Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Гэмт хэргийн хуульд ийм өөрчлөлтүүд орох нь

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Гэмт хэргийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийн танилцуулгыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хийлээ. Монгол Улсын эрүүгийн хариуцлагын тогтолцоонд хорих ял дийлэнх хувийг эзэлдэг аж. Тухайлбал, Шүүхийн 2011 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн мэдээгээр нийт ялын дотор хорих ялын эзлэх хувь 77.4 хувь, нийтэд тустай ажил хийлгэх нь 5.8 хувь, баривчлах ял 12.5 хувь, бусад ял 0.1 хувийг эзэлж байсан бол 2012 оны мэдээгээр  нийт ялын дотор хорих ялын эзлэх хувь 77.6 хувь, нийтэд тустай ажил хийлгэх 5.7 хувь, баривчлах ял 11.6 хувь, бусад ял 5.1 хувийг эзэлж байна гэсэн судалгаа гарчээ. Мөн хорих ял эдлээд суллагдсан иргэдийн 47 орчим хувь нь дахин гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн байна. Тиймээс Гэмт хэргийн тухай хуульд торгох ялыг оруулж, нэг зуугаас дөчин мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг ногдуулахаар заажээ Ингэхдээ уг торгох ялаас хохирогчид учирсан хохирлыг төлүүлэх, ялтан торгох ялыг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд албадан биелүүлэх, албадан биелүүлэх ажиллагаанд саад учруулсан, оргон зайлсан тохиолдолд торгох ялыг хорих ялаар солихоор төсөлд тусгажээ. Мөн хуулийн төсөлд зорчих эрхийг хязгаарлах ялыг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар оногдуулахаар заасан байна. Түүнчлэн тогтоосон замаар зорчих, хууль сахиулах байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хоригийг зөрчвөл уг ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцох юм байна.Энэ нь шинэ төрлийн ял бөгөөд шүүхээс хорих ялыг оногдуулах явдлыг багасгах зорилгоор электрон гавны тусламжтайгаар цахим хяналт тавих гэнэ. Хорих ял нь хугацаатай ба бүх насаар нь хорино гэсэн ангилалтай байх нь. Тухайлбал, хугацаатай хорих ял нь нэг сараас хорин жил хүртэл байх, бүх насаар хорих ял нь хорин жилээс дээш хугацаагаар байх бөгөөд суллагдах үндэслэл нь хорин жилээс дээш хугацаагаар хорих ялыг биечлэн эдэлсний дараа үүсэх юм байна. Хуулийн төсөлд өсвөр  насны иргэнд ял оногдуулах талаар ч тусгасан байна.  Ял шийтгэл хүлээлгэх насны хязгаарыг 14 наснаас байхаар зааж өгчээ.  14 наснаас дээш гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн бүрт ял оногдуулах зорилгогүй гэсэн тайлбарыг яамнаас хийж байна. Хүүхдийн хүмүүжил нас бие, сэтгэхүйн онцлогт тохирсон ял шийтгэл оногдуулах, хүүхдийг аль болох хорих бус хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай сургалттай байгууллагад хүмүүжүүлэх. Хүүхдийн хууль зүйн хороо нь хүүхдийг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрх ашгийг хамгаалах, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээнд хяналт тавих зэргээр тодорхой зохицуулалтыг тусгаж өгсөн аж. Гэмт хэргийн тухай хуулийн төсөл батлагдсаны дараа хэрэгжүүлэхэд  бэлтгэл шат 1-2 жил үргэлжилж, хуулийг нэг мөр, зөв ойлгож хэрэглэх боломж бүрдэх гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Д.Амарсайханы нас барсан шалтгааныг тодруулахаар ажиллаж эхэлжээ

Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан энэ сарын 13-ны өдөр хорих 461-р ангийн уулзалтын өрөөнд нас барсан.  Баянгол дүүргийн цагдаагийн II хэлтэс Эрүүгийн Хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт зааснаар энэ асуудалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Одоогоор хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.  Үүнд дүүргийн II прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна. Д.Амарсайхан Засгийн газраас “Петро чайна дачин тамсаг” компанитай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний орлогоос нэг хувийг нь хувийн данс руугаа шилжүүлж байсан гэх хэрэгт сэжиглэгдэн тус газар хоригдож байсан юм. 

Categories
мэдээ нийгэм

Мэргэжлийн хяналтын байцаагчид Америкт мэргэшнэ

АНУ-ын Хөдөө аж ахуй, амьтан, ургамал, эрүүл мэндийн хяналтын газрын Бээжин дэх Элчин сайдын яамны атташе, хатагтай Синти Дуер тэргүүтэй  төлөөлөгчид манай улсад ажиллаж байна. Тэд 2014-2015 онд хамтран ажиллах ажлын төлөвлөгөө, Санамж бичгийн төслийг хэлэлцэхээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ажиллаж байгаа аж. Төлөөлөгчдийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнх өнөөдөр хүлээн авч уулзлаа. Мэргэжлийн хяналтын байцаагч нарыг АНУ-д сургаж мэргэшүүлэх, зөвлөх багш урин сургалт зохион байгуулах талаар санал солилцжээ. Айлчлалын хүрээнд талууд мал, амьтан, ургамлын эрүүл мэнд, хорио цээр, хүнсний аюулгүй байдал болон бусад асуудлыг хэлэлцэх юм. Үүнээс гадна АНУ-ын APHIS FSIS байгууллагатай хамтран ажиллах Санамж бичгийн төслийг тохирон гарын үсэг зурахад бэлэн болгох ажээ.

Categories
мэдээ нийгэм

Нарантуулд худалдаалдаг тоглоомнууд шаардлага хангахгүй байна

Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй халдвар хамгааллын байцаагчид Нарантуул худалдааны төвд зарж байгаа хүүхдийн тоглоомнуудыг баталгаагүй, шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт гаргажээ.  0-3 настай хүүхэд тоглохыг хориглоно гэсэн тайлбартай шажигнадаг тоглоом, будгийн тогтворжилт муу тоглоом, хүүхдийн нүд рүү нь бууддаг гэх зэрэг аюулгүй байдлыг зөрчсөн тогтлоомнуудыг  тус төвд худалдаалж байгаа аж. Мөн  нярайн шажигнадаг тоглоомын дуу стандартаас чанга гэсэн зөрчил ч илэрсэн байна. Ийм чанга дуутай тоглоом хүүхдийн сонсголд нөлөөлдөг байна. 

Categories
гадаад мэдээ

Дэлхийн эрүүл мэндийн ассамблей эхэллээ

Дэлхийн эрүүл мэндийн 67 дугаар ассамблей Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо өчигдөр эхэллээ.

Гишүүн 194 улсын төлөөлөгч нараас гадна НҮБ-ын бусад төрөлжсөн агентлагууд, олон улсын төрийн бус байгууллагууд болон ажиглагчдаас бүрдсэн 3000 гаруй төлөөлөгчид энэ удаагийн ассамблейд оролцож байгаа ажээ. Энэ жилийн хувьд нэгдсэн чуулганы хэлэлцүүлэг “Уур амьсгал ба эрүүл мэнд” гэсэн үндсэн сэдэвтэй байх бөгөөд улс орнуудын төлөөлөгчдийн тэргүүн нар эл сэдвээр үг хэлэх аж.

 Ассамблей дэгийн дагуу Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч нарыг сонгосноор эхэлсэн байна. Энэ жилийн 67 дугаар ассамблейн Ерөнхийлөгчөөр Кубын Нийгмийн эрүүл мэндийн сайд Др.Роберто Моралес Охедаг сонгосон бол үлдсэн таван бүсийн төлөөлөл болох Фижи, Бахрейн, Литви, Конго, Шри Ланка улсаас тус тус Дэд ерөнхийлөгч нарыг сонгосон байна. Харин ассамблейн А хорооны даргаар Австрали улс, Б хорооны даргаар Уганда улсын төлөөлөгч сонгогджээ.

 Дэлхийн эрүүл мэндийн 67 дугаар ассамблей тавдугаар сарын 24-ний өдрийг дуустал үргэлжлэх ба дээрх чуулганд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Эрүүл мэндийн сайд Др. Н.Удвал, Эрүүл мэндийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга С.Төгсдэлгэр нар оролцож байна.

Categories
мэдээ нийгэм

Хотын мэр Э.Бат-Үүл швед автобусыг “балиашиглана”

Үндэсний үйлдвэрлэгчид Э.Бат-Үүл даргын Шведийн Элчин сайдтай уулзсан мэдээг үзвэл  урам хугарахаар юм.   Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Шведийн вант улсаас Бээжин хотод суугаа элчин сайд Ларс Петер Фреденийг хүлээн авч уулзахдаа Улаанбаатар хотын нийтийн тээвэрт хамтран ажиллах санал солилцсон байна. Уулзалтын үеэр Э.Бат-Үүл “Улаанбаатар хотын нийтийн тээвэрт Шведийн “Сканий” үйлдвэрийн автобусыг нийлүүлэх хүсэлтийг дэмжиж байгаа”-гаа илэрхийлжээ. Тэрээр нийслэлийн нийтийн тээвэр экологи, чанарын шаардлага хангасан 2500 автобусаар  бүтэн парк шинэчлэлт хийх шаардлагатай байгаа бөгөөд ашиглалтын үйл ажиллагааг хариуцах, урт хугацааны  худалдан авалт хийх хүсэлтэй байна. Мөн бүс нутгаа “Аялал жуулчлалын төв” болгон хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа тул аялал жуулчлалын тээвэрт ч мөн ая тухтай автобус хэрэгтэй тул угсрах жижиг үйлдвэрийг Монголд барих саналтай байгаагаа хэлсэн аж.  Түүгээр ч барахгүй санхүүжилтийг жил бүр батлагдсан төсвөөсөө төлөөд явах боломж байгаа эсэхийг лавласан байна.  “Сканиа” компанийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Матиас Алин “Сканий” үйлдвэрийн автобус нь  тав тухтай, дулаан, агааржуулалтын системийг  шийдсэн, евро стандартыг хангасан үзүүлэлттэй гэж онцлоод, санхүүжилтийн хувьд Шведийн үндэсний бүтээгдэхүүний экспортыг дэмжиж, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилготой Засгийн газрын 2 байгууллага ажилладаг. Тэдгээр байгууллагуудаар дамжуулан урт хугацааны бага хүүтэй зээлээр автобус нийлүүлэх боломжтой” гэжээ. Монголд угсарч байгаа “Экобус”   евро стандартын шаардлага хангасан, агаар бохирдуулдаггүй гэдгийг хотын дарга сонссон болов уу.  Хотын дарга  гадаад автобус балиашигладаг ч, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих байлгүй дээ.

Categories
гадаад мэдээ

Тайландын арми дайны онц байдал зарлав

Тайландад хэдэн сарын турш улс төрийн эмх замбараагүй байдал үргэлжилж байгаа. Үүний хариу болгож тус улсын арми дайны онц байдал зарлав.  Армийн удирдлагууд дайны онц байдал зарласнаа  “Улс оронд эмх журам тогтоох зорилготой. Бид төрийн эргэлт хийгээгүй” гэж  тайлбарлаж байна. Армийн удирдлагууд дайны онц байдал зарлахаа Засгийн газарт мэдэгдээгүй гэж тус улсын удирдлагууд мэдэгджээ. Армийн хэвлэлийн төлөөлөгч “Бүх юм урьдын хэвээр байгаа бөгөөд Арми зөвхөн улс орны аюулгүй байдлын асуудлыг хяналтандаа авсан. Засгийн газар төрийн эрхийг хэвээр барьж байгаа” гэж мэдэгджээ. Цэргүүд телевизүүдийг хяналтандаа авсан байна. 

Categories
мэдээ нийгэм

Туулын дагуу баригдаж байгаа хурдны замын ажил үргэлжлэх нь

АН-ын бүлгийн өчигдрийн хуралд Нийслэлийн удирдлагууд оролцож, мэдээлэл хийжээ. Тэд 2014 онд нийслэлд хийгдэх ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг АН-ын бүлгийн гишүүдэд өгсөн байна. АН-ын бүлгээс нийслэл хотод хийгдэж буй ажлуудыг эрчимтэй явагдаж байгааг сайшаагаад цаашид хийж гүйцэтгэх ажлуудад нь чиглэл өгсөн аж. 

Бүлгээс нийслэлийн удирдлагуудад  хотод бизнесийн таатай орчныг бий болгох. төрийн дарамт, шахалтыг багасгах, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлэх чиг өгчээ.  “Гудамж” төслийн ажлыг үргэлжлүүлэн хийх ёстой гэж үзсэн байна. Шаардагдах хөрөнгө, мөнгийг Эдийн засгийн хөгжлийн яамнаас гаргаж өгөхийг Н.Батбаяр сайдад даалгасан байна. Жишээ нь Туул голын зам дагуух хурдны замын ажлыг даруй эхлүүлэх ёстой гэж үзжээ. 

Categories
мэдээ нийгэм

Уул уурхайн ассоциаци шинэ ерөнхийлөгчөө сонгоно

Монголын Уул уурхайн Үндэсний Ассоциацийн Ерөнхийлөгч Д.Дамба удахгүй ажлаа өгөх нь. Энэ сарын 28-нд болох ассоциацийн бүх гишүүдийн ээлжит бус чуулганаар дараагийн ерөнхийлөгчийг сонгохоор товложээ. Хуралдааны үеэр ассоциацийн тэргүүн  өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудаа тайлагнана.  Тайлангийн дараа шинэ Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болох нь.  Ээлжит бус чуулган энэ сарын 28-нд “Блю Скай” цогцолборт болох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Тээврийн хэрэгслийн татвар хураалт энэ сарыг дуустал үргэлжилнэ

Нийслэлийн хэмжээнд автотээрийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажил үргэлжилж байна. 

Татвар, төлбөр хураах ажлын эхний шат тавдугаар сарын 31 хүртэл үргэлжлэх бол татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дутуу төлөлтийг хураан барагдуулах, хариуцлага тооцох эрчимжүүлсэн хяналтын үзлэг, шалгалтыг 2014 оны 06 дугаар сарын 10–наас эхлэн 06 дугаар сарын 24-ны хооронд зохион байгуулна. 

Тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажлыг  иргэдэд аль болох хүндрэл учруулахгүйгээр дүүргүүдийн татварын албаны нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан зохион байгуулж байгаа юм.  Дүүргийн оношилгооны төв болон татвар хураах нэг цэгийн үйлчилгээ ажлын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллаж байгаа бөгөөд амралтын өдрүүдэд 09:00-19:00 цагийн хооронд ажиллаж байна.  Энэ сарын 1-нээс эхлэн нэг цэгийн үйлчилгээний тоог нэмж нийт 25 байршилд татвар, төлбөр хураах үйл ажиллагааг зохион байгуулж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.