Categories
мэдээ нийгэм

Зам засварын ажил сарын дараа дуусна

Нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаар 2014 онд хэрэгжүүлэх хотын гудамж замуудын урсгал засварын (нөхөөс) ажлыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ хийж гүйцэтгэхээр 2014 оны ºíãºðñºí äºðºâä¿ãýýð сарын 18-ны өдөр гэрээ байгуулсан.
Зам засварын ажлыг 05 дугаар сарын 23-наас эхлүүлсэн бөгөөд 07 дугаар сарын 01-ний дотор дуусгахаар төлөвлөжээ.  Урсгал засварын ажлыг хийх явцад замын хөдөлгөөнийг бүрэн хаахгүйгээр тухайн засвар хийх хэсэгт хаалт, тэмдэг тавьж хийж гүйцэтгэнэ. Энэ онд нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хийх хотын гол болон туслах гудамж замуудын засварын ажлын жагсаалтыг дэлгэрэнгүй танилцуулж байна гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг өнөөдөр УИХ-д өргөн барина

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах саналд УИХ дахь МАН-ын бүлэг нэгджээ. Тус бүлэг өчигдөр 16.00 цагт ээлжит бусаар хуралдаж, дугаар шилжих мөчид шийдвэрээ гаргасан байв.
МАН-ын бүлэг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр болон Ерөнхий сайд Н.Алтанхуяг хоёрыг огцруулах талаар хэлэлцжээ. Гишүүд 50:50 хувийн саналтай байсан гэнэ. Иймд эхний ээлжинд Н.Батбаяр сайдад хариуцлага тооцох тухай ярилцаж шийдвэрээ гаргасан байна. Улмаар түүнийг огцруулах асуудлыг өнөөдөр УИХ-д өргөн барихаар болжээ.
МАН-ын бүлгээс өмнө нь Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт хариуцлага тооцох тухай өргөдөл УИХ-д өргөн барьж байсан ч гишүүдийн олонхи тэднийг огцруулах шаардлагагүй гэж үзсэн билээ.
Энэ удаа Н.Батбаяр сайдыг огцруулъя гэсэн саналдаа МАН-ын бүлэг дахин нэгдсэн нь Ерөнхий сайд МАН-аас өгсөн 10 хоногийн хугацаатай шаардлагад ямар нэг хариу өгөөгүйтэй холбон тайлбарлав.
Харин Эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоногийн хөтөлбөрийн үр дүнг хангалтгүй байвал Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах эсэх асуудлыг хөндөнө гэлээ.

М.МӨНХ

Categories
мэдээ улс-төр

Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхээр болов

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдааны эхэнд Газрын тосны тухай шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Газрын тосны тухай хуулийг бүхэлд нь шинэчлэн найруулж, газрын тос, байгалийн хий, уламжлалт бус газрын тосны талаарх ойлголт, төрийн байгууллагууд болон нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээг тодорхой болгон, роялти, татварын хувь хэмжээ, түүнийг оногдуулах, хөнгөлөх, чөлөөлөх, тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, газрын тос эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаатай холбоотой харилцааг боловсронгуй болгон хуульчлах зайлшгүй шаардлагатай байгаа тул уг хуулийн төслийг боловсруулжээ. Хуралдаанаар хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах саналыг гишүүдийн олонх дэмжиж, Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг томилов. Ингээд хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхийг гишүүдийн олонх дэмжлээ. 

Categories
мэдээ нийгэм

“Авто худалдааны цогцолбор”-т ажиллах иргэдтэй гэрээ байгуулж байна

Хот доторх авто машин, техник болон тэдгээрийн сэлбэг, дагалдах хэрэгслийг худалдаалдаг томоохон зах, жижиг цэгүүдийг нэгтгэн, нэгдсэн цэгт төвлөрүүлэх “Авто Худалдааны Цогцолбор” байгууламжийг Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт барихаар болсон. 

“Авто Худалдааны Цогцолбор”-т 11324 суудлын болон жийп автомашины худалдаа, 1191 автобус, хүнд даацын автомашины худалдаа эрхлэх талбай, сэлбэг хэрэгслийн павильонууд, авто эскпо зохион байгуулах цогцолборын нэг барилга, үйлчилгээ оффисын 14 барилга, 42 км авто зам, 8.7 га талбайд явган хүний зам, 1438 үйлчлүүлэгчдийн авто машины зогсоол, 36.7 га талбайд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, 4.4 га талбайд авто машины туршилтын талбай байхаар төлөвлөж байна. Цогцолборын эхний ээлжийн зогсоолын талбай энэ оны 10 дугаар сард ашиглалтад орно. Авто машин худалдаалах зогсоол, талбайг хүнд даацын бөгөөд жижиг тэрэг, жийп худалдах хэсэг гэж ангилна.18 м2 талбайтай жижиг тэрэг буюу жийп худалдах хэсгийн нэг зогсоолын үнэ дөрвөн сая төгрөг, том оврын автобус болон хүнд даацын ачааны тэрэг худалдаалах зогсоол талбайн хэмжээ нь 72 м2, үнийн хувьд есөн сая төгрөг байхаар тооцжээ.

“Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ нь нийслэлийн нутаг дэвсгэрт авто машины худалдаа эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгжүүдээс энэ сарын 31-ний өдрийг дуустал захиалга авч, ашигтай байрлалыг түрүүлж сонгох давуу эрхийг олгож байгаа бол зургаадугаар сарын 2-ноос эхлэн тус цогцолборт үйл ажиллагаа явуулах, худалдаа, үйлчилгээ эрхлэх сонирхолтой нийт иргэд, байгууллагуудаас нээлттэй захиалга авна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Жич:  Захиалга өгөх болон цогцолборын үйл ажиллагааны талаарх мэдээллийг “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-ын байр /Улаанбаатар банк/-нд очиж авахаас гадна 70140011, 94020088, 91930088 утсаар лавлаарай.

“Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-аас авто худалдаа эрхлэгчидтэй гэрээ байгуулах журам 

 Нэг. Зорилго 

Энэхүү журмын зорилго нь  Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий  төлөвлөгөөг хэрэгжүүлэх, агаар болон хөрсний бохирдлыг багасгах, замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл, ослыг бууруулах зэрэг ажлыг түргэн шуурхай шийдвэрлэх үүднээс “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ болон  авто зогсоолын талбай захиалах ААНБ, иргэний хоорондох харилцааг зохицуулахад оршино.

Хоёр. Нийтлэг үндэслэл

2.1.        Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 18, 29 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 218 дугаар захирамжийг  хэрэгжүүлэхэд ОНӨААТҮГ болон авто зогсоолын талбай захиалах ААНБ, иргэний хооронд гэрээ байгуулахад энэхүү журмыг дагаж мөрдөнө.

2.2.        Гэрээг ОНӨААТҮГ-ын Даргын тушаалаар баталсан загварын дагуу  байгуулна.

Гурав. Гэрээ хийх шалгуур үзүүлэлт

3.1.        Захиалагч нь  авто зогсоолын төлбөрийг Хаан банкны 5099339906, Голомт банкны 1410016321 тоот дансанд тушаана.

3.2.        Төлбөрийн 50-иас доошгүй хувийг төлсөн тохиолдолд захиалга баталгаажна.

3.3.        Захиалагч нь зогсоолын бүрэн төлбөрөө бүрэн тушааж, баримтаа авчирсан нөхцөлд эд хөрөнгийн бүртгэлийн холбогдох материалыг хүргүүлнэ.

3.4.        Сар бүр ашиглалтын хураамж төлнө. Ашиглалтын хураамжийг ТУЗ-аас тогтооно.

3.5.        Авто худалдаа эрхэлж байгаа ААНБ, иргэн нь  өөрийн зогсоол, эд хогшил, ажил үйлчилгээ, бүтээгдэхүүний  чанар хариуцлагыг бүрэн хариуцна.

Дөрөв. Бүрдүүлэх материал

4.1.        ААНБ-ын албан хүсэлт /иргэн бол өргөдөл

4.2.        Иргэний үнэмлэхний  хуулбар /нотариат хийлгэсэн/

4.3.        Хуулийн этгээд бол Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /нотариат хийлгэсэн/

4.4.        Гаалийн мэдүүлэг, татвар төлсөн баримт г.м авто машины бизнес эрхэлж байгаагаа  нотлох бичиг баримт

4.5.        Авто зогсоолын кадастрын зураг

4.6.        Авто зогсоолын төлбөр төлсөн баримт

4.7.        Гэрээ байгуулах эрх бүхий этгээдийг төлөөлж байгаа бол итгэмжлэл болон эрх олгосон баримт бичиг

4.8.        Гэрээнд хавсаргахаар заасан бичиг баримтуудыг танилцуулж гарын үсгээр баталгаажуулах.

Categories
мэдээ нийгэм

Л.Оюунчимэгийн дуунуудыг үнэгүй сонсох боломжтой гэв

“Баянмонгол” чуулгын гоцлол дуучин, СТА Л.Оюунчимэг агсанд хүндэтгэл үзүүлэх уран бүтээлийн уралдааныг СГЗ Д.Ухнаа болон дуучин Л.Оюунчимэгийн төрсөн дүү Л.Оюундэлгэр нарын санаачилгаар зохион байгуулахаар болжээ. Энэ хүрээнд  Л.Оюунчимэг агсны нэрэмжит олон улсын рок поп залуу дуучдын “Үртэй хүн жаргалтай” улсын уралдааныг  зохион байгуулах гэж байна. Уралдаанд 70 гаруй оролцогч бүртгүүлжээ. Нэгдүгээр шатны шалгаруулалтыг маргааш 15:00 цагаас Улсын филармонид явуулна.  Хоёрдугаар шат буюу эхний шатнаас шалгаран үлдсэн шилдэг 20 оролцогчийн Гала концертыг   зургаадугаар сарын 1-ний өдрийн 18:00 цагаас улсын филармонид зохион байгуулахаар болжээ. Уралдааны шалгаруулалт, бүхий л үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй явагдана гэж зохион байгуулагчид нь хэлж байна.  Сонирхсон хүмүүс үзэж оролцож болох нь. 

Categories
мэдээ улс-төр

Цагаан суваргын ордын төрийн хувь эзэмших асуудлыг чуулганаар хэлэлцэнэ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.  Дорноговь аймгийн Мандах сумын нутагт оршдог Цагаан суваргын зэс-молибдений ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Монголын алт” компани юм.  Тогтоолын төсөлд тус ордын төрийн эзэмшлийн 34 хувьтай тэнцэх хувьцааг тухайн ордод оруулсан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн оруулсан хөрөнгийн 34 хувь буюу 350.6 сая ам.долларын санхүүжилтийг 2014 оны хоёрдугаар улиралд Засгийн газрын бонд гарган шийдвэрлэхээр тусгасан байна. Түүнчлэн төрийн эзэмшлийн хувьцааг “Эрдэнэс МГЛ” ХХК-нд эзэмшүүлж, Цагаан суваргын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хамтарсан компани байгуулах талаар тусгажээ. Гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ.

Categories
мэдээ нийгэм

Европын хөрөнгө оруулалтын банк гэр хорооллыг дэмжинэ

Улаанбаатар хотын гэр хорооллыг иргэдийн оролцоотой дахин төлөвлөх, усан хангамж, цэвэрлэх байгууламж, дулааны үйлчилгээг нэмэгдүүлэх, нийгэм эдийн засгийн дэд бүтцийг сайжруулж, бичил санхүүжилтийг дэмжих, төслийг хэрэгжүүлэх байгууллагын чадавхижуулах зэрэг зорилго бүхий “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр Монгол Улсын Ерөнхий сайдын 2013 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 172 дугаар захирамжаар Эдийн засгийн хөгжлийн сайдад гарын үсэг зурах эрхийг олгосон билээ.

Хөтөлбөрт Европийн хөрөнгө оруулалтын банк Нийслэлийн гэр хорооллын усан хангамж, ариун цэврийн байгууламжид зориулан 50 сая еврогийн (60.3 сая ам.доллар) санхүүжилтийг хийхээр тусгагдсан бөгөөд энэ сарын 19-21-ний хооронд Люксембургийн Их Вант Улсад зохион байгуулагдсан Европийн хөрөнгө оруулалтын банктай хийх зээлийн нөхцөлийг тохирох урьдчилсан хэлэлцээнд Эдийн засгийн хөгжлийн яамнаас Хөрөнгө оруулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Жавхланбаатараар ахлуулсан ажлын хэсэг оролцон урьдчилсан хэлэлцээг амжилттай хийлээ. Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч дарга С.Очирбат, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын  Төсөл, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Отгонбаатар, мэргэжилтэн Ц.Баярсайхан, Эдийн засгийн хөгжлийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагаа, зээл, тусламжийн бодлогын газрын  мэргэжилтэн Ц.Равдандаш нар ажиллажээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн баяраар тусгай пост ажиллах нь

Хүүхдийн баяраар Нийслэлийн цагдаагийн газар тусгай пост  ажиллуулахаар болсон байна. Иргэд хулгайд эд зүйлээ алдах, бага насны хүүхэд төөрөх асуудал их гардаг учраас тусгай постонд ажиллаж байгаа цагдаа нар  төөрсөн хүүхдийг олж, хүлээлгэж өгөх ажлыг хийх гэнэ. Дашрамд дурдахад Нийслэлийн цагдаагийн газраас архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудад шалгалт хийсэн байна.  Шалгалтад 700 гаруй аж ахуй нэгж, хотын ойр орчим үйл ажиллагаа явуулдаг 54 амралтын газар, жуулчны бааз хамрагджээ. Шалгалтын хүрээнд хууль зөрчсөн 31 аж ахуйн нэгж, есөн иргэнд торгуулийн арга хэмжээ авсан аж. 

Categories
мэдээ нийгэм

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг өргөн барив

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга”-ыг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.  

2004 онд Монгол Улсын Их Хурлаас “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” бие даасан хуулийг баталснаар гэр бүлийн хүчирхийллийг хүний эрхийн зөрчилд тооцон хүчирхийлэл үйлдэгчид зохих хариуцлага хүлээлгэх болсон. Тус хууль батлагдсантай холбогдуулан 2007 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөр, хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон зарим заавар, журмуудыг ХЗЯ, ЭМЯ, НХХЯ-аас батлан хэрэгжүүлж байна. Мөн Монгол Улсын Засгийн газраас хохирогчдыг хамгаалан байрлуулах, утсаар зөвлөгөө өгөх үйлчилгээг мэргэшсэн байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх, нэг цэгийн үйлчилгээний төвүүдийг байгуулан үйлчилгээ үзүүлж эхэлсэн зэрэг бодлого болон үйл ажиллагааны хүрээнд нааштай алхмууд хийгджээ. Гэвч хүчирхийллийн гаралт буурахгүй, харин ч хүний амь нас хохирох, гэмтэх, хүүхэд өртөх зэргээр илүү ноцтой хэлбэрт шилжих болжээ.  Үүний гол шалтгааныг хуулийн зохицуулалт оновчтой бус, ялангуяа байгууллагуудын эрх хэмжээ, оролцоог хэт ерөнхий, салангид байдлаар тусгаж, хохирогч, түүний гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг хамгаалах талаар орхигдуулсантай холбоотойг хууль хэрэгжүүлэгч мэргэжилтнүүд, энэ чиглэлээр ажилладаг байгууллага,  судлаачид анхааруулсаар байна.

Иймд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн зохицуулалтыг хохирогчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаалах, хүчирхийлэл дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх, салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлах зарчимд нийцүүлэн шинэтгэх  шаардлагын дагуу Хууль зүйн сайдын 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/63 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг  хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ. Хуулийн төсөл нь Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд батлагдсан болон одоо боловсруулагдаж байгаа  Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай, Гэмт хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүтэй харилцан уялдуулан  боловсруулсан тухай хууль санаачлагч танилцуулсан гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Монгол, Казахстаны хоорондох шууд нислэгийг сэргээнэ

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын комиссын VI хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар хотноо боллоо.  

Хуралдаанд оролцсон Монголын төлөөлөгчдийг Монгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, ЗГХК-ын Монголын хэсгийн дарга С.Эрдэнэ, Казахстаны төлөөлөгчдийг БНКазУ-ын Хөдөлмөр, хүн амын нийгмийн хамгааллын сайд, ЗГХК-ын Казахстаны хэсгийн дарга Тамара Дуйсенова нар тэргүүлэв. Хоёр улсын холбогдох яам, газар, аймаг, мужийн төлөөлөгчид болон Монгол Улсаас БНКазУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Сүхээ, БНКазУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.И.Кобландин нар оролцов.      

Хуралдааны явцад манай хоёр орны хооронд 2016 он хүртэл монгол-казахстаны харилцаа, хамын ажиллагааг хөгжүүлэх чухал чиглэлүүд, тодорхой арга хэмжээг хэлэлцэв. Тухайлбал, хөрөнгө оруулалт, бизнесийн салбар, хөдөө аж ахуй, зам тээвэр, уул уурхай, бүс нутгийн хамтын ажиллагаа, байгаль орчин, соёл боловсрол зэрэг салбарт хамтран ажиллах, хэрэгжүүлэх ажил, арга хэмжээг тодорхойллоо. Түүнчлэн Монгол Улс, БНКазУ-ын хооронд хамтын ажиллагааны дунд хугацааны  хөтөлбөр боловсруулж, байгуулахаар хоёр тал санал нэгдэв. Хоёр улсын хооронд шууд нислэг сэргээх талаар хэлэлцэн тохиролцлоо.

Мөн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлэхэд чиглэсэн нэлээд төрлийн баримт бичгийг эцэслэн тохиролцох, байгуулах ажлыг түргэтгэх талаар шийдвэрлэв.

Эдгээр чиглэл, арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлж эхлэх ажлыг зохион байгуулахад ЗГХК, хоёр улсын холбогдох яам, газрууд, аймаг, мужууд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг сайд нар онцлов.

Хуралдааны дүнгээр Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын VI хуралдааны протоколд Монгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, комиссын Монголын хэсгийн дарга С.Эрдэнэ, Бүгд Найрамдах Казахстан Улсын Хөдөлмөр, хүн амын нийгмийн хамгааллын сайд, комиссын Казахстаны хэсгийн дарга Тамара Дуйсеновна нар гарын үсэг зурлаа.

Мөн Монгол Улс, БНКазУ-ын иргэний агаарын байгууллагуудын хоорондын Санамж бичигт монголын талаас Иргэний нисэхийн ерөнхий газрын дэд захирал Ч.Нямсайхан, казахстаны талаас Иргэний нисэхийн хорооны орлогч дарга Талгат Тлеубекович Ластаев нар гарын үсэг зурав.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг БНКазУ-ын Хөдөлмөр, хүн амын нийгмийн хамгааллын сайд, ЗГХК-ын Казахстаны хэсгийн дарга  Тамара Дуйсенова тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Монгол,Казахстаны ЗГХК-ын дараачийн хуралдааныг 2016 онд Астана хотноо зохион байгуулахаар тогтов.