Categories
мэдээ нийгэм

Төв аймгийн Цээл сумын нутаг дахь хүннүгийн булшнаас тагтай хүрэл сав олджээ

Монголын Үндэсний Музейн судлаачид Айрагийн гозгор хэмээх газарт явуулсан археологийн судалгааны үр дүнд Монгол Улсын нутгаас Сяньби нарт холбогдох дурсгалыг анх удаа илрүүлж, эртний түүхийн судалгааг баяжуулах бодит олдвор, эх хэрэглэгдэхүүнийг цуглуулаад байна хэмээн мэдээллээ. Тэд 2018 онд АНУ, Олон улсын Түрэг академи, Солонгос, БНХАУ-ын эрдэмтэдтэй хамтарсан археологийн зургаан төслийг амжилттай хэрэгжүүлжээ. Дээрх төслүүдийн хүрээнд Увс, Хөвсгөл, Орхон, Төв, Хэнтий аймгийн нутагт орших шинэ чулуун зэвсгийн үеэс хүрэл зэвсгийн үе, Хүннү, Сяньби, Түрэгийн үеийн зарим дурсгалуудыг малтан судалсан байна. Монголын Үндэсний музейн судалгааны баг 2014 оноос эхлэн Орхон аймгийн Жаргалант сумын нутаг Айрагийн гозгорт малтлага явуулж судалсны үр дүнд 100 гаруй булшийг бүртгэн баримтжуулжээ. Тэдгээрээс 16-г ньмалтахад олон тооны хөмөгт оршуулга илэрчээ. Энэ нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны нутагт малтан судалсан сяньбичуудын оршуулгуудтай адил төдийгүй булшнаас гарсан эд зүйлс ижил байх нь ажиглагдсан гэнэ. Ойрын таван жилийн хугацаанд 100 гаруй олдвор олджээ. 2014-2018 онд Монголын Үндэсний музейн судлаачид Төв аймгийн Цээл сумын нутаг Шийтэр хэмээх газар байрлах хүннүгийн дурсгалт газар хоёр дахь жилдээ БНХАУ-ын Үндэсний музейн судлаачидтай хамтран гурван булш малтсан байна. SHTR-02 булшнаас бүсний төмөр арал, сувс, чий будагтай модон цар, бүсний алтан чимэг, тагтай хүрэл сав, амыг нь боосон арьсан богцны үлдэгдэл зэрэг олджээ. Энэхүү хүрэл сав нь хүннү булшнаас анх удаа илэрч байгаа олдвор юм.

Монголын Үндэсний музейн захирал Д.Сүхбаатар ярихдаа “Монголын үндэсний музей олон талт үйл ажиллагаа явуулж байна. Үүний нэгшинжлэх ухааны байгууллага, археологийн судалгаа шинжилгээний үр дүнг ард иргэддээ мэдээлж байна.Төслийн үр дүнд Монголын эртний түүхийн судалгаанд шинэ хуудас нээлээ. Хамгийн гол судалгааны ажил гэвэл Сяньбигийн үеийн дурсгалыг Монголынархеологийн түүхэнд анх удаа түүхийн олдвороор баталгаажуулсан. Нөгөөх нь Түрэгийн үеийноршуулгын зан үйл, тахилын зан үйл зэрэг ховор баримтуудыг гаргаж ирлээ. Төслийн маань үр дүн бол Монголын түүхийн цагаан толбыг арилгахад оршиж буй. Цаашдаа Монголын Үндэсний музей археологийн олдворуудыг баяжуулах чиглэлээр ажиллаж байна” гэв.

Б.БОЛОРЧИМЭГ





Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *