Categories
мэдээ нийгэм

Өөрөө явагч хэрэгслийн татвар авах хугацаа өнөөдөр дуусна

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажил өнөөдөр  дуусна.
Энэ хугацаанд авто тээврийн хэрэгсэл бүрийг хяналт шалгалтад хамруулж, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр төлөөгүй, техникийн хяналтын үзлэгт ороогүй тохиолдолд тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авах юм.
 Сүхбаатар дүүргийн хувьд АТБӨЯХ-ийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажлыг дүүргийн ЗДТГ-ын нэг цэгийн үйлчилгээ, дүүргийн татварын хэлтсийн байр, Зам тээврийн яамны хяналт бүртгэлийн газар, Циркийн өргөтгөл дотор гэсэн дөрвөн байршилд зохион байгуулж байна.
 Иймд иргэд та бүхэн идэвхитэй оролцоно уу. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч та бүхэнд  шаардагдах материал, албан  татварын хэмжээ болон, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийн хэмжээг дэлгэрэнгүй танилцуулж байна.
Иргэн:
• Тээврийн хэрэгслийн гэрчилгээ
• АТБӨЯХ-ийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ
• Тээврийн хэрэгсэл эзэмшигчийн иргэний үнэмлэх
• АТБӨЯХ-ийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлсөн банкны баримт
Хуулийн этгээд
• Тээврийн хэрэгслийн гэрчилгээ
• АТБӨЯХ-ийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ
• Тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй жагсаалт
• Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
• АТБӨЯХ-ийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлсөн банкны баримт

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Бөхөн шарын тэмдэглэл” хийгээд сэтгүүлзүйд туссан нэгэн нар

Монголын сэтгүүлзүй өдрөөс өдөрт шинэ бүтээлүүдээр арвижиж, Монголын түүхийг өртөөлөн байгаа. Үүний сонгодог нэгэн төлөөлөл болж “Өдрийн сонин”-ы сэтгүүлч, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Норовын Гантулгын “Бөхөн шарын тэмдэглэл” хэмээх хөрөг, нийтлэл, аян замын туурвилын нэгээхэн бүтээл уншигчдын өмнө ном болон хүрлээ. Тэрбээр 2000 оны үеэс Монголын утга зохиолд “Хөшөөтийн гол, Арцын улаан хад”-тайгаа “Хишиг-Өндөрийн хөх өвгөд, адуучин Норов (аав нь)”-тойгоо дуу хадаан орж ирсэн бол түүнээс хойш сэтгүүлзүйн адармаатай замд хөл тавин хөтөлгөө морьтойгоо галгиулж яваа нэгэн билээ. Тэрбээр өнөөдөр утга зохиолын ай савд нэгэн эрчит мөрөн болж цутгаж чадсан бол өчигдөр түүнийг утга зохиолын салбарынхан хийгээд сэтгүүлзүйн томчууд түүнийг “сэтгүүлч” хэмээн эрхэм нэрийг өндөрт өргөж явааг дуу нэгтэй хүлээн зөвшөөрлөө. “Бөхөн шарын тэмдэглэл” хэмээх хөдөөх нутаг, эх орон, хүний гэрэлт чанарыг нээж чадсан бүтээлийн нээлт “Интерном”-д болсон юм. Түүний хөрөг, нийтлэл, аян замын туурвилуудыг уншиж ээ суухад амттай чихэрт балчрууд яаж дурладаг билээ тийм л амт мэдрэгдэх бүлгээ. Н.Гантулга болбоос хүний “сэтгэл рүү шагайгч” гэдэг нь энэ номоос мэдрэгдэнэ. Бичвэрийн гол баатрын зүрх сэтгэлийн нандин судсыг атгаж, өөрийнх нь мартсан хийгээд гэрэлт дурсамжуудыг сэргээн тавьж чаддагаараа тэрбээр өөрийн үнэ цэнийг бүтээж чадсан билээ.
Энэ өдрийн номын нээлтэд түүний утга зохиолын багш ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол хийгээд Бөхийн Бааст, Лувсандамбын Дашням, Дамдинсүрэнгийн Урианхай, Ширсэдийн Цэнд-Аюуш, Долгорын Нямаа, Данзангийн Нямаа, Баастын Золбаяр, Намбарын Пүрэв, Цэвэг-Очирын Эрдэнэбаатар, Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал, “Болор цом”-ын эзэн яруу Гомпилдоогийн Мөнхцэцэг, Арлааны Эрдэнэ-Очир, Санжжавын Оюун, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, Б.Хүрэлбаатар, Ховд аймгийн хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ш.Адьшаа, Б.Өвгөнхүү, “Өдрийн сонин”-ы удирдлагууд гээд олон хүн хүрэлцэн ирж сэтгэлийн хадаг барьсан юм. Ардын уран зохиолч Д.Цоодол “Миний шавь сайхан ном гаргажээ. Өмнө нь “Дотоод орон зайн урсгал” гээд яруу найргийн анхны номоо гаргаж олон хүнээс урмын үг сонссон. Өнөөдөр “Бөхөн шарын тэмдэглэл” хэмээх номынхоо нээлтийг хийж байна. Гантулгыг Монгол мэддэг болсон. Яруу найраг, сэтгүүлзүйн замаар тууштай туурвиж утга зохиолынхноосоо эхлээд гадаад дотоодод явсан аян замаа дориун гэгч бичиж байна. Түүнээс давж хөрөг, нийтлэлээ бичиж байна. Энэ ном бол үргэлжилсэн үгийн даацтай бүтээл гэж нэрлэж болохоор юм байна” хэмээн тэмдэглээд цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсээд олоон жилийн өмнө шавь нь болж ирсэн бор хүүгээ шовхийтэл үнсээд авсан юм. Харин ардын уран зохиолч Б.Бааст “Гантулга дүүдээ маш их баярлаж байна. Энэ номонд чинь миний тухай ч бичсэн байгааг харлаа. Үнэхээр сайн бичиж байна шүү” гээд 90 насыг хэдийнэ зооглосон тэрээр 18 настай хүүхэд шиг дэврүүн зангаараа олныг хөгжөөсөн юм. Харин академич Б.Энхтүвшин “Бид хоёрыг анх уулзуулсан хүн нь академич Х.Сампилдэндэв агсан. Сампилдэндэв гуай “Энэ хүү ирээдүйд их мундаг яруу найрагч болох юм” гэж хэлж байсан нь сэтгэлд нэн тодхон байна. Тэр цагаас хойш олон сайхан шүлэг бичиж “Болор цом”-ын хишигт найрагч болсонд баяр хүргэе” гээд академийнхаа шинэхэн номын дээжээр бэлэг барьсан юм. Н.Гантулга Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургуулийг төгссөн бөгөөд тус сургуулийн захирал доктор, профессор Ш.Цэнд-Аюуш “Энэ жил манай сургуулийн 20 жилийн ой тохиож байна. Гантулга оюутан байхдаа яруу найргийн төрлөөр бүхий л шагналыг нь авсан. Сургуулийг хэдэн хүн төгссөнөөр нь бус хэнийг нь төгсгөсөн бэ гэдгээрээ үнэлэгддэг. Гантулга маань манай сургуулийн нэгэн өнгө төрх, нүүр царай болж яваа” гэдгийг тодотгон Хөшөөтийн голынх нь хөх урсгал шиг, дээд хөх тэнгэр мэт цэнхэр хадаг, өөрийнх нь “Монголын хошин шог зохиол” хэмээх эрдэм шинжилгээний шинэ номынхоо дээжээр бэлэг барьсан юм. Номын зохиогч Бөхөн шарын нуруунд жил бүр тарнийн шившлэгтэй салхинд нь адислуулж уран бүтээлийнхээ дөрөөнд сүүн зам татуулж буйгаа нэг бус удаа дурсаж байсан билээ. Тэгвэл түүнд сэтгэлийн урам хайрлаж байдаг уран бүтээлчдийн нэг болох нутгийн ах Дамдинсүрэнгийн Урианхай нь “Жил бүр Бөхөн шарын нуруу руу явдаг манай аяллын багийн хамгийн залуу нь Гантулга. Тэгсэн хэрнээ хамгийн том бүтээл гаргаж байгаа нь бас манай залуу. Манай хэд бүгд өөрсдийн үгийг хэлэхдээ миний үгийг ч гэсэн хамт хэлчихлээ. Гантулга хөрөг, нийтлэлийг үнэхээр сайхан бичих юм аа. Ингэж бичиж чадаж байгаад нь би атаархдаг юм. Уг нь атаархал гэдэг байж болохгүй гэдэг ч ийм л юм болчихлоо. Ийм сайхан ном гаргасан дүүдээ их амжилт хүсье” гээд “Ах нь бэлэггүй ирчихлээ. Удахгүй шинэ ном хэвлэгдэхээр ах нь өгнөө. Бэлэггүй ирчихсэн юм чинь үнсэхээс” гээд буурал сахалтай хошуугаараа зохиогчийн бүлээн хацрыг үнэрлэсэн юм. Н.Гантулгын хувьд дээдсээ хүндэтгэж, дэргэд яваа нөхдөдөө хүндэтгэлтэй ханддаг чанар нь олон хүнийг өөртөө татах их ивгээл болдог учиртай. Сэтгүүлч, яруу найрагч Гантулга багадаа ямархуу хүүхэд байсан тухай түүний номын нээлтэд оролцохоор Ш.Гаадамбын нэрэмжит Булган аймгийн Хишиг-Өндөр сумын сургуулийн захирал Цэнд-Аюушийн Дашзэгвэ “Төрмөл бөх гэж байдаг бол Гантулга яруу найраг, сэтгүүл зүйн төрмөл авьяастай байсан. Сургуулийнхаа ойн өмнө “Болор цом”-ын эзэнтэй болсондоо баяртай байна. Гантулгын авьяас дөрөв, тавдугаар ангиасаа эхлээд цоролзсон. Гантулгадаа Цэнд-Аюуш захирлын хэлсэн энэ авьяасаа эрдмээр тэжээгээрэй гэж хүсье” хэмээн сэтгэлийн үгээ хуваалцсан юм. Сэтгүүлзүй, утга зохиолын дэлхийн зиндааг мэддэг Л.Дашням доктор эмнэлэгт хэвтэж байгаа ч номын баярт хүрэлцэн ирээд “Номын баяраас хоцорно гэдэг нүгэлт ажлуудын нэг гэж боддог юм. Тиймээс Гантулга дүүгийнхээ номын баярт хүрэлцэн ирлээ. Монголчуудын хамгийн сайхан баяр номын баяр байгаасай хэмээн бодож байна. Гантулгыг их сургууль төгсөх үеэс нь мэдэх юм. Гантулга яруу найрагчийн хувьд бүхий л хүрэх зүйлдээ хүрч, уулзах хүмүүстэйгээ уулзсан. Гантулгыг ухаан сууж байна гэж бодож байна. Хүнтэй уулзъя. Хүнээс үг сонсъё. Тэр үгээ хүмүүст хэлье гэж бодож байгаа нь Гантулгыг “том” болжээ гэж бодож байна. Үүнээс цааш ажил байхгүй. Ингэж хэллээ гээд бичихээ больж болохгүй. “Бөхөн шарын тэмдэглэл” номыг уншиж амжаагүй ч ямар хэмжээний сайн ном болсныг би мэдэж байна. Орос алга болчихвол Чеховын зохиолоор дахин сэргээнэ гэдэг үг бий. Ийм номыг гаргаарай. Дүүдээ цаашид ихийг хийх хүсэл зоригийг ерөөе” хэмээн үгээ хэлээд бүрх малгайгаа духдуулан Н.Гантулгыг үнсээд авлаа. Харин Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг “Гантулга маань “Бөхөн шарын тэмдэглэл” номоо дөнгөж хэвлэлтээс аваад хамгийн эхний уншигч болгон надад барьсан юм. Энэ номыг уншсаан. Утга зохиолд баримтат уран зохиолын төрлийг хөгжүүлэхэд өөрийн гэсэн дүртэй, өнгө төрхтэй цаашид хөгжүүлэхүйц хэмжээний томоохон бүтээл болжээ. Гантулга хүнийхээ хувьд маш олон хүнийг мэддэг. Олон хүмүүсийг маш сайхнаар гаргаж ирдэг юм байна. Үнэхээр их хичээл зүтгэл харагдаж байна. Гантулга хүний тухай маш их мэддэг хэрнээ өөрийнхөө тухай маш бага мэддэг. 10 жилийн сургуулийн сурагч байхдаа 200 гаруй яруу найрагчийн шүлгийг цээжээрээ мэддэг байсан хэрнээ өөрийнхөө хоёрхон шүлгийг цээжилсэн энд тэнд уншдаг. Хүний тухай сайн мэддэг тэр гэгээтэй тал нь илүү хөгжсөн. Бусдын намтар цадигийг баяжуулж байдаг их буянтай хүн юм байна” хэмээн амжилт хүслээ. “Бөхөн шарын тэмдэглэл” ном сэтгүүлзүйд нэгэн нар тусгалаа гэдгийг Монгоын сэтгүүлзүйн акудуудын нэг болох Тугалхүүгийн Баасансүрэн хэлсэн бол энэ үгийг танхимд ирсэн хүмүүс дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч хоорондоо “яг үнэн” хэмээн үгийн шидийг хэлэлцэн толгой дохицгоож байсан юм. Харин нэрт яруу найрагч, соёлын гавьяат зүтгэлтэн Долгорын Нямаа “Мань мэтийг автобусанд суухаар очиход мөнгөний нэмэргүй гээд шууд хаяад явдаг. Харин Гантулга хүү мань мэтийгээ тоож, тэр бүү хэл дээш нь татаж, өргөж гаргаж байгаад баяртай байна. Үнэхээр ахмадаа хүндэтгэх гэрэлт чанар, хүн чанар Гантулгаас мэдрэгддэг юм шүү. Хөгшидийг тоохоо байсан энэ цагт мань мэтийгээ тоодог хүмүүсийн нэг болж буйд талархал илэрхийлье” гэлээ. Энэ мэтчилэн зочдын зүгээс өөрсдийн сэтгэлийн үгийг хэлцгээсээр үдийн улаан наран ханын толгойд буух үест номын баяр хөшгөө татаж сэтгэлдээ нартай утгын мэргэд, үгийн дархчууд “Бөхөн шарын тэмдэглэл”-ийг дурссаар их номын өргөөнөөс авшиг хүртэн гарцгаасан юм.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ нийгэм

Ахмад тамирчид өрсөлдөж байна

Монголын ахмадын чөлөөт холбооны нэрэмжит Ахмадын спорт явган аялалын хотын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн Улиастайн голын эх Баянголын аманд зохиогдож байна. Өчигдөр эхэлсэн тус тэмцээнд нийслэлийн есөн дүүргийн 20 багийн 120 ахмад тамирчид өрсөлдөж байгаа бол 40 гаруй ахмад аялагчид хөгжөөн дэмжигчээр оролцож байгаа аж.
Хоёр өдөр үргэлжлэх уг тэмцээнд оролцогч ахмадууд 25 км явган аялж, спортын долоон төрлөөр уралдаж, МАЧХ-ны шилжин явах цомын төлөө өрсөлдөж байна. Ахмадуудын эрүүл мэндийг дээшлүүлэх идэвхитэй хөдөлгөөн, нийтийн биеийн тамир спортоор бие бялдарыг нь чийрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, энэхүү спорт явган аялалыг зохион байгуулсан хэмээн Монголын Ахмадын Чөлөөт Холбооны тэргүүн Г.Баасан хэлж байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Зун цаг ч ирлээ дээ, монголчууд минь

Монголчууд дөрвөн улирлын ард түмэн. Хүссэн хүсээгүй бид улирлаа дагасан ааш аягтай. Өвөл өнтэй жил бол хот хөдөөгүй налайна. Энэ улирал монгол хүний хувьд жинхэнэ төвлөрдөг улирал. Өвлийн идэш уушаа хийчихсэн, гэр орноо дулаалчихсан, элдэв зүйлд сатааралгүй, өмнөх ажилдаа, уран бүтээлдээ төвлөрч ажил хэрэгч, бүтээлч болдог. Хавар харин хачин болцгоодог нь мөн л улирлынх. Гадаа хуурайшаад, шороо тоос босоод, өдөр уртсаад, сэтгэл тавгүйрхээд монгол хүмүүсийн сэтгэл донсолгоотой болдог. “Хаврын хүмүүс” гэсэн нэр томьёо гарсан нь эндээс эхтэй. Шар хадны өвчтөний тоо эрс ихэснэ, талбайн жагсаал цуглаан олширно, хэвлэл мэдээллийн байгууллагуудын редакциар эргэлдэж элдэв зүйлийг ярих хүмүүсийн тоо олон болдог гэхчлэн ширүүснэ дээ. Харин намар бол яг үнэндээ налайдаг улирал биш шүү дээ. Язагнадаг, бужигнадаг ажил хэрэгч улирал байхгүй юу. Эдийн засгийн цусны эргэлт огцом ихэсдэг улирал. Хүмүүс ажил төрлөө хийх асар өндөр эрч хүчтэй орж ирдэг улирал. Энэ улирал нь өвлийн хүйтэн, хаврын хахирыг давах оршил улирал болой. Энэ бүгдээс хамгийн онцгой нь зун. Өнөөдөр зуны эхэн сарын шинийн 3. Зун цаг ч ингээд нэг юм ирлээ дээ, монгол түмэн минь. Монголын ард түмний стресс, нервээс салдаг ганц улирал. Зун л монгол нутаг, монгол хүмүүсийн нуруу тэнийдэг. Сэтгэл нь хөнгөрч, сайхан бодлууд толгойд эргэлдэж, хотын унаган хүүхдэд ч хөдөө нутаг бодогддог нь хөх толботуудын цусанд байдаг мөн чанар билээ. Монгол оронд нүүр тэнэгэр, жаргалтай хүмүүсийн царайг энэ улиралд л дүүрэн харна даа.

П.ХАШЧУЛУУН

Categories
мэдээ улс-төр

Хоёр яамны Төрийн нарийн бичгийн даргын цалинг хасчээ

Яам агентлагийн удирдлагуудтай сар бүр хийдэг “Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурал болжээ. Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын ажлын нэг нь дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж импортыг багасгах зорилт юм. Энэ хүрээнд Чингис бондоос томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж байгаа бөгөөд тухайлбал  “Монголын алт” ХХК-ийн “Хийт бетоны үйлдвэр”, Хөх цавын цементийн үйлдвэр, Цагаан суваргын “Зэс молибдений баяжуулах үйлдвэр”, “Монполимет” ХХК-ийн “Монцемент үйлдвэр”, Дарханы цементийн үйлдвэр, “Хөтөлийн цемент шохой” ХК-ийн үйлдвэрүүдэд дэмжлэг үзүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэсэн. Эдгээр үйлдвэр ашиглалтад орсноор Монгол улс цемент импортлох шаардлагагүй болно гэж Ерөнхий сайд хэллээ.
Хөвсгөл, Дорнод зэрэг зургаан аймгийг Улаанбаатартай хатуу хучилттай авто замаар холбох, Туул голын хурдны зам, “Цэцэг төв”-ийн уулзварыг өргөтгөж 4 замын уулзвар болгох ажлуудыг түргэвчлэх шаардлагатай.
ҮХААЯ-ныхан өнөөдрөөс ургац хураалтын ажилд анхаарах, НХХЯ-ныхан Тэтгэврийн тогтолцоог, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах, Барилга хот байгуулалтын яам, Эрчим хүчний яам, Нийслэлийн ЗДТГ-ын удирдлагуудад бүтээн байгуулалтын чиглэлээр өгсөн үүрэг даалгаврыг эрчимжүүлж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.
Цахим хурлын үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг “АЗЗА” компаниудад хуваарилсан зам засвар, арчлалтын мөнгийг хугацаанд нь олголгүй хойшлуулсан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга нарт хариуцлага тооцож цалингийн тодорхой хувийг хасах болсныг мэдэгдэж, өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай хийж, төрийн үйлчилгээний нэр хүндийг өргөж ажиллахыг анхаарууллаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүүхдийн баяраар дотуур байр гэх шоронг халъя

Ирэх ням гаригт хүүхдийн баярын өдөр болно. Бид аанай л өдөржин Төв талбай, паркаар өнөө хэдэн жаалуудаа чирч, гулдчин баярлуулж байгаа нэртэй баахан давхих нь тодорхой. Болсон болоогүй амттан авч өгч, тоглоом дээр суулгах нэртэй хэдэн цагаар дугаарлан зогсоно. Уг нь хүүхдийн баярын өдөр нэртэй ганцхан энэ өдөр биш, цаг заваа гаргаад хэзээ чиг ингэж болно л доо. Тэгээд ч зургадугаар сарын 1-ний өдөр бол хүүхдэдээ цаг гаргаж чаддаггүйгээ цайруулах гэсэн өргөн зугаалгын өдөр биш харин олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр шүү дээ.
Хэзээнээс ч хүүхдийн баяр нэртэй болж, бид ингэж тэмдэглэх болсныг мэдэхгүй ч хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг чухам тэдний эрхийг л хамгаалж, хангах талаар ухаан уралдуулах өдөр болгоход хождохгүй мэт ээ. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхдийн эрхийг хамгаалахын төлөө ярилцах, шийдэх олон асуудал бидэнд байна. Эцэг, эх байх үүргийн талаар бид ерөөсөө ч мэддэггүй. Тэгвэл олон улсын хэмжээнд эцэг, эх байх үүрэгт олон зүйл багтдаг. Үүнд насанд хүрээгүй хүүхэд нь гэмт хэрэгт холбогдсон бол өмнөөс нь хариуцлага хүлээх ёстой гэж үздэг. АНУ-ын Иллинойс мужид 13 настай хүүхэд дэлгүүрийн цонх хагалсны төлөө эцэг, эх нь мөнгөн торгууль төлж, бүр шаардлагатай гэвэл биеэр ч ял эдлэхээр болж байх жишээтэй. Мөн 6-18 насны хүүхдээ боловсролтой болгох, хоол унд шим тэжээлтэй хоол хүнсээр хангах үүрэг бий. Бас хүүхдийнхээ аюулгүй орчныг бүрдүүлж байх үүрэг гэж бий. Энэ үүрэгт нь үймээн самуунгүй, дулаан тохь тухтай, хортон шавьжгүй гэрт амьдруулах ёстой гэдгээс эхлээд автомашинд зориулалтын суудал дээр тээвэрлэж, хараа хяналтаас гаргаж болохгүй гэдэг асуудал хүртэл багтсан байдаг. Харин манайд энэ тухай ойлголт тун маруухан юм даа. Хүүхдүүдээ зориулалтын суудалд, аюулгүй бүсийг нь зүүлгэж явна гэж бараг байхгүй. Дандаа урд суудалд өвөр дээрээ авч явдаг. АНУ-д хэрэв ийм алхам гаргавал хүүхдээ алахыг завдсан гээд ял сонсох биз. Өнгөрсөн долоо хоногт гэхэд л Налайхын замд гарсан ослоор бага насны хүүхдээ өвөр дээрээ авч явсан эх өөрөө ч амь насаа алдаж, нялх үрээ ч үрэгдүүллээ. Хэрэв үр хүүхдийнхээ аюулгүй байдалд бид анхаардаг бол нэг дор олон зэрэг хагацал үзэхгүй л байсан байх даа. Нялх балчир гэлтгүй насанд хүрээгүй л бол эцэг, эхийн хяналтаас гарах ёсгүй. Арав, арван нэгтэй жаахан амьтад том болсон нэр зүүгээд л автобус дамжаад сургуульдаа явцгааж байдаг. Ерөөсөө ма­найд хүүхдийг чадаад байна, болоод байна гээд хаячихдаг. Харин тэдэнд ирэх эрсдлийг муу юм болсон хойно ухаарах нь бий. Тиймээс хууль тог­тоомжиндоо эцэг, эхийн хараа хяналтаа сулруулахыг зөвшөөрөх зохист нас гэдгийг нарийн гаргаад өгчих хэрэгтэй байгаа юм. Лав 14 түүнээс дээшээ байхад ч гэмгүй. Ингэж хүүхдээ хаячихдаг чанар бол нүүдэлчдийн л зан юм даа. Гэхдээ үүнийг бид уламжлалт хэв маяг юм гэж авч үлдвэл дэндүү тэнэг хэрэг болно. Өглөө эрт малаа дагаад гарахдаа мөлхөж байгаа нялхыгаа орны хөлнөөс уяад л гарчихдаг, адуу манахаар хонолоо гэхэд жаахан хүүхдүүдээ унтуулаад явчихдаг бидний зан бий. Өнгөрсөн өвөл гэхэд л Увсын хоёр залуу саахалтынхаа бууз баншийг хийлцэхээр явахдаа 5,7-той хоёр охиноо эзгүй гэрт үлдээж орхиод гарахад хоёр жаалхан амьтан араас нь явж эмгэнэлтэй хэрэг гарсныг бид санаж л байгаа. Эгч нь дүүдээ хамаг хувцсаа өмсүүлээд амиа алдаж, дүүгийнхээ амийг аварсан энэ хэргийг гадныхан сонсвол бор зүрхээрээ хүн болж яваа монгол жаалуудыг бишрэх биз. Эцэг, эхчүүд аюулгүй орчинд үр хүүхдээ өсгөх үүргээ ухамсарлахын сацуу багш сурган хүмүүжүүлэгч нар ч гараас гарт өгөх ажлыг хиймээр байгаа юм. Хүүхдүүд  асран хамгаалагчгүй өсөцгөөж байна. Өглөөний ээлжийн хүүхдүүд өдөржин эцэг, эхээ хүлээнгээ сургууль орчмоороо эргэлдэнэ. Хэн ч хайхрахгүй. 14 хүрээгүй дунд ангийнхан нийлж аваад зугаалгаар явна. Ямар ч томчуудгүй. Одоо бид нүүдэллэж биш иргэншиж амьдарч байгаагаа хүлээн зөвшөөрмөөр байна. Амьдрал маань суурин болсон ч уламжлал нь нүүдэлчин байдлаараа байцгаах юм.
Эцэг, эх үр хүүхдээ хараа хяналтаар хангах үүрэг Монголд алдагддагийн хамгийн тод жишээ сургуулийн дотуур байр. Дөнгөж зургаа, долоон настайгаасаа эхлээд Монголын хүүхдүүд ээжээсээ хол, гэрээсээ алсад бас аавгүй өсч эхэлдэг. Байр нь хүйтэн, цагийн хоолтой, гадаа жорлонтой, бас оны хийгээд ангийн ялгаа, дэгтэй. Шорон яг л ийм хуарангийн маягтай байдаг биз дээ. Социализм байгуулж байна гэж хийрхэж эхэлснээс хойш бараг 90 жил дотуур байр нэртэй боловсон шоронтой байсаар ирлээ, бид. Харин энэ хугацаанд ямар иргэдтэй болов. Бусдыг дээрэлхдэг, бусдаас өрсөж хүртэх гэж булаалдсан атгаг санаа бүр багаасаа суух болсон. Бас хүнийг хайрладаггүй, хүйтэн хөндий, нэгэндээ талархаж баярлахаасаа атаархаж хонзогнох нь илүүтэй улс болж хувирлаа. Дотуур байранд нэгдүгээр хоолонд ирсэн усан шөлөө амжиж уугаад л хоёрдугаар хоолны дайнд мордохгүй бол олддог ч үгүй  биз дээ. Ийм л байдлаар бид бусдаас хоол булааж идэх урлагт суралцацгаах болсон. Үе, үеийнхэн ар, араасаа төрсөн. Сүүлийн үед зах зээлийн нийгэм нь ийм гэцгээн бүр ч өөгшүүллээ.
Одоо “хоёрдугаар хоол”-ны төлөө юуг ч хийж, хэнийг ч золиослоход бэлэн хүмүүс олон болжээ. Эцэг, эх нь сайн дураараа аваачаад өгчихөж байгаа энэ шоронд орсноор гэр бүлийн хүмүүжил үнэндээ мартагддаг. Магад үүнийг уншаад хэзээнээс дотуур байраар яваад ирсэн байхад, малаа хаана хадгалчихаад хүүхдээ сургуульд сургах гэж төв бараадах вэ гэж бухимдагсад гарч болох юм. Бүр гаргалгаа байхгүй байхад гэж аргаа барах хүмүүс ч гарах байх. Уучлаарай, гэхдээ хүнээс илүү үнэтэй мал гэж байдаг юм уу. Хүүхдээс чинь илүү ишиг, хурга гэж байх уу. Үнэндээ ч хүн хариулж өсгөж байснаас мал дагаад явж байх нь илүү амар байдаг байх. Малаа амин зуулга гэж байгаа ч төрүүлж өсгөсөн үр хүүхдийнхээ өмнө хүлээх хариуцлага гэж том юм байдаг юм. Малаа бүхнээс дээр тавьсаар ирсэн уламжлал маань иргэншсэн энэ нийгэмд зохицохгүй байна. Монгол Улс малгүй явж болно оо. Харин хайр халамж дутсан, хүний гэх сэтгэлээ гээсэн үр хойчгүйгээр байж чадахгүй. Тиймээс дотуур байр хэмээх шоронг халцгаая. Хүүхдийн эрхийн талаар ярьж байх энэ өдрүүдэд үүнийг л хөндөн ярилцацгаая.

Categories
мэдээ цаг-үе

Шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан хүсэлтийг хүлээж авалгүй гөжүүдлэв

-Өмгөөлөгчид шүүх, шүүгч, прокурорыг энэ хэрэг дээр ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзээд татгалзсан юм- 

Газрын тосны газрын дарга агсан Д.Амарсайхан, “Тэнгри холдинг” компанийн ерөнхий захирал Х.Анхбаяр, ерөнхий менежер Н.Отгонболд, Ц.Чандмань нарт холбогдох Эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өчигдөр Урьдчилан хорих 461 дүгээр ангид эхэллээ. Уг шүүх хурал энэ сарын 21-нд товлогдсон байсан ч шүүгдэгч Н.Отгонболдын өмгөөлөгч О.Сарангэрэл үл таних этгээдэд зодуулснаас үүдэж хойшлоод байсан юм. Өчигдөр шүүх хуралдааныг Дүүргийн Эрүүгийн хэргийн II шүүхийн шүүгч Б.Батболор даргалж шүүгч Г.Есөн-Эрдэнэ, С.Батгэрэл, улсын яллагч Нийслэлийн прокурорын газрын про­курор О.Сарангэрэл, шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн бүрэлдэхүүнтэйгээр шүүх хурал эхэлсэн юм.
Шүүх хурлын ирцийг та­нилцуулсны дараа Д.Амарсайхан агсны өмгөөлөгч шүүх бүрэлдэхүүн, улсын яллагчаас татгалзах саналтай байгаагаа хэллээ. Тэрбээр “Талийгаач Д.Амарсайханы цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, эмчилгээ хийлгэх хүсэлтийг удаа дараа тавьсан. Гэвч улсын яллагч үргэлжлүүлэн хорих санал гаргаж, шүүгч Б.Батболор тэр хэвээр нь баталсан. Эмчилгээ хийлгээгүйгээс болж миний үйлчлүүлэгч нас барсан. Үүнд шүүгчид, прокурор ямар нэгэн байдлаар буруутай. Тиймээс энэ бүрэлдэхүүнтэйгээр шүүх хурлыг үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж байна” гэсэн юм. Д.Амарсайхан агсныг хорих байранд амиа алдсан хэрэгт холбогдуулан нэр бүхий хүмүүсийг цаг­даагийн байгууллагад шалгаж байгаа. Мөн Хүний эрхийн үндэсний байгууллагад ханд­сан. Тиймээс одоогийн бүрэлдэхүүн хэргийг шүүх үндэслэл байхгүйг өмгөөлөгч хэллээ. Мөн талийгаач Д.Амар­сайханыг яллагдагчаар татаж, гарын үсэг зуруулсан баримт хавтаст хэрэгт байхгүй гэдэг асуудлыг өмгөөлөгч нь гаргаж тавилаа. Яллагдагчаар татаагүй байхад шүүх хэргийг хүлээн авч процессын алдаа гаргасан учраас шүүгч энэ хэргийг шүүх үндэслэлгүй гэж үзжээ. Дээрх байдлаар шүүгч, прокурор шууд болон шууд бусаар ашиг сонирхлын зөрчилтэй гэж өмгөөлөгч нь үзэж байгаа аж. Бусад шүүгдэгчдийн өмгөөлөгчид ч ийм саналтай байгаагаа хэллээ. Тухайлбал, жил шахам цагдан хоригдож байгаа Х.Анхбаярын өмгөөлөгчид “Х.Анхбаярын биеийн байдал муу. Шаардлагатай шинжилгээ хийлгэж, эмнэлгийн үйлчилгээ авах хүсэлтийг удаа дараа тавьсан ч прокурор эсрэг санал гаргадаг. Шүүгч хэвээр нь баталдаг. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахгүй байгаа шалтгаанаа гүйцэтгэх ажлын хүрээнд нот­лох баримт цугласан гэж тайлбарласан. Гэвч хавтаст хэрэгт тийм баримт байхгүй байна. Энэ бол шүүх бүрэлдэхүүн үндэслэлгүйгээр хүний эрхийг зөрчиж байна гэсэн үг. Хэт яллах талыг барьж байгаа гэж үзэх үн­дэслэл байгаа учраас ийм бүрэлдэхүүнтэйгээр шүүх хурлыг үргэлжлүүлэх боломжгүй байна” гэлээ. Шүүгдэгч Н.Отгонболд, Ц.Чандмань нарын өмгөө­лөгчид ч ийм саналтай бай­гаагаа хэлсэн юм. Ц.Чанд­манийн өмгөөлөгч Эрүүгийн хэргийн анхан шатны II шүү­хээс татгалзаж, өөр шүүхээр хэргийг хэлэлцүүлэх хүсэлтэй байгаагаа мөн хэллээ. Өмгөөлөгчид “Бид та бүхнээс татгалзах санал тавих биш хүний амь нас эрсэдсэний төлөө та нар энэ хэргээс татгалзмаар юм. Ийм хүн ёсны асуудал ярьж байхад шүүх хэтэрхий гүргэр байгаад гайхаж байна” гэдэг асуудлыг ярьж байлаа.
Ингээд шүүх хурал завсарлаж өмгөөлөгчдийн тавьсан хүсэлтийг хэлэлцээд Дүүргийн Эрүүгийн хэр­гийн анхан шатны II Шүү­хийн ерөнхий шүүгчтэй зөв­шилцөхөөр болсон. Шүүх хурал 15.00 цагт үргэлжилж өмгөөлөгчдийн тавьсан хүсэл­тийг хүлээж авсангүй. Харин шүүгдэгч Х.Анхбаярын өмгөөлөгч өөр хуралдаантай гэх шалтгаанаар шүүх хуралдааныг ирэх сарын 5-ныг хүртэл хойшлуулсан юм. Мөн Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхээс татгалзсан өмгөөлөгчийн хүсэлтэд ямар нэгэн хариу өгсөнгүй. Ингэснээр ирэх сарын 5-нд дээр дурдсан шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцэж, нас барсан хүнийг шүүхээр болж буй юм. “Өдрийн сонин” шүүхийг гөжүүд биш ухаалаг байгаач гэж бичиж байсан. Гэвч шүүх гөжүүдэлсээр байгаагаа энэ удаагийн хуралдаанаар харууллаа.
Прокуророос яллах дүг­нэлт үйлдэж ирүүлсэн хэргийн тухайд талийгаач Д.Амарсайханыг шүүгдэгч Х.Анхбаяраас байр авлигад авсан. Үүнд шүүгдэгч Ц.Чандмань, Н.Отгонболд нар зуучилж, авлигыг нуун далдалсан гэж яллагдаж буй. Мөн Х.Анхбаярыг бусдаас тусгай зөвшөөрөл худалдаж авахдаа 30 хувийн татварыг нь суутгаж авч үлдээд улсад төлсөнгүй гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 166.2-т зааснаар яллаад байгаа юм.
Авлигын гэх байрны ту­хайд Газрын тосны газраас зарласан нээлттэй тендерт “Тэнгэри холдинг” компанийг шалгаруулсныхаа хариуд Зайсангийн “Роял Грийн Вилла” хотхон дахь 160 метр.кв талбайтай орон сууцыг гараашийн хамт авлигад авсан. Ийм авлигыг “Тэнгэри холдинг” компанийн ерөнхий захирал Х.Анхбаяр Д.Амарсайханд өгөхдөө түүний ахынх нь хүү болох Ц.Чандманийн нэр дээр шилжүүлсэн. Орон сууц шилжүүлэх гэрээг “Тэнгэри холдинг” компанийн ерөнхий менежер Н.Отгонболд хийж, авлигыг халхавчилсан гэж байгаа. Гэхдээ Газрын тосны газраас зарласан гэх тэр тендерийг 2008 онд Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас зарлажээ. Уг тендерт аль нэг компани шалгарч, ямар нэгэн ажил гүйцэтгээгүй. Тухайн үед явцын дунд замхарсан тендер аж.
Харин дээр дурдсан Зай­сангийн “Роял Грийн Вилла” хотхон дахь орон сууцны тухайд шүүгдэгчдийн өмгөөлөгчид “Өдрийн сонин”-д  “Тэнгри Холдинг” компанийн ерөнхий захирал Х.Анхбаяр Хас банкинд салбарын за­хирлаар ажиллаж байсан Ц.Чандманийг компанидаа ажиллах санал тавихдаа машин, байр авч өгнө гэж ам­ласан байдаг. Ер нь ком­­панийнхаа гол ажлыг нугалах дөрвөн залуугийн байр, унааг шийдсэн. Тэдний нэг нь Ц.Чандмань. Гэхдээ Ц.Чандманьд өгөх байрыг Х.Анхбаяр өөрөө амьдрахаар авчихсан байсан, нэлээд үнэтэй орон сууц. Тиймээс 100 мянган ам.долларыг төлж байж тэр байрыг ав гэсэн байна лээ. Ингээд Ц.Чандмань 100 мянган ам.долларыг төлж орон сууцаа өөрийн нэр дээр шилжүүлсэн. Тухайн үед Х.Анх­баяр гадаадад байсан учраас ерөнхий менежер Н.От­гонболд итгэмжлэхээр нь орон сууцны бичиг барим­тыг Ц.Чандманийн нэр дээр шилжүүлсэн байдаг. Ц.Чандмань хотын төвд байр­тай учраас Зайсан дахь орон сууцандаа ороогүй юм билээ. Ингээд Газрын тосны газрын дарга агсан Д.Амарсайхан тэдний Зайсан дахь байрыг түрээслэхээр болж.
Тэр үед Д.Амарсайхан агсан гэр бүлийн шалтгаанаар байр хайж таарсан юм билээ. Ингээд ахынхаа хүүгийн байрыг түрээслээд амьдарч байтал Х.Анхбаярын хэргийг шалгасан мөрдөн байцаагчид Ц.Чандманийн нэр дээрх бай­ранд Д.Амарсайхан агсных амьдарч байгааг мэдсэн” гэж тайлбарласан билээ. Ингээд Д.Амарсайхан агсныг амьдарч байгаа орон сууцаа авлигад авсан гэж шалгаж эхэлжээ.
Шүүгдэгч Х.Анхбаярыг авлига өгснөөс гадна татвар төлөхөөс зайлсхийж, улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол оногдуулсан гэх хэрэгт яллаад байгаа.
Тэрбээр 12 тэрбум төг­рөгөөр ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл худалдаж авчээ. Ингэхдээ орлогын албан татвар бо­лох 3.6 тэрбум төгрөгийг суутган авч төсөвт төлөөгүй гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 166.2 дахь хэсэгт зааснаар яллажээ. Тусгай зөвшөөрлөө худалдаж байгаа хүн өөрөө орлогоо тодорхойлоод татвар төлөх хуультай. Харин худалдаж авч байгаа хүн өмнөөс нь татвар төлөх хуулийн үндэслэл байхгүй гэдгийг өмгөөлөгчид нь тайлбарласан билээ.

Ц.Өрнөх

Categories
мэдээ цаг-үе

Н.Батбаяр: Монголын эдийн засгаар Ардын намынхан тоглож байна


Монгол Улсын эдийн засгийн өнөөдрийн нөхцөл байдлын талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяртай ярилц­лаа.
    
-Ерөнхий сайдыг  хойд хөршид айлчлахад нь та дагаж явсан. Ямар асуудлууд шийдээд ирэв ээ?
-Ерөнхий сайд Н.Алтанхуяг ОХУ-ын Санкт-Петербург хотноо болсон олон улсын эдийн засгийн форумд оролц­сон. 70 гаруй орон оролцсон дэлхийн хэмжээний том арга хэмжээ боллоо. Манай Ерөнхий сайд хуралд оролцох үеэрээ  ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзсан. Төмөр замын дарга В.И.Якунин, “Рос­тех” компанийн захирал С.В.Чемезовтой уулзлаа. Мон­голтой ураны асуудлаар холбогдож ярьдаг Сергей Криенкотой уулзсан. Миний хувьд ОХУ руу Ерөнхий сай­даас өмнө оччихсон бай­сан. Тиймээс ОХУ-ын эдийн засгийн хөгжлийн сайдтай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцсон.
-Гол үр дүн нь юу байв?
-Ганц л өгүүлбэрээр хэлье. Орос ах нар эргэж ирж байна даа.
Та хийн хоолойн асууд­лаар “Газпром”-ын захиралтай ярихаар болсон гэсэн. Хэзээ уулзах вэ?
-Ерөнхий сайд ОХУ-ын Ерөнхийлөгчтэй ярихдаа хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд олон асуудлыг хөндсөн. Транзит тээврийн асуудлыг ярьсан. Манай урд, хойд хоёр хөршийн эдийн засгийн хамтын ажил­ла­гаа сүүлийн үед  их өргөжиж бай­на. Энэ хоёр улс хэдхэн хоногийн өмнө 30 жилийн гэрээ байгуулж, ОХУ-аас Хятад руу 38 тэрбум куб метр хий нийлүүлэх хоолой татахаар боллоо. Нийтдээ 400 тэрбум ам.долларын гэрээ байгуулсан нь яалт ч үгүй дэлхий даяар шуугиан болж байна. Тэгэхээр нь бид үүнтэй холбогдуулаад асуудал тавьсан. Манай нут­гаар дамжуулж хоолойгоо татвал илүү дөт, зардал бага гэдгийг санал болголоо. Энэ талаар ямар бодолтой байгааг нь асуухад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин  “Нээрээ тийм байна шүү. Манайх хийн хоолойг Хятад руу татахдаа хоёр гэрээ хийх ёстой. Сая  бол хийн хоолойгоо зүүн чиглэлээр татах тухай ярьж тохирсон. Одоо бид баруун талаараа нийт 30 тэрбум куб метр хийн хоолой татах гэрээг хийнэ. Энэ шугамаа уулархаг газраар явуулах уу, тал нутгаар дайруулж татах уу гэдгээ шийднэ. Тийм учраас танайхантай уулзаж ярья. Танайхантай ярилц гээд “Газпром”-ын захиралд үүрэг өгчихье” гэсэн.
Манай Ерөнхий сайд В.Путинтай таван шугамын талаар ярихдаа “Бид таван шугамаа “Талын” зам буюу оросоор “степной Путь В.Путина” гэж нэрлэж бай­гаа гэдгээ хэлнэ лээ. Энэ нь цаадуулд нэлээд ойр сонсогдох шиг болсон.  
Тэгээд Монголд ирсэн хойноо би “Газпром”-ын захирлыг зургадугаар сардаа багтаад Монголд ирээч гэсэн урилга явууллаа. Мөн Ерөнхий сайд ОХУ-д айлчлах үеэрээ хоёр орны хооронд дунд хугацааны хөтөлбөр батлах асуудал ярьсан. Ерөнхий сайд Японд айлчлахдаа ийм хөтөлбөр байгуулсан шүү дээ. Арван жилийн хугацаанд хийх ажлаа тодорхойлоод үүнийгээ бодитой болгох тухай юм. Үүнтэй адил хөтөлбөрийг ОХУ-тай байгуулахаар ярилаа.  
-Таван шугам гэж яриад байгаа зүйлийн нэг нь хийн хоолой байх аа. Бусдынх нь талаар ямар яриа хэлэлцээ өрнөв?
-Орос, Монгол, Хятад гурвыг холбосон төмөр зам, авто зам, нефть, хийн хоолой, эрчим хүчний шугам татах асуудлыг яриад байгаа юм. Энэ бол тус бүртээ нэг нэг Оюу толгой гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлбэл таван ширхэг Оюу толгойгоос том төслийг эхлүүлэхээр яриад явна.  Бид дотоодынхоо шатахууны хэрэгцээг бүрэн хангах ёстой. Тиймээс танайх Монголоор дайруулж, нефтийн шугам тавих гэж байгаа бол манайд шатахууны үйлдвэр байгуулахад туслаач, бүгдээрээ хамтарч шийдье гэдэг саналыг оросуудтай ярилаа.  Тэр тохиолдолд Монгол Улс  гадагшаа  нефть гаргадаг болно. Түүнчлэн нүүрснээс шингэн түлш гаргадаг технологи байдаг юм байна. Үүнийг ашиглах асуудлыг ярьж байгаа. Тамсагийн нефтийн үйлдвэрийг үр дүнтэй ажиллуулах тал дээр хамтарч, асуудлыг  нэг мөр болгох тухай ярьцгаалаа.
Мөн нүүрснээсээ газ гаргадаг технологи бий болсон юм байна. Гэтэл манайд юу л байна, нүүрс байна. Тиймээс нүүрснээс газ гаргаж дотоодынхоо хэрэгцээг хангая. Үлдсэн газаа экспортолъё гэдэг бодлого барьж байна. Асар их нүүрстэй мөртөө бид эрчим хүчээ гаднаас авсаар байна. Үүнийг цэгцэлж,  нүүрснийхээ орд газрууд дээр станц барьж, улсаа хямд эрчим хүчээр хангая, илүүдэл эрчим хүчээ гадагш нь худалдъя гэдэг зүйл ярьж байна. Эдгээр ажлуудаа  транзит шугамтайгаа уялдуулж,  Хятад, Оросын хийн хоолойн гэрээнд саналуудаа нэмчих санаатай яваад байна.  Эдийн засагт ийм харилцан ойлголцох зарчим байдаг учраас би илэн далангүй яриад байна.  Хэрэв ОХУ хийн хоолойгоо Монголоор дайруулахгүй гэвэл 4000 км татна. Монголоор дамжина гэвэл 2000 км ч хүрэхгүй замаар хоолойгоо татаж мөнгө хэмнэнэ гэсэн үг. Тэгэхээр хаа хаанаа ашигтай ийм л ажил хийх гээд яваад байна шүү дээ.
-Хойд хөрштэй худалдааны эргэлтээ яаж сайжруулахаар ярьсан бэ?
-Манай хоёр улсын худалдааны эргэлтийг сайжруулж, экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхийн тулд татварын таатай орчин бүрдүүлэхээр ярьсан. Рублиэр тооцоо хийх, хоёр улсын төв банкны хооронд хамтын ажиллагаа бий болгох асуудлыг ярьсан. Энэ тухай хэлэлцэж, тохиролцохоор ирэх зургадугаар сард ОХУ-аас төлөөлөгчид ирнэ. Мөн Халх голын дайны ялалтын ой наймдугаар сард болно. Энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгчийг манайд ирээч гэж урьсан.  В.Путин ч “Асуудлыг судалж үзье. Ер нь боломжтой” гэдэг хариу өглөө.
-Петербургийн эдийн засгийн форумаар юу ярьсан юм бэ?
-Оросын эдийн засаг, гадаад худалдааны өнөөгийн байдлыг ярьсан.  Украйны асуудлыг хүчтэй хэлэлцсэн. Ерөнхийлөгч В.Путин хурлын үеэр  “Та бүхнийг хүрэлцэн ирсэнд баярлалаа. Гадаадын хөрөнгө оруулагчдад бид хамгийн таатай нөхцөл байдлыг бүрдүүлж, тал бүрээр дэмжинэ” гэдгээ мэдэгдсэн. Айлчлалын хувьд ийм л байна.
-Тэгэхээр өнөөдөр (өчигдөр) Ардын намынхан таныг огцруулах бичиг өргөн барьчихлаа. Та юу хэлэх вэ?
-За яахав дээ. Огцруулах бичиг өргөн барьж байгаа хүмүүс өөрсдөө мэдэж байгаа юм байлгүй дээ. Хүмүүс тэгж бодож байгаа бол би юу хэлэхэв дээ. Уг нь Монголын эдийн засагт урд, хойд  хоёр хөршийн дэмжлэг хамгийн чухал байна. Тийм ч учраас бид хоёр хөрштэйгээ харилцаагаа сайжруулах ажлуудыг эхэллээ. Ерөнхий сайдын хойд хөршид хийх айлчлалыг зохион байгууллаа. Таван шугамын асуудлыг нэлээд ахицтай байлгахаар яриад ирлээ. Үүнээс өмнө Ерөнхий сайд БНХАУ-д айлчилсан. Тиймээс урд хөрштэй харилцах харилцаа сайн байна. Мөн Ерөнхийлөгч  Хятадад очиж, хоёр хөршийнхөө удирдлагатай уулзлаа. Асуудлууд ийм нааштай, ажил урагшлах гэж байхад ийм юм яриад хэрэггүй л байх. Монголчууд эвтэй, төр засаг нь тогтвортой байвал ажил урагшилна. Төр засаг хэврэг болоод ирэхийн цагт гадныхан биднийг гайхна. “Засаг төрд нь бидэнтэй ажиллах сонирхол байна уу, үгүй юу гэж эргэлзэнэ. Эсвэл эрх баригчид нь бидэнтэй ажиллая гэхээр сөрөг хүчин нь эсэргүүцээд байдаг юм байна” гэж л ойлгоно.
-АН-ыг төрийн эрх барьснаас хойш Ардын намынхан тувт сандал суудлын асуудал гаргаж ирээд ажил бага ярих шиг боллоо…
-Сөрөг хүчин гэдэг чинь төр засгийг байнга бужигнуулж байх ёстой биш шүү дээ. Эдийн засгийг сайн байлгая гэвэл төр засаг нь тогтвортой байх ёстой. Төр засаг тогтворгүй л байх юм бол эдийн засаг улам гундана. Тэгэхээр энэ Ардын нам юу хүсээд байгаа юм. Монгол Улсад сайн юм их байгаасай гэсэн юм уу, саар нь илүү болоосой гэж хүсээд байгаа юм уу.
-Манай эдийн засаг үнэхээр дордсон нь бодит үнэн. Дотоодын компаниуд түрүүчээсээ дампуураад эхэллээ. Тийм учраас яалт ч үгүй энэ салбарыг авч яваа тантай хариуцлага ярих ёстой гэж сөрөг хүчин үзээд байх шиг байна л даа?
-Эдийн засагт хүндрэлтэй асуудал бий нь үнэн. Валютын ханштай холбоотой хүндрэл байна. Яагаад гэвэл дэлхийн эдийн засаг өөрөө сайнгүй байгаа. Манай гол нэр төрлийн экспортын барааны үнэ ханш буурч байна. Өмнөх шигээ гаргадаг байсан бүтээгдэхүүнээ гаргаад байхад л орж ирдэг мөнгө нь багасаад байна шүү дээ. Гэтэл хэрэгцээ маань буурахгүй байдаг. Тиймээс л асуудал үүсээд байна.  
-Үүнийг зохицуулах ямар бодлого явуулж байна вэ?
-Экспортоо улам нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Импортоо орлуулах үйлдвэрлэл явуулах шаардлагатай. Энэ чиглэлээр тэртэй тэргүй бид ажиллаж байгаа.  Үүнийг та бүхэн мэдэж байгаа шүү дээ. Дээр нь хөрөнгө оруулалт татаж, мөнгө босгох ёстой байна. Харамсалтай нь биднийг мөнгө босгоё гэхээр “Болохгүй ээ” гээд ажиллах эрхийг маань хаачихаад байна.   
-Өрийн хязгаар давуулахгүй гээд…
-Тийм. Засгийн газар өнгөрсөн жил 2014 оны төсвийг оруулж ирэхдээ байдал хэцүүдэж магадгүй учраас мөнгө босгоё гэдэг байдлаар асуудлыг оруулж ирсэн. Хуульд заасан өрийн хязгаарыг нэмэгдүүлэх тухай ярьсан. Гэтэл Ардын намынхан болохгүй гээд болиулсан шүү дээ. Хуулийг батлах эсэхийг гуравны хоёроор шийддэг учраас Ардын намынхан эсрэг санал өгөөд унагаачихсан. Тэгэхээр эцсийн эцэст Монголын эдийн засгаар Ардын намынхан тоглож байна. Улс төрийн намын сонирхол байж болно. Гэхдээ улс орныхоо хувь заяаг намынхаа эрх ашгийн дор тавьж болохгүй шүү.
Гадаадын хөрөнгө оруулалт юу болж байна вэ…
-Оюу толгойн далд уурхайн хөрөнгө оруулалт асуудалтай байна. Ийм том төслийн хөрөнгө оруулалт багасчихаар чинь хөрөнгө оруулалтын урсгал буурдаг юм байгаа биз дээ. Тэрнээс биш  энэ Засгийн газрын үед хөрөнгө оруулалтыг дордуулсан эрх зүйн нэг ч бичиг баримт гараагүй. Эсрэгээрээ хөрөнгө оруулалтыг дэмжсэн баримт бичгүүд гаргасан.  Тухайлбал, бид Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталсан. Аливаа нөхцөл байдал нэг өдөр сайжирчихдаг юм биш. Дахин хэлье бид нөхцөл байдлыг сайжруулахын тулд  хоёр хөрштэйгээ харилцаагаа сайжруулах алхмуудыг хийж байна.
-Оюу толгойг одоо яах гэж байна вэ. Гацаанаас нь гаргаж, урагшлуулах л хэрэгтэй байх…
-Оюу толгой гацаад  зогсчихсон юм биш, ажиллаж байгаа. Олборлолтоо хийж, бараагаа ачиж байна. Өнөө жилээс Оюу толгой жинхэнэ хүчин чадалдаа хүртэл ажиллаж чадна. Өөрөөр хэлбэл, жилдээ  600-700 мянган тонн баяжмал гаргана гэсэн үг. “Эрдэнэт” үйлдвэр 500 гаруй мянган тонныг гаргадаг шүү дээ. Тэгэхээр Оюу толгой “Эрдэнэт” үйлдвэрээс том болох нь. Оюу толгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын асуудал дээр хүндрэл бий.  Үүнийгээ шийдэх гээд бид тал бүрт ажиллаж байна. Гэхдээ энд Монголын талаас шалтгаалсан ямар ч асуудал байхгүй. Хоёр тал нарийн асуудлуудаараа хэлэлцээрийн ширээнд суусаар байна. Хятад, Орос хоёр хийн хоолойн шугам татах гэрээг хийх гэж арван жил болсон шүү дээ. Ер нь том хэлэлцээ хийхэд ийм л байдаг.
-Оюу толгойн хэлэлцээ ийм хугацаатай үргэлжилнэ гэсэн үг үү?
-Тэгж хэлсэн юм биш.  Гэхдээ цаана нь том эрх ашиг байгаа учраас хэлэлцээ удаан байхыг үгүйсгэхгүй. Хамгийн гол нь  бид Оюу толгойг хоёр зааглачихсан. Үйлдвэрийнх нь ажил гэрээний асуудлаас болж гацахгүй байх ёстой гэдэг зарчмаар явж байна.
-Долларын ханш 1830 гараад явчихлаа. Ямар арга хэмжээ авч байна вэ. Цаашид ингээд өссөөр байх юм уу?
-Манайд мэдээж хэрэгцээ байгаа учраас долларын ханш өсч байгаа юм. Долларын ханшийг тогтвортой байлгая гэвэл доллар, төгрөгийн харьцааг тэнцвэртэй байлгах ёстой. Энэ нь экспорт, гадаадын хөрөнгө оруулалт бондоос хамааралтай.  Тиймээс бид асуудлыг зохицуулахын тулд хувийн хэвшлийнхэнтэй хамтарч ажиллаж байна.
Орос, Хятад хоёр газын гэрээг дөнгөж хийсний дараа барууныхан  Оросын эдийн засаг тэдэн хувиар өснө гээд тооцоолоод эхэллээ шүү дээ.  Тэгэхээр ирээдүйг харсан хэлцлүүд эдийн засагт шууд нөлөөлдөг нь эндээс харагдаж байна. Үүнтэй адил зургадугаар сард ОХУ-аас хүмүүс ирээд, бидний хэлэлцээ амжилттай болох юм бол тэртэй тэргүй нөхцөл байдал эргэнэ. Наймдугаар сард хойд, урд хөршийн дарга нар манайд айлчлаад асуудал албажаад ирэхээр эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдал сайжраад ирнэ ээ. Бүх зүйл боломжийн болно, санаа зоволтгүй. Харамсалтай нь үүнийг тасалдуулж, биднийг ажил хийлгэхгүй байлгах, өөр зүйлд санаа зовуулах, төр засгийг тогтворгүй байлгах замаар Ардын намынхан манай түншүүдэд буруу зөрүү ойлголт өгөх гээд байх шиг байна. Та минь ээ, бидэнд Монгол Улс гэдэг нэг л эрх ашиг бий шүү гэдгээ бодооч гэж хэлмээр байна. Бид нэг л улсад амьдарч байна. Нэг л эдийн засагтай шүү дээ.
-Эдийн засгийг эрчимжүүлэх төсөл хэр ахицтай байна вэ?
-Өнгөрсөн долоо хоногт урд, хойд хөршийнхөнтэй уулзалт хэлэлцээ хийгээд эхэлсний дараа Хятадаас томоохон хөрөнгө оруулагчид ирлээ. ОХУ-аас ч удахгүй  ирэх гэж байна. Тэгэхээр эдийн засгийг эрчимжүүлэх төсөл бол амжилттай хэрэгжинэ. Хөтөлбөрт заасан ажлуудаа графикийн дагуу хэлнэ. Тэгээд би дээр хэлсэн шүү дээ. Зургадугаар сар цаашлаад наймдугаар сараас нөхцөл байдал эргэнэ ээ гэж.
-Хөрөнгө оруулалт нэмэгдэх хандлага гарч байна уу?
-Тийм ээ.  Манай урд, хойд хоёр хөрш чинь Ерөнхийлөгчийн засаглалтай орнууд шүү дээ. Тиймээс Ерөнхийлөгч нар нь дээрээс дохио өгөхөөр нөгөөдүүл нь “за” гээд явдаг жамтай юм. Тэгэхээр манай эдийн засаг удахгүй сайжирна. Нөгөө талаар бид Япон улстай хамтын ажиллагаагаа нэлээд өргөжүүлж байна. Удахгүй долдугаар сарын сүүлээр Монгол-Японы хооронд чөлөөт худалдааны гэрээ хийх гэж байна. Тэгвэл  манай хоёр орны хооронд эдийн засгийн хамгийн таатай орчин бүрдэнэ. Ингэснээр Монголд Японы хөрөнгө оруулалт эрс нэмэгдэх нь. Япончуудын хөрөнгө оруулалтаар хийсэн бараа, бүтээгдэхүүнээ гадагш нь экспортлох бүрэн боломжтой болно. Энэ мэтчилэнгээр эдийн засаг сэргэх таатай орчин удахгүй бий болно.  
-Чингэс бондын мөнгийг “угаагаад” байна, олигтой төсөлд зарцуулсангүй гэдэг шүүмжлэл бий. Зарим нь энэ мөнгө Монголд байхгүй ч гэсэн яриа гаргаж байна…
-Тийм зүйл огт байхгүй. Ийм үлгэр зохиож ярихаа болиоч ээ. Чингэс бондын хөрөнгийг тодорхой төслүүдэд зарцуулаад үлдсэн мөнгө нь Хөгжлийн банкинд байгаа. Чингэс бондын мөнгийг бүгдийг нь арилжааны банкинд байршуулчихсан. Энэ мөнгийг ямар нэгэн байдлаар хөдөлгөөнтэй байлгахгүй зүгээр л хадгалаад байж болохгүй биз дээ. Тэгэхгүй бол хүүг нь хэн төлөх юм.  Арилжааны банкинд байршуулаад төсөл арга хэмжээнд зарцуулах болохоороо  авч өгөөд л байгаа шүү дээ.  
-888 төсөл юу болж байгаа вэ?
-579 жижиг төслийг нь жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн журмаар явуулахаар болсон. Ажлыг нь хурдан явуулахын тулд ингэж зохион байгуулсан. Том төслүүдийн хувьд мөн л ажил нь эхнээсээ урагштай байна. Сая гэхэд л цементийн үйлдвэрүүдийн санхүүжилтийг шийдлээ.  Одоо төмөрлөгийн үйлдвэрүүд гэх мэтээр төслүүдийг урагш нь явуулна.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Батбаяр: Төмөр замын төсөлд нэмэлт оруулаад дахин өргөн барина


УИХ-ын чуулганы пүрэв гаригийн хуралдааны төгсгөлд шинэ төмөр замын төслийг эргүүлэн татсан тухай УИХ-ын дарга З.Энхболд мэдэгдсэн. Уг тогтоолын төслийг Засгийн газар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд УИХ-д өргөн мэдүүлсэн  бөгөөд хойд хөрш рүү өргөн царигтай, урд хөрш рүү нарийн царигтай төмөр зам тавихаар тогтоолын төсөл байсан билээ. Төмөр замын төслийг ямар шалтгаанаар буцаасан талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяраас тодруулсныг хүргэе. 

-Шинэ төмөр замын төслийг Засгийн газраас эргүүлэн татсан. Ямар шалтгааны улмаас эргүүлэн татах болсон юм бэ?
-Засгийн газрын ээлжит  бус хуралдаан пүрэв гаригт болж, Төсвийн хүрээний мэдэгдлийг дахин өргөн барих,  Шинэ төмөр замын төслийг эргүүлэн татаж авах тухай асуудлыг ярилцсан. Эргүүлэн татсан шалтгаан нь тодорхой хэмжээний нэмэлт оруулах шаардлагатай байсан учраас эргүүлэн татахаар болсон. Уг төмөр замын төсөл дээр нэмэлт тодотгол хийхээр болж эргүүлэн татсан юм аа. Уг асуудлыг бямба гаригийн Засгийн газрын хуралдаанаар дахин хэлэлцээд ирэх долоо хоногт өргөн барина. Цариг болон шинэ чиглэлийн хувьд ямар нэгэн өөрчлөлт гарахгүй.
-Уг хуулийн төслийг өргөн бариад удаагүй байхад тодотгол хийх болсон шалтгааныг тайлбарлахгүй юу. Тогтоолын төслүүд чанар муутай болоод байгаа юм уу гэсэн хардлага байна?
-Төмөр замын шинэ шугам барихдаа нэмэлт нөхцөлүүдийн талаар тодотгол хийх юм. Манай урд хөрш нарийн, хойд хөршийн төмөр замын цариг нь өргөн байдаг. Бид хөрш хоёр оронтой ямар байдлаар төмөр замаа холбох, яаж зохицуулалт хийх вэ гэсэн заалтуудыг шинээр тусгаж өгнө. Түүнээс цариг болон маршрутад ямар нэг өөрчлөлт орохгүй. Өөрөөр хэлбэл, зарим нэг нэмэлт оруулах шаардлагатай байна гэж ойлгож болно. Манай дотоод үйл ажиллагаатай холбоотой зүйл.
-Төслийг эргүүлэн татсан нь Ерөнхий сайдын ОХУ-д хийсэн айлчлалтай холбоотой гэсэн олон нийтийн хардлага байна?
-Ерөнхий сайдын айлчлалтай холбоогүй. Маршрут болон царигт өөрчлөлт орохгүй. Тийм болохоор санаа зовох хэрэггүй.
-Төмөр замын огтлолцол хаана байхаар төлөвлөсөн бэ?
-Могойн голоос Эрдэнэт хүртэл 500 орчим км зам, Тавантолгойгоос Сайншанд хүртэл 350 км, Хөөтөөс Нөмрөг хүртэлх 380 км төмөр зам өргөн царигтайгаар шинээр баригдана. Гашуунсухайтаас Тавантолгой, Сайншандаас Замын-Үүд хүртэл 235, Хөөтөөс Бичигт хүртэл 200 км нарийн төмөр зам байх юм. Энэ төслийг Засгийн газраас өргөн барьсан. Үүнд ямар нэгэн өөрчлөлт байхгүй шүү. Урд хөрш нарийн царигтай, хойд хөрш өргөн царигтай. Бид бараа бүтээгдэхүүнээ тээвэрлэхийн тулд ийм шийдэлд хүрсэн. Энэ бол эдийн засгаа бодсон хэрэг. Тавантолгойгоос урагш нарийн төмөр зам барьснаар автомашинаар өртөг өндөр нүүрсээ тээвэрлэх асуудал үгүй болно. Мөн экспортын хэмжээ ч эрс өснө. Ингэснээр Тавантолгойн ашиглалт сайжирч валютын нөөц нэмэгдэх нөхцөл бий болох юм. Сайншандад аж үйлдвэрийн цогцолбор барих тул Замын-Үүд рүү бүтээгдэхүүнээ гаргах нөхцөл бүрдүүлэхийн тулд нарийн төмөр зам хэрэгтэй. Сэлгэн ачилт хийхэд тонн тутамд 3-5 ам.долларын зардал гардаг. Тэр зардал байхгүй болно гэсэн үг. Хөөтөөс Хөшигт хүртэл манай нэлээд уурхай бий. Одоогоор ашиглаж эхлээгүй төмрийн болон нүүрсний уурхайнууд байна.
-Ямар өөрчлөлтүүд хийгдэх гэж байгаа юм бэ?
-Сүхбаатараас Замын-Үүд хүртэлх төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Энэ тухай Орост очихдоо тохирчихоод ирсэн. Шинэ төмөр замын төслийг Засгийн газраас татаад авчихаар хүмүүс шуугиад байна. Дотоод асуудлаа шийдээд хөршүүдтэйгээ ямар тохиролцоо хийх вэ гэдэг өөрчлөлт  л орж ирнэ.
Тавантолгой Ганшуунсухайт хүртэлх зам дээр Чингэс бондоос 200 сая ам.доллар олгохоор болсон. Уг мөнгөний үлдэгдэл 20 сая ам.доллар бий.

Э.ЭНХ

Categories
мэдээ спорт

Аварга цолны хүндэтгэлийн барилдаантай

Монгол Улсын аварга цолонд хүндэтгэл үзүүлэх хүчит 224 бөхийн барилдаан өнөөдөр 14:00 цагт Монгол бөхийн өргөөнөө болно.
Энэхүү барилдаан нь 16 дахь жилдээ зохион байгуулагдаж буй юм. Өнгөрсөн жил ийн барилдаанд хүчит 224 бөх зодоглосноос улсын аварга Г.Эрхэмбаяр түрүүлж, улсын заан Ч.Санжаадамба үзүүрлэж байжээ.
Дашрамд сонирхуулахад Ардын хувьсгалаас хойш Монголын үндэсний бөхөд 21 аварга цолтон төрөн гарчээ. Тодруулбал,  дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Х.Баянмөнх, Б.Түвдэндорж, Ж.Мөнхбат, Д.Дамдин, Д.Цэрэнтогтох, Ш.Батсуурь, даян аварга Н.Жамъян, Г.Өсөхбаяр, А.Сүхбат, Ц.Чимэд-Очир, С.Цэрэн, улсын аварга Г.Вандан, Г.Самдан, Ж.Цэвээнравдан, Ч.Бээжин, Д.Хадбаатар, О.Балжинням, Д.Сумъяабазар, С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр нар юм.