Categories
мэдээ нийгэм

Төгсөгчдөд ажлын 700 байрыг санал болгож байна

Монголын залуучуудын холбоо, нийслэлийн Хөдөлмөрийн газар хамтран “Төгсөгч-2016” хөдөлмөрийн яармагийг зохион байгуулж байна. Энэ хүрээнд Монголын залуучуудын холбоонд өнөөдрөөс залуусыг 700 ажлын байранд бүртгэж эхэллээ.

Нийтдээ 30 гаруй байгууллага хөдөлмөрийн яармагт ажлын байраа санал болгож, төгсөгчдийг бүртгэж байна. Бүх салбарыг хамарсан ажлын байранд бүртгэж эхэлжээ.

Төгсөгчдийн 20-30 хувь нь л ажилтай болдог гэх албан бус судалгаа бий. Тэгвэл Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн хүрээлэнгээс өнгөрсөн онд гаргасан судалгаагаар нийт төгсөгчдийн 66.7 хувь нь ажилтай болжээ. Гэхдээ үүний хажуугаар ажилтай боловч, мэргэжлээрээ бус зөөгч, үйлчлэгч гэх мэтчилэн туслах ажил хийдэг нь ч багагүй бий юм байна. Мэргэжлээрээ ажилдаггүй нь хэд хэдэн шалтгаантай гэж тайлбарлалаа. Их, дээд сургуулиа төгсөөд эхний жилдээ ажилд ороход цалин бага, ажиллах нөхцөл тааруу зэргээс үүдэн төгсөгчид мэргэжлээрээ бус өөр ажил хийдэг гэв. Мэргэжлээсээ өөр чиглэлээр ажиллаж буй залуусын дийлэнх нь ар гэрийн асуудал, цалин хөлс, ажлын орчин нөхцөл тааруу гэх шалтгаан хэлдэг байна. Үүнээс гадна ажилд орохоор ирж буй залуусын хандлага нь “Өндөр цалинтай л бол мэргэжлээрээ биш ч байсан хамаагүй” гэх тохиолдол элбэг байдаг хэмээн ажлын байрны мэргэжилтэн Т.Энхмөрөн хэлж байлаа. Үүнээс гадна эхний жилд ажиллахад туршлага дутуу хэмээн гологдох нь ч элбэг байдаг талаар хөдөлмөрийн яармагт оролцогч залуус хэлж байлаа.

Санхүүгийн тогтвортой нөхцөл, нийгмийн байдалтай уялдан компаниуд ажилтнуудаа цомхотгож, ажлын байр олоход хүнд болсон хэмээн оюутнууд хэлж байна. Харин нөгөө талаас ажил олгогчдын зүгээс төгсөгч, залуусын мэргэшлээс гадна хувь хүний төлөвшил, хариуцлагын асуудал сул байгаа учраас ажлын байр хомс болсон хэмээн тайлбарлаж байна.

Мөн өнөөдөр тус хөдөлмөрийн яармагтай зэрэгцэн Хөдөлмөрийн яам, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн нээлт хийлээ. 2016-2018 онд Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өмнөговь, Дархан Уул аймаг, нийслэлийн хоёр дүүрэгт 2.2 сая швейцарь франкийн төслийг хэрэгжүүлэхээр болжээ.

Төслийг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, политехник коллежийн оюутнуудад хүргэх юм байна. Сургалтын чанарыг дээшлүүлэх, сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, төгсөгчдийг ажилд зуучлах, гарааны бизнес эрхлэхэд дэмжлэг үзүүлэх гэсэн ажлыг төслийн хүрээнд зохион байгуулахаар болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *