Categories
мэдээ спорт

Хакухо М.Даваажаргал 29 дэх түрүүгээ авлаа

Японы мэргэжлийн сумогийн тавдугаар сарын Нацу башё өчигдөр өндөрлөлөө. Уг башёг мэргэжлийн сумогийн их аварга хакухо М.Даваажаргал 14 даваа, нэг унаатайгаар тэргүүлсэн байна. Барилдааны сүүлийн өдөр их аварга Хакухо М.Даваажаргал Харүмафүжиг уватэнагэ мэхээр ялсан юм. Одоо тэрээр нэмж гуравхан түрүү авахад бүх цагийн үеийн дээд амжилтын эзэн Тайхо их аваргатай зэрэгцэж ирнэ. Тэмцээний сүүлийн өдрийн бас нэг сонирхолтой барилдаан какурюү М.Ананд болон озэки Кисэносато нарын хооронд болж Монголын 71 дэхь аварга Кисэносатогийн цукидаши мэхэнд дийлдэн уналаа. Какерюү Анандын тухайд тэрээр нацу башёг есөн даваа, зургаан унаатай дуусгаж байна. Харин ёкозуна цолны төлөө барилдаж буй Кисэносато 13 даваа, хоёр унаатай байгаа. Тэмцээний дараа М.Даваажаргал ярилцлага өгөхдөө “Аавын минь бие жаахан тааруу байсан учраас сүүлийн үед Японд ирж сумо үзэж чадахгүй байсан. Харин энэ удаа аав маань ирж, аавынхаа өмнө түрүүлсэндээ баяртай байна. Энэ жилийн Нацу башёд гурван их аварга барилдсан. Барилдааны турш их ч ядарлаа. Дараагийн башёд залуу бөхчүүдээ манлайлан барилдахын тулд улам их хичээнэ” гэжээ.
Манай бусад бөхчүүдийн хувьд Кёкүтэнхо 3:12, Тамаваши 8:7, Терюнофүжи 9:3, Токитенкү 7:8, Таканойва 3:12, Кёкүшүхо 9:6, Сококурай 8:7, Араваши 7:8 даваатайгаар нацу башёг дуусгалаа.

С.АЛТАН

Categories
мэдээ нийгэм

Хулгайлагдсан бурхдыг олжээ


Эрдэнэзуу хийдийн “Хархорум” музейд хулгай орж, 80 орчим сая төгрөгөөр үнэлэгдэх долоон бурхан алдагдаад байсан. Тус аймгийн цагдаагийн газрынхан хэргийг илрүүлж, алдагдсан бурхдыг олжээ.
Хэргийн талаар аймгийн Цагдаагийн газар, Мөрдөн байцаах албадаас тодруулахад “Алдагдсан бурхад олдсон. Хэрэг мөрдөн байцаах шатандаа явж байгаа тул мэдээлэл өгөх боломжгүй”  гэв.

Categories
мэдээ нийгэм

Ирэх долоо хоногт дулаахан байна

Маргааш баруун болон төвийн бүсийн зарим газраар хур бороо орно. Харин зүүн бүсийн аймгууд болон говийн нутгаар хур тунадас орохгүй. Улаанбаатарт 18-20 градус дулаантай.
Цаг агаарын урьдчилсан төлөвөөр ирэх  долоо хоногт ихэнх нутгаар цаг агаар дулаан байх аж.  27, 30-нд нутгийн хойд хэсгээр, 28, 29-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи ихэнх хугацаанд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэх янзтай. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 28-33 градус хүрч дулаарна. Харин бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. Долоо хоногийн сүүлээр нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Э.Эрдэнэ

Categories
гадаад мэдээ

Леонардо де Каприотой цуг сансарт нисэх эрхийг худалдав

Холливудын алдарт жүжигчин Леонардо де Каприотой цуг сансарт нисэх эрхийг дуудлагаар худалдсан байна. Канн хотын ойролцоо орших  “Hotel du Cap-Eden-Roc” зочид буудалд болсон дуудлага худалдаагаар энэ эрхийг 700 мянган евро бу­юу нэг сая ам.доллараар худалджээ. Холливудын нэрт жүжигчин уг арга хэмжээнд өөрийн биеэр оролцсон байна. “Hotel du Cap-Eden-Roc” зочид буудалд дуудлага худалдааг зохион байгуулагчид нийт 38 сая ам.долларын орлого олсон бөгөөд энэ мөнгийг ХДХВ-ийн вирусийг судлах үйлсэд хандивлах юм.  

Categories
гадаад мэдээ

Дэлхийн хамгийн үнэтэй салалт

Дэлхийд цуутай эрхмүүд эхнэрээсээ салахдаа дуулиан дэгдээж,  шүүхээр заргалддаг түүхийг Оросын тэрбумтан Д.Рыболовлевыг ч тойрсонгүй. Тансаг зэрэглэлийн орд харшуудаас гадна Грект хоёр ч арал эзэмшдэг түүний хувьд  хамгийн үнэтэй салалт боллоо. Учир нь Женев хотын шүүхээс гэргийд нь  хөрөнгийнх нь тал хувийг өгөх шийдвэр гаргажээ. Д.Рыболовлев “Уралкалия, “Сильвинит” компаниудын хувьцааг эзэмшдэг. “Форбес” сэтгүүлд бичсэнээр  8.8 тэрбум ам.доллартай тэнцэх хөрөнгөтэй. Тэрээр Елена хэмээх бүсгүйтэй 24 жил  хамтран амьдарсан боловч албан ёсоор  батлуулаагүй аж. Швейцарийн хуулиар  хамт амьдарч байх хугацаандаа олсон  хөрөнгийг тэнцүү хуваах ёстой юм. Ийнхүү зургаан жил заргалдсаны эцэст Елена тэрбумтан нөхрийнхөө  хөрөнгийн талыг, мөн  13 настай охиноо авахаар болжээ.
Харин Дмитрийн ууган охин дэлхийн хамгийн үнэтэй харшид амьдардаг гэдэг жагсаалтын хорьдугаарт бичигдсэн байдаг аж.
1995 онд Рыболовлёв нь эхнэр хүүхдийнхээ хамт Швейцарьт суурьшсан юм байна. Тэднийг салах болсонтой холбогдуулан Швейцарь, АНУ, Сингапур, Кипр, Виржиний арлууд дахь бүх үл хөдлөх хөрөнгийг нь битүүмжилжээ. Оросын тэрбумтан  Д.Трампаас худалдан авсан харштайгаас гадна “Му Аnna” нэртэй дарвуулт онгоц, “Airbus A319”, “Dassault Falcon” онгоц зэргийг эзэмшдэг. Мөн Пикассо, Ван Гог нарын  бүтээлүүд  байдгаас гадна  Киприйн банк, “Монако” хөлбөмбөгийн клубийн хувьцааг эзэмшигч юм. Д.Рыболовлев нь 2012 онд  эхнэртэйгээ найрсгаар салахаар тохиролцжээ. Гэвч Д.Рыболовлев  эцсийн мөчид гэрээнд гарын үсэг зурахаас татгалзсан байна.
Өнгөрсөн хоёрдугаар сард Елена Рыболовлеваг нөхрийнхөө сангаас 25 сая ам.долларын үнэтэй бөгж хулгайлсан гэх хэргээр саатуулсан байна. Гэвч Дмитрийн бөгжийг эзэмших эрхтэй гэх баримт нотолгоо гаргасны дагуу суллаж байжээ.  

Categories
гадаад мэдээ

Ромын пап Ойрхи Дорнодын орнуудаар айлчилж байна

Католик шашны тэргүүн, Ромын пап Францискийн Ойрхи Дорнодын орнуудаар хийх айчлал эхэллээ. Тэрээр өчигдөр Иорданид хүрэлцэн очсон бөгөөд тус улсын хаан Абдалла II түүнийг хүлээн авч уулзсан байна. Үүний дараа Иордани дахь Сирийн дүрвэгсэдтэй уулзасан байна. Ромын пап мөн Израиль, Палестинд айлчлах юм. Энэ айлчлалын хамгийн гол зорилго шашин хоорондын харилцаа холбоог сайжруулах явдал аж.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Сомалигийн парламентын байрны хажууханд дэлбэрэлт болжээ

Сомалигийн нийслэл Могадишо хот дахь парламентын байрны ойролцоо дэлбэрэлт болсоны улмаас ойролцоогоор 10 хүн амь үрэгдсэн байна. “Аш-Шабаб” хэмээн лалын бүлэгийнхэн уг алан хядах ажиллагааг зохион байгуулсан байна. Үд дунд парламентын байрны өмнө байсан машин дэлбэрч дараа нь буудалцаан болжээ. Хууль сахиулах байгууллагын ажилтнуудын ярьснаар машин дотор нь тэсрэх бөмбөг тавьсан гэнэ. Дэлбэрэлтийн улмаас парламентын хоёр гишүүн шархадсан байна. Харин байшин дотор байсан гишүүдийг яаралтай гаргаж аюулгүй газар аваачжээ.   

Ю.ДЭЛГЭР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Намын суртлыг бузарлагч”

“Сониноор сайдыг, ялааг ч алж болдог” гэдэг үг зууны тэртээ хэрэгжиж байсан түүх цөөнгүй. Ардын хувьсгалын анхны долоогийн нэг Бодоог Ардын засгийн анхны Ерөнхий сайдын албыг хашаад хагас жил болоогүй байхад коминтерний алуурчид тэдний сургагч нар янз бүрээр оролдож эхэлжээ. Сонинд шүүмжлэх, худал гүтгэлэг тараах, өөр ажил санал болгох, шалтгаангүй буруутгах, намаас дарамтлах, зохиомол хэрэг үүсгэх, айлгах, сүрдүүлэх, ажлаасаа халагдах өргөдлийг өөрөөр нь бичүүлэх, өөрийгөө илчлэх, найз нөхдөө илчлэх, тагнах, янз бүрийн хүнээр элдэв бичиг, цаас өгүүлэх гээд төрөл бүрээр дарамталж ерөнхий сайдын ажлыг нь хийлгэхээ больжээ. Эхлээд  “Уриа” сонин 1921 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар 10-наас эхлээд Ерөнхий сайд Бодоог шүүмжлэн элдэв өнгөөр гүтгэж гарав.  “Монгол Америк хоёр улсын тухай” гэсэн гарчигтай том өгүүлэл нийтлэгдэв. Уг өгүүлэлд Бодоо сайд болбоос “хөрш” улсаасаа урваж хөрөнгөтний Америкийг санаархаж байна гээд гадаад бодлогын ийм алдаатай Ерөнхий сайдтай байж болохгүй” гэж зарлав. Бодоо АНУ-ын тагнуултай хоёроос гурван удаа уулзсан.  Хөрөнгөтний улстай улс төрийн харилцаатай болж, худалдааны гэрээ хийж бүр Америк руу төлөөлөгч явуулах талаар ярилцсан байна. Хаалган Хүрээ хоёрын хооронд Америкийн  худалдааны компанийн машиныг явуулах зөвшөөрөл өгсөн, алт олборлох эрхийг Америкт өгч эх нутгаа зарсан, Ерөнхий сайд Бодоог хэвлэлээр “ялт” хэмээн буруутгасан өгүүлэл гарчээ. Бодоо сайд хаалганд суух АНУ-ын Элчин сайд Сокобинтай олон удаа уулзсан нь ч үнэн,  худалдааны гэрээ байгуулах санал тавьсан ч үнэн.  АНУ-ыг Орос, Хятад, Япон болон дэлхийн бусад улстай дипломат харилцаа тогтооход зуучилж өгөх зэрэг олон асуудлыг ярилцаж байжээ.
Тун удалгүй МАН-ын “Уриа” сонинд Ардын засгийн Ерөнхий сайд “Богд хааны хишиг горилж явна” гэсэн доромжилсон өгүүлэл ч гарчээ. Уг өгүүлэлд “Ерөнхий сайд Бодоод Богд хаанаас хүрэн жинстэй малгай, эх дагинаас гайхамшигт хутга нэгийг шагнаж, Богдын багш Ёнзон хамба Бодоод баярын хадаг барьсан” гэж их л доромжлон шоолжээ.
Бодоо Ерөнхий сайдын тушаалд очсоноос хойш зэрэг жинс горилж, хэргэм тушаал хөөцөлдөх нь битгий хэл Манжийн хааны шагнасан ноёдын хэргэм зэргийг хэрэглүүлэхгүй болгосон Засгийн газрын тогтоол гарсныг ч мэдэлгүй ийм гүтгэлэг бичиж байгааг үзвэл их л холын хүн аягүй бол хилийн цаадах буриад хүн бичсэн буюу бичүүлсэн гэдэг нь хэнд ч ойлгогдоно.
Ерөнхий сайд Бодоо бээр жинс үл хадвал элдэв хэргийг чинь орхин одно гэж гурван настай хүүхэд шиг аягласныг Хүрээнд олон хүн түрхрэн ярьж байна гэж уг сонинд шүүмжилжээ.
Тус сонин Монгол Улсын Ерөнхий сайдыг цааш нь бичихдээ “Бодоо сайд болчимгүй журамгүйн харгайгаар, хөнгөмсөг хөдөлж, зүй бус хэрэг өдүүлж, тангарагт нөхөр Данзанг гөрдөж гүтгэжээ. Бодоогийн өдүүлсэн энэ мэт хэрэг  явдал, аливаа дэлхий дахины тангарагт нөхдийн дунд гарах байтугай, хээрийн хулгай ийм хэргийг өдүүлэхгүй юм” гэх зэргээр зад шүүмжилжээ. Энэ өгүүллийг бичүүлсэн хүн нь намын дарга Данзан биш нь хэнд ч ойлгомжтой. Данзан бичүүлсэн бол Данзантайгаа тангараг тасарсан гэж бичихгүй. Гэхдээ энэ үед Ерөнхий сайд Бодоо, Ардын намын дарга Данзантайгаа муудчихаад байсан нь бас үнэн. Ер нь Бодоо, МАН-ын дарга гэгдээд байгаа Данзанд бүр эхнээсээ л  хувьсгалт нууц бүлгэмийг нийлүүлж коминтерний төлөөлөгчид анхны хурал хийлгэхэд л таагүй ханддаг байсан юм.  Харин одоогийн Бодоог оролдоод байгаа хэргийн эзэд бол Данзангаас арай дээгүүр байлаа. Хамгийн доод тал нь Буриадын Ринчино юм. Ринчино  Ерөнхий сайд Бодоогийн  зөвлөхөөр сар гаруй ажиллаад хөөгдсөн. Бодоо Ринчиног битгий эргэж ирээрэй гэж Орос руу нь явуулсан. Харин Ринчино Эрхүү орчихоод эргэж ирэхдээ коминтерний бүрэн эрхт төлөөлөгч болоод томорчихсон байв. Тэгээд Ардын намын дарга Данзангийн зөвлөх, цэргийн зөвлөлийн гишүүнээр  ажиллаж байсан байна.  Ерөнхий сайд Бодоо МАН-ын дарга Данзан, жанжин Сүхбаатар нарыг тоохгүй мөртлөө, Богд хаан, Богд хааны дотнын хүмүүс, ялангуяа шашны зүтгэлтнүүдтэй намынхнаасаа илүү ойр ажиллаж байлаа.  Тэгэхдээ “Уриа” сонин дээр бичээд байгаа шиг  Богд хаанаас, малгайн жинс залаа ч гуйгаагүй Дондогдулам хатнаас бэлэг болон хутга аваагүй байжээ.
“Уриа” сонин “Намын суртлыг бузарлагч” гэсэн гарчигтай өгүүллээрээ Ерөнхий сайд Бодоогийн ажил хэргийн болон хувь хүний нэр хүндийг нэгмөсөн унагаж чадсан юм. Ажилчин тариачны улаан намын суртал нь шашны олон мяндагтан нарын суртлыг халан ардын эрхийг дээдлэх ёстой байтал Ерөнхий сайд Бодоо нь Дамбийжаа тэргүүтэй шарын шашны том лам нарт мөргөн гуйж намын суртлыг бузарлаж байна. Бодоо нь ардын намын суртлыг огоорч Америк зэрэг улсын намын сурталд дагаар орон намын суртлыг бузарлаж явна. Бодоо сайд нь хурлын лам шиг Богд хаан, хатан Дондогдулам нарын хормойд явж улаан баадантай зүйл барин уулзаж учирсан нь тоогүй гэх зэргээр гүтгэлгийн нийтлэлдээ өгүүлжээ. Ерөнхий сайдын зөвлөхөөсөө халагдаж коминтерний онц бүрэн эрхт болсон Ринчино Ерөнхий сайдыг “Уриа” сониндоо  бичиж өс хонзонгоо авав. Тэр үед коминтерний алан хядагчдын гол арга нь л тухайн намын большевик сонин дээр төрийн томчуудын тухай шүүмжлэлт өгүүлэл гаргадаг. Дараа нь коминтерн тэр буруу сурталд идэгдсэн төрийн ажилтнаа шалгадаг хянадаг улмаар баривчилдаг байв. Баривчилсан төрийн өндөр албан тушаалтнаа  наад зах нь цөллөгт явуулж цаад тал нь цаазалдаг байсан аж. Оросын аюулаас хамгаалахын энэ бохир технологи Ардын намын анхны долоо, Ерөнхий сайд Бодоо дээр ийнхүү туршигдаж, “амжилттай” хэрэгжжээ.
“Уриа” сонин дээр гарсан Бодоогийн эсрэг нийтлэлүүд нь цаг хугацааны хувьд Бодоо Ерөнхий сайдын албан тушаалаасаа татгалзах анхны өргөдөлтэй бараг ойролцоо гарсан байж магадгүй. Учир нь сонины нийтлэлд “жинс өгөхгүй бол албан тушаалыг чинь элдэв хэргийг чинь орхин одно гэж  Бодоо сайд гурван настай хүүхэд шиг урваганаж байна” гэж шүүмжилсэн байдаг. Тэгэхээр сонины нийтлэлүүд Бодоог албан тушаалаасаа татгалзах өргөдлөө өгсөн үед юм уу, эсвэл тэр нийтлэлүүд хэвлэгдсэнээс хойш тун удалгүй Бодоо сайд төр намын албан тушаалаасаа халагдах өргөдлөө өгсөн байх магадлал байна. Тухайн үед сонин хэвлэлээр ганц сайдыг ч гэлтгүй олны танил болоод улс төр нийгмийн зүтгэлтнүүдийг дээрх байдлаар “алдаг” байдал  түүх өдгөө ч гэсэн   уламжлал ч гэмээр  хэрэгжиж байгаа нь харамсалтай.

Categories
мэдээ цаг-үе

Турууныхаа гол дээр өвөл зунгүй өнждөг хүүхдүүд байлаа

Увс аймгийн Баруун туруун сумын 10 жилийн дунд сургуулийн 1968 оны төгсөлт арвын А, Б гэсэн хоёр бүлэгтэй байж. 10-ын А-гийн багш нь Батмөнх. Таван охинтой, хорин бандитай, сурлагаараа тэргүүлдэг байсан тус ангийнхан сурагч ахуй үеэ дурсаж байна. “Охидынхоо салаа гэзэгнээс чангаагаад багшдаа мөн ч их загнуулдаг байж дээ” гэхүйд нөгөө нэг нь “Хагас сайнд болдог байсан бүжгийг ээ. Долоо хоног бүр бүжсээр байгаад бид сайн бүжиглэдэг болсон байна лээ шүү. Хожим амралтын газрын шилдэг бүжигчин болсон” гэсээр дурсамжаа хуучилсан юм.
Тус төгсөлтийнхөн хоёр бүлэгтэй байсан хэдий ч яг л нэг ангийнхан шиг ижилдэн дасчээ. Сурагч байхдаа, бас оюутан болоод авахуулсан зургийг нь харахад хоёр ангийнхан дандаа хамт. Манай, танай анги гэж хуваагдалгүй бид нэг төгсөлтийнхөн гэж л ярина. А бүлэг нь 26, Б нь 25-уулаа төгссөн мөртлөө бид 51-үүлээ төгссөн дөө гэх юм. Охид цөөн байхын учир нь долдугаар ангиа төгсөөд Техник мэргэжлийн сургуульд сурдаг байсантай холбоотой.
Баруун турууны дунд сургуульд Малчин, Тэс, Зүүнхангай, Өндөрхангай, Цагаанхайрхан, Баруун туруун, Хяргас, Зүүнговь гэсэн Увсын зүүн сумын хүүхдүүд ирж суралцдаг байж. Ихэнх хүүхдүүд сургуулийнхаа дотуур байранд амьдарна. Өвөлдөө Туруун голынхоо мөсөн дээр өнжинө. Цана, тэшүүрээр ёстой нэг гулгах шиг болдог байжээ. Бүр хоккей тоглодог байсан тухайгаа ч дурсаж байна. Өдөр шөнөгүй мөсөн дээр чөлөөт цагаа өнгөрөөдөг байсан болохоор сайн сайн тэшүүрчид, цаначид төрөн гардаг байжээ. Увс аймгийн аварга шалгаруулах тэшүүр, цанын тэмцээн болохоор дандаа л Баруун турууныхан түрүүлчихдэг нь Туруун голын мөстэй холбоотой гэж дурслаа. Харин зундаа Туруун голынхоо усанд умбаж шумбан өдрийг бардаг байсан гэнэ.
Баруун туруун сум сангийн аж ахуйтай. Тиймээс дунд сургуулийн хүүхдүүд ажилд дайчлагдана. Бүр дөрөвдүгээр ангид байхаасаа л төмс, лууван гээд хүнсний ногоо хураах ажилд явдаг байжээ. Харин дунд ангид орсон хойноо тариалалтын комбайны хичээлд суудаг байсан байна. Баруун турууны сангийн аж ахуй улсдаа томд тооцогддог. 40 мянган га талбайд тариа тарьж баруун аймгуудыг гурилаар хангадаг. Тийм нүсэр сангийн аж ахуйд хийх ажил мундахгүй. Гар хөлийн үзүүрт зарагдах ажилд сурагчид л гүйнэ. Тэндээс ажил хийхийн амт шимийг мэдэрч эхэлжээ. Хавар үр тариа тарих, намар хүнсний ногоо хураах, наранцэцэгийн үр хураах гээд сурагчдад хийх ажил мундахгүй их.


1965 онд Ардын хувьсгалын 45 жилийн ойд зориулсан улсын хэмжээний уралдаанд 10-ын Б-гийн С.Доржсүрэн оролцжээ. Тэрээр нэрийг нь үл таних хүний бичсэн шүлгэнд өөрөө ая оруулан зохиогоод уралдаанд орж. Тэгсэн өнөөх дуу нь гуравдугаар байранд шалгарч сургуулийнхныхаа магнайг тэнийлгэсэн байгаа юм. Арван жилийн сурагч С.Доржсүрэнгийн ая оруулан зохиосон дууг өдгөө хүн бүр мэднэ дээ. Яагаав өнөө хүүхэд байхдаа дуулдаг байсан “Бөмбөг бөмбөг хөөрхөн дөө Бөмбөгөөр тоглох дуртай даа” гэдэг дуу шүү дээ. Тэр дууны үгийг С.Доржсүрэн яаж олж байснаа ч мартчихаж. Харин уг уралдаанд түүний дуутай өрсөлдөж тэргүүн байр эзэлсэн нь төрийн шагналт яруу найрагч Ч.Чимидийн үг, Норсонжавын ая “Дайчин нөхрийн дуу”. Хоёрдугаарт ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн үг, Батсүхийн ая “Алтан шар зам” шалгарч байсан түүхтэй. Ер нь Баруун турууны дунд сургууль дуу, хөгжмийн боловсролд их анхаардаг байж. Долоо хоног бүрийн бямба гаригт нийтийн бүжиг болно. Сургуулийн сурагчид бүгд оролцоно. 

Гэхдээ голдуу ахлах ангийнхан бүжиглэнэ. Дөрөв, тавдугаар ангийн хүүхдүүд бүжиглэж байгаа хүмүүсийг тойрч суугаад хараад л байна. Ингээд найм, есдүгээр ангид орох үеэсээ бүжгийн талбайг доргитол эргэлдэж эхэлдэг ажээ. Тухайн үед сургууль маш гоё хөгжимтэй байсан болохоор бүжиг ч их гоё болно. Хавийн залуус сургуулийн бүжигт орно. Мал аж ахуйн машинт станцын харчуул ирээд бүжиглэнэ. Хөвгүүд ангийнхаа охидыг өнөө хэдээс харамлаад бөөн л юм болдог байж. Гаднаас ирсэн залуус жаахан охидыг бүжгэнд уриад, үг яриа өдөж хоргооход банди нар нь ангийнхаа охидыг өмөөрнө. Заримдаа бүр гар зөрүүлэх тохиолдол ч гардаг. Гэхдээ охидоо харамлалаа гээд өөрсдөө үерхье барья гэж гуйхгүй. Доод ангийнхаа охидыг л харна. Эсвэл нөгөө ангийнхаа охидод захиа бичнэ. Нэг удаа тус ангийн С.Цогсүрэн нөгөө ангийнхаа Оюунчимэг гэж охинд дурлаад захиа бичих болж. Тэр үед захиан дээр ямар л гоё үг байна, тэр бүгдийг бичдэг байжээ. Б.Явуухулан, Ц.Дамдинсүрэн нарын уран яруу үгтэй бүтээл туурвилыг уншиж байгаад л бичдэг байж. Эхлэлдээ заавал ч үгүй “Надаас чамд, навчнаас цэцгэнд” гэж ирээд л бичнэ. Түүнийгээ гурвалжин дугтуйнд эвхэж хийгээд өгдөг байжээ. Өгөхдөө ангийнхаа найзууддаа дайна. Өөрөө болохоор тээр хол очиж зогсчихоод захиаг минь өгч байна уу, үгүй юу гэж харуулдана. Хариуцлагатай даалгавар авсан найзууд нь ч гүйж очоод захиагаа өгч. Тэгээд хүлээгээд л байлаа. Байдаггүй шүү. Тэгсэн нэг өдөр гэрт ирээд мод хөрөөдөөд өгөөч гэж хэлж. Дотроо баахан горьдлого тээгээд яваад очтол нөгөө охины ээж нь сүүтэй цай чанаж өгөөд, хар шөл хийж өгсөн байна. Байр байдлыг нь ажаад байвал ер нь л их сайн хандаад байна гэнэ шүү. Харин захианы эзэн Оюунчимэг нь учиргүй инээд алдаад гүйгээд байж. Тэгэхээр нь дотроо баярлан нааштай байгаа юм байна гэж бодоод асуутал инээгээд л байж. Тэгсэн Оюунчимэг захиагаа орныхоо ширдэг доогуур хийгээд хадгалчихаж. Өнөөхийг ээж нь олж хараад уншчихгүй юу. С.Цогсүрэн, Оюунчимэг хоёрынх айл саахалт байсан болохоор захиаг нь уншчихаад учиргүй саймшраад байсан гэдэг. Харин хожим тэр тухай ярихаар Оюунчимэг нь “Би лав чамаас захиа аваагүй шүү” гэдэг юм билээ. Энэ мэтчилэн сурагч байх үеийн хөгтэй хөөртэй үйл явдал олон. Бас хүүхэд л болсон хойно багш нартаа загнуулах үе бишгүй тохиолдоно. Дотуур байрны охидоо эргүүлэх гэж яваад захирал болон ангийн багшдаа баригдах үе олон. Заримдаа ч аз таарч мултарч чадна. Ингэж сахилгагүйтэж байгаад баригдвал ангийн багш нь мод бариулаад хоёр гарыг нь дээш өргүүлэн зогсоодог байжээ. Ингэж шийтгүүлэхээр мод хөнгөн ч гар өвдөнө гэж жигтэйхэн. Тиймээс гараа чилээн самбарын өмнө зогсохгүйн тулд аль болох сахилга баттай, томоотой байхыг хичээж эхэлсэн байна.
Баруун турууны дунд сургуулийн багш нар дүндээ их хатуурхана. Барагтай бол онц тавихгүй. Хааяа нэг онц авбал ёстой нэг бөөн баяр болдог. Багш нар дүнгээ харамлахын хэрээр хүүхдүүд ч хичээлдээ шамдана. Эдний ангийн эвлэлийн үүрийн дарга Н.Тогтох 1968 оны 10 жилийн аймгийн математикийн олимпиадад хоёрдугаар байр эзлэхэд нь математикийн багш Буянхүү “Тогтох оо чамд ирээдүй байна. Чи өөрийнхөө зардлаар улсын олимпиадад оролцоход хол давхина шүү” гэж захисан гэнэ. Тэгэхээр нь багшийнхаа үгэнд омогшоод улсад очиж өрсөлджээ. Ингээд түүнтэй хамт явсан ангийн анд Батнасан улсад түрүүлж улсын олимпиадад түрүүлдэг нийслэлийн нэгдүгээр сургуулийн амжилтыг тасалж, улсын аварга болж байжээ. Ер нь жигдхэн сурлага сайтай хүүхдүүд байж. Арван жилээ дунд төгссөн хүүхдүүд хотод ирж элсэлтийн шалгалт өгөөд Монгол Улсын их сургуульд шууд тэнцэх жишээтэй. Арван жилийн сургуулиа төгсөхөд С.Цогсүрэн Эрхүүгийн улс ардын аж ахуйн дээд сургууль, Банчин Одиссейн Политехникийн дээд сургууль, Жавзал Кавказад эмийн сургууль, Лувсанцэрэн Украйнд, Баянжаргал Ленинградад сурахаар болж харийг зорьжээ. Харин бусад нь эх орондоо их, дээд сургуульд суралцсан байна. Сургуулиа төгсөөд ид хийж бүтээх насандаа салбар салбарт алдар нэрээ цуурайтуулсан сайчуул болж. Сурлагаараа ангийнхаа сор болж явсан М.Аюуш ШУА-ийн Физик, техникийн хүрээлэнд ажиллаж байлаа. Дэд эрдэмтний диссертаци бүтээл нь шууд шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалах хэмжээнд хүрэн хөөрч байтал гэнэтийн автын осолд орсон харамсалтай явдлыг ангийнхан нь голоо харлуулан дурсаж байв. М.Аюушийн дааж авч төгсгөсөн ангид нь УИХ-ын гишүүн Ц.Нямдорж сурч байж. Тэрээр үе үе багшийгаа дурсан ярихыг ангийнхан нь сонсож тохой залган суралцаж байсан ангийнхаа хүүхдээр бахархдаг гэнэ. Мөн Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнгийн захирлаар арав гаруй жил ажилласан А.Очир, “Новости Монголии” сонины эрхлэгч, доктор, профессор М.Баяртогтох, МУИС-д дөч гаруй жил багшилж буй доктор, профессор Б.Сайнжаргал, сумынхаа Засаг даргаар ажиллаж байсан Т.Даваасамбуу, Багануурын дунд сургуулийн захирлаар ажиллаж байсан С.Мягмар, Төрийн өмчийн хорооны даргын орон тооны бус зөвлөх, Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, яруу найрагч С.Цогсүрэн гээд сайчуул олон. С.Цогсүрэн 10 гаруй кино хийсэн бөгөөд 2004 онд “Маршал Юмжаагийн Цэдэнбал” нэртэй таван ангит баримтат уран сайхны кино бүтээж 2008 онд төрийн шагналд нэр дэвшиж байжээ. Мөн 2012 онд “Жамбын Батмөнх” баримтат уран сайхны гурван ангит кино хийжээ. 


1968 оны төгсөлтөөс нэгэн хос гэр бүл болж өрх гэрээ цогцлоосон нь 10-ын А-гийн Батжаргал, 10-ын Б-гийн Цэвэлмаа нар. Батжаргал аймгийнхаа нэгдсэн эмнэлгийн ерөнхий их эмч бол Цэвэлмаа мөн л аймгийнхаа Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байжээ.
Эдний төгсөлтийнхөн арван жилээ төгссөнөөс хойш ер нь л байнгын холбоотой. 1998 онд сургуулиа төгссөний 30 жилийн ой гэж уулзжээ. Тэрнээс хойш зав гарах бүрт яаж ийж байгаад л уулзах гэж мэрийдэг болж. Ихэнх нь хотод байдаг учраас хааяа нэг цаг болзон ресторанд, заримдаа нэгнийхээ гэрт цугладаг юм байна. Харин ингэж уулзахдаа 51 охид, хөвгүүдийг сурган хүмүүжүүлж, эрдэм боловсрол олгосон ангийн багш Батмөнх, түүхийн Цээсүрэн, захирал Цэвгээ, хичээлийн эрхлэгч Даваа, уран зохиолын Гомбожав, физикийн Жамбалсүрэн, химийн Чулуун, математикийн Дорлиг, шугам зургийн Маамуу, биологийн Сэрчмаа, анатомын Цэвэгдорж, биеийн тамирын Дашцэрэн, газарзүйн Бадамгарав, трактор комбайны хичээл заадаг инженер Цэрэннадмид багш нарынхаа ач тусыг байнга бодож дурсан санаж явдаг гэсэн шүү.

С.АЛТАН

Categories
мэдээ цаг-үе

“Би маш их дотоод зөрчилтэй хүн”

“Кихот ноён” жүжгээрээ энэ жилийн “Гэгээн Муза” наадмын Гран при шагналыг хүртсэн Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатарыг энэ өдрийн зочноор онцолж байна. Хүн бүхэн түүнийг Монголын “урдаа барьдаг” найруулагч гэдэг. Урдаа барьдаг найруулагч маань одоогоос гучин жилийн өмнө Украины Киев хотын Театр урлагийн дээд сургуулийг кино, драмын найруулагч мэргэжлээр төгсчээ. Теле кино үйлдвэрт(‘хуучин нэрээр) туслах найруулагчаар хоёр жил ажиллаад дээрх сургуульд явсан байна. Киевийн сургуулиа төгсөөд Монголын радиод найруулагч, уран сайхны удирдагч, программын зөвлөлийн даргаар 1996 он хүртэл, 1999 оноос өнөөг хүртэл УДЭТ-т ажиллаж байгаа. Баатар найруулагчийн урын сангийн жүжгүүд дотор 1985 онд Б.Мөнхдорж гуайтай хамтран найруулсан “Гургалдайн дуут шөнө”, Г.Доржсамбуу гуайтай хамтран найруулсан “Гарваа” гэсэн хоёр жүжиг түүний тайзны анхны бүтээлүүд ажээ. Түүний найруулсан тавьсан үндэсний жүжгүүд дотор ерэн хэдэн онд хүмүүсийн сонирхлыг ихэд татаж байсан Д.Урианхай гуайн зохиол “Хүн бүгд би”, “Харанхуйд харагдахгүй” жүжгүүд, мөн “Далан худалч”, “Атга нөж”, “Ээж ээ”, “Ану хатан”, “Эхнэрээ зээлээч” зэрэг хорь гаруй жүжиг байна. “Кармен хүүхэн”, “Ганцхан алхахад уулзана”, “Садар эрийг номхотгосон нь”, “Цахлай”, “Хүйтэн сэнтий”, “Гавал сар”, “Амьгүй албат”, “Кихот ноён” зэрэг дэлхийн сонгодог болон гадаадын жүжгүүд байна. Б.Баатар найруулагч өнгөрсөн 2009 оны зургадугаар сарын 16-нд хэвлэлийн бага хурал хийлгэж, “Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн” цолоосоо татгалзаж байгаагаа мэдэгдэж дуулиан дэгдээж байв. Уг мэдэгдэл нь урлагийн салбарт ажиллагсдад төрийн одон, медалийг эмх замбараагүй хүртээж, “гавьяат” цолны үнэлэмж үгүй болсныг буруутгаж  уран бүтээлчийнхээ байр суурийг илэрхийлсэн нэг содон хэлбэр байв. Тэрбээр Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртсэнээсээ хоёр жилийн дараа уг цолноос татгалзсан. Эл цол, тэмдгийг хүртэхдээ чин сэтгэлээсээ баярлаж байснаа хэвлэлийн хурал дээр хэлж байв. Харин сүүлдээ дуртай бүхэн “гавьяат” авдаг болчихсонд урлагийн үнэлэмж, уран бүтээлчдийн нэр төрийн өмнөөс эмзэглэж эсэргүүцэл илэрхийлсэн нь тэр байлаа. Мөн онд “Гэгээн Муза”-гаас Гран при авч, шагнал гардуулах ёслолын ажиллагаа өндөрлөхөд “Муза”-гийнхаа цомыг мартаад явчихсан. Музагаа мартсан хөгжилтэй явдал нь хэл аманд дуртай улсыг нэг хэсэгтээ л ярих юмтай болгож байв. Түүний урын санд “Радио жүжиг”  гэх сонин төрөл радиод ажиллаж байх үеэс нь оржээ. Тэрбээр “Дэлгэцийн жүжиг хэлж байгаа санаагаа хүнд шууд тулгах маягтай нөлөөлж, үзэгчийн төсөөллийг дэлгэцээр хязгаарлачихдаг. Харин радио жүжиг хүнийг төсөөллийн хязгааргүй орон зайд хөтлөөд оруулчихдаг. Үүгээрээ радио жүжиг сайхан” гэж үздэг байна. Жүжгийн зохиол ховордов, жүжиг бичдэг хүн ховордлоо гэж найруулагчаар ажиллаж байгаа хүмүүс бүгд хэлдэг. Б.Баатар гуай нөхцөл байдлыг ингэж хардаг аж. Манайд жүжгээр мэргэшсэн зохиолч байхгүйн дээр байгаа зохиолчид нь мэргэшихийг ч хүсэхгүй байна гэж. Жүжгээр “өвчлөөд”, жинхэнэ бүтээл хийх хүн өнөөдөр алга гэж тэр үздэг аж. Бичиж байгаа хүмүүс нь тайз, дэлгэц хоёрын ялгааг олж харахгүй байгаа учраас олигтой кино, жүжиг гарахгүй байна гэж учир шалтгааныг тайлбарлажээ. Зохиол, театр, кино бүгд мэргэших ёстой гэсэн  байр сууриа хааяа илэрхийлдэг Испанийн зохиолч Мигель де Сервантесийн зохиолоор бүтээсэн “Дон Кихот” жүжгээрээ хүртсэн “Гэгээн Муза”-гийн цомыг нь энэ жил хүү нь гардаж авсан. Тэр марталгүй авч харьсан байж таараа. Тэрбээр заримдаа өөртөө дургүй хүрдэг, дургүй хүрэх хүрэхдээ аймаар дургүй хүрдэг, маш их дотоод зөрчилтэй хүн гэж өөрийгөө нэгэнтээ тодорхойлсон байна лээ. Харин хүндэтгэлтэйгээр жүжгийг нь очиж үзэхдээ Баатар найруулагчид заримдаа аймаар дургүй хүрч, найруулагчтай маш ихээр зөрчилдөх үзэгчид бас цөөнгүй билээ.  

Н.ПАГМА