Categories
гадаад мэдээ

Сальвадор Далийн зураг гэдгийг рентген туяагаар баталжээ

26 жилийн өмнө Испанийн эртний эдлэлийн дэлгүүрээс олсон 200 ам.доллараар худалдаж авсан уран зураг Сальвадор Далийн бүтээл болохыг шинжээчид тогтоожээ. Энэ зураг алдарт зураачийн анхны сюрреалист бүтээл гэнэ. Уран зураг шинжээчид энэ зургийг анхнаас нь ингэж таамаглаж байсан ч батлах баримт олохгүй байж. Рентген туяагаар шинжилсэний үр дүнд алдарт зураачийнх гэдгийг эргэлзээгүй баталжээ. Зурган дээрх гарын үсэг нь зураачийн хориод онд ашиглаж байсан гарын үсэгтэй нь таарсан байна. 

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр бялууны баяр болно

“Тэнгэрийн хишиг” компанийнхан өнөөдөр бялууны баяр зохион байгуулах гэж байна. Бялууны баяр өнөөдөр 13.00 цагт тус компанийн төв байрны гадаа болно. Бялууны баярт “Нюанс” хамтлаг,  дуучин Г.Ариунбаатар, Б.Хонгор нар  оролцож ая дуугаа өргөх юм байна. Мөн Хүүхдийн ордны хүүхдүүд  авъяасаа сонирхуулах нь. Баярын үеэр “Бялуу чимэглэх ур чадвар” анхдугаар уралдааны шагналт тогооч нар чадвараа харуулах аж. Энэ үеэр амталгаат худалдаа зохион байгуулж, бялуу худалдан авсан хүмүүст урамшууллын карт өгөхөөр болжээ. 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Зун ажиллах оюутнууд сая хүртэл төгрөгийн цалинтай

Хөдөлмөрийн яам,Монголын залуучуудын холбоо хамтран долоо хоног бүр оюутны хөдөлмөрийн яармагийг зохион байгуулж байна. Оюутнууд авто зам, нөхөн сэргээлт, барилга байгууламж, уул уурхай, ой цэвэрлэгч, цэцэрлэгжүүлэх ажил хийх боломжтой аж. Эдгээр ажлууд Налайх, Төв, Дорнод, Булган зэрэг аймгуудад өрнөх нь. Зун ажиллах оюутнууд сард  500 мянгаас сая хүртэл төгрөгийн цалин авах юм байна.   

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гадаад өр ихтэй гэсэн шалтгаанаар Монголын зээлжих зэрэглэл буурлаа

“Мүүдис” агентлаг Монголын Засгийн газрын бондын зэрэглэлийн хэтийн төлвийг тогтвортой түвшнээс бууруулж сөрөг хэмээн тодорхойлжээ. Мөн Засгийн газрын үнэт цаасны B1 үнэлгээг баталгаажуулсан байна. Харин Хөгжлийн банкны зэрэглэлийн хэтийн төлвийг нэг шатлалаар бууруулан “сөрөг” хэмээн дүгнэжээ. “Мүүдис” зэрэглэл бууруулсан шалтгаанаа Монголын  гадаад валютын нөөц огцом буурч, зээлийн хэмжээ өнгөрсөн оноос хурдтай өссөнтэй холбон тайлбарлаж байна. Гадаад өрийн хэмжээ сүүлийн хоёр жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдсэн аж. Тодруулж хэлбэл 18.9 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ нь ДНБ-ий 156.8 хувьтай тэнцэж байгаа гэнэ. Үүнийг B1-B3 зэрэглэлтэй бусад оронтой харьцуулахад хэтэрхий өндөр байгаа аж. Төв банк өнгөрсөн оноос мөнгөний бодлогоо зөөллөсөн нь зээл огцом өсөхөд нөлөөлжээ. ”Мүүдис”-ийн хувьд эдгээр шалтгаанууд Монголд ойрын хэдэн жил валютын хямрал үүсгэх нөхцөлийг лавшруулж байна гэж үзжээ. 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цементийн үйлдвэрүүдийг бондын хөрөнгөөр дэмжинэ

Засгийн газар бондын мөнгөөр цементийн гурван төслийг санхүүжүүлэхээр болжээ. МАК-ийн Хөх цавын цементийн үйлдвэр бондоос хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авахаар болж. Энэ үйлдвэр жилд сая тонн цемент үйлдвэрлэх юм. Европ чанарыг мэдрүүлнэ хэмээн төсөл хэрэгжүүлэгчид нь онцолж байгаа. Мон полимент ХХК-ийн “Монцемент” төсөл мөн бондын дэмжлэгт багтаж байна. Энэ үйлдвэр мөн л жилд сая тонн цемент үйлдвэрлэнэ. Түүнчлэн Эрчим ХК-ийн жилийн 300 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн төсөл бондын дэмжлэгийг авахаар болжээ. Хөтөлийн цементийн үйлдвэр жилд сая тонн цемент үйлдвэрлэхээр хүчин чадлаа өргөтгөсөн. Ингэхээр монголчууд ирэх жилүүдэд огцом өсөх цементийн хэрэглээгээ 100 хувь дотооддоо үйлдвэрлэх хүчин чадалтай болох нь. Хөгжлийн банк цементийн үйлдвэрийн төслүүдийг санхүүжүүлэх юм. 

Categories
мэдээ нийгэм

Таван шар мэнгэтэй шарагчин гахай өдөр

Аргын тооллын тавдугаар сарын 28. Буд гариг. Билгийн тооллын 30. Таван шар мэнгэтэй шарагчин гахай өдөр. Өдрийн наран 05.17 цагт мандаж 20.43 цагт жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай ханд. Эл өдөр ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуган сэргээхэд сайн. Газар малтах, худаг гаргахад муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм

Хурдны морийг жин багатай залуусаар унуулахыг шаардав

“Энэрэл хайр хүүхдийн төлөө” төрийн бус байгууллагаас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нарт болон Монголын морин спорт уяачдын холбоонд шаардлага хүргүүлжээ. Шаардлагад “Хүүхдээр хурдны морь унуулах нь, Монгол Улсын үндсэн хуулийн 2-ын 16-1-д заасан амьд явах эрх, 4 дэх хэсгийн хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөр эрхлүүлж болохгүй, 11 дэх хэсэгт заасан гэр бүл, эх нялхас хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална гэсэн заалтуудыг тус тус зөрчиж байгаа мөн Хүүхдийн эрхийг хамгаалах Монгол Улсын хуулийн 12-т заасан Хүүхдийн эрүүл мэнд, ёс суртахуун, амь насанд нь аюул учруулах хөдөлмөр эрхлүүлэхгүй байх, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 182-р конвенцийн 3-д заасан заалтууд, Хүүхдийн эрхийн конвенцийн 32-д заасан хүүхдийн эрүүл мэнд, бие бялдарт аюул учруулж болох ажил эрхлэхээс хамгаалах, 39-д заасан хүүхдийг үл хайхрах, мөлжих, зүй бусаар ашиглахыг хориглох гэсэн заалтуудыг Монгол Улсын төр засаг бүхэлдээ, уяачдын холбоо тэр чигээрээ зөрчиж байна.
Хурдан морины уралдаанаар ашиг хонжоо ологсод, алдар гавьяа хүртэгчид уламжлал нэрийн дор хүүхдийг хайрлахгүй гарсан хууль тогтоомжийг биелүүлэхгүй байгааг олон нийт, хүүхдийн эрхийг хамгаалдаг байгууллагууд, хүүхэд нь амь насаа алдсан эрүүл мэндээрээ хохирсон гэр бүлүүд хүчтэй шүүмжилж, хуулиа биелүүлэхийг шаардаж байна. Энэ зун болох олон уралдаанд маш олон энхрий бяцхан үрс маань амь насаараа хохирох, бэртэж гэмтэх учиргүй гэж үзэж байна” гэжээ.
“Энэрэл хайр хүүхдийн төлөө” төрийн бус байгууллагыг УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай тэргүүлдэг бөгөөд тэдний зүгээс өндөр хөгжилтэй орнуудын жишгээр хурдан морийг жин багатай залуучуудаар унуулдаг болохыг шаарджээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ дахь МАН-ын бүлэг хоёр өдрийн завсарлага авлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2014.05.27/ үдээс хойшхи хуралдаан Засгийн газраас 2014.5.19-ний өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдсэнээр эхэллээ. Үдээс өмнөх хуралдаанаар гишүүд дээрх хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуун, саналаа хэлсэн юм.
Санал хураалтаар хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал олонхын дэмжлэг авснаар төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.


Үүний дараа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон “Чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ.
Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ч.Улаан, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа гишүүн танилцуулсан.
2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн танилцуулгад эдийн засгийн өсөлтийг хоёр оронтой тоонд хадгалах зорилтыг 2014 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ хэмээн тусгасан байлаа. Энэ хүрээнд Чингис бонд, Хөгжлийн банкнаас оруулах хөрөнгө оруулалтаас гадна экспортын орлогыг нэмэгдүүлэх талаар тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа бөгөөд тухайлбал, Тавантолгойн нүүрсний бүлэг орд дээр олборлолт явуулж байгаа компаниудын үйл ажиллагааг уялдуулах, экспортыг нэгдсэн байдлаар зохион байгуулах, нүүрс угаах үйлдвэрт бусад компаниудын нүүрсийг боловсруулж, тээврийн зардлыг бууруулах, үнэ өртгийг нэмэгдүүлэх ажлыг эхлүүлжээ. Боомтын төмөр замыг 2014 онд барьж дуусгах, зарим боомтыг байнгын ажиллагаатай болгож, ажиллах цагийг уртасгах, төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулах үйлдвэр болон барилгын арматурын үйлдвэрийг санхүүжилтээр дэмжих, Тавантолгой-Гашуун сухайтын хатуу хучилттай авто замын тарифыг бууруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Алтны олборлолтыг дэмжих, хууль бус алтны олборлолт, худалдааг багасгаж, Монголбанкны валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор 2019 он хүртэлхи хугацаанд алтны олборлолтод ногдох нөөц ашигласны төлбөрийг 2.5 хувь болгож, өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийг хүчингүй болгосон УИХ-ын шийдвэр, Монголбанкнаас хөнгөлөлттэй зээлийг алт олборлогчдод олгох төлөвлөгөөг хэрэгжүүлснээр алт олборлолтын хэмжээ 2014-2019 онд эрчимтэй өсч, Монгол Улсын гадаад валютын нөөц нэмэгдэнэ гэж тооцоолжээ.
Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын нэг гол төрөл болох Концессийн зүйлийн жагсаалтыг 2013 онд шинэчлэн баталсан бөгөөд эдгээрийг хэрэгжүүлэх хүрээнд 2014 онд авто зам, цахилгаан станц, боловсролын салбарт нилээд олон төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын барилгын ажлын үргэлжлүүлэн хийж гүйцэтгэх юм байна.


Гадаад орчны эрсдлүүд байгаа хэдий ч дээр дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлснээр 2014 онд аж үйлдвэрийн салбар 18 хувиар, үүнээс уул уурхайн салбар 25 хувиар, барилгын салбар 15 хувиар, боловсруулах аж үйлдвэрийн салбар 10 хувиар тус тус өсөхөөр хүлээгдэж байна хэмээн танилцуулгад дурджээ. Аж үйлдвэрийн салбар, барилга угсралт бүтээн байгуулалтын ажлын үр дүнд үйлчилгээний салбар 10 орчим хувиар өсөх төлөвтэй байгаа бөгөөд ингэснээр Монгол Улсын ДНБ 2014 онд 11.2 хувиар өсөхөөр байна хэмээн үзсэн байна.
Төсвийн байнгын хороо дээрх асуудлыг хэлэлцээд чуулганы нэгдсэн хуралдаанд оруулан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Хууль санаачлагчийн болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Монгол Улсын ирэх оны төсвийн хүрээний мэдэгдлийг УИХ дахь МАН-ын бүлэг дахин хэлэлцэх шаардлагатай байгаа учир хоёр хоногийн завсарлага авч байгааг мэдэгдсэнээр уг асуудлыг хэлэлцэхийг хойшлууллаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Буянт-Ухаа 1”-ийн үлдсэн байрыг дахин хуваарилна


“Буянт-Ухаа 1” хорооллын нэг өрөө байрны захиалга ирээгүйгээс болж 224 орон сууц эзэнгүй байгаа билээ. Үүнээс шалтгаалан ТОСК Засгийн газрын үүргийн дагуу дахин олголт хийж эхлэх аж. Гэхдээ хэзээ, ямар шалгуураар гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. “Буянт-Ухаа 1” хорооллын захиалагчдыг сугалаа хэлбэрээр сонгоход 1545 иргэн азтан болсон бөгөөд одоогийнб айдлаар 1300 гаруй иргэн орон сууцаа сонгож, 300 гаруй нь урьдчилгаа төлбөр болох 30 хувиа төлж эрхээ баталгаажуулаад байгаа юм

Categories
мэдээ нийгэм

Сөүлд Олон улсын монгол сургууль нээгджээ

Боломжийн цалинтай ажил хийхээр Өмнөд Солонгос улсыг зорьж буй монголчуудын тоо нэмэгдсээр байгаа аж. Өнгөрсөн онд Монгол Улсын 24175 иргэн амьдардаг гэж БНСУ-ын Статистикийн газраас мэдэгджээ. Монголчуудын хүүхдүүдэд зориулсан “Олон улсын монгол сургууль” нь Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын Кванжин дүүрэгт үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.
Энэхүү сургууль нь Солонгос болон Монголын Засгийн газруудын магадлан итгэмжилсэн анхны, ганц монгол сургууль ажээ. Сургалтын хөтөлбөр нь Монголын сургуулийнхтай адил бөгөөд хичээлүүдийг нь монгол хэлээр заадаг. Мөн сурагчдад долоо хоногт долоон удаа солонгос хэлний хичээл ордог байна. Тус сургуулийг орон орны цагаач ажилчдыг урт хугацааны турш дэмжсээр ирсэн И болон пастор Ёо Хэ Гын нар байгуулжээ.