчийн замыг
тавих юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс
мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Өсвөрийн сагсчид Майкл Жорданы “Flight School”-д суралцана

Монголын
сагсан бөмбөгийн мэргэжлийн анхны клуб “SBL Хасын Хүлэгүүд” домогт
сагсан бөмбөгч Майкл Жорданы Flight School-тэй албан ёсоор гэрээ байгууллаа.

Энэхүү
гэрээний дагуу “SBL Хасын Хүлэгүүд” клуб нь Майкл Жорданы зуны
сургалтад өсвөрийн сагсан бөмбөгчдөө хамруулахаар болоод байгаа юм.

Тус гэрээнд
“Michael Jordan Flight School”-ийн захирал Mark Raveling болон
“SBL Хасын Хүлэгүүд” клубийн гүйцэтгэх захирал О.Баярцогт нар гарын
үсэг зурж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болжээ.

Ингэснээр
“SBL Хасын Хүлэгүүд” клуб ийнхүү өсвөрийн сагсан бөмбөгчдийг Майкл
Жорданы шавь болох боломжийг нээж өглөө.

Categories
мэдээ улс-төр

Монголоос хөөгдөж буй Өвөрмонгол залуу Ерөнхийлөгчид ийм захидал илгээжээ

Манай улсад хорь гаруй жил
амьдарсан Өвөрмонгол иргэнийг арав хоногийн дотор Монголын газар нутгаас
гарахыг шаарджээ. Энэхүү иргэн Монгол эхнэртэй байсан гэнэ. Хэрвээ Монголоос
албадан гаргахдаа тулбал өөрийгөө шатаана хэмээн Ерөнхийлөгчид хүртэл захидал
бичсэн байна. Түүний захидлыг бүрэн эхээр нь хүргэе.


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ
ТАНАА ӨРГӨДӨЛ ГАРГАХ УЧИР НЬ:

Монгол хүн, Монгол охины аав, Монгол улсдаа 22 жил амьдарсан, гэм буруугүй
Норовцэрэн овогтой Алхаа миний биеийг ГИХАЭГ-аас гэнэт 10 хоногийн дотор Монгол
улсаас сайн дураараа гар, гарахгүй бол албадан гаргана гэж тулган шаардсан
тухай

Норовцэрэн овогтой Алхаа миний бие 1968 оны 8-р сарын 8-нд БНХАУ-ын Өвөр
Монголын Өөртөө Засах Орны Шилийн гол аймгийн Зүүн Сөнөд хошууны Далай сумын
Баян Эрдэнэ багт малчин ард М.Норовцэрэн, Д.Цэрмаа нарын 6 дахь хүүхэд болон
төрсөн. Намайг төрөх үед Соёлын хувьсгал ид явагдаж байсан тул цагийн эрхээр
албан бичиг баримтад Вэнь Шин хэмээн хүчээр хятад нэрээр нэрлэсэн боловч гэр
бүлийнхэн Алхаа хэмээх сайхан монгол нэрээр нэрлэсээр ирсэн билээ.
Эцэг эхийн гар дээр өсч хүмүүжээд, 1976-1987 он хүртэл сум, баг,хошуундаа
монгол ерөнхий боловсрол эзэмшсэн. 1 жил хонь хариулаад 1988-1992 онд Хөх хотод
хүн эмнэлгийн сургуульд сурч төгссөн.
1992-1997 он хүртэл Монгол Улсын Их Сургуулийн Олон улсын харилцааны дээд
сургуульд сурч төгссөн. 1994 онд Монгол улсын иргэн Э.Ундармаатай гэр бүлээ
батлуулж, дараа жил нь буюу 1995 онд амьдралын минь утга учир болсон
Нандинцэцэг охин минь төрсөн билээ.
2010 онд хайрт хань Э.Ундармаа хорт хавдрын улмаас нас барсан бөгөөд одоо охин
Нандинцэцэгийн хамт амьдарч байна.
Монгол улсад миний бие 22 жилийн турш тасралтгүй амьдарч байгаа бөгөөд 1999
оноос хойш гадагш нэг ч удаа яваагүй билээ. Гэмт хэрэг үйлдэж байгаагүй. Ял
шийтгэл эдэлж байгаагүй. Хайрт ханиа бурхны оронд одсоноос хойш 4 жилийн турш
гэрт орж эм, гадаа гарч эр болж, өнчин охиноо асарч бойжуулахын тул үнэнч
шударгаар хөдөлмөрлөж ирсэн. Монгол улсад оршин суух биеийн үнэмлэхээ ч цаг
тухайд нь сунгуулж ирсэн. Гэтэл 2014 оны 5-р сарын 5-ы өдөр Гадаадын Иргэн
Харъяатын газраас “2014 оны 5-р сарын 15-ы дотор Монгол улсаас сайн дураараа
гарах, эс тэгвээс албадан гаргана” гэсэн Гадаадын иргэний хяналтын улсын
байцаагч Б.Уранчимэгийн гарын үсэгтэй 0000243 тоот албан бичиг өглөө. /Тус
албан тоотыг хавсаргав/
Монгол улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлэг /Хүний эрх, эрх чөлөө/-ийн 16-р
зүйлийн 11-т зааснаар “Улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр
бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй. Гэрлэлт нь хуулиар тогтоосон
насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын тэгш эрх, сайн дурын харилцаанд
үндэслэнэ. Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхолыг төр хамгаална”
хэмээн заасан байдаг. Бурхан болооч Э.Ундармаа бид хоёр хайр дурлалаар
холбогдож, сайн дурын үндсэн дээр гэр бүл болсон бөгөөд монгол улсын гэр бүлийн
хуулийн дагуу бүртгэгдсэн болно. /гэрлэлтийн баталгааг хавсаргав/
Миний охин Нандинцэцэг нь монгол улсын иргэн бөгөөд би өөрийн өнчин охиныхоо
сурч боловсрох, эрх чөлөөтэй амьдрах боломжыг хангах, асран хамгаалах эрх
үүрэгтэй гэж бодож байна. Энэ эрхийг нь ч төр хамгаална гэж бүрэн ойлгож байна.

Миний бие БНХАУ-ийн иргэнээс гарах өргөдөл хүсэлтийг БНХАУ-ын элчин сайдын
яаманд удаа дараа өгсөн боловч, хууран мэхэлж, хавчин гадуурхах хандлага
гаргасаар ирсэн. Мөн урьд нь Монгол улсын Гадаадын иргэдийн асуудал хариуцсан
албанд монгол улсын иргэншилтэй болох хүсэлт гаргаж байсан боловч “Хятадын
иргэншилээс бидний зөвшөөрөлгүйгээр гарч болохгүй” гэсэн сануулгыг байнга
өгсөөр ирсэн. Мөн хууль хүчний байгууллагад ажиллаж буй зарим нэгэн үл бүтэх
этгээдүүдийн зүгээс дүрвэж, цагаачилж амьдарч буй олон өвөр монголчуудад болон
Норовцэрэн овогтой Алхаа миний биед хавчлага дарамт үзүүлсээр ирсэн.

Үүний нэг жишээ нь: Намайг 2013 оны 1-р сарын 17-ы үүрээр хаанаас хэн гэдэг
нь мэдэгдэхгүй 4 хүн гэрт хүч түрэмгийлэн ямар ч баривчлах тогтоол
үзүүлэлгүйгээр дайран орж ирээд, баривчлан гавлаж аваад гарсан. Явж байх замдаа
намайг асуухад “Чи очоод мэдэх болно оо” гэсэн. Тэгээд Нийслэлийн
цагдаагийн газрын 3 давхарын өрөөнд оруулаад, хийх нь байтугай сонсч ч
байгаагүй хэрэг тулгасан. Энэ тулгаж буй хэргийн талаар юу ч мэдэхгүй гэдгээ
хэлсэн. “За тэгвэл чамайг эрүүгийн хэрэг үүсгэн шалгана” гэж дагуулан
бууж, тэр шөнийн ерөнхий жижүүр байсан Ж.Батбаяр дэд хурандаад хүлээлгэн өгсөн.
Тэгээд мөн нөгөө л хятадуудтай холбоотой хэргээ хүлээ гэж дарамтлан, урагшаа
Замын үүдийн цагдаа руу Ж.Батбаяр дэд хурандаа залгаж, “Одоо чи шууд
урагшаа гарч, Эрээний цагдаагийн газар очиж, энэ хүний холбоотой бүх материалыг
олж ир. Гэхдээ хэдэн монгол цагдаагийн нэр хэлж, тэр хэдтэй уулзаж болохгүй
Шилийн голынх, нас нь ойролцоо юм байна таньж магадгүй” гэж хэлсэн. Дараа
нь энгийн хувцастай том биетэй хүн орж ирээд, “Та муусайн чоно нохойны
эрлийзүүд, Хятад монголын харьцааг муутгах гэлээ” гээд шууд толгой
түрүүгүй зодсон бөгөөд энэ хүн бол дэд хурандаа Энхбаяр гэдэг хүн байсан. Энэ
хүн намайг “ална” гэж заналхийлдэг байж байгаад, дараа нь
“алуулна даа” гэж заналхийлж, хилс хэрэг хүлээлгэхийг оролдож,
дарамталдаг байсан. Зодуурын улмаас нүдний хараа муудсан, толгой байнга өвддөг
болсон. Тэгээд Хан-уул дүүргийн прокурор руу дэслэгч Чинбат дагуулж очин, гарын
үсэг зуруулаад, 461-р хорин ангид 17 цагт хүргэж өгсөн. Тэгээд 72 цаг хорьсон.
Хорьсны дараа, бүтэн сайн өдөр дэслэгч Чинбат очиж аваад, тэр шөнөдөө НЦГ-ын
ГХТГ-ын Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэсийн ахлах мөрдөн байцаагч,
цагдаагийн дэд хурандаа Ж.Батбаярт хүлээлгэж өгсөн. Хурандаа Ж.Батбаяр шатны
хонгилд парнаас гавлаж хонуулсан. Тэгээд дараа өдрийн 14 цагт манай гэрт
нэгжлэг хийгээд, дэд хурандаа Ж.Батбаяр 2013 оны 1-р сарын 21-ий өдөр 17 цаг 50
минутад Түмэн-Очир овогтой Эрдэнэ-Очир, Эрдэнэбаатар овогтой Мөнхбаяр нарыг байлцуулан
гэрчлүүлж, 5 сая төгрөг барьцаалж, сулласан. /Барьцаа авсан тухай тэмдэглэлийг
хавсаргав/
Энэхүү 5 сая төгрөгийг надаас түр хэрэглэе гэж хэлээд өнөөг хүртэл эргүүлж
өгөөгүй хирнээ дэд хурандаа Ж.Батбаяр, дэслэгч Чинбат нар ээлжлэн өдөр бүр
өглөөний 8 цагаас 17 цаг хүртэл мөрдөн байцаах газарт 10 сарын турш ажил
хөдөлмөр хийлгэлгүй хохироож, сэтгэл санаа, бие махбодийн хүнд дарамт
учруулсан. Намайг НЦГ-т шалгагдаж байх үед нэг хэлтэст хамт ажиллаж байсан
ахлах дэслэгч Бэхбат нь өнөөдөр ГИХАЭГ-ын Албадан гаргах албаны даргаар ажиллаж
байна.
22 жил Монгол улсдаа амьдарч, сайхан монгол бүсгүйтэй ханилж, сайхан үр
хүүхэдтэй болж амьдарч ирсэн миний амьдралд хүн чанараар хөлийн чигчий
хуруунаас доор цагдаа хүчний байгууллагын зарим нэгэн хүмүүс хар сүүдрээ
тусгасан гэж бодож байна. Тусгаад зогсохгүй одоо миний амьдрал миний охины хувь
заяагаар дооглон тохуурхаж, харь элэгтний хатуу цаазанд сөгдүүлэхээр зэхэж
байна гэж ойлгож байна. Тиймийн тул Норовцэрэн овогтой Алхаа миний амь нас,
миний охины аюулгүй байдлын төлөө таныг эрүүл саруул ухаанаар хандаж, авран
хамгаалж, улсын эцэг хүний хайр ивээлийг хүртээнэ хэмээн найдаж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 3-р бүлэг /Монгол улсын төрийн байгуулал/
33-р зүйлийн 9-д “Монгол улсын харъяат болох, харъяатаасаа гарах, тус
улсад орогнох эрх олгох асуудлыг шийдвэрлэх” эрх үүргийн хүрээнд Монгол
улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж та Норовцэрэн овогтой Алхаа миний биед
монгол улсад орогнох эрх, ус уух хувь тавилан, өнчин охиндоо эцэг байж, асран
хамгаалах эрхийг олгоно уу?
Хэрвээ намайг Монгол улсаас албадан гаргах үйлдэл хийх аваас би өөрийн биеийг
шатааж, эргэн төрөх сүнсээ монголынхоо гал голомт, газар шороондоо үлдээнэ ээ.
Энэ насандаа монгол хүн болж төрөөд, монгол улсынхаа иргэн болж чаддаггүй юм
бол ирэх төрөлдөө монголдоо төрөх нь дамжиггүй болно.
Өргөдөл гаргасан:
Цагийн хавчлаганд Вэнь Шэн хэмээх хятад нэртэйгээсээ болж,
хавчигдан гадуурхагдаж яваа
Норовцэрэн овогтой Алхаа …
2014 оны 5-р сарын 6.

Categories
мэдээ нийгэм

Төмөр замын эмнэлгийн уулзварыг ирэх амралтын өдөр хаана


 

Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны
нутаг дэвсгэрт Шүүхийн гудамжны 1 км авто замын шинэчлэлтийн ажлыг “Монгол Сата
интернэшнл” ХХК гүйцэтгэж байна. Уг ажлын хүрээнд П. Жасрайн гудамж буюу Төмөр
замын эмнэлгийн уулзварыг энэ сарын 10-ны 08:00 цагаас эхлэн хааж, зам сэтлэх
бөгөөд борооны ус зайлуулах шугамын холболтыг хийж тавдугаар сарын 12-ны 08:00
цагт нээхээр боллоо гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.

 

Categories
мэдээ соёл-урлаг

Алтайн ятгыг дуурьсгах ёслол болно

Монгол нутгаас олсон нэн эртний Алтайн ятгыг дуурьсгах их
ёслолыг хийхээр болжээ.  2008 онд
Ховд
аймгийн Манхан сум
аас VII зууны Түрэгийн үед  нүүдэлчдийн хэрэглэж байсан  ятга хөгжмийг археологчид илрүүлсэн байдаг.

Энэ нь Монгол Улсад
төдийгүй дэлхийн
хэмжээнд нэн эртний цорын ганц ятгын олдвор болохыг
Герман Улсын Бонны Их Сургуулийн доктор Жан Бэрман
онцолсон удаатай. Тэгвэл Алтайн ятгыг өнөөдөр хэрэглээний түвшинд тоглох
боломжтой болжээ. Нэрт ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ 2013 оноос Алтайн ятгын хөг хөглөгөө,
тоглох арга барилыг судалгааг явуулж, нэлээд үр дүнд хүрсэн байна. Үүний үндсэн
дээр эл хөгжмийн аялгуу эгшгийг олон нийтэд анх удаа танилцуулж сонсгох “Алтайн
ятгыг дуурьсгах их ёслол”-ыг энэ сарын 16-нд АСА циркт зохион байгуулахаар
болжээ. Ёслолын ажиллагаанд удирдаач Д.Ганпүрэв, Төрийн хошой шагналт, хөгжмийн
зохиолч Н.Жанцанноров, нэрт ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, Бөртэ хамтлаг, Бүх цэргийн
эрдмийн дуу бүжгийн чуулгын найрал хөгжим, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын
найрал дуучид тэргүүтэй 100 гаруй уран бүтээлчид оролцох аж.

Э.Номин

Categories
гадаад мэдээ

Чан Сон Тхэкийг цаазлаагүй гэв

Умард Солонгосын удирдагч Ким Чен Уны  дотны нөхөр гэгддэг
Америкийн нэрт сагсан бөмбөгч Деннис Родман “DuJour” сэтгүүлд
ярилцлага өгчээ. Тэрбээр
ярилцлагадаа Ким Чен Ун хүргэн ах Чан Сун Тэкийг
цаазлаагүй гэсэн нь олныг
шуугиулаад байна. “Би Чан Сун Тэкийг нүдээр харсан. Тэр миний хажууд зогсч
байсан” гэжээ. Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун энэ оны нэгдүгээр
сард өөрийн авга эгчийн нөхөр Чан Сун Тэкийг хэрцгийгээр цаазалсан мэдээ олон
улсын хэвлэл мэдээллээр хэсэгтээ шуугиулсан билээ. Умардын Засгийн газрын мэдээллийн агентлаг ч эл мэдээллийг албан ёсоор зарласан.
Мөн түүнийг Засгийн газрын ордноос баривчлаад явж буй зургийг ч нийтэлж байсан.
Ким Чен Ун хүргэн ахаа 100 гаруй өлсгөлөн нохдод бариулсан гэдэг. Харин энэ
бүгдийг сагсан бөмбөгчин Д.Родман няцаажээ. Мөн үүний зэрэгцээ тэрээр Пхеньянд хамт очсон “NBA”-ийн тоглогчид  тус бүр
30,000-35,000 ам.долларыг Хойд Солонгост төлсөн гэдгийг ч мэдээлжээ.

Э.Номин 

Categories
мэдээ цаг-үе

“Би хөгшнөө тийшээ яаж ганцааранг нь явуулах вэ дээ”

Гэгээн ариун хайр,
гал халуун дурлал, хайртынхаа төлөө амь насаа ч хайрлахгүй тэмүүлж, тэмцэлдсэн түүх,
домгуудыг хүн төрөлхтөн мэддэг. Ном, зохиолд гардаг хайрын түүхүүдийг унших дуртай
мөртлөө тийм хайр бодит амьдрал дээр байдаггүй гэх хүмүүс бий.

АНУ-ын Охайод
амьдарч байсан Фэлүмлээ гэх гэр бүлийн хайрын түүх дэлхий нийтийн анхаарлыг татаж
“Хайр гэдэг чинь энэ шүү дээ” гэх өгүүлбэрийг нэгэндээ сануулахад хүргэж байна.

1944 он. Кеннет
Фэлүмлээ гурван жил үерхсэн хонгорхон Хэлендээ гэрлэх санал тавьжээ. Тэр хайртай
бүсгүйдээ энэ саналыг тавих гэж олон сарын өмнөөс бэлтгэж, хэлэх үгээ эвлүүлж чадахгүй
тэвдэж. Хэлен нь “Надтай гэрлээч. Үлдсэн амьдралаа надтай өнгөрүүлэхийг зөвшөөрөөч”
гэх гуйлтыг амьсгал даран сонсохдоо зүрх нь золтой л зогсчихоогүй гэнэ. Учир нь
Хэлен энэ хэдэн үгсийг хайртай залуугаасаа сонсохыг тэсэн ядан хүлээж байжээ. Ингээд
хосууд 1944 оны хоёрдугаар сарын 20-нд хуримаа хийж, гайхамшигт хайрын түүхээ бадраажээ.

Фэлүмлээ, Хэлен
хоёр гурван охин, таван хүүтэй өнөр өтгөн айл болжээ. Хэлен хүүхдүүдээ асрах, гэр
орноо авч явах их ажилтай. Харин Фэлүмлээ гэр бүлээ тэжээхийн тулд шаргуу хөдөлмөрлөнө.

Хосууд амьдралын
төлөө чадах чинээгээрээ зүтгэж, зовохдоо зовж жаргахдаа жаргаж байсан ч хэн нь ч
“Би ядарч байна. Энэ амьдралаас залхаж байна” гэж гомдоллож байгаагүй аж. Тэднийхтэй
хөрш байсан айлууд “Фэлүмлээгийнхэн ер бусын айл байсан. Тэднийхнийг хэрэлдэж, чанга
дуугаар ярилцаж байсныг хэзээ ч хараагүй. Эхнэр нөхөр ямар эв найртай, биедээ халамжтай
байх ёстойг тэр хоёроос л хардаг байлаа” хэмээн дурссан байна.


Он цаг улирч үр
хүүхдүүд нь тусдаа гарч, Фэлүмлээ, Хэлен хоёр гэртээ үлджээ. Фэлүмлээ 1983 онд төмөр
замаас тэтгэвэртээ суужээ. Ингээд тэрээр гэргийгээ дагуулаад 50 муж улсаар аялах
уртын урт аян замд гарчээ. Тэд дандаа автобусаар аялсан байна. Фэлүмлээ “Онгоцоор
явбал байгалийн сайхныг харж чадахгүй, сонин сайхан зүйлийг өнгөрөөчихнө. Автобусаар
явбал бүхнийг харна. Хайртай хүнтэйгээ сайхан зүйлийг хамтдаа харах нь хамгийн том
жаргал байдаг” хэмээн тухайн үед хүүхдүүддээ хэлж байжээ.

Тэрээр “Би өөрийгөө
ганцаар байгаагаар ер төсөөлж үзээгүй. Хүн хайртай хүнээ хэзээ ч ганцааранг нь юманд
явуулж болохгүй. Хэзээ ч ганцаардуулж болохгүй” хэмээн хөвгүүддээ захидаг байж.
Эхнэрийнхээ дулаан амьсгал, зөөлөн гар, энхрий харцыг юу юунаас ч илүү хайрлаж,
сэтгэлийг нь сэвтээхгүйн тулд бүхнээ зориулдаг нэгэн байжээ.

Хэлен нөхөртөө
өөрөөсөө ч илүү итгэсээр ирсэн тухайгаа ач охиддоо ярьдаг байсан аж. Хүүхдүүд нь
“Аав маань тэтгэвэрт гарсан цагаасаа эхлээд ээжийг минь бүр илүү халамжилж эхэлсэн.
“Гэр бүлийнхээ төлөө зүтгэсээр чамайгаа гээхээ дөхөж” хэмээн хэлээд духыг нь үнэрлэдэг
байсан” тухай дурссан байна. Нэгнийгээ хамрын шуухинаа хүрэхэд сандарч “Намайг орхих
гээ юу” хэмээн биедээ гомдоллодог байсан гэнэ.

Гэвч хайраар дүүрэн
энэ амьдралд төгсгөл ирж Хэлен өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12-нд 92 насандаа хорвоогоос
оджээ. Ханиа алдсан Фэлүмлээ хэнтэй ч юу ч ярилгүй шөнөжингөө эхнэрийнхээ дэргэд
суусан байна. Маргааш өглөө нь тэрээр хувь тавилантайгаа сая л эвлэрч хүүхдүүддээ
“Ээж нь явчихлаа. Энэ яваа насандаа намайг ээжийг чинь ганцааранг нь хаашаа ч явуулж
байгаагүйг та нар мэднэ. Ээжийг чинь тийшээ яаж ганцааранг нь явуулах вэ дээ” хэмээн
хэлээд гурван цагийн дараа Фэлүмлээ амьсгал хураажээ. Аав, ээжийнхээ хайрын гайхамшигт
түүхийг хүүхдүүд нь дурсан ярьж “Аав, ээж хоёр маань хэзээ ч салж байгаагүй. Тэд
нэгнийгээ муухай үг, үйлдлээр гомдоож байсныг бид хараагүй. Хайр нь нас нэмэх тусам
улам нялхарч, харцаараа нэгнээ ойлгодог болчихсон байсан. Өглөөний цайгаа уухдаа
гар гараасаа барилцан, оройн хоолон дээр 
“Ийм сайхан хайр заяасан тандаа баярлалаа” хэмээн бурханд залбирцгаадаг байлаа.
Аав маань ээжийг харанхуй шөнөөр ганцааранг нь гаргах нь бүү хэл гудамжны үзүүр
дэх хачиртай талхны мухлаг руу ганцааранг нь явуулахыг хүсдэггүй байсан. Тэд хаашаа
ч явсан хамт байдаг байлаа” гэж тэднээрээ бахархаж байгаагаа илэрхийлжээ.

Ууган хүү нь
“Аав маань энэ бүхэнд бэлэн байсан. Ийм зүйл болно гэдгийг мэдэж байсан. “Чамайг
энэ орчлон дээр үлдээж ганцаардуулахгүй” гэж ярьж байсныг нь сонссон. Магадгүй аав
минь үхлээ хойшлуулаад ээжийг минь эхэлж үдсэн байх. Аав маань ээжид хайртайгаа
эцсийн хоромд нь хүртэл ингэж мэдрүүлсэн. Бидний аав ээжийг минь ганцааранг нь явуулахыг
хүсээгүй болохоор 15 цагийн дараа араас нь одсон” хэмээн санаа алджээ.

70 жил ханилан
амьд­рахдаа нэгнээ хайрын дээдээр хайрлаж, насан эцэстлээ тангарагтаа үнэнч байсан
хосын хайрын энэхүү түүх өнөөдөр хүн төрөлхтөнд “Хүний амьдралд үнэнч хайр гэж бий.
Зөвхөн үлгэр, түүх, ном зохиолд байдаг зүйл биш” гэдгийг нотоллоо. “Бидний хайрыг
үхэл л салгана” хэмээн дурлалт хосууд ярилцдаг. Гэтэл энд өгүүлсэн Охайогийн үнэнч
хосуудыг үхэл ч хүртэл салгаж чадсангүй.

Д.ГАНСАРУУЛ

Categories
мэдээ нийгэм

Монгол судлалын олон улсын бага хурал боллоо


Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ,  АНУ дахь Монголын соёлын төвөөс хамтран
зохиодог Монгол судлалын олон улсын 8 дугаар бага хурал энэ сарын 2-4-нд
Вашингтон хотноо амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн хуралд Монгол Улс,
АНУ, ОХУ, БНСУ-ын 20 шахам эрдэмтэн, судлаачид уригдан оролцож, Монголын түүх,
уран зохиол, өнөөгийн Монголын нийгэм дэх тулгамдсан асуудлууд, боловсрол гэсэн
4 салбар хуралдаанд илтгэл тавьж, мэдээлэл хийв.

Элчин сайд Б.Алтангэрэл бага хурлыг нээж хэлсэн үгэндээ,
Монгол Улсын Засгийн газраас гадаад дахь монгол судлалыг хөгжүүлэхэд өндөр ач
холбогдол өгч байгааг тэмдэглэж, үүнд шинээр байгуулагдсан “Монгол судлалыг
дэмжих сан” дорвитой дэмжлэг үзүүлнэ гэж итгэж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр
Монгол судлалын бага хуралд оролцож буй эрдмийн цол зэрэгтэй хүмүүс олон болж,
тавьж буй илтгэлийн чанар сайжирч байгааг олзуурхан тэмдэглэж, цаашид олон
улсын Монгол судлалд хувь нэмрээ оруулахуйц арга хэмжээ болгон хөгжүүлэхийн
төлөө ажиллахын чухлыг тэмдэглэв.

Өмнөх жилүүдийн Монгол судлалын бага хурал манай улсын
түүх археологи, утга зохиол, хэл шинжлэлийн асуудлаар зохиогддог байсан бол энэ
удаа Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өөрчлөлтүүд, тэдгээрийн нийгэмд үзүүлэх
нөлөө, ололт амжилт, алдааг үнэлж цэгнэх, шинжлэн дүгнэх зэргээр шинэ
сэдвүүдийг хөндөж ярилцав.

Бага хурлын нэг салбар хуралдааныг нэрт эрдэмтэн Хангины
Гомбожавын дурсгалд зориулсан бөгөөд түүний амьдрал, уран бүтээлийн талаар
Монгол-Америкийн соёлын нийгэмлэгийн тэргүүн Санжийн Алтан илтгэл тавьж,
Х.Гомбожавийн шавь, Монголч эрдэмтэн А.Кэмпи, яруу найрагч Ч.Дагвадорж нарын
хүмүүс дурсамжаасаа хуваалцлаа. Х.Гомбожав бол АНУ-д монгол судлалын үндсийг
тавьж бэхжүүлсэн, Монгол Улсыг НҮБ-д элсэх, Монгол-АНУ-ын хооронд дипломат
харилцаа тогтоох зэрэг түүхэн үйл явдалд гар бие оролцсон гавьяатай нэгэн билээ.

Хурал зохион байгуулагчдын зүгээс төлөөлөгчдийг АНУ-ын
Конгрессын номын санд зочлуулж, Монголын судар бичгийн өв соёлтой танилцуулав.
Мөн Монголын соёлын төвийн тэргүүн М.Саруул-Эрдэнэ  өөрийн цуглуулгаасаа 1920-иод оны Монголын
хууль цаазын эх бичвэрүүдийг эх хувиар нь дэлгэн үзүүлж сонирхууллаа. АНУ дахь
Монгол Улсын ЭСЯ дээр зохион байгуулагдсан энэ удаагийн бага хуралд нийт 50
гаруй төлөөлөгч оролцов.

Categories
мэдээ нийгэм

430 гаруй мянган автомашинаас ердөө 10 хувь нь татвараа төлжээ


Улаанбаатар хотод бүртгэлтэй бүх
төрлийн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслээс албан татвар, агаарын
бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажил өнгөрсөн гуравдугаар сарын 20-нд эхэлсэн. Тэгвэл уг ажил энэ сарын 31-нд дуусах юм.
Нийслэлийн хэмжээнд үзлэгт татварт хамрагдвал зохих 430.223 тээврийн хэрэгсэл, механизм байгаагаас өнөөдрийн байдлаар
үзлэгт 44.708 тээврийн хэрэгсэл хамрагджээ. Тээврийн
хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажлыг  иргэдэд
аль болох хүндрэл учруулахгүйгээр дүүргүүдийн татварын албаны нэг цэгийн
үйлчилгээгээр дамжуулан зохион байгуулж байгаа юм.  Дүүргийн оношилгооны
төв болон татвар хураах нэг цэгийн үйлчилгээ ажлын өдрүүдэд уртасгасан цагаар
ажилалж байгаа бөгөөд амралтын өдрүүдэд 09:00-19:00 цагийн хооронд ажиллаж
байна. 



 

Дүүргийн
татварын хэлтсүүд:
 Ажлын өдрүүдэд 08.00-12.00, 13.00-17.00
БЗ, БГ, СХД-ийн Оношлогооны төвүүд:
 Ажлын өдрүүдэд  08.00-20.00
Амралтын өдрүүдэд  09.00-19.00


Д/д

Дүүргүүд

Байршил

Хугацаа

1

ЗТЯ-ны
бүртгэл хяналтын газар

Баянзүрх
дүүргийн авто вокзалын ард Таван ган трейд ХХК-ийн байранд

2014.03.20-05.31

2

БГД-ийн
хяналтын үзлэг оношлогооны байр

БГД-ийн
20 дугаар хороо Хөсөг трейд ХХК-ийн хашаанд

2014.03.20-05.31

3

БЗД-ийн
хяналтын үзлэг оношлогооны байр

БЗД-ийн
8 дугаар хороо
Чулуун овоо Авто вокзалийн байранд

2014.03.20-05.31

4

СХД-ийн
хяналтын үзлэг оношлогооны байр

СХД-ийн
20 дугаар хороо
Автобус-2 ХК-ий хойд талд

2014.03.20-05.31

5

Хан-Уул дүүргийн
татварын хэлтэс

ХУД-ийн
3-р хороо ЗДТГ-ын хажууд
Татварын хэлтсийн байр

2014.03.20-05.31

6

Баянгол
дүүргийн татварын хэлтэс

БГД-ийн 
1-р дүгээр хороо,
Татварын хэлтсийн
байр /Хуучнаар хотын гаалийн байр/

2014.03.20-05.31

7

Баянзүрх
дүүргийн татварын хэлтэс

БЗД-ийн
26 дугаар хороо,
Дүнжингарав
худалдааны төвийн байранд

2014.03.20-05.31

8

Сонгинохайрхан 
дүүргийн татварын хэлтэс

СХД-ийн
18 дүгээр хороо
Геологийн төв
лабораторийн ард Татварын хэлтсийн  байранд

2014.03.20-05.31

9

Чингэлтэй
дүүргийн татварын хэлтэс

ЧД-ийн 4
дүгээр хороо Ж.Самбуугийн гудамж ЗДТГ-ын байр “Нэг цонхны үйлчилгээний
танхим”

2014.03.20-05.31

10

Сүхбаатар
дүүргийн татварын хэлтэс

ЧД-ийн
4-р хороо, Сангийн Яамны
баруун талд Тод таур цамхагийн байранд

2014.03.20-05.31

11

цирк
Зтя-ны хяналт бүртгэлийн газар

СБД-н  
циркийн баруун талд

2014,03,24-2014.12.31

12

Налайх
дүүргийн татварын хэлтэс

Налайх
дүүргийн Татварын хэлтсийн
нэг цэгийн үйлчилгээний байранд

2014.03.20-05.31

13

Багануур
дүүргийн татварын хэлтэс

Багануур
дүүргийн Татварын хэлтсийн
нэг цэгийн үйлчилгээний байранд

2014.03.20-05.31

14

Багахангай
дүүргийн татварын хэлтэс

Багахангай
дүүргийн Засаг даргын
Тамгын газрын байранд

2014.03.20-05.31

 


Categories
мэдээ нийгэм

“БИ МОНГОЛ” СУРГУУЛИЙН 5 ЖИЛИЙН ОЙН БАЯР БОЛЛОО

АНУ-ын Оакланд хотын “Гэр” Хүүхдийн төвийн дэргэдэх “Би
монгол” сургуулийн 5 жилийн ойн баяр 2014 оны 5 дугаар сарын 4-нд боллоо.
Энэхүү арга хэмжээнд  Монгол Улсаас
АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар, Калифорни мужийн Бэй
Аэриагийн монголчуудын холбоод, бизнесийн байгууллагууд, эцэг эхчүүд, америк
иргэд уригдан оролцож тус сургуулийн авъяаслаг сурагчдын толилуулсан
хүндэтгэлийн концертыг үзэж сонирхов.

Энэ үеэр “Гэр” Хүүхдийн төвийн удирдлага “Би монгол”
сургуулийн үйл ажиллагаанд хувь нэмэр оруулсан байгууллагууд, хүмүүсийг хүндэт
өргөмжлөлөөр урамшууллаа. Ерөнхий консул Н.Анхбаяр баяр хүргэж хэлсэн үгэндээ
гадаадад суугаа монгол хүүхэд багачуудад төрөлх хэл, соёлыг нь өвлүүлэн уламжлуулахад  “Би монгол” сургуулийн хамт олны олсон
амжилт, хичээл зүтгэлийг сайшаан тэмдэглээд, тэдний энэхүү сайхан үйлсийг
цаашид  ч дэмжиж хамтран ажиллахаа
илэрхийлэв.

Мөн тэрээр “Гэр” Хүүхдийн төвийн Тэргүүн Т.Эс-Олдоход
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас түүний хөдөлмөр бүтээлийг үнэлж олгосон
“Боловсролын тэргүүний ажилтан“ цол тэмдгийг гардуулав.