Categories
мэдээ нийгэм

Сингапур хороолол барих төслийг хэлэлцэнэ

 “Хот байгуулалт ба Сингапурын туршлага” сэдэвт семинар ирэх сарын 18-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотод болох юм байна. Уг семинарыг Барилга, хот байгуулалтын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Төрийн орон сууцны корпораци, Барилгын хөгжлийн төв, Зураг төсөл, эрдэм шинжилгээний институт хамтран  зохион байгуулж байгаа аж.

аСеминарт Сингапур улсын  Үндэсний хөгжлийн сайд асан, Парламентын гишүүн Ма Бо Тан болон Сингапурын Орон сууцны хөгжлийн зөвлөл, Сингапурын Амьдрах таатай хотууд төв, Сингапурын Барилга, бүтээн байгуулалтын удирдах газар, Сурбана зураг төслийн компанийн төлөөлөгчид урилгаар оролцож, илтгэл тавих юм. Мөн энэ үеэр Сингапур хороолол барих төслийн талаар хэлэлцэх ажээ. 

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн албан хаагчдын өвлийн хувцсыг дотооддоо үйлдвэрлэж байна

 Ерөнхийлөгчийн зарлигаар цагдаагийн хувцасны шинэ загварыг баталсан. Үүний дагуу өнгөрөгч сараас цагдаагийн албан хаагчдад шинэ загварын хувцас өмч үүргээ гүйцэтгэж эхэлсэн. Нийт 7000 гаруй албан хаагчийн дүрэмт хувцсыг Турк улсад хийлгэсэн нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэнгүй хэмээн ард иргэд шүүмжилж байсан.

Харин цагдаагийн албан хаагчдын өвлийн хангалтад өгөх гутлыг үндэсний “Хос аз” компанид үйлдвэрлэж байгаа аж. Тэд алба хаагчдын өвөл өмсөх гутлыг үхрийн ширэн арьсаар, гурван давхар цэвэр хонины ноосон улавчтайтайгаар хийж буй гэнэ. Түүнчлэн цагдаагийн алба хаагчдын шинэ агсамж буюу жижиг хэрэглэлийн савыг үндэсний үйлдвэрлэгч “Мэргэн тур” компанид үйлдвэрлэж байгаа тухай ЦЕГ-аас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Үер усны аюулаас сэрэмжлүүлэв

Монгол орны нийт нутгаар бороо хуртай байгаа энэ өдрүүдэд малчид ард иргэд үер усны аюулаас болгоомжлохыг цаг уурчид анхаарууллаа. Учир нь усархаг борооны улмаас гол мөрний усны төвшин нэмэгдэх хандлагатай байгаа гэнэ. Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хангай нурууны арын Хойттамир, Хэнтэй нуруунаас усжих Туул, Хэрлэн голын адаг болон Сэлэнгэ мөрөн Орхон голын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-15 см нэмэгдэж, Хангай нурууны өврийн Тээл, Хомын хоолой, Онги гол Арвайхээр, Орхон гол Хархорин сум мөн түүнчлэн Халх гол Ялалт баг орчмоор үерийн түвшинг 5-25 см даван тус тус үерлэж байна. Хөвсгөлийн уулсаас усжих Үүр, Хангай нурууны арын Идэр, Чулуут, Урдтамир, өврийн Буянт, Хожуул, Завхан, Зүйл, Байдраг, Шаргалжуут, Онги, Зэгстэй, Хэнтэй нурууны баруун хажуугийн Хүдэр, Шарын гол, Ерөө, Тэрэлж, Улиастай, Туул, Сөгнөгөр, зүүн хажуугийн Хурх, Барх, Хэрлэн, Халх гол болон Алтай нурууны Буянт, Долооннуур, Хархираа Түргэний уулсаас эхтэй Хархираа, Түргэн, Сэлэнгэ мөрний дунд болон адаг Орхон голын эхээр олон жилийн дундаж түвшинг 20-60 см давсан байна. Иймд дээрх гол мөрний сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг хаврын шар усны үерээс болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

Харин ирэх долоо хоногоос нийт нутгаас цаг агаар дулаарах төлөвтэй байна. Нийслэл Улаанбаатарт 22-23 градус хүртэл халах ажээ. 

Categories
мэдээ нийгэм

“Монгол Австрийн бизнес уулзалт” болно

Энэ сарын 26-нд МҮХАҮТ-д “Монгол Австрийн бизнес уулзалт” болох юм байна. Монгол Австрийн Эдийн засгийн танхимаас уг арга хэмжээг зохион байгуулж байгаа гэнэ. Бизнес уулзалтад Австрийн 20 гаруй бизнесийн төлөөлөгчид оролцох ажээ. Тодруулбал, барилга болон дэд бүтэц, эрчим хүч, барилгын материалын тоног төхөөрөмжийн худалдаа, барилга үйлдвэрлэлийн технологи болон техникийн зөвлөгөө, техникийн эд анги нийлүүлэх, гал унтраах багаж хэрэгсэл, машин үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч “Rosenbauer”, Австрийн “Unicredit” банк зэрэг бизнесийн төлөөлөгчид оролцох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхэд хөгжүүлэх аргууд

Хүүхдийн оюун ухааныг хөгжүүлж тэлэх аргуудыг шинжлэх ухаанаар баталжээ. Ингээд доорх арван аргыг эцэг эхчүүд хүүхдийнхээ төлөө алхам тутамдаа санаж, хэрэгжүүлэхэд илүүдэхгүй. 

     1.   Хөгжмийн хичээл

Хөгжмөөр хичээллэдэг хүүхдүүдийг хичээллэдэггүй хүүхдүүдтэй харьцуулахад IQ илүүтэй байгаа нь илэрчээ. Ер нь хөгжим хүүхэд төдийгүй бүх насныхны тархины ажиллагаанд тустай.

     2.   Дасгал хөдөлгөөн

Дасгал хөдөлгөөн байнга хийж биеийн зөв хөгжилтэй байх нь тархийг бас хөгжүүлдэг. Судалгаагаар дасгал хийсний дараа хүмүүс шинэ үгсийг 20 хувь нь хурдан цээжилж байжээ.

Гурван сар тогтмол дасгал хийсний дараа тархины ой тогтоомжийн хэсэгт цусан хангамж нэмэгдсэнээр суралцах чадвар 30 хувь өссөн нь тогтоогдсон.

     3.   Уншиж өгөх бус түүнтэй хамт унш

Уншиж сураагүй хүүхдэд зөвхөн ном уншиж өгөх нь үд дүнгүй. Харин зэрэгцэж унших буюу уншиж байгаа үгнүүдэд хүүхдийнхээ анхаарлыг хандуулбал цаашдаа хурдан уншиж сурдаг гэнэ.

     4.   Нойр дутагдал хүүхдийг тэнэг болгодог

Нэг цагийн дутуу нойр VI ангийн хүүхдийг IV ангийн хүүхэд шиг болгодог.

Нэгэн эрдэмтний хэлснээр “нэг цагийн дутуу нойр хоёр жил юу ч суралцаагүй, таньж мэдээгүй өнгөрөөсөнтэй тэнцэнэ” гэжээ. Тиймээс хүүхдийг сайн унтуулж амрааж байх нь маш чухал.

     5.   Хувийн сахилга батгүй бол өндөр IQ-ийн хэрэг байхгүй

Хэчнээн оюуны өндөр хөгжилтэй байлаа ч хувийн сахилга бат, зохион байгуулалтгүй бол амьдралд амжилт олохгүй. Тиймээс хүүхдийнхээ сахилга бат, хувийн зохион байгуулалтанд онцгой анхаарах хэрэгтэй.

     6.   Суралцах бол идэвхтэй процесс

Аливаа зүйлийг сурахад сонсох хангалтгүй. Харин хийж үзэж суралцвал тархи илүү сайн хүлээж авдаг. Үүнд гуравны хоёрын зарчим чухал. Өөрөөр хэлбэл суралцахдаа 30 хувьд нь уншиж, 70 хувьд нь дасгал хийж  шалгаж байх нь зөв.

     7.   Зөв цагт баярлуулах

Судалгаагаар кофейн болон чихэр нь тархийг идэвхжүүлдэг нь батлагдсан. Тиймээс хүүхдээ хичээл хийж байхад нь эсвэл түр завсарласан үед нь амттан өгч баярлуулбал том шагнал болохоос гадна тархины ажиллагааг нь идэвжүүлнэ.

     8.   Аз жаргалтай хүүхэд амжилт авчирна

Сэтгэл дүүрэн, аз жаргалтай өссөн хүүхэд том болоод ажил амьдралдаа мөн амжилттай байдаг. Үүний үндэс нь аз жаргалтай гэр бүл, эцэг эх. Тиймээс хүүхдийнхээ ирээдүйг бүтээхээ өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй.

     9.   Хүрээллийн асуудал

Хүүхдийн тань суралцах чадвар хамт сурдаг, хамт дотуур байрны өрөөнд суудаг хүүхдүүдээс бас хамаардаг. Судалгаагаар сурлага муутай хүүхдийг сайн сурлагатай хүүхэдтэй нэг өрөөнд хэсэг амьдруулахад оюуны чадвар нь нэмэгдсэн үр дүн гарчээ.

    10.  Тэдэнд итгэл үзүүл

Хүүхдээ бусдаас ухаалаг гэдэгт итгэж байгаагаа харуулбал хүүхдийн тань суралцах чадвар нэмэгддэг. Судалгаагаар эрдэмтэд нэг ангийн хүүхдүүдээс санамсаргүйгээр хэсэг хүүхэд сонгоод тэднийг онцлон бусдаасаа илүү суралцах чадвартай болохыг нь дуулгажээ. Үүнээс өөр ямар ч арга хэмжээ авсангүй орхисон байна. Харин хичээлийн жил дуусахад нь шалгахад тэдний 30 хувийнх нь IQ 22 оноогоор нэмэгдэж, бусад нь доод тал нь 10 оноогоор ахисан байжээ.

Categories
гадаад мэдээ

И.Чинаватыг саатуулав

Пүрэв гаригт төрийн эргэлт хийсэн Тайландын цэргийн засаг  ерөнхий сайд асан Йинглак Чинаватыг барин саатуулсан тухай Reuters агентлаг армийн төлөөлөгчийн хэлснийг  дамжуулжээ.

Үүний өмнө баасан гаригт Йинглак Чинават цэргийн засгийн тушаалын дагуу хуурай замын штабт очсон байв. Цэргийнхний тушаалын дагуу мөн 140 орчим улстөрч  штабт очих ёстой болжээ.

Таиландын арми тавдугаар сарын 20-нд  тус оронд цэргийн онцгой дэглэм тогтоосон юм. Засгийн газрын эсрэг жагсаал цуглаан тасрахгүй байгаа учраас гэсэн шалтгаанаар цэргийнхэн засгийг аван эмх замбараагүй байдал хэвэндээ ортол цэргийн дэглэм тогтоосноо зарлаад байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтэс “IСT- Экспо 2014” үзэсгэлэнд оролцож байна

 Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтэс найм дахь жилдээ зохион байгуулагдаж буй  “IСT-Экспо 2014” үзэсгэлэнд оролцож байна.

Монгол Улсад “Орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 93 жил”-ийн ой болон “Цахилгаан холбоо, мэдээллийн нийгмийн Дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэнд Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтэс анх удаа оролцож байгаа юм.

Энэ удаагийн “IСT-Экспо 2014” үзэсгэлэн “Дэвшилтэт технологи-Ухаалаг хэрэглээ” уриан дор явагдаж байгаа бөгөөд Улсын Их Хурлын Тамгын газрын  Мэдээллийн технологийн хэлтсийн мэргэжилтнүүд Олон улсын парламентын холбоонд бүртгэлтэй, Улсын Их Хурлын албан ёсны www.parliament.mn болон Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагааны холбогдолтой бүхий л мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэдэг open.parliament.mn, мөн  хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа  эрх зүйн актуудыг он, үсгийн дарааллаар эрэмбэлэн үзэх боломжтой LawsMN, ТҮЦ машины “Улсын Их Хурал“ модуль гээд таван аппликейшн программ, гурван үндсэн цахим хуудастай оролцож байна.

ТҮЦ машины программ хангамжид шинээр нэмж хийсэн “Улсын Их Хурал“ модуль нь Улсын Их Хурлын гишүүний мэдээллийн хэсэгтэй бөгөөд Нийслэл төдийгүй аймгуудад байрлах ТҮЦ машинуудын нүүр хуудсанд тухайн тойргоос сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдийн мэдээллийг ил байрлуулжээ.

Улсын Их ХурлынТамгын газар 100 гаруй цахим хуудастай бөгөөд энэ удаагийн үзэсгэлэнд www.parliament.mn, open.parliament.mn khural.mn гэсэн үндсэн гурван цахим хуудастай оролцож байгааг Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Ж.Элбэгзаяа онцлов.

Мөн Олон улсын парламентын холбоонд бүртгэлтэй, Улсын Их Хурлын албан ёсны www.parliament.mn цахим хуудасны бүх төрлийн ухаалаг гар утсанд зориулсан хувилбар болох ParliamentMn аппликейшн программыг үзэсгэлэн сонирхогчдод танилцуулж байгааг нэмж хэлсэн юм.

“Мишээл Экспо” төвийн үзэсгэлэнгийн танхимд болж буй “IСT- Экспо 2014” үзэсгэлэн энэ сарын 26-ний өдрийг дуустал үргэлжилнэ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
гадаад мэдээ

В.Путин Украины сонгуулийн дүнг хүндэтгэнэ гэлээ

Маргааш болох Украины ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг хүндэтгэх болно гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ. Түүний шинэ байр суурь нь цаашид байдлыг хурцатгахаас зайлсхийхийг хүсч байгааг нь харууллаа.

Ерөнхийлөгч В.Путин Украины түр засгийн газарт нэлээд шүүмжлэлтэй хандаж, энэ сонгуулийг хууль ёсных гэдэгт эргэлзэж байсан юм.

Тэрбээр өчигдөр “Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форум”-ын үеэр үг хэлснийхээ дараа оролцогчдын асуултад хариулсан байна.

Хэрвээ зүүн нутагт нь Оросыг дэмжигч босогчид болон засгийн газрын хүчнүүдийн хооронд мөргөлдөөн үргэлжилсээр байвал Украин улсад бүрэн хэмжээний иргэний дайн үүсч болзошгүй гэж В.Путин хэлэв.

Украины өмнөд нутгийн Крымын бүсийг бүрэлдэхүүндээ авсантай холбоотойгоор ОХУ-д АНУ болон Европын Холбооны авч буй хориг арга хэмжээний тухай тэрбээр мөн хөнджээ.

В.Путины үзэж буйгаар, хориг арга хэмжээнүүд нь Өрнөдийн улсуудад сөргөөр нөлөөлөх аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

В.Путин Н.Алтанхуягтай уулзлаа

ОХУ-ын Санкт-Петербург хотод зохион байгуулагдсан Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Эдийн засгийн чуулганы урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхий сайдад талархал илэрхийлээд, талууд хоёр улсын цаашдын хамтын ажиллагаа болон эдийн засгийн асуудлаар санал солилцон, төмөр зам, хоёр орны хамтарсан үйлдвэрүүд зэрэг олон асуудлыг хөндөн ярилцсан байна.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монгол Орос улс бол эртний уламжлалт найрсаг харилцаатай ард түмэн. Орос улстай харилцах харилцаа бол Монгол улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бөгөөд уламжлалт харилцаагаа цаашид улам илүү хөгжүүлэхийг бид ямагт эрхэмлэдэг гэдгийг онцолсон.

Мөн Ерөнхий сайд Н.Алтанхуяг төмөр зам, Монгол Оросын хамтарсан аж ахуй нэгжийн удирдлагуудтай уулзаж санал бодлоо солилцсоноо ОХУ-ын Ерөнхийлөгчид дуулгасан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Шанхайн уулзалтын үеэр Халхын голын 75 жилийн ойд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг урьсаныг Ерөнхий сайд дахин нотолж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хүрэлцэн очих боломжийг бүрдүүлэхээ илэрхийлсэн байна.

Энэхүү уулзалтаар хамтарсан төмөр замын ашиглалтыг сайжруулах, ачаа эргэлтийг нэмэгдүүлэх, хоёр орны иргэд харилцан визгүй зорчих асуудлыг ярилцах,  шаардлагатай тохиолдолд Монгол улсын нутгаар байгалийн хийн хоолой тавих асуудалд Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгааг Ерөнхий сайд Н.Алтанхуяг онцоллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Төмөр замын царигийн асуудал шийдэгдчихвэл нүүрсний экспорт нэмэгдэнэ гэв

Энэ онд манай улс 35 сая тонн нүүрс экспортолно гэж байгаа. Тэгвэл оны эхний дөрвөн сарын байдлаар дөрөвний нэгийг нь буюу 8.05 сая тонн нүүрс экспортолсон байна. Хятадын гааль Монголын нүүрсийг авахад нэлээд хойрго хандаж байна гэж Гашуунсухайтын гаалийн газраас мэдээлсэн юм. Харин Хятадын талаас 2.05 сая тонн коксжих нүүрс нийлүүлсэн нь сүүлийн дөрвөн сарын дээд хэмжээ гэсэн тайлбарыг өгсөн байна. 

Төмөр замын царигийн асуудлыг эцэслэн шийдчихвэл нүүрсний экспортын урсгал нэмэгдэнэ гэж эдийн засагчид үзэж буй юм.