Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц дээрх хуулийг бүхэлд нь
- Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”
- Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.”
- Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”
- Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц… хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”
- Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль… бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргалаа хэмээн Үндсэн хуулийн цэцээс мэдээллээ.