Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

Ё.Дамчаабадгар: Миний бүжиг дэглэх чиглэл хувцастай минь адил нэг хандлагад баригддаггүй


ЦЕГ-ын “Сүлд” чуулгын бүжгийн багш, Цагдаагийн дэслэгч, бүжиг дэглээч, МУСТА Ё.Дамчаабадгартай ярилцлаа.


-Саяхан “Rock shoot” эвентэд оролцсон байсан. Тэр үеэр авахуулсан зураг тань нэлээд “од” боллоо. Хувцаслалтынхаа талаар ярихгүй юу?

-“Монголын гэрэл зураг дурлагсдын групп”-ын зүгээс “Rock shoot” эвент хийнэ гэж зарласан юм. Тэгээд тэр зарыг нь хараад өдөрлөгт бэлдэж очсон. Ер нь санаандгүй байхад зураг авдаг. Хувцаслалтын хувьд монгол дээл загварыг яаж костьюм пиджактай хослуулах вэ гэдэг санаанаас үүдсэн юм. Японы самурайгийн өмд нь миний өмссөн хувцастай адилхан байдаг. Хөлөө нийлүүлээд зогсохоор юбка шиг хэрнээ алхахаар өмд болдог. Япон маягийн стилийг дуурайж хийлгэсэн. Ерөнхийдөө классик загварыг монголжуу болгохыг зорьсон.

-Ер нь энэ загвараар хувцасладаг уу?

-Би өөрөө урлагийн хүн. Контемпорари этник бүжгийн төрлөөр дагнаж бүжиглэдэг болохоор содон загварын хувцаслалтад дуртай. Зүгээр энгийн хослол өмсөхөөс илүү авангард стилийн хувцас өмсдөг. Түүнээсээ уран бүтээлийн санаа, мэдрэмжийг олж авдаг гэх юм уу.

No description available.-Та хэзээнээс бүжиглэж эхэлсэн бэ?

-Би Баянхонгор аймгийн Баянцагаан сумынх. Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрт 2006 оноос хойш бүжиглэж эхэлсэн. Харин 2012 оноос хойш контемпорари этник бүжгийн төрлөөр дагнан хичээллэж, суралцаж байна даа.

-ЦЕГ-ын “Сүлд” чуулгад бүжгийн багшаар ажилладаг гэсэн үү?

-Тийм ээ. “Сүлд” чуулгад бүжгийн багш, бүжиг дэглээчээр ажилладаг. Мөн Цагдаагийн дэслэгч, МУСТА цолтой.

-Залуу МУСТА байх нь ээ…?

-Манай цэргийнхэн залуу үедээ шагнуулж байгаагүй. Харин цирк, уран нугаралт, балетынхан залуудаа шагнагддаг. Ардын урлаг, орчин цагийн хэмнэлээр бүжиглэдэг хүүхдүүд хараахан шагнагдаад байдаггүй юм билээ. Би одоо 25 настай.
-Хувь уран бүтээлч байхаас илүү ЗУРАГЦагдаагийн албан хаагч байна гэдэг асар их хариуцлага байдаг болов уу?

-Манай Цагдаагийн “Сүлд” чуулга маань соён гэгээрүүлэх үүрэгтэй. Цагдаагийн алба хаагч хэрнээ иргэдийг соён гэгээрүүлнэ гэсэн үг. Мөн урлагаар дамжуулан алба хаагчдын стрессийг тайлна. Түүнчлэн хуулиа ч сахиулна. Бидний гаргаж байгаа үйлдэл бүр нийгэмд зөв зүйлийг илэрхийлэх ёстой.
“Rock shoot” эвентэд очсон шалтгаан маань ч үүнтэй холбоотой. Цагдаагийн алба хаагч гэхээр л дүрэмттэй байх ёсгүй шүү дээ.

-Бүжгийн урлагаас юуг олж авдаг вэ?

-Бүжгийн урлаг хүнд зөв төлөвшлийг бий болгодог. 
Би энэ урлагтай холбогдоод 15 жил болж байна. Миний хувьд бүжиг бол төлөвшил. Ер нь бол биеэ авч явах байдал, бусадтай харьцах харьцаа гээд л… Урлагийнхан ер нь бусдыг ойлгох чадвар илүү байдаг гэж боддог шүү. Хүмүүс урлаг, шашингүй байвал хэтэрхий араатан шинж рүүгээ орж эхэлнэ. Араатан шинж гэдэг нь бусдыг үзэн ядах, зэмлэх зэрэг юм. Бүжиглэж эхэлснээсээ хойш надаас үлгэрлэх маш олон хүн байгаа. Тиймээс зөв зүйлийг уриалах хэрэгтэй гэж бодож аливаа зүйлийг хийдэг болсон.

Зургийн тодорхойлолт алга байна.

-Та нийт хэчнээн бүжиг дэглээд байгаа вэ?

-Одоогийн байдлаар нарийн тооцоолсон зүйл алга. Цагдаагийн “Сүлд” чуулгад тайзны хэмжээний тоглолтод нийлэгдсэн 40-өөд бүжиг байгаа. Мөн бүрэн хэмжээний дөрвөн бүжиг бий.

-Бүжигчин болохоор бэлтгэж буй гарын шавьтай юу?

-Мэргэжлийн бүжигчин болгохоор бэлтгэж байгаа таван хүүхэд бий. Бүжиглэх сонирхолтой хүүхдүүд гэвэл олон ирдэг. Анх бүжиглэж эхлэхдээ л багшаас сурсан зүйлээ бусад хүүхдүүдэд заадаг байсан. Ер нь өөрийн мэдлэгээ бусдад заана гэдэг асар их чадвар хуримтлуулдаг шүү.

17 хүн болон инээмсэглэж буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

-Саяхан “Ододтой бүжиглэе” шоу нэвтрүүлэгт урилгаар бүжиглэж байсан?

-2020 оны аравдугаар сард тоглогдсон “Халил” контемпорари этник бүжгийн нээлтийн бүжиг болох “Эрхшээгч”-ийг бүжиглэсэн. Контемпорари этник бүжгийн төрөл нь Монголд шинээр оруулж ирж буй нэг төрөл юм. Этник бүжгийн төрлийг контемпорари бүжигтэй, контемпорарыг ардын хэмнэлд оруулж ирж буй шинэ урсгал гэж ойлгож болно. Контемпорари нь нэн сүүлийн гэсэн утгатай. Тэгэхээр ардын урлагийг орчин цагт хэрхэн хөгжүүлж, нөлөөлөх вэ гэсэн нэг шийдлийг эрэлхийлсэн. Хэрэв ардын чигээр нь байлгаад байвал устах аюултай. Хөгжүүлэх тусам ардын урлаг маань үнэ цэнтэй болно. Тиймээс үүнийг цаашид хөгжүүлэх тал дээр анхаарч уран бүтээлээ хийж байгаа. Бие биелгээгээ ч мөн адил хуучин хэвээр нь дэглэхийг хичээдэг. Миний бүжиг дэглэх чиглэл хувцастай минь адил нэг хандлагад баригддаггүй. Өргөн цар хүрээтэй дэглэхийг хүсдэг дээ. Хувцаслалт бол миний уран бүтээлийн нэг хэсэг.

-Өнгөрсөн онд “Дэлхийг тойрсон биелгээ” гэсэн шинэ бүжгийн давлагаа эхлүүлж байсан. Энэ талаар ярихгүй юу?

-Монгол ардын урлагийг орчин үетэй хослуулж орон орны алдартай газруудад очиж бие биелгээгээ таниулахыг хүссэн юм. Тэгээд БНСУ-аас чалленж эхлүүлсэн. Анх 2019 оны хоёрдугаар сард Холбооны Бүгд найрамдах Герман улсад тэмцээнд оролцож байх үеэр эхлүүлсэн ч усан онгоцон дээр явж байхдаа компьютераа усанд унагааснаас болоод бичлэгээ цацаж чадаагүй. Дараа нь 2019 оны аравдугаар сард Солонгост байхдаа тэр чалленжийг эхлүүлж байсан. Уг нь өвөл Улаан талбай үзэсгэлэнтэй харагддаг учир тэнд биелгээ хийх төлөвлөгөөтэй байсан болов ч ковидоос шалтгаалаад цуцлагдсан.

Тhe Hu” хамтлагийн дуун дээр метронд бүжиглэсэн

Тэр үед метронд биелгээ хийхэд хүмүүс хэр хүлээж авч байсан бэ. Дургүйцэх тохиолдол байв уу?

-Солонгосчууд хүнд төвөг удахгүй байхыг хичээдэг ард түмэн. Тиймээс бүжгээ эхлэхээс өмнө бүгдэд нь анхааруулж хэлсэн. Тэр үед олон удаа давтаж бичсэн болохоор зарим нь талархаж хүлээж авсан бол зарим нь жаахан залхсан шинжтэй харагдсан. Харин гудамжинд жуулчид ихтэй байсан учир бичлэг хийж, хамт зургаа татуулж байлаа. Монголын ардын урлагийг дэлхийд таниулж буй хамтлаг бол яахын аргагүй “The Hu” хамтлаг. Тиймээс “The Hu” хамтлагийн дуун дээр биелгээгээ хийсэн. Нөгөөтэйгүүр миний бүжгийн хэмнэл нь орчин үелэг хийгээд ардын урлаг байсан болохоор хамгийн их агаар нэг байсан нь “The Hu” хамтлагийн ая байсан юм. Хувцаслалтаас илүү ая, хөгжим сэтгэл сэргээдэг учир энэ ая надад маш том эрч хүч өгсөн.


-Цаашид өөр орноор явах төлөвлөгөө бий юү?

-Одоогоор төлөвлөөнүүдээ гаргаад, дэглэлтээ хийчихсэн байгаа. Дараа дараагийн чалленжаа эхлүүлэхдээ тус улсын онцлогт тохирсон ая зохиож бүжиглэнэ гэж төлөвлөөд буй.

-Бүжиг дэглээч хүн шинэ зүйлийг эрэлхийлж, туршлага судалдаг байх?

-Гагцхүү бүжигч гэлтгүй уран бүтээлчид маань хотод сууршсан байдаг учир маш олон сэдэв санааг олж хардаггүй санагддаг. Миний хувьд ч ийм байсан. Харин хэдэн жилийн өмнөөс гадаадаар аялж, бусад улсын жишгийг харж өөрийгөө хайрцганд байгаагаа мэдэрсэн. Контемпорари этник бүжгийн төрлийг эхлүүлэх шалтгаан маань энэ. Өмнө нь нэг нь аягатай бүжиг эхлүүлбэл бусад нь түүнийг дагадаг байсан. Өөрөө ямар нэгэн чалленж эхлүүлж, гадаад яваад ирэхээр илүү сэтгэдэг юм билээ. Судалгаа маш чухал.

-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ. Шинэ бүжиг гаргах уу?

-Контемпорари этник бүжгийн төрлийг хөгжүүлэхээр бүжгийн дэглэлтүүдээ хийж байгаа. Ганцхан мэргэжлийн бүжигчдэд бус хүүхдүүдэд ч гэсэн зааж байгаа. Олон шавьтай. Шавь нартаа эхлээд бие биелгээ гэдэг зүйлийг ойлгуулах юм. Контемпорари бүжиг Монголд төдийлөн сайн хөгжөөгүй байна. Тиймээс Монголдоо дэлгэрүүлэн хөгжүүлэх зорилго­той­гоор бүжгээ дэглэж байгаа. Энэхүү бүжгийн төрөл Ази, тэр дундаа олон улсын томоохон бүжгийн уралдаанд багтдаг төрөл юм. Бүжгийн энэ төрлийг эх орондоо хөгжүүлэхийн төлөө одооноос илүү хичээж багш нараасаа болон гаднын олон мэргэжилтний туршлагаас судалж байгаа. Одоо СУИС-ийн сургалтад оруулахаар маш том ажил төлөвлөсөн байгаа. Энэ жил Монголын Цагдаагийн 100 жилийн ой тохиож байгаа. Ойг угтсан шинэ уран бүтээл хийж байгаа.

2 хүн гэх мэтийн зураг байж болно

No description available.

No description available.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *