Categories
арын-нүүр булангууд мэдээ

Энэ их газар нутгаа бид хэзээ ашиглах юм бол

Бид газар нутгаа ашиглаж чадаж байна уу. Улсынхаа нийслэл Улаанбаатар хотод  л чихэлдэж, шахалдан, бухимдаж амьдарч байна. Дөрвөн уулын дундах  давчуухан газар нутаг дээр л хөгжил дэвшлийг бий болгох гэж зүтгэцгээнэ. Өмнөговь зэрэг цөөн хэдэн аймагт уул уурхайн компаниуд газрын баялаг ашиглаж байна. Өөрөөр цэлийсэн их тал нутгаа ашиглаж чадахгүй л байна даа гэх бодол дорнын их талаар явж байхад бодогдов. Үнэхээр л нийслэл хотоос гараад 50 километр хүрэхгүй давхиад цэлийсэн хээр нутаг угтана. Манай орны зүүн хэсэгт  уул, толгод гээд нүдэнд бүртийх ч зүйлгүй өнжмөл шаргал өвс найгасан тал нутаг байх. Мэнэнгийн их тал, Хөх нуур, Эрээнцавын их талд хэдэн малчин усаа бараадаж малаа бэлчээн аж төрцгөөнө. Туулаад барамгүй цэлийсэн их талыг огт ашиглахгүй өдий хүрч байна. Энд хэдэн ч том хот босгож болохоор.  Хэнтийн нуруу, Минжийн хангай, Хөвсгөлийн их тайга нутаг гээд хүний хөл хүрээгүй газар олон. Усанд нь метр гаруй урт тул загас сэлээд, ан амьтад дүүрэн идээшлэх. Морь, онгоцноос өөр зүйл хүрэхгүй ян сарьдаг хөвч, тайга огт эзэнгүй байна. Ядахдаа өгөрч унасан модыг нь ашиглаж болмоор. Тэнд унанги мод дүүрэн байна лээ.  Баруун тал Алтайн нурууны ар, өврөөр говь, хангай хосолсон газар нутаг мөн л эзэнгүй. Баруун аймгийн ихэнх иргэд хот руу нүүгээд ирцгээсэн. Цавчим өндөр уулс бүхий нутаг хэзээд ашиглахад бэлэн байна. Эзэнгүйдсэн энэ газар нутаг дээр дэлхийд гайхагдсан олон хот, тосгодыг босгож болмоор санагдана. Бид энэ их газар, нутгаа хэзээ бүрэн ашиглах юм бол доо.

Э.Хүрэлбаатар    

Categories
мэдээ спорт

“Wanpaku sumo” тэмцээн болно

Өсвөр насны хүүхдийн сумо бөхийн улсын аварга шалгаруулах С.Зориг агсаны нэрэмжит “WANPAKU SUMO” тэмцээнийг энэ сарын 23, 24 нд Улаанбаатар хотод зохион байгуулахаар болсноо Монголын сумо бөхийн холбооноос хэвлэлийн бага хурал хийж мэдээллээ. Монгол-Японы соёлын харилцаа үүсэн хөгжсөний 40 жилийн ойн хүрээнд энэхүү тэмцээнийг зохион байгуулах гэж байгаа аж. “JCI Улаанбаатар Централ”, “JCI Токио” зэрэг байгууллагын санаачилгаар Монголын сумо бөхийн холбоо, “Зориг” сан хамтран уг тэмцээнийг зохион байгуулж байгаа юм байна. Энэхүү тэмцээн 4-11 насны таван ангилалаар болно. Тэмцээнд оролцсон тамирчдыг насны ангилал тус бүрд 1, 2, 3-р байрт цом, өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медаль болон сумогийн цолоор шагнах аж.  Энэ сарын 1-20-ны хооронд явагдаж байна

Categories
мэдээ эдийн-засаг

Татварын буцаан олголт эхэлжээ

Хувь хүний орлогын албан татварын 2013 оны буцаан олголтын хоёрдугаар ээлжийн мөнгийг иргэдийн дансанд байршуулж эхэлсэн байна. Анх удаа орон сууц худалдан авсан, их, дээд сургуулийн сургалтын төлбөр төлсөн иргэд хуульд заасан эрхийнхээ дагуу улсад төлсөн татварынхаа тодорхой хувийг буцаан авдаг. 2013 оны буцаан олголтын материалыг энэ оны эхнээс хоёрдугаар сарын 10 хүртэл татварын бүх хэлтсүүдээр авч дуусгасан аж.
Тухайн үед нэгдүгээр сарын 15 хүртэлх хугацаанд материалаа өгсөн иргэдийн буцаан олголтыг өнгөрөгч сард олгож дууссан бол хоёрдугаар ээлжийн буцаан олголт энэ долоо хоногоос эхэлжээ. Харин хугацаандаа амжиж материалаа бүрдүүлж өгсөн ч мэдээлэл зөрсөн иргэдэд буцаан олголт очихгүй гэдгийг анхаарууллаа.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд мэдээлэл хийлээ

УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдаанд 42 гишүүн хүрэлцэн ирснээр 14.40 цагт эхлэв. Уг хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногт хийх ажлын талаар мэдээлэл хийлээ.
УИХ-аас өнгөрсөн долоо хоногт Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг баталсан юм. Түүнийг дотор нь задалснаар Засгийн газар 100 хоногийн хугацаанд 70 гаруй ажил хийхээр төлөвлөжээ. Тухайлбал, импортыг орлохуйц бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бүэтэгдэхүүнийг худалдаж авах, экспортыг нэмэгдүүлэхэд анхаарах.  Монголын Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг эрчимжүүлэх. Энэ хүрээнд Лондонгийн хөрөнгийн бирж, Монголын хөрөнгийн бирж хооронд хамтран ажилласан, зөвлөх үйлчилгээ авч ажилласны төлбөрийг хийх. Төгрөг юанын своп хэлцлийг нэмэгдүүлэх.
Чанартай, авто зам, барилга бариулахын тулд Тендэрийн хуульдаа өөрчлөлт оруулна. Эдийн засгийн хөгжлийн яам хуулийн төслийг боловсруулсан бөгөөд түүнд хамгийн бага үнийн санал ирүүлдгийг шалгаруулдаг өнөөгийн тогтолцоог өөрчилсөн, төдийгүй тендэр зарласан хугацааг багасгасан байна. Мөн иргэдийн худалдан авалтыг урамшуулах зорилгоор НӨАТ-ын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлжээ. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс НӨАТ төлдөг, тэгвэл түүнийхээ 2 хувийг оны эцэст буцаан авахаар төсөлд тусгасан байна. Мөн НӨАТ-ын босго 10 сая байгааг 50 саяд хүргэхээр хуулийн өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлсэн тул яаралтай баталж өгөхийг Ерөнхий сайд онцлов.
Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд хийх ажлын нэг нь төрийн өмчит томоохон аж ахуйн нэгжүүдийг эзэнтэй болгох гэнэ. Түүнчлэн төрийн шаардлагагүй хяналт шалгалтыг зогсооно. Тэр хооронд хяналтын байгууллага нь бизенс эрхлэгчид зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллах юм байна.
Өнгөрсөн 25 жилийн хугацаанд орхигдсон асуудал нь хувийн өмчийг хамгаалах тухай аж. Тиймээс Өмчлөх эрхийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ, мөн үл хөдлөх хөрөнгөтэй иргэдэд зээл авах өргөн боломжийг бүрдүүлнэ.
Арилжааны банкуудын зээлийн хүүг бууруулах чиглэлээр дунд хугацааны хөтөлбөр боловсруулна. Засгийн газрын хувьд зөвхөн орон сууцны зээлийн хүүг бууруулах бодлого хэрэгжүүлсэн. Бусад зээлийн хүү буурахгүй байгаа, энэ ажлыг хийхэд нэг, хоёр жил хүрэлцэхгүй. Урт хугацаанд алгуур хийх ажил гэж үзэж байгаа аж. Мөн Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэх юм байна.
Оюутолгой төслийн далд уурхайн ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллана. Эрдэс баялгийн бодлогын зөвлөл байгуулж, ажиллана.
Дутуу баригдсан үйлдвэрийг ашиглалтад оруулахад онцгой анхаарна.  Энэ ажлыг 1 их наяд төгрөгөөсөө дэмжих гэнэ. Энэ мэтчлэн 70 ажил хийхээр төлөвлөснөө Ерөнхий сайд танилцууллаа.
Үүнтэй холбоотойгоор УИХ дахь МАН-ын бүлгээс дүгнэлт танилцуулаад байна. Дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хийж байна.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн автобус шатжээ

Өчигдөр 11.00 цагийн үед Яармагийн гүүрний цаана буюу Вива сити хорооллын урд зам дээр Өлзийт хорооллын чиглэлийн УБЧ 2343 улсын дугаартай нийтийн тээврийн автобус шатсан осол гарлаа. Эх сурвалжийн мэдээлснээр уг автобусыг чирэгч машинаар засварын газар руу чирч явсан бөгөөд дугуйнаас гэнэт гал авалцан шатжээ. Автобус компанийн ажилчдын хэлж байгаагаар өчигдөр өглөөний шуурхай хурал дээр уг автобусыг мотороо цохисон учраас шугаманд гаргах боломжгүй хэмээгээд яаралтай засуулах талаар ярилцсан байжээ. Ингээд чирэгч машинаар засварын газар руу чирч яваад ийнхүү шатсан байна.  Ослын үеэр азаар хүн бэртэж гэмтээгүй бөгөөд галыг унтраахаар НОБГ-ынхан ажилласан юм. 

Categories
мэдээ нийгэм

“Монгол цэргийн музей” хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй боллоо

Монгол цэргийн музейд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй музей” өдөрлөг болж байна. Энэхүү өдөрлөгт БХЯ, ХАХНХЯ болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагын төлөөлөл, Гавьяат тамирчин, параолимпийн аварга Д.Баатаржав нарын зочид оролцож байгаа юм. Өдөрлөгийн хүрээнд Монгол цэргийн музей нь брайль, дохионы тайлбарыг музейн үйлчилгээнд нэвтрүүлж буй үйлчилгээгээ сонирхуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн бүтээлийн үзэсгэлэнг дэлгэнэ.
Мөн өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдэд ЦДБЭЧ-ын тоглолт, “Тэмүүжин өрлөг” сургуулийн сонсогчдын жагсаалын тоглолтыгсонирхуулахын зэрэгцээ эмч нарын үзлэг, сэтгэл зүйчийн яриа, “Халуун цай” хөтөлбөрөөр үйлчилгээ үзүүлэх юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Зарим гүүрийг түр хааж туршина

Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/81 дүгээр захирамжаар батлагдсан нийслэл хотын гол болон туслах гудамж, замуудын техник ашиглалтын түвшин тогтоох, паспортжуулах ажлын хүрээнд 4 гүүрийн техник ашиглалтын ажлын судалгаа, туршилт хийж байна. Гүүрийн хөдөлгөөнийг бүтэн хааж, динамик ба статик туршилт явуулах тул  2014 оны 05 дугаар сарын 18-ны 04:00-05:00 цагийн хооронд Толгойтын замд Нарангийн голын гүүрийг хаах юм. Тодруулбал, 107 дугаар дунд сургуулийн зүүн урд талын гүүрийг ням гарагт 1 цагийн турш хааж туршилт хийнэ.
Цаашид хаах гүүрүүдийг танилцуулъя. Үүнд:
-Шаргаморьтын гүүр буюу Шаргаморьт-Жигжидийн уулзварын зүүн талын гүүрийг 2014 оны 05 дугаар сарын 25-ны 06:00-07:00 цаг хүртэл;
-Дамбадаржаагийн гүүр буюу 58 дугаар дунд сургуулийн баруун талын гүүрийг 2014 оны 25-ны 04:00-05:00 цаг хүртэл;
-Баянзүрхийн авто замын гүүр буюу Баянзүрхийн товчооны баруун хойд талын /Туул гол дээгүүрх/ гүүрийг 2014 оны 06 дугаар сарын 01-ний 04:00-05:00 цаг хүртэл тус тус хаана гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарчээ

Элсэлтийн ерөнхий шалгалт эхлэхэд сар ч хүрэхгүй хугацаа үлдээд байна. Шалгалтад бүртгүүлсэн шалгуулагчид өнөөдрөөс эхлэн суудлын хуваариа татаж авах боломжтой болж байна. Тодруулбал, бүртгүүлэгчид өнөөдрөөс эхлэн Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn цахим хуудас дахь шалгуулагчийн булангаар ороод, бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан суудлын хуваариа хэвлэж авах юм.

 Энэ жилийн хувьд шалгуулагчид монгол хэл, бичгийн шалгалт өгснөөр элсэлтийн шалгалтад орох эрхтэй болж байгаа. Уг шалгалтад зургаадугаар сарын 14-ны өдөр орон даяар явагдана. Монгол хэл бичгийн шалгалт өгсөн шалгуулагчийн бүртгэлийн хуудсанд хянагч багш нар ялтас нааж шалгалтад орсон гэдгийг нь баталгаажуулах юм байна.

 Өмнөх оны төгсөгчид бүртгэлийн  хуудсандаа Боловсролын үнэлгээний төвийн даргын тамга даруулж, гарын үсэг зуруулах  шаардлагатай ба ингэснээр бүртгэлийн  хуудас хүчинтэй болно. Хэрэв тамга, гарын үсэггүй бол шалгалтад оруулахгүй аж.

 Шалгуулагчид шалгалт өгөхөөр ирэхдээ суудлын хуваарь бүхий шар хуудас, бүрт гэлийн хуудас, бүрэн дунд боловсролын  гэрчилгээ, иргэний цахим үнэмлэхээ  заавал авч ирэх шаардлагатай.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хорих ангиудад хүний эрх ноцтой зөрчигдөж байна гэв

Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан 461 дүгээр хорих ангид нас барсан нь хүний эрхийг ноцтой зөрсөн явдал гэж УИХ-ын гишүүн  Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар нар өчигдөр мэдэгдлээ. Тэд 2014 он гарсаар урьдчилан хорих 461 дүгээр төвд нийт таван хүн нас барсан тухай дуулгав. Талийгаач Д.Амарсайханаас өмнө тэнд ял эдэлж байсан дөрвөн иргэн амиа алджээ.  Нэг нь Малайз улсын иргэн байсан гэнэ. 

Д.Амарсайханыг шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хорьж, эмнэлгийн тусламж үзүүлээгүйн улмаас амиа алдсан гэсэн мэдээлэл Хүний эрхийн дэд хороонд ирсэн байна. Энэ тухай УИХ-ын гишүүн Д.Ганбат ярихдаа “Талийгаач эмнэлгийн тусламж авч чадаагүй. Одоогийн байдлаар энэ хэргийг хууль, хяналтын байгууллага шалгаж байна. Ер нь хорих байгууллагад хүний эрх зөрчигдсөөр байгаа. Цаашид Гэмт хэргийн тухай хууль, Гэмт хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулиудыг батлуулж хүний эрхийн асуудлыг цэгцэлнэ” гэлээ. Мөн тэрбээр Хүний эрхийн дэд хорооны тайланг удахгүй хэлэлцэнэ гэдгийг дуулгасан. 

 УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар “Хорих байранд хоригдож байгаа, нийгмээс тусгаарлагдсан, эрх нь хязгаарлагдсан сэжигтэн болон ялтнуудын эрхийг төр хариуцах ёстой. Гэвч тэдний эрхийг зөрчсөөр байна. Иймээс Хууль зүйн байнгын хороо болон Хүний эрхийн дэд хороо, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хамтран хүний эрхийн асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллана” гэв. 

Д.Амарсайханы хэрэгтэй холбогдуулан хорих ангийн эмнэлгийн даргад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй. Мөн албан үүрэгтээ хариуцлагагүй, хайнга хандаж хүний амь насанд хүрсэн албан тушаалтануудад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэх хэрэгтэй гэдгийг дээрх гишүүд мэдэгдлээ.  

  Сүүлийн 10 жилийн судалгаагаар хорих байранд амиа алдсан хүний тоо 210-т хүрчээ.  2005 онд 35 хүн амиа алдаж байсан бол 2012 онд 12 хүн нас барсан гэнэ. Тэдний дийлэнх нь сүрьеэ, зүрхний шигдээс, бөөрний дутагдал зэрэг өвчнөөр хорвоог орхидог байна. Тиймээс хорих байгууллагуудыг олон улсын стандартын шаардлагад нийцүүлэхийн тулд хууль, шүүхийн шинэчлэлийг цаашид шат дараатайгаар авч хэрэгжүүлнэ гэдгийг УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ц.Оюунбаатар нар онцолж байлаа. 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийтийн тээврийн үйлчилгээнд төмөр замын автобус явж эхлэх нь

“Улаанбаатар төмөр зам”-аас хотын тээвэрт анх удаагаа РА-2 маркийн  төмөр замын автобус буюу “Railbus”-ийг оруулж ирэн нийтийн тээвэрт явуулахаар болсон билээ. Тус автобусны нээлтийн ажил өнөөдөр “Улаанбаатар” төмөр замын өртөөн дээр боллоо. Нээлтийн арга хэмжээнд Зам тээврийн сайд А.Гансүх, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон бусад албаны хүмүүс оролцсон юм. Албаныхны мэдээлснээр  “Railbus” төмөр замын автобус нь 136 хүний суудалтай, 350-400 хүн зорчих боломжтой ажээ. Тус автобусаар нэг замтай үед өдөрт гурван удаа, хос замтай үед өдөрт зургаан удаа 100 км цагийн хурдтай Толгойт-Амгалангийн чиглэлд 47 минут, Амгалан-Толгойтын чиглэлд 45 минут зорчих боломжтой юм байна. Ийн түргэн шуурхай үйлчилснээр цаашид түгжрэл буурах, иргэдийн цаг завыг хэмнэх ач холбогдолтой аж. Зам тээврийн сайд А.Гансүх “Railbus”-ын тоог цаашид ч нэмэгдүүлнэ гэж байлаа.

Харин Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Өнөөдөр их чухал өдөр болж байна. Учир нь нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд нэгэн шинэ дэвшлийг авч ирлээ. Энэхүү “Railbus “бол метроны эхлэл. Энэ автобусыг үйлчилгээнд нэвтрүүлснээр хамгийн чухал нь нийслэлийг шинэ суурьшлын бүс болгож, цаашид шинэ төлөвлөлтийг хийхэд асар том бололцоо олгож байгаа гэдгээрээ онцлог” гэв. 

Э.Номин