Categories
мэдээ нийгэм

“1000-инженер” бэлтгэх хөтөлбөрт 400 гаруй багш, судлаач, оюутан хамрагджээ

БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй “Инженер технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Япон улсын их сургуулиудад магистр, докторын сургалтад хамрагдсан эхний ээлжийн оюутан, судлаачид өөрсдийн хамгаалсан сэдвийн онол, практикийн ач холбогдлыг нийгэм, олон нийтэд таниулан түгээж, хамтарсан судалгааны багуудын хооронд мэдээлэл солилцох зорилгоор “1000-инженер” нээлттэй илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийлээ. “Инженер технологийн дээд боловсрол” төслийг өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, багшлах хүний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчин чанарыг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газар, БСШУСЯ, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай хамтран 2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд төсөл хэрэгжих явцдаа 1000 хүнийг Япон Улсад инженер, технологийн чиглэлээр сургахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар нийт 400 гаруй багш, судлаач, оюутнууд Коосэн болон Бакалаврын хамтарсан хөтөлбөр, хамтарсан судалгааны хөтөлбөрүүдэд хамрагдаад байгаа юм.

БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан, “Энэхүү төсөл нь хөтөлбөр, Бакалаврын хамтарсан хөтөлбөр, Хамтарсан судалгаа гэсэн үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Төслийн хамтарсан судалгааны 20 баг Япон Улсын их сургуулиудтай тэргүүлэх 8 чиглэлээр судалгааны ажлыг тогтмол хийж, туршлага солилцон ажиллаж байгаагаас Япон Улсын их сургуулиудад магистр, докторын хөтөлбөрт хамрагдан суралцаж амжилттай төгсөж ирсэн оюутан, судлаачид өөрсдийн судалгааны ажил, хамгаалсан сэдвийг танилцуулж, онол практикийн ач холбогдлыг хуваалцаж байгаад туйлын баяртай байна. Түүнчлэн өнөөдрийн арга хэмжээнд бизнесийн байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирсэн нь цаашид шинжлэх ухаан, бизнесийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *