Маршал арт галерейг зорилоо. “King tower apartment”-ийн нэг давхарт уг уран бүтээлийн галерей байрладаг юм байна. Галерейн хаалгыг нээмэгц сонгодог хөгжмийн эгшиглэнт ая урин дуудаж, хүрэлцэн ирсэн зочид нэг зургаас нөгөө зургийн хооронд хөлөө аядуухан зөөж өнгө үзэмж төгс уран зургуудыг ажиглана. Хормын төдий л гадаа бударч буй цас, хаашаа ч юм яаран гүйлдэх хүмүүсийн дүр зураг сарниж одов.
Болзсон цагтаа зураач бүсгүй ч хүлээж байлаа. Энэ бүсгүйг Батсайханы Золбоо гэдэг. Түүний ажилладаг галерейд өнжихөөр ирээд буй нь энэ. Золбоо зураач мэргэжилтэй. Түүний аав мөн л зураач мэргэжилтэй бөгөөд энэхүү галерейг байгуулжээ.Харин Золбоо нэг танхимд нь долоо хоногийн гурван өдөр ихэд сонирхолтой арга хэмжээг өөрөө санаачлан зохион байгуулах болжээ. Хүмүүс ажил ихтэй, цалин багатай, зам түгжрэлтэй, агаар утаатай гэж ирээд бухимддаг. Харин нийгмийн энэ бухимдлыг тайлах ганц газар нь баар, цэнгээний газрууд. Зөвхөн нийгмээрээ ч гэлтгүй нөхөр архи уулаа, хүүхдэдээ өвлийн гутал аваад өгчих мөнгө байхгүй, өнөөдөр хоолгүй хонолоо гээд хүн бүхэн л тодорхой хэмжээгээр бухимдаж байдаг. Тэгвэл энэхүү бухимдлыг бага ч гэсэн тайлах газар байна. Товчхондоо, Маршал арт галерейд лхагва, баасан, бямба гаригуудад “Wine & Canvas Ub” арга хэмжээ болдог бөгөөд амгалан тайван орчин бүрдүүлж үйлчлүүлэгчдийнхээ уур бухимдал, стрессийг зургаар тайлах, кайф авах зорилготой аж. Арга хэмжээнд очсон хүн бүр өөрсдөө зураг зурж тайвшралыг олдог байна. Зургаар хүмүүсийн, нийгмийн стрессийг нимгэлж яваа зураач Б.Золбоо бүсгүй “Би зураач мэргэжилтэй. Мэргэжлийн зураач биш хэрнээ зураг зурах сонирхолтой, зураг зурахыг хүсдэг олон хүн надаас “Зураг зурах ямар вэ” гэж их асуудаг байсан. Тиймээс аавынхаа хариуцдаг галерейн дэргэд хүмүүст хандсан арай өөр зүйл хийе гэж бодсон. Надад зураг зураад тэрийгээ худалдаж мөнгө олохоос илүү хүмүүст зураг зурахын сайхныг мэдрүүлэх илүү чухал санагдсан. Бийр, багс бариад зураг зурж эхлэхээр хүн өөрийн эрхгүй зургандаа анхаарлаа төвлөрүүлдэг. Өөр зүйлд сатаардаггүй, дотоод сэтгэлээ сонсдог учраас маш их тайвшралыг мэдэрдэг. Тиймээс стресстэж бухимдсан, ажлын ачааллаасаа түр зуур ч гэсэн салж, сэтгэл санаагаа сэргээхийг хүссэн хүмүүст зориулж “Wine & Canvas Ub” буюу дарстай зураг зурах арга хэмжээг зохион байгуулах болсон” гэв. Зарим улс оронд хүмүүс орж уур бухимдал, стрессээ тайлдаг газар байдаг. Манайд бол хэдэн жилийн өмнөөс энэ төрлийн гэж хэлж болохоор керамик шаазан ваар урлал нээгдсэнээс өөр зүйлгүй учир ихэд содон санагдав.
Биднийг ярилцах зуур гаднаас хэд хэдэн хүн орж ирлээ. Зураач багш тэднийг угтана. 40 орчим насны нэгэн эрхэм “Танайх арай л хол юм аа. Хотын төвд байвал зүгээр. Наашаа түгжирсээр байгаад хамаг цагаа зам дээр барлаа” гэж ихэд ширүүн хэлээд танхим руу оров. Түүний араас найзууд бололтой 30 орчим насны хоёр бүсгүй орж ирлээ. Тэд “Цас их орж байна шүү. Ажлаа тараад шууд харьчихдаг юм уу гэж бодож байгаад больчихлоо. Наашаа нэг л сэтгэл уяатай болчихжээ” гэж зураач бүсгүйтэй ярьж инээмсэглэн дотогш орлоо. Энэ мэтчилэн хүмүүс 19:00 цаг хүртэл цуварч орж ирсээр 30 орчим хүн цугларчээ. Энэ удаагийн арга хэмжээний зочид танхимд бэлдсэн зураг зурах хэрэгслээс сонгож авч ширээндээ сууцгаав. Дөрөв дөрвөөрөө дугуй ширээ тойрч суух аж. Хүн тус бүрт зургийн багш бэлдэц буюу зураг өгөх юм. Цэцэг, навч эсвэл шувуу, байгаль гээд өөр хоорондоо адилгүй зурагнуудыг хүмүүс дуурайж зурж эхэллээ. Харин би том дэлбээтэй улаан цэцэг зурахаар болов. Хурдан хатдаг акрилик будгаар зураг зурдаг юм байна. Эхний зураасыг татаад дараагийн зураас тавих хооронд будаг хатах жишээтэй. Олон хүний дунд мэргэжлийн будаг, багс зэрэг хэрэгсэл ашиглаад зурж үзээгүй миний хувьд эхэндээ биеэ бариад жаахан эвгүй санагдав. Миний зурахыг хэн, хаанаас харж байгаа бол гээд санаа зовох. Харин хүмүүс огт тоохгүй, дор дорын зургаа зурахыг хараад тайвшрав. Тэгээд ч хэрхэн өнгөний сонголт хийх гээд дахиж сатаарах боломж гарсангүй. Хүмүүс зургаа зурж эхлэнгүүт танхимд сонгодог ая эгшиглэж, дарсаар үйлчилнэ. Басхүү амттан идэж ихэд тухалж аваад л зурах юм, хүмүүс. Арга хэмжээ гурван цаг үргэлжилнэ. Хамгийн эхний хүн зургаа цаг гаруйн хугацаанд зурж дууслаа. Бусад л зурсаар л. Ихэнх нь бийр, багс барьж үзээгүй хүмүүс байх аж. Тэд хоорондоо ийн яриа өрнүүлнэ. “Би хүүхэд байхдаа л зураг зурж үзсэн. Тэрнээс хойш олон жил болсон байна. Зураг зурах дуртай ч эв дүй муутай болохоор ичээд оролдохоо больсон. Энд орчин нь их гоё. Гол нь бүгдээрээ зураг зурж үзээгүй хүмүүс байдаг болохоор хэн нэгнийгээ шоолно гэдэг ойлголт байхгүй. Харин ч санаа бодлоо хуваалцаж, зөвлөдөг юм байна. Би их итгэлтэй зургаа зурж байна” гэхэд өөр нэг бүсгүй “Би энэ долоо хоногийг их бухимдалтай өнгөрүүллээ. Ажлынхаа хүнтэй маргалдаж, төлөвлөсөн ажил бүтэхгүй. Нэг сайхан хашгирмаар санагдаад байсан юм. Тэгсэн найз маань энэ газрыг зааж өгсөн. Өмнө нь манай найз ирж байсан гэсэн. Тэр надад “Зураг зурахдаа чамайг уурлуулсан хүн байна гэж бодоод л зур. Тэгэхээр бага ч гэсэн сайхан тайвширдаг юм гэж хэлсэн. Гэхдээ би бараг галерейн үүдээр орж ирээд л хамаг гомдол, бухимдлаа мартчихсан” хэмээн инэмээсэглэв. Ер нь янз бүрийн ааш аягтай хүмүүс ирдэг гэнэ. Хэр их уурлаж бухимдсан нь үүдээр орж ирэхэд л андашгүй байдаг тухай Б.Золбоо зураач ярив. Зарим нь хялалзаж цэхэлзэж, хяргачих гээд л элдэв шалтгаан хайж загнадаг бол нэг ч үг солихгүй зургаа зурж эхэлдэг хүн ч байдаг аж. Өөр нэг хэсэг нь найз нөхөдтэйгөө чөлөөт цагаа бүтээлчээр өнгөрүүлэх хүсэлтэй ирдэг байна. Ер нь сонгосон зурагнаас тухайн хүний байр байдлыг тодорхойлж ч болдог тухай мэргэжлийн багш хэлсэн. Харин зургаа зурж дууссан хойно бүгд л инээд цацруулж, дуу шуу ороод явчихдаг тухай хэлэв. Нэг ирсэн хүн заавал дахиж зураг зурахаар ирдэг байна. Нэг хүний 35.000 төгрөгийн хураамжтай. Зурсан зургаа өөрөө аваад явдаг учраас их сэтгэл ханамжтай байдаг аж. 20 орчим насны залуу “Миний зурсан зургийг жаазлаад өгөөрэй. Найз бүсгүйдээ бэлгэнд өгөх гэсэн юм” гэж хэлж байгаа нь сонстов. Тэрээр том улаан зүрхэн дунд эрэгтэй, эмэгтэй хосуудыг дүрслэн зуржээ. Зарим хүмүүс бүр уулзалт болгоныг алгасахгүй ирдэг бөгөөд “Гэрээ өөрийнхөө зурсан зургаар чимэглэж байгаа. Одоо тэр өрөөний ханандаа зураг өлгөх дутуу” гэдэг аж. Мөн нэгэн үйлчлүүлэгч уг арга хэмжээнд ирснээр өөрийнхөө зураг зурах авьяасыг нээж бараг л мэргэжлийн зураачаас дутахааргүй болжээ. Тэрээр огт зураг сонирхдоггүй байсан бол өдгөө байнга зураг зурж, зурсан зургаа найзуудынхаа төрсөн өдрөөр бэлэглэдэг болсон гэнэ. Арга хэмжээ 19:00 цагаас эхэлдэг. Лхагва гаригт ихэнхдээ эмэгтэйчүүд үйлчлүүлдэг аж. Сүүлийн үед лхагва гаригийг эмэгтэйчүүдийн өдөр хэмээн үйлчилгээний газрууд тэдэнд зориулсан арга хэмжээ их зохиодог болжээ. Ингэхдээ эмэгтэйчүүдэд тасалбар үнэгүй гэдэг ч юм уу урамшуулал олгодог байна. Тиймээс лхагва гаригийг сонгожээ. Харин баасан гаригт ажлын стрессээ тайлахыг хүссэн хүмүүс их ирдэг аж. Тав хоног ажилдаа дарагдаж, янз бүрийн асуудлаар стресстсэн нөхөд энд ирж сэтгэл санаагаа тайвшруулж аваад гэртээ харьдаг байна. Бухимдлаа гэртээ авч орохгүй гэсэн үг. Харин бямба гариг бол гэр бүлийн өдөр. Амралтын өдрийг гэр бүлээрээ үр бүтээлтэй хэрнээ зугаатай өнгөрүүлэхийг хүссэн хүмүүс ирдэг гэж хэлж болно. Гэр бүлээрээ ирсэн хүмүүс хүүхдүүдийнхээ зурсан зургийг жаазалж, гэрээ тохижуулна гэж авч явдаг байна. Б.Золбоо СУИС-ийн Дүрслэх урлагийн ангийг зураач мэргэжлээр төгсчээ. Өөрийн дуртай ажлаа хийхийн сацуу нийгмийг урлагаар хөглөх хүсэлтэй нэгэн гэж тодорхойлж болно. Хэлж буй үг, үйлдэл нь дөлгөөн зураач бүсгүй “Зурагнаас хүн тайвшралыг мэдэрдэг. Тухайн зургийн хэлбэр, дүрсийг хараад таашаал авдаг хүн байхад өнгө, утга агуулгыг нь хараад таашаал авдаг ч хүн байна. Зураг хүнийг амьд байлгах, амьд байгааг мэдрүүлэх гол зүйл” гэдгийг онцолсон. Зураг зурахаар энэ галерейд ирсэн хүмүүс ч гэсэн амьдрал дахь бараан зүйлээ мартаж өөр өнгө, чимэг нэмэх зорилготой аж. Зураг зурангаа дарс шимээд сонирхол нэг хүмүүстэй харилцан яриа үүсгээд суух таатай, тухтай байдаг тухай үйлчлүүлэгчид ярьж байсан. Дарс шимж, бийр багс эргэлдүүлэн суух хүмүүсийг харахад их л ихэмсэг мэт. Дарс авьяасыг хөглөж, урам зориг оруулдаг гэх. Зургаа зурж дууссаны дараа арга хэмжээнд ирсэн зочид буюу үйлчлүүлэгчид өөр хоорондоо санал бодлоо хуваалцаж, янз бүрийн сэдвээр сонирхолтой яриа өрнүүлэх аж. Энэ нь өөр нэгэн ажлыг хамтран эхлүүлэх боломж ч гэж болохоор. Харин зурсан зургуудын тухайд гэвэл бүгд л өгөгдсөн зургийг дүрсэлсэн харагдав. Солгой хоолойтой хүн байдаггүй гэдэг шиг зураг зурж чадахгүй хүн байдаггүй бололтой. Бүгд зурсан зургаа өмнөө барьж дурсгалын цомог татуулав. “Wine & Canvas Ub” арга хэмжээ маш олон үйлчлүүлэгчтэй болсон төдийгүй байнга ирдэг үйлчлүүлэгчид ч бий гэнэ. Дархан, Эрдэнэт хотоос тогтмол ирж зураг зурдаг хүмүүс ч байдаг байна. Б.Золбоо зөвхөн зураг зурахаас гадна гарын доорх материал ашиглаж ахуйн хэрэглээний зүйлсээ хийх боломжтой сургалт явуулахаар зэхэж байгаа гэсэн. Энэ нь эмэгтэйчүүдийн хувьд мөн л стрессээ тайлах нэг арга болдог байна. Түүний хийж буй ажилд нөхөр Г.Сүхболд нь их тусалж байгаа аж. Б.Золбоо “Ялангуяа гэртээ хүүхдээ хардаг эхчүүд гэрийн ажлаас болж их бухимддаг. Гадуур чөлөөтэй явмаар ч юм шиг санагдах үе их байдаг. Би өөрөө хүүхдээ гаргаад нэг хэсэг тийм байдлыг мэдэрч байсан хүн. Ер нь эмэгтэйчүүд ч гэлтгүй хүмүүс өдөр тутамд байнга хийдэг ажлаасаа их залхдаг, халширдаг болчихдог. Үүнээс болж бухимддаг. Мэдээж гэртээ суугаад бухимдлыг гаргах боломжгүй. Адаглаад хүүхэд нь зураг зуруулахгүй хажуугаас нь татаж чангаана шүү дээ. Тиймээс орчинг нь бүрдүүлж өгөх чухал гэж бодсон. Цаашдаа арга хэмжээгээ бүтээлч байдлаар өргөжүүлэх талаар төлөвлөсөн юм бий” гэв. Нэг талаараа иргэдийн стрессийг тайлах зорилготой ч нөгөө талаараа урлагтай ойртуулж, урлагийн гоо зүйн мэдрэмжийг хөгжүүлэх “Бүтээлч, Оюунлаг” уриатай “Wine & Canvas Ub” арга хэмжээг зоригсод өдрөөс өдөрт нэмэгдэх болжээ.
Д.ДАВААСҮРЭН