Categories
мэдээ нийгэм

“Уул уурхайн салбарын хөгжилд-залуу инженерүүдийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Монгол Улсын Засгийн газрын бүтээн байгуулалтын ажлыг залууст танилцуулах, тэдний санал санаачлагыг сонсох зорилгоор Ерөнхий сайдын ивээл дор “Залуу инженерүүдийн үндэсний чуулган”-ыг ирэх арваннэгдүгээр сарын 5-нд Төрийн ордонд зохион байгуулах гэж байна. “Залуу инженерийн үндэсний чуулган”-ыг угтаж өнөөдөр “Уул уурхайн салбарын хөгжилд-залуу инженерүүдийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.

НАМЗХ-ноос зохион байгуулж буй уг чуулганаар аж үйлдвэр, эрчим хүч, зам тээвэр, мэдээлэл харилцаа холбоо, барилгын салбарын залуу инженерүүдийн хөгжлийн төлөөх үзэл бодлыг сонсож шийдвэр гаргах түвшинд хүргэхээрээ энэхүү хэлэлцүүлэг онцлог юм.

Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2019 оны есдүгээр сарын байдлаар 13,0 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1,7 их наяд төгрөгөөр өсч, нийт үйлдвэрлэлийн 73 хувь буюу 9,5 их наяд төгрөгийг уул уурхай, олборлох салбарын үйлдвэрлэл эзэлж буйг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү онцлов. Мөн улсын хэмжээнд нийт 770 мянган бүртгэлтэй ажилтан байгаагийн 8 хувь буюу 61 мянган ажилтан уул уурхай, олборлох үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байгааг хэлсэн үгэндээ тодотгосон. Үүний 4 мянга нь дээд боловсролтой инженерүүд аж.

Чуулганы үеэр УУХҮЯ-ны Уул уурхайн хэлтсийн дарга Б.Дэлгэржаргал “Төрөөс уул уурхайн салбарт баримталж буй бодлого, чиглэл”, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дотоод хяналт, мониторингийн албаны дарга Б.Мэндбаяр “Хариуцлагатай уул уурхай ба залуучуудын оролцоо” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэв. Мөн “Оюутолгой” ХХК-ийн Удирдлагатай тоног төхөөрөмжийн ахлах инженер Э.Төгөлдөр уул уурхайн салбар дахь дроны ашиглалт нэвтрүүлсэн талаар туршлага хуваалцсан бол “Багануур” ХК-ийн Технологийн автомашины хэсгийн инженер Э.Шинэбаяр шанага үйлдвэрлэх инновацийн төслөө танилцууллаа.

Уул уурхайн салбарын залуу инженерүүдийн хэлэлцүүлгээс гарсан илгээлтийг Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар болсон. Уг илгээлтэд инновацийг дэмжих бодлогыг боловсруулж, салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, уялдаа холбоог хангаж, дэвшилтэт технологид суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлагатай байгааг дурджээ. Мөн хариуцлагатай уул уурхайг бий болгох, авьяасад суурилсан чадвартай инженерүүдийг бэлтгэх, дадлагажуулах ёстойг онцолсон байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *