Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

133 дугаар сургууль дөрвөн ээлжээр хичээллэж байна

133-р сургуулийн багш, ажилчдын төлөөлөл өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тус сургууль нь өөрийн гэсэн хичээлийн байр байхгүй тул “Монгол тэмүүлэл” лаборатори сургуулийн байранд үйл ажиллагаага явуулаад хоёр жил болж байна. Сургуулийн байр барих газрын асуудлыг яаралтай шийдэхгүй бол байдал улам хүндэрч байгаа аж.

133-р сургуулийн Үйлдвэрчний хорооны дарга Д.Өсөхцэцэг:

Манай сургууль 2017 оны есдүгээр сарын 22-ноос албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 1500 гаруй хүүхэд 60 гаруй багш ажилтантай, анги дүүргэлт бол 50-60 хүүхэдтэй. “Монгол тэмүүлэл” лаборатори сургуулийн байранд сургалт хүмүүжлийнхээ ажлыг явуулаад хоёр жил болж байна. Тус сургууль кембрижийн сургалттай, нэг ангид 7-14 хүүхэд л байдаг. Тавдугаар сарын 7-нд УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй хүмүүс нөхцөл байдалтай танилцахдаа ойрын хугацаанд сургуулийн байр барих газрын асуудлыг шийдэж өгнө, есдүгээр сарын нэгэн гэхэд ашиглалтанд оруулж өгнө гэж мэдэгдсэн. Одоогоор ямар ч хариу ирээгүй байна. Багш ажилчид минь төрийн гурван өндөрлөгийн нэгийг ирсэн учир сургуулийнхаа ажлыг хурдан шийдэгдэх байх хэмээн хөөрцгөөж байлаа. Биологи, химийн ангид л гэхэд ганц ширхэг микроскоп, хурууны шил ч байхгүй л байна. Хэдэн оны сургалтаар хэдэн жил сургалт явуулах гэсэн юм бэ. Яг үнэндээ хичээл дөрвөн ээлжээр хичээллэдэг. 08:00, 11:30, 13:30, 15:30 гэсэн хувиараар ордог. Орой 19:30 цагаас хичээл тарж байна. Бид өнөөдөр багш нарынхаа эрхийн талаар ямар нэг зүйл яриагүй байна. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд маш олон заалт байдаг боловч бодит байдал дээр хэрэгжихгүй байна.

133-р сургуулийн захирал С. Дэжидсүрэн:

Манай сургууль Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрладаг. Тус дүүрэгт 4000 орчим сургуулийн насны хүүхэд байдгаас харьяаллын дагуу 1500 хүүхэд манай сургуульд суралцдаг. 26 дугаар хороонд байдаг ганц улсын сургууль нь. 133-р сургууль анх байгуулагдахдаа “Монгол тэмүүлэл” лаборатори сургуулийн нэг, хоёрдугаар давхарт үйл ажиллагаа явуулахаар болсон. Сургууль барих төсөл батлагдаж, барилга барих компани нь бэлэн болсон байгаа. Газар дээрээ л гацчихаад байна. Бид одоо санаа амар амраад явчихвал энэ асуудал хэвээрээ, үлдэж маш олон хүүхэд хохирох болоод байна шүү дээ.

133-р сургуулийн Бага боловсрол хариуцсан менежер Ч. Энхцэцэг:

Одоогоор 15 танхимд 36 бүлэг хичээллэж байна. Энэ жил 698 хүүхэд шинээр элсэн суралцана. Манай сургуульд 430 хүүхэд харьяалалтай байгаагаас 200 нь бүртгүүлээд байгаа. Үлдсэн хүүхдүүдийг 48 болон 97-р сургуульд хуваарилахаар болсон. Үүнд эцэг, эхчүүд бухимдалтай байгаа. “Монгол тэмүүлэл” лаборатори сургуулийн зүгээс биднийг дараа жил өөр байр олох шаардлагатай гэж мэдэгдсэн. Дүүргийн боловсролын хэсгээс түрээсийн байр хай гэсэн. Дөрөвдүгээр сараас хойш түрээсийн байр хайж байна. Гэвч Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд түрээс өндөртэй байдаг. Ойролцоогоор нэг ангийн түрээсэнд сард гурван сая таван зуун мянган төгрөг төлөхөөр болчихоод байна. Бидэнд энэ их хөрөнгийг шийдэх боломж байхгүй.

Мэдээллийн төгсгөлд тус сургуулийн нийгмийн ажилтан болон эцэг, эхийн төлөөллөөс сэтгэгдлийг нь сонссон юм.

Хүүхдүүд хичээлийн бусад цагаар дугуйлан, секцэнд хамрагдаж чадаж байгаа юу?

133-р сургуулийн нийгмийн ажилтан н.Ариунаа: Хичээлийнхээ хэдэн цагт суучихаад л тардаг. Хичээлээс гадуурх дугуйланд суух байтугай хичээлээ давтах анги ч байхгүй. Хүүхдийн хөгжих орчин бүрдэхгүй байна. Биеийн тамирын хичээл орохдоо нэг дор хоёроос гурван анги ордог. Тэгэхээр 150 гаруй хүүхэд нэг дор хичээллэж байна гэсэн үг. Байдал ийм л байна.

Анги танхим хүрэлцээгүй байдал нь танай хүүхдийн сурлагад хэрхэн нөлөөлж байна. Цаашид сургуулийн байрны асуудал шийдэгдэхгүй бол яах бодолтой байгаа вэ?

Эцэг, эхийн төлөөлөл Ц. Дашцэвэг: Манай өрхийн эмнэлэг ачаалал ихтэй. Хоёр хүүхэд маань өвлийн турш ханиадтай байлаа. Угаасаа мөнхийн чийгэн дунд сурч байгаа юм чинь аргагүй биз. Эрхэм түшээд бол ирээд 10 минут ч болж чадахгүй гараад явсан. Анги танхим бол үнэхээр хэцүү, агааржуулалт гэх юм юу ч байхгүй. Бид дөрвөн сараас хойш л газрын асуудлаар хөөцөлдөж байна. Эхлээд жагслаа, дараа нь хэвлэлийн бага хурал хийсэн. БСШУСЯ-ны урд хүртэл очиж жагссан. Гэтэл энэ бүхнээс болж сургуулийн захирлыг дарамталж байгаа байдал илэрсэн. Бидний шаардлагын дагуу газар дээр нь УИХ-ын дарга ирээд “Их хурал бол ярьдаг газар биш хийдэг газар. Энэ асуудлыг бид долоо хоногийн дотор шийднэ” гэсэн боловч одоо болтол хариу алга. Байдал өөрчлөгдөхгүй бол цаашдаа эцэг, эхийн төлөөлөл бид энэ хүмүүсийг огцортол тэмцэх болно. Бидний сэтгэл зүйгээр ингэж тоглож болохгүй. Хийвэл хийсэн шиг хийж чадахгүй бол ажлаа хүлээлгэж өгсөн нь дээр гэж бодож байна. Газрын асуудал шийдэгдэхгүй бол хоёр хүүхдээ өөр сургууль руу л шилжүүлье гэсэн бодолтой байна даа.

У. УРАНБИЛЭГ

Г. БУЯНХИШИГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *