Ховд аймгийн Жаргалант суманд малын гоц халдварт “Боом” өвчин гарчээ. Тодруулбал, тус сумын Буянт багт нутаглаж буй малчин Б.А-ын хотонд “Боом” өвчний шинж тэмдэг илэрч, аймгийн мал эмнэлэг, ариун цэврийн лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Иймд сумын Засаг даргын 2018 оны наймдугаар сарын 15-ны өдрийн А/193 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоожээ.
Үүнтэй холбогдуулан тус суманд 24 цагийн ажиллагаатай байнгын постыг ажиллуулж, Ховд хотын төвөөр дамжин өнгөрөх тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйжүүлэлт хийж байгаа аж. Түүнчлэн малын шилжилт хөдөлгөөн, мал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд хяналт тавихаар болсон байна.
Голомтын бүсээс мал тэдгээрийн гаралттай түүхий эдийг гадагш гаргуулахгүй байх, бусад бүсээс орж ирж буй мал, тэдгээрийн гаралтай түүхий эдийг гарал үүслийн бичигтэйгээр бүртгэлжүүлэн оруулж ажиллахыг холбогдох мэргэжлийн байгууллагуудын удирдлагуудад даалгасан ажээ.
Leave a Reply