Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн баяраар цаг агаар ийм байна

Тавдугаар сарын 30-нд баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн хойд хэсгээр, 31-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 1-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Салхи 29-нд нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр, 30-нд нутгийн баруун хагаст, 31-нээс 6 дугаар сарын 1-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Идэр, Тэс голын сав, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна. Зургаадугаар сарын 1-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Categories
гадаад мэдээ

Украин хийн өрөө зургадугаар сар гэхэд төлж эхлэх нь бололтой

 Орос Украин хоёр хийн өрийн хэсгийг  барагдуулах талаар тохиролцсон гэнэ. Энэ талаар  ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак  Берлинд хийгдсэн Орос, Украин Европын холбооны хэлэлцээрийн дүнгээр хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. 2.5 тэрбум долларын өр төлөгдөж магадгүй гэнэ. Оросын тал хийн өр төлөгдөж,  үнийн талаар тохиролцож чадвал урьдчилсан төлбөрийн системийг Украинд хэрэглэхгүй байх боломжтой гэж салбарын сайд нь онцолжээ. Украины Эрчим хүчний сайд Юрий Проданын мэдэгдэж байгаагаар бол хэлэлцээр дээр тодорхой тохиролцоо хийгдээгүй аж. Украин мянган шоо метр хийг 268 доллараар авах хүсэлтэй байгаа гэнэ. Оросыг Стокгольмын даван заалдах шүүхэд өгнө гэсэн Украйны байр суурь хэвээрээ байгаа бололтой. Европын Эрчим хүчний комиссар Гюнтер Эттингерийн хувьд Украин тавдугаар сарын 29 ба зургадугаар сарын 7-нд хоёр шилжүүлэгээр  хийн өрийн хэсгийг төлнө гэж үзэж байна.  

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн баярт зориулсан арга хэмжээ дүүрэг бүрт болно

Жил бүрийн 6 дугаар сарын 1-нд тохиодог Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг НЗДТГ-аас Чингисийн талбайд нэгдсэн байдлаар зохион байгуулах бол дүүрэг бүр өөр өөрсдийн сонгосон талбайд Хүүхдийн баярыг тэмдэглэнэ.

Тодруулбал Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас 05 дугаар сарын 31-нд 10:00 цагаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулах бол Баянгол дүүргээс 6 сарын 01-нд 10:00 цагаас 580 хүний бүрэлдэхүүнтэй баярын парад Төмөр замчдын дуу бүжгийн чуулгаас Улаанбаатар палас хүртэл жагсах юм байна. Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар 06 дугаар сарын 01-нд 11:00-17:00 цагийн хооронд Зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулсан нэгдсэн арга хэмжээг Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулна. Сонгинохайрхан дүүрэг 6 дугаар сарын 01-нд 11:00-15:00 цагийн хооронд Хүүхдийн баярын арга хэмжээг хороо тус бүрт нэгэн зэрэг зохион байгуулахаар болжээ.

Чингисийн талбайд болох ”Хүүхдийн баяр” албан ёсны арга хэмжээ 11:00 цагаас эхлэх бөгөөд тайзыг өвөрмөц, сонин байдлаар засахаар төлөвлөж байна. Тухайлбал талбайн баруун талд буюу Нийслэлийн Засаг даргын тамгын газрын урд хэсэгт тайзыг байрлахаар зураг гарсан бөгөөд тайз  нь хүүхдийн баярыг илтгэхүйц онцлогтой, талбайг тойруулан 12 жилийн амьтдыг байрлуулна. 12 жилийн амьтад бүр дээр өртөө удирдагч багш болон чиглүүлэгчид ажиллаж, уралдаан тэмцээн зохион байгуулах юм байна. Мөн Жангарын баатруудыг талбайн төв хэсэгт Сүхбаатарын хөшөөний баруун, хойд, өмнөд талд байрлуулна. Чингисийн талбайд зохион байгуулах хүүхдийн баярт Монголын Хүүхэлдэйн театр, Үндэсний Дуу бүжгийн Эрдмийн чуулгын уран бүтээлчид, Монголын Хүүхдийн ордон, Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлагууд, Хөгжим бүжгийн коллеж, “Гэгээн алсын одод” уралдаанд амжилттай оролцсон сурагчид, МУГЖ В.Долгор, МУГЖ Т.Ариунаа нар оролцон ая дуугаа өргөх юм. Баяртаа хүрэлцэн ирсэн хүүхэд багачууд Бонгын найзууд, Диснейн найзуудтай хамт зургаа авхуулах боломжтой. Хүүхдийн баярын албан ёсны арга хэмжээ 6 дугаар сарын 1-нд 11:00 цагаас эхэлнэ. Энэ үеэр хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Чингисийн талбайн 2  талын замын хөдөлгөөнийг 11:00-16:00 цагийн хооронд түр хугацаанд хаана гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хангай нуруунаас усжих Идэр голын эх, Чулуут, Богд, Хожуул, Завхан, Хэнтий нурууны баруун хажуугийн Ерөө, Сэлэнгэ мөрөн Орхон голын адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгдсэн байна. Ус судлалын харуул Тээл-Дөрвөлжин, Хомын хоолой-Дөрвөлжин, Хэрлэн-Мөнгөнморьт, Халх-Баянхошуу орчимд үерийн түвшинг 5-25 см давсан байдалтай байна. Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хангай нурууны арын Идэр, Чулуут, Хойттамир, Урдтамир, өврийн Буянт, Хожуул, Завхан, Зүйл, Байдраг, Онги, Хэнтий нурууны баруун хажуугийн Хүдэр, Шарын гол, Ерөө, Тэрэлж, Улиастай, Туул, Сөгнөгөр, зүүн хажуугийн Хурх, Барх, Эг, Хэрлэн, Халх гол болон Алтай нурууны Сагсай, Долооннуур, Хархираа Түргэний уулсаас эхтэй Хархираа, Түргэн, Сэлэнгэ мөрөн Орхон голын дунд болон адаг хэсгээр олон жилийн дундаж түвшинг 20-60 см давсан байна. Иймд дээрх гол мөрний сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг хаврын шар усны үерээс болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна. 

Categories
гадаад мэдээ

Тайландын хямралаас болж 400 гаруй жуулчин дайжжээ

Тайландад  цэргийнхэн улсын эрх мэдлийг гартаа аваад байгаа.  Энэ хямралаас болж Тайландын эдийн засаг энэ оны эхний хагаст 2.1 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Мөн энэ оны эхний дөрвөн сарын байдлаар Тайландаас 400 мянга орчим жуулчин дайжиж, цэргийн дэглэм тогтоосноос хойш визээ цуцлах үзэгдэл огцом нэмэгдсэн байна. Тайландын Аялал жуулчлалын яамнаас мэдээлснээр өнгөрсөн нэгээс дөрөвдүгээр сарын хооронд жуулчдын тоо таван хувиар буурсан аж.  Цэргийн эргэлт гарснаар энэ тавдугаар сард жуулчдын тоо 10-12 хувиар буурах төлөвтэй байна. Аялал жуулчлалын салбар Тайландын дотоодын нийт бүтээгдэхүүний есөн хувийг бүрдүүлдэг  юм. Өнгөрсөн онд гэхэл энэ салбараасаа 35 тэрбум орчим ам.долларын ашиг олсон гэнэ. Тайландад ирдэг жуулчдын дөрөвний нэгийг Хятад улсын иргэд эзэлдэг байна. Гэвч  улс төрийн хямралаас  нь болж хятадууд бусад орны жуулчдаас илүүтэй визээ цуцлах болж жуулчдын  тоо  19 орчим хувиар буурчээ. 

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл хүүхдийн утасны талаар ярилцана

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл өнөөдөр хуралдана. Уг зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүлдэг бөгөөд хурлаар хүүхдийн тусламжийн утасны үйл ажиллагааг өргөжүүлэхтэй холбогдох асуудлуудыг хэлэлцэж, шийдэл гаргах аж.   Мөн  үүрэн телефоны оператор компаниудаас санал болгож буй техникийн шийдэл, мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас өгөх дэмжлэг болон Харилцаа, холбооны зохицуулах газраас хийж болох зохицуулалт зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна. Тодруулбал, Харилцаа холбооны зохицуулах газраас хүүхдийн яаралтай тусламжийн үйлчилгээний 108 дугаарыг төлбөргүй байлгах зохицуулалтын асуудлыг хэлэлцүүлэх юм. 

Categories
гадаад мэдээ

АНУ “Сониуч” роботоо цөмийн хөдөлгүүрээр тоногложээ

Цөмийн технологийг ашигласан жишээнүүд өчнөөнөөрөө бий.  АНУ  гэхэд л  “Сониуч” нэртэй роботоо цөмийн хөдөлгүүрээр тоногложээ. Мөн Марс гаригийн уулын чулуулгын химийн элементийг тогтооход альфа цацрагийг ашигласан байдаг аж. Утаа мэдрэгчид өргөн ашигладаг америци-241 үүсгүүр гэхэд л бага хэмжээний альфа цацраг ялгаруулдаг байна. Ингэснээр утаа мэдрэх чадвар нь өндөр байдаг байна. Мөн дэлхийн нийт эрчим хүчний 15 хувийн цөмийн цахилгаан станц үйлдвэрлэдэг гэсэн статистик бий. Дэлхий болон нарны аймгийн судалгаа болон үлэг гүрвэлийн ясыг судалж насыг нь тодорхойлоход ч цөмийн технологийг ашиглаж байна. Тэрчлэн цөмийн технологид суурилсан багажаар модны насжилт, өвчлөлт, эртний чулуун дурсгалт зүйлийн насыг тогтоох боломжтой аж. 

Categories
мэдээ нийгэм

Монголчуудын бүтээсэн гар утсыг 149 мянган төгрөгөөр үнэлжээ

“ITZone”  компани андройд 4.1 үйлдлийн системтэй дөрвөн инчийн дэлгэцтэй ухаалаг гар утас бүтээжээ. Энэ гар утасны нэр нь “Могул сонор”. Монгол инженерүүд программ хангамжийг нь хөгжүүлсэн уг утсыг 149 мянган төгрөгөөр үнэлжээ. Мобиком, Скайтел, Юнител гээд бүх операторын хэрэглэгчид хэрэглэх боломжтой аж. 

Categories
мэдээ нийгэм

Хил зөрчсөн иргэдийг Замын-Үүдэд явж байхад нь барьжээ

Хилийн цэргийнхэн энэ сарын 22-нд улсын хил зөрчсөн дөрвөн иргэнийг саатуулсан байна. Хил зөрчигчдийг ХХЕГ-ын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн шөнийн камераар илрүүлсэн аж. Хил зөрчигчид Хятадын талаас Монголын хилээр нууцаар нэвтэрсэн байна. Тэд Замын-Үүдийн нутагт явж байгаад баригджээ. Хил зөрчигчид Монголын иргэд байж. Хятадад очиж хулгай хийдэг байсан бололтой гэж албаныхан таамаглаж байна. Цагдаагийн байгууллага хэргийг шалгаж байна. 

Categories
мэдээ эдийн-засаг

“Рио тинто” 20 тэрбум долларын хөрөнө оруулалтын гэрээ байгууллаа

“Рио тинто” Гвинейн Засгийн газрын хооронд Симандоу төслийн хөрөнгө оруулалтын гэрээг баталсан байна. Симандоу нь дэлхийн хамгийн том хүдрийн орд аж. Энэ ордын хөрөнгө оруулалтын гэрээнд Хятадын “Чайналко”, ОУВС хамтарсан юм байна.  Гэрээнд зааснаар хөрөнгө оруулагчид уг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах аж. Мөн төмөр зам зэрэг дэд бүтцийн асуудлыг нь ч давхар шийдэж өгөхөөр болж. Хөрөнгө оруулагчид одоогоор гурван тэрбум ам.доллар зарцуулжээ . Гвинейн Засгийн газар 3,5 хувийн рояалти татвар, 30 хувийн ашгийн татвар авахаар тохиролцсон гэнэ. Хөрөнгө оруулагчдын барьсан төмөр зам 30 жилийн дараа тус улсын Засгийн газрын мэдэлд шилжих аж. Төсөл хэрэгжиж эхэлснээр жилдээ 7,6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт тус улсын эдийн засагт орох юм байна. Төслийн нийт өртөг нь 20 тэрбум ам.доллар гэнэ.