Categories
мэдээ нийгэм

“Монголын эрчим хүч-2014” нөгөөдөр болно

“Монголын Эрчим хүч- 2014” олон улсын хурал, үзэсгэлэн тавдугаар сарын 22-24-ний өдрүүдэд болно. Эрчим хүчний яам, Эрчим хүчний хөгжлийн төв, Эрчим корпораци хамтран зохион байгуулж байгаа энэ үйл ажиллагааны олон улсын хурал нь Туушин зочид буудалд болох нь. Энэ талаар салбарын  яамнаас нь  өнөөдөр мэдээлсэн юм. Олон улсын хуралд ОХУ, Хятад, БНСУ, Япон, Дани, Франц, Тайланд, Их Британи, АНУ, Герман, Белги, Чех, Латви зэрэг 13 орны төлөөлөгч оролцож Монголын эрчим хүчний бодлого төлөвлөлт, салбарын өрсөлдөөн, үнэ тарифын бодлого, шинэ болон сэргээгдэх эх үүсвэрүүд, хэмнэлт ба шинэ технологи, агаарын бохирдлыг бууруулахад эрчим хүчний салбарын оруулах хувь нэмэр гэсэн үндсэн зургаан сэдвийн асуудлыг хөндөж ярилцах юм байна. 

Энэ удаагийн “Монголын эрчим хүч- 2014” олон улсын хурал, үзэсгэлэн нь “Бүтээн байгуулалт- шинэ боломж” уриан дор болох гэнэ.  Энэ чиглэлд хийгдэж байгаа шинэ ажлуудын тухай болон учирч байгаа хүндрэл бэрхшээлтэй асуудлын талаар тодорхой ярилцах аж. Эрчим хүчний салбарт хийгдэх төсөл, хөтөлбөрүүдэд гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарыг татах, шинэ техник технологитой танимлцах, инновацийг таниулан нэвтрүүлэх, мэдээлэл туршлагаа солилцох, эрчим хүчний салбарт Монгол Улсын өрсөлдөх чадварыг бэхжүүлэхэд харилцан ашигтай хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэх нь хурлын ач холбогдол гэж зохион байгуулагчид нь онцолж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Монгол банк 63 сая доллар нийлүүлэв

Монгол банк өнөөдөр хуваарь ёсоороо гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлжээ.   Монгол банк 20 сая ам.долларыг 1820.15 төгрөгийн хаалтын ханшаар, 46.5 сая юанийг 292 төгрөгийн хаалтын ханшаар тус тус худалдаалсан байна. Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 63 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлэн, гадаад валютын дотоодын захад 63 сая ам.доллар нийлүүлсэн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Ирэх сард нээгдэх Алтанбулагийн худалдааны бүс долларын ханшийг сулруулна

Алтанбулагийн  чөлөөт бүсэд ОХУ-ын иргэд визгүй, бусад орны иргэд 10 хоногийн хугацаатай дамжин өнгөрөх визтэйгээр зорчих болжээ. Ирэх зургадугаар сарын 22-нд худалдааны бүс нээлтээ хийхээр болсон байна.  Чөлөөт бүс ашиглалтад орсноор 2015 он гэхэд 100 тэрбум ам.доллар манай улсын эдийн засагт эргэлтэд орох боломж бүрдэх аж.  Энэ мөнгөний таван хувийг эх орондоо авч үлдэхэд л валютын нөөцөд эерэгээр нөлөөлөх аж. 

Ц.Билиг

Categories
мэдээ нийгэм

Шинэ дүрэмт хувцасны мэдээллийг ил болгохыг шаардлаа

 “Монголын сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэгчдийн холбоо”-ноос Ерөнхий сайд Н.Алтанхуягт ханджээ. Тус холбоо  сурагчдын дүрэмт хувцсыг  хэчнээн компани оёж байгаа, хэдэн ширхэгийг үйлдвэрлэж нийлүүлсэн, өртөг зардал, үнийн бүтцийг ил болгохыг гүйцэтгэх засаглалын тэргүүнээс хүссэн байна. Уг ил захидалд “Шинэчлэлийн тодотголтой Засгийн газар байгуулагдсаныг “Монголын сурагчдын дүрэмт хувцасны оёдлын холбоо” анхнаас нь дэмжсээр ирсэн, цаашид ч дэмжихэд бэлэн байна. Гэхдээ өнгөрсөн оноос эхлэн сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэлд төр оролцож ихээхэн хэмжээний херөнгө зарсан нь өнөөдөр ямар үр дүн өгснийг асуух эрх бидэнд бий.

Өмнөх жилүүдэд төрөөс мөнгө гаргалгүйгээр сурагчдыг хувийн хэвшлийнхэн тодорхой хэмжээгээр хангаж, аажмаар бүрэн хангах боломж бүрдэж байсан. Гэтэл өнгөрсөн жил түүхэндээ анх удаа сурагчдын дүрэмт хувцасны хангалт буураад зогсохгүй, үнэ огцом нэмэгдсэнд эцэг эхчүүд гомдолтой байгаа. Та УИХ-ын чуулган дээр “Томдсон дүрэмт хувцас солиход асуудал байхгүй” хэмээн уцаарлаж байна. Үнэн хэрэгтээ энэ нь нэг хувцасны тухай асуудал биш гэдгийг сурагчид, эцэг эхчүүд мэдэж байгаа.

Өнгөрсөн намар танд сурагчдыг дүрэмт хувцсаар бүрэн хангах амлалт өгсний дараа гавьяат цолыг хүртэж байсан “Монголын оёдлын холбоо”-ны тэргүүн Жаргалмаа тайлангаа тавих цаг болсон гэж үзэж байна. Манай холбооны бүрэлдэхүүнд багтдаг компаниуд өнгөрсөн хугацаанд төрөөс нийлүүлсэн дүрэмт хувцасны үнээс гурав дахин хямдаар нийлүүлэх санал тавьсан боловч өнөөг хүртэл хүлээн авах албан тушаалтан байсангүй. Энэ нь төсвөөс гаргасан их хэмжээний мөнгө сурагчдыг дүрэмт хувцсаар хангах зорилтоосоо хальж, албан тушаалтнуудын ашиг сонирхолд зориулагдсан байж магадгүй гэсэн хардлагыг төрүүлж байна. Учир нь төрийн өндөр үнэтэй дүрэмт хувцасыг албан тушаалтнуудын оролцоотойгоор сургуулиудад нийлүүлэхийг шаардсан байдаг. Харин бид 45 мянган төгрөгт багтаан үйлдвэрлэсэн дүрэмт хувцас нийлүүлэхийг санал болгосон. Иймээс таныг дараах асуултад албан ёcoop хариулт өгөхийг хүсье.

Амлалт өгсөн албан тушаалтнууд ямар компаниудаар үйлдвэрлүүлж, хэдэн дүрэмт хувцасаар аль сургуулиудыг хангасан. /Компанийн нэр, хангасан сургуулийн хаяг, нийлүүпсэн дүрэмт хувцасны тоо/,  сурагчдын дүрэмт хувцасны үнэ, үнийн бүтцийг ил болгоно уу” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Арилжааны банкуудад шалгалт хийх ёстой гэв

АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. Тус бүлэг хуралдаанаараа гурван асуудлыг хэлэлцжээ. Бүлгийн зүгээс Ерөнхий сайдаас мэдээлэл сонсож, цаашид хийх ажлуудад нь чиг үүрэг өгсөн байна. Мөн “Монгол банк”-ны мэдээллийг сонссон байна. 

АН-ын бүлгээс Засгийн газарт өгсөн үүрэгт 

1.    Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж зарим шаардлагагүй импортыг багасгах. Сүүлийн үед хэрэглээний замбараагүй байдал газар авсан. Тэр дундаа тодорхойгүй тансаглал их болсон. Тухайлбал 600 мянган төгрөгийн цалинтай төрийн албан хаагч олон зуун сая төгрөгийн үнэтэй жийп машин унадаг гэх мэт. Энэ  нь далд эдийн засаг байгаа гэдгийг илтгэж байгаа. Тиймээс үргүй зардлыг багасгаж, ухаалаг хэрэглээг дэмжих ажлыг үүрэг болгосон гэж тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат онцоллоо.  

2.    Шаардлагагүй төрийн хяналт шалгалтыг багасгах. Энэ заалттай холбогдуулан Хяналтын тухай хуулийг өнгөрсөн долоо хоногт УИХ-аар хэлэлцсэн ч харамсалтай нь МАН-ыэн бүлэг хүч түрж унагасан. Энэ нь нийтийн эрх ашиг гэхээсээ илүүтэй намынхаа явцуу эрх ашгийг бодсон хэрэг  гэж АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэллээ. Мөн Газрын тосны тухай хуулийг ч ийм байдлаар унагасан гэлээ. Эдгээр хуулиуд нь нийгэмд хамгийн хэрэгтэй хуулиуд учраас дахин оруулж ирэхээр бэлтгэж байгаа аж. 

3.    Газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах ажлыг түргэтгэх. 

4.    Ашигт малтмалын тухай хуулийг даруй хэлэлцүүлэх. Тэр дундаа алт олборлогчдоо дэмжиж ажиллах. 

5.    Үйлдвэрлэлийн тоног, төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх. 

6.    Хөдөө рүү чиглэх ажлуудаа эрчимжүүлэх. Тэр дундаа сум дундын сүүний үйлдвэрийг даруй ашиглалтанд оруулах. 

7.    Хөдөөд хэрэгжиж эхэлж буй 1000 айлын орон сууцыг барих ажлыг даруй эхлүүлэх. 

8.    Байрны зээлийн ипотекийн зээлийг 7 хувь болгох.

9.    Хил орчмын худалдааг идэвхжүүлэх. Замын-Үүдийн худалдааг эхний ээлжинд ажлуулах. 

10.   Концессын гэрээгээр хийгдэх ажлуудыг яаралтай эхлүүлэх зэрэг асуудлууд багтжээ. 

Мөн “Монгол банк”-ныхныг байрлуулж мэдээлэл сонссон байна. Өнөөдөр валютын ханшийг тогтвортой байлгах, төрийн мөнгөний бодлогыг зохистой барих нь “Монгол банк”-ны үүрэг. Мөн Монгол банк өөрийн боломж, бололцоог ашиглаж гадны хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй гэж АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат онцоллоо. Мөн арилжааны банкуудад олгодог төрийн мөнгө хэр зөв зохистой зарцуулагдаж байна гэдгийг шалгахыг АН-ын бүлгээс Монгол банкинд даалгажээ. Арилжааны банкуудад шалгалт хийх эрх нь Монгол банкинд байгаа учир хяналт, шалгалтаа чангатгахыг үүрэг болгожээ. 

Categories
мэдээ нийгэм

Өлсгөлөн зарласан хөвгүүдийн ээжүүд холбоо байгуулж тэмцэнэ гэв

Иргэн Б.Саранцэцэг, Б.Цэндсүрэн нар өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа. Тэдний хөвгүүд болох  Л.Мөнгөнбаяр, Ш.Жамъянсүрэн нарыг 2013 оны есдүгээр сарын 3-4-нд шилжих шөнө цагдаагийн ажилтан мөрдөн байцаагч Молор-Эрдэнэд  халдаж, дээрэмдэхийг завдсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн сэжигтэнээр татсан аж. УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба татан буугдаж, цагдаагийн ажилтнуудтай холбоотой хэргийг Цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөн байцаагч нь шалгах журмын дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтсийн ахлах мөрдөн байцаагч тэднийг шалгах болжээ. Энэ хэрэгт Л.Мөнгөнбаяр, Ш.Жамъянсүрэн нарыг буруутган, улмаар өнгөрсөн сарын 7-нд цагдан хорьсон байна.  Одоогоор тэдний хөвгүүд хэрэг хийгээгүй хэмээн өлсгөлөн зарласан аж.  Хүүхдүүдээ эргэхээр очиход “Хүүхдүүд чинь тэртээ тэргүй өлсгөлөн зарлаж байгаа юм чинь эргэж очиж хоол өгөх хэрэг байгаа юм уу” гэхчилэн доог тохуу хийн тавладаг юм байна. Мөн тэд олон өмгөөлөгчид хандсан ч “Цагдаа, прокурор нийлсэн хэрэг дээр ажиллахгүй” хэмээн цааргалдаг гэнэ. Ээжүүд цагдаа прокурорын буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон, хохирч буй иргэдтэй нийлж холбоо байгуулах гэж буйгаа мэдээлсэн.  Мөн Хууль зүйн сайдыг энэ асуудалд анхаарлаа хандуулахыг тэд хүсч байлаа. 

Categories
мэдээ улс-төр

С.Ганбаатар Н.Золжаргалыг огцруулах санал хүргүүлэв

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Монгол банк”-ны ерөнхийлөгч Н.Золжаргалыг огцруулах саналыг өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод хүргүүлсэн байна. УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хувьд Н.Золжаргалыг хариуцсан салбараа удирдах чадваргүй, валютын ханшийг барьж чадаагүй гэдэг үндэслэлээр огцрох ёстой гэж байгаа аж.

 

Categories
мэдээ улс-төр

Компанийн тухай хуулийг хэлэлцэхээр болов

Эдийн засгийн байнгын хороогоор өчигдөр Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дэмжлээ. Гэвч дүгнэлтийг нь нэгдсэн чуулганд танилцуулах гишүүн олдсонгүй. Байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар Д.Зоригт гишүүн рүү  “Та унших уу” гэхэд “үгүй, үгүй” хэмээн толгой сэгсэрч харагдав. Цаашлаад Г.Уянга, С.Ганбаатар, Х.Болорчулуун, Д.Батцогт, Д,Тэрбишдагва гээд олон гишүүн байвч бүгд “зугтаж” байлаа. Тиймээс нөгөө танхимд Хүний эрхийн дэд хорооны хуралдаан удирдаад ирж чадаагүй Д.Ганбат гишүүнээр дүгнэлтээ уншуулахаар болоод тарлаа. Үүнээс өмнөхөн тэд “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй байнгын хорооны ажлын хэсгийн ахлагчаар ажиллах гишүүн олдоогүй тул эзгүй байсан Г.Батхүү гишүүнийг  нэгэн дуугаар сонгосон билээ.  

М.Ундрам 

Categories
мэдээ нийгэм

Улиастайн голын эхийг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар хэлэлцэх эхний асуудал хатаж ширгэхдээ тулаад буй Улиастайн голын эхийг нийслэлийн тусгай хамгаалалтад авах тухай байлаа. 

Тэргүүлэгчид дээрх тогтоолыг төслийг дэмжсэн бөгөөд ингэснээр тус голын эх болсон 22 мянган га газрыг Орон нутгийн тусгай хамгаалалтад авахаар болсон байна. Улиастай нь Туул голд цутгадаг нэгэн томоохон гол байжээ. Энэ гол одоо бараг  урсахаа больсон байна. 

Categories
гадаад мэдээ

Шанхайн дээд хэмжээний уулзалт болж байна

БНХАУ–ын Шанхай хотноо өнөөдөр /V.20/ Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх Бага хурлын /АХАИББХ/ Дээд хэмжээний дөрөвдүгээр уулзалт эхэлж байна. АХАИББХ нь бүс нутагт нүүрлэж буй аюул заналхийлэл, эдийн засаг, байгаль орчин, хүний эрхийн асуудалд анхаарал хандуулан авч хэлэлцэх юм байна. Дээд хэмжээний уулзалтын үеэр  олон улсын тулгамдсан асуудлуудаар АХАИББХ-ын гишүүн орнуудын байр суурийг илэрхийлсэн төгсгөлийн баримт бичиг-Тунхаглалыг батлан гаргах аж.  Тунхаглалын төсөлд манай улсын цөмийн зэвсэггүй статусыг бататган бэхжүүлэх, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын судалгааны төвийн тухай болон Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачлагын тухай заалтууд тусгагдсан байна. Бага хурлын Дээд хэмжээний уулзалтанд манай улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, хөрш Хятад, ОХУ-ын төрийн тэргүүнүүд болон АХАИББХ-ын гишүүн 20 гаруй орны албаныхан оролцож байгаа юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр Хятадын дарга Си Жинпинтэй уулзсан бол өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзана.