Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уугуул М.Даваажав
“Өдрийн сонин”-ы “Хэлэх эрхийн индэр”-ээр дамжуулан Батлан хамгаалах яам, Монголын ахмад дайчдын холбоонд дараахь сонордуулах гэсэн юм. Юуны өмнө Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын хоёрдугаар багийн өндөр настан Маарын Цогдог гуайн тухай товч өгүүлье. Тэрбээр өнөө жил 104 нас хүрсэн боловч өвчин зовлон байхгүй, ялимгүй чих нь хатуурсан ч ухаан нь эрүүл саруул, нэг насны хань болсон 97 настай хөгшнийхөө хамт Шинэ-Идэр сумынхаа төвд амьдарч байна. М.Цогдог гуай 1941-1945 онд ардын цэргийн алба хашиж, тухайн үедээ Хэнтий аймагт байрлаж байсан Ардын цэргийн отрьяд болон Улаанбаатар хотод дөрвөн жил албаа нэр төртэй хашиж халагдсан байдаг. Энэ тухай БХЯ-ны архиваас холбогдох лавлагаа баримтыг түүний охин нь олж авчээ. Тэрхүү баримтад цэрэгт татагдсан он сар өдөр, алба хаасан анги, цэргээс халагдсан хугацаа зэргийг тодорхой дурдсан байгаа. Цэргээс халагдсаныхаа дараа нутагтаа нэгдлийн малчин, тоо бүртгэгч, цахилгаан моторчин зэрэг ажил хийж байгаад 1970-аад оны дундуур өндөр насны тэтгэвэртээ гарчээ. Харамсалтай нь 104 настай энэ өвөө өнөөдрийн Монголын ахмад дайчдын бүртгэлд нэр нь байхгүй. Өөртэй нь хамт өтөлж яваа эмгэн, ганц охинтойгоо хөдөөд амьдардаг, мэдээлэл муутай энэ буурлыг албан ёсоор ахмад дайчдын бүртгэлд оруулахад орон нутгийн төр захиргааны байгууллагын анхаарал дутагдсан байж болох юм. Ямартай ч энэ ахмад дайчны эрх ямбыг эдлэх нь бүү хэл албан ёсны бүртгэл тооцоонд ороогүй байна. Зуу давсан өндөр настан гэлтгүй ахмад дайчид улам бүр цөөрч буй өнөө үед төр засаг, БХЯ холбогдох байгууллагууд энэ буурлыг анхааралдаа авч, зохих дэмжлэг, хайр хишгийг хүртээгээсэй билээ. Ингэж гэмээнэ 104 настай М.Цогдог гуай төдийгүй Шинэ-Идэрчүүд, нутгийн зон олон маань ихээхэн баярлах болно.
“Өдрийн сонин”-ы “Хэлэх эрхийн индэр“-т оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 99650208 дугаарын утсаар холбоо барина уу.
Тэмдэглэл хөтөлсөн Э.МӨНХТҮВШИН
С.ЦОМОРЛИГ