Categories
мэдээ нийгэм

Хорих 461-р ангид шалгалт хийнэ

Цагдан хорих 461 дүгээр ангийн уулзалтын өрөөнд  Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан амьсгал хураасантай холбогдуулан ШШГЕГ-аас дотоод хяналтын шалгалт хийхээр болсон байна. Талийгаач өрөөндөө гурвуулаа саатуулагдаж байсан бөгөөд  өрөө бүрт бичлэг хийгдэж байдаг аж. Дашрамд дурдахад он гарснаас хойш таван хүн хорих ангид нас барсан бөгөөд өнгөрсөн онд 17 хүн хорих ангид нас барсан байдаг юм байна. Дээрх тохиолдлууд бүгд өвчин хүндэрсэн гэх шалтгаантай ажээ.

Categories
мэдээ нийгэм

Бурхан багшийн дүйцэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэв

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 54/115 тоот
тогтоолын дагуу жил бүрийн тавдугаар сард Бурхан багшийн дүйцэн өдрийг НҮБ-ын
Төв байранд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Бурханы шашинтай Азийн орнууд 5
дугаар сарын 13-ны өдөр Бурхан багшийн дүйцэн өдрийг НҮБ-ын Төв байранд
тэмдэглэж, уг арга хэмжээнд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы дарга
В.Аше, НҮБ-ын Соёл иргэншлийн холбооны Тусгай төлөөлөгч Н.А.Аль Нассир, БТГ-ын
ажилтнууд, шашны зүтгэлтнүүд зэрэг 600 гаруй хүн оролцсон байна.

Бусдын сайн сайхны тусын тулд аливаа
нүглийг тэвчих, сайн үйлсийг дэлгэрүүлэх, өршөөн нигүүлсэх сэтгэлийг номлодог
Бурханы шашин нь олон жилийн түүхтэй бөгөөд хүн төрөлхтөнийг гэгээрүүлэх үйлсэд
бодит хувь нэмрээ оруулж байгааг үг хэлсэн төлөөлөгчид онцлон тэмдэглэсэн
байна. Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Оч уг арга
хэмжээнд оролцож, хэлсэн үгэндээ бурхан багшийн дүйцэн өдөр нь бурханы шашныг
шүтэгч олны хувьд ихээхэн чухал ач холбогдолтой өдөр болохыг онцлоод, монгол
түмэн энэ өдөр хийсэн буян бүхэн хэд дахин дэлгэрэн арвиждаг гэж билэгшээдгийг
тэмдэглэв. Мөн тэрээр бурхан багшийн сургаал нь бусдыг хүндэтгэх, ёс
суртахуунтай байхыг дээдэлдэг зэрэг олон чухал үзлийг номлодог нь тэнцвэртэй,
тэгш, тогтвортой нийгмийн хөгжлийг цогцлооход чухал хувь нэмэр оруулна гэж үзэж
байгаагаа онцлон тэмдэглэсэн байна.

Уг арга хэмжээний үеэр бурхан багшийн
дүйцэн өдрийг манай улсад хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг талаар богино хэмжээний
видео бичлэгийг үзүүлсэн байна.  

Categories
мэдээ соёл-урлаг

“Яруу эгшиглэн” хамтлагийн бие даасан тоглолт болно

“Яруу эгшиг” хамтлаг монголын хүүхдүүдэд ардын дуу, үндэсний язгуур урлагаа түгээж монгол бахархалаа бий болгох 2010 онд байгуулагдсан аж. Хамтлагын гишүүд 7-10 насны 6 гишүүнтэй юм байна. хүүхдүүдийг өв тэгш хүмүүжүүлж, хөдөлмөрч, эх оронч, өв соёлоороо бахархах сэтгэлтэй бүтээлч иргэн төлөвшүүлэх чиглэсэн аж. “Яруу эгшиг” хүүхдийн язгуур урлагийн хамтлаг одоогоор 33 бүтээлтэй бөгөөд тэмцээн уралдаанд байнга оролцож олон шагнал урамшуулал авчээ. Тус хамтлагынхан төвдугаар сарын 24-ний 14:00, 16:00 цагт, Улаанбаатар чуулгын концертын танхимд анхны бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

“Уянга” хөдөлгөөн эхэллээ

ШУТИС-ийн нийгмийн технологийн сургууль, “Миний ном” клубын залуус нэгдэж “Уянга” хөдөлгөөн өрнүүлжээ. ШУТИС-ийн шилдэг оюутан Г.Уянгад гэнэт тохиолдсон хүнд өвчнөө эмчлүүлэхэд нь туслах зорилготой уг хөдөлгөөнийг эхлүүлсэн байна. Г.Уянга нь “Нийгмийн ажил” мэргэжлээр суралцаж энэ жил төгсөх гэнэ. Тэрээр энэ оны дөрвөн сард “өнчин тархины хавдар” гэдэг өвчтэйгөө мэдсэн аж. Монголд өнчин тархины хоргүй хавдарыг мэс заслын аргаар авдаг боловч тоног төхөөрөмжийн дутмаг байдлаас шалтгаалж бүрэн эдгэх боломжгүй, 2-3 жилийн дараа эргээд хавдар нь ургадаг байна. Харин мэс заслын дараа гамма туяан шарлага хийлгэвэл бүрэн эдгэх боломжтой аж. Тус шарлага Монголд байхгүй тул Солонгос явах шаардлагатай болжээ. Г.Уянгын хувьд хавдарын байршил тун онцгой, харааны мэдрэлтэй маш ойр тул хугацаа алдвал хараагаа алдах аюултай юм байна. Тус хөдөлгөөнийхөн “Хаврын уянга” хандивын тоглолт зохион байгуулж, “Эзэнт гүрний туульс” номын борлуулалт номын орлого 100 хувь хандив болон орж байгаа, Тасалгааны цэцгийн худалдаа, “Varsity jacket” хүрмийн худалдаа ширхэг бүрээс есөн мянган төгрөг хандивлах зэргээр сайн үйлсын аяныг өрнүүлж байгаа юм байна. 

Categories
мэдээ нийгэм

Д.Амарсайханд эмчилгээ хийж болохгүй гэсэн заавар өгөөгүй гэв

Газрын тосны газрын экс дарга Д.Амарсайхан өчигдөр 17 цагийн орчимд хорих 461 дүгээр ангийн уулзалтын өрөөнд амьсгал хураасан. Д.Амарсайханы биеийн байдал муу байсан учир түүний ар гэр болон, өмгөөлөгчид нь батлан даалтад гаргахаар олон удаагийн хүсэлтийг гаргасан ч  хууль хяналтын байгууллага хүлээж авахгүй байсан талаар түүний өмгөөлөгчид хэлж буй. Тэгвэл дөнгөж сая ШШГЕГ-аас энэ хэргийн талаар мэдээлэл хийлээ. ШШГЕГ-аас хийсэн тайлбарт “Талийгаач Д.Амарсайхан нь өмнө нь нойр булчирхайн үрэвсэлтэй хэмээн оношлогдон эмчлүүлж байсан ч хэвтэрт орохоор хүнд байгаагүй. Мөн дөрөвдүгээр сарын 15-наас хойш саатуулагдан хоригдож байсан. Энэ хугацаанд найман удаа эмчийн үзлэгт орсон. Эмчийн үзлэгээр биеийн байдал хэвийн гарсан байна. Түүнчлэн нас бардаг өдрийнхөө өглөөхөн биеийн байдал нь хэвийн байсан. Хүмүүсийн яриад байгаа шиг “Дээрээс эмчилгээ хийлгэж болохгүй” гэсэн тушаал өгөөгүй”  хэмээлээ.

Одоогоор талийгаачийн биед задлан хийж байгаа бөгөөд нас барсан шалтгааныг албан ёсоор зарлах боломжгүй гэж мэдээллээ.   

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн өмчит их сургуультай болно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өнөөдөр  МУИС-ийн Улаанбаатар сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус сургууль нь 1992 онд технологийн сургууль нэртэйгээр байгуулагдаж 1995 онд Шинжлэх ухаан боловсролын сайд болон нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаал, захирамжаар Улаанбаатар хотын Их сургууль болон өргөжсөн байна. Харин 2010 оны Засгийн газрын тогтоолоор Улаанбаатарын их сургуулийг МУИС-ийн харьяанд нэгтгэжээ. Энэ нь нь тус сургуулийн үйл ажиллагааг доголдуулахад хүргэсэн төдийгүй МУИС-ийн Улаанбаатар сургууль хэмээн өөрчлөгджээ.

Мөн МУИС-ийн удирдах зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 04 болон 05 тоот тогтоолоор тус сургуулийг бүхэлд нь задлах, удирдлага, санхүүгийн хувьд шууд зогсоож, салбар нэгжүүдийг тараах шийдвэр гаргасан байна. Одоогоор тус сургууль нь Технологи, Нийгмийн ухаан, Хэл зохиолын үндсэн Факультет, мэргэжлийн 11 тэнхимтэй бөгөөд  150 гаруй багш, 50-иад ажилтан ажиллагсад, 2000 гаруй оюутан сурагчтай үйл ажиллагаа явуулдаг  бөгөөд сургуулиа улам өрөгжүүлэн, нийслэлийн нэрэмжит сургууль болох хүсэлтээ сургуулийн хамт олон хотын удирдлагуудад илэрхийлжээ. Тиймээс тэдний хүсэлтийн дагуу энэхүү сургуулийн бааз суурийг түшиглэн нийслэлийн өмчит Улаанбаатар их сургуулийг байгуулахаар судалж, нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулаад байгаа юм.

Өнөөдрийн уулзалтаар тус сургууль нь хотын нэрэмжит сургууль байхаас гадна, нийслэлд шаардлагатай байгаа мэргэжилтнүүдийг бэлтгэдэг, нийслэлээс хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн туршилт,  судалгааг хийдэг байхаар  санал  солилцоо. Уулзалтын үеэр Улаанбаатар их сургуулийг нийслэлийн өмчит  Их сургууль болгох ажлыг зохих хууль, дүрмийн дагуу шийдвэрлэнэ гэдгээ хотын дарга мэдэгдлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Төгсөлтийн баярыг архигүй тэмдэглэхийг үүрэг болголоо

Нийслэлийн Засаг дарга “Төгсөлтийн баярын үеэр авах зохион байгуулалтын арга хэмжээний тухай”  А/375 дугаар захирамж  гаргаж, нэгдсэн байдлаар зохицуулалт хийхээр боллоо.

 Захирамжаар нийслэлийн хэмжээнд их, дээд болон ерөнхий боловсролын сургуулийн төгсөлтийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Боловсрол соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны “Төгсөлтийн арга хэмжээг зохион байгуулах   тухай” 232 дугаар тушаалыг хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Боловсролын газар, дүүргийн  Засаг дарга нарт үүрэг болголоо.

 Оюутан, сурагчдыг архидан согтуурах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан  сэргийлэх чиглэлээр үр дүнтэй ажлыг зохион байгуулж, машинт болон явган  эргүүлийн үйл ажиллагааг идэвхжүүлэхийг нийслэлийн Цагдаагийн газарт даалгалаа.

 Нийслэлийн хэмжээнд төгсөлтийн баярыг их, дээд сургуулиудад “Архигүй”, ерөнхий боловсролын сургуулиудад “Эрдмийн баяр” болгон тэмдэглэх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Боловсролын газар, их, дээд сургууль болон коллеж, ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад үүрэг болгосон байна.

Мөн төгсөлтийн баярыг зохион байгуулах нэрийдлээр эцэг эхчүүдээс мөнгө хурааж авсан болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас архидан согтуурч,  гэмт хэрэг, зөрчилд холбогдсон тохиолдолд сургуулийн захирал, удирдлагуудад хариуцлага тооцохыг нийслэлийн Боловсролын газарт үүрэг өглөө.

 Харин оюутан, сурагчдыг болзошгүй аюул, осол, гэмтлээс сэргийлэх чиглэлээр нийслэлийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, “Монголын Оюутны холбоо”, “Монголын  Сурагчдын холбоо”  зэрэг  байгууллагуудтай   хамтран зочид буудал болон  хотын ойролцоох ногоон бүсэд орших амралтын газар, жуулчны баазад шалгалт хийж, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газарт үүрэг болголоо.

 Их дээд сургуулийн оюутнуудын төгсөлтийн баярыг архи согтууруулах ундаагүйгээр зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор Монголын Оюутны  холбоотой хамтран нэгдсэн журмаар зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг  Тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэс, арга  хэмжээний үеэр хэв журам сахиулж ажиллахыг нийслэлийн Цагдаагийн газар даалгасан байна.

Төгсөлтийн баярын үеэр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д төгсөгчдийн нэрэмжит мод суулгах газрыг тусгайлан гаргаж, ногоон төгөл, эко орчин  бүрдүүлэхийг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын захиргаа, их, дээд сургууль болон коллеж, ерөнхий боловсролын сургуулийн  захирлуудад үүрэгдлээ.

 Мөн энэ захирамжаар нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудал болон хотын ойролцоох ногоон бүсэд орших амралтын газар, жуулчны баазын удирдлагуудад  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9 дүгээр зүйл, Архидан  согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7.2.2 дахь заалтыг хэрэгжүүлж ажиллахыг  анхаарууллаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Баттулга сайдын хүсэлтийг хүлээн авлаа

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Үйлдвэр, хөдөө аж ахуй /ҮХАА/-н сайд Х.Баттулгыг сайдын үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаар гишүүдийн дунд  Х.Баттулга сайдын хүсэлтийг авья гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад 26 гишүүнээс 14 нь дэмжиж, Х.Баттулга сайдын хүсэлтийг хүлээн авлаа. 

Categories
мэдээ улс-төр

Сангийн сайд Ч.Улаан 11-11 төвд ажиллалаа

Сангийн сайд Ч.Улаан Засгийн газрын 11-11 төвд ажиллаж, эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоногийн хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлаа танилцууллаа. Тэрээр Улсын Их Хурлын даргад “Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төсөл, “Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай” хуулийн төслүүд өргөн барьснаа хэлээд эдгээр хуулиуд батлагдснаар бизнес эрхлэгчдэд ямар нааштай нөлөө үзүүлэх талаар тайлбарлалаа.        

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан бүтээн байгуулалт, барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд олон нэр төрлийн тоног төхөөрөмж шаардагдахаас гадна тэдгээрийг дотоодын үйлдвэрийн компаниудаас хангахад хугацаа алдах, зарим нэр төрлийн тоног төхөөрөмжийг дотоодоос нийлүүлэх боломжгүй зэрэг шалтгааны улмаас хэмжилт, тохируулга, угсралтын болон суурилуулах тоног төхөөрөмжийг гаднаас оруулж ирэх зайлшгүй шаардлагатай байна. Мөн жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалтаар импортлож буй тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг дахин сэргээж үйлчлэх хугацааг 2.5 жилээр буюу 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгах нь зүйтэй гэлээ. Дээрх хоёр хуулийн төсөл батлагдсанаар аливаа бүтээн байгуулалт, барилгын ажлыг төлөвлөсөн хугацаанд, хуваарийн дагуу хүлээлгэн өгөх, техник тоног төхөөрөмжөөс хамаарсан саатал доголдол гарахаас сэргийлэх, бүтээн байгуулалтын хугацаанд гарах зардлын 15.5 хувийг хэмнэх боломжтой. Түүнчлэн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн тоног төхөөрөмжийн шинэчлэлд дэвшил гарч, өрсөлдөх чадвар нэмэгдэн, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чанар, тоо хэмжээ нэмэгдэж, дотоодын үйлдвэрлэлд өсөлт гарах ач холбогдолтой гэж  Сангийн сайд үзэж байна.

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн нэмэгдсэн өртөгийн албан татварын босго нь 10 сая төгрөг байгааг 50 сая болгох, борлуулалтын орлого нь 1,5 тэрбум төгрөг хүртэлх аж ахуйн нэгжүүдийн төлсөн НӨАТ-ын орлогын 90 хувийг буцааж олгохоор  хуулийн төсөлд тусгасан гэдгийг хэллээ. Сангийн сайдын эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоногийн хугацаанд хийх ажлаа танилцуулсан цахим ярилцлагыг 3700 орчим хүн үзэж, мэдээлэл авлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй   харилцах албанаас мэдээллээ.  

Categories
мэдээ улс-төр

Х.Баттулга чөлөөлөгдөх шалтгаанаа тайлбарлав

Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх асуудлаарх УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан үргэлжилж байна. Тус хуралдаанаар Үйлдвэр, хөдөө аж ахуй /ҮХАА/-н сайд Х.Баттулгыг сайдын үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байгаа юм.

Хамтарсан байнгын хорооны хуралдаан 30 гишүүнтэйгээр үргэлжилж байгаа бөгөөд хуралдааны эхэнд Засгийн газрын шийдвэрийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг танилцууллаа. Тэрээр хэлэхдээ “Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1.1-т заасны дагуу УИХ-д өргөн мэдүүлж байна. УИХ-ын чуулганаар хэлэлцэж өгнө үү” гэлээ. Ингээд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт, тодруулга авч эхлээд байна. Тухайлбал, Ж.Энхбаяр гишүүн Х.Баттулга сайдыг ямар шалтгаанаар сайдын ажлаасаа чөлөөлөгдөж байгааг тодруулахад ҮХАА-н сайд Х.Баттулга “Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг УИХ-аар хэлэлцэж, унагасан. Миний бие энэ төслийг батлах нь зүйтэй гэсэн санал өгсөн. Гэвч хуулийн төсөл УИХ-ын гишүүдийн олонхийн дэмжлэг авч чадаагүй. Тиймээс би өгсөн саналынхаа дагуу УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн” гэлээ.