Categories
мэдээ нийгэм

Таны цус гурван хүний амийг аварна

Монгол Улсад цусны донорын тоо маш бага, байнгын донорын дутагдалтай байдаг ажээ. Ялангуяа оюутан, залуусын хичээл амарсан зуны цагт донорын тоо эрс багасдаг байна. Энэ нь манайд донор болж буй хүмүүсийн дийлэнх нь залуус байдагтай холбоотой аж. Тиймээс оюутан залуусыг тарахаас өмнө удаан хадгалдаг цус,  цусан бүтээгдэхүүнийхээ нөөцийг бэлдэх үүднээс “Амьдрал бэлэглэе” нэг сарын аяныг Цус сэлбэлт судлалын үндэсний төв бол Монгол дахь олон улсын JCI төрийн бус байгууллагаас хамтран зохион байгуулах гэж байна. Аяны нээлт өнөөдрөөс эхэллээ. Түүнчлэн жил бүрийн зургадугаар сарын 14-нд тохиодог дэлхийн цусны өдрийг угтан аяныг явуулж байгаа аж. 

Одоогоор манайд 2800 гаруй байнгын донор жилдээ хоёроос доошгүй удаа цусаа өгдөг байна. Цусны нөөцийн хувьд хадгалах байдлаасаа хамаараад 7-10 хоногийн нөөц байгаа гэнэ. Нэг хүний цуснаас гурван төрлийн бүтээгдэхүүн /ялтсан эсийн бүтээгдэхүүн, сийвэнгийн бүтээгдэхүүн, улаан эсийн бүтээгдэхүүн/ гарган авдаг тул дор хаяж гурван хүний амийг аврах боломжтой байдаг байна. 

Цус сэлбэлт судлалтын үндэсний төв болон JCI байгууллагынхан бүх ард иргэдийг “Амьдрал бэлэглэе” аянд идэвхитэй  оролцохыг уриаллаа. 

Э.Номин

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Аргентинийн шигшээ багийн бүрэлдэхүүн

Өнгөрч буй улиралд тун сайн формтой байсан Карлос Тевесийг Аргентиний шигшээ багт дуудсангүй. Дасгалжуулагч Алеха́ндро Сабе́лья Бразил руу авч явах урьдчилсан бүрэлдэхүүнээ зарласан байна. 30 настай Тевес энэ улиралд Ювентусын өмсгөлтэй 19 гоол оруулж тэднийг аварга болоход онцгой үүрэг гүйцэтгэсэн. 2011 онд Сабе́лья-г Аргентинд ирснээс хойш Тевес шигшээ багтаа тоглоогүй байгаа юм. 

Харин Бундеслигт ердөө 4-хөн гоол оруулсан Вердерийн Франко Ди Санто дуудагдсан нь маргаан дэгдээгээд байна.

Алеха́ндро Сабе́льягын дуудсан 30 тоглогчдын долоо нь тэмцээн эхлэхээс өмнө мөн хасагдах болно. Барса-гийн супер од Лионель Месси багийн ахлагчаар тоглоно. 

Зургадугаар сарын 15-нд Босни-тэй хийх нээлтийн тоглолтын өмнө Аргентинчууд Тринидад-Тобаго, Словений багуудтай нөхөрсөг тоглолт хийх болно. 

АРГЕНТИНИЙ УРЬДЧИЛСАН БҮРЭЛДЭХҮҮН 

ХААЛГАЧ : Mariano Andujar (Catania), Agustin Orion (Boca Juniors), Sergio Romero (Monaco)

ХАМГААЛАГЧ : Jose Maria Basanta (Monterrey), Hugo Campagaro (Inter), Martin Demichelis (Manchester City), Federico Fernandez (Napoli), Ezequiel Garay (Benfica), Lisandro Lopez (Getafe), Gabriel Mercado (River Plate), Nicolas Otamendi (Atletico Mineiro), Marcos Rojo (Sporting Lisbon), Pablo Zabaleta (Manchester City)

ХАГАС ХАМГААЛАГЧ : Ricardo Alvarez (Inter), Ever Banega (Newell’s Old Boys), Lucas Biglia (Lazio), Angel Di Maria (Real Madrid), Augusto Fernandez (Celta Vigo), Fernando Gago (Boca Juniors), Javier Mascherano (Barcelona), Enzo Perez (Benfica), Fabian Rinaudo (Catania), Maximiliano Rodriguez (Newell’s Old Boys), Jose Sosa (Atletico Madrid)

ДОВТЛОГЧ : Sergio Aguero (Manchester City), Franco Di Santo (Werder Bremen), Gonzalo Higuain (Napoli), Ezequiel Lavezzi (Paris Saint-Germain), Lionel Messi (Barcelona), Rodrigo Palacio (Inter)

Categories
мэдээ эдийн-засаг

Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд аж үйлдвэр, барилга, хөдөө аж ахуйн салбар чухал нөлөө үзүүллээ

 Монгол Улсын эдийн засгийн голлох үзүүлэлтүүдээс дотоодын нийт бүтээгдэхүүний өөрчлөлтийг статистикийн хорооноос мэдээллээ. Үйлдвэрлэлийн аргаар тооцсон ДНБ-ний хэмжээ 2014 оны эхний улиралд оны үнээр 3.4 тэрбум төгрөг, 2005 оны зэрэгцүүлэх үнээр 1.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс оны үнээр 18.3 хувь, зэрэгцүүлэх үнээр 7.4 хувиар  өсчээ. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд хөдөө аж ахуйн салбар, аж үйлдвэр, барилгын салбарын өсөлт чухал нөлөө үзүүлжээ. Ялангуяа зэрэгцүүлэх үнээр дотоодын нийт бүтээгдэхүүний өөрчлөлтөд хөдөө аж ахуйн салбар 18.4 хувиар, аж үйлдвэрийн салбар 15.7 хувиар өссөн байна. Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс 2014 оны дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үеийнхээс 19.6 хувь, өмнөх сарынхаас 8.6 хувь, жилийн эцсийнхээс 3.2 хувиар өссөн байна. Өмнөх оны мөн үеийнхээс уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт газрын тос, зэсийн баяжмал зэрэг бүтээгдэхүүний олборлолт 52.3-83.3 хувиар өссөн бол боловсруулах аж үйлдвэрийн салбарт ган төмөр хийц, нарийн боов, бууз, банш, шингэн сүү, цэвэр ус, барилгын модон хаалга, цонх, цемент, гурил, гоймон, вакуум цонх хаалга, зүсмэл материал зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл 3.1 хувиас 2.8 дахин өссөнийг онцоллоо.

Categories
мэдээ нийгэм

Нийт төлийн 99 хувь нь бойжиж байна

Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас өгсөн мэдээллээр одоогоор авсан төлийн 99 хувь нь бойжиж байгаа бөгөөд нийтдээ 11.3 сая төл аваад байгаа юм.  Мөн малын хорогдол 50 хувиар буурсан аж. Том малын зүй бус хорогдол 2014 оны эхний дөрвөн сард улсын хэмжээнд 150.2 мянган толгой болж, өмнөх оны мөн үеийнхээс 193.8 мянган толгой буюу 56.3 хувиар буурчээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Өнөөдөр “Камертон” хамтлагийн тоглолт болно

Өнөөдөр “Мишээл экспо” худалдааны төвд  “Камертон” хамтлагийнхан “Camerton Best hits Unplugged” тоглолтоо хийх гэж байна. Тоглолт оройн 19.00 цагаас эхлэх бөгөөд ганцхан удаа болох юм.  Тасалбарын үнэ нь 50 мянган төгрөг аж. Тэд энэ удаагийн тоглолтдоо сонсогчдын хүртээл болж байсан дуунуудаа амьд хөгжимтэй дуулахаас гадна, тус тусын бие даасан уран бүтээлүүдээсээ  толилуулах гэнэ. 

Э.Эрдэнэ

Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэг, бага ангийн сурагчдыг хонхны баяр хийхийг нь хориглолоо

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хонхны баяртай холбоотой асуудлыг хэлэлцжээ. Хурлаас оюутан, сурагчид төгсөлтийн баяраа зөв зохистой тэмдэглэхэд сургуулийн захиргаатай хамтран ажиллаж, цагдаагийн хүчийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байна. Мөн гол, ойн бүс газарт эргүүл гаргаж, төгсөгчдийн аюулгүй байдлыг хангахад анхаарч ажиллах болжээ. Харин цэцэрлэг, бага ангийн сурагчдыг төгсөлтийн баяр тэмдэглэхийг хориглож, мөнгөн хураамж цуглуулсан тохиолдолд сургууль, цэцэрлэгийн захиргаанд хариуцлага тооцохоор шийдвэрлэлээ. Мөн төгсөлтийн баярын үеэр хүүхэд залуусыг архидан согтуурахаас сэргийлэхийн тулд архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг 297 аж ахуйн нэгжид албан мэдэгдэл өгчээ.

Categories
мэдээ спорт

“Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийн тэмцээнд оролцогчдыг бүртгэж байна

Жил бүрийн зургадугаар сарын эхний долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих, “Автомашингүй өдөр” болгон “Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. Монгол Улсын Засгийн газрын Олон улсын спортын тэмцээн, наадам зохион байгуулах тухай 325 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын А/161 дугаар захирамжийн дагуу энэ жилийн тэмцээнийг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлээр ахлуулсан ажлын хэсэг зохион байгуулж байна.

Олон улсын хэмжээнд зохион байгуулагдах “Улаанбаатар-Марафон” гүйлтийн тэмцээн нь зургадугаар сарын 07-нд болох бөгөөд тэмцээнд оролцогчдыг Нийслэлийн Биеийн тамир спортын газарт бүртгэж байна. Харин тавдугаар сарын 15-наас нийслэлийн дүүргүүдийн Биеийн тамир спортын хороо, Нийслэлийн Боловсролын газар, Монголын Залуучуудын холбоо, Монголын Оюутны холбоон дээр бүртгэх ажил эхэлнэ.

Гүйлтийн тэмцээний үеэр марафон, сонирхогчдын гүйлт гэсэн 2 төрлийн тэмцээн болно. 18-аас дээш настай марафон гүйлтээр тогтмол хичээллэгчдийн дунд хагас марафон /21975 м/, бүтэн марафон /42195м/ гүйлтийн тэмцээн,  Сонирхогчдын гүйлтийг 4 насны ангиллаар 4 зайд зохион байгуулна. Тодруулбал:

–           17 нас хүртэл       4000 м  /эр, эм, зөвхөн сонирхогчдын дунд/

–           18-35  нас             8000 м, /эр, эм, зөвхөн сонирхогчдын дунд/

–           36- 49  нас            5000 м  /эр, эм, зөвхөн сонирхогчдын дунд/

–           50-иас дээш нас  4000 м  /эр, эм, зөвхөн сонирхогчдын дунд/

  Харин тэмцээнд оролцогчид дараахь байдлаар бүртгүүлнэ.

• Бүртгэл  06 дугаар сарын 06-ны өдрийн 17:00 цаг хүртэл Нийслэлийн Биеийн тамир, спортын газар /Соёлын төв өргөөний 1 дүгээр давхарын 13 тоот/, Нийслэлийн Боловсролын газар, дүүргүүдийн Биеийн тамир спортын хороо, Монголын Залуучуудын холбоо, Монголын Оюутны холбооны байранд явагдана. Бүртгэлд биеэр ирж болон онлайнаар хамрагдаж болно. /www.sport.ub.gov.mn/

• Бүртгэлд хамрагдах гүйгчид иргэний үнэмлэх болон өөрийнхөө төрсөн он, сар, өдрийг баталгаажуулах бичиг баримт, тухайн тамирчны оролцох зайд гүйж болохыг зөвшөөрсөн эмчийн бичиг, гадаадын тамирчид эрүүл мэндийн даатгал зэргийг авч ирнэ.

• Хагас, бүтэн марафон гүйлтэнд оролцогчид гараанд гарахаас өмнө эмчийн  хяналтад хамрагдан даралтаа хэмжсэн байна.  Бусад зайд гүйгчид гүйлт болохоос 3 хоногийн дотор эмчийн үзлэгт хамрагдан зүрхний цохилт, даралтаа хэмжүүлсэн байна.

•   Хөдөө, орон нутгаас оролцож байгаа тамирчдын байр, хоол, ирэх, буцах унааны зардлыг тэмцээнд оролцуулж байгаа тухайн байгууллага буюу тухайн тамирчин өөрөө хариуцна.

• Гүйлтийн  42195 м, 21975 м, 8000 м-ийн зайд уралдах гүйгчид 15000 төгрөг, 4000 м, 5000 м-ийн зайд уралдах монголын гүйгчид 2000 төгрөгийн хураамж төлнө гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийг асаагуураар түлсэн багшид гурван сар баривчлах ял оноосон

Гурван сарын өмнө цэцэрлэгийн багш нь гурван настай хүүхдийг зодож, асаагуураар түлсэн гэмт хэрэг гарсан. Сонгинохайрхан дүүргийн 113 дугаар цэцэрлэгийн багш Я.Нямцэцэг энэ оны хоёрдугаар сарын 14-нд гурван настай хүү Б-г өмдөндөө шээлээ хэмээн өгзгөн дээр нь алгадаж, баруун төмсөгний дээд хэсгийг асаагуураар түлсэн байна. Хүү гэртээ ирээд аавдаа “Миний боожгойг багш түлсэн” гэж хэлснээр энэ хэрэг илэрчээ. Шүүхээс Я.Нямцэцэгт гурван сар 10 хоног баривчлах ял оноожээ.

Categories
мэдээ нийгэм

Завханд газар хөдлөв

Завхан аймгийн Баянтэс сумын төвөөс хойд зүгт 111 км-ийн зайд  ОХУ-ын нутагт өчигдөр 05:05 цагт 3.8 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон, геофизик судалгааны төвөөс мэдээлсэн. Иргэдэд мэдрэгдээгүй, учирсан хохирол байхгүй тухай мэдээлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Багануур дүүрэгт цасанд суусан машинуудыг гаргалаа

Нийслэлийн Багануур дүүргийн нутагт хоёр хоногийн өмнө орсон их хэмжээний цаснаар олон машин цасанд сууж, мал амьтан цасанд боогдсон тул дүүргийн онцгой байлдлын аврагчид бүрэн бүрэлдхүүнээрээ ажилласан байна. Нийт 53 зорчигчтой цасанд суусан 15 автомашиныг цаснаас татан гаргах, усанд автсан 2 айлын хашаа хорооны усыг зайлуулах, цасанд боогдсон 63 бог малыг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэх, мал нь бэлчээрт гарах боломжгүй болсон нэг айлд өвс, тэжээл хүргэх зэрэг ажлыг тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 48 албан хаагч, 2 автомашинтайгаар гүйцэтгэсэн байна. Өнөөдрөөс ихэнх нутгаар сэрүүсч, цасан болон шороон шуурга шуурах тул иргэд, малчид шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, зам давааны нөхцөл байдлыг үнэлэх, салхи шуургатай үед замд гарахгүй байх, автозамын зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүссэн үед замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. 

Зайлшгүй тохиолдолд замд гарах тохиолдолд дулаан хувцаслах, шатахууны нөөцтэй явах, техникийн бүрэн бүтэн байдлыг ханган зорчихыг анхаарууллаа.