Categories
мэдээ улс-төр

ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаан завсарлав

УИХ-аас өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хуулийг шинэчлэн баталсан билээ. Энэ хууль ирэх есдүгээр сарын 1-нээс Эрүүгийн шинэтгэлийн хуулийн хамтаар хэрэгжиж эхэлнэ. Шинэчлэгдэн батлагдсан Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно”, гурав дахь хэсэгт “Зээлийн гэрээ нь хариу төлбөргүй байна” гэсэн заалтыг нэмэлтээр оруулсан нь иргэд хоорондоо хүүтэй мөнгө зээлэхийг хориглосон юм. Энэхүү хуулийн заалт нь зээл олгох эрх бүхий хуулийн этгээдэд давуу эрх олгож, иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөөнд харшлан Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэн иргэн Р.Очирбал, н.Монгол нар Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасан юм.

Үндсэн хуулийн Цэц /ҮХЦ/ дээрх хоёр иргэний гомдлыг хүлээн аван өнөөдөр ҮХЦ-ийн гишүүн Д.Ганзоригоор ахлуулсан таван хүний бүрэлдэхүүнтэй дунд суудлын хуралдаанаар маргааныг хянан хэлэлцэж байна. Өглөөний 09.30 цагт эхэлсэн Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан 12.00 цагт түр завсарлаж, 14.00 цагт шийдвэрээ танилцуулахаар болжээ. Хуулийн дагуу УИХ-аас итгэмжлэгдсэн төлөөлөгч ирж, баталсан хуулиа хамгаалах ёстой атал өнөөдрийн хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч суусангүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *