Categories
мэдээ нийгэм

“Надад хэлэх үг байна”

Хүүхэд бүр аав, ээжтэйгээ халуун ам бүлээрээ байвал аз жаргалтай байдаг. Тэгвэл өнчин өрөөсөн хүүхдүүд ямар их  сэтгэлийн шаналалтай явдгийг наймхан настай охин найзынхаа ярианаас мэдэрчээ. Г.Өлзийжаргал гэх жаахан охин томчуудад хаяглан ийм нэгэн захидал бичсэн байна.  

Categories
мэдээ улс-төр

Монгол иргэдээс шаарддаг барьцаа мөнгийг багасгах талаар тохиролцоонд хүрчээ

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын ГХЯ-дын консулын ээлжит VIII зөвлөлдөх уулзалт 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр БНСУ-ын Сөүл хотноо болов. 

Зөвлөлдөх уулзалтад Монголын талаас ГХЯ-ны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар, БНСУ-ын талаас ГХЯ-ны Хилийн чанад дахь солонгос иргэд, консулын асуудал хариуцсан газрын ерөнхий захирал Ли Мён Ёл тэргүүтэй төлөөлөгчид оролцов. 

Монголын талын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Гадаад харилцааны яам, ИХШХЕГ, ХХЕГ, ЦЕГ, Нийгмийн даатгалын Ерөнхий газар, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний Төв зэрэг байгууллага, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэс, визийн тасгийн удирдлагууд орж ажиллав.

Зөвлөлдөх уулзалтаар БНСУ-д сурч, ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэд, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хоёр улсын хооронд консулын асуудлаар байгуулсан гэрээ, конвенцийн хэрэгжилтийг дүгнэх, иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, хүндрэл бэрхшээлийг арилгах, гэмт хэрэг, зөрчилд холбогдсон, ял эдэлж буй иргэдийг шилжүүлэх, сураггүй алга болсон манай иргэдийг олж тогтоох зэрэг асуудлаар санал солилцож, Монгол иргэдэд виз олгохдоо шаарддаг барьцаа мөнгөний хэмжээг бууруулах, Монгол иргэдээс бүрдүүлдэг визийн материалын тоог цөөрүүлэх, виз олголтын хугацааг богиносгох талаар хоёр тал тохиролцоонд хүрэв. 

Categories
мэдээ нийгэм

Ногоон уутыг эсэргүүцэгчид жагслаа

Нийслэлээс нийтдээ 5.7 тэрбум төгрөгөөр хогны уут үйлдвэрлэж, айл бүрт тараадаг болсон. Хогны уут өөрөө хог болдог. Тиймээс энэ  мөнгөөр хүүхдийн цэцэрлэг, сургууль, эмнэлэг барих хэрэгтэй гэж “Ардын аян” ТББ-ынхан уриа лоозон барин өнөөдөр хотын захиргааны гадаа жагслаа. Тус ТББ-аас “Цэцэрлэг хүрэлцээгүйн улмаас нийслэлд 100 мянган хүүхэд гэртээ цоожлуулан үлдэж байна. Нийслэлийн хэмжээнд хамгийн тулгамдсан ямар асуудал байна вэ гэсэн санал асуулгад иргэд сүүлийн гурван жил дараалан хүүхдийн цэцэрлэг, хүүхдийн эмнэлэг, сургууль гэсэн хариултыг тэргүүн эгнээнд өгсөн. Тэгвэл хогны уут хийж буй 5,7 тэрбум төгрөгөөр 120 хүүхдийн 5 цэцэрлэг, 600 хүүхдийн 2 сургууль, 200 ортой 4 эмнэлэг барих боломжтой байсан. Гэтэл ийм их хөрөнгө хогны уут нэрээр хог болон үлдлээ. Гялгар уут нь 60 жил амьдрах чадвартай хог юм” гэлээ. Ийнхүү тэд хүүхдийн 5 цэцэрлэг, 4 эмнэлэг, 2 сургууль салхинд хийслээ гэсэн агуулгатай арга хэмжээг хүүхдийн баярын өмнөхөн зохион байгууллаа. Энэ санаагаа олонд ойлгомжтой байдлаар хүргэхийн тулд хогны уутыг тэнгэрт нисгэв. Үүнийгээ хогны уут нь дээрх тоо бүхий хүүхдийн цэцэрлэг, эмнэлэг, сургуулийг аваад ниссэн гэж тайлбарлалаа. 

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн баяраар эдгээр зогсоолыг ашиглаарай

Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 6 дугаар сарын 1-ний өдөр Замын цагдаагийн газрын алба хаагчид  бүрэн бүрэлдэхүүнээрээ гудамж замд хяналт тавих, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллана. Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хамгийн их ачаалал авдаг зам бол Нарны зам буюу Хүүхдийн соёл амралтын хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Чингисийн талбайн баруун зүүн хоёр талын зам байдаг. Замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийг ая тухтай үйлчлүүлэх боломжийг хангах зорилгоор  Чингисийн талбайн баруун зүүн хоёр талын бүх төлбөртөй зогсоол ууд тухайн  өдөр  үнэ төлбөргүй  иргэдэд үйлчилнэ.  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд очих бол та Дүнжингарав худалдааны төвийн зогсоол дээр,  Соёл амралтын хүрээлэнд очих бол  Паркийн өргөтгөлийн ажил хийгдэж буй талбай, Сөүл рестораны урд талын зогсоолын талбай, Нарны зам дагуу байрлах урд гарц, Сөүл ресторан луу ордог гарц, орц, Замын цагдаагийн газар, Соёлжийн зогсоолд тээврийн хэрэгслээ байршуулан бусад замын хөдөлгөөнд оролцогч нартаа хүндэтгэлтэй хандаарай. 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн  11 цагаас -16 цагийн хооронд Чингисийн талбайн баруун зүүн хоёр талын замыг хаана.  Замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэд тухайн замыг сонгож хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг зөвлөж байна.

Үндэсний соёл амралтын хүрээлэн орчмын зогсоол

Categories
мэдээ улс-төр

Цариг болон маршрутад өөрчлөлт орохгүй гэв

 Засгийн газар дөрөвдүгээр сарын 30-нд УИХ-д өргөн мэдүүлсэн  Шинэ төмөр замын төслөө эргүүлэн татсан. Энэ нь хойд хөрш рүү өргөн царигтай, урд хөрш рүү нарийн царигтай төмөр зам тавих тогтоолын төсөл юм. Төслийг буцаасан шалтгаанаа Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Засгийн газрын ээлжит  бус хуралдаан өчигдөр болж, Төсвийн хүрээний мэдэгдлийг дахин өргөн барих,  Шинэ төмөр замын төслийг эргүүлэн татаж авах тухай асуудлыг ярилцсан. Эргүүлэн татсан шалтгаан нь тодорхой хэмжээний нэмэлт оруулах шаардлагатай байсантай холбоотой. Энэ асуудлыг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд ирэх долоо хоногт өргөн барина гэв.

Тэрбээр мөн “Манай урд хөрш нарийн, хойд хөршийн төмөр замын цариг нь өргөн байдаг. Бид хоёр талын хөршүүдтэй ямар байдлаар төмөр замаа холбох, яаж зохицуулалт хийх вэ гэсэн заалтуудыг шинээр тусгаж өгнө. Түүнээс цариг болон маршрутад ямар нэг өөрчлөлт орохгүй гэж тодотгосон.

-Төслийг эргүүлэн татсан нь Ерөнхий сайдын ОХУ-ын айлчлалтай холбоотой гэсэн олон нийтийн хардлага байна?

-Ерөнхий сайдын айчлалтай холбоогүй. Маршрут болон царигт өөрчлөлт орохгүй.

Categories
мэдээ улс-төр

Улсын өрийн хэмжээ 2015-2017 онуудад хуульд заасан 40 хувийн хязгаараас хэтрэхгүй гэв

 Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл,  2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ч.Улаан, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цолмон нар танилцуулав.  Эдгээр хууль тогтоомжийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдааанаар хэлэлцэн санал хураалт явуулахад гишүүдийн олонхын дэмжлэг авч чадаагүй учраас төслүүдийг Засгийн газарт буцаасан. Гэвч дараа оны төсвийн хүрээний мэдэгдэл, дунд хугацааны төсвийн төсөөллийн тухай хуулийг тухайн оны 6 дугаар сарын 1-ний дотор батлах хуулийн заалттай учраас Засгийн газар төслүүдийг хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд нийцүүлэн дахин өргөн барьсныг Төсвийн байнгын хороо хэлэлцээд дэмжсэн юм.

 Сангийн сайд Ч.Улаан илтгэлдээ, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагууд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төсвийн тэнцлийн зорилтот үзүүлэлтийг баримтлан Монгол Улсын 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016- 2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг боловсруулсан. Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-т заасан Улсын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй байхаар заасан. Түүнчлэн уг хуулийн 19.3-т “энэ хуулийн 6.1.4-т заасан төсвийн тусгай шаардлагыг хөгжлийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрийн бодит хэрэгцээ, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтаас төсөвт оруулах орлого, тэдгээр ордын ашиглалтын урьдчилгаа төлбөрийн боломж, өмнөх жилүүдэд авч ашигласан гадаад зээлийн эргэн төлөлтийн хуваарьтай уялдуулж, үе шаттай хэрэгжүүлэх зорилгоор улсын нийт өрийн өнөөгийн цэвэр үнэ цэнээр илэрхийлсэн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг 2011 оны төсвийн жилд 50 хувиас, 2012 оны төсвийн жилд 60 хувиас, 2013 оны төсвийн жилд 50 хувиас, 2014 оны төсвийн жилээс эхлэн 40 хувиас тус тус хэтрүүлэхгүй байна” гэж заасан. Улсын өрийн хэмжээ 2015-2017 онуудад хуульд заасан 40 хувийн хязгаараас хэтрэхээргүй байна гэдгийг дурдав.

  Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, М.Энхболд, С.Дэмбэрэл, Н.Энхболд, Ц.Оюунбаатар нар Сангийн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд нар болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулав. Сангийн сайд Ч.Улаан гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Монгол Улсын 2015 оны болон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл нь макро эдийн засгийн болон төсвийн тогтвортой орчныг бүрдүүлэх, инфляцийг хязгаарлахад чиглэж байгаа. Тухайлахад, төсвийн урсгал зардлын өсөлтийг хязгаарлах, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх төсвийн алдагдлын хэмжээг 2.0 хувиас хэтрүүлэхгүй байх; эдийн засгийн өсөлтийг дэмжсэн татварын орчныг бүрдүүлэх, татварын орчныг тогтвортой байлгах замаар төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгох; тэвчиж болох урсгал зардлыг хэмнэх замаар урсгал зардлын суурийг нэмэгдүүлэхгүй байх бодлого барьж байгаа. Түүнчлэн цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцийн түвшинг харгалзан индексжүүлж нэмэгдүүлэх бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх; төсвийн байгууллагуудын урсгал зардлыг нэмэгдүүлэхгүй байх, урсгал зардлыг нэмэгдүүлэх үр дагавар бүхий аливаа шийдвэрийг хэрэгжүүлэхдээ төсвийн хязгаарт багтаадаг байх; төсвийн хөрөнгөөр хэрэгжих төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг үр ашигтай болгох; хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг төлөвлөхдөө зураг төсөв, техник эдийн засгийн үндэслэл нь хийгдсэн төсөл арга хэмжээг барилгын тухай болон төсвийн тухай хуульд заасны дагуу төсвийн төсөлд тусгах, төсөвт тусгагдсан төсөл арга хэмжээг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулах зарчим баримталж байгаа гэлээ. Мөн улсын өрийн нийт хэмжээг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хязгаарт багтаахын тулд 2015 онд хөнгөлөлттэй зээл авах, бонд, баталгаа гаргах зэргээр шинээр өр үүсгэх боломжгүй болж байна. Иймээс хөрөнгө оруулалтыг зөвхөн төсвийн хөрөнгө оруулалтаар хязгаарласан бодлого оруулж ирж байгаа гэдгийг хэлэв. 

Хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл, Д.Зоригт, С.Бямбацогт, Л.Энх-Амгалан, Б.Бат-Эрдэнэ, Ц.Нямдорж нар үг хэлсний дараа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл,  2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналын томъёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 52 гишүүний 42 нь буюу 80.8 хувь нь дэмжлээ. Ингээд хууль тогтоомжийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. Байнгын хороо чуулганы нэгдсэн хуралдааны завсарлагаар хуралдаж, төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр боллоо.

Categories
мэдээ улс-төр

Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улсын Их Хурлын чуулганы  үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж нар танилцуулсан юм.

 Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг чуулганы энэ сарын 15-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд олонхын дэмжлэг авч чадаагүй тул төсөл санаачлагчид нь буцаасан. Иймээс чуулганы нэгдсэн болон байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гишүүдээс гаргасан саналуудыг тусган хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 5 дугаар сарын 23-ны өдөр Улсын Их Хуралд дахин өргөн мэдүүлснийг Эдийн засгийн байнгын хороо энэ сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн байна.

  1991 онд батлагдсан Газрын тосны тухай хуулиар зарчмын шинжтэй харилцааг зохицуулсан бол Засгийн газрын 1991 оны 204 дүгээр тогтоолоор баталсан Газрын тосны тухай хуулийг хэрэгжүүлэх журмаар газрын тосыг хайх, олборлохтой холбоотой гол харилцаа, тухайлбал, газрын тосны хайгуул, олборлолт, газрын тосны үнэлгээ, төлбөр, газрын түрээс, татвар, захиргааны үйлчилгээний шимтгэл, нягтлан бодох бүртгэл, бүтээгдэхүүн хуваах, татвараас чөлөөлөх зэрэг харилцааг зохицуулж байна. Газрын тосны тухай хуульд газрын тосны олборлолт явуулж буй аж ахуйн нэгжүүдийн харилцааг нарийн тусгаагүй, ойлгомжгүй, бусад хуультай зөрчилдсөн заалтууд нэлээд байгаа бөгөөд хуулиар зохицуулах шаардлагатай харилцааг Засгийн газрын тогтоолоор баталсан газрын тосны тухай хуулийг хэрэгжүүлэх журмаар зохицуулж байгаагаас хамаарч сүүлийн үед хуулийг хэрэгжүүлэхэд багагүй хүндрэл учирч байгаа. Иймээс Газрын тосны тухай хуулийг бүхэлд нь шинэчлэн найруулж, газрын тос, байгалийн хий, уламжлалт бус газрын тосны талаарх ойлголт, төрийн байгууллагууд болон нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээг тодорхой болгон, роялти, татварын хувь хэмжээ, түүнийг оногдуулах, хөнгөлөх, чөлөөлөх, тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, газрын тос эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаатай холбоотой харилцааг боловсронгуй болгож хуульчлах зайлшгүй шаардлагыг харгалзан уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийн хамт боловсруулсныг Уул уурхайн сайд илтгэлдээ дурдав. 

  Мөн хуулийн төсөл боловсруулахтай холбогдуулан тусгай зөвшөөрлийн болон нөөц ашигласны төлбөрөөс улсын, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, байгаль орчныг нөхөн сэргээх баталгаа болгож эскроу дансанд байршуулах мөнгөн хөрөнгийн хувь хэмжээ болон бусад шаардлагатай эдийн засгийн тооцоо, судалгааг хийсэн гэдгийг хэллээ. Энэ хууль батлагдсанаар газрын тос, уламжлалт газрын газрын тосны тухай эрх зүйн асуудал тодорхой болох юм гэдгийг тэрээр тодотгов.

  Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт, Л.Гантөмөр, Ж.Батзандан, Л.Энх-Амгалан, О.Содбилэг, Г.Баярсайхан, Ж.Эрдэнэбат, Ж.Батсуурь, С.Одонтуяа, Д.Сумъяабазар нар Уул уурхайн сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, О.Содбилэг, Б.Бат-Эрдэнэ нар саналаа хэллээ. 

  Ингээд байнгын хорооны саналаар Газрын тосны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжих санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 86.5 хувь нь дэмжсэн тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа. 

Categories
гадаад мэдээ

Африкт хүүхдийн гэрлэлтийг хориглоно

Африкт хүүхдийг гэрлүүлэх явдлыг таслан зогсоохоор нэлээд өргөн хүрээг хамарсан кампанит ажлыг өрнүүлээд байна. Африкин Холбооноос санаачлан зохион байгуулж буй ажлыг удирдах төв нь Эфиопийн нийслэл Аддис-Абебед байрлах гэнэ. Мэргэжилтнүүдийн хийсэн судалгаагаар Африкт насанд хүрээгүй гурван эмэгтэй хүүхдийн нэгийг нь албан хүчээр гэрлүүлдэг аж. Одоогийн байдлаар насанд хүрээгүй байж гэрлэсэн охидын тоо 17 саяд хүрээд байна. 

Categories
гадаад мэдээ

Хятадын өмнөд нутагт хүчтэй газар хөдлөлт болжээ

Өнөөдөр өглөө Хятадын өмнөд нутаг буюу Юнань мужийн Пинюань хэмээх газар Рихтерийн шаталбараар 5.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Мьянмартай хил задгадаг тус нутаг нь 46 сая  оршин суугчтай бөгөөд газар хөдлөлтийн төв нь  10 км-ийн гүнд байсан гэнэ. Чухам ямар хэмжээний хохирол учруулсан талаар тодорхой мэдээлэл одоогоор алга.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдүүдийг шинэ “Гүег хаан” онгоцтой танилцуулна

Удахгүй болох Эх үрсийн баярыг тохиолдуулан “Чингис хаан” олон улсын нисэх буудлын албаныхан “Хүүхэд бидний ирээдүй” хүмүүнлэгийн арга хэмжээг өнөөдөр хийх гэж байна.  Энэ хүрээнд  13.00 цагт “МИАТ” ХК-тай хамтран “Бойнг 737-800” буюу шинээр авчирсан “Гүег хаан” онгоцыг хүүхэд, багачуудад  үзүүлж сонирхуулахаар болжээ.

Түүнчлэн Хан-Уул дүүргийн 9,10,16 дугаар хорооны нэн ядуу болон амьжиргааны түвшингээс доор орлоготой айл өрхийн 60 гаруй хүүхдэд хүүхдийн баярын бэлэг гардуулах юм байна.