Categories
мэдээ нийгэм

Зуслангийн бүсэд нэмэлт ээлжийн эргүүл гаргажээ

Айлууд зусландаа гарч байгаатай холбогдуулан зуслангийн бүсэд нэмэлт ээлжийн эргүүлүүдийг тавьжээ. Зусланд  гарах айлуудын тоо жилээс жилд нэмэгдэх болсон. Үүнийг дагаад гэмт хэрэг ч их гарах болсон тул ийн нэмэлт эргүүлүүд ажиллуулж байгаа аж.

Э.Номин

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Зөв бичихэд чинь зориулж зөвлөхөд…

Интернэтээр их багагүй хавтгайдаа бичдэг болжээ. Сэтгүүлчтэй арцалдан нийтэд хандан “нээт”-ээр үгээ ч хэлж байх шиг.
Мэргэжлийн үүднээс энэ удаа гурван зүйлийг сануулж байна. Хүмүүс амьдран буй нийгэмдээ санаа зовж, болж бүтэхгүй юмсыг гаргаж тавьцгаадаг. “Ийм болчихож. Одоо яах вэ? Та минь ээ…???” гээд л эхэлдэг. Уран зохиол л бичээгүй юм бол амьдралын бүх л проблемд  гарах гарц олддог. Түүнийг одоо юм уу дараа нь түмэн олондоо заавал хэлж өгөх нь бичигчийн үнд­сэн үүрэг юм. Гарах гарцаа мэдэх­гүй юм уу буруу зам заамаар бол тухайн сэдвийг орхи. Чадахгүй хэвтэж битгий илүү үглэж бусдад садаа бол.
-Байгаль нийгмийн даваг­дашгүй хүчин зүйлийн тухай сэдвийг орхиорой. Дэлхийтэй өөр гариг мөргөлдөх, гал ус, газар хөдлөлтийн аюул бий болох магадлалд түгшин олныг айлгаж яах гээв. Тийм юм боллоо гэхэд яаж ч чадахгүйгээс хойш “сүх далай­тал амар” амгалан явцгааж байг л дээ.
-Монгол хүн буруу ярьж зөв ойлгодог бол бичгийн хувьд утга нь зөв байхгүй бол хожим уршиг тарьж мэдэх. Ялангуяа цаасан дээр үлдэх үг үсэг аягүй бол мянга наслах ч магадлалтай. Хөшөөний анхдагч нь сонин сэтгүүл юм шүү дээ. Улсын начин Б.Заяамандах гэхийг сүржигнээд “Улсын начин Бямбадоржийн Заяамандах” гэх төдийд л утга хадуурч бөөн маргаан үүснэ биз.
Хэрэв та сонирхвол иймэрхүү зөвлөгөө зөндөө. Сониныхон бид өглөө болгон энэ сэдвээр хуралддаг юм.

Ж.ГАНГАА

Categories
мэдээ улс-төр

ҮХАА-н сайдад Ш.Түвдэндоржийн нэрийг дэвшүүллээ

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өчигдөр 18.00 цагт хуралдаж Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын албан тушаалд хэнийг томилох тухай хэлэлцжээ. “Давхар дээл”-ээ тайлна хэмээн ҮХАА-н сайдын суудлаа өгсөн Х.Баттулгын оронд Д.Нямхүү, Г.Баярсайхан, Ц.Туваан, Х.Золжаргал гэх мэт олон хүний нэр яригдаж байсан. Өчигдрийн Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан дээр Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын гишүүн, Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржийн нэрийг ганцхан оруулж ирсэн байна. Засгийн газрын тэргүүний оруулж ирсэн уг саналыг  Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд 100 хувь дэмжсэн гэнэ. Ингэснээр сайдын албан тушаалд нэр дэвшигчийг АН-ын бүлгийн хуралдаанаар оруулж дэмжлэг авсан тохиолдолд Байнгын хороо болон УИХ-ын чуулганаар хэлэлцэж баталгаажуулна. Ерөнхий  сайдын зүгээс “ҮХАА-н сайдын суудал бол МоАХ-ны суудал. Тийм болохоор тэндээс дараагийн сайд сонгогдох учиртай” хэмээн хэлсэн сурагтай.

Э.ЭНХ

Categories
мэдээ нийгэм

Х.Анхбаяр нарыг шүүх хурал болно

Их хэмжээний мөнгө угаасан, авлига авсан, өгсөн хэрэгт буруутгагдаад байгаа “Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаяр нарын дөрвөн хүний хэргийг өнөөдөр Цагдан хорих 461 дүгээр ангид шүүх тов гарчээ. Уг шүүх хурал энэ сарын 21-нд болох байсан ч шүүгчдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хойшилсон юм. Энэ хэрэгт Газрын тосны газрын дарга агсан Д.Амарсайхан, “Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаяр, Н.Отгонболд, А.Чандмань нарын дөрвөн хүнийг шүүгдэгчээр татаад байсан.
Газрын тосны газрын дарга агсан Д.Амарсайхан тавдугаар сарын 13-нд Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байх үедээ нас барсан. Гэвч өнгөрсөн шүүх хурлын үеэр  Д.Амарсайхан агсны өмгөөлөгч Р.Пүрэвлхам “Нэг шүүгчдэгч амь насаа алдсан тул хэргийг тусгаарлаж бусад шүүгдэгчдийн хэргийг шийдвэрлэнэ гэж яригдаж эхлээд байгаа. Хуулиараа бол хавтаст хэрэг нэгэнт шүүхэд шилжиж, хурлын тов гарсан үед шүүгчдэгч амиа алдсан ч хэргийг тусгаарлах учиргүй. Өөрөөр хэлбэл, хэргийг тусгаарлаж, түдгэлзүүлэхгүйгээр шийдвэрлэнэ. “Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаярын мөнгө угаасан хэрэгт талийгаач Д.Амарсайхан ямар ч холбоогүй” гэж мэдэгдсэн.
Одоогоор Х.Анхбаяр, А.Чандмань нар нь Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа аж. Харин Н.Отгонболд нь батлан даалтад гадуур байцаагдаж байгаа юм.

Categories
мэдээ цаг-үе

Л.Болд: Хуучны НАХЯ шиг газар бий болчихлоо


УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.
-Сүүлийн үед ар араасаа гарч байгаа баривчилгаа, буруутай нь нотлогдоогүй байхад олон сар, жилээр хорьдог байдал хэрээс хэтэрсэн талаар хүмүүс ярьж байгаа. Олны дунд яригдаж байгаа энэ сэдвийг та УИХ-ын түвшинд ха­риуцлагатайгаар мэдэгдлээ. Та ямар учраас энэ талаар Хүний эрхийн дэд хороон дээр хөндөхөд хүрэв?
-Хүний эрхийн дэд хороогоор манайд байгаа хүний эрхийн зөрчлийн талаар, тэр дундаа хорих байранд цагдан хоригдож байх хугацаандаа иргэдийн амьд явах эрх зөрчигдөж байгаа асуудлыг ХЭҮК-ийн дарга, гишүүд болон ШШГЕГ-ын хариуцлагатай ажилтнуудыг оролцуулан хэлэлцсэн юм. Нөгөө талаар УИХ-ын түвшинд хууль, шүүхийн шинэчлэл авчрах томоохон суурь хуулиудыг хэлэлцэж байна. Тэгэхээр бид өнөөдрийнхөө нөхцөл байдлыг бодитойгоор хүлээн зөвшөөрч,  үүнийг засч залруулах арга замаа хууль эрх зүйн шинэчлэлтэйгээ холбох ёстой. Бид ерэн онд хувьсгал хийж, иргэдээ айдас дор барьдаг байсан НАХЯ-ыг, хуучин нийгмийн тогтолцоог татан буулгасан. 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталж, төр, иргэн хоёр тэгш эрхтэй байхаар хуульчилсан юм. Гэтэл өнөөдөр хуу­лийн байгууллагад төр нь иргэнийхээ дээр гэсэн хандлага хэвээрээ байгаад байна. Энэ нь ялангуяа эрүүгийн хууль, байцаан шийт­гэх ажиллагаан дээр тод илэрдэг. Хүнийг эрүүдэн шүүнэ, эрүүдэн байцаана гэсэн ойлголт нэрнээсээ авахуулаад хэвээрээ. Одоо мөрдөж байгаа сталинч системээр бол хэрэгт шалгаж байгаа хүнээс мэдүүлэг авах, хэргийг хүлээлгэх гэсэн хоёрхон зүйлээр бүх амьдралыг нь шийддэг.
Сайндаа ч хүмүүсийг хориод байгаа юм биш мэдүүлэг авахын тулд л хорьдог. Тэгээд хорьж, залхааж байгаад мэдүүлэг авдаг. Мэдүүлэг авчихсан хойноо тэрүүгээр нь буруутгадаг, ялладаг. Хүн нь олдвол гэмт хэрэг нь заавал олддог. Тухайн шаардлагатай үед төр нь цаг үе хөгжил, хөдөлгөөний явцад үүсч байна уу, ямар нэг захиалгаар холбож шалгаад  хэргийг нь тулгаад өгдөг. Ийм зүйл олон жил нүдэн дээр үргэлжилж байна. Бид 1990 онд юуны төлөө хувьсгал хийсэн юм бэ. Үүнийг л өөрчлөх гэж хувьсгал хийсэн. Гэтэл хорин жилийн дараа яг хуучны НАХЯ шиг ажилладаг хуулийн байгууллагатай, түүнээсээ бүгд айдаг болчихсон байж байна. Би ерэн оны ардчилсан хувьсгалд гар бие оролцож, манлайлж явсан хүний хувьд, амиа ч алдсан хамаагүй тэр нийгмийн тогтолцоог өөрчлөх гэж зүтгэж явсныхаа хувьд өнөөгийн нөхцөл байдлыг хараад үнэхээр халширч байна.  Ялангуяа сүүлийн үед “Бид хаашаа яваад байгаа юм, бидний зорьж байсан ардчилал маань юуг авчирч байна, хүний эрх, эрх чөлөөний асуудлыг дахиж нэг бодох цаг иржээ” гэж бодох боллоо. Бид ардчилсан хувьсгалын 25 жилийн ойгоо баяр ёслолын байдалтай тэмдэглэсэн. Үнэндээ бид хариуцлагаа ухамсарлаж, үүргээ ойлгож баймааж баяр болгон тэмдэглэх ёстой гэж боддог. Одоо нийгэм нэг л айдастай түгшүүртэй, цочирдмоор болчихоод байгаа нь нууц биш. Хүмүүсийн хэлж байгаагаас үзэхэд хэрэгт холбож, байцааж байгаа сэдэв, хэв маяг нь үнэхээр гайхаш төрүүлмээр болсон байна. Гэхдээ бид ийм байдлыг өөрчилнө. Өөрчлөхөөс аргагүй. Ард түмнийнхээ мандатаар сонгогдож, тэднийхээ захиалгаар хуулийг хэлэлцэж хийдэг бид тийм боломжийг ч олгохгүй. Төр, иргэн эрх тэгш байх ёстой. Энэ нийгмийг  бий болгочихоод эргээд иргэнийхээ дээр байдаг хуулийн салбартай болж болохгүй.
-Урьдчилан хорих төвд хоригдож байсан Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан эмнэлгийн туслалцаа авч чадалгүйгээр хорвоог орхилоо. Хууль цагдаагийн байгууллага сэжиглэн шалгаж болох ч хүний аминаас илүү үнэтэй хэрэг гэж юу байх билээ…
-Хорих байгууллагад болсон эмгэнэлтэй явдал, үүний дараах нийгмийн хариу үйлдэл, хууль цагдаагийнхны хандлагыг харахад арай л дэндүү байна. Салах ёс гүйцэтгэсэн өдөр нь байна уу,  маргааш нь шүүх хурал нь болж байх жишээтэй. Би тэнд хүн шоронд амиа алдлаа. Яаж хүний амь эрсдэхгүй, хүний эрх зөрчигдөхгүй байлгах вэ гэж асуухад албаны хүмүүс хариулахдаа талийгаач өглөө нь ахтайгаа инээж, ханиагаад л уулзсан шүү дээ гэж хариулж байгаа юм. Юу гэсэн үг вэ. Олон сараар хоригдсон хүн ах дүүсээ хараад баярлахгүй яадаг юм. Тэдний асуудалд хандаж байгаагаас үзэхэд ойлголтын, философийн асар их зөрүү харагдаад байгаа юм. Ийм байж болохгүй л дээ. Хүн зүгээр байж байгаад үхнэ гэж байхгүй. Цаг дээрээ хүний амь ямар бөх билээ. Манай нэг УИХ-ын гишүүн надад “Би талийгаачтай хамт  ажиллаж байсан, гэмгүй найз явсан. Ажил явдал дээр нь очмоор л байна. Даанч хардагдчих юм болов уу” гэж хэлсэн. УИХ-ын гишүүн хүн ийм айдастай байхаар жирийн иргэд ямар байх нь ойлгомжтой. Би үнэхээр цочирдсон.
-Та бас хэвтрийн хү­нийг дуудаж авчруулаад бай­цаасан талаар ярьж байсан…
-Тийм ээ. Миний танилд тохиолдсон хэрэг болохоор би хэлж байгаа юм. Утасдаад ир гэхэд нь өвчтэй байгаагаа хэлэхэд заавал ир гэсэн байгаа юм. Тэгээд дөрвөн давхар руу жолооч, хүүгээрээ түшүүлээд гарсан байна лээ. Гэтэл тэдний өгч байгаа тайлбар нь манай мөрдөх алба хоёрдугаар давхарт байдаг гэж байгаа юм. Би давхрын тухайд маргах гээгүй юм шүү дээ, уг нь. Шалгах явцдаа тэр хүн нь өвчтэй байвал ирээд асууж тодруулж болдоггүй юм уу. Тэр бүх зардлыг нь тооцоод цалин мөнгө, унаа тэрэгнийх нь зардлыг өгч байгаа шүү дээ. Хүнээ боддог байвал яасан юм. Одоо тэр хүн дуудсан ч очих тэнхэлгүй, дамнуурга дээр л очих болчихоод байгаа. Хүнийг хардаж, сэрдэж болно. Битгий шалга гэж байгаа юм биш. Гэмт хэргийг хаацайл ч гэж байгаа юм биш шүү. Хүнээ боддог, хүний эрхийг дээдэлдэг байгаасай, бас ялгавартай хандахгүй байгаасай гэж хүсч байна. Юу ч байхгүй байхад юм гаргах гээд ухаад байдаг, эсвэл гэм хийсэн нь ил байхад шалгадаггүй хуучин үеийнх шиг зүйлүүд бий болчихлоо.
Та хурал дээр Бямбын Ринчингийн талаар жишээ бас дурдаж байсан…
-Тэр үед “Далан настанд даруулга хэрэгтэй” гэж сонины нүүр дүүрэн материал нийтлэгдээд, дараахнаас нь түүнийг нийгмээрээ түүнийг гадуурхаж эхэлсэн. Тухайн үед оршуулган дээр нь хүртэл шавь нар нь айгаад очиж чадахгүй байсан гэдэг. Тэр үед салах ёс хийхээр очсон миний аав хүртэл шалгагдсан. Нийгэмд айдас бий болчихоор хүмүүс хүртэл хөдөлж чадахаа байчихдаг. Өнөөдөр яг ийм технологи үйлчлээд эхэлчихлээ. Эхлээд тухайн хүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гэм буруутай мэтээр бичиж, хүмүүсийг үүндээ итгүүлж үнэмшүүлнэ, нийгэмд хор шаар болгоно. Нэгэнт ин­гээд нийгэмдээ хог шаар болчихсон хүн шоронд цагдан хоригдоно уу, тэндээ нас барна уу хэн ч сонирхохгүй болно. Ийм байдлаар хүний эрх, эрх чөлөө, нэр төрд халддаг болоод байна.
-Одоо тэр үеийнх шиг болчихсон юм биш үү?
-Харин тэгсэн байгаа биз дээ. Ийм эмгэнэлтэй байж болохгүй л дээ. Ийм ч байлгахгүй. Дуугүй байх байсан бол бид яах гэж тэр үед хувьсгал хийсэн юм. Яах гэж үхнэ гэж явсан юм. Амьд үлдсэнээрээ өнөөдрийн ийм бусармаг байдалтай эвлэрэх юм уу. Яахав намайг баахан гүтгэж, хэрэг үүсгэх гэж оролдоно биз. Аль юмнаас айж явдаг юм.
-Сүүлийн үед АТГ-ыг гурван үсэгтэй газар гээд хүмүүс нэрийг нь хэлэхээс ч цээрлэх болж. Тухайн үед УИХ-ын гишүүд Авлигатай тэмцдэг газартай болохгүй л бол болохгүй нь гээд байгуулсан биз дээ. Өнөөдөр иргэнээсээ эхлээд их хурлын гишүүд нь хүртэл айдаг болчихсоны учир нь юу вэ?
-Авлигатай тэмцэх газар байгуулахаар хуулийг санаачлагчдын дотор миний нэр байдаг юм. Тэр үед УИХ-д байхдаа С.Оюун, Р.Бадамдамдин, Батж.Батбаяр, С.Төмөр гишүүн бид хэд гадны орнуудын туршлага судалж, Монголд ийм байгууллага л байх хэрэгтэй гэдэг дээр санал нийлж байлаа. Нийгэмд байгаа авлигыг ил болгодог, муу муухайг нь ойлгуулдаг, авлига авсан хүнийг олон нийтэд ил болгож, хор уршгийг нь дэлгэдэг байгууллагатай болохоор зорьж байсан. Түүнээс өнөөдрийнх шиг нэг хүнийг буруутгаж, гэр бүлээр нь, үр хүүхдээр нь барьж хорьдог тийм аппарат болгоно чинээ бодож төлөвлөөгүй юм шүү. Уг нь авлигатай тэмцэх газрыг, авлигач хүмүүсийг нийтэд ил болгож зарлахад олон нийт тэднийг шахаанд оруулж, шийтгэлийг нийгэм нь өгч байх ёстой. Гэвч хуучны НАХЯ шиг газар бий болчихлоо. Энэ бол бидний бодож санаж байсан байгууллага биш. Гэхдээ АТГ бол УИХ-ын өөрийнх нь байгууллага. Тиймээс алдаагаа засаад явж таарна. Эднийг ингэж авирлаж болохоор хууль тогтоомжийг нь хийгээд өгчихсөн учраас УИХ-ын буруу ч байгаа. Мөрддөг, барьдаг, байцаадаг, хүнийг шоронд суулгадаг том эрх мэдлийг өгчихсөн учраас өнөөдрийн энэ байгууллага яг тийм л байгаа хэрэг. Ингэхээр хүнлэг энэрэнгүй, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан тогтолцооны маань үндсэн зарчим алдагдчихаад байна. Үүнийг бид засах ёстой.
-УИХ алдаагаа залруулах байх гэж та хэлж байна. Юу хийх вэ?
-Юуны өмнө хууль тогтоом­жиндоо өөрчлөлт оруулах хэрэгтэй. Бас хүний эрхийг баталгаажуулах хэрэгтэй. Гэмт хэрэг, зөрчлийн тухай хуулиа гаргах хэрэгтэй. Процессоо тодорхой болгох хэрэгтэй.
Байцааж шийтгэж, тамладаг, иргэнээ тагнадаг, чагнадаг  хуучин нийгмээсээ салахгүй зууралдаад аваад явж байгаа тэр бүхнийг өөрчлөх цаг болсон.
-Прокурорын дэргэд байсан мөрдөх албыг АТГ-ын мэдэлд аваачсан. Ингэснээрээ шүүх, цагдаагийн байгууллагынхан энэ газраасаа хараат боллоо гэсэн яриа ч гадуур байгаа…
-Бид 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталснаасаа хойш хоёр салбарт их консерватив хандсан нь боловсролын бо­лоод хуулийн салбар. Сөнөөгөөд шинээр эхлэх биш зөв голдрилоор аажимдаа амьдралын туршлагаар өөрчилнө гэж үзсэн. Хуулийн байгууллагаа өөрчилье гээд цагдаадаа эрхийг нь өгсөн. Төд удалгүй гуйвуулаад л эхэлсэн. Та нар санаж байгаа байх Хууль зүйн сайд байсан Батчулууныг дуудаж хэрэгт холбоод л шоронд хийгээд л сүүлдээ амь насаа алдсан шүү дээ. Дараа нь энэ бас болохгүй нь, арай тулхтайгаар нь прокурортоо эрхийг нь өгье гэсэн. Тэгж байс­наа прокурорыг бас л болохгүй байна, эрх баригчдын гар хөл боллоо гээд болиулсан. Явж явж бүх юмны гогцоо нь авлига юм байна, бие даасан газар байгуулья гээд АТГ-ыг байгуулсан. Эрх мэдлүүдийг нь ч өгсөн, прокурорт байсан эрхийг ч өгсөн. Гэтэл одоо ийм байдалд биднийг хүргэчихээд байна шүү дээ. Цаад үндэс суурь тогтолцоогоо эрүүлжүүлэхгүй бол тагнаж чагнаж, шалгаж бүхний дээр байх эрх мэдэл нь нэг газарт төвлөрөөд байвал бас л болохгүй юм байна. Нийгэмд гэмт хэрэг бага гарч, хууль мөрдөгдөж байх ёстой. Харин энэ бүхний цаана хүний эрх зөрчигдөж болохгүй. Хуулийн шинэчлэл үүнд чиглэгдэж бай­гаа гэж ойлгож байгаа. Яригдаж байгаа хуулиудаа яаралтай батлах хэрэгтэй. Үүний тулд Хууль зүйн байнгын хороо ачаалал авч ажиллах цаг болсон. Хууль шүүхийн шинэтгэлийн хуулиудыг баталж чадвал өнөөгийн УИХ-ын түүхэн гавьяа нь энэ болж үлдэнэ шүү.
-Сөрөг хүчний зүгээс биднийг шалгаж байна, хэлмэгдүүлж байна гэж ярих нь бий л дээ. Харин таны харьяалагддаг нам эрх барьж байгаа энэ үед та ингэж хэлж байна гэхээр асуудал арай өөр төвшинд хүрснийг илтгэж байх шиг. Эсвэл таны ойр орчмын олон хүнийг байцааж шалгаж байгаагаас та бухимдаад байгаа юм уу?
-Энэ нь надад, миний эргэн тойронд мэдрэгдээд ингээд байгаа юм биш. Нийгэмд нэлэнхүйдээ мэдрэгдэж байгаа учраас гаргаж тавихаас аргагүй болсон байна. Намайг бол сүүлийн 20 жил тасралтгүй шалгаж байна. Үүнд ерөөсөө эмзэглэдэггүй. Нэгэнт хариуцлагатай алба хашиж байгаа хүнийг сайн ч шалгаж байх ёстой, шалгуулах ч хэрэгтэй. Нэг нам гарахаар нөгөөхөө илүү шалгадаг, өөрийн нам гарахаар арай бага шалгадаг байж магадгүй. Заримдаа өөрийн намынхан эрх барьж байхад илүү ширүүсдэг ч тал бий. Би хувьдаа шалгуулахаас айж эмээх асуудал алга. Албан тушаалтан байнга шалгуулж, хяналтад, хардлагад байх ёстой. Үүнд надад эмзэглэж байгаа юм байхгүй.
-Хэн нэгэн хүнийг баривч­лахынхаа өмнө хэвлэлээр баахан сөрөг мэдээлэл явуулж нийгмийн сэтгэлзүйг бэлддэг. Дараа барив­чилдаг болсон байна гэж та хэллээ. Үнэхээр ийм болчихоод байгаа юм уу?
Хэн нэгэн хүнийг буруутгах болбол хэвлэлээр баахан сөрөг мэдээлэл явуулж нийгмийн сэтгэлгээг бэлддэг. Үүний дараа тэр хүнийг хэдэн жил сараар хорьж байсан ч хамаагүй болж эхэлдэг. Энэ бол тоталитар нийгмийн сэтгэлгээ юм л даа. Үнэндээ хэрэг хийсэн хүн тун цөөхөн байдаг юм. Хэрэг хийсэн хүн явж, явж айдаггүй. Хэргээ нуухыг л боддог. Харин ихэнх хүн хэрэг хийгээгүй атлаа нэр хүндийг нь гутаахаас хамгийн их айдаг. Нэгэнт тэр хүнийг хэрэг хийсэн гээд зарлаад гутаачихсан хойно бол хэрэг үйлдсэн тэр хүмүүстэй л адил байр суурин дээр очно. Нийгэмдээ шахагдана. Хэрэг хийгээгүй атлаа хийсэн юм шиг л буруутан болж байна. Энэ нь хүний хамгийн нандин зүйл нэр хүндэд халдаж байгаа хэрэг. Хуучин цагт дуртай хүнээ, дуртай хэргээрээ буруутгадаг байсан болохоор хүмүүс ийм нийгмийн эсрэг боссон юм шүү дээ. Хэрэв нам төрөөс “ардын дайсан” гээд зарласан л бол тэр хүний амьдрал хэдэн үеэрээ дуусдаг байлаа. Үр хүүхэд нь сургуульд сурах эрхгүй, удмаараа дайсны үр сад гэсэн нэр зүүж явдаг байлаа.  Албан тушаалтныг шалгаж болно оо. Хэрэв буруутай нь тогтоогдсон бол шийтгээд нотолж чадахгүй бол буруугүйг нь зарлаад явах хэрэгтэй. Гэтэл найман сараар, хоёр жилээр хорьчихоод хэргээ нотолж чадахгүй үргэлжлүүлээд хориод байна гэдэг чинь юу гэсэн үг вэ. Нотолж чадахгүй атлаа өөрөө хэрэг хүлээтэл нь хорьчихдог. Сүүлдээ хүмүүс залхаад ямар ч хамаагүй хэрэг хүлээх нь ч байдаг. Өөрөөр нь хэрэг хүлээлгэх биш өөрсдөө нотолдог байх ёстой. Хэргээ өөрөө хүлээсэн ч хуулийн байгууллага тэрийг нь нотолж чаддаг жишиг байх хэрэгтэй. Гэтэл манайд яасан нь ч мэдэгдэхгүй нэг хүнийг нийгмийн хог шавхруу болгож, шавартай нь хутгаад хаядаг. Үнэндээ тэр хоригдож суухаас илүү нэр хүндээ алдана гэдэг аймаар хэрэг шүү дээ. Хүнээ авч үлдэх, хүний нийгмээ авч үлдэх нь чухал юм бол бид үүнийг л мөрдөх цаг болсон.
-Хэрэг нь нотлогдохгүй баахан хоригдож байгаад гарсан хүмүүс “За суллагдсан нь их юм” гээд л үлдэх болж. Уг нь төрөөс нөхөн төлбөр авах ёстой биз дээ?
-Уг нь тийм. Гэхдээ хүмүүс гарсандаа баярлаад л үлдэж байна. Энэ маш буруу. Хэрэг хийснийг нь нотолж чадаагүй хорьсон байцаагчид тухайн хүний зовлон шаналалд нь дүйцэхүйц хариуцлага оногдуулах хэрэгтэй. Дахиж хэзээ ч хүнийг хилсдүүлж алдаа гаргахгүй болтол нь. Үүний нөгөө талд нь гэмт хэрэгтэй тэмцэж байгаа хүмүүсийнхээ аюулгүй байдал, нийгмийн халамж, цалин мөнгөнд нь төр гар татаж болохгүй. Төрийн нэрийн өмнөөс авсан эрх мэдлээ буруу ашиглах бус Үндсэн хуулинд заасанчлан хүнлэг энэрэнгүй байхыг шаардах ёстой.
-Сүүлийн үед АТГ нь хүнийг шалгаж баривчилдаг биш соён гэгээрүүлэх ажлаа хийж байвал зүйтэй. Үгүй бол УИХ энэ байгууллагаа татан буулгавал таарна гэсэн яриа гараад байна л даа. Та үүн дээр юу хэлэх вэ?
-Бидний энэ нийгмийн гол үзэл санаа тэр шүү дээ. Жишээ нь, арван хүнийг  гэмт хэрэгт сэжиглэж шалгалаа гэхэд тэр дунд гэм буруугүй хоёр хүн байлаа гэж бодьё. Тэгвэл давын өмнө тэр гэмгүй хоёр хүний гэм буруугүйг тогтоож, эрх ашгийг нь хамгаалах л чухал. Гэтэл өнөөдрийн энэ байгаа хэлбэр нь биш байна аа гэдэг дээр хүмүүс саналаа хэлж байна. Гэхдээ яавал илүү сайн болох вэ гэдгийг ярилцаж, нийгмийн зөвшилцөл хийж байж шийдэх асуудал. Ямар ч байсан гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцдэг бас айдас хүйдэсгүй тийм нийгэм л байх хэрэгтэй гэдгийг хэлмээр байна.

Э.ЭНЭРЭЛ

Categories
мэдээ цаг-үе

Бурхан хулгайлсан залуус “Хятадуудад өндөр үнээр худалдах гэж байсан” гэж мэдүүлжээ

-Гурван бурхныг хуурамч эсэхийг тогтоох ажил хийгдэж байна-


Өвөрхангай аймгийн Хархорин суманд байрлах “Эрдэнэзуу” хийдийн музейд хулгай орж соёлын хосгүй үнэт өв болох долоон бурхан алдагдсан хэрэг энэ сарын 19-нд гарсан. Хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сумын цагдаагийн хэлтэс болон Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын цагдаа нар өнгөрсөн долоо хоногт илрүүлжээ. Хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй Доржсүрэн, Мөнхзул, Хишигбат гэх ах, дүү нар үйлдсэн гэнэ. Энэ талаар албаны эх сурвалжаас авсан мэдээллээр зуу гаруй сая төгрөгийн үнэтэй бурхдыг хулгайлахын тулд залуус эртнээс бэлтгэсэн байжээ. Хархорин музейн доторх байдал,  музейн хаана үнэ бүхий соёлын үнэт өв байгаа, дохиолол нь ажиллахгүй  байгаа гээд нарийвчилсан судалгаа хийсэн байжээ. Хэргийг үйлдэхээр энэ сарын 15-нд нийслэлээс Доржсүрэн, Мөнхзул, Хишигбат нар явсан байна. Тэд Хархорин сумаар ороод хойшоо Архангай аймгийн Өгийнуур сумын нутгаар явцгаажээ. Өгийнуурын ойролцоо хээр зэлүүд газар хоёр хоносон байна. Нутгийн иргэд улсын дугааргүй машин унасан залуус тэр хавиар эргэлдээд байхаар нь малын хулгайч байж магадгүй хэмээн сэжиглэн очиж уулзсан байна. Тэгсэн гурван залуу “Энд хүнтэй уулзахаар тохирсон юм. Тэгсэн ирэхгүй байна” гэхээс өөр зүйл ярихгүй доошоо харж нүүрээ малгайгаараа таглаж суучихаад байсан гэнэ. Иймд нутгийн иргэд тэр хавийн айлууддаа “Малаа сайн хараарай сэжиг бүхий хүмүүс яваад байна” гэж хэл хүргэж байжээ.
 Энэ сарын 19-ний өдөр Эрдэнэзуу хийдийн Хархорин музейд хулгай орж, XVIII зууны дунд үеийн долоон бурхан хулгайд алдагдсан юм. Хулгайлагдсан долоон бурхан хөөмөл жавилтай, их бие болон суурь нь алтан шармал, цутгамал, 22.8 кг жинтэй Дүйнхор бурхан, 1.595 кг жинтэй, гууль цутгамал, алтан шармал Жүгдэрнамжил бурхан, зэс хөөмөл, алт шармал 1.230 кг жинтэй Майдар бурхан алдагдсан. Энэ гурван бурхан нь хосгүй үнэт өвд багтдаг. Мөн зэс хөөмөл, алт шармал 850 гр жинтэй Майдар, 2.2 кг зэс хөөмөл Майдар, 2 кг жинтэй зэс хөөмөл, алт шармал Майдар, гууль цутгамал, алт шармал, 765 гр жинтэй Манзушир бурхан хулгайлагдсан юм. Дүйнхор бурхан нь 32.6 см урттай, 20.7 см өргөн, 40.5 см өндөртэй. Зүүн дээд мутрын ядам, чигчий хуруу хугарсан, нүүрний боронз түрхэц халцарсан, суурийн дээрх цоорхойг нь гипсээр бөглөсөн, суурь, жавил нь модон залгаатай, жавилын арын улаан дурдан үжирсэн, суурийн чанх урд хэсэгт зурагдсан, баруун хөлийн гишгэгдлийн толгой салсан зэрэг содон шинж тэмдэгтэй байжээ. Музейд хулгай орж бурхан алга боллоо гэсэн дуудлага энэ сарын 19-ний 03:20 цагийн үед ирсэн байна. Ирсэн дуудлагын дагуу Хархорин сумын цагдаа нар хэргийн газарт үзлэг хийжээ. Хэргийн газарт үзлэг хийсэн шинжээчдийн хэлж буйгаар хулгай гарах үед музейн дохиолол огт ажиллаагүй болох нь тогтоогджээ. Мөн тухайн үед манаач байхгүй  байжээ. Өмнө нь Музейн эрхлэгчээр  Найгаль гэж хүн ажиллаж байсан бол  түүний хүү Н.Төмөрбаатар  эрхлэгчээр томилогдсон байна. Найгалийг  музейн эрхлэгч байх үед Хархорин  музейгээс түүхийн үнэт ховор үзмэрүүд алдагдаж байсан гэнэ. Иймд Н.Төмөрбаатарыг хэрэгт холбоотой байж магадгүй хэмээн шалгаж эхэлжээ. Соёлын үнэт өв болох долоон бурхан алга болсон хэргийн мөрөөр цагдаагийнхан шалгалт хийж  Хархорин сумын ойролцоо байх бүх сумдаар явж сэжиг бүхий хүмүүсийн талаар судалгаа авсан байна. Мөн энэ сарын 19-20-ны өдрүүдэд нийслэл рүү явсан бүх машины судалгааг гаргажээ. Тэгээд Өгийнуур сумын иргэдийн өгсөн сэжиг бүхий гурван залуу явж байсан, унаж явсан  машины байр байдлыг тодорхой болгосон байна.  Ингээд тавдугаар сарын 19-ний өглөө эрт нийслэлийн 22-ын товчоогоор иргэдийн өгсөн мэдээлэлтэй ижил төстэй, улсын дугаартай машин орсон камерийн бичлэг зэргийг үндэслэн Доржсүрэн, Мөнхзул, Хишигбат гэх ах, дүү нарыг бурхан хулгайлсан байж магадгүй хэмээн шалгаж эхэлжээ. Шалгалтаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Таван шард байх  Мөнхзул гэртээ хулгайлсан долоон бурхныг нууж байсныг илрүүлжээ.  
Хэргийг Зохион байгуу­лалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас үргэлжлүүлэн шалгаж байна. Бурхан хулгайлсан  хэмээн сэжиглэгдэн шалгаг­даж байгаа Доржсүрэн, Мөнхзул, Хишигбат нарыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид  саатуулаад байна. Залуусын цаана бурхан хулгайлах захиалга өгсөн хүмүүс байж магадгүй учир мөрдөн байцаалт хийгдэж байгаа аж. Доржсүрэн, Мөнхзул, Хишигбат нар хулгайлсан бурхдыг “Урд хөршийн Хөх хотод аваачин өндөр үнээр худалдах гэж байсан” хэмээн мэдүүлсэн гэдгийг эх сурвалж онцолж байв. Дээрх мэдүүлгээс үүдэн бурхан хулгайлсан залуусын ард хятадууд байж магадгүй гэж цагдаагийнхан үзээд байна.  

Бурхан хуурамч гэх яриа цагдаа нар сайд Ц.Оюунгэрэлд хүлээлгэн өгөх үед гарчээ
ЦЕГ-ын Дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газраас 18.00 цагт дээрх долоон бурхныг бусад жижиг эд зүйлийн хамтаар Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд хүлээлгэн өгчээ. Энэхүү арга хэмжээнд ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, Дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газрын дарга, хурандаа Д.Отгонжаргал нарын албаны хүмүүс оролцжээ. Энэ үеэр  зарим бурхан, суурь зэрэг нь хуурамч байна гэх яриа гарчээ. Иймд цагдаагийнхан   Хархорин музейн мэргэжилтнүүдээс таниулах арга хэмжээ авч шинжээчид эцэслэн тогтоохоор ажиллаж байна.

Э.Баатар

Categories
мэдээ цаг-үе

Хятадын зах зээлд Оюу толгойтой өрсөлдөх Удоканы орд ийм түүхтэй

Дэлхийн зэсийн том ордууд гэвэл Оюу толгой, Пеббл, Удокан гэж ирээд бий. Пеббл гэдэг нь Аляскийн орд. Удокан нь ОХУ-ынх. Газар зүйн байршлаараа манай улстай их ойрхон. Чита мужид байрлах энэ ордын түүх тэртээ 1949 оноос эхтэй. Дэлхийд нөөцөөрөө дээгүүрт жагсдаг энэ ордыг тус улсын Ойн экспедицийнхэн анх олж байж. Урьдчилсан хайгуулыг нь 1952-1958 онд хийжээ. Харин 1959 онд эдийн засгийн үр ашиггүй гэсэн дүгнэлт гарч хэсэгтээ сонирхлын гадна үлдсэн гэдэг. Гэхдээ энэ бай­дал удаан үргэлжилсэнгүй. Жилийн дараа уулын далд малталтаар нэг цооног өрөм­дөөд ашигтай орд гэдгийг нь мэдсэн байна. Өрөмдлөгөөр зэсийн нөөц хоёр километр хүртэл үргэлжилж буй нь то­дор­хой болсон гэдэг. ЗХУ-ын Засгийн газар үүнийг мэдсэн даруйдаа тогтоол гаргаж ордын нарийвчилсан хайгуулыг 1964 он гэхэд хийж дуусгахыг үүрэгджээ. Нарийвчилсан хайгуулын ажил хугацаанаасаа нэг жи­лээр хоцорч дуусчээ. Ингээд оросууд зэсийн дажгүй нөөц­тэй ордоо нэг хэсэгтээ нам жим орхисон байна. Бай­галь-Амурын төмөр замын ажил эхлэх үед буюу 1975 онд ордын хайгуул дахин үргэлжилжээ. Үүнээс хойш таван жилийн хугацаанд нарийв­чилсан хайгуул хийн хагас үйлдвэрийн туршилт явуулж байж нөөцийг нь шинэч­лэн тогтоожээ. ЗХУ-ын Нөөцийн комисс 1981 онд Удоканы ордод цэвэр металлаараа 20 сая тонн зэс бий гэсэн дүгнэлт гаргасан аж. Энэ ордын зэсийн дундаж агуулгыг 1.45 хувь гэж тодор­хойлжээ. Энэ бол 1949-1980 оны турш үргэлжилсэн хайгуулын үр дүн байв. Со­нирхуулж хэлэхэд наяад онд ордын хөрс хуулалтыг цөмийн дэлбэлэх аргаар хийнэ гэсэн хувилбар ч яригдаж байж.
Забайкальск хязгаарын төмөр замын Новая Чара станцаас 30 км зайд орших энэ ордын лицензийг Орос, Америкийн Удоканы уулын компани 1992 онд анх ав­чээ. Лиценз авснаасаа хойш ямар ч ажил хийгээгүй учраас зургаан жилийн дараа Оросын төр мэдэлдээ эргүүлэн авсан байна. Сүүлд нь 2008 онд “Металлоинвест” лицензийг 15 тэрбум руб­лиэр худалдан авчээ. Тэр­бумтан Алшир Усмановын “Металлоинвест”-тэй Олег Дерипаскагийн “Союз­металл­ресурс”, Михаиль Прохоровын “Норникель”, “Русская мед кон­сорциум” өрсөлдөж байж. “Металлоинвест”-ын хувьд “Михайловский ГОК” нэрийн дор өрсөлдөж энэ ордын эзэмшигч бол­жээ. Удоканы ордыг өнөө­дөр “Металлоинвест”-ийн бү­­рэл­дэхүүнд багтдаг “Бай­­галийн уул уурхай” гэдэг компани хариуцан ажилладаг. “Михайловский  ГОК” лицензээ авсныхаа дараа охин компани болох “Байгалийн уул уурхай”-д шилжүүлэн өгсөн түүхтэй аж. 2010 оноос энэ ордод дахин хайгуул хийсэн байна. 2.5 мянган метр уулын далд малталт гэх мэт өчнөөн ажил өрнүүлсний эцэст Удоканы ордын нөөцийг дэлхийд хүлээн зөвшөөрөгддөг JORK стандартаар баталжээ. Уг ордын зэсийн нөөц цэвэр металлаараа олон улсын стандартаар 25.7 сая тонн, хүдрийн нөөц нь 2.7 тэрбум тонн гэж гарчээ. Удокан ордын ил аргаар олборлох уурхайн хэмжээний хүдрийн нөөц 795 сая, зэсийн нөөц цэвэр металлаараа 9.9 сая тонн гэдгийг ордыг эзэмшиж буй компани хайгуулаараа нотолжээ.
2011 онд хайгуулыг дахин эхэлж, 2012 оны есдүгээр сар хүртэл үргэлжлүүлж, үйлд­вэрлэлийн туршилт хийсний үр дүнд хүдрээс зэсийг 89 хувийн металл авалттайгаар гаргаж авах боломжийг тог­тоосон байна.
2010 оны арваннэгдүгээр сард уг ордын лиценз  эзэмшигч ком­пани Забайкальскийн удирд­­лагатай нийгэм, эдийн зас­гийн гэрээ байгуулжээ. 2012 оны намар олон ул­сын инженерингийн “Флюр” компаниар ТЭЗҮ-ээ хийл­гэхээр болжээ. “Флюр”-ыг Сайншандын аж үйлд­вэрийн паркийн ТЭЗҮ дээр ажилласан гэдгээр нь мон­голчууд андахгүй. Өнгөр­сөн оны гуравдугаар сард Оросын засгаас Алс Дорнод болон Байгалийн бүс нут­гийг хөгжүүлэх нийгэм эдийн засгийн хөтөлбөр гэж баталжээ. Удоканы ордыг ашиглалтад оруулах төслийн хүрээнд баталсан аж. Энэ оны хоёрдугаар сард олон улсад нэр хүндтэй “Флюр”, “SRK consulting”, “Knight piesold” зэрэг компаниуд Удоканы ТЭЗҮ-ийг хийж дуусгажээ. Удоканы ордын хүдрийн нөөц JORK стандартаар 2.3 тэрбум тонн гэж гарчээ. Зэсийнх нь нөөц металлаараа 24.6 сая тонн гэсэн дүн гарсан байна. Энэ нь Оросын зэсийн нийт нөөцийн 60 хувь гэсэн үг. Харин манай Оюу толгойн  хувьд 36 сая тонн зэс, 45 сая унци алтны нөөцтэй. Тэгэхээр Удоканыг зэсийн нөөцөөрөө Оюу толгойтой өрсөлдөхүйц гээд ойлгочихож болно. Сүүлийн мэдээгээр Удоканы уулын баяжуулах үйлдвэрийн барилга бүтээн байгуулалтын ажлыг 2015 оны арван­хоёрдугаар сарын 25-нд эхлүүлэхээр төлөвлөжээ. Ашиг­лаж эхлэх хугацаа нь 2017 оны зургадугаар сарын 25. Энэ өдрөөс хойш Удоканы ордоос хүдэр олборлож эхэл­нэ гэсэн үг. Удоканы уурхайг 2024 оноос бүрэн хүчин чад­лаар нь ажиллуулах гэж байна.
“Металлоинвест” анх   “Таван жил хагасын дараа олборлолтыг 12 сая тонн хүдэрт хүргэх, долоон жи­лийн дараа 36 сая тонн хүдэр олборлох” нөхцөлөөр Удоканд эзэн сууж байж. Таван жилийн дараа гэсэн тохироогоор бол өнгөрсөн онд энэ ордын олборлолт эхлэх учиртай байв. Харин ирэх онд хүдрийнхээ олборлолтыг 36 сая тоннд хүргэж нэмэгдүүлэх ёстой байж. Гэтэл өнөөдөр Удокан ашиглалтад ороогүй  хэвээр байгаа. Олборлоход хүнд хэцүү, төвөгтэй нөхцөлд байршдаг, хөрөнгө оруулалт их хэмжээгээр шаардана гэсэн шалтгаан яригддаг.  Дашрамд дурдахад “Металлоинвест” ордыг ашиглахад хэрэгтэй дэд бүтэц, олборлолт дээр “Ростехнологи”, “Норникельс металл”-тай  хамтран ажиллах санал тавин ажиллаж байгаа юм билээ.
Удокан ордыг төлөвлөсөн хугацаанд нь буюу 2013 онд ашиглаж эхлээгүйг Чита мужийн Забайкальск хязгаарын нэгдүгээр орлогч дарга хоёр шалтгаантай гэж тайлбарлажээ. Эхний шалтгаан нь эрчим хүчний дэд бүтэц тавих, хоёрдугаар шалтгаан нь төмөр замын нэвтрүүлэх чадлыг сайжруулах гэнэ. Удоканы ордыг ашиглая гэвэл 500 КВт-ын 1200 км эрчим хүчний шугам тавих шаардлагатай юм байна.
Удоканд эзэн суусан  “Металлоинвест”  Орост хэн бэ?
“Металлоинвест”-ийн эзэн Алишер Усманов бол Оросын шинэ баян. Дэлхийн баячуудыг эрэмбэлсэн “Форбес”-ийн жаг­саалтад 40 дүгээрт бичигддэг эрхэм. Тэр  2013 оны есдүгээр сарын 26-нд “Ордыг ашиглахад зургаан тэрбум ам.доллар хэрэгтэй” хэмээн мэдэгдсэнийг “Ком­мер­сант” онцолжээ. Тус ком­­­­па­нийн зүгээс ордыг ашиг­­­­­лахад 6-8 тэрбум ам.дол­­­­­лар хэрэгтэй гэсэн мэдэгдлийг хийгээд байгаа аж.  “Металлоинвест” төмрийн хүдэр, төмрийн баяжмалыг дэлхийн зах зээлд нийлүүлдэг, нөөцөөрөө дэлхийд хоёрт ордог төмрийн хүдрийн орд эзэмшдэг. Тус компанийн эзэмшдэг ордын нөөц олон улсын JORK стандартаар 14.6 тэрбум төмрийн хүдрийн нөөцтэй нь тогтоогдсон, 150 жилийн турш ашиглах нөөцтэй аварга орд аж. Төмрийн баяж­малын бөөрөнцгийн үйлд­вэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч компани. Өнгөрсөн онд гэхэд ОХУ-ын төмрийн баяжмалын 37 хувийг, төмрийн баяжмалын бөөрөнцгийн 57 хувийг үйлдвэрлэжээ. “Метал­лоинвест”-ийн вант ул­сын эзэмшилд Лебе­динск Михайловскийн уулын баяжуулах үйлд­вэр, Осколоскийн электро металлургийн комбинат, төмрийн хаягдал боловс­руул­даг  “УралМетКом” үйлдвэрүүд  багтдаг.
Удокан Яагаад бидэнд Чухал гэж?
Олборлоход хүнд хэцүү нөхцөлд оршдог гэдэг утгаар нь оросууд өнөөдрийг хүртэл Удокандоо гар хүрээгүй. Сүүлийн жилүүдэд оросууд Удоканоо эдийн засгийн эргэл­тэд оруулна гэж эрчимтэй ажиллаж эхэлсэн нь Оюу толгойтой холбоотой гэж ярь­даг. Биднээс урьтаж хөдлөх сонирхол өндөр байсан ч дэд бүтцийн бэрхшээл, хөрөнгө мөнгөний дутмаг байдлаас болж хөдөлгөж чадалгүй өнөөг хүрсэн нь энэ ордын түүхээс харагддаг. Өнөөг хүртэл гэдэгт Шанхайн уулзалтаас өмнөх өдрүүд орно. Харин Шанхайн уулзалтаас хойш  буюу В.Путин, Си Жиньпин хоёр 40 гаруй гэрээнд гарын үсэг зурж эдийн засгийн цоо шинэ бодитой харилцааг үүсгэснээс хойш байдал өөрөөр эргэсэн. Хамгийн том үр дүн гэхэд л хоёр том хөршийг холбосон төмөр замын маршрут өнөөд­рийнхөөс 700 км-ээр богиносно. Тэдний дунд хийсэн өчнөөн тохирооны зөвхөн нэг хэсэг нь гэхэд л энэ. Цаашлаад худалдаа эдийн засгийн чиглэлийн маш олон бодитой төслүүд хоёр гүрний дунд хэрэгжиж эхлэх гэж байна. Бидэнтэй хамаатай төслүүдийн нэг гэхэд л зэс байна. Тодруулж хэлбэл Удоканы орд. Мон­голын Оюу толгойн зэсийн баяжмалыг авах зах зээл нь Хятад. Оросууд ч удахгүй Удокан ордоос тэдэнд зэсээ нийлүүлж эхлэх нь. Шанхайн уулзалтын үеэр хийсэн том гэрээнүүдээрээ дэлхийн эдийн засагт шинэ зам үүс­гэ­сэн хоёр гүрний аль алинд нь Удоканыг хөдөлгөх сонирхол бий. Өмнө нь хий, ашигт малтмалаа Европ руу зараад мөнгө олчихдог байсан оросууд Украины асуудлаас болж том зах зээлээ алдсан. Удоканыг хөдөлгөе гэж яарахгүй өнөөг хүрсэн нь ч Европ хэмээх том зах зээл өмнө нь байсантай холбоотой. Харин одоо байдал өөрчлөгдсөн. Хятад, Солонгос, Японд хийгээ нийлүүлэхээр болсон ОХУ-д Удоканыг үнэд хүргэх сонирхол ч бий.
Удоканы санхүүжилтийн хувьд бүр анх В.Путиныг Ерөнхий сайд байх үеэс л Хятадтай хамтрах алхам эхэлсэн юм билээ. В.Путины айлчлалын үеэр Хятадад болж буй эдийн засгийн форумын хүрээнд Удоканы эзэмшигчид Хятадын худал­­даа үйлдвэрийн банк (ICBC)-тай санхүүжилтийн урьдчилсан хэлэлцээрт гарын үсэг зурж байж. Саяын Шанхайн уулзалтын үеэр В.Путин Си Жинпин хоёр алс дорнодын ашигт малтмалыгэргэлтэнд оруулах гэрээг үзэглэсэн. Тодруулж хэлбэл Забайкальскийн Удока­ныг зэсийн ордыг хамтран эзэмших гэрээг үзэглэчихлээ.
Удоканыг 2024 онд бүрэн хүчин чадлаар нь ажил­луулна гэж байгаа ч үүнээс ч өмнө  ажиллуулж эхлэх нөхцөл бүрдчихсэн гэсэн үг. Оюу толгойн ил уурхайн олборлолт хэвийн явагдаж буй ч энэ ордын үнэ цэнийн 80 хувь нь агуулагдсан гүний уурхайн бүтээн бай­гуулалтын санхүүжилт хэзээ шийдэгдэх нь бүрхэг хэвээр байгаа.
Бидэнд ийм сул тал бий ч Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй үргэлжлүүлбэл давуу талууд бас бий. Оюу толгойн хувьд нөөцөөрөө Удоканоос илүү, бас алт­ны агуулгатай гэдгээрээ давуу. Оюу толгой төслийг хэрэгжүүлэгч “Рио” бол дэлхийд том тоглогч. “Рио”-д хувь, ашгаа ахиухан авахын тулд баяжмалаа ахиу үнээр борлуулах сонир­хол бий, тэр сонирхлоо хэрэг­жүүлэх хүчирхэг нөлөөг ч урд хөршийн зах дээр тог­тоочихсон. Тэгэхээр дэлхийн хэмжээнд яригдах Оюу толгой гэж том ордын нөөцийн 80 хувь нь агуулагдаж буй гүний уурхайн бүтээн байгуулалтаа цаг алдалгүй үргэлжлүүлэх л бидний хувьд чухал болоод байна даа.

Ц.Баасансүрэн

Categories
мэдээ нийгэм

Өмнөговьд “Оюу толгой”-н ханган нийлүүлэгчид чууллаа

Дэлхийн хэмжээний томоохон бүтээн байгуулалт  болох “Оюу толгой”-н баяжуулах үйлдвэр дээр очоод ирлээ. “Бумбат” нисэх онгоцны буудалд буусныхаа дараа кэмп рүү хөдлөв. Биднийг тосч авсан хөтлөгч  унаанд суумагц бүсээ зүүхийг сануулж сайтын байрлалыг  тайлбарлав. Оюу толгойн бүсэд нэвтрэхийн тулд хүн бүр аюулгүй ажиллагааны сургалтад суух үүрэгтэй.  
Биднийг очсон өдөр ханган нийлүүлэгчдийн аюулгүйн ажиллагааны гуравдугаар форум эхэлсэн юм. Уг форумыг хагас жил тутам зохион байгуулдаг аж. Энэ удаагийн форумд 150 орчим хүн оролцлоо. Зуу гаруй нь “Оюу толгой”-той гэрээтэй ажилладаг компаниудын төлөөлөл бол 50 орчим нь “Оюу толгой”-н ахлах менежерүүд аж.
“Оюу толгой”-н ханган нийлүүлэгч болохын тулд “Рио тинто” компанийн болон Монгол Улсын хууль дүрмийг дагаж, шаардсан бүх стандартыг хангах учиртай юм байна.” Тухайн компанийн бүх түүхийг  харж байж сонгох эсэхээ шийддэг” гэж Оюу толгой ХХК-ийн ерөнхий менежер Марк Слатер онцоллоо.
Форумын үеэр  гэрээт компаниуд хийсэн ажлуудаа танилцуулдаг аж. “Моннис” компани  ажилчдынхаа эрүүл мэндэд хэрхэн анхаарч байгаагаа танилцуулсан бол “Оюу толгой”-г байгуулагдсанаас нь хойш хамтарч ажилласан “Бамбай секурити сервис” ХХК-ийн дэд захирал П.Мягмарсүрэн нийт ажилчид, ханган нийлүүлэгчдийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажилладгаа ярьсан юм. Өнгөрсөн онд “Оюу толгой”-н шилдэг ханган нийлүүлэгч болсон тус байгууллагаас тус газар 670 хүн ажилладаг аж. “Оюу толгой”-д өнгөрсөн жил 2336 компани ханган нийлүүлэгчээр ажиллаж 1.4 их наяд төгрөгийн орлоготой ажилласан байна.
“Оюу толгой”-н бүрэн авто­мат ундны усны үйлд­вэртэй танилц­лаа. “Energy international” компанийнхан 400 мет­рийн гүний усыг цэвэр­шүүлж эрдэсжүүлж гар­гадаг болжээ. Гүний усны давслаг байдал  нь малчдын уудаг уснаас  тав дахин их байдаг аж. Энд эрдэсжүүлсэн цэвэр усаа 18.5 литр баллоноор савлан гаргадаг. Уг үйлдвэрийн хүчин чадал нь 60 метр куб аж. “Оюу толгой” хоногт 500 метр куб ус ашигладаг гэнэ.
Оюу толгойн кампус руу орохын өмнө Соёлын өвийн гэр хэмээх найман ханатай гэрийг сонирхов. Дотор нь дээр үеийн гал тогооны гуулин эдлэлүүд өржээ. Нутгийн хэдэн хөгшчүүл гэрт сууцгаажээ. Биднийг ормогц ингэний хоормогоор дайлж говийн соёлын талаар яриа өрнүүлсэн юм. Энэ гэрт  нутгийн хөгшчүүд ээлжлэн сууж ирсэн хүмүүст говийнхоо соёлыг танилцуулдаг гэнэ. Гадаадаас ирсэн зочид энэ гэрээр заавал орж, говийн соёлтой танилцан зургаа татуулдаг гэсэн. Энэ нь “Оюу толгой”-н хэрэгжүүлж буй  соёлын өвийн томоохон төслийн нэг аж.
“Оюу толгой”-н уурхайд хүнд даацын 28 машин ажилладаг юм байна. Нэг машин гэхэд л 250-300 тонн хүртэлх ачаа ачих чадалтай. Ганц дугуй нь л гэхэд 10-25 мянган ам.долларын үнэтэй. Дугуйны өндөр нь 3,6 метр, нэлээд биерхүү хүн хажууд нь зогсоход жижигхэн харагдах юм. “Оюу толгой”-г сонирхох гэж ирсэн хүмүүс энэ аварга дугуйны хажууд зургаа авахуулдаг жишиг бараг л тогтчихож. Энэ аварга машинуудыг  засах зориулалтын гараашийг ч  барьжээ.
Одоогийн байдлаар ил уурхайд 120-130 метр гүнтэй тойрог үүсчээ. Эндээс хүдрээ олборлож баяжуулах үйлдвэр рүүгээ зөөнө. Ажилчид нь 24 цагаар өглөө оройн ээлжээр ажилладаг гэнэ. Хоногт 220 мянган тонн хүдрийн баяжмал  олборлож байгаа юм байна. “Тойргийн гүний урт 570-580 метр явна гэсэн тооцоотой ажиллаж байгаа” гэж Уурхайн олборлолтын ахлах ажилтан С.Гантогтох хэллээ. Ил уурхайд долоо хоногт хоёр удаа тэсэлгээ хийдэг гэнэ. Өдрийн ээлжинд зуугаад хүн, шөнийн ээлжинд 70-80 хүн ажилладаг байна. Ил уурхайгаас өдөрт 100 мянган тонн хүдэр олборлож анхдагч бутлуур руу зөөдөг аж. Одоогоор “Оюу толгой”-н далд уурхайн ажиллагаа зогссон ч  бүтээн байгуулалтынх нь ажил удахгүй эхэлнэ гэдэг итгэж байгаагаа төслийнхөн хэлж байв.
Сонирхуулж хэлэхэд, Оюу толгойн үйлдвэрийн хэтийн төлөвийн тухайд компани үйлдвэрлэлийн хэмжээгээ нарийн зохицуулж, шаард­лагатай үед хэрэглэгч­дийнхээ захиалгад нийцүүлэх замаар 2014 оны эцэс гэхэд нөөцийн хэмжээгээ хэвийн түвшинд хүргэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ онд нийт 135.000-160.000 тонн баяжмал дахь зэс, 600.000-700.000 унци баяжмал дахь алт үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа юм байна.
Анхдагч бутлуур руу очсон хүдэр баяжмалын үйлдвэрт туузан дамжуургаар дамжин хүрдэг байна. Хэд хэдэн дамжлагад орж бутлагдсан хүдэр хөвүүлэн баяжуулах  хэсэгт ирнэ. Хөвүүлэн баяжуулах хэсгээс гарсан баяжмал  агуулах руу ачигддаг. Эцсийн дамжлага нь баяжмалаа савлах. Ингээд л тус бүртээ  хоёр тоннын баяжмалтай том шуудайнууд агуулахаас урд хөрш рүү ачигддаг байна. Зэсийн баяжмалын анхны экспортын хэмжээ нь 5800 орчим тонн байжээ. “Монголд үйлдвэрлэв” шошготой 576 тонн зэсийн баяжмал ачсан 16 машины цуваа гарч байжээ. Энэ онд 692 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаагаас одоогийн байдлаар 98.3 мянган тонныг нь үйлдвэрлээд байгаа юм байна. Он гарснаас хойш долоо хоногт 6000 орчим тонн баяжмал экспортолжээ.
“Оюу толгой”-н эрүүл мэндийн паспорт гэж гарснаас хойш ажилчдын 1300 орчим хүн ийм паспорттой болжээ. Энэ хүмүүст эрүүл хоол­лол­тын сонголт хийж өгдөг гэнэ. Тэнд “SOS” эмнэлэг ажилладаг аж. Нэг ээлжинд нь 36 хүн ажилладаг аж. Тус эмнэлэгт өдөрт 50-80 хүн үзүүлдэг байна. Ажилчдын 48 хувь нь 21-35 насныхан, 50-иас дээш насныхан хоёр, гурван л хувийг эзэлдэг учраас архаг хууч өвчтэй хүмүүс бага байдаг аж. Сонирхуулж хэлэхэд “Оюу толгой”-д  сэтгэл зүйч тусгай гэрт байрлан ажилладаг болжээ.
Биднийг буцах өдөр говьд бороо орлоо. Төслийн ажилчид “Одоо л зун болж байна” хэмээн олзуурхах нь тэр. “Бумбат” нисэх онгоцны буудалд ирэхэд өглөөнөөс хойш орсон бороо ширүүсч говь нутгийн хөрсийг чийглэсээр үлдсэн юм.

С.Ариунжаргал

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

БИРЖ

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ

Бирж гэдэг бидэндээ шинэ юм болохоос зарим түүхчдийн нотолж буйгаар эртний Мезапотомд, мөн эртний Ромд байсан гэж үздэг. Юутай ч орчин үеийн хэлбэр нь 1602 онд байгуулагдсан Голландын Дорнод Энэтхэг компаниас буй болжээ. Тэд өнөөгийн Индонез руу аялахын тулд бонд гарган зарж хөрөнгө босгожээ. Тийш явсан ашгаа хуваалцана гэсэн найдлагаар хүмүүс бондыг нь худалдаж авсан хэрэг. Хувьцааг нь худалдаж авсан хүмүүс эхний 50 жилд жил бүр 16 хувийн ашиг хүртэж байсан гэдэг. Иймээс биржийн анхны төвлөрөл нь Амстэрдам хот байлаа. Дараа нь Лондонд бирж байгуулагдсан аж. Өнөөдөр дэлхийн дөрвөн том бирж Нью Йорк, Лондон, Хонконг, Токиод бий.
Өнөөгийн ойлголтоор хөрөнгийн бирж гэдэг бол үнэт цаас зах зээлд эргэлдэх нөхцөлийг бүрэлдүүлдэг байгууллага юм. Үнэт цаасны зах зээлийг тодорхойлох, энэ талаар мэдээллийг түгээх мэргэжлийн байгууллага. Хөрөнгийн биржийн гол үүрэг бол: Үнэт цаасны анхны борлуулагч ба түүнийг цааш арилжаалагчийн тухай төвлөрсөн мэдээлэл түгээнэ, Мөн биржийн тэнцвэртэй үнэ тогтооно. Түр зуур чөлөөтэй байгаа мөнгийг хэрэгцээтэй нэгэнд нь зуучилна. Бирж маш нээлттэй ил тод байх ёстой. Арбитраж гүйлгээнд баталгаа өгнө. Хөрөнгийн биржийн танхимд болсон элдэв төрлийн арилжааны баталгааг гаргаж өгнө. Бирж дээр арилжаа хийж буй бүхий л худалдаачдаас ёс зүйн жишиг болон хууль дүрэм журмыг хатуу сахихыг шаардана.
Нэг болон цөөн хүний дийлэхгүй төслийг санхүүжүүлэхэд хөрөнгийн бирж гол үүрэг гүйцэтгэдэг. Хэрэв бирж байгаагүй бол Европыг хэрсэн XVIII зууны төмөр замын сүлжээ босохгүй байсан гэдэг. Төмөр замд төчнөөн хөрөнгө хэрэгтэй байна, нэгж хувьцаа ийм үнэтэй, ашгаа өгөөд эхлэнгүүт хувьцаа худалдан авагсад ийм хэмжээний ашиг олно, иймээс хувьцаа худалдан аваарай гэх маягаар рекламдан олон түмнийг энэ төсөлд татан оролцуулна. Өдгөө том байтугай дунд жижиг төслийг ч компаниуд бирж дээрээс санхүүжүүлдэг. Бирж дээр гарсан компанийг паблик буюу олон түмний гэж нэрлэнэ. Учир нь тэнд заримдаа хэдэн сая хүний хөрөнгө цугларсан байгаа. Ийм учраас паблик компани ил тод, зарцуулж буй цент болгоноо эзэмшигчдэд үнэнч шударгаар илтгэн тайлагнаж байх үүрэг хүлээдэг.
Оюутолгой, Ухаа худаг, Саузгоби сэндс гээд орд эзэмших эрхтэй хэд хэдэн компаниуд сүүлийн үед Монголоос бирж дээр гарсан. Тэгэнгүүт бирж дээр боссон мөнгийг “манай мөнгө” гэж эндүүрдэг явдал их бий. Биржтэй харилцаж үзээгүйн зовлон байх. Эсвэл “манай нэрийг ашиглачихлаа” гэх гомдол. Эрх бүхий төрийн байгууллага нь зөвшөөрөөгүй бол дураараа хүний ордыг бирж дээр гаргахыг зөвшөөрөхгүй, ийм юманд хүмүүс ч мөнгө өгөхгүй л дээ.
Бирж бол яг л казино шиг бөөн эрсдэл. Мэргэч төлгөч нарыг эс тооцвол маргааш юу болохыг, эдийн засгийн байдал хаашаа эргэхийг хэн ч мэддэггүй. Дампуурал энд тэндгүй л болж байдаг. Саузгоби сэндс компанийн бирж дээр босгосон мөнгө 2010 онд дөрвөн тэрбум доллар хүрч байсан. Одоо 200 сая болтлоо 20 дахин уначихаад байгаа. Францын нэгэн иргэн энэ орд, эзэмшиж буй компани, Монголын хууль, Засгийн газар зэрэгт нь итгээд ийш нь 400 доллар оруулсан гэж үзвэл мань хүн одоо 20 доллартай болчихоод дээрх итгэсэн болгоноо хараагаад, өөрийгөө зүхэж суугаа гэсэн үг. Энэ дэлхий дээр хэдэн тэрбум хүн бирж дээр “тоглож” байгаа. Өнөөгийн хүмүүс хадгаламжаа банк, үл хөдлөх хөрөнгө, бирж дээрх үнэт цаас гэсэн хэдхэн хэлбэрээр хадгалах буюу өсгөдөг. Өдгөө үнэт цаас хэлбэрээр хадгалж өсгөнө гэж найдах хэлбэр нь илэрхий давамгай болжээ. Үнэхээр аз нь шовойвол гарч өгнө л дөө. 1970 онд Нокио компани холбооны салбар руу шилжихэд хувьцаа авсан бүх хүмүүс 20 жилийн дараа бүгд саятан болсон гэх. Гэнэт шовойдоггүй юм гэхэд тогтмол өсөөд явдаг олон компани бий. Энэ нь эрсдэл багатай, банкнаас хамаагүй дээр. Биржээр дамжуулан эдийн засгийн ерөнхий байдлыг тандаж болно. Доу ба Жонс нарын 150 жилийн өмнө буй болсон компани өдгөө АНУ-ын 50 том компанийн хувьцааны өсөлт бууралтыг шинжин Доужонсын индекс гэдгийг гаргадаг. Гэхдээ л алдана. 1929 оны биржийн хямрал эгээтэй л дэлхийг хөмрөх шахсан.
Бирж дээр тухайн үеийн үнэ тогтдог учир компаниудаас гадна бараг бүх төрлийн түүхий эд болон бүтээгдэхүүн борлогддог. Манайд алтны нинжанаас эхэлж дараа нь чэнж болж улмаар бирж дээр тоглодог болсон сүрхий залуус ч бий. 15 жилийн өмнө унц нь 230 доллар байсан алт саяхан 2000 хүрээд эргээд буулаа. Ямар ч банк ингэж өсгөж чадахгүй. Холивүүдийн кино болгон эхлээд бирж дээр зарлагдана. Мундаг найруулагч, жүжигчин, зохиолч орсон киноны хувьцаа их өсөх нь мэдээж. Гэвч дэлгэцэнд гарсан хойноо шатах нь элбэг шүү дээ. Шатвал тийш мөнгө оруулсан хүмүүсийн хохь. Ингэхээр хүн болгон эрсдэлээ бодож, азаа үзэх болдог.   
Бирж буй болсноос эхлээд л янз бүрийн заль булхай гарч байсан. Бирж дээрх үнийг хиймлээр өсгөж байгаад гэнэт унагах үзэгдэл анх 1711 онд Лондонгийн бирж дээр гарч байсан гэдэг. “Монте Кристо гүн” хэмээх зохиолд бирж дээр хиймлээр үнэ өсгөж байгаад унагах мэх гардгийг манайхан уншсан байх. Одоо ийм болхи арга явцгүй, тэгээд ч хуулиар хориотой. Гэхдээ л гардаг юм. 1998 оны Индонезийн алтны уурхайн хэргийг саная. Тэнд асар их баялагтай орд олж түүнээ бирж дээр гаргасан. Алтны хүдрийн дээжийг уурхайгаас лацдан тусгай зөвшөөрөлтэй лабораторид өдөр болгон шинжлүүлж байх ёстой. Гэтэл нэг удаа хүн амины хэрэг гарлаа. Үүний шалтгаан нь уурхайгаас гарсан дээжийг замд нь сольж илүү орцтой болгодгоос үүдэлтэй аж: Энэ нь бирж дээрх уг ордын үнийг өсгөж байж. Энэ булхай илрэнгүүт биржийн үнэ огцом унаж сая сая хүн хохиров. Энэ нь даамжран Индонез, Малайзаар дамжин зүүн Азийг тэр чигээр нь хамарсан эдийн засгийн хямрал болсон (1998 оны Азийн хямралыг санаж байна уу?) билээ. Эмзэг болсон эдийн засаг дээр тоглодог бизнесчид ч бий. Хамгийн алдартайн нэг нь Жорж Сорос. Азийн хямралыг Сорос буй болгосон хэмээн Малайзын Ерөнхий сайд Махатир бухимдаж байсан нь тийм ч худал гүтгэлэг биш байх.
Уул уурхайн жуниор гэх компаниуд гол нь биржийн үнийн хазайлтад найдан тоглолт хийдэг. Энэ нь заль мэх биш, ердөө л хөдөлмөрийн хуваарь. Тэд өөрийн эрсдэлээр орд газар хайн олж түүнээ хүн худалдаж авахуйц додомдсоны дараа жинхэнээсээ ашиглах том компанид худалдан ашиг олно. Ингэхийн тулд эхлээд бирж дээр томоохон “панаал үсэргэж” мөнгө босгох шаардлагатай. Дэлхийн уул уурхайн хамгийн том компани болох Би Эйч Пи өчнөөн хөрөнгө заран хайгуул хийгээд юу ч олоогүй хаяад явсан Оюутолгой гэх сэжигтэй газарт Айванхо хэмээх жуниор компани орж иржээ. Тэд Би Эйч Пи-гээс илүү хөрөнгө заран хайгуул хийж асар том орд олсон байна. Энэ хөрөнгийг бирж дээрээс босгосон. Ингэхийн тулд эзэн нь болох Робэрт Фридланд гэгч нь дэлхийг тойрон панаал үсэргэжээ. Монгол бол нуль баялагтай орон. Оюутолгойд асар их баялаг байгаа нь бараг баталгаатай, Монголын хууль бол тэр чигээрээ шударгын хэмжүүр, Монголын Засгийн газар бол хүний хайлан болсон байгууллага, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь хүний түүхэнд гараагүй ухаалаг хөдөлмөрч, номтой шударга улс, Шүүхийн тогтолцоо нь дээд эрэмбэ, Оюутолгой руу одоо 5 доллар оруулахад тун удахгүй 100 доллар болоод л босоод ирнэ. Мань Фридланд ёстой бүлтэрсэн дээ. Гэтэл манай нэг англитай нөхөр тэрийг нь интернэтээс олж уншаад “Фридланд Монголоос 5 доллараар зэс аваад цааш нь 100 доллараар зарж биднийг маллаж байна” хэмээн зурагтаар зарлах нь тэр. Түүнээс хойш 10 жил өнгөрчихөөд байхад одоо болтол огт ашиглагдаагүй, тэндээс юу ч зарж борлуулж амжаагүй л байгаа шүү дээ. Ингээд бүх ард түмний бослого хөдөлгөөн эсэргүүцэл өрнөж, толгойтой болгон нь эх орныхоо төлөө хэнхэдгээ балбаж гарсан билээ.
Оюутолгойд хайгуул хийх үнэ өртөгтэй ажлын явцад бирж дээрх үнэ нь дээшээ 25 доллар хүрч байсан бол 2007 онд нэг доллар болтлоо унаж байв. Энэ бол хайгуулд мөнгө олдохоо болилоо гэсэн үг. Биржийн үнийн ийм савлалт нь үүнийг мэдэж байсан, зохион байгуулж байгаа хүнд асар ашигтай тусна. Магадгүй үүнийг цаанаас нь хэн нэгэн спекулянт (Жишээ нь Фридланд өөрөө?) зориуд зохион байгуулсан байж болох. Нэг улс төрчөөр амлуулж биржийн үнийг өсгөж байгаад, хэдэн эх орончийг дараа нь хөлслөн юм хум эвдүүлэн жагсаал суулт зохиолгуулж тэрийгээ дэлхий даяар шуугиантай рекламдах замаар биржийн үнийг огцом унагахад уг этгээд асар их мөнгө унагаж болно. Ийм зориудын үйлдэл хуулиар хориотой. Гэвч биржийн тухай ямар ч ойлголтгүй хүмүүсийн эх оронч догдлол гэж харагдуулан тайлбарлахад хэн үгүй гэх юм бэ?
Ямар ч төгөлдөр хуульд цоорхой олж болно. Чухам ийм цоорхой олж хагартлаа баяжсан нэгэн эрхмийн тухай “Воол стритийн чоно” хэмээх кино хийсэн нь дэлхий даяар алдаршиж, Оскарын шагналд олон төрлөөр нэр дэвшсэн билээ. Энэ хүн хууран мэхлэлтийнхээ төлөө шоронд суусан, өөрийнх нь үгээр одоо бол засарсан. Киног түүний өөрийнх нь дурсамж номд үндэслэн бүтээсэн. Түүнийг Жордан Бэлфорд гэдэг. Нас тогтсон тэрээр өдгөө дэлхийг тойрон биржийн тухай лекц уншин, өөрийнхөө хэрэглэж байсан заль мэхийн тухай өгүүлэхийн зэрэгцээ, буруу замаар будаа тээхийн хор холбогдлыг залууст ойлгуулан ярьж явна. Тэр удахгүй манайд ирэх гэнэ. Сонсоход сонин түүх ярих буйзээ. Тэр хамгийн гол нь юуг ч зарж чаддаг төрөлхийн авьяастай нэгэн. Монгол түүнд таалагдвал нэгэнт хөөгдөөд гарсан хөрөнгө оруулагчдыг панаалдаж байгаад эргүүлээд аваад ирэх ч юм бил үү? Фридландаас дутахгүй Монголыг магтаж (мэдээж худлаагаасаа) үнэ оруулж чадна. Цаана чинь жалгын эх оронсогууд хөрөнгө оруулагчдыг хөөж гаргачихаад архины мөнгөгүй болчихсон шартаад сууж байна. Ноднин надад нэгэн сумын Засаг дарга ярьсан шүү: Сумын ажилгүй сайхан гарууд даргын өрөөнд халамцуу орж ирэн загнаж гэнэ:
-Тэр муусайн эдийн засгийн алуурчдаа эргүүлээд аваад ир. Яасан үг даадаггүй гулзгайнууд вэ! Тоглоом ч ойлгохгүй, эр улс байж юун ч гомдомхой, хүүхэн зантай шаарууд вэ!
2014.5.25

Categories
мэдээ улс-төр

Чуулганаар ийм асуудлууд хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар дараахь арван асуудлыг хэлэлцэхээр хуваарь гарчээ. Үүнд:
-УИХ-ын Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/:
-Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл,  2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон “Чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх үргэлжилнэ/.
-“Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ыг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх үргэлжилнэ/.
-Гэмт хэргийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/:
-Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/:
-Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлт:
-Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2014.5.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
-“Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай ”  Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.5.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
– Хууль санаачлагчийн илтгэлийг Уул уурхайн сайд Д.ГАНХУЯГ танилцуулна;
-Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
-Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар нар 2013.5.02-ны өдөр, Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар нар 2013.8.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хувьцаа эзэмшигчдийн эрх, ашгийн тухай, эцсийн хэлэлцүүлэг/: