Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Хойд Солонгост орон сууцны байшин нуржээ

БНАСАУ-ын нийслэл Пхеньян хотноо орон сууцны байшин нурсан байна. Тус улсын мэдээллийн агентлагаас энэ тухай уламжилсан боловч чухам хичнээн хүн амь үрэгдэж, гэмтэл авсан тухай дурдсангүй. Харин Өмнөд Солонгосын талаас мэдээлснээр баригдаж хараахан дуусаагүй байсан бөгөөд 100 айл нүүгээд орчихсон байсан гэнэ. Ямар ч байсан аврах ажиллагаа өчигдөр дууссан байна. Энэ хэргийн хариуцлагыг БНАСАУ-ын Ардын аюулгүй байдлыг хариуцсан сайд Чхве Пу Ир хүлээхээр болжээ.

Ю.Дэлгэр

Categories
мэдээ спорт

“Алдар”-ын бөхчүүд өнгөллөө

Бөхийн чөлөөт барилдааны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 16-18-ны өдрүүдэд Спортын төв ордонд боллоо. Тэмцээнд 20 гаруй байгууллагын 200 гаруй тамирчин өрсөлдөж, эрэгтэй, эмэгтэй болон нийт багийн дүнгээр Ц.Хосбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хорооны баг тэргүүлэв. Энэ удаагийн УАШТ-ийг Гавьяат тамирчин С.Батцэцэг, О.Насанбурмаа, ОУХМ Г.Наранчимэг, Б.Номин, Э.Ням-Очир нар бэртлийн улмаас өнжжээ. Тэмцээний медальтнуудыг танилцуулъя.
Эрэгтэй:
57 кг
1.Бэхбаяр. Хангарьд
2.Цогтбаатар –Алдар спорт хороо
3.Баярхүү –Хасу Мега Старс
3.Хаш-Эрдэнэ-Алдар спорт хороо
61 кг
1.Түвшинтулга– “Гацуурт Олимп”
2.Нэмэхбаяр – “Хасу Мегастарс”
3.Өсөхбаяр – “Цастын барс”
3.Лхамгармаа – “Алдар спорт хороо”
65 кг
1.Батмагнай– “Алдар спорт хороо”
2.Мандахнаран – “Алдар спорт хороо”
3.Санчир – “Харганат цамхаг”
3.Наранболд – “Хилчин спорт хороо”
70 кг
1.Анхбаяр –Харганат цамхаг
2.Батзориг– Хилчин спорт хороо
3.Алтангэрэл –Хангарьд
3.Идэрхүү – Гацуурт –Олимп
74 кг
1.Өнөрбат – “Хасу Мегастарс”
2.Мөнхжаргал – “ҮБТДС”
3.Гомбодорж
3.Баярнэмэх – “Алдартан”
86 кг
1.Өсөхбаатар – “Хилчин спорт хороо”
2.Үйтүмэн – “Аврагч спорт хороо”
3.Мэндсайхан – “Харганат цамхаг”
3.Өлзийсайхан – “Хасу Мегастарс”
97 кг
1.Хүдэрбулга –Ганьт
2.Пүрэвдорж– Харганат цамхаг
3.Сосорбарам –Аварга БТДС
3.Бэлгүүтэй –Женко
125 кг
1.Чулуунбат – “Арслан”
2.Шинэбаатар – “Алдар спорт хороо”
3.Одгэрэл – “Алдар спорт хороо”
3.Ганзориг
Эмэгтэй:
48 кг
1.Нарангэрэл –Хангарьд
2.Цэнджав –Алдартан
3.Отгонцэцэг –Орхон
3.Намуунцэцэг –Хасу Мега Старс
53 кг
1.Даваачимэг – “Хилчин спорт хороо”
2.Сайнсар – “Алдар спорт хороо”
3.Сумъяа – “Хилчин спорт хороо”
3.Мөнхтуяа – “Хасу Мегастарс”
55 кг
1.Батцэцэг – “Хасу Мегастарс”
2.Орхон – “Алдар спорт хороо”
3.Номин–Эрдэнэ – “Хангарьд спорт хороо”
58 кг
1.Шоовдор –Цастын барс
2.Бямбацэрэн –Аврагч спорт хороо
3.Оюун-Эрдэнэ –Орхон
60 кг
1.Цэрэнчимэд – “Алдар спорт хороо”
2.Мөнхтуяа – “Хангарьд спорт хороо”
3.Хулганаа – “Сэлэнгэ”
3.Болортуяа – “Орхон аймгийн Ирээдүйн ододспортын дунд сургууль”
63 кг
1.Нямгэрэл – “Хангарьд спорт хороо”
2.Оюунтуяа – “Аварга БТДС”
3.Шинэхүүхэн – “Харганат цамхаг”
3.Болортунгалаг – “Аврагч спорт хороо”
69 кг
1.Одончимэг – “Алдар спорт хороо”
2.Номин-Эрдэнэ – “Хилчин  спорт хороо”
3.Түмэнцэцэг – “Хилчин спорт хороо”
3.Баяржаргал – “Хасу Мегастарс”
75 кг
1.Бурмаа –МУГТ
2.Цэвэгмэд –“Алдар спорт хороо”
3.Ганцэцэг – “Орхон аймаг”
3.Чанцалнямаа – “Хасу Мегастарс”

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн багш нарыг бэлтгэлээ

Социализмын үед тусгай сургуулийн “согог зүйч” мэргэжлийн 120-иод багшийг гадаадад бэлтгэсэн түүхтэй. Өдгөө эдгээр багш нарын дийлэнхи нь 50-аас дээш насныхан юм. Харин МУБИС-д тусгай хэрэгцээт боловсролын бакалаврын нэг жилийн хөрвөх ангийг 50 оюутан төгсч байна.  МУБИС-ийнхан мэргэжлийн чадварлаг багш нартай  баг бүрдүүлж,  олон улсын жишигт нийцсэн сургалтын хөтөлбөр боловсруулсан аж. БШУЯ-ны  дэмжлэгээр 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн одоогийн нэг жилийн хөрвөх сургалтын ангийг өргөжүүлэн, Тусгай хэрэгцээт боловсролын багш мэргэжлээр аймаг орон нутгаас элсэлт авч, дөрвөн жил суралцуулж, бакалаврын зэрэгтэй төгсгөх зорилт тавьсан аж.  Эхний нэг жилийн ангийн оюутанууд нь ихэвчлэн тусгай сургуулиудад ажилладаг, ажлын туршлагатай багш нар юм. Төгсөгчдийн нэг Дауны холбооны гүйцэтгэх захирал Г.Ариун байлаа.  Түүнээс энэ ангийг сонгосон зорилго болон Монгол дахь дауны өвчтэй хүүхдүүдийн суралцах нөхцлийн талаар тодруулав.
– 1993 оноос өмнө хуучин ЗХУ, Зүүн Европын  орнуудад согог зүйч бэлтгэж байжээ. Харин зах зээлд шилжсэнээс хойш  бэлтгэсэн анхны тусгай хэрэгцээт боловсролын багш нар нь бид.  2008 онд Дауны холбоо байгуулагдсан, зургаан жил ТББ-д ажилласан. Дауны хам шинжтэй, оюуны бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах арга зүйг судлахаар ирсэн юм. Дауны хам шинжтэй хүүхдүүд сурч чадахгүй, эцэг эхийн бүрэн асрамжид байдаг, бусадтай харьцаж чадахгүй гэсэн ойлголт байдаг. Бусад оронд ийм өвчтэй хүүхдүүд энгийн хүүхэдтэй адил цэцэрлэгт хүмүүжиж, сургууль, коллежид сурах боломж бүрдүүлж өгдөг. Гэтэл манай нөхцөлд ийм бэрхшээлтэй хүүхдүүдийг зөвхөн тусгай сургуулиар хязгаарладаг. Орон нутагт сурах боломж огт байхгүй. 0-6 настай хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж байна.  Энгийн хүүхдүүдтэй ижил орчинд өсгөх хандлага руу явах хэрэгтэй. Хүүхэд бүрийн чадвар өөр.  Тухайн хүүхдэд тохирсон хэмжээнд нь сургах арга зүй бий болгох учиртай. Манай төрийн бус байгууллага анхдагч оюуны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан  Хүүхэд хөгжлийн төв  байгуулж байна. Олон улсын төсөл, хөтөлбөрүүдэд хандаж, энэ төвийг байгуулсан.  Эхлүүлж байтал улс нь хараад дэмжих байлгүй дээ гэж боддог гэж тэр ярив. Дауны холбоонд бүртгэлтэй 190 хүн бий.  Эдний 80 хувь нь 0-16 насныхан  аж. Дауны өвчнийг хүүхэд төрсөн цагаас нь туршлагатай эмч нар оношлох боломжтой байдаг гэнэ. 


Тусгай боловсролын багш Д.Баяртай ярилцлаа.  Тэрбээр 1981 онд ЗХУ-д согог зүйч мэргэжил эзэмшжээ. Одоо бол  нийгэм хүмүүнлэг байх учиртай гэсэн үүднээс согог гэдэг үгнээс  татгалзаж байгаа гэнэ. Согог гэдэг нь анагаах ухааны  хэллэг гэсэн шүү.  Тэрбээр Багшийн дээд сургууль төгсөөд 29 дүгээр тусгай сургуульд  сул сонсголтой хүүхдийн багшаар очиж байжээ.  Тэр үед сонсголын болон харааны бэрхшээлтэй хүүхдүүд хамт хичээллэдэг байж. Ахмад багш нарын туршлагаас суралцах замаар ажиллаж байжээ.  Хоёр жилийн дараа нам засгийн бодлогоор  сургуулиасаа гурвуулаа  Эрхүүгийн  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн багш бэлтгэх  сургуульд суралцсан аж.  “Бидний үеийнхэн тэтгэвэрт гарч байна. Төрөөс энэ байдлыг харгалзаж ийм анги нээсэн. Сургалтанд хамрагдсан хүмүүс тусгай сургуульд хоёроос дээш жил ажилласан, ажлын туршлагатай, хүмүүнлэг үйлстэй багш нар. Бид Монголдоо анх удаа үндэсний боловсон хүчнээ бэлтгэж байна” гэж Д.Баяр багш ярилаа. Хөгжилтэй орнуудад  зөвхөн эмнэлэгт төдийгүй хот дүүргүүдэд эцэг эхэд зөвлөх  хэл заслын төвүүд  ажилладаг гэнэ.  “Эцэг эх, ард иргэдэд үйлчилгээ үзүүлэх лаборатори төв байгуулахаар  шавь нартайгаа ярьж байгаа. Эхний ээлжинд зөвлөгөө өгөх сайт нээхээр төлөвлөж байна. Дээхнэ үед хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ нууж дардаг байсан. Одоо бол ийм хүмүүст тусгай үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй гэсэн нийгмийн зөв соёл төлөвшиж байна” гэж Д.Баяр багш хэлсэн юм.     
 Хүүхэд хэл ярианы хоцрогдолтой эсэхийг хэрхэн таних талаар багшаас лавлав.  Анх эхлээд шулганаж хэлд орж байгаа үеэс нь ээж, аав нь бусадтай харьцуулж үзэх хэрэгтэй. Авиаг зөв дуудаж байгаа эсэхийг, авиа сольж байгаа эсэхийг анзаарах хэрэгтэй юм байна. Хүүхдийн ярьж байгаа  зүйлийн  утга санаа ойлгогдож байгаа эсэхийг анзаар.  Утга төгс өгүүлбэр хэлж, авиагаа зөв дуудаж байвал санаа зовох хэрэггүй.  Авиагаа алдаатай хэлж,  яриа нь ойлгогдохгүй бол мэргэжлийн хүнд хандаарай.  Хүүхдийн хэл ярианд орчин их үүрэгтэй.  Хэл ярианы хоцрогдол нь  анатоми физилогийн бүрэн бүтэн байдал, төв мэдрэлийн системээс хамаардаг.  Хэл ярианы түр согогтой эсвэл хөгжлийн бэрхшээл нь тогтонги эсэхийг судалж байж л тогтооно гэв. 

МУБИС-ийн хичээлийн танхимд нэг жил амжилттай суралцан дадлага хийсэн тайлан, бүтээлээрээ оюутнууд үзэсгэлэн гаргасан байлаа.

Б.Янжмаа

 

Categories
мэдээ нийгэм

Ховд аймаг “Спирт үү, спорт уу” аянд нэгдлээ

Монголын Залуучуудын Холбооноос 2012 оноос хойш залуучуудын дунд өрнүүлж байгаа “Спирт үү, спорт уу” аяныг орон нутаг дахь залуучууд дэмжиж бүгд нэгдэж байгаа аж.  Өнгөрсөн долоо хоногт Дорнод, Баян-Өлгий аймагт нээлтээ хийсэн “Спирт үү, спорт уу” аянд Ховд аймгийн залуучууд нэгдлээ. Ховд аймгийн Залуучуудын Холбооноос санаачлан өглөө бүрийн гүйлт, дасгал хөдөлгөөнийг тогтмол болгох, “И биш О”-г, “Баар луу биш заал руу” уриаг хэвшил болгох зорилгоор “Спирт үү, спорт уу” аяныг нутагтаа брэнд болгон хэрэгжүүлж байгаа юм байна. Энэхүү аяныг  орон нутгийн залуус идэвхтэй дэмжиж, зөвхөн залуучууд гэлтгүй бүх насныхныг хамруулах, зөвхөн төв суурин газартаа бус хөдөөд өрнүүлэхээр зорьж байгаа ажээ. Ховд аймгийн залуус долоо хоног бүрийн мягмар, пүрэв, бямба гаригийн 06.00 цагаас аймгийнхаа төв талбайд гүйж байгаа гэнэ. 

Categories
гадаад мэдээ

Африкийн удирдагчид Боко Харам бүлэглэлийн эсрэг нэгдэнэ

Африкийн орны удирдагчдын Парист болсон уулзалтын үеэр Нигерийн радикал бүлэглэл Боко Харамтай “дайн” зарлаж буйгаа мэдэгдсэн байна. Парист болсон энэ уулзалтанд Францын ерөнхийлөгч Франсуа Олланд, Нигерийн төрийн тэргүүн Гудлак , түүнчлэн Бенин, Камерун, Нигер болон Чад зэрэг орны ерөнхийлөгчид оролцжээ.  “Боко Харам”  бүлэглэл нь Аль-Каида болон бусад алан хядах бүлэглэлүүдтэй холбоотой гэж мэдэгдсэн юм. Тус уулзалтын үеэр Африкийн орны удирдагчид Боко Харам бүлэглэлтэй тэмцэхийн тулд томоохон төлөвлөгөө боловсруулахаар тохиролцсон байна. Мэдээлэл солилцох, бүс нутгийн хил хязгаарыг хамтран хянах, зохицуулалт хийх,  франц цэргүүдийг оролцуулсан цэргийн ажиллагаа зохион байгуулах зэргээр хамтрах нь.  Уулзалтанд Их Британи, АНУ, Европын холбооны төлөөлөгчид оролцжээ. Дөрөвдүгээр сарын 15-ны шөнө Нигерийн Боко Харам бүлэглэл Нигерийн Борно мужийн Чибок хотын дунд сургуульд зэвсэглэн очоод 230 гаруй сурагчийг хулгайлсан юм. Бүлэглэлийн удирдагч Абубакар Шекау хулгайлагдсан охидыг “Аллахын өмч” гэжээ. Мөн шоронд байгаа Боко Харам бүлэглэлийн гишүүдийг охидоор солих санал гаргаад байгаа юм. “Боко Харам” гэдэг нь хауса хэлээр “Өрнөдийн боловсрол хориотой” гэсэн үг аж. Нигерт шариатын засаглалыг бий болгохын төлөө тэмцдэг, лалын салан тусгаарлагч бүлэглэл юм байна. 

Categories
мэдээ соёл-урлаг

“Гэгээн муза-11” наадмын шилдгүүд маргааш тодорно

“Гэгээн муза” олон улсын театрын наадам энэ сарын 19-нд буюу маргааш шилдгүүдээ тодруулна. Энэ удаагийн наадам “Драмын жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”, “Дуулалт жүжгийн төрөл”, “Нэг хүний жүжгийн төрөл”-үүдэд 20 уран бүтээл өрсөлдөж байгаа аж. 

“Гэгээн муза 11” наадмын хоёрдугаар шатны шалгаруулалтад өрсөлдөж буй бүтээлүүд энэ сарын 10-наас эхлэн тоглож эхэлсэн.

Тус наадамд нэр дэвшигчдийн бүтээлийн үзлэг өнөөдөр дуусч байгаа аж.  

Categories
мэдээ нийгэм

“11-11 төв”-д 900 гаруй санал хүсэлт иржээ

Засгийн газрын “11-11 төв”-д өнгөрсөн долоо хоногт 900 орчим санал хүсэлт иржээ. Түгээмэл ирсэн асуултуудад холбогдох төрийн байгууллагуудаас дараах хариултуудыг өгч байна.

-Ажилласан жилийг нөхөн тооцох хуулийн хүрээнд бүртгүүлж амжаагүй иргэн олон  байгаа тул хугацааг  сунгах уу?

-2014.06.01 хүртэл сунгасан. Энэ хугацаанд бүртгүүлээгүй иргэд бүртгүүлэх  боломжтой.

-Буянт-Ухаа 1 хороололын сугалааны тохиролд тэнцсэн иргэд нэрсээ хаанаас харах боломжтой вэ?

-Төрийн орон сууцны корпорацийн Tosk.gov.mn цахим хуудсанд “Буянт-Ухаа-1” хорооллын сугалаанд хожсон иргэдийн овог нэр, бүртгэлийн болон регистрийн дугаар тавигдсан байгаа. Эндээс мэдээлэл авч болно.

-Зам ашигласны хураамж 20,000 төгрөг тушаадаг.  Хөдөө орон нутгийн замд явахдаа энэ хураамж  хүчинтэй юу?

-Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр болох 20,000 төгрөг авдаг бөгөөд хөдөө орон нутагт зорчихдоо олон улс болон улсын чанартай авто замаар зорчиж буй тээврийн хэрэгслээс төлбөр авах журамын дагуу 500 төгрөгийн хураамж төлнө гэж хариуллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Жуулчдыг аюулгүй аялуулна

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар хамтран маргааш “Корпорейт-3” зочид буудалд гамшиг, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх үзүүлэх сургалтыг зохион байгуулах гэж байна. Сүүлийн жилүүдэд нийслэл хотод олон давхар барилга бүхий зочид буудал, үйлчилгээний газрууд цөөнгүй баригдах болсонтой холбогдуулан иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах, гал түймрээс урьдчилан сэргийлэх, байгалийн гамшгийн үед аврах ажиллагааг зохион байгуулах мэдлэг, мэдээллийг олгох зорилгоор уг сургалтыг зохион байгуулах юм байна.  Байгалийн гамшиг, гал түймрийн ослын үед зочид, жуулчдад шаардлагатай заавар, зөвлөгөө, туслалцааг хэрхэн үзүүлэх, авран хамгаалах ажлыг бодитоор үзүүлэх уг сургалтад эхний ээлжинд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг одны зэрэглэлтэй зочид буудлын захирал, менежер, инженер техникийн ажилтнууд хамрагдах гэнэ. Цаашид нийслэлийн Аялал жуулчлалын газраас жуулчдын аюулгүй байдлыг хангах, ая тухтай жуулчлахад чиглэсэн олон ажлыг хийхээр төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Их дэлгүүрт гал гарчээ

Улсын их  дэлгүүрт гал гарсныг өчигдөр унтраасан байна. Тус дэлгүүрийн дөрвөн давхарт гал гарч, утаа нь дээд давхарт уугисан байна. Нийслэлийн онцгой байдлын газрын гал сөнөөгчид ирж, галыг бүрэн унтраажээ. Галын шалтгаан одоогоор тодорхойгүй байна.  Гэмтсэн бэртсэн хүн байхгүй гэнэ.  

Categories
мэдээ нийгэм

Алжаал тайлах долоон арга

Гэр-ажил, ажил-гэр гэсэн орчин цагийн завгүй хэмнэлд стрессдэлгүй алжаалаа тайлах долоон аргыг хүргэж байна. Энгийн, хялбархан учраас та өөрт тохирохоор аль нэг аргыг нь заавал туршиж үзээрэй. 

1.Гүнзгий амьсгалах арга

Сандал дээр тав тухтай суугаад, нуруугаа цэхлэнэ, чангалж хэрэггүй. Хоёр гараа өвдгөн дээрээ чөлөөтэй сул тавина. Амьсгаагаа тайвшруулна. Одоо, маш гүнзгий амьсгаа ав. Агаар уушигны бүх булан тохойд очиж цээж хэрхэн тэнийж байгааг мэдэр. Амьсгаа авахдаа “Би аз жаргалыг авч байна” эсвэл “Би эрүүл мэндийг авч байна” гэж бодоорой. Амьсгаагаа гаргахдаа “Би хайр энэрэлийг гаргаж байна”. Ийм маягаар 5 – 10 минут амьсгална.

2.Цэвэр агаарт алхах

Бидний эргэн тойрон дахь байгаль амьдралд маань тайвширал болон зохицолыг авчирдаг. Өдөрт ядаж 15 – 20 минут алхаж байгаарай. Ялангуяа цэцэрлэг дотор алхах сайн. Мод бут хүний биенээс хуримтлагдсан сөрөг энергийг зайлуулан өөртөө татдаг. Тиймээс амралтын өдрүүдээ хотоос гарч, байгаль дэлхийдээ ойр байхыг хичээж байгаарай.

3.Сэтгэл бодлоо төвлөрүүлэх арга

Энэ арга бол хамгийн шалгарсан арга бөгөөд алжаалыг 100 хувь тайлдаг. Сандал дээр нуруугаа цэхлэн сууна. Эсвэл шалан дээр завилж сууна. Хоёр гараа чөлөөтэй, сул, өвдгөн дээрээ, алгаа дээш харуулан тавина. Нүдээ анина. Амьсгалаа тайвшруулаад, элдэв бодлыг сэтгэлээсээ хөөнө. Тайван, зөөлөн, гүнзгий бусаар амьсгална. Хамаг анхаарлаа амьсгалалтандаа хандуулна. Анхаарал сарниад байвал дотроо тоо тоол. Эсвэл, энэтхэг “ом” гэдэг үгийг шивнэн давтана. Өдөрт 5 – 10 минутаас эхлээд, аажмаар хугацааг уртасгаж 20 – 30 минут болгоно.

4.Хөдөлгөөнт төвлөрүүлэлт

Намуухан хөгжим тавиад суух, эсвэл зогсоно. Нүдээ аниад хөгжимд шингэхийг хичээнэ. Хөгжмийн хэмнэлээр өөрийн эрхгүй хөдөлгөөн хиймээр санагдана, биеийнхээ “хэлж өгч” байгаа хөдөлгөөнийг хий. Хугацаа дээрхтэй ижил.

5.Сэтгэлдээ өнгө дүрслэх арга

Тав тухтай байдлаар суугаад, бүх булчингаа суллаад, нүдээ анина. Өөрийгөө ямар нэгэн тааламжтай орчинд байгаагаар төсөөлнө. Тэр орчныхоо өнгүүдийг сэтгэлдээ харна. Жишээ нь, гүн цэнхэр устай нуурын эрэг дээр, эсвэл цэцэг алагласан ойн цоорхойд сууж байна гэх мэтээр. Алгуур болон гүнээр нуурын цэнхэр өнгийг амьсгал. Амьсгаагаа гаргахдаа өөр өнгийг төсөөлнө. Эсвэл ойн цоорхойн ногоон өнгөөр амьсгаа аваад, цэцэгний улбар шар өнгийг гаргах гэх мэтээр сэтгэлдээ дүрслэн амьсгална. Нэг өнгийг оруулаад нөгөө өнгийг гаргана гэсэн үг.

6.Ургамлаар алжаал тайлах арга

Орой ажлаасаа ирээд алтан товч буюу хамба шарилж( ромашка), гаа зэрэг ургамлын цай найруулж ууна. Хоёр цайны халбагыг нэг стакан буцламгай усанд хандална. Хэсэг байлгаад шүүгээд уудаг. Эмийн санд ийм бэлэн цайнууд ч байдаг.

7.Алжаал тайлах ванн

Ваннадаа биеийн температураас арай илүү бүлээн ус хийнэ. Халуун ус хэрэггүй. Усандаа хөөс, эфирийн тос зэрэг тайвшруулах үйлчилгээтэй бодис хийвэл сайн. Усан дотроо хэвтээд биеэ сул тавь. Элдэв юм бодож болохгүй. Яг одоо ямар сайхан тааламжтай байгаагаа л мэдрэн таашаал авах ёстой. 20 – 30 минут хэвтээд уснаас гарч зөөлөн алчуураар биеээ үрж арчина. Дараа нь бүх биендээ анхилуун үнэртэй биеийн тос түрхэн бас нэгэн таашаал авна.