Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатараас 100 км-ийн зайд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн албан татварыг 50 хувь хөнгөлье

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон нь шинэ оноос хэрэгжиж эхлээд байгаа. Тодруулбал, тус хуулийн 19.12-т “Нийслэлээс 550 км хол байршилд байгаа аймаг, суманд байнгын үйл ажиллагаа явуулдаг, улсын бүртгэлтэй, орон нутгийн төсөвтэй харьцдаг, гурваас доошгүй ажлын байр бий болгосон аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 50 хувиар бууруулах, мөн 1000 км-ээс цааш алслагдсан бол 90 хувиар хөнгөлнө” гэж заасан байна.

Энэ нь амьдралд хэрэгжих боломжгүй, наалдах наалдацгүй, аж ахуйн нэгжүүдээ харж хандсан биш харин ч басамжилсан, доог тохуу хийсэн мэт дэндүү хуумгай болжээ. Уул нь уг хуулийн заалт ямар нэгэн аргаар юм хийх эрмэлзэлтэй хүн бүхэнд, хөдөөд ажлын байр бий болгоё, бүтээн байгуулалт цогцлооё гэж зүтгэж байгаа компани, байгууллагад хамааралтай. Тэднийг татварын дарамтаас чөлөөлөх, бизнесийг нь төр бодлогоор дэмжих, товчхон хэлбэл иргэд рүүгээ хандсан хамгийн амин чухал заалт юм. Гэвч өнөө л төрийн харгис дарамт, ард түмнээ татвараар боомилсон ээлжит дарангуйлал болсон нь харамсалтай. Улаанбаатараас 600 шахам км-ийн алсад аж ахуй эрхлээд татвараа 50 хувь хөнгөлүүлнэ гэдэг дэндүү инээдтэй биз дээ.

Харин 100 км-ийн зайд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн албан татварыг 50 хувиар, 200 км-т 90 хувиар хөнгөлнө гээд заачихвал хэрэгжих бүрэн боломжтой. Төв аймгийн Баянхангай сум буюу Атар шиг нийслэлээс 100 км-т байх бүхий л газарт хууль ингэж үйлчлээд эхэлбэл утаагаа, замын түгжрэлээ дийлэхээ больсон Улаанбаатар нүд ирмэхийн зуурт тэлнэ. Хөдөөд бичил хот суурингууд бий болно. Тухайн байгууллагын ажилчдын хүүхдүүдийн цэцэрлэг, удахгүй сургууль сүндэрлээд, үйлчилгээний байгууллагууд өрсөлдөн баригдаж эхэлнэ. Дэлхийн хотууд яг л ийм замаар хөгжиж тэлж ирсэн байдаг.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *