Categories
мэдээ нийгэм

14 автобусны буудал шинээр байгуулан, 50 буудлыг стандартын дагуу тохижуулжээ

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Тээврийн газраас 2018 оныг “Иргэдийн оролцоотой тээвэрлэлтийг сайжруулах жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн талаарх иргэдийн санал хүсэлтийг 24 цагийн турш хүлээн авч, иргэдэд хүргэх нийтийн тээврийн үйлчигээний хүртээмжийг нэмэгдүүлэх, цагийн хуваарьт өөрчлөлт оруулах, нийтийн тээврээр зорчих нөхцлийг хангах, автобуснаас ялгарах утааг бууруулах зэрэг хэд хэдэн ажлыг хийгээд байгаа юм. Эдгээр болон зарим онцлох ажлуудынхаа талаар өнөөдөр нийслэлийн Тээврийн газраас мэдээлэл хийлээ.

Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын дунд зарласан болзолт уралдааныг дүгнэхэд иргэдийн санал чухал үүрэг гүйцэтгэнэ

Нийслэлийн Тээврийн газраас нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах, аж ахуйн нэгж, байгууллагад тавигдах стандартын шаардлага, гэрээний үүргийн биелэлт, сахилга хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд болзолт уралдааныг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.

Нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа “Энэхүү болзолт уралдаан нь энэ сарын 22-ноос арванхоёрдугаар сарын 14-н хүртэл үргэлжилнэ. Болзолт уралдааныг шүүж, шалгаруулахад иргэдээс нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой ирүүлж буй санал, хүсэлт, гомдол чухал үүрэг гүйцэтгэнэ. Иргэд санад, хүсэлтээ нийслэлийн Тээврийн газрын 70044040 утсаар 24 цагийн турш холбогдон өгөх боломжтой. Мөн Тээврийн газрын болон “нийтийн тээвэр – public transport UB”цахим хуудсуудаар мэдээлэх боломжтой. Дээрх дугаар, цахим хуудасны хаяг нь бүх автобусны суух болон буух хаалган дээр байрлуулсан байгаа” хэмээв.

Шинээр хоёр чиглэлийг нээж, 11 чиглэлийн замналд өөрчлөлт оруулжээ

Нийслэлийн Тээврийн газраас 2018 онд нийтийн тээврийн үйлчилгээнд хийсэн судалгаа, иргэд аж ахуйн нэгж байгууллагуудаас ирсэн санал хүсэлт, зорчих эрэлтэд үндэслэн нийт 11 чиглэлийн замналд өөрчлөлт оруулж, хоёр чиглэлийг шинээр нээсэн байна.

Тухайлбал Ч:66, Ч:65 буюу Зайсан – 11-р хороолол, Офицеруудын ордон – Зайсан гэсэн хоёр шинэ чиглэл нээн, үйлчилгээнд явуулж байгаа аж.

Ингэснээр үйлчилгээ хүрээгүй суурьшлын цэгт шинээр үйлчилгээ хүрч, иргэдийн зорчих эрэлт хангагдаж, нийтийн тээврээр зорчиход зарцуулах хугацааг багасгасан байна.

“Үүнээс гадна 21 чиглэлийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Хамгийн сүүлийн автобусны цагийг хойшлуулж орой буулгадаг болгосон. Мөн өглөөний ачааллын үеэр дан ганц эцсийн зогсоолоос автобуснууд хөдөлдөггүй, дундын зогсоолоос нэмэлт автобуснуудыг явуулах зохицуулалт байна. Цаашдаа иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт болон хотоос хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдтэй уйлдуулан нийтийн тээврийн хуваарьт өөрчлөлт оруулаад явна” хэмээн нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа ярилаа.

14 автобусны буудал шинээр байгуулан, 50 буудлыг стандартын дагуу тохижуулсан байна

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр нийтийн тээврийн үйлчилгээний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс автобусны зогсоолын талбайг шинээр гаргах ажлын хүрээнд 2018 онд нийслэлийн иргэдээс ирүүлсэн санал хүсэлтэд үндэслэн тус газраас Тээврийн цагдаагийн алба, нийслэлийн Авто замын хөгжлийн газартай хамтран 14 зогсоолын талбай гаргах ажил бүрэн хийгджээ. Дээрх 14 зогсоолыг өнгөрсөн сарын 22-ны өдрөөс ашиглаж эхлэн өдөр тутам 29 чиглэл дайран өнгөрч, өдөр тутам нийт 3000 орчим зорчигч үйлчлүүлдэг аж.

БЗД, Гачууртын авто зам 15-ын зогсоол

Нийслэлийн Тээврийн газар нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Жэй Си Дэко Монголиа ХХК-тай байгуулсан хамтран ажиллахгэрээний дагуу 2018 онд нийслэлийн нутаг дэвсгэрт нэр бүхий 50 байршилд дэлхийн стандартад нийцсэн автобусны зогсоолын байгууламж барьж ашиглалтанд оруулсан. Эдгээр тохижилтыг зөвхөн хотын төв хэсэгт бус Зунжин, Ар согоот, Салхит, Толгойт, Буянт Ухаа, Яармаг Нисэх зэрэг хотын захын хэсгүүдээр мөн баригдаж, зорчигчийн тав тухтай аюулгүй байдлыг хангасан томоохон ажил болсон байна.

ХУД, “Иргэний нисэхийн ерөнхий газар” зогсоол

Автобусны чиглэлийн хаяг, гарааш дугаарыг нэг загварт оруулав

Нийслэлийн Тээврийн газрын даргын тушаалаар нийтийн тээврийн хэрэгслийн гарааш дугаар болон чиглэлийн хаягийг нэг загварт оруулан баталжээ.Ингэснээр нийтийн тээврийн үйлчилгээнийчиглэлүүдийн хаяг иргэдэд илүү тодорхой ойлгомжтой, харагдахад хялбар болсон юм.

Автобусанд байрлах чиглэлийн хаягийн харагдах байдал

“DPF” шүүлтүүр автобуснаас ялгарах хар утааг 97 хувиар бууруулж байна

Япон Улсын Олон Улсын Хамтын Ажиллагааны “ЖАЙКА” байгууллага, Зам, Тээвэр хөгжлийн яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран нийтийн тээврийн үйлчилгээний Дизель хөдөлгүүртэй 24 автобусанд (РМ) хөө тортогжилтыг шүүгч DPF төхөөрөмжийг 2 жилийн хугацаанд тавьж турших нарийвчилсан судалгаа хийх санамж бичгийг байгуулсан. Манай улсад ашиглагдаж байгаа хүхэр ихтэй дизель түлшинд ашиглах боломжтой “DPF” шүүлтүүрийг өнгөрсөн 7, 8-р сард нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ, Сутайн буянт ХХК-ийн 24 автобусанд суурьлуулсан ба бодит туршилтаар хар утааг (PM) 97% хүртэл бууруулж байна.

Шүүлтүүрийн бохирдлыг автобусан дотор суурилуулсан хяналтын дэлгэцээр тогтмол хянадаг бөгөөд бохирдсон шүүрийг тусгай зориулалтын цахилгаан зууханд хийж өндөр хэмд шатааж цэвэрлэн гарсан хар утаа (PM)-ын шүүлтийн хэмжээг жигнэж байна. Туршилтаар өдөрт нэг автобусны шүүлтүүрээс дунджаар 175 гр хар утаа (PM)-ын ялгарч байгаа бөгөөд суурилуулснаас хойшхи хэмжилтийн дүнгээр тооцоход дээрх 24 автобуснаас ялгарах 204.6 кг хөө тортогийг агаарт хаягдахаас сэргийлсэн байна.

Дээрх тооцооллоор Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж буй их багтаамжийн бүх автобусанд энэхүү шүүлтүүр (DPF)-ийг суурилуулсан тохиолдолд Хар утаа (PM)-ын жилийн ялгарлыг 43.8 тонноор бууруулах боломжтой гэсэн тооцоо гарч байгаа юм байнагэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *