Categories
мэдээ нийгэм

Уран гарт эмэгтэйчүүдийн урлалыг худалдана

“Уран гарт эхчүүд” үзэсгэлэн маргааш Тусгаар Тогтнолын ордноо гаргах юм байна.  Эрхэлсэн тодорхой ажилгүй болон тэтгэврийн насны өрх толгойлсон хөдөлмөрч ээжүүдийгээ дэмжиж тэдэнд урам зориг өгч, хийсэн бүтээлийг нь зарж борлуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой уг үзэсгэлэнг зохион байгуулж буй гэнэ.  Энэ үзэсгэлэнд 10 хамтгамалч эмэгтэйн бүтээлүүд тавигдах ажээ.

Categories
мэдээ нийгэм

Эко автобус хоёр чиглэлд үйлчилнэ

“Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтод хөтөлбөр”-ийн хүрээнд Зам тээврийн яамны захиалгаар “Цахилгаан тээвэр” компанид байгаль экологид ээлтэй, арван ширхэг JEA-800D загварын Монбус буюу цахилгаан тээврийн хэрэгслүүдийг угсарч үйлдвэрлэсэн билээ. Уг автобусыг нийслэлд хүлээлгэж өгөх үйл ажиллагаа өчигдөр боллоо. Арван ширхэг Монбус эхний ээлжинд 3,4 хорооллоос 120 чиглэл буюу БММЗ, болон офицероос ханын материалын чиглэлд үйлчлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Төмөр замын царигийн төслөө засаг буцааж татлаа

УИХ-ын дарга З.Энхболд пүрэв гаригийн чуулганыг хааж үг хэлэхдээ энэ сарын эхээр Засгийн газраас, бүр тодруулбал Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын өргөн  барьсан  Төмөр замын шинэ шугам барих тухай УИХ-ын тогтоолын төслийг засаг эргүүлэн татаж байгааг мэдэгдлээ. Уг тогтоолын төсөлд олон жил яригдсан өргөн, нарийн царигийн асуудлыг нэг мөр шийдэх зорилт тавьсан байв. Ингэхдээ манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүн гардаг урсгалуудыг нарийн царигтай болгоно. Тавантолгойгоос  Гашуун сухайт,  Сайншандаас  Замын-Үүд,  Хөөтөөс Бичигт хүртэл нарийн цагаригтай төмөр зам тавина. Өөрөөр хэлбэл, урд хөрш рүү гарах импортын бүтээгдэхүүнийг зөөвөрлөх төмөр зам нь нарийн цагаригаар баригдахаар тусгажээ.  Харин Тавантолгойгоос Сайншанд,  Хөөт-Чойбалсан-Нөмрөг буюу Дорнод аймаг руу гардаг зам болоод  Эрдэнэт-Могойн голын хил хүртэлх 550 км замуудыг өргөн царигтай барихаар тусгасан. Тодруулбал, хойд хөрш рүү өргөн, урд хөрш рүү нарийн царигтай төмөр замаар тээвэрлэлт хийгдэхээр хоёулангаар нь төмөр замаа барихаар тогтоолын төсөлд тусгаад байсан юм. 

Categories
мэдээ нийгэм

Авлига авсан хэлтсийн даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Д.Ганхүү бусдын ажлыг хясан боогдуулах замаар авлига авсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Уг хэргийг гэх прокуророос хянаж үзээд, шүүхэд шилжүүлсэн байна. Хэргийг Дүүргийн хоёрдугаар прокурорын газар хянан, яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд шилжүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

“Оюутолгой”-н удирдлагуудыг хэлэлцээрийн ширээний ард суухыг хүслээ

МҮЭХ-ны салбар болох Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлээс өнөөдөр 300 орчим ажилтнаа халсан Оюу толгой компанийн талаар мэдээллээ. Тэд Оюутолгой компанийн удирдлагуудыг хэлэлцээрийн ширээний ард суухыг хүссэн юм. Хэрэв хүсэлтийг хүлээж авахгүй бол тэмцлийн хэлбэрийг сонгоно гэдгээ мэдэгдэв. Тэд Оюутолгой компанийг ажилтнуудын төлөөллийн байгууллагатай гэрээ хэлэлцээр хийгээгүй гэж буруутгаж буй гэнэ. Мөн тэд Монгол Улсын хуулиас давсан шийдвэр гаргаж, дураараа загнаж байгааг зогсоох цаг болсныг хэлээд, өмнө нь ч ажилтнуудаа халж байсан баримт байгааг гэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ш.Түвдэндорж давхар алба хашихад бэлэн гэдгээ мэдэгдэв

АН-ын Гүйцэтгэх зөвлөл өчигдөр хуралдаж, Үйлдвэр хөдөө аж ахуйн  сайдад Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг томилох Ерөнхий сайдын саналыг дэмжсэн.  Түүнээс өнөөдөр сэтгүүлчид энэ тухай тодруулахад “Улс төрийн намын зорилго бол өөрийн бодлогоо засгийн эрх барьж хэрэгжүүлэх байдаг. Улс төрийн намын гишүүний хувьд намынхаа бодлогыг хэрэгжүүлэхэд хувь хүний хүч чадал, оюун санаагаа дайчилж ажиллах ёстой гэдгээр асуудлыг хүлээн авсан байгаа. Одоо байгаа эрх зүйн орчин УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллах боломжтой байгаа. Ерөнхийлөгчийн хувьд 2016 оноос энэ асуудлыг таслан зогсоох ёстой гэсэн байр суурьтай байгаа. Үүнийг дэмжиж байна.Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Тодруулж хэлбэл Засгийн газрын гишүүнд хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг нь Н.Алтанхуяг сайдын эрх. Фракцын тухай ойлголт байгаа ч эрхийн дагуух асуудал гэсэн үг. Засгийн газар, УИХ нь улс төртэй холбоотой учраас тийм таамаглал байгаа байх гэв.
Та давхар ажиллахад бэлэн үү гэсэн асуултад тэрбээр “Намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаад намайг энэ ажилд тохирно гэж үзсэн байна. Үгүй гэж хэлэх эрх байхгүй. Ажил хийхэд бэлэн байгаа. Байнгын хороо, УИХ-аар хэлэлцэнэ. Тиймээс энэ тухай ярихад эрт байна” гэсэн юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайд ам.долларын ханшийн өсөлт түр зуурын үзэгдэл гэв

Ерөнхий сайд сэтгүүлчидтэй уулзахдаа эхэнд нь ОХУ-д хийсэн айлчлалынхаа талаар болон Засгийн газрын хэрэгжүүлж буй Эдийн засгийг идэвхижүүлэх 100 хоног хөтөлбөрийн талаар өгүүлэв. Н.Алтанхуяг сайдын онцолсноор 100 хоногт өргөс авсан мэт үр дүн гарахгүй ч нэлээд сайн суурь бэлтгэгдэнэ гэсэн юм. “Хөтөлбөр батлагдсанаас хойших 20 гаруй хоногт хэд хэдэн хуулийн төсөл УИХ-д оруулж, заримыг нь батлуулж амжсан. 70 ажил байгаагийн хууль эрх зүйтэй холбоотой шинэчлэлийг нь УИХ-ын чуулган завсарлахаас өмнө хийж гүйцэтгэнэ” гэдгийг ч нэмж хэллээ.
Харин ОХУ-д хийсэн айлчлалынхаа талаар “Ирэх таван жилийн хугацаанд ОХУ-аас бензин, түлшний хэрэгцээгээ хангах тогтвортой гэрээ хийлээ. Үнийн хувьд боломжийн. Үүний үр дүнд жилдээ 120 сая ам.долларыг монголдоо үлдээх нөхцөл бүрдэж байгаа. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй уулзаж, Монгол Улс болон ОХУ хооронд дунд хугацааны хамтран ажиллах стратеги төлөвлөгөөний түншлэлийн дүр зураг гаргасан. Мөн Шанхайд болсон уулзалтаар том том үнийн дүнтэй гэрээ хэлцлүүд хийгдсэн. ОХУ-д Монгол Улсаар дамжих хийн хоолойгоо явуулахыг хүсвэл дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Ирэх наймдугаар сард Халх голын ялалтын 75 жилийн ой болно. Энэхүү ойн баярт ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг хүрэлцэн ирэхийг урьсан. Саналыг таатай хүлээн авснаа мэдэгдэж байгаа. Энэ үеэр хоёр улсын иргэдээ харилцан визгүй зорчуулах асуудлыг дахин ярилцана. Олон жил яригдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд  ахиц гаргасан айлчлал болсон гэж дүгнэж байна” гэв.
Ерөнхий сайдаас сэтгүүлчид дараахь асуултад хариулт авлаа.
-Эдийн засгийг эрчимжүүлэх 70 ажлын хэдийг нь эхлүүлсэн бэ?
-40 гаруй ажлыг эхлүүлээд явж байна. Үүнээс зарим ажил нь хэрэгжээд эхэлчихсэн, зарим хууль батлагдчихсан гээд үр дүн гарсан. 100 хоногт сайн суурь бэлтгэгдэхээс биш бүх зүйл сайхан болчихгүй гэдгийг дахин хэлье.
-“Буянт-Ухаа” хорооллын сугалаанд хожсон иргэд  банкин дээр очоод орлого хүрэхгүй, өндөр настай гэх мэтийн шалтгаанаар зээлээ авч чадахгүй байна  гэсэн шүүмжлэл их байна. Энэ асуудалд Засгийн газар чиглэл өгөх үү?
-“Буянт-Ухаа” хороололд орохыг хүссэн иргэд  30 хувиа төлсөн байх ёстой, үлдэж байгаа 70 хувиа 25 жилийн хугацаанд төлөх ёстой. Сугалаанд оролцсон 1500 гаруй хүнээс 1000 орчим нь байраа авсан гэсэн мэдээллийг өчигдөр өгсөн. Банкин дээр үүсч байгаа асуудлыг бид шийдэх боломжгүй. Өндөр настнууд хүүхдүүдтэйгээ хамтраад авч байгаа тохиолдол байгаа юм билээ гэдгийг дуулгачихъя.
-Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах тогтоолын төслийг сөрөг хүчин өргөх барих гэнэ. Асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
-Огцруулах асуудал миний гар дээр ирээгүй байна.
-МАН-аас хүргүүлсэн  10 хоногийн хугацаатай шаардлагад та яагаад хариу өгөөгүй юм бэ?
-100 хоногийн ажил эхэлж байтал 10 хоногийн шаардлага ирсэн. Ажлаа ч хийнэ, шаардлагад нь хариулна.
-Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал “Ам.долларын ханш нэмэгдэж байгаа нь түр зуурын үзэгдэл” гэсэн. Та энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ. Тэрчлэн Н.Золжаргал ерөнхийлөгчийг солих шаардлагатай гээд байгаа?
-Эдийн засаг хүндрэхэд Монголбанкны нөлөөлөл гэж байхгүй. Ерөнхийдөө дэлхийн эдийн засгийн хямрал бидэнд нөлөөлж байна. Монголбанктай хамтраад бид өнгөрсөн жил зарим хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Эдийн засгийн өсөлтийг зогсоогоод, валютын ханшийг бага хэмжээнд барих, эсвэл хүмүүсийнхээ ажлыг хийлгэн, эдийн засгаа өсгөж, валютын ханшид өөрчлөлт оруулах боломжоос Монголбанк сонголтоо хийсэн. Муутгасан эзэн нь гэж хэлж болохгүй. Цаашид  валютын ханш дээр боломжийн дүр зурагтай байх прогнозыг Монголбанк гаргасан байгаа. Монголбанкны Ерөнхийлөгчийн хэлээд байгаа “түр зуурын үзэгдэл” гэдэг нь үнэн.
Шатахууны хилийн ханш буурсан ч жижиглэнгийн үнэ өснө гээд байх юм?
-Шатахууны үнэ нэмэгдэхгүй байх. Тэнд очиж гэрээ хийж, хямд үнээр авахаар болчихоод, нөгөө талдаа үнэ нэмнэ гэж болохгүй. Гэхдээ шатахууны үнэ буурна гэж хэлэх эрт байна.
-Х.Баттулга сайд УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байхаас татгалзсан ч дараагийн сайдыг нь УИХ-аас томилохоор ярьж байна?
-Үндсэн хуульд УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болно гэж заасан учраас хууль зөрчсөн үндэслэл байхгүй.
-ОХУ-аас БНХАУ руу нийлүүлэх байгалийн хийн хоолойг манай улсаар дамжуулах нь эдийн засгийн хувьд ямар ач холбогдолтой вэ. Манай улсад гарах үр өгөөж, ашгийг нь судалсан судалгаа байна уу?
-Хамтраад ажлын хэсэг гаргаж, судалгаа хийе гэж ярилцсан. Эхний ээлжинд Монголын нутгаар дамжуулбал хаагуур явуулах, дамжуулсан тохиолдолд Монголд хэдэн төгрөг орж ирэх зэрэг асуудлыг ярилцаж байна.  

Categories
мэдээ нийгэм

Дагавар охиноо хэрцгийгээр хөнөөсөн эцэгт 16 жилийн ял оноов

Нэг нас 10 сартай хойд охиноо “өмдөө өмссөнгүй” гэх шалтгаанаар толгойн тус газарт нь гараараа цохин орны толгой мөргүүлэх зэрлэгээр зодож санаатай аминд нь халдсан Н.Аюушд 16 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй ангид эдлүүлэх шийдвэр гарлаа. Энэ хэрэг өнгөрсөн нэгдүгээр сарын 5-ны өдөр 10.00 цагийн орчимд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд гарсан юм. Уг хэрэгт аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.15 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Сум дундын III шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Д.Аюуш нь танхайн сэдэлтээр, насанд хүрээгүй хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.15 дахь хэсэгт зааснаар 16 жилийн хорих ял шийтгэж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Д.Аюушид оногдуулсан 16 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Categories
мэдээ улс-төр

Гэмт хэргийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын нэгдсэн чуулганаар яг одоо Гэмт хэргийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүдийн асуултад Х.Тэмүүжин сайд болон ажлын хэсгийнхэн хариулж байна.
Энэ хууль нь шоронжсон бодлогоос татгалзах, гэмт хэрэг зөрчлийг ялгах, хариуцлагыг үйлдсэн хэрэгт нь тааруулан оногдуулах, хүүхдийн эсрэг хүчирхийллийн хариуцлагыг чангалах, гүтгэлэг, доромжлолыг иргэний хуулиар шийдэх зэрэг шинэлэг зохицуулалтууд агуулсан бөгөөд одоо үйлчилж буй Эрүүгийн хуулийг нэрнээс нь эхлээд үзэл баримтлалын хувьд өөрчилж буй юм. 1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн боловсруулсан 2002 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдсөнөөс хойш цаг үеийн нөхцөл байдал, нийгмийн харилцааны өөрчлөлтийг харгалзан уг хуульд есөн удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Эдгээр нэмэлт, өөрчлөлтүүд нь гэмт хэргийн хохирлын хэмжээг тогтоох болон гэмт хэрэгт тооцох нөхцлийг тодорхой болгох, шинэ гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хуульчлах, Монгол Улс нэгдэн орсон, соёрхон баталсан олон улсын гэрээ, конвенцид нийцүүлэх, түүнчлэн бусад хууль шинээр батлагдаж, бусад хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор хийгдэж иржээ. Харин өнөөгийн нийгмийн харилцааны хөгжил, эрэлт хэрэгцээтэй холбон авч үзвэл Үндсэн хуулиар тунхагласан үнэт зүйлсийг Эрүүгийн хуулиар бүрэн дүүрэн хамгаалж чадаагүй, даяарчлагдаж буй эрин үед олон улсын нийтийн эрх зүйн хөгжлөөс хоцрогдох хандлагатай байна.
 Монгол Улсын Их Хурлын 2012 оны 37 дугаар тогтоолоор батлагдсан Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “ардчилсан нийгмийн үнэт зүйл, зарчим, улс орны хөгжлийн шаардлагад нийцсэн, урьдчилан сэргийлэх, хариуцлага тооцох чадавхтай эрүүгийн хууль тогтоомжийн тогтолцоог бүрдүүлж, ялын бодлогыг оновчтой үр нөлөөтэй, олон сонголттой болгох”-оор заасантай нийцүүлэх, Эрүүгийн хуульд заасан хэм хэмжээг тодорхой болгох, ойлгомжгүй буюу оновчгүй хэрэглэсэн зарим нэр томъёог залруулах, олон улсын гэрээ, конвенцид нийцүүлэх талаар нарийн судлан үзсэний үндсэн дээр Гэмт хэргийн тухай хуулийн төслийг /Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга/ боловсрууллаа. Монгол Улсын нэгдэн орж, соёрхон баталсан олон улсын гэрээгээр оролцогч улсуудад “үндэсний хууль тогтоомжоор зохицуулахыг үүрэг болгосон” 56 асуудлыг зохицуулаагүй буюу хуульчлаагүй байна. Энэ тоог Монгол Улсын Эрүүгийн хуулийн зүйл заалтын тоотой харьцуулахад тус хуулийн заалт 18 хувиар нэмэгдэж, өөрчлөгдөх бүрэн үндэслэлтэй байна. Мөн Эрүүгийн хуулийн долоон зарчмын тав нь буюу 71 хувь нь хэрэгжих боломжгүй байдлаар тусгасан нь тухайн хуулийг шинэчлэн найруулах үндэслэл болсон гэдгийг Хууль зүйн сайд илтгэлдээ дурдав.
 

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын цахим хаягийг эх хэлээрээ ашиглах үйлчилгээ нэвтэрлээ

Улсын Их Хурлын цахим хаягийг эх хэлээрээ ашиглах боломжтой боллоо. Монголд анх удаа цахим хаягийг эх хэлээрээ буюу кирилл үсгээр ашиглах үйлчилгээг “Датаком” ХХК нэвтрүүлсэн байна. “Датаком” ХХК нь УЛСЫН-ИХ-ХУРАЛ.МОН, УИХ.МОН, МОНГОЛ-УЛСЫН-ИХ-ХУРАЛ.МОН, МУИХ.МОН, ПАРЛАМЕНТ.МОН, НЭЭЛТТЭЙ-ПАРЛАМЕНТ.МОН, ИХ-ХУРАЛ.МОН, ХУРАЛ.МОН гэсэн найман домэйн нэрийг ашиглалтанд оруулан “Датаком” ХХК-ийн Ерөнхий захирал Г.Энхболд  УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарт өнөөдөр /2014.05.29/ хүлээлгэн өгөв.
Төрийн байгууллагууд болон Оюуны өмчийн гэрчилгээ эзэмшигч байгууллага, хувь хүмүүсийн домэйн нэрийг бүртгэж эхэлсэн бөгөөд цахим хаягийг эх хэлээрээ ашиглах үйлчилгээ юун түрүүн Улсын Их Хуралд нэвтэрч байгаа юм. Төрийн байгууллагуудын нэрсийг бүртгэх ажил явагдаж байгаа бөгөөд интернэтийн хөтөч програм дээр УИХ.МОН вэб хаягийг кирилл үсгээр бичихэд ямар нэгэн нэмэлт програм суулгалгүйгээр вэб нь шууд ажиллах боломжтой юм.
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар хэлэхдээ, Монгол Улсын Их хурал 1996 оноос өөрийн веб сайтаа нээсэн. Улсын Их Хурал Монгол хэлээр интернэт ордог анхны хэрэглэгч болж буйд Датаком компанийнханд талархал илэрхийлж буйгаа онцлов.


“Датаком” ХХК-ийн Ерөнхий захирал Г.Энхболд, интернэт технологийн шинэ үе болох IDN (Internationalized Domain Name) буюу улс орон бүр өөрийн эх хэлээр дотооддоо домэйн нэр бүртгэх боломж бүхий энэхүү технологи нь Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн төдийгүй Интернэтийн Олон улсын байгууллагын зөвшөөрөлтэйгээр албан ёсоор нэвтэрч буйг хэлсэн юм.


2014 оны 10 дугаар сарын 15-наас өмнө бүх Төрийн байгууллагууд интернет хаягийг эх хэлээрээ ашиглах үйлчилгээнд шилжих бөгөөд дараа нь хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагуудад албан ёсоор нээлттэй болох юм хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.