Баярын өдрүүдэд хоолны хордлогод орох иргэдийн тоо ихэсдэг. Тэгвэл битүүн, шинийн нэгний байдлаар түргэн тусламжийн 103 утсанд хоолны хордлоготой холбоотой дуудлага ирээгүй байна. Хэрвээ хоолны хордлогод орсон бол гэрийн нөхцөлд ямар арга хэмжээ авах талаар зөвлөгөө хүргье.
Бөөлжих
Хоолны хордлого тайлах хамгийн сайн арга бол бөөлжих. Та 100 мл усанд 20 гр буюу 2 цайны халбага давс хийхээр тооцон 1 цагийн дотор 1-2 литрийг хүчлэн уух хэрэгтэй. Ингэснээр давс ходоод болон бүдүүн гэдсэн дэх салст бүрхэвчийг үрэвсүүлсэн бактерийг үхүүлдэг. Ихээр бөөлжвөл хүн шингэний дутагдалд ордог учраас 15 минутын зайтай ус бага багаар уух хэрэгтэй. Бага зэрэг содатай ус уувал бүр илүү сайн.
Эм уух
Хоол боловсруулах үйл ажиллагааг эрчимжүүлдэг эм хэрэглэж болно. Мөн гүйлгэдэг эм уувал хор хурдан гадагшлах бөгөөд идэвхжүүлсэн нүүрс эмийг 4 цагийн зайтай 4 ширхэгээр уудаг. Гэхдээ хоногт 12-оос илүү шахмалыг ууж болохгүй шүү.
Гэдэс цэвэрлэх
Хэрэв өвчтөн шингэн юм ууж хүчлэн бөөлжих чадваргүй байвал гэдэс цэвэрлэж болно. 1 литр буцалсан усанд 2 хоолны халбага давс хийгээд бүлээн байхад нь шулуун гэдэсээр бургуйдаж болно. Ингээд 10 минут хажуулдаж хэвтэхдээ баруун хөлөө нугалаарай. Хор хурдан гадагшилна.
Хордлогын үед гэдсэнд салст тогтоох үүднээс зутан, цагаан будааны шүүс зэргийг идэх хэрэгтэй. Мөн талх дангаар нь идэх нь их сайн байдаг. Хэрэв хордлого тайлагдахгүй 2-3 хоног үргэлжилж, тамирдан, нүдний цөцгий шарлаж, хэвлийгээр өвдөн цусархаг суулгах зэрэг шинж тэмдэг ажиглагдвал яаралтай эмчид хандаарай.
Б.Наран